Хоёрдугаар Коринт
13 Би гурав дахь удаагаа та нар луу очих гэж байна. «Аливаа хэрэг явдал хоёр юм уу гурван гэрчийн мэдүүлгээр* нотлогддог». 2 Одоогоор би хол байгаа ч, намайг хоёр дахь удаагаа оччихсон гэж тооцоод үгийг минь сонсоорой. Нүгэл үйлдсэн хүмүүст, цаашлаад бүгдэд нь урьдчилан сануулъя. Би дахин очвол хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй. 3 Сул дорой бус, харин агуу хүчтэйгээ та нарт харуулдаг Христ надаар дамжуулан ярьдгийн баталгааг та нар хайдаг. 4 Шонд хадуулахдаа тэрээр сул дорой байсан ч, одоо хүчит Бурхны ачаар амьд байгаа. Тэрээр сул дорой байсан шиг бид сул дорой нь үнэн. Гэхдээ та нарыг удирддаг хүчит Бурхны ачаар бид түүнтэй хамт амьдарна.
5 Христийн дагалдагчийн ёсоор амьдардаг эсэхээ үргэлж шалгаж, өөрсдийгөө баталж бай. Есүс Христ та нартай санаа нэг байдгийг мэддэггүй юм уу? Та нарыг Бурхан сайшаахгүй бол Христ та нартай санаа нэг байхгүй шүү дээ. 6 Бурхан биднийг сайшаадгийг та нар ойлгоно гэж тун их найдаж байна.
7 Ямар ч буруу юм битгий хийгээсэй гэж бид та нарын төлөө Бурханд залбирдаг. Энэ нь бид өөрсдөө сайшаалгахын тулд бус, биднийг хүн сайшаахгүй байсан ч та нарыг сайн үйл хийгээсэй гэснийх юм. 8 Бид үнэний эсрэг юү ч хийж чадахгүй, харин үнэний төлөө бол хийнэ. 9 Бид сул дорой байлаа ч та нарыг хүчтэй байвал баярладаг. Тийм болохоор та нарыг өөрчлөгдөөсэй гэж залбирдаг. 10 Тэгэхээр хол байхдаа эдгээрийг бичиж байгаа минь очсон хойноо хатуурхахгүй гэснийх юм. Учир нь та нарын урмыг хугалахын тулд биш, харин сэтгэлийг сэргээхийн тулд Эзэн надад эрх мэдэл өгсөн.
11 Эцэст нь ах дүү нар аа, үргэлж баяр хөөртэй байж, өөрчлөгдөөрэй. Бусдынхаа дэмжлэгийг авч, санаа нэгтэй, амар тайван амьдраарай. Хайр ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. 12 Ариун сэтгэлийн угаас бие биеэ үнсэж мэндчил. 13 Ариун хүмүүс бүгдээрээ та бүхэнд мэнд хүргэж байна.
14 Та бүхнийг Бурхан хайрлаж, бүгдэд тань тустай агуу хүчээ өгч, Эзэн Есүс Христ нигүүлсэх болтугай.