Исаиа
63 Едомоос, Бозрагаас ирж буй
Тод өнгийн* хувцастай энэ хэн бэ?
Сүр хүчээ гайхуулан алхагч,
Сүр жавхлант хувцас өмссөн энэ хэн бэ?
«Зөв шударгыг өгүүлдэг,
Агуу хүчээрээ авардаг би байна».
2 Таны хувцас яагаад улаан юм бэ?
Таны дээл яагаад усан үзэм шахдаг хүмүүсийнх шиг юм бэ?
3 «Би ганцаараа усан үзэм гишгэсэн.
Ард түмнүүдийн нэг нь ч надтай хамт байгаагүй.
Би уурлан тэднийг гишгэлж,
Хилэгнэн тэднийг дэвсэлж байв.
Тэдний цус хувцсанд минь цацагдсан юм.
Тэгээд миний дээл нэлдээ будагдсан юм.
4 Өшөө авах өдрийг би товлосон.
Ард түмнээ буцаан худалдаж авах цаг дөхжээ.
5 Хартал, надад туслах хэн ч байсангүй.
Намайг дэмжихийг хүссэн хүн байгаагүйд би гайхаж байлаа.
Тиймээс би өөрийн гараар ялалт байгуулав*.
Уур хилэн минь намайг дэмжив.
6 Би уурандаа ард түмнүүдийг гишгэчиж,
Өөрийн уур хилэнг уулган тэднийг согтоож,
Цусыг нь газар асгав».
7 Би Еховагийн үнэнч хайрын үйлсийг дурсана.
Еховаг магтан алдаршуулна.
Учир нь Ехова өршөөнгүй сэтгэл, агуу их үнэнч хайраараа
Бидний төлөө ихийг хийсэн.
Израйлын үр удмын төлөө олон сайн юм хийсэн.
8 Тэрбээр: «Тэд бол миний ард түмэн, надад үнэнч байх хөвгүүд» гэж хэлээд
Аврагч нь болсон юм.
9 Тэдний зовж байхыг харах нь түүнд шаналгаатай байв.
Түүний илгээсэн элч* тэднийг аврав.
Тэрбээр хайр, өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн тэднийг буцаан худалдаж авсан юм.
Тэрбээр тэднийг өргөж, цаг үргэлж тэвэрч явсан юм.
10 Гэтэл тэд тэрсэлж, агуу хүчийг нь үл тоомсорлон Бурхны сэтгэлийг өвтгөсөн.
Тэгэхэд Бурхан дайсан нь болж
Тэдэнтэй тэмцсэн.
11 Тэр үед тэд эрт цагийг,
Түүний зарц Мосегийн үеийг санан ийн хэлсэн.
«Өөрийн ард түмнийг хоньчидтой хамт тэнгисээс гаргасан Нэгэн хаана байна вэ?
Агуу хүчээ түүнд өгсөн Нэгэн хаана байна вэ?
12 Хүчит мутраараа Мосег* дэмжсэн,
Нэрээ мөнхлөхийн тулд
Тэдний өмнө усыг хага ярсан Нэгэн хаана байна вэ?
13 Тэднийг оволзон шуугих их ус гатлуулж,
Талд давхих адуу шиг
Юунд ч бүдрүүлэлгүй явуулсан Нэгэн хаана байна вэ?
14 Сүргийг амраах гэж хөндий рүү туудаг шиг
Еховагийн агуу хүч тэднийг амраасан».
Та нэрээ дуурьсгахын тулд
Ард түмнээ ийнхүү удирдсан.
15 Тэнгэрээс өнгийж доош хараач.
Өндөрт орших ариун, сүрлэг газраасаа хараач.
Таны хичээл зүтгэл, хүч чадал,
Өрөвч, өршөөнгүй сэтгэл хаана байна вэ?
Алийг нь ч та бидэнд илэрхийлэхгүй юм.
16 Та бол бидний Эцэг шүү дээ.
Абрахам биднийг мэдэхгүй,
Израйл биднийг танихгүй байлаа ч
Ехова, та бол бидний Эцэг юм.
Та* бол аль эрт биднийг буцаан худалдаж авсан Нэгэн юм.
17 Ехова, таны замаас төөрөхөд минь та яагаад биднийг болиулаагүй юм бэ?
Зүрх сэтгэлээ хатууруулж танаас эмээхээ болиход минь та яагаад юу ч хийгээгүй юм бэ?
Зарц нарынхаа төлөө эргээд ирээч.
Өмч болсон овгуудынхаа төлөө буцаад ирээч.
18 Таны ариун ард түмэн газар нутгийг ахархан хугацаанд л эзэмшиж байв.
Дайснууд ариун газрыг тань гишгэчсэн.
19 Аль эртнээс бид танаар удирдуулж байгаагүй хүмүүс шиг,
Таны нэрээр овоглож байгаагүй ард түмэн шиг болсон.