Нэгдүгээр Самуел
21 Дараа нь Давид Нобт тахилч Ахимелех дээр очив. Ахимелех түүнтэй уулзаад айн сандарч «Та яагаад хүнтэй хамт явалгүй ганцаараа явж байгаа юм бэ?» гэж асуулаа. 2 Давид тахилч Ахимелехэд «Надад хаан нэг даалгавар өгсөн юм. Тэгээд надад “Ямар хэргээр явуулж байгааг минь, ямар даалгавар өгснийг минь хэнд ч битгий хэлээрэй” гэсэн. Би хүмүүстэйгээ нэг газар уулзахаар тохирчихсон байгаа. 3 Танд бэлэн таван талх байвал надад өгөөч. Байхгүй бол өөр ямар ч хамаагүй идэх юм өгөөч» гэлээ. 4 Тахилч: «Жирийн талх алга даа. Эмэгтэй хүнтэй хавьтаагүй хүнд өгч болох ариун талх л байна» гэхэд 5 Давид: «Бид аян дайнд явах бүрдээ эмэгтэйчүүдээс хол байдаг. Хүмүүс маань жирийн үед аян дайнд явахдаа ариун байдаг юм бол тэгэх тусмаа өнөөдөр бүр ч ариун байх ёстой биш гэж үү?» гэлээ. 6 Тахилч Ахимелехэд ил тавих талхнуудаас өөр талх байгаагүй тул тэдгээр ариун талхыг түүнд өгөв. Учир нь тэр өдөр тэдгээрийг Еховагийн шүтлэгийн асраас аваад оронд нь шинэ талхнууд тавьсан байсан юм.
7 Тэр өдөр Саулын нэг зарц Еховагийн өмнө, шүтлэгийн асрын дэргэд байж таарчээ. Түүнийг Доег гэдэг бөгөөд Саулын хоньчдыг хариуцдаг едом хүн юм.
8 Давид Ахимелехэд «Танд надад өгчихөөр илд, жад байна уу? Хаан яаралтай даалгавар өгсөн болохоор би илд, зэвсгээ авч гараагүй юм» гэхэд 9 тахилч: «Елагийн хөндийд чиний алсан филист хүн Голиатын илд л байна. Ефодын ард боогоод тавьчихсан байгаа. Ганцхан тэр илд байгаа болохоор авмаар байгаа бол ав даа» гэлээ. Давид: «Тийм илд хаа ч байхгүй. Надад өгчих» гэв.
10 Тэр өдөр Давид тэндээс цааш явж, Саулаас зугтсаар Гатын хаан Ахиш руу очлоо. 11 Ахишийн түшмэд: «Энэ чинь Израйлын хаан Давид биш билүү? Хүмүүс түүний тухай:
“Саул дайснуудаа мянга мянгаар нь,
Давид түм түмээр нь хөнөөв” гэж дуулж бүжиглэж байсан биш билүү?» гэж Ахишт айлтгалаа.
12 Давид энэ үгийг анхааралдаа авч Гатын хаан Ахишаас ихэд айн болгоомжлов. 13 Ингээд Давид эрүүл ухаантайгаа нууж тэдний дэргэд байхдаа солиорсон мэт дүр үзүүлжээ. Сахал руугаа шүлсээ гоожуулсаар хотын дааман хаалган дээр элдэв юм сараачиж гарлаа. 14 Ахиш түшмэддээ «Энэ чинь галзуу хүн байна шүү дээ! Яах гэж над руу авчраа вэ? 15 Намайг галзуу солиотой хүнээр дутсан гээд энэ галзууг над руу авчраа юу? Би энийг ордондоо оруулах болж байна уу?» гэв.