Нэгдүгээр Самуел
16 Хэсэг хугацааны дараа Ехова Самуелд «Би Саулыг хаан гэж үзэхээ нэгэнт больсон. Тийм байхад чи хэдий болтол Саулын төлөө харамсан гашуудах гэсэн юм бэ? Эврээ тосоор дүүргээд яв. Би чамайг бетлехем хүн Иессигийнх рүү явуулъя. Учир нь би хүүхдүүдийнх нь нэгийг хаан болгохоор сонгосон» гэхэд 2 Самуел: «Би яаж явах юм бэ? Саул энэ тухай мэдвэл намайг ална» гэв. Тэгэхэд нь Ехова: «Нэг охин бяруу аваад яв. “Би Еховад тахил өргөхөөр ирлээ” гэж хэл. 3 Тэгээд тахил өргөхдөө Иессиг уриарай. Дараа нь би чамд юу хийхийг чинь хэлж өгнө. Зааж өгөх хүнийг минь чи миний төлөө тосол» гэлээ.
4 Самуел Еховагийн хэлснээр хийв. Түүнийг Бетлехемд очиход хотын ахлагчид түүнийг хараад айн сандарч «Сайн хэргээр явна уу?» гэж мэндлэв. 5 Самуел: «Сайн хэргээр явна. Би Еховад тахил өргөхөөр ирлээ. Та нар өөрсдийгөө ариусгаад надтай хамт яв» гэв. Дараа нь тэрбээр Иессиг хөвгүүдтэй нь ариусгаад тахил өргөхдөө урив. 6 Тэднийг орж ирэхэд Самуел Елиабыг хараад «Энэ хүн Еховагийн сонгосон* хүн мөн байна» хэмээн боджээ. 7 Гэтэл Ехова Самуелд: «Зүс царай, нуруу турууг нь битгий хар. Би түүнийг үл тоов. Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг л хардаг бол Ехова зүрх сэтгэлийг хардаг» гэлээ. 8 Тэгэхэд нь Иесси Абинадабыг дуудаж Самуелын урдуур явуулахад «Энэ хүн Еховагийн сонгосон хүн биш» гэв. 9 Иесси Шаммаг явуулахад «Энэ хүнийг ч бас Ехова сонгоогүй» гэлээ. 10 Иесси долоон хүүгээ Самуелын урдуур явуулахад Самуел Иессид «Ехова тэднээс хэнийг нь ч сонгосонгүй» гэлээ.
11 Тэгээд Самуел Иессигээс «Танд өөр хүү бий юү?» гэж асуухад «Отгон хүү маань ирээгүй байна. Хонио хариулж байгаа» гэв. Самуел Иессид «Хүү рүүгээ хүн явуул. Хүүг чинь иртэл бид зоог барихгүй» гэлээ. 12 Тиймээс Иесси хүүгээ дуудуулж авчруулав. Давид улаа бутарсан царайтай, сайхан нүдтэй, царайлаг хүү байлаа. Ехова: «Энэ бол миний сонгосон хүн. Түүнийг тосол!» гэв. 13 Самуел эвэртэй тосоо аваад ах нарынх нь өмнө түүнийг тослов. Тэр өдрөөс хойш Ехова Давидад агуу хүчээ өгөх болжээ. Дараа нь Самуел Рама руугаа буцав.
14 Ехова Саулаас агуу хүчээ авсан бөгөөд Ехова түүнийг хорон муу бодолтой нь орхиход тэрбээр ихэд зовох болов. 15 Зарц нар нь Саулд «Та муу бодолд эзэмдүүлэн зовж байна шүү дээ. 16 Эзэнтэн минь, босоо ятга сайн тоглодог хүнийг олж ирэхийг зарц нартаа тушаагаач. Таныг муу бодолд эзэмдүүлэн зовох болгонд тэр хүн босоо ятга тоглог. Тэгвэл та тайвширна» гэлээ. 17 Тиймээс Саул зарц нартаа «Сайн тоглодог хүн олж, над дээр авчрагтун» гэв.
18 Нэг зарц нь: «Би бетлехем хүн Иессигийн хүүг босоо ятга чадварлаг тоглож байхыг нь харсан юм. Тэрбээр эр зоригтой, хүчит дайчин билээ. Бас үгэнд цэцэн, гадаад төрхөөрөө ч сайхан эр. Ехова түүнтэй хамт байдаг» гэж хэлэв. 19 Саул Иесси рүү элч нараа илгээж, «Чи хоньчин хүү Давидаа над руу явуулагтун» гэжээ. 20 Иесси илжгэн дээр талх, туламтай дарс, ишиг ачаад Саулд хүү Давидаараа өгч явуулав. 21 Ингээд Давид Саул дээр очиж, түүнд хүчин зүтгэх болжээ. Саул Давидыг маш их хайрлаж, зэвсэг баригчаа болгов. 22 Саул Иессид «Хүү чинь миний сэтгэлд их нийцэж байна. Тиймээс Давидыг надад үйлчлүүлэхээр дэргэд минь үлдээгээч» гэж хэлүүлжээ. 23 Саулыг муу бодолд эзэмдүүлэн зовох болгонд Давид босоо ятгаа аваад тоглодог байлаа. Тэгэхэд нь Саул тайвширч, сэтгэл нь сэргэж таагүй юм бодохоо больдог байв.