Дуулал
Удирдаачид: мут-лаббен* дээр. Давидын дуу.
א [алэф*]
9 Ехова минь ээ, би бүхий л зүрх сэтгэлээрээ таныг магтана.
Таны бүх гайхамшигт үйлсийн тухай ярина.
2 Таны хийсэн бүхэнд баярлан баясна.
Хамгийн дээд Нэгэн минь, би таны нэрийг магтан дуулна*.
ב [бэт]
3 Дайснууд надаас зугтан,
Таны өмнө бүдэрч унан, сүйрнэ.
4 Учир нь та намайг өмгөөлөн шударга ёсыг тогтоодог.
Та сэнтийдээ залран зөв шударга шүүдэг.
ג [гимэл]
5 Та үндэстнүүдийг зэмлэж, муу хүмүүсийг устган,
Нэрийг нь үүрд үгүй болгосон.
6 Дайснууд эгнэгт устгагдсан.
Та хотуудыг нь газартай тэгшилсэн.
Тэдний тухай бүх дурсамж мартагдана.
ה [хэ]
7 Харин Ехова мөнхөд захирна.
Хаан ширээгээ шударга ёсны төлөө бат тогтоосон.
8 Тэрбээр дэлхийг зөв шударга шүүнэ.
Үндэстнүүдийн төлөө зөв шударга шийдвэр гаргана.
ו [вав]
9 Ехова дарлагдсан хүмүүст найдвартай хоргодох газар болно.
Хүнд хэцүү үед найдвартай хоргодох газар болно.
10 Ехова минь ээ, нэрийг тань мэддэг хүмүүс танд найдна.
Удирдлага зааврыг тань хайдаг хүмүүсийг та хэзээ ч орхихгүй.
ז [заин]
11 Сионд оршигч Еховаг магтан дуулагтун.
Түүний үйлсийг үндэстнүүдэд яригтун.
12 Тэрбээр зовсон хүмүүсийг санаж, цусных нь өшөөг авна.
Тусламж гуйн хашхирсныг нь мартахгүй.
ח [хэт]
13 Үхлээс аврагч Ехова минь ээ, намайг таалалдаа багтаагаач.
Намайг үзэн яддаг хүмүүсээс болж зовж байгааг минь хараач.
14 Тэгвэл би таны агуу үйлсийг Сионы* үүдэнд тунхаглана.
Намайг аварсанд тань би баярлана.
ט [тэт]
15 Үндэстнүүд ухсан нүхэндээ унаж,
Тавьсан торондоо орооцолдсон.
16 Ехова шүүх шийдвэрээ гүйцэтгэдгээрээ өөрийгөө таниулдаг.
Муу хүмүүс гарынхаа үйлсэд урхидуулжээ.
Хиггаион*. (Села)
י [еөд]
17 Муу хүмүүс буюу Бурхныг мартсан бүх үндэстэн
Булш* руу явна.
18 Ядуус үеийн үед мартагдахгүй.
Дөлгөөн хүмүүсийн найдвар ч бөхөхгүй.
כ [каф]
19 Ехова минь, арга хэмжээ аваач! Мөнх бус хүнийг бүү давраагаач.
Үндэстнүүдийг та шүүгээч.
20 Ехова минь ээ, үндэстнүүдийг айдаст автуулаач.
Ердөө л мөнх бус хүмүүс гэдгийг нь мэдүүлээч. (Села)