Даниел
4 «Небухаднезар хаан би дэлхийн өнцөг булан бүрд буй бүх ард түмэн, үндэстэн, хэлтэнд тунхаглаж байна. Амар амгалан арвин их байх болтугай! 2 Надад Хамгийн дээд Бурхан тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлдсэнийг та бүхэнд тунхаглаж байгаадаа таатай байна. 3 Үзүүлсэн тэмдэг нь юутай агуу, үйлдсэн гайхамшиг нь юутай хүчирхэг вэ! Хаант төр нь үүрдийн хаант төр, засаглал нь үеийн үед оршино.
4 Небухаднезар би орон гэртээ амар амгалан амьдарч, ордонд маань бүх юм сайн сайхан байгаад баясаж байлаа. 5 Гэвч нэг удаа би аймшигтай зүүд зүүдлэв. Намайг унтаж байтал* сэтгэл сэрд хийм дүрс, үзэгдэл зүүдэнд үзэгдлээ. 6 Тэгээд би зүүдээ тайлуулахаар Вавилоны бүх мэргэдийг миний өмнө авчрахыг тушаав.
7 Ид шид үйлддэг тахилчид, сүнс дуудагчид, мэргэ төлгөчид*, зурхайчид хүрч ирэв. Би зүүдээ ярьсан боловч тэд тайллыг нь хэлж өгч чадсангүй. 8 Эцэст нь миний бурхны нэрээр нэрлэгдсэн Белтешазар хэмээх Даниел надад бараалхав. Ариун бурхдын хүчийг авсан түүнд би зүүдээ ярьсан нь:
9 “Ид шид үйлддэг тахилчдын тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын хүчийг авсныг чинь би мэднэ. Тайлж чадахгүй нууц гэж чамд үгүй. Тиймээс зүүдэндээ миний үзсэн үзэгдлийг тайлбарлаж, тайллыг нь хэлж өгөөч.
10 Би унтаж байхдаа зүүдэндээ нэгэн үзэгдэл үзэв. Дэлхийн төвд асар өндөр мод байлаа. 11 Тэр мод ургаж бүдүүрээд, орой нь тэнгэрт тулж, дэлхийн аль ч зах хязгаараас харагдахаар болов. 12 Навчис нь гоёмсог, жимс нь арвин, бүгдэд хоол болохоор байлаа. Сүүдэрт нь хээрийн амьтад хоргодож, мөчир дээр нь огторгуйн шувууд үүрлэн, амьтай бүхэн түүнээс хооллох ажээ.
13 Унтаж байхдаа миний үзсэн тэр үзэгдэлд нэгэн харуул, ариун элч тэнгэрээс бууж ирэв. 14 Тэрбээр чанга хашхирч ийн хэллээ. «Модыг цавчин, мөчрүүдийг нь тайрч, навчийг нь сэгсрэн унагаж, жимсийг нь тараан хая! Доороос нь амьтад зугтаж, мөчир дээрээс нь шувууд үргэн нисэг. 15 Харин хожуулыг нь үндэстэй нь газарт үлдээж төмөр, зэс цагаригаар бөгжлөн хээрийн өвсөн дунд орхи. Тэнгэрийн шүүдэрт норж, өвс ургамлын дунд амьтадтай хамт байг. 16 Түүнд байгаа хүмүүний оюун бодол* нь адгуусных болж өөрчлөгдөг. Ийнхүү долоон үе өнгөрөг. 17 Хүн төрөлхтний засаглал Хамгийн дээд Нэгний мэдэлд байдаг бөгөөд тэрбээр хүссэн хүндээ үүнийг өгч, хамгийн дорд хүнийг ч өргөмжилдгийг амьд хүмүүст мэдүүлэхийн тулд энэ зарлигийг харуулууд дамжуулж, энэ тушаалыг ариун элч нар уламжилсан юм».
18 Энэ бол Небухаднезар миний зүүдэлсэн зүүд билээ. Одоо Белтешазар чи тайллыг нь хэлж өгөгтүн. Учир нь миний хаант улсын бүх мэргэд үүнийг надад тайлж өгч чадахгүй. Харин чи ариун бурхдын хүчийг авсан учраас тайлж чадна” гэв.
19 Тэгэхэд Белтешазар нэртэй Даниел тэрхэн зуур сандарч, бодлоосоо болоод айж түгшив.
“Белтешазар аа, зүүд болон зүүдний тайллаас болж бүү айгтун” гэж хаан би хэлэв.
Белтешазар хариулсан нь: “Эзэнтэн минь, энэ зүүд таныг үзэн яддаг хүмүүст, тайлал нь таны дайснуудад хамаатай ч болоосой.
20 Таны харсан мод ургаж бүдүүрээд, орой нь тэнгэрт тулж, дэлхийн аль ч зах хязгаараас харагдаж байсан. 21 Мөн навчис нь гоёмсог, жимс нь арвин, бүгдэд хоол болохоор, сүүдэрт нь хээрийн амьтад хоргодож, мөчир дээр нь огторгуйн шувууд үүрлэж байсан. 22 Тэр мод бол хаантан та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжсэн бөгөөд таны сүр жавхлан тэнгэрт, таны эрх мэдэл дэлхийн өнцөг булан бүрд хүрсэн билээ.
23 Хаан таныг харж байтал нэгэн харуул буюу ариун элч тэнгэрээс бууж ирээд «Модыг цавчиж устга. Харин хожуулыг нь үндэстэй нь газарт үлдээж төмөр, зэс цагаригаар бөгжлөн хээрийн өвсөн дунд орхи. Тэнгэрийн шүүдэрт норж, амьтадтай хамт байг. Ийнхүү долоон үе өнгөрөг» гэж хэлсэн. 24 Хаантан минь, тайлал нь ийм байна. Хамгийн дээд Нэгний гаргасан шийдвэр миний хаан эзэнтэй холбоотой юм. 25 Таныг хүмүүсийн дундаас зайлуулна. Та хээрийн амьтадтай хамт амьдарч, үхэр шиг өвс иднэ. Хүний засаглал Хамгийн дээд Нэгний мэдэлд байдаг бөгөөд тэрбээр хүссэн хүндээ үүнийг өгдөг гэдгийг та ойлготлоо тэнгэрийн шүүдэрт норж, долоон үеийг өнгөрөөнө.
26 Гэхдээ модны хожуулыг үндэстэй нь үлдээ гэсэн учир жинхэнэ Захирагч тэнгэрт байдаг гэдгийг та мэдсэнийхээ дараа хаан сэнтийдээ дахин заларна. 27 Иймд хаан танд миний зөвлөгөө нийцэх болтугай. Нүглээсээ салж зөв юм хийгтүн. Зохисгүй хэрэг хийхээ больж ядуусыг энэрэгтүн. Тэгвэл элбэг дэлбэг, амар тайван амьдрал тань удаан үргэлжлэх биз ээ”» гэв.
28 Энэ бүхэн Небухаднезар хаанд тохиолджээ.
29 Тэрбээр 12 сарын дараа ордныхоо дээвэр дээр явж байв. 30 Хаан: «Би ордныхоо төлөө, суу алдрынхаа төлөө өөрийн хүч чадлаар энэ агуу их Вавилоныг босгосон юм» гэж хэлж байлаа.
31 Хааныг үгээ хэлж дуусаагүй байтал тэнгэрээс нэгэн дуу гарч «Небухаднезар аа, сонсогтун. “Засгийн эрхийг чамаас булаан авсан. 32 Чамайг хүмүүсийн дундаас зайлуулна. Чи хээрийн амьтадтай хамт амьдарч, үхэр шиг өвс иднэ. Хүний засаглал Хамгийн дээд Нэгний мэдэлд байдаг бөгөөд тэрбээр хүссэн хүндээ үүнийг өгдгийг чи ойлготлоо долоон үеийг өнгөрөөнө”» гэлээ.
33 Энэ үг тэр даруй Небухаднезар хаан дээр биелэв. Түүнийг хүмүүсийн дундаас зайлуулсанд тэрбээр үхэр шиг өвс идэх болжээ. Бие нь тэнгэрийн шүүдэрт норж, үс нь бүргэдийн өд мэт урт ургаж, хумс нь шувууных шиг болов.
34 «Тэр цаг үе дуусахад Небухаднезар би тэнгэр өөд харсан бөгөөд ойлгох чадвар минь сэргэсэн юм. Тэгэхэд би Хамгийн дээд Нэгнийг магтаж, мөнхөд оршигч түүнд алдар, магтаалыг өргөв. Учир нь түүний засаглал үүрдийнх бөгөөд хаант төр нь үеийн үед захирдаг билээ. 35 Дэлхий дээр амьдардаг бүхэн түүний дэргэд юу ч биш. Тэрбээр тэнгэрийн дайчид, дэлхийн оршин суугчдад юу хүссэнээ хийдэг. Түүнд саад болох эсвэл “Та юу хийчих вэ?” гэж хэлэх хэн ч үгүй.
36 Тэр үед ойлгох чадвар минь сэргэж, би эргээд хааны яруу алдар, цог жавхлан, сүр хүчтэй болов. Ноёд түшмэд минь намайг шаргуу хайж олоод хаан сэнтийд минь дахин залсан юм. Би урьдынхаасаа илүү их нэр алдартай боллоо.
37 Небухаднезар би одоо тэнгэрийн Хааныг магтаж, өргөмжлөн, алдаршуулъя. Учир нь түүний хийдэг бүхэн үнэн зөв, үйлс нь шулуун шударга. Тэрбээр бардам хүмүүсийг шалд нь буулгадаг».