Дуулал
Удирдаачид: «Үүрийн согоо»-д* тааруулав. Давидын дуу.
22 Бурхан минь, Бурхан минь, юунд та намайг орхив?
Яагаад намайг аврахгүй байна вэ?
Зовж шаналан хашхирахад минь юунд намайг үл сонсоно вэ?
2 Бурхан минь, би өдөр нь таныг дуудавч та хариулдаггүй.
Шөнө ч би дуугүй байдаггүй.
3 Гэвч та бол ариун.
Израйл бүхэлдээ таныг магтан алдаршуулдаг*.
4 Эцэг өвгөд маань танд найдсан.
Тэд найдсан учраас та тэднийг авардаг байсан.
5 Тэд тан руу хашхираад аврагддаг байсан.
Тэд танд найдаж байсан учраас цөхрөнгөө барж* байгаагүй.
6 Хүмүүс намайг дооглон тохуурхаж, ад шоо үздэг.
Би яг л хүн биш, өт хорхой гэлтэй.
7 Харсан бүхэн намайг шоолж,
Ёжтой инээн толгой сэгсрээд ийн хэлдэг.
8 «Тэр өөрийгөө Еховад даатгасан. Тийм болохоор Бурхан түүнийг авраг!
Бурхан тийм л хайртай юм бол түүнийг авраг!»
9 Намайг эхийн минь хэвлийгээс гаргаж,
Ээжийн минь энгэрт аюулгүй байлгасан Нэгэн бол та юм.
10 Төрсөн цагаасаа би таны халамжид очсон.
Эхийн хэвлийд байхаас минь та миний Бурхан байсан.
11 Зовлон ойрхон тул надаас бүү хол байгаач.
Надад өөр туслагч байхгүй.
12 Олон залуу бух намайг хүрээлж,
Башаны хүчит бухнууд эргэн тойронд минь байна.
13 Олзоо хэдэн хэсэг тасчин хаядаг архирах арслан мэт
Тэд надаар даажигнан тохуурхдаг*.
14 Би асгарсан ус адил билээ.
Яснууд минь үеэрээ мултарсан.
Зүрх минь зөгийн лав шиг болж
Миний дотор хайлж байна.
15 Хүч чадал минь ваарын хэлтэрхий шиг хатаж,
Хэл минь түүшиндээ наалдлаа.
Та намайг үхүүлэхээр нүхэнд хийж байна.
16 Ноход тал талаас минь бүчин авч
Над руу бүлэг этгээд шиг ойртон ирж байна.
Гар хөл рүү минь яг л арслан шиг дайрч байна.
17 Би хамаг ясаа тоолж чадахаар байна.
Дайснууд над руу харж, намайг ширтэнэ.
18 Тэд гадуур хувцсыг минь хуваан авч
Хувцасны минь төлөө шодлоо.
19 Гэвч Ехова минь, бүү хол байгаач.
Та бол миний хүч чадал. Яаран ирж надад туслаач.
20 Намайг илднээс,
Үнэт амийг минь* нохдын савраас авраач.
21 Намайг арслангийн амнаас, зэрлэг бухын эврээс авраач.
Надад хариулж, намайг авраач.
22 Би таны нэрийг ах дүүдээ тунхаглана.
Олны* дунд би таныг магтана.
23 Еховагаас эмээгчид ээ, түүнийг магт!
Иаковын үр удам* аа, түүнийг алдаршуул!
Израйлын үр хойч* оо, түүнийг бишрэн хүндэтгэ!
24 Учир нь тэрбээр дарлагдсан нэгний зовлонг жигшээгүй.
Нүүрээ түүнээс нуугаагүй.
Тусламж гуйн хашхирахад нь сонссон.
25 Таныг би олны* дунд магтана.
Танаас эмээгчдийн өмнө тангаргаа биелүүлнэ.
26 Дөлгөөн хүмүүс идэж, цадна.
Еховад үйлчилдэг хүмүүс түүнийг магтана.
Та нар* үүрд жаргалтай амьдрах болтугай.
27 Дэлхий даяараа Еховаг санаж, түүнд хандана.
Бүх овог аймаг түүнд мэхийн ёсолно.
28 Учир нь Ехова бол Хаан.
Тэрбээр үндэстнүүдийг захирдаг.
29 Тарган цатгалан хүмүүс бүгдээрээ идэж уун, түүнд мэхийн ёсолно.
Газар шороондоо буцдаг бүхэн түүний өмнө өвдөг сөгдөнө.
Тэдний хэн нь ч амь насаа уртасгаж чадахгүй.
30 Тэдний үр удам* түүнд үйлчилнэ.
Хойч үеийнхэн Еховагийн тухай заалгана.
31 Тэд түүний зөв шударгын тухай ярина.
Ирээдүйд төрөх хүмүүст түүний үйлсийн тухай ярина.