Исаиа
49 Арлын оршин суугчид аа, намайг сонсоцгоо.
Алс холын үндэстнүүд ээ, анхаарлаа хандуулцгаа.
Төрөхөөс минь өмнө Ехова намайг дуудсан юм.
Эхийн хэвлийд байхаас минь миний нэрийг дурдсан юм.
2 Тэрбээр хэлийг* минь хурц илд шиг болгож,
Мутрынхаа сүүдэрт намайг далдалсан юм.
Тэрбээр намайг зүлгэсэн сум шиг болгож
Саадагтаа нуусан юм.
3 Тэрбээр надад «Израйл аа, чи бол миний зарц.
Би чамаар дамжуулан сүр жавхлангаа үзүүлнэ» гэж хэлэв.
4 Харин би: «Би юу ч биш юмны төлөө зүтгэсэн.
Хоосон юмны төлөө хүчээ дэмий барсан.
Гэвч миний шүүгч бол Ехова*.
Бурхан надад хөлс* өгдөг» гэж хэлсэн.
5 Намайг эхийн хэвлийд байхаас минь зарцаа болгосон Ехова
Иаковыг буцааж авчрахыг,
Израйлыг цуглуулахыг надад тушаав.
Би Еховагийн өмнө алдаршина.
Миний Бурхан хүч чадал минь болно.
6 Тэрбээр надад «Чи бол Иаковын овгуудыг сэргээж,
Израйлын үлдэгсдийг буцааж авчрах
Зарц төдий биш ээ.
Би дэлхийн хязгаар хүртэл хүмүүсийг аврахын тулд
Чамайг бас үндэстнүүдэд гэрэл болголоо» хэмээн айлдав.
7 Хүмүүст гологдож, энэ үндэстэнд жигшигдсэн бөгөөд захирагчдын зарц болсон нэгэнд Израйлын Аврагч*, түүний Ариун Бурхан Ехова ийн айлдав.
«Чамайг сонгосон Израйлын Ариун Нэгэн,
Үнэнч Еховагийн улмаас
Хаад хараад босож,
Ноёд мэхийн ёсолно».
8 Ехова ийн айлдав.
«Тааламжтай цагт би чамд хариулсан.
Авралын өдөр би чамд тусалсан.
Би чамайг хамгаалж ирсний учир нь
Чамайг хүмүүсийн төлөө гэрээ болгож,
Газар нутгийг сэргээн,
Эзгүйрсэн эзэмшлийг нь ард түмэндээ буцаан өгч,
9 Хоригдлуудад “Гарцгаа!”,
Харанхуйд байгсдад “Гэрэлд гарцгаа!” гэж хэлэхийн тулд билээ.
Тэд зам дагуу идээшилнэ.
Жим* болгоны хажууд бэлчээр нь байна.
10 Тэд өлсөх ч үгүй, цангах ч үгүй.
Аагим халуунд ч халахгүй, хурц наранд ч цохиулахгүй.
Учир нь өршөөнгүй Нэгэн тэднийг удирдаж,
Булгийн ус руу аваачна.
11 Би бүх уулаа зам болгоно.
Их замуудаа өндөрсгөнө.
12 Хүмүүс хол газраас ирж байна.
Зарим нь хойд зүгээс, баруун зүгээс,
Зарим нь Синимийн нутгаас ирж байна».
13 Тэнгэр ээ, баярлан хашхир. Газар аа, баясан цэнгэ.
Уулс хөгжилдөж, баяртайгаар хашхираг.
Учир нь Ехова ард түмнээ тайвшруулсан юм.
Тэрбээр зовсон хүмүүсийг энэрдэг.
14 Гэвч Сион:
«Ехова намайг орхисон. Ехова намайг мартсан» гэж хэлээд л байсан.
15 Бүсгүй хүн нялх үрээ мартана гэж үү?
Эх хүн төрүүлсэн хүүхдээ өрөвдөхгүй гэж үү?
Тэд мартлаа ч, би чамайг хэзээ ч мартахгүй.
16 Чамайг би алган дээрээ сийлсэн.
Хотын чинь хэрмийг би нүд салгалгүй ширтдэг*.
17 Хөвгүүд чинь яаран буцаж ирнэ.
Чамайг нурааж, сүйрүүлсэн хүмүүс зайлна.
18 Толгойгоо өргөөд эргэн тойрноо хар даа.
Хөвгүүд чинь бүгдээрээ цуглан
Чам дээр ирж байна.
Ехова ийн тунхаглаж байна. «Би өөрөөрөө тангараглая.
Чи тэднийг чимэг мэт зүүнэ.
Тэднээр өөрийгөө сүйт бүсгүй мэт гоёно.
19 Чи эвдрэн сүйдэж, эзгүйрэн хоосорч, газар дээр чинь балгас үлдсэн байсан ч
Одоо багтаж ядсан оршин суугчидтай болно.
Харин чамайг сүйтгэж байсан хүмүүс хол байх болно.
20 Хүүхдүүдээ алдсаны дараа төрсөн хөвгүүд чинь:
“Энд хэтэрхий давчуу юм.
Амьдрах зай гаргаж өгөөч” гэж хэлнэ.
21 Чи ингэж бодно.
“Би хүүхдүүдээ алдаж, үргүй болсон.
Олзлогдон явж, шоронд хоригдсон.
Тэгвэл энэ хүүхдүүдийн эцэг хэн бэ?
Хэн тэднийг өсгөв?
Би орь ганцаараа үлдсэн байсан шүү дээ.
Тэд хаанаас гараад ирэв?”».
22 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна.
«Би үндэстнүүдэд харагдахаар мутраа өргөнө.
Ард түмнүүдэд харагдахаар тугаа мандуулна.
Тэд хөвгүүдийг чинь энгэртээ тэврэн,
Охидыг чинь мөрөн дээрээ суулгаад авчирна.
23 Хаад чамайг халамжилж,
Хатад чамайг асарна.
Тэд газарт хүртэл бөхийж
Хөлийн чинь тоосыг долооно.
Тэгээд чи намайг Ехова гэдгийг мэдэх болно.
Надад найдагчид шившиг болохгүй».
24 Олзлогдсон хүмүүсийг хүчирхэг дайчнаас салгаж болно гэж үү?
Олзны хүмүүсийг дарангуйлагчаас аварч болно гэж үү?
25 Ехова ийн айлдаж байна.
«Олзлогдсон хүмүүсийг хүчирхэг дайчнаас ч салгана.
Олзны хүмүүсийг дарангуйлагчаас ч аварна.
Чамайг эсэргүүцдэг хүмүүсийг би эсэргүүцнэ.
Хөвгүүдийг чинь би аварна.
26 Чамтай зүй бусаар харьцагчдад би махыг нь идүүлнэ.
Тэд амтат дарсанд согтдог шигээ цусандаа согтоно.
Намайг Ехова гэдгийг,
Чиний Аврагч, чамайг буцаан худалдан авагч гэдгийг,
Иаковын Хүчит Нэгэн гэдгийг бүх хүн мэдэх болно».