Нэгдүгээр Самуел
20 Тэгээд Давид Наиотоос Рама руу зугтлаа. Тэнд Ионатан дээр очоод «Би ямар буруу юм хийсэн юм бэ? Би ямар хэрэг хийж, ямар нүгэл үйлдсэн болоод эцэг тань намайг хөнөөх гээд байгаа юм бэ?» гэхэд 2 Ионатан: «Хэн ч чамайг хөнөөхгүй. Энэ бол байж боломгүй хэрэг! Эцэг минь их бага ямар ч үйл хэргийг надад мэдэгдэлгүйгээр хийдэггүй юм. Тиймээс энэ хэргийг надаас яагаад нууна гэж? Чи алуулахгүй» гэлээ. 3 Давид цааш нь «Та бид хоёрыг найзууд гэдгийг эцэг тань мэдэж байгаа. Тийм болохоор эцэг тань: “Ионатаныг шаналгахгүйн тулд энэ хэргийг түүнд мэдэгдэж хэрхэвч болохгүй” гэж хэлсэн байж таарна. Миний амь дээсэн дөрөөн дээр байгааг амьд Бурхан Еховагаар, бас таны амьд байгаагаар тангараглая!» гэжээ.
4 Ионатан Давидад «Чиний хэлснийг би хийе» гэж хэлэхэд 5 Давид: «Маргааш шинэ сар гарах учраас би хаантай хамт зоог барих хэрэгтэй болно. Тиймээс би нөгөөдөр орой хүртэл хээр нуугдъя. Та намайг явуулаач. 6 Эцэг тань намайг байхгүй байгааг анзаарвал та: “Давид надаас Бетлехем дэх гэр лүүгээ яаралтай явах зөвшөөрөл гуйсан юм. Тэднийх гэр бүлээрээ жил бүрийн тахилыг өргөх гэж байгаа гэсэн” гэж хэлээрэй. 7 Хэрэв хаан “За за” гэж хэлбэл би айх шаардлагагүй гэсэн үг. Харин уурлавал намайг хорлохоор шийдсэнээс зайлахгүй. 8 Та зарц надтай Еховагийн өмнө гэрээ байгуулсан учраас зарцыгаа үнэнчээр хайрлаарай. Хэрэв би гэмтэй бол та намайг өөрөө хөнөөгөөрэй. Намайг эцэгтээ бүү тушаагаач» гэлээ.
9 Ионатан хариуд нь «Би чиний талаар огтхон ч тэгж бодож байгаагүй. Эцэг минь чамайг хорлохоор шийдсэн байвал би заавал чамд мэдэгдэнэ» гэхэд 10 Давид: «Эцэг тань танд ширүүн үг хэлбэл хэн надад мэдэгдэх вэ?» гэв. 11 Ионатан Давидад «Хоёулаа хээр очъё» гэлээ. Тэгээд тэр хоёр хээр очив. 12 Ионатан Давидад «Израйлын Бурхан Ехова гэрч болог. Би маргааш юм уу нөгөөдөр эцэгтэйгээ чиний талаар ярилцъя. Хэрэв тэр чиний талаар сайнаар яривал би чамд мэдэгдэж, хэл хүргүүлнэ. 13 Хэрэв миний эцэг чамайг хорлох санаатай байгаад тэрийг нь би чамд мэдэгдэлгүй, чамайг явуулалгүй үлдээвэл Ехова Ионатан намайг хатуу шийтгэг. Ехова миний эцэгтэй хамт байсан шигээ чамтай хамт байх болтугай! 14 Чи амьд сэрүүнд минь ч, өнгөрсний минь дараа ч надад Еховагийн үнэнч хайрыг илэрхийлээч. 15 Ехова бүх дайсныг чинь газрын хөрснөөс арчсан байлаа ч миний гэрийнхнийг үргэлж үнэнчээр хайрлаарай» гэж хэллээ. 16 Тэгээд Ионатан: «Ехова Давидын дайснуудтай тооцоо бодно» гээд Давидын угсаатай гэрээ байгуулав. 17 Ионатан Давидыг өөр шигээ хайрладаг байсан учраас андын тангаргаа баталгаажуулахыг Давидаас хүсжээ.
18 Ионатан: «Маргааш шинэ сар гарна. Суудал чинь хоосон байхаар хүмүүс чамайг асууна. 19 Нөгөөдөр бүр ч их асууна. Чи өмнө нь нуугдаж байсан энэ газраа, энэ хадны ойролцоо байж байгаарай. 20 Би бай руу харваж байгаа юм шиг хадны хавьцаа аль нэг тал руу нь гурван удаа сум харвана. 21 Би зарцдаа “Сумнуудыг олоод ир” гэж хэлнэ. Хэрэв би түүнд “Сумнууд хажууд чинь байна. Аваад ир” гэж хэлбэл чи буцаж ирж болно. Амьд Бурхан Еховагаар тангараглая. Чиний хувьд айх аюул ард хоцорсон гэсэн үг. 22 Хэрэв би хүүд “Сумнууд цаана чинь байна!” гэвэл Ехова чамайг явуулж байна гэж ойлгоод зугтаарай. 23 Чи бид хоёрын байгуулсан гэрээний үүрдийн гэрч нь Ехова байг» гэжээ.
24 Тэгээд Давид хээр талд нуугдлаа. Шинэ сар болоход хаан зоог барив. 25 Хаан хананы хажууд суудалдаа сууж байсан бөгөөд Ионатан өөдөөс нь хараад сууж байв. Хааны хажууд Абнер сууж байлаа. Харин Давидын суудал хоосон байжээ. 26 Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Тэрбээр дотроо «Ямар нэг юм болоод Давид бузартсан байх. Тэр бузартсанаас гарцаагүй» гэж боджээ. 27 Шинэ сарын дараах өдөр буюу хоёр дахь өдөр нь Давидын суудал бас л хоосон байлаа. Саул хүү Ионатандаа «Иессигийн хүү яагаад өчигдөр ч, өнөөдөр ч зоогт ирсэнгүй вэ?» гэхэд 28 Ионатан: «Давид Бетлехем рүү явах гээд надаас гуйгаад байсан юм. 29 Давид: “Манайх хотод гэр бүлээрээ тахил өргөх гэж байгаа. Ах маань намайг дуудуулсан болохоор явахыг минь зөвшөөрөөч. Би таны тааллыг олсон бол ах нартайгаа уулзахыг минь зөвшөөрөөч” гэсэн юм. Ийм учраас хааны зоогт ирээгүй билээ» гэв. 30 Саул Ионатанд уурлан хилэгнэж «Тэрслүү эмийн хүү чи, өөрийгөө ч, төрсөн эхээ ч ичгүүрт оруулж, Иессигийн хүүгийн талд орсныг чинь мэдээгүй гэж бодоо юу? 31 Иессигийн хүү хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаа цагт чи ч, чиний хаан ширээ ч бат тогтохгүй. Одоо хүн явуулж авчруул. Тэр үхэх ёстой!» гэлээ.
32 Харин Ионатан эцэг Саулдаа «Давидыг яагаад алах ёстой юм бэ? Тэр юу хийсэн юм бэ?» гэж хэлэхэд 33 Саул түүн рүү жад шиджээ. Ионатан эцгийнхээ энэ үйлдлээс Давидыг алахаар шийдсэнийг нь ойлгов. 34 Ионатан ихэд уурлан зоогийн ширээнээс босож явлаа. Тэрбээр тэр өдөр юу ч идсэнгүй. Эцэг нь Давидыг доромжилсонд Ионатаны сэтгэл ихэд тавгүйтэв.
35 Маргааш өглөө нь Ионатан тохирсон ёсоороо Давидтай уулзахаар зарцаа дагуулан хээр очив. 36 Тэрбээр зарцдаа «Гүйж очоод миний харвах сумнуудыг олоод ир» гэлээ. Зарцыг гүйхэд түүнийг давуулаад сумаа тавилаа. 37 Харвасан сумыг нь авахаар очиход Ионатан араас нь «Сум цаана чинь байгаа юм биш үү?» гэж хашхирав. 38 Тэгээд «Түргэл! Хурдан яв! Битгий зогс!» гэж хашхирлаа. Зарц нь сумнуудыг аваад эзэн дээрээ буцаж ирэв. 39 Зарц нь юу ч гадарлаагүй юм. Ионатан Давид хоёр л учрыг нь мэдэж байлаа. 40 Тэгээд Ионатан зарцдаа зэвсгээ өгөөд «Хот руу аваад яв» гэв.
41 Зарцыг явахад Давид өмнө зүгт нуугдаж байсан газраасаа гарч ирлээ. Тэгээд Ионатаны өмнө өвдөг сөхрөн гурвантаа бөхийв. Тэр хоёр бие биеэ үнсээд уйлцгаажээ. Давид илүү ихээр уйллаа. 42 Ионатан Давидад «Бид бие биедээ “Ехова чи бид хоёрын бас үр удмын маань хооронд мөнхөд гэрч болог” гэж Еховагийн нэрээр тангарагласан учраас амар тайван яв даа» гэжээ.
Тэгээд Давидыг явахад Ионатан хот руугаа буцлаа.