Исаиа
33 Хэн ч чам руу дайраагүй байхад дайран довтолдог чи золгүй еэ!
Хэн ч чамаас урваагүй байхад итгэл эвддэг чи золгүй еэ!
Дайрахаа болиход чинь хүмүүс чам руу дайрна.
Итгэл эвдэхээ болиход чинь хүмүүс чамаас урвана.
2 Ехова минь ээ, биднийг өрөвдөөч.
Бид танд найддаг.
Өглөө бүр бидний хүч чадал* болооч.
Зовох цагт биднийг авраач.
3 Чанга дуу чимээнээр ард түмнүүд зугтдаг.
Таныг босоход үндэстнүүд тарж бутардаг.
4 Ховдог царцаа цуглардаг шиг та нарын олз цугларна.
Хүмүүс тэр олз руу сүрэг царцаа мэт дайрна.
5 Ехова өргөмжлөгдөнө.
Тэрбээр өндөрт оршиж
Сионыг шударга ёс, зөв шударгаар дүүргэнэ.
6 Тэрбээр та нарыг тогтвортой болгодог.
Агуу аврал, мэргэн ухаан, мэдлэг, Еховагаас эмээх сэтгэл бол
Түүний өгдөг* эд баялаг мөн.
7 Баатрууд нь гудамжинд хашхирч,
Энхийн элч нар нь гашуунаар уйлж байна.
8 Их замууд эзгүйрчээ.
Замаар явдаг хүн нэг ч үгүй.
Тэрбээр* гэрээгээ зөрчин
Хотуудыг басамжилсан.
Мөнх бус хүнийг үл тоомсорлодог.
9 Тэр нутаг гашуудан* хатав.
Ливан ичиж гандав.
Шарон цөл болж,
Башан ба Кармел навчсаа гөвөв.
10 Ехова ийн айлдаж байна. «Би одоо босно.
Би одоо өөрийгөө өргөмжилнө.
Би одоо өөрийгөө алдаршуулна.
11 Та нар хатсан өвсөөр жирэмсэлж, сүрэл төрүүлдэг.
Бодол санаа чинь та нарыг гал адил залгина.
12 Ард түмнүүд шатсан шохой шиг болно.
Цавчсан өргөст бут шиг шатна.
13 Алс хязгаарт амьдран суугчид аа, юу хийх гэж байгаагаа хэлэхийг минь сонс!
Ойр хавьд оршин суугчид аа, миний хүч чадлыг хүлээн зөвшөөр!
14 Сион дахь нүгэлтнүүд айж байна.
Тэрслэгчид айдаст автжээ.
Тэд: “Түймэрдэгч галын дэргэд хэн маань амьд байх билээ?
Унтаршгүй дөлийн дунд хэн маань амьд үлдэх билээ?” гэдэг.
15 Үргэлж зөв шударгаар явдаг,
Үнэнийг ярьдаг,
Луйвраар олз ашиг олохыг жигшдэг,
Хахууль авахаас татгалздаг,
Хүн хөнөөх тухай яриаг сонсохыг ч хүсдэггүй,
Муу муухайг үзэхгүйн тулд нүдээ тагладаг хүн
16 Өндөрт амьдарна.
Хадан бэхлэлтэд аюулгүй хоргодно.
Талхаар үргэлж хангагдана.
Усаар хэзээ ч тасрахгүй».
17 Миний ард түмэн та нар сүр жавхлант хааныг харна.
Алс холын нутгийг үзнэ.
18 Та нар айж байсан үеэ санан
«Бичээч хаана байна вэ?
Алба гувчуурыг жинлэж байсан хүн хаана байна вэ?
Цамхгуудыг тоолж байсан хүн хаана байна вэ?» гэж хэлнэ.
19 Ойлгомжгүй хэлтэй,
Ээрч байгаа мэт ойлгогдохгүй ярьдаг,
Дээрэнгүй хүмүүсийг та нар хойшид харахгүй.
20 Бидний баяр наадмын хот Сионыг хар!
Гадсыг нь хэзээ ч сугалахгүй,
Нэг ч уяаг нь таслахгүй,
Хэн ч хааш нь ч нүүлгэхгүй майхан мэт,
Тайван амьдрах газар болсон Иерусалимыг та нар үзнэ.
21 Тэнд сүр жавхлант Бурхан Ехова
Биднийг гол мөрөн, өргөн суваг адил хамгаална.
Түүгээр дайны хөлөг онгоц,
Сүрлэг усан онгоц явж өнгөрөхгүй.
22 Учир нь Ехова бол бидний Шүүгч.
Ехова бол бидний Хууль тогтоогч.
Ехова бол бидний Хаан.
Тэрбээр биднийг аварна.
23 Дайсны хөлөг онгоцны олс суларч
Шургийг ч тогтоож дийлэхгүй, дарвуулыг ч дэлгэх аргагүй болно.
Тэр үед асар их олз хуваана.
Доголон хүн ч их хувь хүртэнэ.
24 «Би өвчтэй байна» гэж нэг ч оршин суугч хэлэхгүй.
Тэр нутагт аж төрдөг хүмүүсийн нүгэл уучлагдана.