Исаиа
25 Ехова минь ээ, та миний Бурхан билээ.
Таныг өргөмжилж, нэрийг тань магтъя.
Та гайхалтай зүйлсийг хийсэн.
Тэдгээрийг та эртнээс санаж зорин
Итгэмжтэй, найдвартай хийсэн.
2 Та хотыг чулуун овоо,
Бэхлэгдсэн хотыг балгас болгосон.
Харийн хүмүүсийн цамхаг хот байхаа больсон.
Дахин хэзээ ч сэргээн босгогдохгүй.
3 Тиймээс хүчирхэг үндэстэн таныг алдаршуулж,
Харгис түрэмгий үндэстнүүдийн хот танаас эмээнэ.
4 Та дорд хүмүүст бат цайз,
Зовж зүдэрсэн ядууст өмөг түшиг,
Ширүүн борооноор хоргодох газар,
Гангийн халуунаас халхлах сүүдэр нь болсон.
Харгис түрэмгий хүмүүс хана хэрмийг нүдэх ширүүн бороо шиг хилэгнэхэд
5 Та тэдгээр үл таних хүмүүсийн шуугианыг намжаадаг нь
Хатаж ангасан газрын төөнөм халууныг дарах лугаа адил юм.
Үүлний сүүдэрт халуун дарагддаг шиг
Харгис түрэмгий хүмүүсийн дуулах дуу намждаг.
6 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова энэ уулан дээр бүх ард түмэнд зориулж найр хийнэ.
Элбэг дэлбэг хоолтой,
Сайн чанарын дарстай,
Чөмөг ихтэй тансаг хоолтой,
Сайтар шүүсэн хамгийн сайн дарстай найр болно.
7 Энэ уулан дээр тэрбээр бүх ард түмнийг хучсан бүтээлгийг авч,
Бүх үндэстнийг нөмөрсөн даавууг хуулна.
8 Тэрбээр үхлийг нэгмөсөн залгина.
Хэмжээгүй эрхт Эзэн Ехова бүх хүний нулимсыг арчиж,
Дэлхий дахинд гутамшиг болж байсан ард түмнээ гутамшгаас нь салгана.
Учир нь Ехова өөрөө үүнийг айлдсан юм.
9 Тэр өдөр хүмүүс:
«Энэ бол бидний Бурхан.
Бид түүнд найдсан.
Тэр биднийг аварна.
Энэ бол Ехова.
Бид түүнд найдсан.
Тэр биднийг аварсан тул баярлан баясацгаая» гэж хэлнэ.
10 Еховагийн мутар энэ уулан дээр байх болно.
Өтөг бууцтай холилдон гишгэгдсэн сүрэл адил,
Моаб байран дээрээ гишгэгдэнэ.
11 Хүн сэлэхдээ ус алгаддагийн адил
Тэрбээр мутраа сунган Моабыг алгадна.
Мутрынхаа уран хөдөлгөөнөөр
Түүний бардам занг номхруулна.
12 Хамгаалалтын өндөр ханатай бэхлэгдсэн хотыг чинь
Тэрбээр нурааж,
Газартай тэгшилж, шороонд хутгана.