Дуулал
Давидын дуу.
108 Би танд үнэнч*, Бурхан минь.
Би чин сэтгэлийн угаас дуу дуулж, ая дуу зохионо.
2 Би сэрнэ. Үүрээр сэрж
Лир*, босоо ятга тоглоно.
3 Ехова минь ээ, би таныг ард түмнүүдийн дунд магтана.
Үндэстнүүдийн дунд таныг магтан дуулна*.
4 Таны үнэнч хайр тэнгэрт тулам агуу.
Таны итгэмжит байдал үүлсэд хүрдэг билээ.
5 Бурхан минь ээ, та тэнгэрт алдраа дуурьсгаач.
Та дэлхий даяар алдарших болтугай.
6 Баруун мутраараа биднийг аварч, надад хариулаач.
Тэгвэл хайртай хүмүүс тань аврагдана.
7 Ариун* Бурхан хэлсэн нь:
«Би ихэд баярлана. Шехемийг ард түмэндээ өв болгон өгнө.
Би тэдэнд Суккотын хөндийд газар хувааж өгнө.
8 Манассе минийх, Гилеад ч минийх.
Ефраим бол миний толгойн дуулга.
Иуда бол миний очирт таяг.
9 Моаб бол миний угаалгын сав.
Едом дээр би сандаалаа шиднэ.
Филист дээр би ялалтын уухай хашхирна».
10 Бэхлэгдсэн хотыг эзлэхэд минь хэн намайг удирдах вэ?
Хэн намайг Едомд хүргэж өгөх вэ?
11 Бурхан минь, биднийг голсон та биш гэж үү?
Манай цэргүүдтэй явахаа больсон бидний Бурхан та биш гэж үү?
12 Зовж байгаа бидэнд туслаач.
Учир нь биднийг хүн аварч чадахгүй.
13 Бурхан бидэнд хүч өгнө.
Тэрбээр дайснуудыг гишгэчнэ.