Ромчуудад бичсэн захидал
4 Тэгэхээр бидний өвөг дээдэс Абрахамын тухайд юу хэлж болох вэ? 2 Хэрэв Абрахам үйл хэргээрээ шударга сайнд тооцогдсон бол сайрхаж болох байсан. Гэхдээ Бурхны өмнө сайрхах аргагүй. 3 Сударт юу гэж бичсэн билээ? «Абрахам Еховад* итгэсэн болохоор түүнийг шударга сайнд тооцсон» гэж байдаг. 4 Эзэн нь ажилчнаа энэрч өрөвдөөд хөлс өгдөг юм биш, харин ажилчин авах эрхтэй учраас өгдөг. 5 Тэгвэл нүгэлт хүнийг Бурхан үйл хэргээр нь бус, итгэлээр нь шударга сайнд тооцдог. 6 Хуулийг чанд сахиагүй ч шударга сайн гэж тооцогддог хүн жаргалтай байдаг талаар Давид: 7 «Хууль бус явдал нь уучлагдсан, нүгэл нь далдлагдсан хүн жаргалтай. 8 Ехова* хэний нүглийг бүрмөсөн мартана, тэр хүн жаргалтай» хэмээн бичсэн.
9 Тэгвэл хөвчөө таслуулсан хүмүүс л жаргалтай байдаг уу? Эсвэл хөвчөө таслуулаагүй хүмүүс бас жаргалтай байдаг уу? «Абрахам итгэсэн болохоор түүнийг шударга сайнд тооцсон» гэж бид дээр тэмдэглэсэн шүү дээ. 10 Хэзээ түүнийг шударга сайнд тооцсон бэ? Хөвчөө таслуулсан байхад нь уу, таслуулаагүй байхад нь уу? Таслуулаагүй байхад нь шүү дээ. 11 Бурхан Абрахамд хөвчөө таслуулж тэмдэг* тавиулахыг хэлсэн нь тэрээр хөвчөө таслуулаагүй байхдаа шударга сайнд тооцогдсон хэрэг байв. Ийнхүү Абрахам итгэдэг, хөвчөө таслуулаагүй бүх хүний эцэг болсон учир Бурхан тэднийг шударга сайнд тооцдог юм. 12 Абрахам бас хөвчөө таслуулсан хүмүүсийн эцэг. Зөвхөн хөвчөө таслуулсан хүмүүсийн эцэг төдийгүй өөр шиг нь итгэдэг, итгэлийнхээ дагуу үйлддэг хүмүүсийн эцэг мөн. Тийм ээ, бидний өвөг дээдэс Абрахам хөвчөө таслуулахаасаа өмнө итгэдэг байсан.
13 Абрахам болон түүний үр удам хууль сахисан учраас биш, харин итгээд шударга сайнд тооцогдсон учраас Бурхан түүнд ертөнцийг өвлүүлэхээр амласан билээ. 14 Хэрэв хууль сахидаг хүн өвлөгч болдог юм бол итгэх ч хэрэггүй, Бурхны амлалт ч хүчингүй болно. 15 Хууль байвал шийтгэл байна. Харин хууль байхгүй бол хууль зөрчих явдал гарахгүй.
16 Тэгэхээр, Абрахам итгэсэн учраас Бурхан энэрч нигүүлсээд амлалт өгсөн. Тиймд хууль сахидаг хүмүүс болон Абрахам шиг итгэдэг хүмүүс буюу бүх үр удмынх нь төлөө Бурхан амлалтаа заавал биелүүлнэ. Абрахам бол бид бүгдийн эцэг. 17 («Би чамайг бүх үндэстний эцэг болгосон» гэж бичсэн байдаг шүү дээ.) Үхсэнийг амилуулдаг, байхгүйг ч байгаа хэмээдэг Бурханд Абрахам итгэсэн бөгөөд Бурхан тийм амлалт өгсөн юм. 18 Абрахам найдах үндэсгүй байсан ч найдсан бөгөөд «Чиний үр удам ийм болно» гэж хэлсний дагуу олон үндэстний эцэг болно гэдэгт итгэсэн. 19 Абрахам итгэж байсан ч тэр өөрийгөө үхсэнээс өөрцгүй гэж (100 нас хүрэх гэж байсан), Сарагаа хүүхэд төрүүлэх наснаасаа хэтэрсэн гэж боджээ. 20 Гэхдээ Бурхан амласан учир огтхон ч эргэлзээгүй. Харин итгэл нь улам бүр батжиж, Бурхныг алдаршуулж, 21 амлалтаа биелүүлж чадна гэдэгт бүрэн итгэж байсан. 22 Тиймээс «түүнийг шударга сайнд тооцсон».
23 «Түүнийг шударга сайнд тооцсон» гэж бичсэн нь зөвхөн түүний төлөө биш, 24 бас бидний төлөө юм. Биднийг ч шударга сайнд тооцно. Яагаад гэвэл, Эзэн Есүсийг амилуулсан тэр Нэгэнд бид итгэдэг. 25 Есүс нүгэлт бидний төлөө амиа өгсөн бөгөөд Бурхан биднийг шударга сайнд тооцохын тулд түүнийг амилуулсан билээ.