Хоёрдугаар Ёохан
1 Нас өндөр болсон ахлагч би сонгогдсон эмэгтэй болон түүний хүүхдүүдэд бичиж байна. Та нарыг ганц би биш, үнэнийг мэддэг бүх хүн үнэн голоосоо хайрладаг. 2 Зүрх сэтгэлд маань одоо байгаа, үүрд байх үнэний улмаас бид та нарыг хайрладаг юм. 3 Бурхан Эцэг болон Эцгийн Хүү Есүс Христ бидэнд үнэнийг мэдүүлж, биднийг хайрлана. Мөн бидэнд нигүүлсэл, өршөөл, амар тайвныг соёрхоно.
4 Хүүхдүүдийн тань зарим нь Эцгийн тушаасан ёсоор үнэний дагуу амьдарч байгааг мэддэг учраас би их баярладаг. 5 Эмэгтэй, танд миний бичиж байгаа юм шинэ тушаал бус, харин анхнаасаа бидний мэддэг байсан тушаал билээ. Энэ тушаалаар бол бид бие биеэ хайрлах учиртай. 6 Хайрлах гэдэг нь Бурхны тушаалыг дагах явдал юм. Бие биеэ үргэлж хайрлах ёстой гэсэн Бурхны тушаалыг та нар анхнаасаа мэдэх билээ. 7 Есүс Христийг хүн болж ирсэн гэдэгт итгэдэггүй мэхлэгч олон байна. Ийм хүн бусдыг төөрүүлдэг бөгөөд Христийг эсэргүүцдэг юм.
8 Бидний хичээл зүтгэлийг талаар болгохоос сэрэмжлээрэй. Ингэвэл та нар Бурхны бүх ивээлийг хүртэнэ. 9 Христийн сургаснаас хэтэрч, сургаалыг нь дагахаа больсон хэн боловч Бурхны үйлчлэгч биш. Харин энэ сургаалыг баримталдаг хэн боловч Бурхны үйлчлэгч, Хүүгийнх нь дагалдагч мөн. 10 Хэрэв хэн нэгэн та нар луу ирээд Христийн зааснаас өөрийг заавал түүнийг гэртээ бүү хүлээж ав, түүнтэй бүү мэндэл. 11 Учир нь түүнтэй мэндэлсэн хүн бузар хэргийнх нь хамсаатан болно.
12 Та нарт бичих юм их байгаа ч цаасан дээр бэхээр бичмээргүй байна. Харин нүүр тулж уулзана гэж найдаж байна. Та нар ч баяр хөөр болох биз ээ.
13 Сонгогдсон нэгэн болох эгчийн тань хүүхдүүд та нарт мэнд хүргэж байна.