Даниел
6 Хаант улс даяар 120 амбан захирагчийг томилох нь Дариуст зүйтэй санагдав. 2 Тэдний дээр гурван түшмэл томилсны нэг нь Даниел байв. Амбан захирагчид тэдэнд ажлаа тайлагнах ёстой бөгөөд үүний дүнд хаан хохирол амсахгүй ажээ. 3 Даниел нөгөө хоёр түшмэл болон амбан захирагчдаас онцгой чадвараараа ялгарч байсан тул хаан түүнийг тушаал дэвшүүлэн хаант улсынхаа хамгийн дээгүүр албанд томилох санаатай байв.
4 Тэр үед түшмэд, амбан захирагчид Даниелыг төр засгийн асуудлаар буруутгах үндэс хайсан боловч ямар нэг завхрал гажуудал эсвэл буруутгах ямар ч үндэс олж чадсангүй. Учир нь Даниел найдвартай хүн байсан тул түүнийг хайхрамжгүй байсан эсвэл шударга бус үйлдэл гаргасан гэж буруутгах аргагүй байлаа. 5 Тэгээд тэд: «Энэ Даниелыг буруутгах үндсийг Бурхных нь хуулиас л олохгүй бол өөр арга олдохгүй нь ээ» гэцгээв.
6 Ингээд түшмэд, амбан захирагчид бөөнөөрөө хаанд бараалхан ийн хэллээ. «Дариус хаантан мөнх наслах болтугай. 7 Хааны зөвлөхүүд, ноёд, амбан захирагчид, сайд нар, захирагчид хамтдаа зөвлөлдсөний эцэст 30 хоногийн хугацаанд хаан танаас өөр хүнд юм уу бурханд гуйлт хүсэлтээ хэлсэн хэнийг ч арслантай нүхэнд хаяна гэсэн хааны тушаал гаргуулж хориг тавиулахаар тогтлоо. 8 Иймээс хаантан та тушаал буулгаж, гарын үсгээ зурна уу. Тэгснээр уг тушаал Меде, Персийн цуцлагдашгүй хуулийн дагуу өөрчлөгдөхгүй байх юм».
9 Ингээд Дариус хаан хориг бүхий тушаал дээр гарын үсгээ зурав.
10 Хаан уг тушаал дээр гарын үсэг зурсныг Даниел мэдсэн даруйдаа гэртээ харилаа. Дээд давхрын өрөөний цонхнууд нь Иерусалим руу харсан бөгөөд онгорхой байв. Тэрбээр заншил ёсоороо өдөрт гурван удаа сөхрөн суугаад Бурханд залбирч, магтаал өргөсөөр байлаа. 11 Тэр үед өнөөх хүмүүс дайран орж ирээд Даниелыг Бурхандаа залбирч, тааллыг нь гуйж байхыг харав.
12 Тэд хаанд бараалхан хоригийн талаар түүнд сануулж «30 хоногийн хугацаанд хаан танаас өөр хүнд эсвэл бурханд гуйлт хүсэлтээ хэлсэн хэнийг ч арслантай нүхэнд хаяна гэсэн тушаалд та гарын үсэг зурсан бус уу?» гэсэнд хаан: «Энэ тушаал баттай. Меде, Персийн хуулийг хүчингүй болгох аргагүй» хэмээн хариулав. 13 Тэгмэгц тэд хаанд «Иудагаас олзлогдон ирсэн Даниел гэгч нь хаан таныг ч, таны баталсан хоригийг ч үл тоомсорлон өдөрт гурван удаа залбирч байна» гэлээ. 14 Хаан үүнийг сонсмогцоо ихэд шаналав. Тэгээд Даниелыг хэрхэн аврахаа бодож, ялаас хэлтрүүлэх гэж хамаг чадлаараа хичээж байтал нар жаргажээ. 15 Эцэст нь өнөөх хүмүүс бөөнөөрөө хаанд бараалхан «Меде, Персийн хуулиар бол хааны гаргасан нэг ч тушаал, хоригийг өөрчилж болохгүй гэдгийг хаан та санагтун» гэж хэлэв.
16 Тэгээд хаан зарлиг буулгаж Даниелыг авчруулан арслантай нүхэнд хаяулжээ. Хаан түүнд «Үргэлж шүтдэг Бурхан чинь чамайг аварна» гэлээ. 17 Хүмүүс нүхний аман дээр чулуу авчирч тавив. Даниелын талаарх шийдвэрээ өөрчлөхгүйн тулд хаан өөрийнхөө тамгат бөгжөөр, бас язгууртнуудынхаа тамгат бөгжөөр нүхний амыг лацдав.
18 Хаан ордон руугаа буцаж мацаг барин шөнийг өнгөрүүлжээ. Зугаацаж цэнгэсэнгүй*. Цурам ч хийлгүй хоножээ. 19 Үүр цаймагц хаан босож арслантай нүх рүү яаран очив. 20 Гуньж цөхөрсөн хаан нүхэн дээр ирээд Даниелыг дуудан «Амьд Бурхны зарц Даниел аа, үргэлж шүтдэг Бурхан чинь чамайг арслангаас аврав уу?» хэмээн асуулаа. 21 Даниел шууд л хаанд хариулан «Хаантан мөнх наслах болтугай. 22 Миний Бурхан тэнгэрийн элчээ илгээж арслангуудын амыг тагласан учир арслангууд надад ямар ч хор хүргэсэнгүй. Яагаад гэвэл би Бурхны өмнө гэм зэмгүй байсан. Хаантан танд ч муу юм хийгээгүй билээ» гэж хэлэв.
23 Хаан магнай хагартал баярлаж, Даниелыг нүхнээс татаж гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд ямар ч гэмтэлгүй байлаа. Учир нь тэрбээр Бурхандаа найдсан юм.
24 Дараа нь хаан тушаал буулган, Даниелыг буруутгасан хүмүүсийг авчруулав. Тэднийг эхнэр, хөвгүүдтэй нь хамт арслантай нүхэнд хаяжээ. Тэднийг нүхний ёроолд ч хүрч амжаагүй байтал арслангууд барьж аван хамаг ясыг нь яйруулж орхисон юм.
25 Дариус хаан дэлхийн өнцөг булан бүрд оршин суудаг бүх ард түмэн, үндэстэн ястан, олон хэлийн хүмүүст ийн бичив. «Амар амгалан байх болтугай! 26 Миний хаант улсын эзэмшил нутаг даяар бүх хүн Даниелын Бурхнаас эмээж, түүнийг хүндэтгэх ёстой гэсэн зарлиг буулгаж байна. Учир нь тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхөд оршдог. Түүний хаант төр хэзээ ч сүйрэхгүй, засаглал нь үүрдийнх юм. 27 Тэрбээр аварч, хамгаалж, тэнгэр газар дээр тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлддэг. Тэрбээр Даниелыг арслангийн савраас аварсан юм».
28 Ийнхүү Даниел Дариусын засаглалын үед ч, Персийн хаан Корешийн засаглалын үед ч сайн сайхан, энх тунх амьдарчээ.