Исаиа
43 Иаков аа, чиний Бүтээгч айлдаж байна.
Израйл аа, чамайг бий болгосон Ехова өгүүлж байна.
«Бүү ай. Би чамайг буцаан худалдаж авсан.
Би чамайг нэрээр чинь дуудсан.
Чи минийх.
2 Чамайг ус туулахад би хамт байна.
Гол гатлахдаа чи живэхгүй.
Гал дундуур явахдаа чи түлэгдэхгүй.
Дөлд нь чи хуйхлагдахгүй.
3 Би бол чиний Бурхан Ехова,
Израйлын Ариун Нэгэн, чиний Аврагч.
Би чиний төлөө Египетийг золионд гаргаж,
Чиний оронд Етиоп, Себаг өгсөн.
4 Чи миний мэлмийд үнэ цэнтэй.
Би чамайг хүндэлж, хайрласан.
Би чиний оронд хүмүүсийг,
Амийн чинь төлөө үндэстнүүдийг өгнө.
5 Би чамтай хамт байгаа тул бүү ай.
Би үр удмыг чинь дорно зүгээс авчирч,
Өрнө зүгээс цуглуулна.
6 Би хойд зүгт “Тэднийг өг!” гэж хэлнэ.
Өмнө зүгт ингэж айлдана. “Тэднийг бүү саатуул!
Миний хөвгүүдийг холоос, миний охидыг дэлхийн хязгаараас авчир!
7 Миний нэрээр овоглосон бүхнийг авчир.
Би тэднийг өөрийн алдрын төлөө бүтээсэн.
Би тэднийг бий болгосон юм”.
8 Нүдтэй хэр нь сохор,
Чихтэй хэр нь дүлий ард түмнийг авчир.
9 Бүх үндэстэн нэг газар чуулаг.
Ард түмнүүд хамт цуглаг.
Тэдний* дундаас хэн үүнийг хэлж чадах вэ?
Эсвэл анхны зүйлсийг* бидэнд дуулгаж чадах уу?
Тэд өөрсдийнхөө зөвийг батлахын тулд гэрчүүдээ авчраг.
Бусад нь сонсоод, “Энэ үнэн байна!” гэж хэлэг».
10 Ехова ийн тунхаглаж байна. «Та нар бол миний гэрчүүд.
Намайг танин мэдэж, надад итгэн*,
Нэг л янзаараа байдгийг минь ойлгоосой гэсэндээ
Би та нарыг зарцаа болгон сонгож авсан юм.
Надаас өмнө нэг ч Бурхан байгаагүй.
Миний дараа ч гарч ирээгүй.
11 Би, зөвхөн би Ехова. Надаас өөр аврагч байхгүй».
12 Ехова ийн айлдаж байна. «Та нарын дунд харийн бурхан байхгүй байхад
Би хийх зүйлээ тунхаглаж, та нарыг аварч, энэ бүхнийг мэдүүлсэн юм.
Тиймээс та нар бол миний гэрчүүд. Би бол Бурхан.
13 Би хэзээд хэвээрээ.
Хэн ч миний гараас юу ч булааж авч чадахгүй.
Ажиллаж эхлэхэд минь хэн саад болох вэ?».
14 Та нарын Аврагч*, Израйлын Ариун Нэгэн Ехова ийн айлдаж байна.
«Би та нарын төлөө Вавилон руу их цэрэг илгээж, хаалгануудынх нь бүх түгжээг эвдэнэ.
Халдейчууд хөлөг онгоцнууд дээрээ гашуудан уйлна.
15 Би бол Ехова, та нарын Ариун Нэгэн, Израйлын Бүтээгч, танай Хаан».
16 Тэнгис дундуур зам тавигч,
Догшрон шуугих усан дундуур харгуй гаргагч
Ехова айлдаж байна.
17 Дайны тэрэг ба морьдыг,
Их цэрэг ба хүчит дайчдыг цуглуулагч тэрбээр айлдаж байна.
«Тэд унаад босохгүй.
Асаад дуусаж буй дэнлүү шиг унтарна» гэв.
18 «Урьдын явдлыг бүү сана.
Өнгөрснийг бүү бод.
19 Би шинэ юм хийж байна.
Аль хэдийн эхэлчхээд байна.
Та нар харахгүй байна уу?
Би зэлүүд газар зам тавьж,
Цөлд гол горхи урсгана.
20 Намайг хээрийн араатан,
Чононцор, тэмээн хяруул хүндэлнэ.
Учир нь би өөрийн сонгосон ард түмэндээ уулгахаар
Зэлүүд газар ус гаргаж,
Цөлд гол горхи урсгана.
21 Энэ ард түмнийг би өөртөө зориулан бий болгосон юм.
Өөрийнхөө үйлсийг магтуулахаар тэднийг бүрдүүлсэн юм.
22 Гэвч чи намайг дуудсангүй, Иаков аа.
Учир нь чи надаас залхжээ, Израйл аа.
23 Чи надад шатаалт тахилынхаа хонийг авчраагүй.
Өргөлөөрөө намайг алдаршуулаагүй.
Бэлэг авчир гэж би чамайг албадаагүй.
Гүгэл* асаахыг шаардаж би чамайг залхаагаагүй.
24 Чи надад мөнгөөрөө годил өвс* авч өгөөгүй.
Тахилынхаа өөхөөр намайг цатгаагүй.
Харин нүглээрээ дарамталж,
Алдаагаараа залхаасан.
25 Би өөрийнхөө төлөө гэмийг* чинь арилгана.
Нүглийг чинь би эргэж санахгүй.
26 Хэрэг заргаа хэлэлцье. Юу мартсаныг минь сануул.
Өөрийн зөвийг баталж учир шалтгаанаа хэл.
27 Элэнц өвөг чинь нүгэл үйлдсэн.
Төлөөлөгчид* чинь надад тэрсэлсэн.
28 Тиймээс би ариун газрын ноёдыг бузарт тооцно.
Иаковыг устгалд тушаана.
Израйлыг элэг доог болгоно.