Исаиа
66 «Тэнгэр бол миний сэнтий, газар бол миний хөлийн тавиур.
Тийм байхад та нар надад хаана өргөө барих юм бэ?
Миний амрах газар хаана байх вэ?» гэж
Ехова айлдаж байна.
2 Ехова тунхаглаж байна. «Би мутраараа энэ бүгдийг бүтээсэн.
Ингэж л энэ бүхэн бий болсон юм.
Би номхон даруу, сэтгэлээр унасан хүмүүс рүү харна.
Тэд үгийг минь сонсоод чичирдэг*.
3 Үхэр нядлагч нь хүн цохиж алдаг хүнтэй адил.
Хониор тахил өргөгч нь нохойн хүзүүг хугалдаг хүнтэй адил.
Өргөл өргөгч нь гахайн цус өргөдөг хүнтэй адил.
Гүгэл асаагч нь тарни уншдаг* хүнтэй адил.
Тэд замаа сонгосон.
Тэд бузар юманд баярладаг.
4 Тиймээс би тэднийг шийтгэх аргаа сонгоно.
Айж байсан зүйлийг нь тэдэн дээр буулгана.
Учир нь дуудахад минь хэн ч хариулаагүй.
Ярихад минь хэн ч сонсоогүй.
Тэд дургүй бүхнийг минь сонгож,
Бузар муу гэж миний үздэг бүхнийг хийгээд л байсан».
5 Еховагийн үгийг сонсоод чичирдэг* хүмүүс ээ, түүний мэдээг сонс.
«Миний нэрээс болж та нарыг үзэн ядаж, гадуурхдаг ах дүүс тань: “Ехова алдаршиг!” гэж хэлдэг байсан.
Гэвч Бурхан ирж та нарт баяр хөөрийг авчирна.
Харин тэд ичгэвтэр байдалд орно».
6 Хотоос шуугиан, сүмээс чимээ гарч байна!
Энэ бол Ехова дайснууддаа шанг нь өгч байгаа чимээ юм.
7 Тэр эмэгтэй өвдөж ч амжилгүй хүүхэд төрүүлсэн.
Дуншиж ч амжилгүй эрэгтэй хүүхэд гаргасан.
8 Хэн ийм юм сонссон бэ?
Хэн үүн шиг юм үзсэн бэ?
Газар ганц өдрийн дотор бий болох уу?
Үндэстэн агшин зуурт төрөх үү?
Харин Сион өвдөж эхэлмэгцээ хөвгүүдээ төрүүлсэн.
9 «Би эхэлсэн ажлаа үр дүнд хүргэхгүй саатуулах уу*?» гэж Ехова айлдаж байна.
«Эсвэл амаржих гэж байгаа эхийн умайг хаах уу?» гэж чиний Бурхан айлдаж байна.
10 Иерусалимыг хайрладаг та бүхэн түүнтэй хамт баярла, түүнтэй хамт хөгжилд.
Түүний төлөө гашууддаг та бүхэн түүнтэй хамт баясан цэнгэ.
11 Учир нь хөхүүл эх мэт тэрбээр та нарыг тэжээж, бүрэн тайвшруулна.
Та нар ханатлаа ууж, агуу их суу алдарт нь баясна.
12 Ехова айлдаж байна.
«Би түүнд амар тайвныг гол мөрөн шиг ихээр соёрхож,
Үндэстнүүдийн алдрыг үерийн ус шиг ихээр өгнө.
Хүүхдээ хөхүүлж, нуруундаа үүрэн,
Өвөр дээрээ суулгаад бүүвэйлдэг шиг та нарыг тэгэх болно.
13 Эх нь хүүгээ тайвшруулдаг шиг
Би та нарыг үргэлж тайвшруулна.
Та нар Иерусалимыг хараад тайвширна.
14 Үүнийг үзээд зүрх сэтгэл чинь баясна.
Яс чинь шинэхэн өвс мэт сэргэнэ.
Үйлчлэгчид нь Еховагийн мутрыг* үзнэ.
Тэрбээр дайснуудаа буруушаана».
15 «Ехова гал мэт ирнэ.
Тэрэгнүүд нь шуурга мэт байх болно.
Тэрбээр дайснууддаа уур хилэнгээ буулгаж,
Тэднийг галын дөлөөр зэмлэнэ.
16 Ехова галаар шүүлт явуулж,
Илдээр бүх хүнийг шийтгэнэ.
Еховагийн гарт үрэгдэх хүн олон байна.
17 Ариун цэцэрлэгүүдэд* орох гэж биеэ ариусган цэвэрлэдэг, гахайн мах, хулгана болон бузар юмнуудыг иддэг бүхэн хөнөөгдөнө» гэж Ехова тунхаглаж байна. 18 «Би тэдний ажил үйлс, бодол санааг мэднэ. Би бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар очиж байна. Тэд ирж миний суу алдрыг үзнэ».
19 «Би тэдэнд гайхамшиг* үзүүлж, амьд үлдсэн зарим хүнийг харваачдын нутаг болсон Таршиш, Пул, Луд руу, бас Тубал, Иаван руу, алс холын арлууд руу илгээнэ. Миний тухай сонсоогүй, миний суу алдрыг үзээгүй эдгээр үндэстэнд тэд миний суу алдрыг тунхаглана. 20 Тэд ах дүүсийг чинь бүгдийг нь бүх үндэстнээс цуглуулж Еховад бэлэг болгон морь, луус, хурдан тэмээ унуулж тэрэг, бүхээгтэй тэргэнд суулган миний ариун уул, Иерусалимд авчирна. Яг л, израйлчууд цэвэр саванд бэлгээ хийгээд Еховагийн өргөөнд авчирдагтай адил байх юм» гэж Ехова айлдаж байна.
21 «Би заримыг нь тахилчид, левичүүд болгоно» хэмээн Ехова айлдаж байна.
22 «Миний бүтээж буй шинэ тэнгэр, шинэ газар үргэлж өмнө минь байхын адил, та нарын үр удам, та нарын нэр хэзээд өмнө минь байх болно» гэж Ехова тунхаглаж байна.
23 «Шинэ сар гарах болгонд, амралтын өдөр бүр
Бүх хүн ирж надад мөргөнө» хэмээн Ехова айлдаж байна.
24 «Тэд гарч, надад тэрсэлсэн хүмүүсийн хүүрийг үзнэ.
Тэдгээр хүүрэн дээрх өтнүүд үхэхгүй.
Гал нь унтрахгүй.
Бүх хүн хараад жигшинэ».