Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • nwt Нехемиа 1:1-13:31
  • Нехемиа

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Нехемиа
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Нехемиа

НЕХЕМИА

1 Хакалиагийн хүү Нехемиагийн* үгс. Артаксеркс хаан захирсны 20 дугаар оны Хислев* сард би Суса дахь ордонд байлаа. 2 Тэр үед миний ах дүүсийн нэг Ханани хэсэг эрчүүдтэй Иудагаас ирэв. Би тэднээс Иерусалимын тухай, олзноос чөлөөлөгдсөн иудейчүүдийн талаар асуулаа. 3 Тэд: «Иуда мужид байгаа, олзноос чөлөөлөгдсөн хүмүүс туйлын хүнд нөхцөлд амьдарч, ичгүүр гутамшиг болж байна. Иерусалимын нурсан хэрэм, шатсан дааман хаалганууд одоог хүртэл сэргээн босгогдоогүй байгаа» гэв.

4 Би үүнийг сонсмогцоо доош суун уйлав. Хэдэн өдөр гашуудаж тэнгэрийн Бурхны өмнө мацаг барин, залбирлаа. 5 Би: «Тэнгэрийн Бурхан Ехова минь, та бол агуу, бишрэм бөгөөд өөрийг тань хайрлаж, тушаалыг тань дагадаг хүмүүсийг үнэнчээр хайрладаг, гэрээгээ биелүүлдэг Бурхан билээ. 6 Өнөөдөр боолынхоо залбиралд анхаарал хандуулж, чих тавин сонсооч. Би таны боол израйлчуудын төлөө өдөр шөнөгүй залбирч, таны эсрэг үйлдсэн нүглийг нь улайж байна. Бид бүгдээрээ нүгэл үйлдсэн. Би ч, миний эцгийн гэрийнхэн ч ялгаагүй. 7 Зарц Моседоо өгсөн зарлиг тушаал, хууль дүрэм, шийдвэрийг тань бид дагалгүй таны эсрэг бузар мууг үйлдсэн.

8 Зарц Моседоо хэлсэн үгээ санаач. Та: “Хэрэв та нар надад үнэнч бус хандвал би та нарыг үндэстнүүдийн дунд тараана. 9 Харин над руу эргэж ирэн миний тушаалуудыг сахиж, дуулгавартай байвал би та нарыг дэлхийн хязгаар хүртэл тарж бутарсан байлаа ч цуглуулж, нэрээ алдаршуулахаар сонгосон газартаа авчирна” гэсэн билээ. 10 Тэд бол таны зарц нар, таны ард түмэн. Та тэднийг хүчит мутар, агуу их хүчээрээ аварсан*. 11 Ехова минь, таны нэрээс эмээдэгтээ баярладаг үйлчлэгчдийнхээ болон боол миний залбиралд чих тань сонор байг. Энэ өдөр боолынхоо ажил үйлсийг бүтээж хааныг надад хайр энэрэл үзүүлэхэд туслаач» гэж залбирав.

Тэр үед би хааны сөнч байлаа.

2 Артаксеркс хааны 20 дугаар оны Нисан* сар. Хаан дарс уухыг хүссэн учир би урьдын адил хаанд дарс барив. Урьд нь би хэзээ ч хааны дэргэд гунигтай байсангүй. 2 Хаан надад «Чи өвдөөгүй байж юунд уруу царайлна вэ? Сэтгэлийг чинь ямар нэг юм зовоож байгаагаас гарцаагүй» гэхэд би ихэд түгшив.

3 Би хаанд «Хаантан урт наслаг! Эцэг өвгөдийн минь ясаа тавьсан хот балгас болж, дааман хаалганууд нь шатсан байхад би хэрхэн баяр хөөртэй байх билээ?» гэж хэлэв. 4 Тэгэхэд хаан: «Чи яамаар байна вэ?» гэхэд би шууд тэнгэрийн Бурханд залбирсан юм. 5 Тэгээд би хаанаас «Хэрэв хаан таалбал, хэрэв боол тань таны тааллыг олсон бол намайг Иуда руу, эцэг өвгөдийг минь нутаглуулсан хот руу явуулж, хотыг сэргээн бариулаач» гэж гуйв. 6 Тэр үед хатан хажууд нь сууж байлаа. Хаан: «Чи хэр удаан явах вэ? Хэзээ буцаж ирэх вэ?» гэлээ. Хаан явахыг минь зөвшөөрч, би хэзээ буцаж ирэхээ хэлэв.

7 Би хаанд «Хэрэв хааны таалалд нийцвэл Евфрат мөрний чанад дахь бүс нутгийн захирагчдад намайг нутгаар нь дамжин өнгөрч Иуда хүртэл явахыг зөвшөөрсөн захидлуудыг өгнө үү. 8 Бас хааны ойг хамгаалагч Асафт захидал өгүүлнэ үү. Тэгвэл тэрбээр Бурхны өргөөний цайзын дааман хаалганууд, хотын хана хэрэм болон миний амьдрах байшинд орох дүнзнүүдийг бэлтгэж өгөх юм» гэхэд хаан надад захидлуудыг өгөв. Яагаад гэвэл Бурхан минь надад тусалсан юм.

9 Би явсаар Евфрат мөрний чанад дахь нутагт хүрч, захирагчдад нь хааны захидлуудыг өгөв. Хаан мөн цэргийн захирагчид болон морин цэргүүдийг надтай хамт явуулсан юм. 10 Израйлын ард түмний төлөө сайн юм хийх хүн ирж байгааг Бет-хороны хүн Санбаллат, аммон түшмэл Тобиа хоёр сонсоод ихэд дургүйцэв.

11 Ингээд би Иерусалимд ирээд гурав хонолоо. 12 Би шөнө босоод цөөн хэдэн хүнийг дагуулж явлаа. Иерусалимын төлөө юу хийхийг минь Бурхан надад мэдүүлснийг би хэнд ч хэлээгүй юм. Би ганцаараа илжигтэй, бусад маань явган явж байлаа. 13 Би шөнө Хөндийн дааман хаалгаар гаран Том могой гэх булгийн урдуур өнгөрч Үнсэн овоонуудын дааман хаалганд хүрэв. Ингэхдээ Иерусалимын нурсан хэрэм, галд шатсан дааман хаалгануудыг сайтар ажиглаж явлаа. 14 Булгийн дааман хаалга, Хааны цөөрмийг өнгөрөхөд цааш унаатай явахад бэрх болов. 15 Гэлээ ч би тэр шөнөдөө хөндий* даган өгсөж хэрмийг сайтар үзэж шалгалаа. Тэндээсээ буцаад Хөндийн дааман хаалгаар орж, гэртээ харьсан юм.

16 Түшмэд намайг хаашаа явж, юу хийснийг мэдээгүй юм. Учир нь би иудейчүүд, тахилчид, язгууртнууд, түшмэд, ажилчдад юу ч хэлээгүй байв. 17 Эцэст нь би тэдэнд «Бид их хүнд байдалд байгааг, Иерусалим балгас болж, дааман хаалганууд нь галд шатсаныг та нар мэдэж байгаа. Тийм учраас Иерусалимын хана хэрмийг сэргээн босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй» гэлээ. 18 Би бас тэдэнд сайхан сэтгэлтэй Бурхныхаа яаж тусалсныг, хааны надад юу гэж хэлснийг ярьж өгөхөд тэд: «Алив, бүгдээрээ барьцгаая!» гэв. Тэгээд тэд энэ ажлыг хийхийн тулд нэг нэгнээ зоригжуулав.

19 Бет-хороны хүн Санбаллат, аммон түшмэл Тобиа, араб хүн Гешем нар үүнийг дуулаад биднийг шоолж, басамжлан «Та нар юу хийгээд байгаа юм бэ? Хаанд тэрсэлж байгаа юм уу?» гэлээ. 20 Харин би: «Тэнгэрийн Бурхан бидний ажлыг бүтэмжтэй болгох учраас үйлчлэгчид нь болох бид хэрмийг барина. Харин та нарын гэх юм Иерусалимд байхгүй, та нар Иерусалимд юу ч эзэмших эрхгүй» гэж хариулсан юм.

3 Тэргүүн тахилч Елиашиб тахилч ах дүү нартайгаа Хонины дааман хаалгыг барьж эхэллээ. Тэгээд тэр хэсгийг ариусгаж* хавтаснуудыг нь суулгав. Тэндээсээ Меагийн цамхаг, цаашлаад Хананелын цамхаг хүртэл ариусгасан юм. 2 Тэдний хажууд Иерихогийн эрчүүд, цаана нь Имригийн хүү Заккур ажиллаж байв.

3 Хассенаахын хөвгүүд Загасны дааман хаалгыг барилаа. Тэд хаалганы яс модыг бэхэлж, хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийв. 4 Тэдний хажууд Хаккозын ач, Уриагийн хүү Меремот, цаана нь Мешезабелын ач, Берехиагийн хүү Мешуллам, тэдний цаад талд Баанагийн хүү Задок нар ажиллаж байв. 5 Тэдний дэргэд текоачууд ажиллаж байлаа. Гэвч текоачуудын нэр нөлөө бүхий эрчүүд хариуцагчдын дор ажиллахыг хүсээгүй юм.

6 Пасеагийн хүү Иоиада, Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин хотын дааман хаалгыг засварлав. Тэд хаалганы яс модыг бэхэлж, хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийсэн юм. 7 Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон нар ажиллаж байв. Тэд Евфрат мөрний чанад дахь бүс нутгийн захирагчдын удирдлага дор байдаг Гибеон, Мизпагийн хүмүүс юм. 8 Цаана нь алтны дархчуудын нэг, Хархаиагийн хүү Уззиел, хажууд нь тос найруулагч* Хананиа нар ажиллаж байлаа. Тэд Иерусалимын нэг хэсгээс Өргөн хэрэм хүртэл чулуун зам тавив. 9 Тэдний хажууд Хурын хүү, Иерусалим дүүргийн хагасыг захирдаг Рефаиа ажилласан юм. 10 Цаана нь Харумафын хүү Иедаиа гэрийнхээ харалдаах урд хэсгийг сэргээн барьж, хажууд нь Хашабнеиагийн хүү Хаттуш ажиллав.

11 Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар хэрмийн өөр нэг хэсэг болон Зуухны цамхгийг сэргээн барилаа. 12 Тэдний хажууд Халлохешийн хүү, Иерусалим дүүргийн хагасыг захирдаг Шаллум охидтойгоо ажиллав.

13 Заноагийн оршин суугчид Ханунтай хамт Хөндийн дааман хаалгыг заслаа. Тэд хаалгыг сэргээн засварлаад хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийв. Тэд Үнсэн овоонуудын дааман хаалга хүртэлх 1 000 тохой* хэрмийг барьсан юм. 14 Бет-хакхерем хавийн захирагч, Рехабын хүү Малхиа нь Үнсэн овоонуудын дааман хаалгыг сэргээн барив. Барьж дуусаад хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийв.

15 Мизпа дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллун нь Оргилуурын дааман хаалгыг хариуцаж сэргээн барьж, дээвэрлэн, хавтаснууд, түгжээнүүд, хөндлөвч моддыг нь хийв. Бас Хааны цэцэрлэгийн дэргэдэх Шелагийн цөөрмийн* хэрмийг Давидын хотоос урууддаг шат хүртэл сэргээн барьсан юм.

16 Түүний хажууд Азбукийн хүү Нехемиа ажиллаж байлаа. Бет-зур дүүргийн хагасыг захирдаг тэрбээр Давидын булшны* урд хэсгээс хиймэл цөөрөм хүртэл, мөн Дайчдын өргөө хүртэл сэргээн барив.

17 Түүний дэргэд левичүүд бас ажиллаж байв. Тодруулбал, Банигийн хүү Рехум, хажууд нь Кеила дүүргийн хагасыг захирдаг Хашабиа дүүргээ төлөөлөн ажиллаж байлаа. 18 Тэдний цаана Кеила дүүргийн хагасыг захирдаг, Хенададын хүү Бавваин удирдлага дор бусад левичүүд ажиллаж байв.

19 Хажууд нь Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер Тулгуур баганын Зэвсгийн агуулах уруу өгсдөг замын урд, хэрмийн өөр нэг хэсгийг сэргээн засварлав.

20 Түүний хажууд Заббаин хүү Барух Тулгуур баганаас тэргүүн тахилч Елиашибын гэрийн үүд хүртэлх, хэрмийн өөр нэг хэсгийг хичээл зүтгэл гарган засварлалаа.

21 Цаана нь Хаккозын ач, Уриагийн хүү Меремот Елиашибын байшингийн үүднээс байшингийнх нь булан хүртэлх, хэрмийн өөр нэг хэсгийг засварласан юм.

22 Дэргэд нь Иордан дүүргийн* эрчүүд болох тахилчид засварын ажил хийв. 23 Тэдний хажууд Бениамин болон Хасшуб өөрсдийнхөө байшингийн харалдаах урд хэсгийг засварлалаа. Цаана нь Ананиагийн ач, Маасеиагийн хүү Азариа байшингийнхаа ойролцоох хэсгийг засварлав. 24 Тэдний цаана Хенададын хүү Биннуи Азариагийн байшингаас Тулгуур багана, цаашлаад хэрмийн булан хүртэлх өөр нэг хэсгийг засварлалаа.

25 Цаана нь Узаин хүү Палал Тулгуур баганын урд хэсэг болон Харуулын хашааны хажууд байдаг хааны ордонтой залгаа цамхгийг засварласан юм. Хажууд нь Парошийн хүү Педаиа ажиллав.

26 Офелд амьдардаг сүмийн үйлчлэгчид* зүүн талд байдаг Усны дааман хаалганы урд хэсэг, цаашлаад хэрмээс цухуйсан цамхаг хүртэл засварлав.

27 Тэдний хажууд текоачууд хэрмээс цухуйсан их цамхгаас Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсгийг засварласан юм.

28 Тахилчид өөр өөрсдийнхөө байшингийн урд хэсгийг буюу Морины дааман хаалганаас цааших хэсгийг засварлав.

29 Тэдний хажууд Иммерийн хүү Задок байшингийнхаа харалдаах урд хэсгийг засварлав.

Хажууд нь Зүүн хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа ажиллалаа.

30 Түүний хажууд Шелемиагийн хүү Хананиа болон Залафын зургаа дахь хүү Ханун нар хэрмийн өөр нэг хэсгийг засварлав.

Цаана нь Берехиагийн хүү Мешуллам танхимынхаа харалдаах урд хэсгийг засварлалаа.

31 Үргэлжлүүлээд алтны дархчуудын нэг Малхиа Хяналтын дааман хаалганы ойролцоох сүмийн үйлчлэгчид болон худалдаачдын байр хүртэл, цаашлаад хэрмийн булангийн дээд давхрын өрөө хүртэл засварлав.

32 Алтны дархчууд болон худалдаачид булангийн дээд давхрын өрөөнөөс Хонины дааман хаалга хүртэлх хэсгийг засварласан юм.

4 Биднийг хэрмийг сэргээн барьж байгааг Санбаллат сонсмогцоо уурлаж, ихэд дургүйцэн иудейчүүдээр доог тохуу хийсээр байлаа. 2 Тэрбээр хамсаатнуудынхаа болон Самарийн цэргүүдийн өмнө «Энэ олхиогүй иудейчүүд юу л хийгээд байна даа, чааваас. Өөрсдөө барьж чадах уу? Бас тахил өргөх юм гэнэ. Ганц өдрийн дотор дуусгачих хэрэг үү? Энэ нурангиас бүтэн чулуу олно гэж үү?» гэв.

3 Хажууд нь зогсож байсан аммон хүн Тобиа: «Барьж байгаа юмных нь дээгүүр үнэг харайхад л энэ чулуун хэрэм нь нураад уначихна» гэжээ.

4 Тэгэхэд нь би: «Бурхан минь, юу гэж доромжилсныг нь сонсооч. Тэдний доромжлолыг өөрсдийнх нь толгой дээр буулгаач. Тэднийг юу ч үгүй болгож харь нутагт олзлуулж явуулаач. 5 Хэрэм барьж байгаа хүмүүсийг доромжилсон тэдний гэмийг битгий цайруулаач. Нүглийг нь битгий уучлаач» гэж залбирав.

6 Бид хэрмийн бүх нурсан хэсгийг сэргээн барьсаар өндрийнх нь талд хүргэв. Хүмүүс ажилдаа хамаг сэтгэлээ зориулж байлаа.

7 Иерусалимын хэрмийг сэргээн засварлах ажил урагшилж, хэрмийн нурсан хэсгийг сэргээн барьсныг Санбаллат, Тобиа, арабууд, аммончууд, ашдодчууд дуулаад уур хилэн нь бадрав. 8 Мөн тэд Иерусалимд ирж бидэн рүү довтлон үймээн самуун гаргахаар хуйвалдсан юм. 9 Харин бид Бурхандаа залбирч, тэднээс сэргийлэн өдөр шөнөгүй харуул гаргав.

10 Гэтэл иудачууд: «Ажилчид ядарч сульдаж, нуранги ч барагдахгүй их байна. Бид хэзээ ч хэрмийг сэргээн барьж дуусахгүй юм байна» гэж байлаа.

11 Мөн дайснууд: «Тэдэнд мэдэгдэхгүйгээр дунд нь орж, хүйс тэмтрэн ажлыг нь зогсооё» гэцгээж байсан юм.

12 Тэдэнтэй ойролцоо амьдардаг иудейчүүд Иерусалимд ирэх болгондоо «Тэд бидэн рүү тал бүрээс дайрна» гэж дахин дахин хэлдэг байлаа.

13 Тийм учраас би хэрмийн ар талын хамгийн нам газрууд болох задгай газруудад харуулуудыг ураг ургаар нь сэлэм, жад, нум сумтай нь байрлуулав. 14 Би хүмүүсийн айж байгааг мэдээд шууд босож язгууртнууд, түшмэд болон бусад хүнд «Тэднээс бүү айцгаа. Агуу, бишрэм Ехова Бурхнаа санаж, элэг нэгтнүүд, хөвгүүд, охид, эхнэрүүд, гэр орныхоо төлөө тулалдагтун» гэж хэлэв.

15 Дайснууд хуйвалдаан нь илэрхий болсныг, төлөвлөгөөнд нь жинхэнэ Бурхан саад хийснийг ойлгосон юм. Харин бид бүгд хэрэм барих ажилдаа эргэж орсон. 16 Тэр өдрөөс эхлэн манай эрчүүдийн хагас нь ажлаа хийж, үлдсэн хагас нь хамгаалалтад гарч хайрст хуяг өмсөөд жад, бамбай барьж, нум сум агсаж зогсов. Мөн удирдагчид хэрмийг барьж буй иудейчүүдийг дэмжиж байв. 17 Ачаа зөөж байсан хүмүүс нэг гараараа ажлаа хийж, нөгөө гартаа зэвсэг барьсан байлаа. 18 Барилгачин болгон илдээ ташаандаа зүүгээд ажиллаж байсан ба бүрээ үлээх хүн миний хажууд зогсож байв.

19 Би язгууртнууд, түшмэд болон бусад хүнд «Хийх ажил их байна. Бид хэрмэн дээр бие биеэсээ зайтай ажиллаж байна. 20 Бүрээн дуу сонсмогцоо бидэн дээр ирээрэй. Бурхан маань бидний төлөө тулалдана» гэлээ.

21 Хүмүүсийн маань хагас нь жад барин хамгаалалтад гарч, үлдсэн хагас нь үүр цайхаас үдшийн бүрий хүртэл ажиллаж байв. 22 Тэр үед би ард олонд «Эрчүүд зарц нартайгаа Иерусалимд хонож, өдөртөө ажиллаж, шөнөдөө ээлжээр харуулд гарч бай» гэсэн юм. 23 Тиймээс би өөрөө ч, миний элэг нэгтнүүд ч, зарц нар маань ч, намайг дагаж буй хамгаалагчдын хэн нь ч хувцсаа тайлалгүй, баруун гартаа зэвсэгтэй явдаг байв.

5 Гэтэл эрчүүд болон эхнэрүүд нь иудей ах дүү нарынхаа талаар гомдоллон хашхирав. 2 Зарим нь: «Бид олон хүүхэдтэй. Голоо зогоож, амьд явахын тулд үр тариа хэрэгтэй байна» гэж байхад 3 нөгөө зарим нь: «Хоол хүнс хомсдоход бид тариа будаа авах гэж тариан талбай, усан үзмийн талбай, гэр орноо барьцаалсан» гэж байв. 4 Бусад нь: «Бид хаанд алба гувчуур өгөхийн тулд тариан талбай, усан үзмийн талбайгаа барьцаалж мөнгө зээлсэн. 5 Бид чинь элэг нэгтнүүд биз дээ?* Хүүхдүүд маань тэдний хүүхдүүдтэй л адилхан шүү дээ. Гэтэл бид хүүхдүүдээ боол болгохоос өөр аргагүй болоод байна. Бүр зарим охиноо аль хэдийн боол болгочихсон. Бидний тариан талбай, усан үзмийн талбай хүнийх болсон учраас бид энэ байдлаас яасан ч өөрсдөө гарч чадахгүй» гэцгээв.

6 Тэдний гомдлыг сонсоод миний уур их хүрэв. 7 Тэгээд би сайн бодсоны эцэст язгууртнууд, түшмэдийг зэмлэж «Та нар ах дүүгээсээ хүү нэхэх* ч гэж дээ!» гэж буруушаасан.

Бас тэднээс болж бүх чуулганыг цуглуулсан юм. 8 Би тэдэнд «Бид өөр үндэстэнд худалдагдсан ах дүүгээ боломжийнхоо хэрээр худалдаж авсан. Гэтэл одоо та нар ах дүүгээ худалдаж яаж чадаж байна аа? Бид тэднийг буцааж худалдаж авах ёстой болж байна уу?» гэхэд тэд хэлэх үггүй болж, юу ч дуугарсангүй. 9 Би бас «Та нарын хийж байгаа зүйл чинь сайн юм яавч биш. Та нарыг Бурхнаас эмээвэл өөр үндэстнүүд, дайснууд доромжлохоо болих биш үү? 10 Би ч, ах дүү нар маань ч, зарц нар маань ч мөнгө, үр тариа хүүгүй зээлүүлж байгаа. Одоо хүүтэй зээлүүлэх явдлыг зогсооцгооё. 11 Тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидун модод, гэр орныг буцааж өгнө үү. Бас мөнгө, үр тариа, шинэ дарс, тосноос нэг хувийн хүүндээ* авснаа буцааж өгнө үү» гэлээ.

12 Тэгэхэд тэд: «Бид тэднээс авсан бүхнээ буцааж өгөөд өөр юу ч нэхэхгүй. Яг таны хэлснээр хийнэ» гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж ирүүлээд тэдний дэргэд тэр буруутай хүмүүсээс амласнаа биелүүлнэ гэсэн ам өчиг авав. 13 Би өврөө сэгсрэн «Жинхэнэ Бурхан амлалтаа биелүүлээгүй бүх хүнийг үүн шиг сэгсрэг. Бурхан тэр хүнийг гэр орон, эд хөрөнгөөс нь салгаг» гэж тэдэнд хэлсэн юм. Тэгэхэд бүх чуулган: «Амен*!» гэж хэлснийхээ дараа Еховаг магтлаа. Хүүтэй мөнгө зээлүүлсэн хүмүүс тангарагласнаа биелүүлэв.

14 Намайг Иуда мужийн захирагчаар томилогдсон өдрөөс хойш буюу Артаксеркс хааны 20 дугаар оноос 32 дугаар он хүртэлх 12 жилийн хугацаанд би ч, зарц нар маань ч захирагчдад зориулсан хангамжийн хоол хүнснээс идээгүй. 15 Миний өмнөх захирагчид ард олны нуруун дээр хүнд ачаа үүрүүлж талх, дарсны төлөө өдөр бүр 40 мөнгөн шекел* авч байсан. Зарц нар нь ч бас ард түмнийг дарлаж байв. Харин би Бурхнаас эмээсэн учир тийм юм хийгээгүй.

16 Түүнээс гадна би хэрэм барих ажилд гар бие оролцсон. Мөн миний бүх зарц тэнд ажилласан бөгөөд бид ядуу хүний талбайг аваагүй. 17 Иудейчүүд, түшмэд нийлсэн 150 хүнээс гадна биднийг зорьж ирсэн бусад үндэстний хүмүүс надтай цуг хооллодог байв. 18 Би өөрийнхөө зардлаар өдөр бүр нэг үхэр, зургаан шилмэл хонь, шувуудыг бэлдүүлж байлаа. Мөн 10 хоногт нэг удаа бүх төрлийн дарснаас элбэг дэлбэг өгдөг байсан. Хэдий тийм ч би захирагчдын авах эрхтэй хангамжийн хүнсийг авъя гэж шаарддаггүй байв. Яагаад гэвэл ард олон угаасаа хүнд ачаа үүрч байлаа. 19 Бурхан минь, энэ ард түмний тусын тулд хийсэн бүхний минь төлөө намайг санаж, ивээгээч.

6 Хэрмийг сэргээн барьж, нэг ч зай завсар үлдээгээгүйг (дааман хаалгануудад хавтсыг нь хараахан хийж дуусаагүй байсан үе) Санбаллат, Тобиа, араб хүн Гешем болон бусад дайсан мэдсэн билээ. 2 Санбаллат, Гешем хоёр тэр даруйдаа надад захидал илгээж «Бүгдээрээ Оногийн тал дахь аль нэг тосгонд уулзацгаая!» гэв. Үнэн хэрэгтээ тэд надад хор хүргэхээр төлөвлөсөн байлаа. 3 Би тэдэн рүү элчүүдээ илгээж «Би их чухал ажилтай байгаа тул очиж чадахгүй. Яагаад та нар дээр очиж ажлаа зогсоох ёстой билээ?» гэж хэлүүлэв. 4 Тэд дээрхтэй адил захидлыг над руу дөрвөн удаа илгээсэн бөгөөд тэр болгонд нь би ийн хариулдаг байв.

5 Санбаллат тав дахь удаагаа адилхан үгтэй захидлыг зарцаараа явуулсан юм. Зарцынх нь гарт битүүмжлээгүй захидал байлаа. 6 Тэр захидалд «Үндэстнүүдийн дунд яриа гарч, Гешем ч бас хэлж байна. Чамайг болон иудейчүүдийг бослого гаргахаар хуйвалдсан гэцгээж байна. Тэдний ярьж байгаагаар, та нар хэрэм барьж, чи хаан нь болох гэнэ. 7 Бас чи өөрийнхөө талаар “Иуда хаантай боллоо!” гэж Иерусалим даяар тунхаглуулахаар зөнчдийг томилсон юм байна. Одоо энэ цуурхал хааны сонорт хүрнэ. Ийм учраас хүрээд ир, хамт хэлэлцье» гэсэн байлаа.

8 Би хариуд нь «Таны ярьж байгаа шиг зүйл ерөөсөө болоогүй. Та эдгээрийг санаанаасаа зохиож байна» гэсэн юм. 9 Тэд бүгдээрээ биднийг айлгахыг оролдож, өөр хоорондоо «Иудейчүүд шантарч, ажил нь зогсоно» гэж ярьж байв. Тиймээс би: «Бурхан минь, намайг зоригжуулаач*» гэж залбирлаа.

10 Тэгээд би гэрийн хорионд байсан Мехетабелын ач хүү, Делаиагийн хүү Шемаиа дээр очиход тэрбээр: «Тэд чамайг алахаар шөнө ирэх учраас хоёулаа цаг товлон жинхэнэ Бурхны өргөөнд, сүм дотор хаалгыг нь дотроос нь түгжиж байгаад уулзъя» гэв. 11 Тэгэхэд нь би: «Над шиг хүн зугтана гэж үү? Над шиг хүн сүмд орлоо гээд амьд үлдэнэ гэж үү? Би тийшээ орохгүй!» гэж хариулав. 12 Тэгэхэд би Шемаиаг Бурхан илгээгээгүйг, харин Тобиа, Санбаллат хоёр намайг мэхлэхийн тулд түүнийг хөлсөлснийг ойлгов. 13 Намайг айж, нүгэл үйлдэнэ гэж бодон түүнийг хөлсөлжээ. Тийнхүү тэд намайг буруутган, нэр хүндийг маань унагаах гэсэн юм.

14 Би: «Бурхан минь, Тобиа, Санбаллат хоёрын хийсэн бүхнийг битгий мартаарай. Бас үргэлж намайг айлгахыг оролддог зөнч эмэгтэй Ноадиа болон бусад зөнчийг битгий мартаач!» гэж залбирав.

15 Хэрэм барих ажил 52 хоногийн дотор, Елул* сарын 25-нд дууслаа.

16 Үүнийг дайснууд сонсож, эргэн тойрны бүх үндэстэн үзээд нүүр хийх газаргүй болов. Энэ ажлыг Бурхны тусламжтайгаар хийснийг тэд ойлгожээ. 17 Тухайн үед Иудагийн язгууртнууд Тобиад олон захидал илгээж, Тобиа ч тэдэнд хариу бичдэг байв. 18 Иудагийн олон хүн Тобиад үнэнч байх тангараг өргөжээ. Яагаад гэвэл тэрбээр Арагийн хүү Шеканиагийн хүргэн бөгөөд хүү Иехоханан нь Берехиагийн хүү Мешулламын охинтой гэрлэсэн юм. 19 Бас тэд надад Тобиагийн талаар үргэлж сайнаар яриад зогсохгүй миний ярьсныг түүнд хэлдэг байв. Тийм учраас Тобиа надад сүрдүүлсэн захидал явуулдаг байлаа.

7 Хэрэм баригдаж дуусмагц би дааман хаалгануудын хавтаснуудыг суулгаж, хаалгачид, дуучид, левичүүдийг томилов. 2 Мөн ах дүүсийнхээ нэг болох Ханани болон Цайзыг хариуцагч Хананиад Иерусалимыг хариуцуулав. Хананиа бол хамгийн найдвартай хүн бөгөөд бусдаасаа илүүтэй жинхэнэ Бурхнаас эмээдэг хүн байв. 3 Би тэдэнд «Үдийн халуун болтол Иерусалимын дааман хаалгануудыг онгойлгох ёсгүй. Харуулд гарч байхдаа хаалгануудаа хаалттай байлгаж, түгжих ёстой. Бас Иерусалимын оршин суугчдыг харуул манаанд гарга. Заримыг нь манааны байранд, заримыг нь гэрийнх нь урд талд харуулд гарга» гэж хэлэв. 4 Иерусалим хот том бөгөөд хоосон талбай ихтэй, цөөхөн хүнтэй, байшингууд нь сэргээн баригдаж дуусаагүй байлаа.

5 Бурхан надад язгууртнууд, түшмэд, ард олныг цуглуулж удам угсаагаар нь бүртгэх санааг төрүүлсэн юм. Тэгээд би цөллөгөөс ирсэн эхний хүмүүсийн угийн бичгийг олов. Тэнд дараах зүйлс бичигдсэн байлаа.

6 Энэ мужийн хүмүүс нь Вавилоны хаан Небухаднезарт олзлогдон цөлөгдсөн хүмүүсийн үр удам юм. Тэд Иерусалим, Иудад буй өөр өөрсдийнхөө хотод буцаж ирцгээсэн билээ. 7 Тэд Зеруббабел, Иешуа, Нехемиа, Азариа, Раамиа, Нахамани, Мордехаи, Билшан, Мисперет, Бигваи, Нехум, Баана нартай хамт иржээ.

Израйл эрчүүд нь: 8 Парошийн удмын 2 172 хүн, 9 Шефатиагийн удмын 372 хүн, 10 Арагийн удмын 652 хүн, 11 Пахат-моабын үр удам болох Иешуа, Иоабын удмын 2 818 хүн, 12 Еламын удмын 1 254 хүн, 13 Заттугийн удмын 845 хүн, 14 Заккаин удмын 760 хүн, 15 Биннуин удмын 648 хүн, 16 Бебаин удмын 628 хүн, 17 Азгадын удмын 2 322 хүн, 18 Адоникамын удмын 667 хүн, 19 Бигваин удмын 2 067 хүн, 20 Адины удмын 655 хүн, 21 Хезекиагийн удмын буюу Атерын удмын 98 хүн, 22 Хашумын удмын 328 хүн, 23 Безаин удмын 324 хүн, 24 Харифын удмын 112 хүн, 25 Гибеоны удмын 95 хүн, 26 Бетлехем, Нетофагийн 188 хүн, 27 Анатотын 128 хүн, 28 Бет-азмаветын 42 хүн, 29 Кириат-иеарим, Хефира, Бееротын 743 хүн, 30 Рама, Гебагийн 621 хүн, 31 Михмасын 122 хүн, 32 Бетел, Аин 123 хүн, 33 өөр Небогийн 52 хүн, 34 өөр Еламын удмын 1 254 хүн, 35 Харимын удмын 320 хүн, 36 Иерихогийн 345 хүн, 37 Лод, Хадид, Оногийн 721 хүн, 38 Сенаагийн* 3 930 хүн байв.

39 Тахилчдын тоонд: Иешуагийн удам болох Иедаиагийн удмын 973 хүн, 40 Иммерийн удмын 1 052 хүн, 41 Пашхурын удмын 1 247 хүн, 42 Харимын удмын 1 017 хүн орсон юм.

43 Левичүүд нь Ходевагийн удмаас Кадмиелын үр удам болох Иешуагийн удмын 74 хүн байв. 44 Дуучид нь Асафын удмын 148 хүн байлаа. 45 Хаалгачид нь Шаллум, Атер, Талмон, Аккуб, Хатита, Шобаи нарын удмын 138 хүн байв.

46 Сүмийн үйлчлэгчид* нь: Зихагийн удмынхан, Хасуфагийн удмынхан, Таббаотын удмынхан, 47 Керосын удмынхан, Сиагийн удмынхан, Падоны удмынхан, 48 Лебанагийн удмынхан, Хагабагийн удмынхан, Салмаин удмынхан, 49 Хананы удмынхан, Гидделийн удмынхан, Гахарын удмынхан, 50 Реаиагийн удмынхан, Резиний удмынхан, Некодагийн удмынхан, 51 Газзамын удмынхан, Уззагийн удмынхан, Пасеагийн удмынхан, 52 Бесаин удмынхан, Меунимийн удмынхан, Нефушесимийн удмынхан, 53 Бакбукийн удмынхан, Хакуфагийн удмынхан, Хархурын удмынхан, 54 Базлитын удмынхан, Мехидагийн удмынхан, Харшагийн удмынхан, 55 Баркосын удмынхан, Сисерагийн удмынхан, Темагийн удмынхан, 56 Незиагийн удмынхан, Хатифагийн удмынхан байв.

57 Соломоны зарц нарын удмынхан нь: Сотаин удмынхан, Соферетын удмынхан, Перидагийн удмынхан, 58 Иаалагийн удмынхан, Дарконы удмынхан, Гидделийн удмынхан, 59 Шефатиагийн удмынхан, Хаттилын удмынхан, Похерет-хаззебаимын удмынхан, Амоны удмынхан байлаа. 60 Сүмийн бүх үйлчлэгч*, Соломоны зарц нарын удмынхан нийлээд 392 хүн байв.

61 Дараах хүмүүс Тел-мела, Тел-харша, Херуб, Аддон, Иммерээс ирсэн боловч угсаа гарлаа буюу израйл хүн мөн эсэхээ баталж чадаагүй юм. 62 Делаиа, Тобиа, Некодагийн удмын 642 хүн байв. 63 Тахилчдаас Хабаиагийн удмынхан, Хаккозын удмынхан, мөн гилеад хүн Барзиллаин охидоос эхнэр авч хадам эцгийнхээ нэрээр нэрлэгдсэн Барзиллаин удмынхан 64 угсаа гарлаа тогтоохоор угийн бичгээс нэрээ хайсан боловч олсонгүй. Иймээс тэднийг бузар гэж үзэн тахилчаар үйлчлүүлээгүй юм. 65 Урим, Туммимаар Бурхантай зөвлөлддөг тахилчийг гарч иртэл хамгийн ариун зүйлсээс идэх ёсгүйг нь захирагч* тэдэнд хэлжээ.

66 Бүхий л чуулганд нийтдээ 42 360 хүн байв. 67 Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй зарц 7 337, эрэгтэй, эмэгтэй дуучин 245 байлаа. 68 Бас морь 736, луус 245, 69 тэмээ 435, илжиг 6 720 байв.

70 Эцгийн бүлүүдийн зарим тэргүүн энэ ажлын* төлөө хандив өргөв. Захирагч эрдэнэсийн санд 1 000 алтан драхма*, 50 хул аяга, тахилчийн өмсөх 530 дотуур дээл өгөв. 71 Эцгүүдийн бүлүүдийн зарим тэргүүн сүм барихад зориулсан эрдэнэсийн санд 20 000 алтан драхма, 2 200 мөнгөн мина* өгөв. 72 Бусад хүн 20 000 алтан драхма, 2 000 мөнгөн мина, тахилчийн өмсөх 67 дотуур дээл өгөв.

73 Тахилчид, левичүүд, хаалгачид, дуучид, зарим энгийн ард иргэд, сүмийн үйлчлэгчид* гээд израйлчууд бүгдээрээ тус тусынхаа хотод суурьшжээ. Тэд 7 дугаар сар* болоход хотууддаа суурьшсан байлаа.

8 Ард олон нэгэн зорилгоор Усны дааман хаалганы урдах талбайд цуглаад Еховагийн израйлчуудад өгсөн Мосегийн хуулийн номыг авчрахыг хуулан бичээч* Езрагаас гуйжээ. 2 Тиймээс тахилч Езра 7 дугаар сарын* 1-ний өдөр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, сонссоноо ойлгохоор болсон хүүхдүүд гээд чуулганыхны өмнө Мосегийн хуулийг авчрав. 3 Тэрбээр Усны дааман хаалганы урдах талбайд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, сонссоноо ойлгохтойгоо болсон хүүхдүүдэд нар мандахаас үд дунд хүртэл Хуулийн номыг чангаар уншиж өгөхөд хүмүүс анхааралтай сонсжээ. 4 Энэ арга хэмжээнд зориулж хийсэн модон тавцан дээр хуулан бичээч Езра гарч зогсов. Баруун талд нь Маттитиа, Шема, Анаиа, Уриа, Хилкиа, Маасеиа, зүүн талд нь Педаиа, Мишаел, Малхиа, Хашум, Хашбаддана, Зехариа, Мешуллам нар зогсож байлаа.

5 Езраг номыг нээхэд бүх хүн харж байв. Учир нь тэрбээр бүх хүнээс өндөрт зогсож байлаа. Номыг нээмэгц ард олон босож зогсоцгоов. 6 Тэгээд Езра жинхэнэ Бурхан, агуу Нэгэн Еховаг магтахад ард олон гараа өргөн «Амен*! Амен!» гэж хэлээд Еховагийн өмнө сөгдөн мөргөв. 7 Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа гэх левичүүд Хуулийг тайлбарлаж байхад ард олон зогсож байв. 8 Левичүүд ном буюу жинхэнэ Бурхны Хуулиас үргэлжлүүлэн чанга уншаад тодорхой тайлбарлаж, утга санааг нь хэлж өгөв. Ийнхүү сонссон зүйлээ ойлгоход нь ард олонд тусалжээ.

9 Хүмүүс Хуулийн үгсийг сонсоод уйлж байсан учраас захирагч* Нехемиа, тахилч, хуулан бичээч Езра, хуулийг заасан левичүүд бүх хүнд хандан «Энэ өдөр нь бидний Бурхан Еховагийн хувьд ариун юм. Битгий гашууд. Битгий уйл» гэж хэлэв. 10 Нехемиа тэдэнд «Явж, хамгийн сайныг* идэж, чихэрлэгийг уу. Бэлдсэн юмгүй нэгэнтэйгээ хоолноосоо хуваалц. Энэ өдөр бидний Эзэнд ариун учраас бүү гуньж гутар. Еховагийн өгдөг баяр баясгалан та нарыг хүчтэй болгодог*» гэв. 11 Левичүүд ард олныг тайвшруулан «Энэ өдөр ариун учраас битгий уйл! Бүү гуньж гутар» гэж хэлжээ. 12 Ингээд бүх хүн идэж уун, хоолноосоо хуваалцаж, баярлаж баясахаар явцгаав. Учир нь тэд сонссон бүхнээ ойлгосон юм.

13 Хоёр дахь өдөр нь ард олны эцгийн бүлүүдийн тэргүүнүүд, тахилчид, левичүүд Хуулийн үгсийг улам сайн ойлгохын тулд хуулан бичээч Езра дээр очив. 14 Тэд Еховагийн Мосегоор дамжуулж өгсөн Хуулиас израйлчуудыг 7 дугаар сард болдог баяраар саравчинд суух ёстойг, 15 бас «Бичигдсэний дагуу саравч барихын тулд уулархаг нутаг руу явж чидун мод, нарс мод, гавирт мод, далдуу мод болон бусад навчит модны мөчир цуглуул» гэсэн тунхгийг Иерусалим болон бусад бүх хотдоо зарлах ёстойг олж мэджээ.

16 Тиймээс ард олон дээвэр дээрээ, хашаандаа, жинхэнэ Бурхны өргөөний хашаанд, Усны дааман хаалга болон Ефраимын дааман хаалганы урдах талбайд өөрсдөдөө саравч барихаар мөчир цуглуулав. 17 Вавилоны олзноос чөлөөлөгдөж ирсэн бүх хүн саравч бариад суужээ. Уг баярыг израйлчууд Нуны хүү Иошуагийн үеэс хойш анх удаагаа ийн тэмдэглэсэн юм. Тэд үлэмж ихээр баярлажээ. 18 Эхний өдрөөс сүүлийн өдөр хүртэл жинхэнэ Бурхны Хуулийн номыг өдөр бүр сонссон юм. Тэд долоон өдөр баяр тэмдэглэж, найм дахь өдөр нь Хуульд заасан ёсоор ариун чуулган хийсэн билээ.

9 Уг сарын 24-ний өдөр израйлчууд цуглаад таар нөмөрч, мацаг барин толгой дээрээ шороо цацав. 2 Израйлчуудын үр удам харь үндэстнүүдээс салж зогсон өөрсдийнхөө нүгэл, эцэг өвгөдийнхөө гэм бурууг илчилжээ. 3 Тэд байрандаа зогссон хэвээр Ехова Бурхныхаа Хуулийн номоос гурван цаг чанга уншив. Дараа нь гурван цаг нүглээ илчлэн Ехова Бурхандаа сөгдөн мөргөж байлаа.

4 Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани, Хенани нар левичүүдийн тавцан дээр зогсоод Ехова Бурхандаа чанга залбирав. 5 Леви хүмүүс болох Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа, Петахиа нар: «Босож зогсоод Ехова Бурхнаа үүрд мөнхөд магтагтун» гээд «Бурхан минь, магтаж баршгүй агуу нэрээ тэднээр магтуулаач.

6 Ехова, та бол цорын ганц Бурхан. Та тэнгэрийг, хамгийн дээд тэнгэрийг, тэнд байдаг бүхнийг*, газар дэлхийг, түүн дээр оршигч бүхнийг, далай тэнгисийг, тэнд оршигч бүхнийг бүтээсэн билээ. Та тэднийг амьд байлгадаг ба тэнгэрт оршигч бүхэн* танд сөгдөн мөргөдөг. 7 Ехова, та бол жинхэнэ Бурхан билээ. Та Абрамыг сонгон халдеичуудын Ур хотоос гаргаж, Абрахам гэдэг нэр хайрласан. 8 Та чин үнэнч байсныг нь хараад түүнд болон үр удамд нь канаанчууд, хитчүүд, аморичууд, перизчүүд, иебусчууд, гиргашчуудын газар нутгийг өгнө гэж гэрээ байгуулсан. Та үнэнч шударга учир амлалтаа биелүүлсэн.

9 Та манай эцэг өвгөдийн Египетэд зовж байгааг харж, Улаан тэнгисийн дэргэд тусламж гуйн хашхирахыг нь сонссон. 10 Тэгээд фараоныг бүх албат, ард түмэнтэй нь шийтгэн тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлдсэн. Яагаад гэвэл тэд таны ард түмнийг дарлан зовоосон билээ. Та нэрээ алдаршуулсан бөгөөд таны нэр өнөөг хүртэл дуурьсагддаг. 11 Та ард түмнийхээ нүдэн дээр тэнгисийг хуваахад, тэд тэнгисийн дундуур хуурай газраар гарсан. Харин мөшгөгчдийг нь хөөсрөн шуугиж буй ус руу чулуу шидэх мэт тэнгисийн гүнд хаясан билээ. 12 Та ард түмнээ өдөр нь үүлэн баганаар удирдаж, шөнө нь явах ёстой замыг нь галан баганаар гэрэлтүүлж байсан. 13 Та Синаи уулан дээр буун ирж, тэнгэрээс тэдэнтэй ярьсан. Шударга зарлиг, үнэн хууль*, тушаал, зөв хэм хэмжээгээ мэдүүлсэн. 14 Бас ариун Амралтын өдрөө мэдүүлсэн ба үйлчлэгч Мосегоороо дамжуулан тушаал, хэм хэмжээ, хуулиа өгсөн. 15 Өлсөхөд нь тэнгэрээс талх өгч, ундаасахад нь хаднаас ус гаргаж өгсөн. Бас та тэдэнд өөрийнхөө өгнө гэж амласан нутаг руу ороод эзлэн авахыг тушаасан.

16 Гэвч бидний эцэг өвгөд том толгойлж, гөжүүдлэн таны хууль тушаалыг сонсоогүй. 17 Тэд таныг үл сонсон, өөрсдийнх нь төлөө үйлдсэн гайхамшгуудыг тань санаагүй. Бас Египетэд боолчлогдохоор буцна гэж зөрүүдлэн удирдагчийг томилсон. Гэхдээ та уучлахад бэлэн, өрөвч, өршөөнгүй, амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам Бурхан бөгөөд тэднийг орхиогүй. 18 Тэд өөрсдөдөө тугалын хөшөө* хийгээд “Энэ бол та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан” гэж хэлэн таныг асар ихээр доромжилсон. 19 Гэлээ ч та агуу өршөөнгүй учраас цөлд тэднийг хаяагүй. Явах ёстой замыг нь өдөр нь үүлэн баганаар чиглүүлж, шөнө нь галан баганаар гэрэлтүүлж байлаа. 20 Та агуу хүчээрээ тэдэнд ойлгон ухаарах чадвар өгсөн. Тэднээс маннаг харамлаагүй. Ундаасахад нь ус өгсөн. 21 Цөлд 40 жил хоол хүнсээр хангасан. Тэд юугаар ч дутагдаж гачигдаагүй, хувцас нь ч элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй.

22 Та улс орнууд, ард түмнүүдийг тэдэнд хэсэг хэсгээр нь хувааж өгсөн учраас тэд Хешбоны хаан Сихоны нутаг, Башаны хаан Огийн нутгийг эзлэн авсан. 23 Та үр удмыг нь тэнгэрийн одод мэт олон болгосон. Бас эцэг өвгөдөд нь өгөхөөр амласан нутагт, эзэмших ёстой нутагт нь аваачсан. 24 Тиймээс үр удам нь тэр нутгийг эзэлж авсан юм. Та тэдний нүдэн дээр канаанчуудыг бут цохиж, хаад болон тэр нутгийн ард түмнийг тэдний мэдэлд өгч, хүссэнээ хийхийг нь зөвшөөрсөн. 25 Тэд бэхлэгдсэн хотууд, үржил шимтэй газруудыг эзлэн авч, сайхан бүхнээр дүүрэн гэрүүд, ухсан худгууд, усан үзмийн талбайнууд, чидун модод, жимсний асар олон модыг эзэмшсэн. Тэд цадталаа идэж, таргалан, таны өгсөн сайн сайхан бүхэнд умбасан.

26 Гэсэн ч тэд танд дуулгаваргүй болж тэрслэн, Хуулийг тань дагаагүй*. Тан руу буцааж авчрах гэж ятгасан зөнчдийг тань алж, танд туйлын хүндэтгэлгүй хандсан. 27 Тиймээс өөрсдийг нь дарлаж байсан дарлагчдынх нь мэдэлд та тэднийг өгсөн билээ. Зовж шаналаад тан руу хашхирахад нь та тэнгэрээс сонссон. Та агуу их өршөөнгүй сэтгэлтэй учраас дайсных нь савраас аврахаар аврагчдыг илгээсэн билээ.

28 Гэвч тэд зовлонгоос ангижирмагцаа дахин таны үзэн яддаг юмыг үйлдсэн. Тэгэхэд нь та дайснуудынх нь гарт өгч, дарлуулсан. Тэд тан руу эргэж тусламж гуйн дуудахад та асар их өршөөнгүй учир тэнгэрээс сонсож тэднийг дахин аварсан. 29 Та хуулиа дахин сахиулах гэсэндээ тэдэнд сануулсан боловч тэд сонсолгүй, ихэрхэг бардам загнаж, амь өгөх чадалтай хууль тушаал, хэм хэмжээг тань уландаа гишгэн нүгэл үйлдсэн. Тэд зөрүүдлэн муйхарлаж, сонсоогүй юм. 30 Та олон жил тэднийг тэвчин, агуу хүчээ өгсөн зөнчдөөрөө ард түмэндээ анхааруулж байсан боловч тэд сонсоогүй. Эцэст нь тэднийг үндэстнүүдийн эрхшээлд оруулсан. 31 Та агуу өршөөнгүй учраас тэднийг устгаагүй, хөсөр хаяагүй юм. Та өрөвч, өршөөнгүй Бурхан билээ.

32 Тиймээс Бурхан минь ээ, агуу, хүчирхэг, бишрэм бөгөөд гэрээгээ сахиж, үнэнчээр хайрладаг Бурхан минь ээ, бидний туулсан зовлонг болон манай хаад, удирдагчид, тахилчид, зөнчид, эцэг өвгөд гээд Ассирийн хааны үеэс өнөөг хүртэлх ард түмнийхээ туулсан бүх зовлонг бүү мартаач. 33 Бидний үзэж туулсан бүх зовлонд та буруугүй. Учир нь та үнэнч шударгаар үйлддэг билээ. Харин бид бузар мууг үйлдсэн. 34 Манай хаад, ноёд, тахилчид, эцэг өвгөд таны хуулийг сахиагүй, тушаалыг тань дагаагүй, өгсөн сануулгыг тань үл тоомсорлосон. 35 Тэд өөрсдийн гэсэн хаадтай, таны өгсөн сайн сайхан бүхнийг эдэлж, өргөн уудам, үржил шимтэй нутагт амьдарч байсан ч танд үйлчлээгүй, бузар мууг үйлдэхээ болиогүй. 36 Тиймээс одоо бид энд боолчлогдож байна. Үр жимс, сайн сайхныг нь хүртэг гээд эцэг өвгөдөд маань таны өгсөн энэ нутагт бид боолчлогдож байна. 37 Бид нүгэл үйлдсэн тул энэ нутгийн арвин их ургац бидний дээр таны тавьсан харийн хаадынх болдог. Тэд биднийг ч, мал сүргийг маань ч хүссэнээрээ захирч, эзэмшдэг. Бид туйлын их зовж байна.

38 Тиймээс энэ бүхнээс үүдээд бид бичгээр гэрээ хийж манай удирдагчид, левичүүд, тахилчид тамгаа дарж баталгаажууллаа» гэв.

10 Гэрээн дээр тамгаа дарж баталгаажуулсан хүмүүс нь:

Хакалиагийн хүү захирагч* Нехемиа,

Зедекиа, 2 Сераиа, Азариа, Иеремиа, 3 Пашхур, Амариа, Малхиа, 4 Хаттуш, Шебаниа, Маллух, 5 Харим, Меремот, Обадиа, 6 Даниел, Гиннетон, Барух, 7 Мешуллам, Абиа, Миамин, 8 Маазиа, Билгаи, Шемаиа гэх тахилчид байжээ.

9 Левичүүд нь: Азаниагийн хүү Иешуа, Хенададын үр удам Биннуи, Кадмиел, 10 Шебаниа, Ходиа, Келита, Пелаиа, Ханан, 11 Мика, Рехоб, Хашабиа, 12 Заккур, Шеребиа, Шебаниа, 13 Ходиа, Бани, Бенину нар байв.

14 Ард олны тэргүүнүүд нь: Парош, Пахат-моаб, Елам, Затту, Бани, 15 Бунни, Азгад, Бебаи, 16 Адониа, Бигваи, Адин, 17 Атер, Хезекиа, Аззур, 18 Ходиа, Хашум, Безаи, 19 Хариф, Анатот, Небаи, 20 Магпиаш, Мешуллам, Хезир, 21 Мешезабел, Задок, Иаддуа, 22 Пелатиа, Ханан, Анаиа, 23 Хошеа, Хананиа, Хасшуб, 24 Халлохеш, Пилха, Шобек, 25 Рехум, Хашабна, Маасеиа, 26 Ахиа, Ханан, Анан, 27 Маллух, Харим, Баана нар байлаа.

28 Үлдсэн хүмүүс болох тахилчид, левичүүд, хаалгачид, дуучид, сүмийн үйлчлэгчид*, жинхэнэ Бурхны Хуулийг дагахаар харь үндэстнээс өөрсдийгөө тусгаарласан бүх хүн, тэдний эхнэр, охид, хөвгүүд, мэдлэгтэй, ойлгох чадвартай* бүх хүн нь 29 ах дүү нартайгаа буюу нэр хүндтэй эрчүүдтэй нийлж, бидний Эзэн, жинхэнэ Бурхан Еховагийн, үйлчлэгч Мосегоороо дамжуулж өгсөн Хуулийг даган мөрдөж, бүх тушаал, зарлиг, хэм хэмжээг чанд сахихаа тангарагласан юм. Бас тангаргаа зөрчвөл хараал хүртэхээ амлав. 30 Тэд: «Бид охидоо энэ нутгийн хүмүүстэй гэрлүүлэхгүй, тэдний охидыг ч хөвгүүдтэйгээ гэрлүүлэхгүй.

31 Хэрэв энэ нутгийн хүмүүс Амралтын өдөр бараа сэлт, төрөл бүрийн үр тариа худалдахаар авчирвал бид Амралтын өдөр эсвэл өөр ариун өдөр тэднээс юу ч худалдаж авахгүй. Бас долоо дахь жилд газраа амрааж, ямар ч авлага авахгүй.

32 Түүнээс гадна бидний хүн нэг бүр Бурхны өргөөний үйлчлэлд зориулж жил бүр шекелийн* гуравны нэгийг өгнө гэсэн үүрэг хүлээж байна. 33 Үүнийг бид давхарлаж тавьдаг талх*, байнгын идээн өргөл, Амралтын өдрийн болон шинэ саруудын байнгын шатаалт тахил, тогтоогдсон баярууд, ариун өргөлүүд, израйлчуудын нүглийг уучлуулахын тулд өргөх нүглийн төлөөх тахил болон Бурхны өргөөний бүх ажлын төлөө зориулж өгнө.

34 Бид бас Ехова Бурхныхаа тахилын ширээн дээр түлэх модыг тахилчид, левичүүд, ард түмний дундаас аль эцгийн бүл хэзээ нийлүүлэхийг шавга хаяж шийднэ. Тэд түлээг Хуульд бичигдсэний дагуу жил бүр, товлосон хугацаанд Бурхныхаа өргөөнд аваачна. 35 Бас жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон төрөл бүрийн моддынхоо анхны үр жимснүүдийг Еховагийн өргөөнд аваачна. 36 Түүнчлэн Хуульд бичигдсэний дагуу ууган хүүгээ, үхэр, хонь, ямаа болон бусад амьтныхаа ууган төлийг Бурхныхаа өргөөнд аваачиж, тэнд үйлчилдэг тахилчдад өгнө. 37 Бас бүдүүн ширхэгтэй гурилынхаа дээж, хандив, төрөл бүрийн модны үр жимс, шинэ дарс болон тосыг Бурхныхаа өргөөний агуулахуудад* аваачиж тахилчдад өгөх ба левичүүдэд газрынхаа ургацын аравны нэгийг өгнө. Яагаад гэвэл левичүүд мал аж ахуй, газар тариалангийн хотуудын маань ургацаас аравны нэгийг хүлээж авах учиртай юм.

38 Левичүүдийг аравны нэгийг хүлээж авах үед Аароны удмын тахилч хамт байх бөгөөд левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурхныхаа өргөөнд, агуулахуудад аваачна. 39 Израйлчууд, левичүүд үр тариа, шинэ дарс, тосыг хандив болгон өгөхдөө тахилчид, хаалгачид, дуучдын очдог, ариун газрын сав суулгыг хадгалдаг тэдгээр агуулахад аваачна. Бид Бурхныхаа өргөөний үйлчлэлд хэзээ ч хайхрамжгүй хандахгүй» гэжээ.

11 Иерусалимд ард түмний захирагчид амьдарч байв. Өөр хотуудад амьдарч байсан хүмүүс шавга хаяж, арван хүн тутмынхаа нэгийг ариун хот болох Иерусалимд амьдруулахаар болж, есийгөө тус тусынх нь хотуудад үлдээв. 2 Түүнээс гадна Иерусалимд сайн дураараа амьдрахаар болсон хүмүүс байсан бөгөөд ард түмэн тэднийг ерөөжээ.

3 Иерусалимд амьдарч байсан мужийн удирдагчид нь дараах юм. (Бусад израйлчууд, тахилчид, левичүүд, сүмийн үйлчлэгчид*, Соломоны зарц нарын үр удам Иудагийн хотуудад буюу тус тусынхаа хотуудад өвлөж авсан газартаа амьдарч байв.

4 Мөн Иуда, Бениамин овгийн зарим хүн Иерусалимд амьдарч байжээ.) Иуда овгоос Перезийн удмын Махалалелын дөч, Шефатиагийн гуч, Амариагийн жич, Зехариагийн ач, Уззиагийн хүү Атаиа байв. 5 Бас Шелагийн удмын Зехариагийн тач, Иоиарибын дөч, Адаиагийн гуч, Хазаиагийн жич, Кол-хозегийн ач, Барухын хүү Маасеи байв. 6 Иерусалимд амьдарч байсан, Перезийн удмын 468 хүн бүгд эрэлхэг зоригтой эрчүүд байв.

7 Бениаминчуудаас Иешаиагийн жач, Итиелийн тач, Маасеиагийн дөч, Колаиагийн гуч, Педаиагийн жич, Иоедийн ач, Мешулламын хүү Саллу, 8 түүнчлэн Габбаи, Саллаи гээд нийт 928 хүн байв. 9 Тэдний хариуцагч нь Зихрийн хүү Иоел, хотын дэд хариуцагч нь Хассенуагийн хүү Иуда байв.

10 Тахилчдаас: Иоиарибын хүү Иедаиа, Иахин, 11 жинхэнэ Бурхны өргөөний хариуцагч Ахитубын дөч, Мераиотын гуч, Задокийн жич, Мешулламын ач, Хилкиагийн хүү Сераиа, 12 Бурхны өргөөнд үйлчилдэг тэдний ах дүү нийлээд 822 хүн байв. Бас Малхиагийн тач, Пашхурын дөч, Зехариагийн гуч, Амзигийн жич, Пелалиагийн ач, Иерохамын хүү Адаиа, 13 түүний ах дүүс болох эцгийн бүлүүдийн тэргүүнүүд нийлээд 242 хүн байв. Мөн Иммерийн гуч, Мешиллемотын жич, Ахзаигийн ач, Азарелын хүү Амашсаи, 14 түүний ах дүүс болох хүч чадалтай, эрэлхэг зоригтой эрчүүд нийлээд 128 хүн байв. Тэд бүгдийн хариуцагч нь нэр нөлөө бүхий гэр бүлээс гаралтай Забдиел байлаа.

15 Левичүүдээс: Буннигийн гуч, Хашабиагийн жич, Азрикамын ач, Хасшубын хүү Шемаиа, 16 жинхэнэ Бурхны өргөөний гадуурх ажлыг хариуцдаг, Леви овгийн тэргүүнүүд болох Шаббетаи, Иозабад, 17 мөн найрал дууны удирдаач, магтаалын залбирлыг өргөдөг Асафын жич, Забдигийн ач, Микагийн хүү Маттаниа, түүний туслах Бакбукиа, Иедутуны жич, Галалын ач, Шаммуагийн хүү Абда байв. 18 Ариун хотод нийт 284 леви хүн байлаа.

19 Хаалгачид нь Аккуб, Талмон, тэдний ах дүүс гээд 172 хүн байжээ.

20 Бусад израйлчууд, тахилчид, левичүүд Иудагийн хотуудад буюу өөрсдийн өвлөж авсан газартаа амьдарч байв. 21 Сүмийн үйлчлэгчид Офелд амьдарч байсан бөгөөд Зиха, Гишпа хоёр тэднийг хариуцдаг байлаа.

22 Асафын удмын дуучдаас Микагийн гуч, Маттаниагийн жич, Хашабиагийн ач, Банигийн хүү Уззи Иерусалим дахь левичүүдийн хариуцагч байв. Тэрбээр жинхэнэ Бурхны өргөөний ажлыг хариуцдаг байлаа. 23 Хааны тушаал ёсоор дуучдыг өдөр бүр, тогтоосон хэмжээний дагуу хэрэгцээтэй зүйлээр нь хангадаг байжээ. 24 Иудагийн хүү Зерагийн удмын Мешезабелын хүү Петахиа хааны зөвлөх бөгөөд ард түмний бүхий л хэргийг хариуцдаг байв.

25 Хэсэг иудачууд тариан талбайтай хот тосгодод амьдарч байв. Тодруулбал Кириат-арба болон харьяа тосгодод нь, Дибон болон харьяа* тосгодод нь, Иехабзеел болон ойролцоох суурингуудад нь амьдарч байв. 26 Бас Иешуа, Молада, Бет-пелет, 27 Хазар-шуал, Беершеба болон харьяа* тосгодод нь, 28 Зиклаг, Мекона болон харьяа* тосгодод нь, 29 Ен-риммон, Зора, Иармут, 30 Заноа, Адуллам болон ойролцоох тосгодод нь, Лахиш болон ойр хавийнх нь газруудад, Азека болон харьяа* тосгодод нь амьдарч байлаа. Тэд Беершебагаас Хинномын хөндий хүртэлх газар нутагт суурьшжээ.

31 Бениаминчууд Геба, Михмаш, Аиа, Бетел болон харьяа* тосгодод нь, 32 Анатот, Ноб, Ананиа, 33 Хазор, Рама, Гиттаим, 34 Хадид, Зебоим, Небаллат, 35 Лод, дархчуудын хөндий гэгддэг Онод суудаг байв. 36 Иудад амьдарч байсан хэсэг левичүүд Бениамины нутагт хуваарилагджээ.

12 Шеалтиелийн хүү Зеруббабел болон Иешуатай хамт ирсэн тахилчид, левичүүд нь: Сераиа, Иеремиа, Езра, 2 Амариа, Маллух, Хаттуш, 3 Шеканиа, Рехум, Меремот, 4 Иддо, Гиннетои, Абиа, 5 Миамин, Маадиа, Билга, 6 Шемаиа, Иоиариб, Иедаиа, 7 Саллу, Амок, Хилкиа, Иедаиа нар байв. Тэд Иешуагийн үед тахилчид болон ах дүүсийнхээ тэргүүнүүд байжээ.

8 Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда, Маттаниа нар байв. Маттаниа ах дүүстэйгээ талархлын дуу дуулаачдыг удирддаг байв. 9 Тэдний ах дүүс болох Бакбукиа, Унни хоёр тэдний эсрэг талд зогсож, харуулд гардаг* байв. 10 Иешуа нь Иоиакимын, Иоиаким нь Елиашибийн, Елиашиб нь Иоиадагийн, 11 Иоиада нь Ионатаны, Ионатан нь Иаддуагийн эцэг юм.

12 Иоиакимын үед дараах хүмүүс тахилч, эцгийн бүлүүдийн тэргүүн байв. Сераиагийн ургийг Мераиа, Иеремиагийн ургийг Хананиа, 13 Езрагийн ургийг Мешуллам, Амариагийн ургийг Иехоханан, 14 Маллухигийн ургийг Ионатан, Шебаниагийн ургийг Иосеф, 15 Харимын ургийг Адна, Мераиотын ургийг Хелкаи, 16 Иддогийн ургийг Зехариа, Гиннетоны ургийг Мешуллам, 17 Абиагийн ургийг Зихри, Миниаминий ургийг . . . *, Моадиагийн ургийг Пилтаи, 18 Билгагийн ургийг Шаммуа, Шемаиагийн ургийг Иехонатан, 19 Иоиарибын ургийг Маттенаи, Иедаиагийн ургийг Уззи, 20 Саллаигийн ургийг Каллаи, Амокийн ургийг Ебер, 21 Хилкиагийн ургийг Хашабиа, Иедаиагийн ургийг Нетанел нар тэргүүлдэг байв.

22 Елиашиб, Иоиада, Иоханан, Иаддуагийн үеийн левичүүдийн эцгийн бүлүүдийн тэргүүнүүд болон тахилчдын нэрсийн бүртгэлийг Персийн Дариус хааны үе хүртэл хөтөлсөн юм.

23 Левичүүдийн эцгийн бүлүүдийн тэргүүнүүдийг Елиашибын ач Иохананы үе хүртэл тухайн үеийн түүхийн номд тэмдэглэжээ. 24 Левичүүдийн тэргүүнүүд нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хүү Иешуа нар байв. Тэдний ах дүүс болох хамгаалагчид эсрэг талд нь бүлэг бүлгээрээ зогсож, жинхэнэ Бурхны үйлчлэгч Давидын өгч байсан заавар ёсоор магтаал, талархал өргөж байлаа. 25 Маттаниа, Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар дааман хаалгануудын дэргэдэх агуулахуудыг манадаг хаалгачид байв. 26 Тэд Иозадакийн ач, Иешуагийн хүү Иоиакимын үед болон захирагч Нехемиа, тахилч, хуулан бичээч* Езрагийн үед үйлчилж байсан юм.

27 Тэд Иерусалимын хэрмийн нээлтийн ёслолыг баяр хөөртэйгээр, магтаал талархалтайгаар дуу дуулан, цан цохиж, чавхдаст хөгжим, босоо ятга тоглон тэмдэглэхээр левичүүдийг хайж, байсан бүх газраас нь Иерусалимд авчрав. 28 Дуучдыг дүүргээс*, Иерусалимын эргэн тойрноос, нетофатчуудын тосгодоос цуглуулав. 29 Мөн Бет-гилгал, Геба болон Азмаветын ойр орчмоос цуглуулав. Учир нь дуучид Иерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулсан байжээ. 30 Тахилчид, левичүүд өөрсдийгөө ариусгав. Бас олон түмнийг, дааман хаалгануудыг, хэрмийг ариусгажээ.

31 Тэгээд би Иудагийн удирдагчдыг авч, хэрмэн дээр гарлаа. Бас талархал өргөх найрал дуучдын хоёр том баг, тэднийг дагаж явах бүлэг хүмүүсийг томилов. Нэг баг нь хэрмийн баруун талаас Үнсэн овоонуудын дааман хаалга руу явав. 32 Тэдний араас Хошаиа болон Иудагийн удирдагчдын хагас нь, 33 Азариа, Езра, Мешуллам, 34 Иуда, Бениамин, Шемаиа, Иеремиа нар явж байв. 35 Бас зарим тахилчид бүрээ үлээн явж байлаа. Тэдний нэг нь Асафын тач, Заккурын дөч, Микаиагийн гуч, Маттаниагийн жич, Шемаиагийн ач, Ионатаны хүү Зехариа байв. 36 Бас Зехариагийн ах дүүс болох Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда, Ханани нар байв. Тэд жинхэнэ Бурхны үйлчлэгч Давидынхтай төстэй хөгжмийн зэмсгүүд барьсан байжээ. Тахилчдын урд хуулан бичээч Езра явж байлаа. 37 Тэд Оргилуурын дааман хаалганаас чигээрээ явж Давидын хотын шатыг өнгөрч үргэлжлүүлэн хэрмээр өгсөөд Давидын өргөөг өнгөрч Усны дааман хаалганд хүрээд зүүн тийш явлаа.

38 Талархал өргөх найрал дуучдын хоёр дахь баг нөгөө тал руу нь явахад би араас нь хүмүүсийн хагасыг дагуулан явсан юм. Бид Зуухнуудын цамхаг, Өргөн хэрэм, 39 Ефраимын дааман хаалгаар дайрч, цаашаа Хуучин дааман хаалга, Загасны дааман хаалга, Хананелын цамхаг, Меагийн цамхаг, Хонины дааман хаалгыг өнгөрөөд Харуулын дааман хаалганд хүрээд зогсов.

40 Тэгээд талархал өргөх найрал дуучдын хоёр баг жинхэнэ Бурхны өргөөний өмнө зогссон бөгөөд надтай хамт удирдагчдын тал нь байв. 41 Бас тахилчид болох Елиаким, Маасеиа, Миниамин, Микаиа, Елиоенаи, Зехариа, Хананиа нар байв. Тэд бүрээтэй байлаа. 42 Түүнээс гадна Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам, Езер зэрэг тахилчид байсан юм. Найрал дуучид Израхиагаар удирдуулан чанга дуулцгааж байв.

43 Тэр өдөр тэд асар их тахил өргөж, баярлан хөөрцгөөв. Учир нь жинхэнэ Бурхан тэднийг маш их баярлуулсан юм. Эмэгтэйчүүд, хүүхэд багачууд ч баярлан баясав. Иерусалим хотынхны баяр хөөрийн дуу тэртээ алсад сонсогдож байлаа.

44 Хандив, анхны үр жимс, аравны нэгийг хадгалдаг агуулахуудыг хариуцах хүмүүсийг тэр өдөр томилсон юм. Тахилчид, левичүүдийн үйлчлэлд баярлан баяссан иудачууд Мосегийн хуулийн дагуу тахилчид, левичүүдэд өгөх хувиудыг хотуудынхаа эргэн тойрны талбайгаас авчирч томилогдсон хүмүүст өгөв. 45 Тахилчид, левичүүд Бурхнаас авсан ажил даалгавар, ариусгах үүргээ найрал дуучид, хаалгачдын адилаар Давид болон хүү Соломоных нь зааврын дагуу биелүүлж эхлэв. 46 Эрт цагт Давид болон Асафын үед Бурханд зориулсан магтаал талархлын дуунууд ба дуучдыг удирддаг хүмүүс байлаа. 47 Зеруббабел болон Нехемиагийн үед израйлчууд бүгдээрээ дуучид, хаалгачдад өдөр тутмынх нь хэрэгцээнийх нь дагуу хувь өгч байжээ. Тэд бас левичүүдэд хувь өгч, левичүүд Аароны үр удамд хувь өгч байлаа.

13 Тэр өдөр Мосегийн номыг уншиж, ард олонд сонсгов. Уг номд бичсэнээр жинхэнэ Бурхны хуралд аммончууд, моабчуудыг хэзээ ч оруулах ёсгүй байв. 2 Учир нь тэд израйлчуудыг талх, ус барин угтахын оронд хараалгахаар Балаамыг хөлсөлсөн юм. Гэхдээ бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон билээ. 3 Израйлчууд Хуулийг сонсмогцоо харийн угсаа гаралтай бүх хүнийг тусгаарлав.

4 Энэ явдлаас өмнө Тобиагийн хамаатан, тахилч Елиашиб Бурхны өргөөний агуулахуудыг* хариуцдаг байжээ. 5 Елиашиб Тобиад том агуулахыг суллаж өгсөн ажээ. Өмнө нь тэнд идээн өргөл, гүгэл, сав суулга, мөн левичүүд, дуучид, хаалгачдад зориулсан үр тарианы аравны нэг, шинэ дарс, тос болон тахилчдад зориулсан хандивыг хадгалдаг байв.

6 Би Вавилоны хаан Артаксерксын 32 дугаар онд хаан дээр буцаж очсон тул дээрх бүхэн болох үед Иерусалимд байгаагүй юм. Хэсэг хугацааны дараа би хаанаас буцаж явах зөвшөөрөл гуйв. 7 Иерусалимд эргэж ирээд Елиашибыг жинхэнэ Бурхны өргөөний хашаан дахь агуулахын өрөөг Тобиад гаргаж өгөн байж боломгүй хэрэг хийснийг олж мэдсэн юм. 8 Миний уур ихэд хүрч, Тобиагийн бүх эд хогшлыг агуулахаас гаргаж хаялаа. 9 Дараа нь намайг тушаал өгөхөд тэд агуулахуудыг цэвэрлэв. Тэгээд би жинхэнэ Бурхны өргөөний сав суулгануудыг идээн өргөл, гүгэлтэй нь буцааж тавилаа.

10 Бас левичүүдэд өгөх ёстой хувийг өгөхгүй байгаагаас болоод тэнд үйлчилж байсан левичүүд, дуучид өөр өөрсдийнхөө талбай руу явсныг би олж мэдсэн юм. 11 Тиймээс би удирдагчдыг зэмлэж «Жинхэнэ Бурхны өргөөг юунд ийнхүү ганд нь хаяв?» гэж хэлээд тэднийг* цуглуулж, хүн бүрийг үүрэгт ажилд нь орууллаа. 12 Тэгээд иудачууд бүгдээрээ үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирсан юм. 13 Би тахилч Шелемиа, хуулан бичээч* Задок, леви хүн Педаиад агуулахуудыг хариуцуулж, туслахаар нь Маттаниагийн ач, Заккурын хүү Хананыг томилов. Тэд итгэл даасан хүмүүс байсан бөгөөд ах дүү нартаа хувийг нь өгөх үүрэгтэй байлаа.

14 Бурхан минь ээ, энэ бүхнийг хийсний минь төлөө намайг санаач. Таны өргөө болон өргөөний үйлчлэлийн төлөө үнэнч хайрандаа хөтлөгдөн хийсэн бүхнийг минь бүү мартаач.

15 Тэр үед Иудагийн хүмүүс Амралтын өдөр дарс хийж*, үр тариаг илжиг илжгээр, мөн дарс, усан үзэм, инжир, бүх төрлийн барааг Иерусалимд авчирч байв. Би түүнийг нь хараад тэдэнд Амралтын өдөр худалдаа наймаа хийхгүй байхыг анхааруулсан юм*. 16 Иерусалимд амьдардаг тирчүүд Амралтын өдөр загас, бүх төрлийн бараа сэлт авчран Иерусалим дахь иудачуудад зардаг байв. 17 Тиймээс би Иудагийн удирдагчдыг зэмлэж «Та нар юунд ийм бузар юм хийж, Амралтын өдрийг бузарлана вэ? 18 Эцэг өвгөд чинь ийм юм хийснээс болж Бурхан энэ бүх гай гамшгийг бидэнд, бас энэ хотод учруулж байгаа биш үү? Гэтэл та нар Амралтын өдрийг бузарлаж байна. Үүнээс чинь болоод Бурхан Израйлд улам хилэгнэж байна» гэж хэлэв.

19 Тиймээс Амралтын өдөр болохоос өмнө бүрэнхий болмогц би Иерусалимын дааман хаалгануудыг хаахыг тушаав. Бас Амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг тушаасан юм. Түүнээс гадна Амралтын өдөр ачаа бараа оруулахгүйн тулд би зарим зарцаа дааман хаалган дээр зогсоов. 20 Тиймээс худалдаачид, төрөл бүрийн бараа авчирч зардаг хүмүүс ганц хоёр удаа Иерусалимын гадна хоносон билээ. 21 Тэгэхэд нь би тэдэнд анхааруулаад «Та нар яагаад хэрмийн гадна хоноод байгаа юм бэ? Дахиад ингэвэл хүч хэрэглэнэ шүү» гэж хэлсэн. Түүнээс хойш тэд Амралтын өдөр ирэхээ болив.

22 Би бас левичүүдэд өөрсдийгөө тогтмол ариусгахыг, Амралтын өдрийг ариун байлгахын тулд дааман хаалганууд дээр харуул манаа гаргаж байхыг захисан. Бурхан минь ээ, бас үүний төлөө намайг санаач. Та агуу их, үнэнч хайрандаа хөтлөгдөн намайг энэрээч.

23 Би зарим иудейчүүдийг ашдод, аммон, моаб эмэгтэйчүүдтэй гэрлэснийг* тэр үед олж мэдсэн юм. 24 Хүүхдүүдийнх нь хагас нь ашдод, бусад нь өөр үндэстнүүдийн хэлээр ярьдаг ч, нэг нь ч иудейчүүдийн хэлээр ярьж чадахгүй байв. 25 Тийм болохоор би иудейчүүдийг зэмлэж, тэдэнд Бурхны шийтгэлийг сануулан, цохихыг нь цохиж, үснээс нь зулгааж, Бурханд тангараг өргүүлэн «Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй. Тэдний охидыг хөвгүүддээ ч, өөртөө ч эхнэр болгон авах ёсгүй. 26 Израйлын хаан Соломон ингэж л нүгэл үйлдсэн биш гэж үү? Үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй. Соломон Бурхны хайрыг татсан учраас Бурхан түүнийг бүх Израйлын хаан болгосон. Гэтэл харийн эхнэрүүд нь Соломоноор нүгэл үйлдүүлсэн шүү дээ. 27 Тийм байтал та нар харийн эмэгтэйчүүдтэй гэрлэн Бурхандаа үнэнч бус хандаж, ийм их бузар хэрэг үйлдэж байгаа чинь байж боломгүй юм биш гэж үү?» гэв.

28 Тэргүүн тахилч Елиашибын хүү Иоиадагийн нэг хүү нь Бет-хороны хүн Санбаллатын хүргэн болсон байлаа. Тиймээс би түүнийг хөөж явуулав.

29 Бурхан минь ээ, таны тахилчид ба левичүүдтэй байгуулсан гэрээг болон тахилчийн үйлчлэлээ бузарласан тэднийг санаж, шийтгэлгүй бүү орхиоч.

30 Дараа нь би ард түмнийг харь үндэстнүүдийн бузар булай бүхнээс цэвэрлэж, тахилчид, левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд томилов. 31 Бас түлээ мод болон боловсорч гүйцсэн анхны үр жимсийг тогтмол авчирч байх ажлыг зохион байгуулав.

Бурхан минь ээ, хийсэн бүхнийг минь санаж, намайг ивээгээч.

«Ехова тайвшруулдаг» гэсэн утгатай.

Хавсралт Б15-ыг үзнэ үү.

Үгч. «зольж авсан»

Хавсралт Б15-ыг үзнэ үү.

Эсвэл «сайр»

Эсвэл «Бурханд зориулж»

Эсвэл «сүрчиг найруулагч»

445 м орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Суваг шуудууны ус тогтсон цөөрөм. «Шела» гэдэг нь «Суваг» гэсэн утгатай.

Давид болон Иудагийн бусад хааны булшийг хэлсэн бололтой.

Эсвэл «Дэргэд нь ойролцоох дүүргийн» гэсэн бололтой.

Эсвэл «нетиним». Үгч. «өгөгдсөн хүмүүс»

Үгч. «Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил.»

Эсвэл «мөнгө хүүлэх»

Сар болгоны хүү

Эсвэл «Ёсоор болтугай»

1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Үгч. «миний гарыг хүчирхэгжүүлээч»

Хавсралт Б15-ыг үзнэ үү.

Эсвэл «Сенаагийн удмын» гэсэн бололтой.

Эсвэл «Нетиним». Үгч. «Өгөгдсөн хүмүүс»

Эсвэл «Нетиним». Үгч. «Өгөгдсөн хүмүүс»

Эсвэл «тиршата». Персийн мужийн захирагчдад өгдөг байсан цол

Сүмийг сэргээн барих ажил

8,4 г жинтэй Персийн алтан дариктай бараг тэнцүү. Грек сударт гардаг драхмагаас өөр. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Еврей сударт гардаг мина нь 570 г-тай тэнцүү. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Эсвэл «нетиним». Үгч. «өгөгдсөн хүмүүс»

Иудейчүүдийн ариун хуанлийн 7-р сар буюу Тишри сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.

Эсвэл «гүүш»

Иудейчүүдийн ариун хуанлийн 7-р сар буюу Тишри сар. Хавсралт Б15-ыг үзнэ үү.

Эсвэл «Ёсоор болтугай»

Эсвэл «тиршата». Персийн мужийн захирагчдад өгдөг байсан цол

Үгч. «Явж, тарганыг идэж»

Үгч. «Еховагийн баяр баясгалан бол та нарын бэхлэлт цайз»

Үгч. «тэнгэрийн армийг»

Үгч. «тэнгэрийн арми»

Эсвэл «найдвартай хууль»

Эсвэл «металл тугал», «цутгамал тугал»

Үгч. «таны Хуулийг нурууныхаа араар хаясан»

Эсвэл «тиршата». Персийн мужийн захирагчдад өгдөг байсан цол

Эсвэл «нетиним». Үгч. «өгөгдсөн хүмүүс»

Эсвэл «гэрээг ойлгох насны» гэсэн бололтой.

1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Ил тавих талх

Эсвэл «хоолны танхимуудад»

Эсвэл «нетиним». Үгч. «өгөгдсөн хүмүүс»

Эсвэл «эргэн тойрны»

Эсвэл «эргэн тойрны»

Эсвэл «эргэн тойрны»

Эсвэл «эргэн тойрны»

Эсвэл «эргэн тойрны»

Эсвэл «Бакбукиа, Унни хоёр үйлчлэлийн үеэр тэдний эсрэг талд зогсдог байв» гэсэн бололтой.

Еврей эх бичигт энэ нэрийг оруулаагүй бололтой.

Эсвэл «гүүш»

Иорданы ойр орчим дахь дүүрэг

Эсвэл «хоолны танхимуудыг»

Левичүүд, дуучдыг хэлжээ.

Эсвэл «гүүш»

Үгч. «усан үзэм шахаж»

Эсвэл «худалдаа наймаа хийхгүй байхыг тэр өдөр анхааруулсан юм» гэсэн бололтой.

Эсвэл «өөрсдийнхөө гэрт авчирсныг»

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах