Иов
33 Харин одоо Иов оо, үгийг минь сонсооч.
Юу хэлэхийг минь чагнаач.
2 Би амаа нээж
Хэлээрээ* ярья.
3 Миний зөв гэдгийг үг яриа минь хэлээд өгнө.
Мэддэг бүхнийг уруул минь шударгаар өчнө.
4 Бурхны агуу хүч намайг бүтээсэн.
Төгс хүчит Нэгний амьсгал надад амь оруулсан.
5 Чадвал надад хариулна уу.
Учир шалтгаанаа хэлж, өөрийгөө өмгөөлөхөд бэлдэнэ үү.
6 Жинхэнэ Бурхны өмнө би тантай л адилхан.
Намайг ч гэсэн шавраар бүтээсэн.
7 Тиймд та надаас айх хэрэггүй.
Танд би хатуу үг хэлэхгүй.
8 Яриаг тань би сонсоод л байсан.
Яг та ингэж хэлээд л байсан:
9 “Би нүгэлгүй ариун,
Алдаагүй цэвэр.
10 Гэтэл Бурхан надтай шөргөөцөлдөх шалтаг олж
Намайг дайснаа гэж үзэж байна.
11 Тэрбээр хөлийг минь дөнгөлж,
Явсан газар бүрийг минь мөшгөдөг”.
12 Гэвч та ингэж хэлснээрээ буруудаж байна, тиймээс би танд хэлье.
Бурхан мөнх бус хүнтэй харьцуулшгүй агуу.
13 Та яагаад түүнд гомдоллоно вэ?
Таны бүх үгэнд хариулаагүй учраас уу?
14 Бурхан нэг хэлнэ, хоёр хэлнэ.
Гэвч хэн ч анхаарлаа хандуулдаггүй.
15 Шөнийн үзэгдэл, зүүдэнд
Хүмүүсийг орон дотроо
Бөх нойрсож байхад
16 Тэрбээр тэдний чихийг нээж
Сургаал заавраа өгдөг билээ.
17 Саар явдлаас нь холдуулж
Сайрхал бардамналаас нь хамгаалахын тулд билээ.
19 Хүн орон дээрээ өвдөөд хэвтэж байхдаа,
Яс нь байнга янгинан зовж байхдаа сургамж авдаг.
20 Тийм учраас түүнд талх муухай санагддаг.
Сайхан хоолыг ч тэрбээр жигшдэг.
21 Түүний мах шуугдаж,
Яс нь хэрзийдэг.
22 Амь нь нүх рүү,
Үхлийг авчрагчид руу ойртдог.
23 Хэрэв мянган элчээс*
Нэг нь түүнийг хамгаалахаар ирээд
Юу нь зөв болохыг хэлж өгвөл
24 Бурхан түүнд өршөөл үзүүлж,
“Түүнийг нүхэнд* бүү оруул!
Би золиос оллоо!
25 Бие нь залуу үеийнхээсээ ч илүү эрүүл саруул* болог.
Залуугийнх шигээ хүч тэнхээтэй болог” гэж хэлнэ.
26 Тэр хүн Бурханд залбирна. Бурхан ч түүнийг хүлээж авна.
Тэрбээр Бурхны нүүрийг харж баярлан хашхирна.
Бурхан мөнх бус түүнийг дахин зөв шударгад тооцно.
28 Тэр миний амийг золин авч булшинд орохоос аварсан.
Би гэрэл үзнэ”.
29 Үнэндээ Бурхан энэ бүхнийг хүний төлөө
Хоёр, бүр гурван ч удаа хийдэг.
30 Түүнийг нүхнээс* аврах гэсэндээ л тэр.
Ингэснээр амьдралд нь гэрэл гийнэ.
31 Анхаарлаа хандуулна уу, Иов оо! Намайг сонсооч!
Дуугүй байна уу, би ярья.
32 Хэлэх юм байвал надад хэлээрэй.
Зөвийг тань баталмаар байгаа учраас яриарай.
33 Хэлэх юм байхгүй бол намайг сонсоорой.
Чимээгүй байгаарай, би танд мэргэн ухааныг зааж өгье».