Дуулал
ל [ламэд]
10 Ехова минь ээ, та яагаад хол зогсоно вэ?
Бэрх цагт юунд нуугдана вэ?
2 Муу хүн бардам учир сул дорой нэгнийг хавчдаг.
Гэсэн ч тэрбээр өөрийнхөө мэхэнд унана.
3 Муу хүн аминч хүслээрээ сайрхдаг.
Тэгээд шунахай хүнийг ерөөдөг*.
נ [нүн]
Тэрбээр Еховаг үл хүндэтгэдэг.
4 Муу хүн бардам учир Бурхныг хайдаггүй.
«Бурхан байхгүй» гэж дандаа боддог.
5 Түүний үйлс бүхэн бүтдэг.
Гэхдээ тэрбээр таны хуулийг ойлгодоггүй.
Бүх дайснаа шоолон инээдэг.
6 «Би хэзээ ч гуйвж дайвахгүй.
Үеийн үед надад зовлон учрахгүй» гэж боддог.
פ [пэ]
7 Ам нь хараал зүхэл, худал хуурмаг, занал сүрдүүлгээр дүүрэн.
Хэл нь гай зовлон, шарх сорви учруулдаг.
8 Тэрбээр тосгодын ойр хавьд отон хүлээдэг.
Нуувчнаасаа гарч, гэмгүй хүнийг хөнөөдөг.
ע [аин]
Хохирогч болох хүнийг нүдээрээ хайдаг.
9 Арслан нүхэндээ хэвтдэг шиг тэрбээр нуувчиндаа хүлээдэг.
Сул дорой нэгнийг барьж авахаар отдог.
Тэгээд тороо татан авч түүнийг барьдаг.
10 Хохирогч нь бяцарч газарт унадаг.
Золгүй хүн саварт нь ордог.
11 Муу хүн: «Бурхан миний нүглийг мартсан.
Тэрбээр нүүрээ буруулсан.
Анзаардаг ч үгүй» гэж боддог.
ק [көф]
12 Ехова минь, өндийн босооч. Бурхан минь, хүчээ үзүүлээч.
Сул дорой хүмүүсийг битгий мартаач.
13 Муу хүн яагаад Бурхныг үл хүндэтгэдэг юм бэ?
Тэрбээр дотроо «Намайг Бурхан хариуцлагад татахгүй» гэж боддог.
ר [рэш]
14 Гэвч уй гашуу, гуниг зовлон танаас нууцлагдаагүй.
Та энэ бүхнийг харж, таслан зогсоодог.
Золгүй хохирогчид танд хандана.
Та бол өнчин хүүхдийн туслагч юм.
ש [шин]
15 Хорон санаатай, муу хүний гарыг хугалаач.
Тэгвэл та түүнийг шалгаад
Ямар ч муу юм олохгүй.
16 Ехова бол мөнхийн мөнхөд Хаан билээ.
Үндэстнүүд газрын хөрснөөс арчигдсан.
ת [тав]
17 Гэхдээ Ехова минь ээ, та дөлгөөн хүмүүсийн гуйлтыг сонсоно.
Та тэдэнд итгэл зориг өгч, анхаарал халамж үзүүлнэ.
18 Та өнчин, дарлагдсан хүмүүсийн төлөө шударга ёсыг тогтооно.
Тэгснээр мөнх бус хүн тэднийг хойшид айлгахаа болино.