Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • nwt Исаиа 1:1-66:24
  • Исаиа

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Исаиа
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Исаиа

ИСАИА

1 Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиагийн үед Иуда болон Иерусалимын талаар Амозын хүү Исаиа* ийм үзэгдэл үзжээ.

 2 Тэнгэр ээ, сонс. Газар аа, анхаар.

Ехова ийн айлдав.

«Миний өсгөж торниулсан хөвгүүд

Надад тэрсэлсэн.

 3 Бух эзнээ таньдаг.

Илжиг эзнийхээ тэвшийг мэддэг.

Харин Израйл намайг мэддэггүй.

Миний ард түмэн ухаангүй авирладаг».

 4 Нүгэлтэй үндэстэн,

Гэм нүгэлд баригдсан хүмүүс,

Хорон санаатнуудын үр удам, завхарсан хүүхдүүд золгүй еэ!

Тэд Еховаг орхисон.

Тэд Израйлын Ариун Нэгэнд хүндэтгэлгүй хандсан.

Тэд түүнээс нүүр буруулсан.

 5 Цохиулах газар биед чинь үлдээгүй байхад юунд чи дахин дахин тэрсэлнэ вэ?

Толгой чинь бүхэлдээ хөндүүр,

Зүрх чинь тэр аяараа өвчтэй байна шүү дээ.

 6 Хөлийн улнаас толгойн орой хүртэл эрүүл газар гэж үгүй.

Энд тэндгүй хөх няц, ил далд шархнууд.

Эмчилж*, боож, тосоор зөөллөсөн юм алга.

 7 Нутаг чинь сүйрч,

Хотууд чинь шатжээ.

Газар нутаг чинь та нарын нүдэн дээр харийнханд цөлмүүлж байна.

Дайсны довтолгоонд өртсөн мэт эзгүйрэн хоосорчээ.

 8 Сионы охин* усан үзмийн талбай дахь саравч мэт,

Өргөст хэмхний талбай дахь овоохой мэт,

Бүслэгдсэн хот мэт үлдэж хоцорчээ.

 9 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова цөөн хэдийг маань амьд үлдээгээгүй бол

Бид Содомоос дутахааргүй,

Гоморрагаас өөрцгүй болох байлаа.

10 Содомын дарангуйлагчид аа, Еховагийн үгийг сонс.

Гоморрагийн ард түмэн ээ, манай Бурхны хуулийг анхаар.

11 Ехова ийн айлдаж байна. «Та нарын өргөдөг өч төчнөөн тахил надад ямар хэрэгтэй юм бэ?

Шатаалт тахил болгон өргөдөг хуц, бордсон малын чинь өөхнөөс би залхаж байна.

Залуу бух, хурга, ямааны чинь цусанд би баярлахгүй.

12 Хэн та нарт тушаасан болоод

Та нар миний өмнө ирж,

Миний хашаан дотор сэлгүүцнэ вэ?

13 Хэнд ч хэрэггүй идээн өргөлөө авчрахаа боль.

Утлагыг чинь би жигшиж байна.

Та нар шинэ сарын баяр, амралтын өдрийг тэмдэглэж, чуулган зохиодог.

Гэвч чуулганы үеэр ид шидийн хүч ашигладгийг чинь би тэвчихгүй.

14 Би та нарын шинэ сарын баяр, найр наадмыг үзэн ядаж байна.

Тэдгээр нь надад дарамт болж байна.

Би тэдгээрийг чинь үүрээд ядарч байна.

15 Та нарыг алгаа тосоход

Би нүүрээ таглана.

Та нар олон удаа залбирдаг ч

Би сонсдоггүй.

Та нарын гар цусанд будагджээ.

16 Биеэ угааж өөрсдийгөө цэвэрлэ.

Бузар явдлаа нүдэнд минь бүү үзүүл.

Мууг үйлдэхээ боль.

17 Сайныг үйлдэж сур, шударга ёсыг сахь.

Дарлагчдыг засаж залруул.

Өнчин хүүхдийн эрх ашгийг хамгаал.

Бэлэвсэн эмэгтэйг өмгөөл».

18 Ехова айлдаж байна. «Нааш ир, учир зүйгээ ололцъё.

Та нарын нүгэл час улаан боловч

Цас шиг цагаан болно.

Хүрэн улаан даавуу шиг боловч

Ноос шиг цагаан болно.

19 Та нар дуртайяа сонсвол

Энэ газрын үр шимийг хүртэнэ.

20 Харин татгалзаж, тэрсэлбэл

Та нар илдээр хөнөөгдөнө.

Учир нь Ехова үүнийг айлдсан юм».

21 Үнэнч хот яаж яваад янхан болчхов оо!

Урьд нь тэнд шударга ёс ноёлж,

Зөв шударга явдал дэлгэрч байсан бол

Одоо алуурчдаар дүүрчээ.

22 Мөнгө чинь хог шаар болж,

Шар айраг* чинь усаар шингэлэгджээ.

23 Ноёд чинь зөрүүд бөгөөд хулгайчийн хамсаатан.

Тэд бүгдээрээ хахуульд дурлаж, шан харамж хүсдэг.

Өнчин хүүхдийг шударгаар шүүдэггүй.

Бэлэвсэн эмэгтэйн заргыг хүлээж авдаггүй.

24 Тиймээс жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова,

Израйлын Хүчит Нэгэн ийн тунхаглаж байна.

«Яршиг! Дайснуудаасаа салж амаръя.

Өстнүүдээсээ өшөө авъя.

25 Би мутраа чиний эсрэг сунгаж,

Хог шаарыг чинь шүлтээр хайлуулан,

Бүх бузрыг чинь зайлуулна.

26 Би та нарт урьдын адил шүүгчдийг өгнө.

Өмнө нь байсан шиг, зөвлөгчдийг томилно.

Үүний дараа чамайг Зөв шударгын хот, Үнэнч хот гэх болно.

27 Би шударга үйлсээр Сионыг худалдаж авна.

Зөв шударга үйлсээр оршин суугчдыг нь буцааж авчирна.

28 Тэрслэгчид, нүгэлтнүүд хамтдаа устгагдаж,

Еховаг орхигчид мөхлөө үзнэ.

29 Та нар хүсээд байсан хүчирхэг моддынхоо улмаас ичнэ.

Дурлаад байсан цэцэрлэгийнхээ* улмаас гутамшиг болно.

30 Та нар навч нь гандаж буй том мод шиг,

Усгүй цэцэрлэг шиг болно.

31 Хүчит эр мяндас болно.

Ажил үйлс нь оч болно.

Хоёулаа нийлээд галд шатна.

Тэднийг унтраах хэн ч үгүй».

2 Иуда болон Иерусалимд болох үйл явдлын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.

 2 Еховагийн өргөө байдаг уул

Эцсийн өдрүүдэд

Уул уулаас өндөр болно.

Дов толгодоос өндөр болно.

Үндэстэн бүхэн тийшээ цувна.

 3 Олон ард түмэн ирээд

«Еховагийн уул өөд,

Иаковын Бурхны өргөө рүү явцгаая.

Тэрбээр явах ёстой замыг маань зааж,

Бид тэр замаар алхах юм» гэж хэлнэ.

Учир нь хууль* Сионоос,

Еховагийн үг Иерусалимаас гарна.

 4 Тэрбээр үндэстнүүдийг шүүж,

Олон ард түмний төлөө бүгдийг засаж залруулна.

Тэд илдээ анжисны хошуу,

Жадаа хадуур болгон давтана.

Нэг үндэстэн нөгөө үндэстний өөдөөс илд далайхгүй.

Тэд дахин хэзээ ч дайтахад суралцахгүй.

 5 Иаковын үр удам аа, ирэгтүн.

Еховагийн гэрэлд алхацгаая.

 6 Та өөрийн ард түмэн Израйлын үр удмыг орхисон.

Учир нь тэд Дорнын олон зүйлийг өөрийн болгож,

Ид шидийг филистчүүдийн нэгэн адил үйлдсэн.

Тэдний дунд харийнхны хүүхдүүд олон.

 7 Нутаг орон нь алт мөнгөөр дүүрэн.

Эрдэнэс нь шавхагдашгүй арвин.

Хүлэг морьд нь багширсан олон.

Дайны тэрэг нь тоолж баршгүй.

 8 Газар нутаг нь хэрэгцээгүй бурхдаар дүүрсэн.

Тэд гараараа хийсэн бүтээлдээ,

Хуруугаараа урласан зүйлдээ мөргөдөг.

 9 Тийн мөргөдөг хүн өөрийгөө гутаадаг.

Тэднийг та хэрхэн уучлах билээ?

10 Хадны ан цавд хоргодож, газар доор нуугд.

Учир нь Еховагийн уур хилэн аймшигтай.

Түүний сүр жавхлан агуу.

11 Бардам харц номхорч,

Ихэмсэг хүн шалдаа бууна*.

Тэр өдөр Ехова л ганцаараа өргөмжлөгдөнө.

12 Энэ бол тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн өдөр юм.

Энэ өдөр тэрбээр бардам, их зантай,

Эрхэмсэг, энгийн хэн бүхнийг шүүнэ.

13 Ливаны бүх сүрлэг өндөр хушийг,

Башаны бүх царс модыг шүүнэ.

14 Сүрлэг өндөр уул нурууд,

Өндөрлөг дов толгод бүрийг шүүнэ.

15 Өндөр цамхаг, бэхлэгдсэн хэрэм бүрийг шүүнэ.

16 Таршишийн бүх хөлөг онгоц,

Тансаг завь бүрийг шүүнэ.

17 Бардам зан номхорч,

Ихэмсэг хүн шалдаа бууна*.

Тэр өдөр Ехова л ганцаараа өргөмжлөгдөнө.

18 Хэрэгцээгүй бурхад бүрмөсөн үгүй болно.

19 Хүмүүс хадны ан цавд хоргодож,

Газар нүх ухаад орно.

Учир нь Еховагийн уур хилэн аймшигтай.

Түүний сүр жавхлан агуу.

Түүнийг босоход дэлхий айн чичирдэг.

20 Хүмүүс өөрсдөө шүтэх гэж

Алт, мөнгөөр хийсэн ямар ч хэрэгцээгүй бурхдаа

Тэр өдөр жөвүү*, сарьсан багваахайнууд руу шиднэ.

21 Тэгээд хадан хавцал,

Хадны завсраар орно.

Учир нь Еховагийн уур хилэн аймшигтай.

Түүний сүр жавхлан агуу.

Түүнийг босоход дэлхий айн чичирдэг.

22 Хүнд найдахаа боль.

Хүн гэдэг чинь амьсгалж байхдаа л амьд байдаг* юм.

Найдлаа гээд ямар ашиг байх билээ?

3 Жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова

Иерусалим болон Иудагаас бүх туслалцаа, хангамжийг,

Бүх талх, усны хангамжийг зайлуулна.

 2 Хүчит эрс, дайчид,

Шүүгчид, зөнчид, мэргэ төлгөчид, ахлагчид,

 3 Тавьтын дарга нар, хүндэт хүмүүс, зөвлөхүүд,

Увдист шидтэнүүд, чадварлаг тарничдыг устгана.

 4 Би хөвгүүдийг тэдний ноёд болгож,

Ухаан муутай* хүмүүсийг тэдний захирагч болгоно.

 5 Хүмүүс бие биеэ,

Хүн бүр нэг нэгнээ дарлана.

Балчир хөвгүүн настай эр лүү дайрч,

Доодос нь дээдсээ үл тоомсорлоно.

 6 Хүн бүр эцгийнхээ гэрт байгаа ах дүүгээ барьж аван

«Чамд нөмрөг байна, чи бидний захирагч бол.

Энэ балгасыг чи захир» гэж хэлнэ.

 7 Харин тэр татгалзан

«Би чиний шархыг боохгүй.

Гэрт минь хоол ч, хувцас ч байхгүй.

Намайг битгий ард түмний захирагч болгооч» гэнэ.

 8 Иерусалим бүдэрсэн.

Иуда унасан.

Учир нь тэд үг яриа, үйл хэргээрээ Еховаг эсэргүүцсэн.

Цог жавхлант Бурхныг эсэргүүцсэн.

 9 Тэдний гэм буруутайг нүүр царай нь илтгэдэг.

Тэд нүглээ Содом шиг зарлан тунхагладаг.

Тэд нүглээ нуухыг оролддоггүй.

Өөрсөд дээрээ гамшиг авчрагч тэд золгүй еэ!

10 Сайн юм тохиолдохыг зөв хүмүүст хэл.

Тэд сайн үйлсийнхээ төлөө шагнал хүртэнэ.

11 Хорон санаатан золгүй еэ!

Түүнд гай зовлон тохиолдоно.

Бусдад яаж ханддаг байсан, өөрт нь тэгж л хандах болно.

12 Миний ард түмэн хэрцгий харгалзагчдад захирагддаг.

Эмс хүүхнүүдэд толгойгоо мэдүүлдэг.

Ард түмэн минь ээ, та нар удирдагчдаасаа болж хэрэн тэнүүчилдэг.

Замаасаа төөрч будилдаг.

13 Ехова зарга мэдүүлэхээр байраа эзэлжээ.

Ард түмнүүдэд ял оноохоор зогсож байна.

14 Ехова ард түмнийхээ ахлагчид, ноёдыг шүүнэ.

«Та нар усан үзмийн талбайг галдан шатаасан.

Ядуусаас хулгайлсан юм гэрт чинь байгаа.

15 Та нар миний ард түмнийг тамлан зовоож,

Ядуусыг хайр найргүй дарлаж яаж зүрхэлнэ вэ?» гэж Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.

16 Ехова ийн айлдаж байна. «Сионы охид бардам.

Тэд харц дээгүүр алхдаг.

Харцаараа өдөж, гунхан алхахдаа

Хөлийнхөө гоёлыг жингэнүүлдэг.

17 Ехова Сионы охидын толгойг шархдуулна.

Ехова тэдний толгойг халзан болгоно.

18 Тэр өдөр Ехова тэдний гоёл чимгийг авч хаяна.

Хөлийн гоёл, үсний даруулга, саран хэлбэртэй чимэглэл,

19 Ээмэг, бугуйвч, гивлүүр,

20 Толгойн өмсгөл, хөлийн гинж, цээживч,

Үнэртний сав, сахиус*,

21 Бөгж, хамрын гархи,

22 Ёслолын хувцас, урт цамц, нөмрөг, түрийвч,

23 Толь, маалинган дотуур хувцас,

Толгойн ороолт, гивлүүрийг нь авч хаяна.

24 Тосны анхилуун үнэрийнх нь оронд өмхий үнэр,

Бүснийх нь оронд олс,

Сайхан үснийх нь оронд халзан толгой,

Үнэтэй хувцасных нь оронд таар,

Гоо үзэсгэлэнгийнх нь оронд им тамга байх болно.

25 Эрчүүд чинь илдэнд унана.

Дайчид чинь дайнд алагдана.

26 Оршин суугчид нь хотын хаалганы дэргэд гашуудан уйлна.

Хот өөрөө эд хөрөнгөөсөө хагацаад газар сууж буй эмэгтэй шиг болно».

4 Тэр өдөр нэг эрэгтэйгээс долоон эмэгтэй зууран

«Бид өөрсдийнхөө талхыг идэж,

Өөрсдийнхөө хувцсыг өмсөнө.

Гагцхүү таны нэрээр овоглохыг зөвшөөрч

Биднийг гутамшигт байдлаас* гаргаач» гэж хэлнэ.

2 Тэр өдөр Еховагийн ургуулах нахиа сүр жавхлан, суу алдар болж, тэндхийн үр жимс амьд үлдсэн израйлчуудын бахархал, гоо үзэсгэлэн болно. 3 Сионд амьд үлдсэн, Иерусалимд үлдэж хоцорсон хэн боловч ариун хэмээгдэнэ. Иерусалимд байгаа тэд бүгдээрээ амийн номд бичигдсэн хүмүүс юм.

4 Ехова Сионы охидын хир буртгийг* угаан, Иерусалимын урсгасан цусыг цэвэрлэнэ. Тэрбээр Иерусалимыг шүүж, түүнд уур хилэнгээ гаргана. 5 Тэр үед Ехова Сион уул ба түүн дээр цугларах газрыг өдөр нь үүл, утаагаар бүрхэж, шөнө нь дүрэлзсэн галаар гэрэлтүүлнэ. Яруу алдарт газрыг бүхэлд нь хамгаалалтын бүрхүүл бүрхэнэ. 6 Тэнд сүүдрэвч бий болж өдрийн халуунаас халхалж, салхи борооноос хамгаалах хоргодох газар болно.

5 Хайртдаа дуулъя.

Хайртынхаа тухай, усан үзмийн талбайнх нь тухай дуулъя.

Миний хайрт үржил шимтэй гүвээн дээр усан үзмийн талбайтай байсан юм.

 2 Тэрбээр газар малтан чулууг нь гаргаж,

Шилмэл усан үзэм суулгасан.

Голд нь цамхаг барьж,

Чулуу ухаж засаад, усан үзэм шахах газар бэлдсэн.

Усан үзэм гарна даа гэж найдаж байтал

Зэрлэг усан үзэм гарав.

 3 «Иерусалимын оршин суугчид, Иудагийн эрчүүд ээ,

Усан үзмийн талбай бид хоёрыг шүүгээч.

 4 Усан үзмийн талбайдаа би өөр юу хийх ёстой байсан юм бэ?

Юуг нь орхигдуулсан юм бэ?

Усан үзэм гарна гэж найдаж байтал

Зэрлэг усан үзэм гарах ч гэж дээ!

 5 Одоо би усан үзмийн талбайгаа яах гэж байгаагаа

Та нарт хэлье.

Би хайс хашлагыг нь авч хаяхад

Хүмүүс түүнийг шатаана.

Би чулуун ханыг нь нураахад

Хүмүүс түүнийг талхална.

 6 Би энэ газрыг эзгүйрүүлж хаяна.

Үүнийг арчлахгүй, зээтүүдэхгүй.

Энэ нь өргөст бут, зэрлэгт баригдана.

Бороо бүү оруул гэж би үүлэнд тушаана.

 7 Израйлын үр удам нь тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн усан үзмийн талбай,

Иудагийн хүмүүс нь түүний хайртай цэцэрлэг юм.

Тэрбээр шударга ёс ноёлно гэж хүлээж байтал

Шударга бус явдал гарсан.

Зөв шударга байдал цэцэглэнэ гэж найдаж байтал

Зовсон хүмүүсийн уйлах дуу л сонсогдсон».

 8 Байшингаа олшруулж,

Талбайгаа тэлэн,

Бусдад газар үлдээлгүй

Өөрсдөө л амьдардаг хүмүүс золгүй еэ!

 9 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн тангараглахыг би сонсов.

Олон сайхан сүрлэг байшин

Оршин суугчгүй

Аймшигт балгас болж хоцорно.

10 Арван акр* усан үзмийн талбайгаас ганцхан бат* дарс гарна.

Нэг хомер* үр цацахад ганцхан ефа* улаан буудай хураана.

11 Хар үүрээр босож архи дарс уун

Харанхуй шөнө болтол хөлчүүрхэгчид золгүй еэ!

12 Тэд найран дээрээ босоо ятга, чавхдаст хөгжим тоглож,

Хэнгэрэг дэлдэн, лимбэ үлээж, дарс уудаг.

Гэсэн ч тэд Еховагийн үйлсийг тоодоггүй.

Мутрынх нь бүтээлийг анхаардаггүй.

13 Миний ард түмэн

Намайг мэддэггүйгээсээ болж олзлогдоно.

Нэр алдартнууд нь өлбөрч,

Энгийн ард нь ангаж цангана.

14 Тиймээс Булш* өргөсөж томрон

Амаа хязгааргүй том ангайлгасан.

Хотын ихэс дээдэс*, дуу шуутай олон түмэн, найр наадамчид

Түүн рүү орох нь гарцаагүй.

15 Хүн бөхийж,

Шалдаа бууна.

Бардам хүний харц номхорно.

16 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова шүүх ажиллагаа явуулан* өргөмжлөгдөнө.

Жинхэнэ Бурхан, Ариун Нэгэн зөв шударгыг үйлдэн ариун гэдгээ харуулна.

17 Хурганууд бэлчээртээ байгаа мэт идээшилнэ.

Цагтаа тарга тэвээрэгтэй мал бэлчдэг байсан ч эдүгээ эзгүйрч хоосорсон газар цагаачид хооллоно.

18 Олсоор юм чирдэг шиг, татлагаар тэрэг татдаг шиг

Гэм нүгэл, худал хуурмагийг чирж явдаг хүмүүс золгүй еэ!

19 «Израйлын Ариун Нэгэн ажлаа хурдан хийх болтугай.

Тэгвэл бид түүнийг нь харна.

Санаа зорилгоо хэрэгжүүлэх болтугай.

Тэгвэл бид түүнийг нь мэднэ» гэж хэлэгчид золгүй еэ!

20 Сайныг муу, мууг сайн гэгчид,

Харанхуйг гэрлээр, гэрлийг харанхуйгаар орлуулагчид,

Гашууныг чихэрлэгээр, чихэрлэгийг гашуунаар солигчид золгүй еэ!

21 Өөрийгөө мэргэн хэмээн санагчид,

Өөрсдийгөө хэрсүү ухаантнууд гэж бодогчид золгүй еэ!

22 Дарс уухдаа баатар,

Согтууруулах ундаа найруулахдаа гарамгай хүмүүс золгүй еэ!

23 Хахууль авч нүгэлтнийг зөвтгөдөг,

Зөв шударга хүмүүсийн төлөө шударга ёсыг баримталдаггүй хүмүүс золгүй еэ!

24 Гал түймэрт сүрэл хуйхлагдаж

Галын дөлд хуурай өвс хорчийдгийн адил

Тэдний үндэс ялзарч,

Цэцэг нь шороо мэт хийснэ.

Учир нь тэд тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн хуулийг* үл хэрэгсэж,

Израйлын Ариун Нэгний үгийг тоогоогүй юм.

25 Тийм учраас Ехова ард түмэндээ хилэгнэж,

Мутраа сунган тэднийг шийтгэнэ.

Уулс доргин хөдөлж,

Тэдний цогцос гудамжинд хог хаягдал мэт болно.

Энэ бүхний* улмаас Бурхны уур хилэн намдахгүй.

Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.

26 Тэрбээр холын үндэстэнд дохио өгч,

Дэлхийн хязгаарт буй тэдэн рүү шүгэлдэхэд

Тэд яаран хүрч ирж байна.

27 Тэдний нэг нь ч ядраагүй, бүдрээгүй.

Нойрмоглоогүй, унтаагүй.

Бүс нь сулраагүй,

Сандаалных нь сур тасраагүй.

28 Сум нь хурц.

Нум нь хөвчлөөстэй.

Мориных нь туурай цахиур.

Тэрэгнийх нь дугуй хуй салхи.

29 Архирах нь арслан адил.

Тэд залуу арслан адил архирдаг.

Хүрхрэх дуугаараа олзоо барин,

Аваад явахад нь хэн ч салгаж чадахгүй.

30 Тэнгис хүрхрэн шуугихын адил

Тэр өдөр тэд олз руугаа хүрхэрнэ.

Энэ нутгийг харсан хэн боловч аймшигт харанхуйг үзнэ.

Үүл бүрхсэний улмаас гэгээн цагаан өдөр ч харанхуй болжээ.

6 Уззиа хааны таалал төгссөн жил би Еховаг өндөр дээд сэнтийдээ заларч байхыг харав. Хувцасных нь хормой сүмийг бүрхэж байлаа. 2 Дээд талд нь серафууд зогсоно. Тус бүр зургаан жигүүртэй ажээ. Хоёроор нь нүүрээ бүтээж, хоёроор нь хөлөө хучиж, хоёроор нь нисэж байлаа.

 3 Тэд нэг нэгэндээ хандан

«Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ариун, ариун, ариун.

Дэлхийг дүүргэдэг бүхнээс цог жавхлан нь харагддаг» гэж хэлж байв.

4 Тэдний дуунд хаалганы хатавч доргиж, өргөө утаагаар дүүрэв.

 5 «Би золгүй еэ!

Үхэх минь гарцаагүй боллоо.

Би бузар уруултай хүн.

Бузар уруултай ард түмний дунд амьдардаг.

Хааныгаа, тэнгэрийн цэргийн жанжин Еховагаа харлаа!» гэж би хэллээ.

6 Тэгтэл нэг сераф над руу нисэн ирэв. Тахилын ширээн дээрх галтай нүүрсийг чимхүүрээр барьсан байлаа. 7 Тэгээд миний аманд хүргэн

«Энэ чиний уруулд хүрсэн учир

Гэм буруу чинь уучлагдаж,

Нүгэл чинь цагаатгагдлаа» гэж хэлэв.

8 Дараа нь би Еховагийн дууг сонслоо. «Хэнийг би явуулах вэ? Хэн бидний төлөө явах вэ?» гэхэд нь «Би явъя! Намайг явуулаач!» гэж би хэлэв.

 9 Тэрбээр надад ингэж хэллээ. «Миний ард түмэн рүү очиж

“Та нар дахин дахин сонсох боловч

Юу ч ойлгохгүй.

Дахин дахин харах боловч

Юу ч мэдэж авахгүй” гэж хэл.

10 Энэ ард түмний зүрх сэтгэлийг хатууруулж,

Чихийг нь дүлий,

Нүдийг нь сохор болго.

Эс тэгвэл тэд нүдээрээ харж,

Чихээрээ сонсож,

Зүрх сэтгэлээрээ хүлээн авч,

Над руу эргэн ирж, эдгэрэх вий».

11 Тэгэхэд би: «Ехова, хэдий болтол ийм байх вэ?» гэж асуув.

Тэрбээр хариулсан нь: «Хотууд оршин суугчгүй балгас болтол,

Байшингууд хүнгүй болтол,

Газар нутаг сүйрч эзгүйртэл,

12 Ехова хүмүүсийг алс хол зайлуултал,

Газар нутаг тэр аяараа цөлжтөл ийм байна.

13 Гэвч Израйлын ард түмний аравны нэг нь үлдэнэ. Тэднийг ч дахин шатаана. Израйлын ард түмэн бол том мод, царс мод адил юм. Тэдгээр модыг тайрахад хожуул нь үлддэг. Тэр хожуулаас ариун нахиа* ургана».

7 Уззиагийн ач, Иотамын хүү, Иудагийн хаан Ахазын үед Сирийн хаан Резин болон Ремалиагийн хүү, Израйлын хаан Пека дайтахаар ирсэн боловч Иерусалимыг эзлэн авч чадсангүй. 2 «Сири Ефраимтай хүчээ нэгтгэлээ» гэсэн мэдээ Давидын өргөөнд иржээ.

Тэгэхэд Ахаз болон ард түмний зүрх чичирсэн нь ойн модод салхинд найгахтай адил байв.

3 Ехова Исаиад «Чи өөрийн хүү Шеар-иашубаа дагуулж яваад угаагчийн талбай руу явдаг төв замын хажууд байдаг дээд цөөрмийн усны шугамын үзүүрт Ахазтай уулзаарай. 4 Тэгээд ингэж хэл. “Тайван бай. Шатаж дуусаж байгаа хоёр тайрдас шиг Сирийн хаан Резин болон Ремалиагийн хүүгээс бүү ай, бүү зүрх алд. 5 Учир нь Сири улс Ефраимтай, мөн Ремалиагийн хүүтэй нийлж, чиний эсрэг хуйвалдан 6 «Иуда руу явж, түүнийг хэдэн хэсэг болгон тасчиж*, эзлэн аваад* Табеелийн хүүг хаанаар өргөмжилье» гэж хэлсэн.

 7 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

«Тэр нь бүтэхгүй.

Тийм юм болохгүй.

 8 Учир нь Сирийн тэргүүн нь Дамаск,

Дамаскийн тэргүүн нь Резин юм.

Ердөө 65 жилийн дотор

Ефраим бутарч, ард түмэн байхаа болино.

 9 Ефраимын тэргүүн нь Самари,

Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү юм.

Та нар бат итгэлтэй байхгүй бол

Бат тогтохгүй»”» гэлээ.

10 Ехова Ахазад цааш нь ийн хэлэв. 11 «Ехова Бурхнаасаа тэмдэг гуй. Тэр нь Булш* шиг гүн, тэнгэр шиг өндөр байлаа ч гуй». 12 Гэвч Ахаз: «Би гуйхгүй, Еховаг сорихгүй» гэж хэлэв.

13 Тэгэхэд нь Исаиа ийн хариуллаа. «Давидын үр удам аа, та нар сонс. Хүний тэвчээрийг барсан чинь багадаад Бурхны тэвчээрийг барах нь уу? 14 Тиймээс Ехова өөрөө та нарт тэмдэг үзүүлнэ. Юу гэвэл, залуу эмэгтэй жирэмсэлж хүү төрүүлээд Иммануел* гэж нэрлэнэ. 15 Тэр хүү муугаас татгалзаж, сайныг сонгож сурахаараа цөцгийн тос, зэрлэг зөгийн бал иднэ. 16 Хүүг муугаас татгалзаж, сайныг сонгож сурахаас өмнө та нарын айгаад байсан хоёр хааны газар нутаг бүрмөсөн эзгүйрнэ. 17 Ехова Ахаз танд, таны ард түмэнд, эцгийн тань гэр бүлд Ефраимыг Иудагаас салснаас хойш болж байгаагүй цаг үеийг авчирна. Тэрбээр Ассирийн хааныг тан руу довтлуулна.

18 Тэр өдөр Ехова исгэрэн алс холын Египетийн Нил мөрний олон салаанд байдаг ялаануудыг, Ассири нутгийн зөгийнүүдийг дуудаж авчирна. 19 Тэдгээр нь бүгд ирж эгц хавцал, хадны завсар, өргөст бут, устай газруудад үүрлэнэ.

20 Тэр өдөр Ехова Их мөрний* нутгаас зээлсэн тонгорог буюу Ассирийн хаанаар толгой, хөлийн чинь үсийг хусуулж, сахлыг чинь авхуулна.

21 Мал сүрэгтэй байсан хүн тэр өдөр ганц гунжин үнээ, хоёр хоньтой үлдэнэ. 22 Сүү элбэгтэй учир тэрбээр цөцгийн тос иднэ. Тэр нутагт үлдсэн хүн бүр цөцгийн тос, зэрлэг зөгийн бал иднэ.

23 1 000 шекел мөнгөний үнэтэй 1 000 усан үзмийн мод ургаж байсан газрууд тэр өдөр өргөст бут, хогийн ургамалд баригдана. 24 Хүмүүс айж чичирсээр* нум сумтайгаа тийшээ очно. Учир нь тэр газар бүхэлдээ өргөст бут, хогийн ургамалд баригдсан байх юм. 25 Урьд нь зээтүүгээр зэрлэгийг нь авдаг байсан уулс өргөст бут, зэрлэг ургамалд баригдах тул та нар тийш ойртож очихгүй. Тэдгээр нь бух идээшилж, хоньд гишгэчдэг газар болно».

8 Ехова надад хэлсэн нь: «Том хавтан авч дээр нь жирийн үзгээр* “Махер-шалал-хаш-баз*” гэж бич. 2 Би үнэнч гэрчүүдээр буюу тахилч Уриа, Иеберехиагийн хүү Зехариагаар бичүүлж баталгаажуулна*».

3 Дараа нь би зөнч эмэгтэйтэй* унтав. Тэрбээр жирэмсэлж, цаг нь болоход хүү төрүүллээ. Тэгтэл Ехова надад «Хүүг Махер-шалал-хаш-баз гэж нэрлэ. 4 Учир нь түүнийг “аав”, “ээж” гэж хэлд орохоос өмнө Дамаскийн баялаг, Самарийн хөрөнгө Ассирийн хааны гарт орно» гэж хэлэв.

5 Ехова дахин надтай ярьсан нь:

 6 «Энэ ард түмэн Шилоагийн дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлож,

Резин болон Ремалиагийн хүүд баярладаг учраас

 7 Ехова тэдэн рүү довтлуулахаар

Ассирийн хааныг их цэрэгтэй нь явуулна.

Тэр хаан өргөн Их мөрний* ширүүн урсгал мэт

Бүх голдрилыг дүүргэж,

Хамаг эргээсээ хальж,

 8 Иудаг дайран үерлэнэ.

Хүзүүгээр таттал үерлэнэ.

Дэлгэсэн далавч нь газар нутгийг чинь бүхэлд нь бүрхэнэ шүү,

Иммануел* минь!».

 9 Хор учруул, ард түмнүүд ээ. Гэвч та нар хэдэн хэсэг болон бутарна.

Дэлхийн хязгаараас ирэгсэд ээ, сонсоцгоо!

Тулалдаанд бэлтгэ. Гэвч та нар хэдэн хэсэг болон бутарна!

Тулалдаанд бэлтгэ. Гэвч та нар хэдэн хэсэг болон бутарна!

10 Төлөвлөгөө зохио. Гэсэн ч энэ нь нурна!

Хүслээ хэл. Гэсэн ч энэ нь биелэхгүй.

Учир нь Бурхан бидэнтэй хамт*!

11 Ехова хүчит мутраа над дээр тавьж, энэ ард түмний замаар явахгүй байхыг анхааруулан ийн айлдав.

12 «Чи энэ ард түмний хуйвалдаан гэж нэрлэдэг зүйлийг хуйвалдаан гэж бүү хэл!

Тэдний айдаг юмнаас бүү ай.

Бүү айж чичир.

13 Чи тэнгэрийн цэргийн жанжин Еховаг л ариун гэж үзэх ёстой.

Чи түүнээс л эмээх ёстой.

Зөвхөн түүнээс айж чичрэх ёстой».

14 Тэрбээр ариун газар болох боловч

Израйлын хоёр хаант улсын хувьд

Цохих чулуу,

Бүдрүүлэх хад болно.

Иерусалимын оршин суугчдад

Урхи, занга болно.

15 Тэдний дундах олон хүн бүдэрч унаад гэмтэнэ.

Тэд урхинд орж, баригдана.

16 Баталгаажуулсан бичгийг хуйлж,

Хуулийг* лацдан миний шавь нарт өг.

17 Иаковын үр удмаас нүүрээ нуусан Еховаг би найдан хүлээнэ. Би түүнд үргэлж найдна.

18 Би болон Еховагийн өгсөн хүүхдүүд минь Израйл дахь тэмдэг, гайхамшиг юм. Сион ууланд оршигч тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн тэмдэг, гайхамшиг юм.

19 Хэрэв хүмүүс: «Сүнс дуудагч, шивнэн шившдэг мэргэ төлгөчдөөс асуу» гэж хэлбэл ямар ч ард түмэн Бурхнаасаа асуух ёстой бус уу? Амьд хүний төлөө үхэгсдээс асуухын хэрэг юу байна вэ? 20 Үүнийхээ оронд хууль болон баталгаажуулсан бичгээс лавлах ёстой шүү дээ!

Энэ үгийн дагуу ярихгүй бол тэдэнд гэрэл байхгүй. 21 Энэ нутгаар дайран өнгөрөх хүн бүр өлсөж, зовно. Тэд өлсөж, уурласандаа дээш харан хааныгаа, Бурхнаа хараана. 22 Дараа нь тэднийг газар луу харахад зовлон, харанхуй, тодорхойгүй байдал, хүнд бэрх цаг, уйтгар гуниг, гэрэл гэгээгүй зүйл л байх болно.

9 Гэсэн хэдий ч зовлон нүүрлэж байсан урьдын цаг шиг, Зебулун болон Нафталийн нутаг жигшигдэж байсан үеийнх шиг харанхуй болохгүй. Хожмын цагт Бурхан тэнгис хүрэх зам, Иорданы бүс нутаг, харь үндэстнүүдийн суудаг Галилыг сүр жавхлантай болгоно.

 2 Харанхуйд явж байсан ард түмэн

Агуу гэрлийг үзсэн.

Бараан сүүдрийн нутагт амьдарч байсан хүмүүс дээр

Гэрэл туссан.

 3 Та энэ үндэстний хүн амыг олшруулсан.

Түүнийг асар ихээр баярлуулсан.

Ургац хураахдаа баярладаг хүмүүс шиг,

Олзоо хуваахдаа жаргадаг хүмүүс шиг

Тэд таны өмнө баярлан баясдаг.

 4 Учир нь та Мидианы үеийнх шиг

Тэдний үүрч байсан буулгыг эвдэж,

Мөрийг нь цохиж байсан харгалзагчийн савааг хэдэн хэсэг болгон хугалсан.

 5 Жагсаж явахдаа газрыг доргиож байсан гутал бүр,

Цусанд дэвтсэн хувцас бүр

Галд хаягдана.

 6 Бидэнд хүүхэд төрсөн.

Бурхан бидэнд хүү өгсөн.

Засаглал түүний гарт байх болно.

Түүнийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэх болно.

 7 Түүний засаглал дэлхий дахиныг хамарна.

Давидын сэнтий ба түүний хаант улсад

Амар тайван эцэс төгсгөлгүй ноёлно.

Энэ хаант улс

Шударга ёс, зөв шударгын ачаар

Одооноос үүрд мөнхөд батжиж, оршин тогтноно.

Тэнгэрийн цэргийн жанжин Ехова би үүнийг хичээл зүтгэлтэй гүйцэтгэнэ.

 8 Ехова Иаковт сануулж,

Израйлд анхааруулсан.

 9 Бүх ард түмэн буюу

Ефраимчууд, Самарийн оршин суугчид үүнийг мэдэх болно.

Тэд ихэмсэг бардам, эрээ цээргүй загнан ингэж ярьдаг.

10 «Тоосгонууд унасан ч

Бид зассан чулуугаар барина.

Инжрийн мод цавчигдсан ч

Бид хуш модоор орлуулна».

11 Ехова Резиний өстнүүдийг Израйлын эсрэг босгож,

Дайснуудыг нь өдөөн хатгана.

12 Зүүн зүгээс Сири, баруун зүгээс филистчүүд ирж

Амаа ангайн Израйлыг залгина.

Энэ бүхний улмаас Бурхны уур хилэн намдахгүй.

Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.

13 Энэ ард түмэн өөрийг нь шийтгэдэг Нэгэн рүү буцаж очоогүй.

Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн удирдлага зааврыг хайгаагүй.

14 Ехова нэг л өдөр Израйлаас

Толгой, сүүл, мөчир, өндөр өвсийг* тастах болно.

15 Ихэд хүндлэгддэг ахлагч нь толгой,

Хуурамч заавар өгдөг зөнч нь сүүл юм.

16 Энэ ард түмнийг удирддаг хүмүүс тэднийг төөрүүлдэг.

Удирдуулж байгаа хүмүүс нь самуурчээ.

17 Тийм учраас Ехова залууст нь баярлахгүй.

Өнчин хүүхдүүд, бэлэвсэн эмэгтэйчүүдийг нь өрөвдөхгүй.

Учир нь тэд бүгдээрээ тэрслэгчид, мууг үйлдэгчид юм.

Бүгд мунхаг юм ярьдаг.

Энэ бүхний улмаас Бурхны уур хилэн намдахгүй.

Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.

18 Бузар муу нь гал мэт авалцаж

Өргөст бут, хогийн ургамлыг шатаана.

Энэ нь ойн ширэнгийг түймэрдэж,

Утаан үүл болж дээш хөөрнө.

19 Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн уур хилэнгээс болж

Энэ газар галд шатаж байна.

Ард түмэн түймэрт шатна.

Хүмүүс төрсөн ах дүүгээ ч өршөөхгүй.

20 Тэд баруун талд байгаагаа огтлон авч иднэ.

Гэвч өлсгөлөн хэвээрээ байна.

Зүүн талд байгаагаа иднэ.

Гэвч цадахгүй.

Хүн бүр гарынхаа шууны махыг иднэ.

21 Манассе Ефраимыг,

Ефраим Манассег залгина.

Тэд нийлж Иуда руу дайрна.

Энэ бүхний улмаас Бурхны уур хилэн намдахгүй.

Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.

10 Шударга бус дүрэм журам боловсруулж,

Харгис тушаал эцэс төгсгөлгүй гаргагчид золгүй еэ!

 2 Ядуусын заргыг авч хэлэлцдэггүй,

Миний ард түмний дундах дорд хүмүүсийн төлөө шударга ёсыг баримталдаггүй,

Бэлэвсэн эмэгтэйчүүдийг тонож,

Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг тэд золгүй еэ!

 3 Сүйрэл алсаас ирэхэд,

Тооцоо бодох өдөр болоход та нар яах вэ?

Хэн рүү очиж тусламж гуйх вэ?

Эд хөрөнгөө хаана үлдээх вэ?

 4 Та нар нэг бол хоригдлуудтай хамт өвдөг сөгдөнө,

Нэг бол амь үрэгдэгсдийн дунд унана.

Энэ бүхний улмаас Бурхны уур хилэн намдахгүй.

Тэрбээр тэднийг цохихоор далайсан мутраа буулгахгүй.

 5 «Миний уур хилэнгийн таяг болсон

Ассирийг харагтун.

Би гарт нь буй таягаар шийтгэл буулгана!

 6 Би түүнийг тэрслүү үндэстэн рүү,

Намайг уурлуулсан ард түмэн рүү илгээнэ.

Тэднийг гудамжны шавхай шиг гишгэчихийг,

Их олз олж, тонон дээрэмдэхийг түүнд тушаана.

 7 Гэвч тэрбээр ингэхийг хүсэхгүй.

Зүрх сэтгэлд нь ийм төлөвлөгөө байхгүй.

Цөөн биш, олон үндэстнийг устгаж

Газартай тэгшлэх санаа түүний зүрхэнд бий.

 8 Тэрбээр ингэж хэлдэг.

“Миний ноёд бүгд хаад биш гэж үү?

 9 Кално нь Кархемиштай адил биш гэж үү?

Хамат нь Арпадтай адил биш гэж үү?

Самари нь Дамасктай адил биш гэж үү?

10 Би ямар ч хэрэгцээгүй бурхад шүтдэг хаант улсуудыг эзэлсэн!

Тэдгээр нь Иерусалим ба Самарийг бодвол илүү олон сийлмэл шүтээнтэй байсан юм.

11 Би Самари болон ямар ч хэрэгцээгүй бурхдыг нь хэрхсэн шигээ

Иерусалимыг шүтээнүүдтэй нь бас тэгэхгүй гэж үү?”.

12 Ехова Сион уул болон Иерусалимд хийх гэсэн бүх ажлаа дуусгаад Ассирийн хааныг эрээ цээргүй, ихэмсэг бардам авирласных нь хариуд шийтгэнэ. 13 Учир нь тэрбээр ийн хэлсэн.

“Би үүнийг өөрийн хүч, ухаанаар хийнэ.

Учир нь би мэргэн ухаантай.

Би ард түмнүүдийн хил хязгаарыг авч хаян,

Эд баялгийг нь тононо.

Би оршин суугчдыг нь хүчит дайчин мэт эзлэн авна.

14 Шувууны үүрэнд гараа хийдэг хүн шиг,

Би ард түмнүүдийн эд баялгийг булаан авна.

Гологдсон өндөгнүүдийг цуглуулдаг хүн шиг,

Би дэлхийг эзэлнэ!

Далавчаа дэвэн, амаа ангайн, жиргэх хэн ч байхгүй”».

15 Сүх түлээчнээсээ дээр гэж гайхуулах уу?

Хөрөө хөрөөчнөөсөө илүү гэж биеэ магтах уу?

Таяг өөрийг нь өргөж байгаа хүнээр даллаж чадах уу?

Саваа өөрийг нь барьж байгаа хүнийг дээш нь өргөж чадах уу?

16 Тиймээс жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова

Ассирийг доройтуулж

Алдар сууг нь галд шатаах мэт үгүй хийнэ.

17 Израйлын Гэрэл нь гал,

Түүний Ариун Нэгэн нь дөл болж

Дүрэлзэн асаж Ассирийн хогийн ургамал, өргөст бутыг нэг өдрийн дотор шатаана.

18 Тэрбээр ой мод, жимсний цэцэрлэгийнхээ суу алдрыг бүрмөсөн үгүй хийнэ.

Энэ нь өвчтэй хүн улам сульдан доройтдогийн адил юм.

19 Ойд үлдсэн мод нь

Хүүхэд ч тоолж чадахаар цөөхөн байх болно.

20 Тэр өдөр Израйлын үлдэгсэд,

Иаковын үр удмын амьд үлдэгсэд

Өөрсдийг нь цохисон нэгэнд түшиглэхээ больж,

Израйлын Ариун Нэгэн Еховад түшиглэн

Түүнд үнэнч байх болно.

21 Зөвхөн үлдэгсэд, Иаковын үлдэгсэд

Хүчит Бурхандаа буцаж ирнэ.

22 Израйл аа, чиний ард түмэн

Далайн эргийн элс мэт байлаа ч

Зөвхөн үлдэгсэд нь буцаж ирнэ.

Устгах шийдвэр хэдийнээ гарчээ.

Шударга шийтгэл тэдэн дээр бууна.

23 Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн гаргасан устгах шийдвэр

Нутаг орон даяар хэрэгжинэ.

24 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. «Сионд амьдарч байгаа ард түмэн минь ээ, Египет шиг авирлан та нарыг саваагаар цохиж, өөдөөс чинь таягаа далайж байсан Ассириас бүү ай. 25 Тун удахгүй миний уур гарна. Харин би ассиричуудад уурлаж, тэднийг устгана. 26 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова би Оребын хадны дэргэд Мидианыг ялсан шигээ тэднийг ташуурдана. Би* Египеттэй тулалдахдаа таягаа сунгасан шигээ тэнгисийн дээгүүр таягаа сунгана.

27 Тэр өдөр Ассирийн хааны ачааг мөрөн дээрээс чинь,

Буулгыг нь хүзүүн дээрээс чинь авч хаяна.

Тосноос болж тэр буулга хугарна».

28 Тэрбээр Аиатад хүрч ирсэн.

Мигроноор дайран өнгөрсөн.

Михмашт ачаагаа буулгасан.

29 Тэрбээр гармаар гатлан

Гебад хоног төөрүүлэв.

Рама чичирч, Саулын Гибеа зугтав.

30 Галлимын оршин суугчид аа*, орилж хашхир!

Лаиша, анхаар!

Анатот оо, чи хөөрхий еэ!

31 Мадмена зугтав.

Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.

32 Яг энэ өдөр тэрбээр Нобт саатна.

Иерусалимын толгод,

Сионы охины* уул руу нударга зангидна.

33 Жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова

Мөчрүүдийг цавчихад аймшигтай дуу гарна.

Хамгийн өндөр моддыг тас цавчина.

Өндөр моддыг буулгана.

34 Тэрбээр өтгөн ойг сүхээр* цавчина.

Ливан хүчит нэгний гарт унана.

11 Иессигийн хожуулаас мөчир ургана.

Үндэснээс нь гарсан нахиа жимс өгнө.

 2 Тэрбээр* Еховагийн агуу хүчээр дүүрэх учир

Мэргэн ухаан, ойлгох чадвараар аливаад хандана.

Сайн зөвлөгөө өгч, хүч чадалтай байна.

Их мэдлэг эзэмшиж, Еховагаас эмээх сэтгэлээр бялхана.

 3 Тэрбээр Еховагаас эмээхдээ баярлана.

Харснаараа шүүхгүй.

Сонссоноороо шийдвэр гаргахгүй*.

 4 Дорд хүмүүсийг шударгаар шүүж,

Дөлгөөн хүмүүсийн талд шударга шийдвэр гаргана.

Амнаасаа гарах саваагаар дэлхийг саваадаж,

Уруулаасаа гарах амьсгалаар муу хүмүүсийг хөнөөнө.

 5 Зөв шударга ба үнэнч байдлыг

Бүсэлхийгээрээ бүс мэт орооно.

 6 Чоно хургатай хамт амьдарна.

Ирвэс ишигтэй хамт хэвтэнэ.

Тугал, арслан, тарган мал нэг дор байна*.

Бяцхан хүү тэднийг хөтлөн дагуулна.

 7 Үнээ баавгайтай хамт идээшилж,

Үр төл нь хамтдаа хэвтэнэ.

Арслан үхэр шиг сүрэл иднэ.

 8 Хөхүүл хүүхэд наж могойн үүрэн дээр тоглож,

Балчир хүүхэд хорт могойн нүхэн дээр гараа тавина.

 9 Тэд миний ариун уулын хаана нь ч

Хор учруулахгүй, сүйтгэхгүй.

Учир нь далай усаар дүүрэн байдаг шиг

Дэлхий Еховагийн тухай мэдлэгээр бялхана.

10 Тэр өдөр Иессигийн үндэс ард түмнүүдэд туг болж өргөгдөнө.

Үндэстнүүд түүнээс заавар гуйна.

Түүний амрах газар сүр жавхлантай болно.

11 Тэр өдөр Ехова хоёр дахь удаагаа мутраа сунгаж Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар*, Хамат болон далайн арлуудаас өөрийн ард түмний үлдэгсдийг буцааж авчирна. 12 Тэрбээр ард түмнүүдийн төлөө туг босгож, Израйлын тарж бутарсан хүмүүсийг цуглуулна. Иудагийн тарж бутарсан хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулна.

13 Ефраим атаархахаа болино.

Иудад дайсагнадаг хүмүүс устгагдана.

Ефраим Иудад атаархахгүй.

Иуда ч Ефраимд дайсагнахгүй.

14 Тэд баруун зүг, филистчүүд рүү довтолно.

Тэд хамтдаа зүүн зүгийн хүмүүсийг тонон дээрэмдэнэ.

Тэд Едом, Моабыг эзлэн авна.

Аммончууд эрхшээлд нь орно.

15 Ехова Египетийн тэнгисийн буланг хувааж*,

Их мөрний* дээгүүр мутраараа даллан

Халуун амьсгалаараа долоон горхийг нь хатаана*.

Тэгээд хүмүүсийг сандаалтай нь гатлуулна.

16 Израйлчуудыг Египетийн нутгаас гарах үед өргөн зам дурайж байсан шиг,

Бурхны ард түмний үлдэгсдийг Ассириас гарах үед бас тийм зам байх болно.

12 Тэр өдөр чи ингэж хэлнэ.

«Ехова минь ээ, тандаа талархъя.

Та надад уурласан.

Гэсэн хэдий ч хилэн тань намжихад та намайг тайвшруулсан.

 2 Бурхан бол миний аврал.

Би түүнд найдна, би айхгүй.

Учир нь Яа* Ехова бол миний хүч, миний чадал.

Тэрбээр намайг аварсан юм».

 3 Та нар авралын булгаас

Баяр хөөртэйгөөр ус авна.

 4 Тэр өдөр та нар ингэж хэлнэ.

«Еховад талархан нэрийг нь дууд.

Үйлсийг нь ард түмнүүдэд мэдүүл.

Нэр нь өргөмжлөгдсөнийг зарлан тунхагла.

 5 Еховад зориулж магтуу дуул*. Учир нь тэрбээр гайхамшигт үйлсийг бүтээсэн.

Үүнийг дэлхий дахинд мэдүүл.

 6 Сионы оршин суугчид аа*, баярлан хашхир.

Учир нь та нарын дунд байгаа Израйлын Ариун Нэгэн бол агуу юм».

13 Амозын хүү Исаиа үзэгдэл үзэн, Вавилоныг шүүх тухай мэдээ авчээ.

 2 «Нүцгэн уулан дээр туг өргө.

Гараараа даллан тэднийг дууд.

Тэд язгууртнуудын үүдээр орж ирэг.

 3 Би томилсон* хүмүүстээ тушаал буулгасан.

Уурыг минь бардаг хүмүүсийг шийтгэхийн тулд би

Бахархан баярладаг дайчдаа дуудсан.

 4 Сонсогтун! Ууланд байгаа хүмүүсийн дуу

Олон түмний их шуугиан шиг сонсогдоно.

Сонсогтун! Хаант улсуудын чимээ шуугиан

Хамтад нь цуглуулсан үндэстнүүдийнх шиг сонсогдоно.

Тэнгэрийн цэргийн жанжин Ехова дайнд мордох цэрэг цуглуулж байна.

 5 Ехова дэлхийг бүхэлд нь сүйрүүлэхээр

Алс хол нутгаас,

Тэнгэрийн хязгаараас

Уур хилэнгийн зэвсгүүдээ аваад ирж байна.

 6 Еховагийн өдөр ойртож байгаа тул уйлагтун.

Тэр өдөр Төгс хүчит Нэгэн танай нутгийг устгана.

 7 Тийм ч учраас айсандаа бүх хүний гар суларч

Зүрх нь үхнэ.

 8 Ард түмэн үймэн сандарчээ.

Өвчиндөө шаналан тийчлэх,

Амаржиж буй эмэгтэй шиг болжээ.

Айсан харцаар бие биеэ харах тэдний царайд

Зовлон шаналал тодорчээ.

 9 Еховагийн өдөр ирж байна.

Уур хилэн буцалсан аймшигт өдөр болох гэж байна.

Тэгэхэд энэ нутаг сүйрч,

Нүгэлтнүүд нь устгагдана.

10 Тэнгэрийн одод, одны ордууд

Гэрлээ тусгахгүй.

Мандах нар харанхуйлна.

Сар ч гэрэлтэхгүй.

11 Би дэлхийн оршин суугчдыг дуудаж муу үйлийнх нь тооцоог бодно.

Хорон санаатнуудыг дуудаж гэм нүглийнх нь хариуцлагыг хүлээлгэнэ.

Ихэмсэг хүмүүсийн бардам занг эцэс болгоно.

Эзлэн түрэмгийлэгчдийн аархуу занг номхотгоно.

12 Би мөнх бус хүнийг

Шижир алтнаас ч, Офирын алтнаас ч олдошгүй ховор болгоно.

13 Тиймээс би тэнгэрийг доргионо.

Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн уур хилэнгийн өдөр

Дэлхий байрнаасаа чичрэн хөдөлнө.

14 Анчнаас зугтаж буй зээр шиг, цуглуулах эзэнгүй хонин сүрэг шиг

Хүн бүр ард түмэн рүүгээ буцна.

Хүн бүр нутаг руугаа зугтана.

15 Олдсон нэг нь жадлагдаж,

Баригдсан нэг нь илдээр хөнөөгдөнө.

16 Тэдний нүдэн дээр хүүхдүүдийг нь харгислан хороож,

Гэр орныг нь тонон дээрэмдэж,

Эхнэрүүдийг нь хүчиндэнэ.

17 Мөнгийг үл тоогч,

Алтыг үл таашаагч медечүүдийг

Би тэдний өөдөөс босгож байна.

18 Тэд нум сумаараа залуусыг хиаруулна.

Хэвлийд байгаа үрсийг үл өршөөнө.

Балчир хүүхдүүдийг үл энэрнэ.

19 Хаант улсуудын чимэг*,

Халдейчуудын бахархал болсон үзэсгэлэнт Вавилон

Бурхны гарт устгагдаж Содом, Гоморра шиг болно.

20 Тэнд үеийн үед хэн ч оршин суухгүй,

Үрийн үрд хэн ч аж төрөхгүй.

Арабууд ч майхнаа босгохгүй,

Хоньчид ч сүргээ хотлуулахгүй.

21 Цөлийн амьтад тэнд хэвтэж,

Байшингууд шар шувуугаар дүүрч,

Тэмээн хяруул тэнд үүрлэж,

Янгир ямаа үсэрч харайна.

22 Цамхгууд дотор нь араатнууд ульж,

Тансаг харшид нь чононцор үүрлэнэ.

Түүнийг шийтгэх цаг ойрхон байна. Амьд явах өдрүүд нь тоотой».

14 Ехова Иаковыг өршөөж, Израйлыг дахин сонгоно. Тэрбээр израйлчуудыг нутагт нь суулгана*. Харь элгийнхэн израйлчуудтай нийлж, Иаковын үр удамтай нэгдэнэ. 2 Ард түмнүүд тэднийг нутагт нь буцааж аваачна. Израйлчууд Еховагийн газар нутагт тэдгээр ард түмнийг өмчилж зарц шивэгчнээ болгоно. Өөрсдийг нь олзолсон хүмүүсийг олзолж, өөрсдийг нь албадан ажиллуулж байсан хүмүүсийг захирна.

3 Ехова та нарыг зовлон шаналал, айдас түгшүүр, хүнд бэрх боолчлолоос чөлөөлөх тэр өдөр 4 та нар Вавилоны хааны тухай ийм зүйр үг* хэлнэ.

«Бусдыг албадан ажиллуулдаг байсан нэгний төгсгөл ингэж ирэх гэж!

Дарлагчийн төгсгөл ингэж ирэх гэж!

 5 Ехова хорон санаатнуудын савааг,

Удирдагчдын таягийг хугалсан.

 6 Ард түмнүүдийг зогсоо зайгүй балбаж,

Үндэстнүүдийг цуцалтгүй хавчин дарлаж байсан нэгнийг устгалаа.

 7 Дэлхий тэр аяараа үймээн самуунгүй, амар амгалан боллоо.

Хүмүүс баярлан хашхиралдана.

 8 Арц мод Ливаны хуштай хамт

Чамд юу тохиолдсоныг харан баярлаж,

“Чамайг унаснаас хойш

Бидэн дээр мод цавчигч ирсэнгүй” гэж хэлнэ.

 9 Чамайг ирэхэд уулзах гэж

Булш* хүртэл догдолсон.

Үхэгсдийг, дэлхийн бүх дарангуйлагчийг

Чиний төлөө сэрээдэг.

Үндэстнүүдийн бүх хааныг сэнтийгээс нь босгодог.

10 Тэд бүгдээрээ чамд ингэж хэлнэ.

“Чи бидэн шиг хүчгүй болсон юм уу?

Чи бидэнтэй адилхан болсон гэж үү?

11 Чиний бардам зан,

Чавхдаст хөгжмийн чинь дуу Булшинд* хаягдав.

Чиний доор өтнүүд ор мэт тархан,

Чамайг хорхойнууд бүтээлэг мэт хучна”.

12 Үүрийн хүү, гялалзагч од оо,

Ингээд чи тэнгэрээс унах гэж!

Үндэстнүүдийг эрхэндээ оруулдаг чи

Ингээд газарт хаягдах гэж!

13 Чи сэтгэлдээ ингэж шивнэсэн. “Би тэнгэрт гарна.

Бурхны оддын дээгүүр сэнтийгээ засна.

Умардын хязгаарт, цугларалтын уулан дээр

Би заларна.

14 Би үүлсийн орой дээр гарч,

Хамгийн Дээд Бурхантай адил болно”.

15 Гэвч чи Булшинд* хаягдаж,

Гүнзгий нүхний ёроолд унана.

16 Чамайг харсан бүхэн гайхан ширтэж,

Нарийн шинжээд ингэж хэлнэ.

“Энэ чинь дэлхийг донсолгож

Хаант улсуудыг айлгаж байсан хүн мөн үү?

17 Дэлхийг цөл болгож

Хотуудыг нь эвдэн сүйтгэж

Хоригдлуудыг гэр лүү нь явуулдаггүй байсан хүн мөн үү?”.

18 Үндэстнүүдийн бүх хаан

Тус тусын булш бунхандаа

Сүр жавхлантай оршуулагджээ.

19 Харин чамайг булшинд оршуулахгүй.

Чи жигшигдсэн нахиа шиг хаягдсан.

Илдээр хөнөөгдөж чулуун нүхэнд хаягдсан үхдэлүүд

Биеийг чинь хучжээ.

Чи хөлд гишгэгдэх хүүр адил болсон.

20 Чи хаадтай хамт оршуулагдахгүй.

Учир нь чи өөрийн нутгийг устгаж,

Өөрийн ард түмнийг хороосон.

Мууг үйлдэгчдийн үр удам ахин хэзээ ч дурсагдахгүй.

21 Эцэг өвгөдийнх нь гэм буруугаас болж

Хөвгүүдийг нь цаазлахад бэлд.

Ингэснээр тэд хүчирхэгжин дэлхийг эзлэхгүй.

Газар нутгийг өөрсдийнхөө хотуудаар дүүргэхгүй».

22 «Би тэднийг эсэргүүцэн босно» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.

«Би Вавилоноос нэрийг нь арчиж, түүнээс үлдсэн бүхнийг, үр хүүхэд, хойч үеийг нь устгана» гэж Ехова тунхаглаж байна.

23 «Би түүнийг үхэр зарааны эзэмшил, намагтай нутаг болгож, устгагч шүүрээр шүүрдэнэ» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.

24 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн тангараглаж байна.

«Миний санаснаар бүтнэ.

Миний шийдсэнээр болно.

25 Би ассиричуудыг газар нутагтаа хиар цохино.

Уулан дээрээ гишгэчнэ.

Ард түмнээсээ буулгыг нь авч хаяна.

Мөрөн дээрээс нь ачааг нь буулгана».

26 Бурхан дэлхий дахины эсрэг ийм шийдвэр гаргасан юм.

Бүх үндэстний өөдөөс мутраа сунгасан юм.

27 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова шийдчихсэн байхад

Хэн саад хийж чадах вэ?

Мутраа сунгачихсан байхад нь

Хэн болиулж чадах вэ?

28 Ахаз хааны таалал төгссөн жил ийм тунхаглал гарав.

29 «Та нарыг жанчигчийн таяг хугарлаа гээд

Филистчүүд та бүхэн бүү баярла.

Учир нь могойн өндөгнөөс* хорт могой гарна.

Хорт могойноос нисдэг галт могой* гарна.

30 Дорд хүмүүсийн хүүхдүүд цадталаа идэж,

Ядуус амар амгалан хэвтэнэ.

Харин чиний хүүхдүүдийг би өлсгөлөнгөөр үхүүлж,

Үлдсэн нь алагдана.

31 Дааман хаалганы дэргэд суугчид аа уйл! Хотын оршин суугчид аа, орилж хашхир!

Филистчүүд ээ, та нар бүгдээрээ зүрх алдана.

Умард зүгээс их цэрэг утаа шиг ирж байна.

Эгнээнээсээ гарсан цэрэг тэдний дунд үгүй».

32 Үндэстнүүдийн элч нарт тэд юу гэж хариулах вэ?

«Ехова Сионы суурийг тавьсан.

Түүний ард түмний дорд хүмүүс нь тэнд хоргодно» гэж хариулна.

15 Моабыг шүүх тухай мэдээ.

Моабын Ар ганц шөнийн дотор устгагдаж

Чимээгүй болов.

Моабын Кир нэг шөнийн дотор устгагдаж

Дуугүй болов.

 2 Хүмүүс сүм өөд, Дибон өөд явав.

Уйлж гашуудахаар өндөрлөгүүд рүү явав.

Небо болон Медебагийн хойноос Моаб гашуудаж байна.

Хүн бүр үсээ хусаж, сахлаа авчээ.

 3 Тэд гудамжинд таар нөмөрчээ.

Дээвэр дээр, талбай дээр бүгд уйлалдана.

Тэд доош буухдаа гашуудан уйлна.

 4 Хешбон болон Елеале хашхирна.

Тэдний дуу Иахаз хүртэл сонсогдоно.

Тийм учраас Моабын зэвсэгт дайчид хашхирсаар байна.

Моаб айн чичирч байна.

 5 Миний зүрх Моабын төлөө хашхирна.

Оргодлууд нь Зоар болон Еглат-шелишиа хүртэл зугтсан.

Лухитын энгэрээр авиран явахдаа тэд уйлна.

Хоронаим хүртэл явахдаа гай зовлонгоос болж гашуудна.

 6 Нимримийн ус ширгэжээ.

Ногоон өвс нь хатжээ.

Өвс нь алга болж, ургамал ногоогүй үлджээ.

 7 Тиймээс тэд үлдсэн нөөцөө, эд баялгаа авч яван

Улиасны хөндийг* туулж байна.

 8 Моабын нутаг даяар уйлах дуу цуурайтна.

Уйлаан майлаан Еглаимд хүрчээ.

Уйлаан майлаан Беер-елимд хүрчээ.

 9 Димоны ус цус болжээ.

Димонд зориулж бэлдсэн зүйл минь үүгээр тогтохгүй.

Би Моабын оргодлууд руу,

Тэр нутагт үлдсэн хүмүүс рүү арслангуудыг илгээнэ.

16 Энэ нутгийн захирагч руу Селагаас хонь явуул.

Зэлүүд газрын дундуур,

Сионы охины* уул хүртэл явуул.

 2 Арноны гарам дээр байх Моабын охид

Үүрнээсээ хөөгдсөн шувуу шиг байх болно.

 3 «Зөвлөгөө өгч, шийдвэр гарга.

Жин үдийн сүүдэр чинь шөнө мэт харанхуй байг.

Тарж бутарсан хүмүүсийг нуу. Зугтаж яваа хүмүүсийг бүү барьж өг.

 4 Тарж бутарсан хүмүүсийг минь өөртөө аваач Моаб аа.

Устгагчаас нуугдах газар нь болооч.

Дарлагч эцсээ үзнэ.

Сүйрэл дуусна.

Бусдыг гишгэчдэг хүмүүс дэлхийгээс арчигдана.

 5 Тэгэхэд үнэнч хайранд үндэслэн нэгэн сэнтий бат тогтоно.

Давидын майханд байх энэхүү сэнтийд залрагч нь үнэнч байна.

Тэрбээр шударга шүүж, зөв шударгыг цаг алдалгүй тогтооно».

 6 Бид Моабын бардамналын тухай, их бардам гэдгийг нь сонссон.

Ихэмсэг бардам зан, догшин хилэнгийнх нь тухай дуулсан.

Гэвч түүний сайрхал хоосон.

 7 Тиймээс Моаб өөрийгөө хараад уйлна.

Моабчууд бүгд уйлна.

Ялагдсан хүмүүс Кир-харесетийн үзмийн шахмалыг бодож гашуудна.

 8 Учир нь Хешбоны талбай хатаж,

Сибмагийн усан үзмийн мод гандсан.

Үндэстнүүдийн удирдагчид ув улаан* мөчрийг нь гишгэчсэн.

Мөчрүүд нь Иазер хүрч,

Зэлүүд газар хүртэл салаалсан.

Нахианууд нь тэнгис хүртэл сунасан.

 9 Би Иазерын хойноос гашуудсан шигээ Сибмагийн усан үзмийн хойноос гашуудна.

Хешбон ба Елеале минь ээ, би нулимсаараа та нарыг норгоно.

Яагаад гэвэл зуны жимс, ургацын чинь төлөөх хашхираан намдсан*.

10 Жимсний цэцэрлэгт хойшид баяр хөөр, хөгжөөн баясал үгүй болно.

Усан үзмийн цэцэрлэгт баярын дуу, чимээ шуугиан байхгүй болно.

Усан үзэм гишгэж дарс хийдэг хүн байхгүй болно.

Учир нь би хашхирааныг намжаасан.

11 Тиймд Моабаас болж сэтгэл минь үймэн

Босоо ятгын чавхдас шиг доргиж байна.

Сэтгэл зүрх минь тэр аяараа Кир-харесетийн хойноос гашуудаж байна.

12 Моаб өндөр газар луу ядартлаа явж, өөрийн сүмд залбирахаар орсон ч тусыг эс олно.

13 Энэ бол Моабын талаар Еховагийн хэлж байсан үг юм. 14 Одоо Ехова ийн айлдаж байна. «Яг гурван жил өнгөрөхөд* Моабын суу алдар гутаагдаж, асар их үймээн самуун болно. Үлдсэн хүмүүс нь маш цөөхөн, сул дорой болно».

17 Дамаскийг шүүх тухай мэдээ.

«Дамаск нь хот байхаа больж

Балгас болно.

 2 Ароерын хотууд орхигдож

Мал сүрэг хэвтдэг газар болно.

Хэн ч тэднийг айлгахгүй.

 3 Ефраимын бэхлэгдсэн хотууд үгүй болно.

Дамаскт хаант улс гэж байхгүй болно.

Сирийн үлдэгсдийн алдар

Израйлчуудынх шиг болно» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.

 4 «Тэр өдөр Иаков алдар хүндгүй болж,

Эрүүл чийрэг бие нь турж эцнэ.

 5 Рефаимын хөндий дэх талбайгаас ургац хураасны дараа

Түүж цуглуулах тариа цөөхөн үлддэг шиг

Иаков тийм байх болно.

 6 Чидун жимсний модыг цохисны дараа

Түүх жимс цөөхөн үлдэнэ.

Хамгийн өндөр мөчир дээр нь хоёр гуравхан чидун жимс,

Жимс гаргадаг мөчрүүд дээр нь дөрөв тавхан жимс үлдэнэ» гэж Израйлын Бурхан Ехова тунхаглаж байна.

7 Тэр өдөр хүн Бүтээгчээсээ тусламж эрж, Израйлын Ариун Нэгэнд найдна. 8 Өөрийн гараар бүтээсэн тахилын ширээнд найдахгүй. Гар хуруугаараа хийсэн ариун шон*, утлагын тавиурыг царайчлахгүй.

 9 Бэхлэгдсэн хотууд нь тэр өдөр ойд хаягдсан суурин мэт болно.

Израйлчуудаас болоод орхиж хаясан мөчир шиг болно.

Эзгүй газар болно.

10 Чи* аврагч Бурхнаа мартсан.

Өөрийн Цайз, өөрийн Хадыг санаагүй.

Тийм ч учраас чи сайхан цэцэрлэг байгуулан

Харийн нутгаас* суулгац авчирч тарьдаг.

11 Өдөр нь чи цэцэрлэгээ хичээнгүйлэн хашаалж,

Өглөө нь үрээ соёолуулавч

Өвчин тусаж, түүндээ зовуурилан шаналахын цагт ургац чинь алга болно.

12 Олон ард түмний шуугилдахыг сонсоцгоо!

Тэд догшрох далай шиг шуугилдаж байна.

Үндэстнүүдийн үймэлдэхийг сонсоцгоо!

Тэдний дуу их усны нүргээн шиг сонсогдоно.

13 Үндэстнүүд их усны нүргээн шиг чимээ гаргана.

Бурхан тэднийг зэмлэхэд тэд алс хол зугтаж

Уулан дээр хийсэх хивэг шиг,

Шуурганд туугдах хамхуул* шиг болно.

14 Үдэш нь гай зовлон учирч

Өглөө гэхэд тэд үгүй болсон байна.

Энэ бол биднийг тоногчдын хүртэх хувь,

Биднийг дээрэмдэгчдийн авах шан юм.

18 Етиопын гол мөрний дагуух

Шавжны далавчны чимээгээр дүүрсэн нутаг золгүй еэ!

 2 Тэрбээр элч төлөөлөгчдөө папирусан завинд суулгаад

Далайгаар явуулахдаа

«Шуурхай элч нар минь яв.

Өндөр нуруутай, зөөлөн арьстай,

Газар сайгүй хүмүүсийг айлгасан,

Эзлэн түрэмгийлэгч, хүчирхэг үндэстэн рүү,

Хөрс шороо нь голын усанд идэгдсэн нутагтай үндэстэн рүү оч» гэж хэлдэг.

 3 Газар нутагт оршин суугчид аа, дэлхий дээр амьдран суугч бүгд ээ,

Та нар уулан дээр босгосон туг шиг зүйлийг харна.

Эвэр бүрээн дуу шиг дууг сонсоно.

 4 Ехова надад ингэж айлдав.

«Би тайван байж, орших газар луугаа* харна.

Энэ нь жин үдэд төөнөх халуун шиг,

Ургац хураалтын үеийн халуунд буух шүүдэр шиг байх болно

 5 Ургац хураахын өмнө,

Цэцэг нь унаж усан үзэм нь боловсроход

Мөчрийг нь хутгаар огтолно.

Ороонгыг нь тайрч хаяна.

 6 Тэдний хүүр уулын махчин шувуу,

Газрын араатнуудын идэш болно.

Махчин шувууд зунжин тэднийг зулгаана.

Газрын бүх араатан ургац хураалтын улиралд тэднээр хооллоно.

 7 Тэр цагт өндөр нуруутай, зөөлөн арьстай,

Газар сайгүй хүмүүсийг айлгасан,

Эзлэн түрэмгийлэгч, хүчирхэг үндэстэн,

Хөрс шороо нь голын усанд идэгдсэн нутагтай үндэстэн

Тэнгэрийн цэргийн жанжин Еховад бэлэг авчирна.

Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн нэр байдаг Сион ууланд бэлэг авчирна».

19 Египетийг шүүх тухай мэдээ.

Ехова үүл хөлөглөн Египет рүү хурдлан явж байна.

Египетийн ямар ч хэрэггүй бурхад түүнээс айн чичирнэ.

Египетчүүдийн зүрх үхнэ.

 2 «Би египетчүүдийг өөрсдийнх нь эсрэг турхирна.

Тэд нэг нэгэнтэйгээ тулалдана.

Хүн бүр ах дүүтэйгээ, хөрштэйгөө тэмцэлдэнэ.

Хот нь хоттой, хаант улс нь хаант улстай байлдана.

 3 Египетчүүд үймэлдэн сандарна.

Би тэдний төлөвлөгөөг будилаантуулна.

Тэд ямар ч хэрэггүй бурхдад хандана.

Шидтэн, сүнс дуудагч, мэргэч төлөгч нараас асууна.

 4 Би Египетийг харгис эзний гарт,

Догшин хааны мэдэлд өгнө» гэж жинхэнэ Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова тунхаглаж байна.

 5 Тэнгисийн ус хатна.

Голын ус ширгэнэ.

 6 Гол мөрөн өмхийрч,

Египет дэх Нилийн сувгууд гүехэн болж, ширгэнэ.

Зэгс, хулс нь ялзарна.

 7 Нилийн адаг дахь, Нил мөрний эрэг дагуух ургамал хатна.

Нилийн дагуух, үр суулгасан бүх газар хатна.

Тэр бүхэн салхинд хийсэж, үгүй болно.

 8 Загасчид гашуудна.

Нил мөрөнд дэгээ шидэгчид энэлэн шанална.

Усан дээр тор хаягчид цөөрнө.

 9 Маалинга боловсруулагчид,

Цагаан даавуу нэхэгчид шившиг болно.

10 Нэхмэлчид нь цөхөрч,

Хөлсний ажилчид нь гашуудна.

11 Зоаны ноёд мунхаг.

Фараоны хамгийн мэргэн зөвлөгчид нь буруу зөвлөгөө өгдөг.

Та нар фараонд өөрсдийгөө

«Ухаант мэргэдийн үр сад,

Эртний хаадын удам» гэж яаж хэлж чадаж байна аа?

12 Тэгвэл мэргэд чинь хаана байна вэ?

Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Египетэд юу хийхээр төлөвлөснийг тэд чамд хэлэг л дээ.

13 Зоаны ноёд мунхаг юм хийсэн.

Нофын* ноёд хууртсан.

Овгуудынх нь тэргүүнүүд Египетийг төөрөлдүүлсэн.

14 Ехова Египетийг самууруулж,

Удирдагчид нь Египетийг бүрмөсөн төөрөлдүүлэв.

Египет бөөлжсөн дээрээ халтирдаг согтуу хүн шиг болов.

15 Дээдэс доодос*, агуу өчүүхэн* хэн боловч

Египетийн төлөө юу ч хийж чадахгүй болно.

16 Тэр өдөр Египет тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн занаж далайсан мутраас айн чичирч, эмэгтэй хүн шиг болно. 17 Иудагийн нутаг Египетийг айдаст автуулна. Египетчүүд Иудагийн нэрийг сонсоод л айна. Учир нь тэнгэрийн цэргийн жанжин Ехова өөрсдийнх нь эсрэг шийдвэр гаргасан юм.

18 Тэр өдөр Египетийн таван хотынхон Канааны хэлээр* ярьж, тэнгэрийн цэргийн жанжин Еховад үнэнч байхаа тангараглана. Нэг хотыг нь Сүйрлийн хот гэж нэрлэнэ.

19 Тэр өдөр Египет нутгийн төвд Еховагийн тахилын ширээг, хил дээр нь Еховагийн хүндэтгэлийн баганыг босгоно. 20 Энэ нь Египет нутагт тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн тухай гэрчлэл, тэмдэг болно. Хүмүүс дарлагчдаас болж Ехова руу хашхирахад тэрбээр тэдэн рүү аврагчийг, агуу нэгнийг явуулна. 21 Ехова египетчүүдийн дунд алдаршина. Египетчүүд Еховаг тэр өдөр мэддэг болно. Тэд тахил өргөж, бэлэг барин, Еховад тангараглаж, түүнийгээ биелүүлнэ. 22 Ехова Египетийг шийтгэнэ. Шийтгээд эдгээнэ. Тэд Ехова руу буцаж ирнэ. Тэрбээр гуйлтыг нь сонсож, тэднийг эдгээнэ.

23 Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болно. Ассиричууд Египетэд, египетчүүд Ассирид очно. Египетчүүд ассиричуудтай хамт Бурханд үйлчилнэ. 24 Тэр өдөр Израйл нь Египет болон Ассиритай нэгдэж, дэлхийн төв дэх ивээл болно. 25 Учир нь тэнгэрийн цэргийн жанжин Ехова тэднийг ерөөж «Миний ард түмэн Египет, миний мутрын бүтээл Ассири, миний өмч Израйл ивээл хүртэнэ» гэж хэлнэ.

20 Ассирийн хаан Саргон цэргийн жанжнаа* Ашдод руу илгээжээ. Тэр жил цэргийн жанжин нь Ашдод руу дайрч, эзлэн авав. 2 Тэгэхэд Ехова Амозын хүү Исаиад «Явж биеэсээ таараа, хөлөөсөө сандаалаа тайл» гэж хэллээ. Исаиа хэлсэн ёсоор нь гүйцэтгэж шалдан*, хөл нүцгэн явах болжээ.

3 Дараа нь Ехова ийн хэлэв. «Миний зарц Исаиа Египет ба Етиопт тэмдэг, анхааруулга болж гурван жил шалдан, хөл нүцгэн явсан шиг 4 Ассирийн хаан Египет болон Етиопоос олзолсон хүмүүсээ хүүхэд хөгшидгүй шалдан, хөл нүцгэн явуулж, өгзгийг нь ил гарган Египетийг гутаана. 5 Тэд* айж, найдвар болсон Етиопоосоо, бахархал болсон Египетээсээ ичнэ. 6 Эрэг хавийн энэ нутгийн оршин суугчид тэр өдөр “Найдаж байсан улсад маань юу тохиолдсоныг хар даа! Уг нь бид Ассирийн хаанаас мултрах гэж аврал эрэн тийшээ зугтсан шүү дээ. Тэгэхээр одоо бид яаж аврагдах юм бэ?” гэж хэлнэ».

21 Тэнгис мэт харагдах зэлүүд газрыг* шүүх тухай мэдээ.

Өмнөд нутгаар дайрахдаа тааралдсан бүхнээ хуу хамах шуурга мэт гамшиг

Зэлүүд газраас, аймшигт нутгаас ирж байна.

 2 Би нэгэн аймшигт үзэгдэл үзэв.

Урвагч нь итгэл эвдэж,

Сүйтгэгч нь устгаж байна.

Елам аа, давш! Медиа, бүсэл!

Би түүний учруулсан бүх зовлонг арилгана.

 3 Энэ үзэгдлээс болж би ихэд шаналсан юм.

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ дуншиж өвддөгийн адил

Би их зовсон.

Шаналснаасаа болж юу ч сонсохгүй,

Хямарснаасаа болж юу ч харахгүй байна.

 4 Зүрх минь чичирч, би айсандаа дагжина.

Хүсэж байснаар минь орой болсон ч би айдаст автав.

 5 Ширээ засаж суудал бэлд!

Идэж уу!

Ноёд оо, босож бамбайг* тосол!

 6 Ехова надад

«Явж, харуул гарга. Тэр юу харснаа хэлэг» гэж айлдав.

 7 Тэрбээр дайны тэрэгнүүдийг харав.

Тэдгээр нь хос морьд хөллөсөн,

Илжиг хөллөсөн,

Тэмээ хөллөсөн тэрэг байлаа.

Тэрбээр алсыг ширтэн анхааралтай харав.

 8 Дараа нь тэрбээр арслан архирах мэт чанга хашхиран ийн хэлэв.

«Ехова минь ээ, би өдөржин харуулын цамхаг дээр зогсож байна.

Шөнө бүр харуулын байрандаа байна.

 9 Хэн ирж байгааг хараач!

Хос морьд хөллөсөн дайны тэрэгтэй эрчүүд!» гэлээ.

Дараа нь тэрбээр чанга дуугаар

«Тэр уналаа! Вавилон уналаа!

Бурхдынх нь бүх сийлмэл хөрөг газар унаж бут үсэрлээ!» гэж хэлэв.

10 Гишгэгдсэн тариа мэт ард түмэн минь ээ,

Миний* үтрэмээс гарсан бүтээгдэхүүн минь ээ,

Би та нарт Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Еховагаас сонссоноо дамжууллаа.

11 Думаг* шүүх тухай мэдээ.

Сеирээс нэг хүн над руу хашхирч

«Харуул аа, өглөө болтол хэр удах вэ?

Харуул аа, өглөө болтол хэр удах вэ?» гэж асуув.

12 Харуул хариулан

«Өглөө болж байна. Бас шөнө болно.

Асуумаар байвал асуу.

Дахиад ирээрэй!» гэж хэлэв.

13 Цөлөрхөг хээрийг* шүүх тухай мэдээ.

Деданы жинчид ээ,

Та нар цөлөрхөг хээрийн модон дунд хоног төөрүүлнэ.

14 Темагийн оршин суугчид та нар

Цангасан нэгнийг устай угтагтун.

Зугтаж яваа нэгэнд талх аваачигтун.

15 Учир нь тэд илднээс, сугалсан илднээс,

Нум сумнаас, аймшигт дайнаас зугтсан юм.

16 Ехова надад ийн айлдав. «Яг нэг жил өнгөрөхөд* Кедарын бүх суу алдар үгүй болно. 17 Кедарын дайчдаас үлдэх харваач цөөхөн байх болно. Учир нь Израйлын Бурхан Ехова үүнийг айлдсан юм».

22 Үзэгдлийн хөндийн* тухай тунхаглал.

Юу болсон бэ? Оршин суугчид чинь яагаад дээвэр дээр гарсан бэ?

 2 Түм түжигнэж бум бужигнасан, хөөр баяслаар дүүрэн байсан хот чи

Үймээн самуунд автжээ.

Алагдагсад чинь илдэнд үхээгүй,

Тулалдаанд үрэгдээгүй.

 3 Дарангуйлагчид чинь бүгдээрээ хамт зугтав.

Тэднийг олзлохын тулд нум сум харвах ч хэрэггүй байсан.

Тэд алс хол зугтсан ч

Баригдсан бүхэн нь хоригдол болов.

 4 Тиймээс би ийн хэлэв. «Над руу битгий хар.

Би гашуунаар уйлна.

Миний ард түмний охин* устгагдсан учир

Намайг тайвшруулах гэсний хэрэггүй.

 5 Учир нь энэ бол Үзэгдлийн хөндийд

Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн учруулах

Төөрөгдөл, ялагдал, айдсын өдөр юм.

Тэнд хана нурж,

Хашхирах дуу ууланд хүрнэ.

 6 Елам саадгаа авч

Тэрэгт цэрэг, морьт цэргээ аваад явав.

Кир бамбайгаа барив.

 7 Хамгийн сайн хөндийнүүд чинь

Дайны тэрэгнүүдээр дүүрнэ.

Морьтнууд дааман хаалганы дэргэд байраа эзэлнэ.

 8 Иуда хамгаалалтгүй болно.

Тэр өдөр та нар Ойн байшингийн зэвсэгт найдах болно. 9 Давидын хотын хэрэмд олон цөмөрхий гарахыг та нар харна. Та нар доод цөөрөмд ус нөөцөлнө. 10 Тэгээд Иерусалимын байшингуудыг тоолно. Мөн хотын хэрмийг бэхлэхийн тулд тэдгээр байшинг нураана. 11 Та нар хоёр хананы дунд усан сан хийж, хуучин цөөрмөөс ус юүлнэ. Гэвч та нар үүнийг бүтээсэн Агуу Нэгнийг анзаарахгүй, үүнийг аль эртнээс санаж зорьсон Нэгнийг харахгүй.

12 Уйлж гашуудахыг,

Үсээ хусаж, таар нөмрөхийг

Тэр өдөр Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова та нараас шаардана.

13 Гэвч та нар баяр тэмдэглэж, баясан цэнгэдэг.

Үхэр төхөөрч, хонь нядалдаг.

Мах идэж, дарс уудаг.

“Бүгдээрээ маргааш үхэхээс хойш идэж ууцгаая” гэдэг».

14 Тэгтэл тэнгэрийн цэргийн жанжин Ехова: «“Та нарыг үхэн үхтэл нүгэл чинь цайрахгүй” гэж хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна» гэж надад хэлэв.

15 Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна. «Ордны даамал, нярав Шебна руу очиж 16 “Энд чиний мэдлийн юм байна уу? Өөртөө булш бунхан хийх эрхийг хэн чамд өгөв?” гэж хэл. Тэрбээр оршуулах газраа толгод дээр ухаж байна. Өөрийнхөө булшийг хадан дунд бэлдэж байна. 17 “Хүн ээ, чамайг Ехова хайр найргүй чулуудаж, чанга зуурч авна. 18 Тэрбээр чамайг чанга ороож, уудам газарт бөмбөг мэт шиднэ. Тэнд чи үхэж, тансаг тэрэгнүүд чинь үлдэхэд эзний чинь гэр бүл гутамшиг болно. 19 Би чамайг албан тушаалаас чинь огцруулж, ажлын байрнаас чинь хөөнө.

20 Тэр өдөр би Хилкиагийн хүү, өөрийн зарц Елиакимыг дуудан, 21 түүнд чиний ёслолын хувцсыг өмсгөж, бүсийг чинь бүслэн, эрх мэдлийг чинь шилжүүлнэ. Тэрбээр Иерусалимын оршин суугчид болон Иудагийн ард түмэнд эцэг шиг нь болно. 22 Би Давидын гэрийн түлхүүрийг түүний мөрөн дээр тохно. Түүний нээсэн хаалгыг хэн ч хаахгүй, түүний хаасан хаалгыг хэн ч нээхгүй. 23 Би түүнийг бат бөх хананд сайтар хадсан хадаас мэт болгоно. Тэрбээр эцгийнхээ удам угсаанд алдрын сэнтий мэт болно. 24 Ганц хадааснаас жижиг сав суулга, хул аяга, том домбонуудыг бүгдийг нь өлгөдөг шиг, ганц түүнд эцгийнх нь удмын бүх алдар хүнд буюу үр хүүхэд, хойч үе нь найдна.

25 Тэр өдөр бат бөх хананд сайтар хадсан хадаасыг авна. Тэр хадаас хугарч унахад түүнээс өлгөсөн ачаа унан эвдэрч хэмхэрнэ. Учир нь Ехова би өөрөө үүнийг айлдсан юм” хэмээн тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна».

23 Тирийн тухай тунхаглал.

Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйл!

Учир нь боомт устгагдаж, тийшээ орох боломжгүй болсон.

Киттимийн нутгаас үүнийг мэдэгдсэн.

 2 Эргийн оршин суугчид аа, чимээгүй бай!

Та нар тэнгис гаталдаг Сидоны худалдаачдын ачаар баяжсан.

 3 Тэд их ус гатлан Нилийн ургац буюу

Шихорын* үр тариаг авчирсан.

Энэ нь та нарт орлого оруулж, үндэстнүүдэд ашиг өгсөн.

 4 Тэнгисийн дэргэдэх бэхлэгдсэн хот Сидон оо, ичигтүн!

Учир нь тэнгис:

«Би төрөхийн зовлон үзээгүй, хүүхэд төрүүлж байгаагүй.

Би хөвгүүдийг хүмүүжүүлж, охидыг өсгөж байгаагүй» гэж хэлсэн.

 5 Египетийн тухай мэдээ зовлон шаналал авчирсан шиг

Тирийн тухай мэдээ бас тийм байх юм.

 6 Тэнгис гатлан Таршиш руу яв!

Эргийн оршин суугчид аа, гашуудан уйл!

 7 Энэ чинь танай хот мөн үү? Дээр үеэс, бүр анхнаасаа баяр хөөртэй байсан хот биз дээ?

Алс холын нутгуудад хөл тавьж, эзэгнэн суудаг байсан хот биз дээ?

 8 Наймаачин ноёдтой,

Дэлхийд хүндлэгдсэн худалдаачидтай,

Хаадыг томилогч Тирийн эсрэг

Хэн энэ шийдвэрийг гаргасан бэ?

 9 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийм шийдвэр гаргасан юм.

Ингэснээр Тир гоо үзэсгэлэндээ эрдэхгүй бөгөөд

Дэлхий дахинд хүндлэгдсэн хүмүүс нь шившиг болох юм.

10 Таршишийн хүмүүс ээ*, нутгаараа Нил мөрөн шиг дайран өнгөр.

Хөлөг онгоцны үйлдвэр* байхгүй болсон.

11 Ехова тэнгисийн дээгүүр мутраа сунгаж

Хаант улсуудыг сэгсэрсэн.

Тэрбээр Фойникийн цайзуудыг устгах тушаал өгсөн.

12 Тэгээд «Дарлагдсан Сидоны хүмүүс ээ*,

Та нар хойшид баярлахгүй.

Босоод тэнгис гатлан Киттим рүү яв.

Тэнд ч чи амар заяа үзэхгүй» гэж хэлэв.

13 Халдейчуудын нутгийг хар.

Ассиричууд бус, харин энэ ард түмэн үүнийг

Цөлийн амьтдын нутагладаг газар болгосон.

Тэд бүслэлтийн цамхгууд босгож,

Бэхлэгдсэн цамхгуудыг нь нураан

Балгас болгов.

14 Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйл!

Учир нь та нарын цайз устгагдсан.

15 Тэр өдрөөс эхлэн Тир 70 жил мартагдана. Энэ нь нэг хааны амьдрах хугацаа юм. Янхны дуунд гардаг шиг зүйл 70 жилийн эцэст Тирт тохиолдоно.

16 «Мартагдсан янхан аа, босоо ятгаа аван хотоор яв.

Босоо ятгаа эгшиглүүл.

Олон дуу дуулбал

Тэд чамайг санана».

17 Ехова Тирийг 70 жилийн эцэст санана. Тир дэлхийн бүх хаант улстай завхайрч мөнгө авна. 18 Биеэ үнэлээд олж авсан мөнгө нь Еховагийн хувьд ариун байх юм. Тэдгээрийг хуримтлуулахгүй, хадгалахгүй. Яагаад гэвэл түүний олсон орлогыг Еховагийн ард түмэнд зориулна. Тэд цадталаа идэж, сайхан хувцаслана.

24 Ехова энэ газрыг* хоосруулж, сүйрүүлж байна.

Тэрбээр дэлхийг хөмрөн*, оршин суугчдыг нь тараадаг.

 2 Бүх хүнд нэг л зүйл тохиолдоно.

Ард түмэн ба тахилч,

Боол ба эзэн,

Шивэгчин ба эзэгтэй,

Худалдан авагч ба худалдагч,

Зээлдэгч ба зээлдүүлэгч,

Өртөн ба авлагатан бүгд ялгаагүй.

 3 Газар нутаг бүрмөсөн хоосорч,

Юу ч үгүй тоногдоно.

Учир нь Ехова үүнийг айлдсан юм.

 4 Газар нутаг гашуудаж*, тамир нь тасарч байна.

Үржил шимтэй газар хатаж, тэнхээ нь барагдаж байна.

Ихэс дээдэс нь ядарч сульджээ.

 5 Оршин суугчид нь газар нутгаа бузарлажээ.

Тэд хуулийг үл тоомсорлож,

Тогтоолыг өөрчилж,

Үүрдийн* гэрээг зөрчсөн.

 6 Тиймээс газар нутгийг хараал идэж,

Оршин суугчид нь буруутайд тооцогдсон.

Тиймээс оршин суугчид нь хорогдож,

Тун цөөхөн хүн үлдсэн.

 7 Шинэ дарс гашуудан уйлж*, усан үзмийн мод хувхайрав.

Баярлаж байсан хүмүүс санаа алдаж байна.

 8 Хэнгэргийн баясгалант дуу тасарч,

Найрлагчдын чимээ шуугиан намжиж,

Босоо ятгын цоглог ая зогсов.

 9 Тэд дарс уувч дуу дуулахгүй.

Ууж байгаа архи нь гашуун амтагдах аж.

10 Эзгүйрсэн хот сүйрч,

Байшин болгон нь цоожтой, хэн ч орох аргагүй болжээ.

11 Дарс нэхсэн хүмүүс гудамжинд хашхиралдаж байна.

Хөгжил хөөр үгүй болж

Баяр баясгалан тэр нутгийг орхижээ.

12 Хот нь балгас хэвээрээ үлджээ.

Дааман хаалга нь эвдэрч, овоорсон хог болжээ.

13 Үндэстнүүдийн дундах миний ард түмэн энэ нутагт

Чидун модыг түншсэний дараа үлдсэн жимс шиг,

Усан үзэм хураасны дараах үлдэгдэл шиг байх болно.

14 Тэд чанга дуугаар

Баярлан хашхирна.

Тэнгисээс* Еховагийн цог жавхланг тунхаглана.

15 Гэрлийн нутагт* Еховаг алдаршуулна.

Арлуудад Израйлын Бурхан Еховагийн нэрийг алдаршуулна.

16 «Зөв Нэгэн алдаршиг!» хэмээн

Дэлхийн хязгаараас дуулж байхыг бид сонслоо.

Гэвч би: «Ядарч байна. Надад хүч алга.

Ямар хэцүү юм бэ! Урвагчид урван тэрсэлсэн.

Урвагчид урван тэрсэлж, хууран мэхэлсээр байна» гэж хэлэв.

17 Энэ газрын оршин суугчид аа, та нарыг айдас, нүх, урхи занга хүлээж байна.

18 Айдас төрүүлэм дуунаас зугтсан нь нүхэнд унаж,

Нүхнээс гарсан нь урхинд орно.

Тэнгэр дэх усны хаалтууд нээгдэж,

Газрын суурь ганхана.

19 Газар хага ярагдан,

Доргин чичирч,

Хүчтэй хөдлөв.

20 Энэ нутаг согтуу хүн шиг гуйвж

Салхинд савлах овоохой шиг нааш цааш найгадаг.

Нүгэл хилэнц нь улам хүнд болж байгаа учир

Унаад дахин хэзээ ч босохгүй.

21 Тэр өдөр Ехова тэнгэрийн дайчид,

Газрын хаадад анхаарлаа хандуулна.

22 Хоригдлуудыг нүхэнд бөөгнүүлдэг шиг

Тэднийг цуглуулж,

Нүхэн шоронд хорино.

Олон хоногийн дараа тэдэнд анхаарлаа хандуулна.

23 Тэргэл сар ичиж,

Гэрэлт нар нэрэлхэнэ.

Учир нь тэнгэрийн цэргийн жанжин Ехова Сион уул хийгээд Иерусалимд Хаан болжээ.

Ард түмнийхээ ахлагчдын өмнө алдаршжээ.

25 Ехова минь ээ, та миний Бурхан билээ.

Таныг өргөмжилж, нэрийг тань магтъя.

Та гайхалтай зүйлсийг хийсэн.

Тэдгээрийг та эртнээс санаж зорин

Итгэмжтэй, найдвартай хийсэн.

 2 Та хотыг чулуун овоо,

Бэхлэгдсэн хотыг балгас болгосон.

Харийн хүмүүсийн цамхаг хот байхаа больсон.

Дахин хэзээ ч сэргээн босгогдохгүй.

 3 Тиймээс хүчирхэг үндэстэн таныг алдаршуулж,

Харгис түрэмгий үндэстнүүдийн хот танаас эмээнэ.

 4 Та дорд хүмүүст бат цайз,

Зовж зүдэрсэн ядууст өмөг түшиг,

Ширүүн борооноор хоргодох газар,

Гангийн халуунаас халхлах сүүдэр нь болсон.

Харгис түрэмгий хүмүүс хана хэрмийг нүдэх ширүүн бороо шиг хилэгнэхэд

 5 Та тэдгээр үл таних хүмүүсийн шуугианыг намжаадаг нь

Хатаж ангасан газрын төөнөм халууныг дарах лугаа адил юм.

Үүлний сүүдэрт халуун дарагддаг шиг

Харгис түрэмгий хүмүүсийн дуулах дуу намждаг.

 6 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова энэ уулан дээр бүх ард түмэнд зориулж найр хийнэ.

Элбэг дэлбэг хоолтой,

Сайн чанарын дарстай,

Чөмөг ихтэй тансаг хоолтой,

Сайтар шүүсэн хамгийн сайн дарстай найр болно.

 7 Энэ уулан дээр тэрбээр бүх ард түмнийг хучсан бүтээлгийг авч,

Бүх үндэстнийг нөмөрсөн даавууг хуулна.

 8 Тэрбээр үхлийг нэгмөсөн залгина.

Хэмжээгүй эрхт Эзэн Ехова бүх хүний нулимсыг арчиж,

Дэлхий дахинд гутамшиг болж байсан ард түмнээ гутамшгаас нь салгана.

Учир нь Ехова өөрөө үүнийг айлдсан юм.

 9 Тэр өдөр хүмүүс:

«Энэ бол бидний Бурхан.

Бид түүнд найдсан.

Тэр биднийг аварна.

Энэ бол Ехова.

Бид түүнд найдсан.

Тэр биднийг аварсан тул баярлан баясацгаая» гэж хэлнэ.

10 Еховагийн мутар энэ уулан дээр байх болно.

Өтөг бууцтай холилдон гишгэгдсэн сүрэл адил,

Моаб байран дээрээ гишгэгдэнэ.

11 Хүн сэлэхдээ ус алгаддагийн адил

Тэрбээр мутраа сунган Моабыг алгадна.

Мутрынхаа уран хөдөлгөөнөөр

Түүний бардам занг номхруулна.

12 Хамгаалалтын өндөр ханатай бэхлэгдсэн хотыг чинь

Тэрбээр нурааж,

Газартай тэгшилж, шороонд хутгана.

26 Тэр өдөр Иудагийн нутагт ийм дуу дуулна.

«Бидэнд хүчирхэг хот бий.

Бурхны аврал бол хана хэрэм, хамгаалалт адил юм.

 2 Дааман хаалгыг нээн зөв шударга үндэстнийг,

Бурханд үнэнч үндэстнийг оруул.

 3 Танд бүрэн найддаг* хүмүүсийг та хамгаалж

Тэдэнд дуусашгүй амар тайвныг өгнө.

Учир нь тэд танд найддаг.

 4 Еховад үүрд итгэж найд.

Учир нь Яа* Ехова бол мөнхийн Хад.

 5 Тэрбээр өндөрт оршин суугчдыг, ихэмсэг хотыг дорд болгосон.

Тэрбээр түүнийг доош нь буулгаж,

Доош газарт буулгаж

Шороотой хутгана.

 6 Тэр нь хөлд гишгэгдэнэ.

Зовж буй хүмүүсийн, дорд хүмүүсийн хөлд гишгэгдэнэ».

 7 Зөв хүний зам шулуун шударга*.

Та шулуун шударга учир

Зөв хүний замыг дардан болгоно.

 8 Ехова минь ээ, бид таны шударга ёсны замаар явахдаа

Танд найддаг.

Бид таны нэрийг эрхэмлэж, нэр тань дурсагдаасай гэж хүсдэг.

 9 Шөнө нь би хамаг сэтгэлээрээ таныг хүсэмжилнэ.

Зүрх сэтгэлээрээ тан руу тэмүүлнэ.

Та дэлхийг шүүх үед

Оршин суугчид нь зөв шударгыг сурдаг.

10 Та нүгэлтэнд өршөөл үзүүлсэн ч

Тэрбээр зөв шударгыг сурахгүй.

Харин ч зөв шударга хүмүүсийн амьдардаг газар нүгэл үйлдэнэ.

Тэрбээр Еховагийн сүр жавхланг харахгүй.

11 Ехова минь ээ, та мутраа өргөсөн ч тэд харахгүй.

Ард түмнийхээ төлөө зүтгэл гаргадгийг тань тэд хараад шившиг болно.

Дайснууддаа бэлдсэн гал тань тэднийг залгина.

12 Ехова минь ээ, та бидэнд амар тайвныг өгнө.

Бидний хийсэн бүхэн бол

Та ивээсний ач юм.

13 Бидний Бурхан Ехова минь ээ, өөр эзэд биднийг захирсан ч

Бид зөвхөн таны нэрийг дууддаг.

14 Тэд үхсэн, цаашид амьдрахгүй.

Хүчгүй тэд өндийж босохгүй.

Та тэднийг устгаж, дурсамжийг нь арилгахын тулд

Тэдэн рүү анхаарлаа хандуулсан.

15 Ехова минь ээ, та энэ үндэстнийг өнөр өтгөн болгосон.

Энэ үндэстнийг өнөр өтгөн болгож

Өөрийгөө алдаршуулсан.

Та энэ нутгийн хил хязгаарыг бүхэлд нь тэлсэн.

16 Ехова минь ээ, тэд зовох цагтаа танд хандсан.

Та тэднийг сахилгажуулахад тэд чин сэтгэлээсээ шивнэн залбирсан.

17 Амаржих гэж буй жирэмсэн эмэгтэй

Дуншиж өвдсөндөө орилж хашхирдаг.

Ехова минь ээ, биднийг та тийм болгосон.

18 Бид жирэмслэн, дуншиж өвдсөн боловч

Салхийг төрүүлсэнтэй адил байлаа.

Бид энэ нутгийг аварч чадаагүй.

Энд оршин суух хүмүүсийг ч төрүүлээгүй.

19 «Үхэгсэд чинь амьдарна.

Миний ард түмний цогцсууд* босно.

Шороонд хэвтэгчид ээ,

Сэрж, баяртайгаар хашхир!

Учир нь та нар дээр буудаг шүүдэр бол өглөөний шүүдэр* адил юм.

Газар нь үхэгсдийг гаргахад тэд амилна.

20 Ард түмэн минь ээ, өрөөнүүддээ ороод

Хаалгаа хаа.

Уур хилэн* намжтал

Хэсэг зуур нуугд.

21 Ехова гэрээсээ гарч ирэн

Газрын оршин суугчдаас нүглийнх нь хариуцлагыг нэхэх гэж байна.

Газарт асгарсан цус илчлэгдэнэ.

Алагдсан хүмүүсийг газар хойшид нуухгүй».

27 Тэр өдөр Ехова хурц, том, бөх илдээ бариад

Гулсагч могой левиатан* руу,

Мушгирагч могой левиатан руу дайрч

Далайн энэ мангасыг ална.

 2 Тэр өдөр түүнд* ингэж дуул.

«Дарс өгдөг усан үзмийн нэгэн цэцэрлэгийг

 3 Ехова би хамгаалж

Хором мөч бүрд усалдаг.

Хэн ч хор бүү учруулаасай гэсэндээ

Өдөр шөнөгүй хамгаалдаг.

 4 Одоо би уурлаагүй байна.

Замыг минь өргөст бут, хогийн ургамлаар хааж намайг эсэргүүцэн тулалдах хэн байна вэ?

Би тэдгээрийг гишгэчиж, бүгдийг нь галд шатаана.

 5 Тийм болмооргүй байвал миний цайзад хоргодож

Надтай эвлэрэг.

Надтай эвлэрэг».

 6 Ирээдүйд Иаков үндэслэж,

Израйл цэцэглэн соёолж

Газар нутгийг үр жимсээрээ дүүргэнэ.

 7 Түүнийг ч бас тэгж их хайр найргүй зодох ёстой гэж үү?

Түүнийг ч бас тийм харгис хэрцгийгээр хөнөөх ёстой гэж үү?

 8 Та заналтайяа хашхирч түүнтэй тэмцэлдэн түүнийг хөөж явуулна.

Та дорнын салхи шиг догшин хилэнгээрээ түүнийг хөөнө.

 9 Ийнхүү Иаковын хэрэг цагаатгагдаж

Нүгэл хилэнц нь уучлагдахад дараах зүйл тохиолдоно.

Та тахилын ширээний бүх чулууг

Шохойн чулуу шиг бутална.

Ариун шон* ч, утлагын тавиур ч үлдэхгүй.

10 Бэхлэгдсэн хот нь эзгүйрч,

Бэлчээр нь хаягдан зэлүүд газар шиг болно.

Тэнд тугал идээшлэн хэвтэж

Модны мөчир иднэ.

11 Мөчир нь хатахад

Эмэгтэйчүүд ирж хугачаад

Гал түлнэ.

Энэ ард түмэн юу ч ойлгодоггүй.

Тийм учраас Бүтээгч нь тэднийг энэрэхгүй.

Бий болгогч нь тэднийг өршөөхгүй.

12 Израйлчууд аа, тэр өдөр Ехова Их мөрний* урсгалаас Египетийн сайр* хүртэлх бүх жимсийг хураана. Тэгэхэд та нар ар араасаа ирж цугларна. 13 Тэр өдөр их эвэр бүрээ үлээхэд Ассирийн нутагт мөхөж байсан хүмүүс, Египетэд тархсан хүмүүс ирж Иерусалим дахь ариун уулан дээр Еховад мөргөнө.

28 Ефраимын архичдын духдуулсан хээнцэр* титэм* золгүй еэ!

Үржил шимт хөндийд байдаг уулан дээрх

Гандаж буй гоёмсог цэцэг золгүй еэ!

 2 Еховад хүч чадал, тамир тэнхээ ихтэй нэгэн бий.

Тэрбээр энэ титмийг газарт хүчтэй шиднэ.

Энэ нь аянга цахилгаан, мөндөртэй аадар бороо, сүйтгэгч салхи шуурга мэт,

Үер дагуулсан аянга цахилгаантай бороо мэт байх юм.

 3 Ефраимын архичдын духдуулсан хээнцэр* титэм

Хөлд гишгэгдэнэ.

 4 Үржил шимт хөндийд байдаг уулан дээрх

Гандаж буй гоёмсог цэцэг

Зун болохоос өмнө боловсорч гүйцсэн инжир мэт байх болно.

Хүн түүнийг харахаараа тасдаж аваад шууд залгиж орхино.

5 Тэр өдөр тэнгэрийн цэргийн жанжин Ехова ард түмнийхээ үлдэгсдэд сүрлэг титэм, гоёмсог цэцгэн хэлхээ болно. 6 Мөн шүүгчдийг шударга шүүдэг болгож, дааман хаалганы дэргэд дайсны довтолгоог няцаагчдад хүч өгнө.

 7 Тахилчид дарснаас болж замаа алдсан.

Зөнчид архинаас болж гуйвж дайвсан.

Тэд архи дарснаас болж замаасаа гарсан.

Дарс уун мансуурч,

Архи уун гуйвдаг.

Үзсэн үзэгдлээсээ болж буруу замаар орон

Зөв шүүн тунгаах чадваргүй болжээ.

 8 Бүх ширээ нь заваан бөөлжсөөр дүүрчээ!

Цэвэр газар нэг ч алга.

 9 Тэд ингэж хэлдэг. «Тэр* хэнд юм заах гээ вэ?

Хэнд мэдээгээ тайлбарлах гээ вэ?

Дөнгөж сая хөхнөөс гарсан нялхаст уу?

Дөнгөж сая эхийнхээ өврөөс салсан балчруудад уу?

10 “Тушаалын араас тушаал, тушаалын араас тушаал.

Журмын араас журам, журмын араас журам*.

Энд жаахан, тэнд жаахан” гэх юм!».

11 Тиймээс Бурхан энэ ард түмэнд ээрүү хүмүүсээр гадаад хэлээр үг хэлүүлнэ. 12 Тэрбээр тэдэнд «Энэ бол амрах газар. Ядарсан нь амраг. Энэ бол сэтгэл сэргээх газар» гэж хэлсэн ч тэд сонсоогүй. 13 Иймээс Еховагийн үг тэдэн дээр биелж

«Тушаалын араас тушаал, тушаалын араас тушаал.

Журмын араас журам, журмын араас журам*.

Энд жаахан, тэнд жаахан» гэдэг нь болно.

Ингээд тэд явж байхдаа

Бүдэрч, арагшаа савж унана.

Гэмтэж бэртэн, хавханд орж, баригдана.

14 Тиймээс Иерусалим дахь энэ ард түмний удирдагчид,

Сайрхагчид та нар Еховагийн үгийг сонс.

15 Та нар:

«Бид үхэлтэй гэрээ байгуулж,

Булштай* хэлэлцээр хийсэн.

Айхтар үер болсон ч

Бид өртөхгүй.

Учир нь бид худлыг хоргодох газраа,

Хуурмагийг нуувчаа болгосон» гэж хэлдэг.

16 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна.

«Би сайтар шалгагдсан нэгэн чулууг Сионд суурь болгон тавина.

Булангийн тэр үнэт чулууг бат бөх суурь болгоно.

Итгэдэг нэг ч хүн айж мэгдэхгүй.

17 Би шударга ёсыг хэмжих шугам,

Зөв шударгыг тэгшлүүр* болгоно.

Худал хэмээх хоргодох газар мөндөрт сүйднэ.

Нуувч үерийн усанд урсана.

18 Үхэлтэй байгуулсан гэрээ чинь цуцлагдаж,

Булштай* хийсэн хэлэлцээр чинь хүчингүй болно.

Айхтар үер болоход

Та нар юу ч үгүй арчигдана.

19 Энэ нь дайран өнгөрөх болгондоо

Та нарыг хаман одно.

Өглөө бүр дайрна.

Өдөр ч, шөнө ч дайрна.

Сонссон зүйлийг нь гагцхүү айдас л тэдэнд ойлгуулна*».

20 Сунаж хэвтэхэд ор нь богинодоод,

Нөмөрч хэвтэхэд хөнжил нь нарийдна.

21 Ехова Перазим уулан дээр боссон шигээ босож,

Гибеоны ойролцоох хөндийд өндийсөн шигээ өндийн

Өөрийн үйлсийг, хачин жигтэй үйлсийг бүтээнэ.

Өөрийн ажлыг, ер бусын ажлыг гүйцэтгэнэ.

22 Одоо шоолж инээхээ боль.

Эс тэгвэл та нарыг хүлсэн хүлээс чангарна.

Учир нь би Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Еховагаас

Бүх газар нутгийг устгахаар шийдсэнийг нь сонссон.

23 Чих тавьж, дуу хоолойг минь сонс.

Анхаарлаа хандуулж, хэлэх үгийг минь сонс.

24 Тариачин үрээ суулгалгүй газраа хагалаад л байх уу?

Хөрсөө сэндийлэн борнойдоод л байх уу?

25 Тэрбээр талбайгаа тэгшилснийхээ дараа

Хар гоньд, ногоон гоньд тарьдаггүй гэж үү?

Улаан буудай, арвай, шар будааг тус тусынх нь газарт суулгаж,

Буудайг* захаар нь тарьдаггүй гэж үү?

26 Бурхан нь түүнд зөв зам заадаг*.

Бурхан нь түүнийг сургадаг.

27 Хар гоньдыг үтрэмийн чаргаар бяцалдаггүй.

Ногоон гоньд дээр тэрэгний дугуй өнхрүүлдэггүй.

Харин хар гоньдыг модоор цохидог.

Ногоон гоньдыг саваагаар савааддаг.

28 Хүн тариа цайруулахдаа талхны төлөө нунтаг болтол нь буталдаг уу?

Үгүй ээ, тэрбээр эцэс төгсгөлгүй цайруулаад байдаггүй.

Морин тэрэгнийхээ дугуйг дээр нь өнхрүүлэхдээ

Тариагаа бяц дайрдаггүй.

29 Энэ зөвлөгөө бас тэнгэрийн цэргийн жанжин Еховагийнх.

Түүний санаа зорилго* гайхамшигтай.

Үйлс нь ямагт бүтэмжтэй.

29 «Давидын цэрэг буудаллаж байсан Ариел*, Ариел хот золгүй еэ!

Он жил улиран өнгөрөг.

Баяруудаа тэмдэглэсээр бай.

 2 Би Ариелд зовлон авчирна.

Тэнд уйлаан майлаан, уй гашуу болно.

Миний хувьд Ариел нь Бурхны тахилын ширээ шиг болно.

 3 Би тал бүрд чинь хуаран байгуулна.

Хашаа босгон чамайг бүсэлнэ.

Чиний эсрэг бэхлэлт босгоно.

 4 Чамайг газар чулуудна.

Газраас чи ярина.

Шороон дотроос яриа чинь бүдэг бадаг сонсогдоно.

Дуу чинь шороон дотроос,

Сүнс дуудагчийнх шиг сонсогдоно.

Үг чинь шороон дотроос бувтнаж сонсогдоно.

 5 Чиний үй олон дайсан нарийн тоос шиг болно.

Үй түмэн дарангуйлагчид салхинд хийсэх хивэг мэт болно.

Энэ нь хормын төдийд, гэв гэнэт болно.

 6 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова

Аянга цахилгаан, газар хөдлөлт, их дуу чимээ,

Хуй салхи, хүчит шуурга, түймэрдэгч галаар чамайг хамгаална».

 7 Тэгэхэд Ариелтай дайтаж буй бүх үндэстэн,

Түүнтэй тулалдаж буй бүхэн,

Түүнийг бүслэн цамхаг босгогчид,

Түүнийг зовоогчид

Зүүд шиг, шөнийн үзэгдэл шиг алга болно.

 8 Өлссөн хүн юм идэж байна гэж зүүдлэх боловч

Өлссөн хэвээрээ сэрнэ.

Цангасан хүн юм ууж байна гэж зүүдлэх боловч

Ядарч эцсэн, цангасан хэвээрээ сэрнэ.

Энэ нь Сион уултай дайтах

Бүх үндэстэнд тохиолдоно.

 9 Гайхаж алмайр.

Нүдээ сохолж сохор бол.

Тэд дарс уугаагүй мөртлөө согтож,

Архи уугаагүй мөртлөө гуйвж байна.

10 Ехова та нарыг гүн нойронд автуулсан.

Тэрбээр та нарын нүд болсон зөнчдийг сохолсон.

Та нарын толгой болсон үзмэрчдийг хараагүй болгосон.

11 Чиний хувьд бүх үзэгдэл лацадсан номын үгс шиг болно. Уншиж чаддаг хүнд тэр номыг өгөөд «Чанга уншиж өгөөч» гэхэд тэрбээр: «Лацтай учир би уншиж чадахгүй» гэж хариулна. 12 Уншиж чаддаггүй хүнд түүнийг өгөөд «Уншаад өгөөч» гэвэл тэрбээр: «Би ерөөсөө уншиж чадахгүй» гэнэ.

13 Ехова ийн айлдаж байна. «Энэ ард түмэн намайг амаараа шүтэж,

Уруулаараа хүндэлдэг.

Гэвч зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг.

Хүнээр заалгасан тушаалдаа үндэслээд л надаас эмээдэг.

14 Тиймээс би энэ ард түмэнд

Гайхаад баршгүй гайхамшгийг дахин үйлдэнэ.

Мэргэн ухаантнуудынх нь мэргэн ухаан мөхөж,

Хэрсүү ухаантнуудынх нь хэрсүү ухаан алга болно».

15 Еховагаас төлөвлөгөөгөө нуух гэж хамаг чадлаараа хичээдэг хүмүүс золгүй еэ!

Тэд харанхуйд юм хийдэг.

Тэгэхдээ «Хэн биднийг харах юм бэ?

Хэн биднийг мэдэх юм бэ?» гэж хэлдэг.

16 Та нар юмыг их мушгих юм аа*!

Ваарчныг шавартай адилтган үзэж болох уу?

Бүтээл нь бүтээгчийнхээ тухай

«Тэр намайг бүтээгээгүй» гэж хэлэх үү?

Хэлбэрт орсон нь хэлбэрт оруулсан нэгнийхээ тухай

«Тэр юу ч мэдэхгүй» гэж хэлдэг үү?

17 Тун удахгүй Ливан жимсний цэцэрлэг болно.

Жимсний цэцэрлэг нь өтгөн ой шиг болно.

18 Тэр өдөр сонсголгүй хүн тэр номын үгийг сонсоно.

Хараагүй хүн харанхуйгаас ангижирч нүд нь юм харна.

19 Дөлгөөн хүмүүс Еховад асар ихээр баярлана.

Хүмүүсийн дундах ядуус Израйлын Ариун Нэгэнд баярлана.

20 Дарангуйлагчид үгүй болж,

Сагсуурагчид эцсээ үзнэ.

Хүн хорлох боломж бүрийг хайгчид устгагдана.

21 Тэд бусдыг хилсээр буруутгадаг.

Хотын хаалган дээр зарга мэдүүлэгчдэд урхи тавьдаг.

Шударга ёсыг үл тоон зөв хүмүүстэй үндэслэлгүй маргадаг.

22 Тиймээс Абрахамыг аварсан Ехова Иаковын үр удамд ийн айлдаж байна.

«Иаков ичихээ болино.

Сэтгэлээр унахаа* болино.

23 Тэд өөрсдийнхөө дундаас

Миний гарын бүтээл болсон үр хүүхдээ харахдаа

Нэрийг минь ариусгана.

Иаковын Ариун Нэгнийг хүндэлнэ.

Израйлын Бурхныг биширнэ.

24 Бодол санаа нь төөрсөн хүмүүс ухаарлыг олно.

Гомдоллодог хүмүүс заавар авна».

30 Ехова ийн тунхаглаж байна. «Зөрүүд хөвгүүд золгүй еэ!

Тэд миний биш, өөрсдийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлдэг.

Миний агуу хүчээр удирдуулалгүй холбоотонтой болдог*.

Ингэж нүгэл дээрээ нүгэл нэмдэг.

 2 Тэд надтай зөвлөлдөлгүй Египет рүү явж

Фараоны хамгаалалтад орохыг хүсдэг.

Египетийн сүүдэрт хоргодохыг хичээдэг.

 3 Гэвч тэд фараоны хамгаалалтаас болж ичгэвтэр байдалд орно.

Египетийн сүүдэрт хоргодоод гутамшиг болно.

 4 Ноёд нь Зоанд байна.

Элч нар нь Ханест хүрсэн.

 5 Өөрсдөд нь ямар ч ашиг болохгүй ард түмнээс болж

Тэд шившиг болно.

Тэр ард түмэн өчүүхэн ч тус болохгүй, ашиг өгөхгүй.

Ичгүүр, шившиг л болгоно».

6 Өмнө зүгийн араатнуудыг шүүх тухай мэдээ.

Арслан болон архирах арслангийн амьдардаг,

Хорт могой болон нисдэг галт могойн* нутагладаг

Хүнд бэрх гай зовлонгийн нутгаар тэд дайран өнгөрөхдөө

Илжигний нуруун дээр эд баялгаа ачаад

Тэмээний бөхөн дээр хүнс бараагаа тэгнээд явдаг.

Гэсэн ч эдгээр нь ард түмэнд* огтхон ч ашиг болохгүй.

 7 Египетийн тусламж ямар ч ашиггүй.

Тийм болохоор би түүнийг «Зүгээр сууж буй Рахаб» гэсэн.

 8 «Одоо яваад тэднийг харж байхад хавтан дээр,

Бас номон дээр бич.

Алсдаа хэрэг болно.

Мөнхийн гэрч болно.

 9 Тэд бол тэрслүү ард түмэн, худалч хөвгүүд,

Еховагийн хуулийг сонсох хүсэлгүй хөвгүүд юм.

10 Тэд үзмэрчдэд “Битгий үзэгдэл үз” гэдэг.

Зөнчдөд хэлэхдээ: “Үзэгдлийн талаар бидэнд үнэнийг битгий ярь.

Харин сонсоход таатай, худал үзэгдэл үз.

11 Замаасаа гарч, жимээсээ хазай.

Израйлын Ариун Нэгний талаар бидэнд бүү ярь” гэдэг».

12 Тэгэхэд нь Израйлын Ариун Нэгэн ийн айлдав.

«Та нар миний үгийг үл тоон

Хууран мэхлэх аргадаа найдаж,

Заль мэхэндээ итгэсэн учир

13 Та нарын нүгэл цуурсан хана мэт,

Юу юугүй нурах дөхсөн өндөр хэрэм мэт юм.

Энэ нь гэв гэнэт, агшин зуур нурж унана.

14 Том шавар домбо хагаран

Ямар ч хэлтэрхий үлдэхгүй бут үсэрдэгтэй адил байна.

Зуухны галыг хутгах хэлтэрхий ч үлдэхгүй.

Шалбаагны* усыг утгах хагархай ч үлдэхгүй».

15 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова, Израйлын Ариун Нэгэн:

«Над руу эргэж ирээд амарвал та нар аврагдана.

Тайван байж надад найдвал та нар хүчтэй байна» хэмээн айлдаж байна.

Гэвч та нар хүсээгүй.

16 Харин «Бид морь унаад зугтана!» гэж хэлсэн.

Та нар зугтах нь зугтана.

Бас «Хурдан морь унана!» гэж хэлсэн.

Та нарыг мөшгөгчид ч хурдан байх болно.

17 Ганцхан хүн сүрдүүлэхэд мянган хүн айж чичирнэ.

Таван хүн сүрдүүлэхэд та нар зугтана.

Та нар цөөхүүлээ үлдэж уулын орой дээр босгосон шон шиг,

Толгод дээр зоосон туг шиг болно.

18 Ехова та нарыг өршөөн нигүүлсэх гээд тэвчээртэй хүлээж байна.

Та нарыг энэрэхийн тулд арга хэмжээ авна.

Учир нь Ехова бол шударга ёсны Бурхан.

Түүнийг хүсэн хүлээгч бүхэн жаргалтай.

19 Хүмүүсийг Сионд, Иерусалимд амьдрахад чи уйлахгүй. Тусламж гуйн хашхирахад чинь тэр чамайг энэрэх нь гарцаагүй. Сонссон даруйдаа хариулна. 20 Ехова чамд зовлонгийн талх, дарлалын усыг өгөх боловч Агуу Багш чинь нуугдахаа болино. Чи Агуу Багшаа нүдээрээ үзнэ. 21 Чамайг баруун юм уу зүүн тийшээ хазайхад «Зөв зам энэ байна. Үүгээр алх» гэх дуу ард чинь сонсогдоно.

22 Чи мөнгөөр бүрсэн сийлмэл хөргүүдээ, алтаар бүрсэн цутгамал шүтээнүүдээ бузарлана. Чи тэдгээрийг сарын тэмдгийн үед хэрэглэсэн даавуу шиг хаяж, «Зайл!» гэж хэлнэ*. 23 Тэрбээр газарт суулгасан үрийг чинь услах бороог оруулна. Газраас элбэг дэлбэг ургац гарч шим тэжээлтэй хүнс болно. Тэр өдөр мал сүрэг чинь уудам бэлчээрт идээшилнэ. 24 Газар дээр ажиллуулдаг шар, илжигнүүд чинь хүрз, тармуураар шигшин хурган чихээр амталсан тэжээл иднэ. 25 Их аллагын өдөр цамхгууд нурахад сүрлэг уул, өндөр толгод бүр дээр гол горхи урсана. 26 Ехова ард түмнийхээ шархыг* боож, өөрийнхөө учруулсан гэмтлийг эмчлэхэд тэргэл сар нар шиг гэрэлтэж, нарны гэрэл долоон өдрийн гэрэл шиг долоо дахин хурцаар гийнэ.

27 Ехова* холоос ирж байна.

Өтгөн үүлэн дунд уурандаа шатаж байна.

Уруул нь уур хилэнгээр дүүрэн.

Хэл нь түймэрдэх гал мэт ажээ.

28 Түүний агуу хүч* бол хүзүүгээр татан үерлэх ширүүн урсгал адил.

Тэрбээр сүйрүүлэх шигшүүрээр үндэстнүүдийг шигшиж

Буруу зам руу хөтлөх хазаарыг ард түмнүүдийн толгойд* углана.

29 Баярт бэлдэж байхдаа* шөнө дуулдаг хүн шиг

Та нар дуулах болно.

Израйлын Хад Еховагийн уул руу явахдаа

Лимбэний эгшигт баясдаг хүмүүс шиг

Та нар баясах болно.

30 Ехова төөнөх гал,

Аадар бороо, салхи шуурга, мөндрөөр

Сүрлэг дуу хоолойгоо сонсгож,

Асар их уур хилэнтэй цохиж байгаа мутраа харуулна.

31 Еховагийн дуу хоолойноос болж Ассири айдаст автана.

Тэрбээр түүнийг саваагаар цохино.

32 Ехова мутраа далайн

Ассиритай тулалдана.

Шийтгэлийн саваа буулгах бүрд нь

Хэнгэрэг, босоо ятгын ая сонсогдоно.

33 Түүнд зориулан Тофетыг* хэдийнээ бэлджээ.

Бас хаанд нь зориулан бэлджээ.

Бурхан том, гүнзгий нүхэнд их мод овоолов.

Асар их мод, гал бэлдэв.

Хүхрийн урсгал мэт Еховагийн амьсгал

Тофетыг галдан шатаана.

31 Тусламж гуйхаар Египет рүү явдаг,

Моринд найддаг хүмүүс золгүй еэ!

Тэд дайны тэрэгний олонд,

Хүлэг морьдын* хүчинд найддаг.

Тэгсэн атлаа Израйлын Ариун Нэгэнд ханддаггүй,

Еховагийн удирдлага зааврыг хайдаггүй.

 2 Бурхан ч бас мэргэн учир гамшиг буулгаж,

Хэлсэн үгэндээ хүрнэ.

Мууг үйлдэгчдийн бүлгийг,

Бузрыг үйлдэгчдэд тусалдаг хүмүүсийг эсэргүүцэн босно.

 3 Египетчүүд бол Бурхан биш, жирийн л хүмүүс юм.

Тэдний морьд бол үл үзэгдэх хүч биш, махбод юм.

Еховаг мутраа сунгахад

Тусламж үзүүлдэг нь ч бүдэрнэ.

Тусламж авдаг нь ч унана.

Тэд бүгд нэгэн зэрэг мөхнө.

 4 Ехова надад ийн айлдав.

«Тэнгэрийн цэргийн жанжин Ехова

Сион уулын төлөө, түүний оргилын төлөө тулалдахаар бууж ирнэ.

Тэрбээр олз руугаа архирах хүчит залуу арслан мэт байх болно.

Хоньчид дуудагдан цугларч арсланг хөөхөд

Тэр тэдний хашхираанаас ч,

Чимээ шуугианаас ч айхгүй.

 5 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Иерусалимыг хамгаалах нь шунган нисэх шувууд адил байх юм.

Тэрбээр түүнийг хамгаалж, аварна.

Тэрбээр түүнийг энэрч, аварна».

6 «Израйлчууд аа, та нар түүнд маш ихээр тэрсэлсэн билээ. Харин одоо түүн рүү буцаж очигтун. 7 Тэр өдөр хүн бүр ямар ч хэрэгцээгүй мөнгөн бурхдаа, ямар ч үнэ цэнгүй алтан бурхдаа хаяна. Та нар тэдгээрийг өөрсдийн гараар бүтээн нүгэл үйлдсэн.

 8 Ассиричууд хүмүүний бус илдэнд унаж,

Хүмүүний бус илдээр хөнөөгдөнө.

Тэд илднээс зугтаж,

Залуус нь албадлагын ажилчид болно.

 9 Тэдний хад ихэд айсандаа алга болно.

Тэдний ноёд туг хараад айдаст автана» гэж

Гэрэл* нь Сионд, зуух нь Иерусалимд байдаг Ехова тунхаглаж байна.

32 Хаан зөв шударгаар захирч,

Ноёд шударга ёсыг тогтооно.

 2 Тэд бүгдээрээ салхинаас нуугдах газар мэт,

Шуурганаас халхлах халхавч мэт,

Усгүй газар дахь усны суваг мэт,

Ангасан газар дахь аварга хадны сүүдэр мэт байх болно.

 3 Хараатай хүмүүс тод харна.

Сонсголтой хүмүүс анхаарлаа хандуулна.

 4 Хөнгөн хуумгай хүмүүс тунгаан бодож сурна.

Ээрүү хүмүүс түгдрэхгүй, ойлгомжтой ярина.

 5 Мунхаг хүнийг хойшид өгөөмөр гэхгүй.

Ёс журамгүй хүнийг хойшид хүндэт гэж дуудахгүй.

 6 Учир нь мунхаг хүн утгагүй юм ярьж,

Зүрх сэтгэлдээ хор хөнөөлийг төлөвлөнө.

Тэрс явдлыг өдөөж, Еховагийн тухай гажууд зүйлийг ярина.

Өлссөн нэгнийг яаж хоолгүй хоцроохоо,

Цангасан нэгнийг яаж уух юмгүй үлдээхээ бодно.

 7 Ёс журамгүй хүн муу арга сэддэг.

Гутамшигт явдлыг хөөрөгддөг.

Ядуу зүдүү, зовж зүдэрсэн хүмүүсийн талд үнэн байсаар атал

Худал ярьж тэднийг хөнөөхийг оролддог.

 8 Харин өгөөмөр* хүн өгөх дуртай.

Тэр зангаа ер тавьдаггүй.

 9 «Хайхрамжгүй бүсгүйчүүд ээ, босоод дуу хоолойг минь сонс!

Хэнэггүй охид оо, хэлэх үгийг минь анхаар!

10 Хэнэггүй та нар жил гаруйхны дотор айж чичирнэ.

Ургац хураалт дуусахад та нар нэг ч усан үзэмгүй хоцорно.

11 Хайхрамжгүй бүсгүйчүүд ээ, чичир.

Хэнэггүй та нар дагж.

Хувцсаа тайлж нүцгэл.

Ташаагаараа таар ороо.

12 Сайхан талбай, жимс ихтэй усан үзмийн модны төлөө

Гашуудан цээжээ дэлд.

13 Миний ард түмний нутаг өргөст бутанд хучигдана.

Нэгэн цагт баяслаар цалгиж байсан байшингууд,

Баяр хөөрөөр бялхаж байсан хот өргөст бутанд хучигдана.

14 Бэхлэгдсэн цамхаг орхигдож,

Чимээ шуугиантай хот хаягдсан.

Офел ба харуулын цамхаг үүрд эзгүйрч

Хулангийн тонгочих газар,

Сүргийн бэлчээр болсон.

15 Бурхан бидэн дээр агуу хүчээ асгатал энэ бүхэн үргэлжилнэ.

Тэгэхэд зэлүүд газар нь жимсний цэцэрлэг болж,

Жимсний цэцэрлэг нь өтгөн ой шиг болно.

16 Зэлүүд газарт шударга ёс ноёлж,

Жимсний цэцэрлэгт зөв байдал цэцэглэнэ.

17 Жинхэнэ зөв байдлын үр дүн нь энх тайван,

Жинхэнэ зөв байдлын үр жимс нь амар амгалан, аюулгүй байдал болно.

18 Миний ард түмэн тайван орчинд,

Аюулгүй газар амар амгалан амьдарна.

19 Гэвч мөндөр ойг тэгшилж,

Хотыг бүрмөсөн сүйтгэнэ.

20 Ус байгаа газар үр суулгаж,

Үхэр илжиг хоёрыг талбайд гаргадаг* та нар жаргалтай».

33 Хэн ч чам руу дайраагүй байхад дайран довтолдог чи золгүй еэ!

Хэн ч чамаас урваагүй байхад итгэл эвддэг чи золгүй еэ!

Дайрахаа болиход чинь хүмүүс чам руу дайрна.

Итгэл эвдэхээ болиход чинь хүмүүс чамаас урвана.

 2 Ехова минь ээ, биднийг өрөвдөөч.

Бид танд найддаг.

Өглөө бүр бидний хүч чадал* болооч.

Зовох цагт биднийг авраач.

 3 Чанга дуу чимээнээр ард түмнүүд зугтдаг.

Таныг босоход үндэстнүүд тарж бутардаг.

 4 Ховдог царцаа цуглардаг шиг та нарын олз цугларна.

Хүмүүс тэр олз руу сүрэг царцаа мэт дайрна.

 5 Ехова өргөмжлөгдөнө.

Тэрбээр өндөрт оршиж

Сионыг шударга ёс, зөв шударгаар дүүргэнэ.

 6 Тэрбээр та нарыг тогтвортой болгодог.

Агуу аврал, мэргэн ухаан, мэдлэг, Еховагаас эмээх сэтгэл бол

Түүний өгдөг* эд баялаг мөн.

 7 Баатрууд нь гудамжинд хашхирч,

Энхийн элч нар нь гашуунаар уйлж байна.

 8 Их замууд эзгүйрчээ.

Замаар явдаг хүн нэг ч үгүй.

Тэрбээр* гэрээгээ зөрчин

Хотуудыг басамжилсан.

Мөнх бус хүнийг үл тоомсорлодог.

 9 Тэр нутаг гашуудан* хатав.

Ливан ичиж гандав.

Шарон цөл болж,

Башан ба Кармел навчсаа гөвөв.

10 Ехова ийн айлдаж байна. «Би одоо босно.

Би одоо өөрийгөө өргөмжилнө.

Би одоо өөрийгөө алдаршуулна.

11 Та нар хатсан өвсөөр жирэмсэлж, сүрэл төрүүлдэг.

Бодол санаа чинь та нарыг гал адил залгина.

12 Ард түмнүүд шатсан шохой шиг болно.

Цавчсан өргөст бут шиг шатна.

13 Алс хязгаарт амьдран суугчид аа, юу хийх гэж байгаагаа хэлэхийг минь сонс!

Ойр хавьд оршин суугчид аа, миний хүч чадлыг хүлээн зөвшөөр!

14 Сион дахь нүгэлтнүүд айж байна.

Тэрслэгчид айдаст автжээ.

Тэд: “Түймэрдэгч галын дэргэд хэн маань амьд байх билээ?

Унтаршгүй дөлийн дунд хэн маань амьд үлдэх билээ?” гэдэг.

15 Үргэлж зөв шударгаар явдаг,

Үнэнийг ярьдаг,

Луйвраар олз ашиг олохыг жигшдэг,

Хахууль авахаас татгалздаг,

Хүн хөнөөх тухай яриаг сонсохыг ч хүсдэггүй,

Муу муухайг үзэхгүйн тулд нүдээ тагладаг хүн

16 Өндөрт амьдарна.

Хадан бэхлэлтэд аюулгүй хоргодно.

Талхаар үргэлж хангагдана.

Усаар хэзээ ч тасрахгүй».

17 Миний ард түмэн та нар сүр жавхлант хааныг харна.

Алс холын нутгийг үзнэ.

18 Та нар айж байсан үеэ санан

«Бичээч хаана байна вэ?

Алба гувчуурыг жинлэж байсан хүн хаана байна вэ?

Цамхгуудыг тоолж байсан хүн хаана байна вэ?» гэж хэлнэ.

19 Ойлгомжгүй хэлтэй,

Ээрч байгаа мэт ойлгогдохгүй ярьдаг,

Дээрэнгүй хүмүүсийг та нар хойшид харахгүй.

20 Бидний баяр наадмын хот Сионыг хар!

Гадсыг нь хэзээ ч сугалахгүй,

Нэг ч уяаг нь таслахгүй,

Хэн ч хааш нь ч нүүлгэхгүй майхан мэт,

Тайван амьдрах газар болсон Иерусалимыг та нар үзнэ.

21 Тэнд сүр жавхлант Бурхан Ехова

Биднийг гол мөрөн, өргөн суваг адил хамгаална.

Түүгээр дайны хөлөг онгоц,

Сүрлэг усан онгоц явж өнгөрөхгүй.

22 Учир нь Ехова бол бидний Шүүгч.

Ехова бол бидний Хууль тогтоогч.

Ехова бол бидний Хаан.

Тэрбээр биднийг аварна.

23 Дайсны хөлөг онгоцны олс суларч

Шургийг ч тогтоож дийлэхгүй, дарвуулыг ч дэлгэх аргагүй болно.

Тэр үед асар их олз хуваана.

Доголон хүн ч их хувь хүртэнэ.

24 «Би өвчтэй байна» гэж нэг ч оршин суугч хэлэхгүй.

Тэр нутагт аж төрдөг хүмүүсийн нүгэл уучлагдана.

34 Үндэстнүүд та нар наашаа ойртоод сонс.

Ард түмнүүд та нар анхаарлаа хандуул.

Дэлхий ба түүнийг дүүргэдэг бүхэн,

Газар ба түүн дээр амьдардаг бүхэн сонсог.

 2 Ехова бүх үндэстэнд хилэгнэж байна.

Тэдний бүх цэрэгт уурлаж байна.

Тэрбээр тэднийг устгана.

Тэднийг хөнөөнө.

 3 Алагдагсдыг оршуулахгүй.

Цогцосноос нь өмхий үнэр ханхална.

Цусанд нь уулс будагдана.

 4 Тэнгэрийн бүх дайчид илжирнэ.

Тэнгэр хуйлмал ном мэт хуйлагдана.

Усан үзмийн модны навч хатаж унах мэт,

Инжрийн модны жимс хатаж унах мэт

Тэдний бүх цэрэг хатаж унана.

 5 «Тэнгэрт миний илд цусанд дүрэгдэнэ.

Тэр нь Едом дээр,

Миний устгахаар шийдсэн ард түмэн дээр бууж тэднийг шийтгэнэ.

 6 Ехова миний илд цусанд будагдаж

Өөхөнд дүрэгдэнэ.

Хонь, ямааны цусанд будагдаж,

Хонины бөөрний өөхөнд дүрэгдэнэ.

Учир нь Ехова би Бозрад тахил өргөж,

Едомын нутагт их аллага үйлдэнэ.

 7 Зэрлэг бухууд тэдгээртэй хамт унана.

Тугалууд хүчит бухуудтай хамт унана.

Цусанд нь газар норж,

Өөх тосонд нь хөрс шороо дэвтэнэ».

 8 Учир нь Еховад өшөө авах өдөр гэж бий.

Тэрбээр Сионд тохиолдсон бузар явдлын төлөө өшөө авах жилийг товлосон.

 9 Түүний* гол горхи давирхай болон хувирна.

Хөрс шороо нь хүхэр,

Газар нутаг нь шатаж буй давирхай болно.

10 Гал нь өдөр ч, шөнө ч унтрахгүй.

Утаа нь үүрд мөнхөд олгойдно.

Үеийн үед эзгүй хоосон байна.

Хэн ч хэзээ ч түүгээр өнгөрөхгүй.

11 Тэнд хотон шувуу, үхэр зараа нутаглаж,

Соотон гуйванга*, хэрээ үүрлэнэ.

Бурхан түүнийг хоосролын шугам,

Сүйрлийн тэгшлүүрээр хэмжинэ.

12 Ихэс дээдсийнх нь нэг нь ч хаан болохгүй.

Ноёд нь бүгд байхгүй болно.

13 Бэхлэгдсэн цамхгууд нь өргөст бутаар хүрээлэгдэж,

Цайзуудад нь халгай, өргөст ургамал ургана.

Тэнд чононцор орогнож,

Тэмээн хяруул тоглон наадна.

14 Цөлийн амьтад, ульдаг араатнууд хамт амьдарна.

Янгир ямаа* ижлээ дуудна.

Эргүүбор* тэнд суурьшиж, амрах газраа олно.

15 Суман могой үүрээ засаж, өндөглөнө.

Өөрийнхөө сүүдэрт өндгөө дарж хамгаална.

Тэнд бас элээ хос хосоороо цуглана.

16 Еховагийн номоос хайж олоод чанга унш.

Тэдний нэг нь ч алга болохгүй.

Аль нь ч хань ижлээр дутахгүй.

Учир нь Ехова өөрөө үүнийг тушаасан юм.

Тэрбээр агуу хүчээрээ тэднийг цуглуулсан юм.

17 Тэрбээр тэдний төлөө шавга хаясан.

Тэдэнд өөрийн мутраар газар хэмжиж өгсөн.

Тэд түүнийг нь үүрд эзэмшиж

Үеийн үед тэнд амьдарна.

35 Буйд зэлүүд, хатаж ангасан газар баярлаж,

Элсэн цөл баясан хач гүргэм* мэт цэцэглэнэ.

 2 Цэцэглэн дэлгэрээд,

Цэнгэн баясаж, баяртайгаар хашхирна.

Ливаны суу алдар,

Кармел, Шароны сүр жавхланг түүнд өгнө.

Хүмүүс манай Бурхан Еховагийн суу алдар, сүр жавхланг үзнэ.

 3 Суларсан гарыг тэнхрүүлж,

Салгалсан өвдгийг батжуул.

 4 Түгшсэн хүмүүст

«Зоригтой бай. Бүү ай.

Та нарын Бурхан ирж өшөө авна.

Бурхан ирж шийтгэнэ.

Тэрбээр ирж та нарыг аварна» гэж хэл.

 5 Тэр цагт сохрын нүд нээгдэж,

Дүлийгийн чих онгойно.

 6 Доголон нь буга мэт дүүлж,

Хэлгүй нь баярлан хашхирна.

Зэлүүд газарт ус ундарч,

Элсэн цөлд горхи урсана.

 7 Халуунд хатсан газар зэгст цөөрөм болж,

Ангасан газарт булгийн ус оргилно.

Чононцор үүрлэдэг байсан нутагт

Зүлэг ногоо, зэгс, папирус халиурна.

 8 Тэнд их зам бий болж

Ариун Зам гэж нэрлэгдэнэ.

Бузар хүн түүгээр явахгүй.

Зохистой хүн л явна.

Тэр зам дээр нэг ч мунхаг хүн хөл тавихгүй.

 9 Тэнд арслан байхгүй,

Догшин араатан ч гарч ирэхгүй.

Тэндээс олдох ч үгүй.

Олзноос буцаан авсан* хүмүүс л түүгээр явна.

10 Еховагийн аварсан хүмүүс баярлан хашхирсаар Сионд эргэж ирнэ.

Үүрдийн баяр баясгалан тэдний толгойн чимэг болно.

Тэд баярлан хөөрч, баясан цэнгэнэ.

Гашуудан санаа алдахаа болино.

36 Хезекиа хааны 14 дүгээр онд Ассирийн хаан Сеннахериб Иудагийн бэхлэгдсэн хотууд руу довтолж бүгдийг нь эзлэн авав. 2 Дараа нь тэрбээр Иерусалимд байгаа Хезекиа хаан руу ахлах сөнчөө* их цэргийн хамт Лахишаас илгээв. Тэд угаагчийн талбай руу явдаг төв замын хажууд байдаг дээд цөөрмийн усны шугамын дэргэд байрлалаа. 3 Тэгэхэд Хилкиагийн хүү ордны даамал Елиаким, бичээч Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар түүн рүү очив.

4 Ахлах сөнч тэдэнд «Хезекиад ингэж уламжил. “Ассирийн агуу хаан айлдахдаа: «Чи яагаад ийм их итгэлтэй байна вэ? 5 “Надад дайны төлөвлөгөө, цэргийн хүч байна” гэдэг чинь хоосон үг. Чи хэнд найдан надад тэрсэлж зүрхэлнэ вэ? 6 Чи энэ хугархай зэгсэн таяг шиг Египетийг тусална гэж найдаж байна. Хүн ийм таягийг тулбал алгаа цоо хатгуулна. Египетийн хаан фараонд найддаг бүхэнд үүн шиг явдал тохиолддог. 7 Чи надад “Бид Ехова Бурхандаа найддаг” гэж хэлэх байх. Гэхдээ Хезекиа чи Иуда, Иерусалимын хүмүүст “Энэ тахилын ширээний өмнө л мөргө” гэж хэлээд тэр Бурхныхаа мөргөлийн өндөрлөгүүд, тахилын ширээнүүдийг нураачхаа биз дээ?» хэмээсэн” гэж хэл. 8 Тиймээс одоо Ассирийн хаан эзэнтэй минь ингэж мөрийц. Чаддаг юм бол морь унадаг 2 000 хүн олчих. Тэгвэл би чамд төчнөөн тооны морь өгье. 9 Чи Египетийн тэрэг, морьтнуудад найдахаас өөр аргагүй юм байж, манай эзний албатуудын дотроос хамгийн бага захирагчийг нь дийлнэ гэж үү? 10 Би Еховагийн зөвшөөрөлгүй дайран ирж энэ нутгийг устгана гэж санаа юу? Ехова өөрөө надад “Явж энэ нутаг руу дайрч, устга” гэж хэлсэн юм» гэлээ.

11 Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар ахлах сөнчид «Та зарц нартайгаа арамей* хэлээр ярина уу. Бид ойлгоно. Иудейчүүдийн хэлээр битгий яриач. Хэрмэн дээр байгаа хүмүүс сонсож байна шүү дээ» гэв. 12 Тэгтэл ахлах сөнч: «Манай эзэн энэ үгийг хэлүүлэхээр намайг зөвхөн танай эзэн, та хэд рүү явуулсан гэж санаа юу? Та нартай хамт баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа энэ хүмүүс рүү бас явуулаагүй гэж үү?» гэлээ.

13 Тэгээд ахлах сөнч босож зогсоод иудейчүүдийн хэлээр чанга дуугаар: «Ассирийн агуу хааны үгийг сонс. 14 Хаан ингэж айлдав. “Хезекиад битгий хуурт. Тэр та нарыг аварч чадахгүй. 15 «Ехова биднийг заавал аварна. Энэ хот Ассирийн хааны гарт орохгүй» гэж хэлэн та нарыг Еховад итгүүлэхийг оролдож байна. Ятгалгад нь битгий авт. 16 Хезекиаг битгий сонс. Харин Ассирийн хаан намайг сонс. «Надтай найрамдан, бууж өг. Тэгвэл хүн бүр чинь усан үзэм, инжрийн модныхоо жимсийг идэж, нөөцлүүрийнхээ уснаас ууна. 17 Дараа нь би очоод та нарыг өөрсдийн чинь нутаг шиг нутагт аваачна. Тэр нь үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутаг юм. 18 “Ехова биднийг аварна” гэж хэлж байгаа Хезекиагийн үгэнд бүү хуурт. Үндэстнүүдийн бурхдын дунд Ассирийн хаан миний гараас газар нутгаа аварсан бурхан байна уу? 19 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна вэ? Тэд миний гараас Самарийг аварсан уу? 20 Эдгээр нутгийн бурхдын хэн нь миний гараас газар нутгаа аварсан бэ? Тийм байхад Ехова Иерусалимыг миний гараас аварна гэж үү?»” гэж уламжиллаа» хэмээн хэлэв.

21 Гэвч тэд дуугүй байн юу ч хариулсангүй. Учир нь хаан: «Түүнд юу ч битгий хариулаарай» гэсэн ажээ. 22 Хилкиагийн хүү ордны даамал Елиаким, бичээч Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар хувцсаа уран Хезекиа дээр очоод ахлах сөнчийн үгийг айлтгав.

37 Хезекиа хаан үүнийг сонсмогцоо хувцсаа урж таар нөмрөн Еховагийн өргөөнд оров. 2 Тэгээд ордны даамал Елиаким, бичээч Шебна, тахилчдын ахлагч нарт таар нөмөргөн Амозын хүү, зөнч Исаиа руу явууллаа. 3 Тэд Исаиад «Хезекиа ингэж хэлүүлж байна. “Энэ өдөр бол зовлон, зэмлэл*, гутамшгийн өдөр. Хүүхэд нь төрөх дөхсөн ч төрүүлэх чадалгүй эхтэй бид адил байна. 4 Амьд Бурхныг доромжлохоор Ассирийн хааны тушаалаар ирсэн ахлах сөнчийн* үгийг таны Бурхан Ехова сонсох биз ээ. Таны Бурхан Ехова тэр үгийг сонсоод түүнтэй тооцоо бодох нь лавтай. Тиймээс амьд үлдсэн хүмүүсийн төлөө залбирч өгөөч” гэсэн» гэлээ.

5 Хезекиа хааны албатуудыг ингэж хэлэхэд 6 Исаиа тэдэнд «Та нар эзэндээ ингэж хэл. “Ехова ийн айлдаж байна. «Ассирийн хааны албатууд намайг хэл амаар доромжилсноос болж бүү сүрд. Тэдний хэлсэн бүхнээс битгий ай. 7 Би түүнд нэг бодол төрүүлнэ. Тэрбээр нэгэн мэдээ сонсоод нутаг буцна. Би түүнийг нутагт нь илдээр хөнөөлгөнө»” гээрэй» гэж хэлэв.

8 Ассирийн хаан цэргээ татан Лахишаас явсан байлаа. Ахлах сөнч үүнийг сонсоод хаан эзэн рүүгээ буцжээ. Тэгээд Либнаг эзлэхээр тулалдаж байхад нь олж очив. 9 Тэгтэл «Етиопын Тирхака хаан дайтахаар ирж явна» гэсэн мэдээ Ассирийн хааны сонорт хүрчээ. Хаан уг мэдээг сонсоод Хезекиа руу элч нараа дахин илгээн 10 «Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан: «Иерусалим хот Ассирийн хааны гарт орохгүй» гэж хэлбэл бүү мэхлэгд. 11 Ассирийн хаад бүх газар нутгийг хэрхэн сүйрүүлснийг чи сонссон. Тийн атал чи ганцаараа аврагдана гэж үү? 12 Миний эцэг өвгөдийн устгасан үндэстнүүдийг бурхад нь аварсан уу? Гозан, Харан, Резефийн хүмүүс хаана байна вэ? Телассарт байсан Едений ард түмэн хаана байна вэ? 13 Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваим, Хена, Ивва хотуудын хаад хаана байна вэ?”» гэж хэлүүлэв.

14 Хезекиа элч нарын гараас захидлуудыг авч уншлаа. Тэгээд Еховагийн өргөө рүү явж, тэдгээрийг Еховагийн өмнө дэлгэж тавив. 15 Хезекиа Еховад ийнхүү залбирлаа. 16 «Тэнгэрийн цэргийн жанжин, Израйлын Бурхан, херубүүдийн дээр* залрагч Ехова минь ээ, дэлхийн бүх хаант улсын жинхэнэ Бурхан нь ганцхан та билээ. Та тэнгэр, газрыг бүтээсэн. 17 Чих тавин сонсооч, Ехова минь! Мэлмийгээ нээгээд хараач, Ехова минь! Амьд Бурхныг доромжлохоор Сеннахерибын хэлүүлсэн энэ бүх үгийг сонсооч. 18 Ехова минь ээ, Ассирийн хаад бүх газар нутгийг, өөрийнхийгөө хүртэл сүйрүүлсэн нь үнэн. 19 Тэд бурхдыг нь галд хаясан. Тэдгээр нь бурхад биш, хүний гарын бүтээл, мод чулуу учраас л устгагдсан. 20 Харин одоо Ехова Бурхан минь ээ, биднийг түүний гараас авраач. Тэгвэл Ехова минь, дэлхийн бүх хаант улс ганцхан таныг Бурхан гэдгийг мэдэх болно шүү дээ» гэв.

21 Дараа нь Амозын хүү Исаиа Хезекиад энэ мэдээг илгээв. «Израйлын Бурхан Ехова ийн айлдаж байна. “Ассирийн хаан Сеннахерибын талаар чи надад залбирсан учир 22 Ехова би түүнд юу айлдах гэж байгааг сонс.

«Чамайг Сионы онгон охин* жигшин, шоолж байна.

Чамайг Иерусалимын охин хараад толгой сэгсэрч байна.

23 Чи хэнийг шоолж, доромжилно вэ?

Хэний өөдөөс дуугаа өндөрсгөн

Ихэмсгээр харна вэ?

Израйлын Ариун Нэгний өөдөөс!

24 Чи Ехова намайг доромжлон албатуудаараа хэлүүлэхдээ:

“Би асар олон дайны тэргээрээ

Уулсын оргилд,

Ливаны хязгаарт хүрнэ.

Өндөр хуш моддыг нь тайрч, шилмэл арц моддыг нь огтолно.

Хамгийн өндөр оргилд нь гарч, хамгийн өтгөн ой руу нь орно.

25 Би худгууд ухаж ус ууна.

Египетийн голуудыг* хөлөөрөө гишгэчин ширгээнэ” гэсэн.

26 Чи сонсоогүй юм уу?

Би эртнээс шийдсэн, урьдаас санаж зорьсон зүйлээ

Одоо хэрэгжүүлэх гэж байна.

Юу гэвэл, чи бэхлэгдсэн хотуудыг нурангин овоо болгоно.

27 Тэндхийн оршин суугчид хүчин мөхөстөнө.

Айдаст автаж, ичгэвтэр байдалд орно.

Тэд талын ургамал, хээрийн өвс шиг болно.

Дорнын салхинд хатсан дээврийн өвс шиг болно.

28 Би чамайг хэзээ сууж, хэзээ явж, хэзээ ирж,

Хэзээ надад уурлан хилэгнэдгийг сайн мэднэ.

29 Учир нь уурлан хилэгнэж, орилж бархирч байгаа чинь миний сонорт хүрсэн.

Тиймээс би хамарт чинь дэгээ, аманд чинь хазаар хийж,

Ирсэн замаар чинь буцаана».

30 Чамд* хэлсэн зүйл үнэн гэдгийн баталгаа нь ийм байх юм. Та нар энэ жил өөрөө ургасан үр тариаг иднэ. Хойтон жил бас тэр газраас ургасан үр тариаг иднэ. Харин гурав дахь жилдээ та нар үр суулган, ургац хурааж авна. Усан үзэм тариалж, жимсийг нь иднэ. 31 Зугтаж амьд үлдсэн Иудагийн ард олон үндэс сайтай, үр жимс ихтэй ургамал мэт болно. 32 Учир нь үлдэж хоцорсон хүмүүс Иерусалимаас, амьд үлдэгсэд Сион уулаас явна. Тэнгэрийн цэргийн жанжин Ехова би үүнийг хичээл зүтгэлтэй гүйцэтгэнэ.

33 Тиймээс Ехова би Ассирийн хааны тухай ийнхүү айлдаж байна.

«Тэрбээр энэ хотод ирэхгүй.

Нум сумаар ч харвахгүй.

Бамбай барин дайрахгүй.

Бүслэлтийн далан ч босгохгүй»”.

34 “Тэрбээр ирсэн замаараа буцна.

Энэ хот руу орж ирэхгүй” гэж Ехова би тунхаглаж байна.

35 Мөн “Би өөрийнхөө төлөө, зарц Давидынхаа төлөө

Энэ хотыг хамгаалж, аварна” гэж тунхаглаж байна» гэлээ.

36 Еховагийн тэнгэрийн элч Ассирийн хуаранд очиж тэнд байсан 185 000 хүнийг хиар цохив. Хүмүүс өглөө босоод хартал тэд бүгд үхсэн байлаа. 37 Дараа нь Ассирийн хаан Сеннахериб буцан явж Ниневед очоод тэндээ үлдэв. 38 Нэгэн удаа Нисрох бурхныхаа сүмд мөргөл үйлдэж байхад нь Адраммелех, Шарезер гэдэг хоёр хүү нь түүнийг илдээр хөнөөгөөд Арарат нутаг руу зугтжээ. Хүү Есар-хаддон нь түүний оронд хаан болов.

38 Тэр үед Хезекиа хүнд өвдөж, амь нас нь үхлийн ирмэгт тулсан байлаа. Амозын хүү зөнч Исаиа түүн дээр ирж «Ехова ийн айлдаж байна. “Чи эдгэхгүй, үхэх тул гэрийнхэндээ захиасаа хэл”» гэж хэлэв. 2 Тэгэхэд Хезекиа хана руу харж, Еховад залбирлаа. 3 «Танаас гуйя, Ехова минь. Хамаг л зүрх сэтгэлээрээ танд үнэнч явж ирснийг минь, таны таалалд нийцүүлдэг байсныг минь санаач» гэснээ цурхиран уйлж гарав.

4 Тэгэхэд Ехова Исаиад хэлсэн нь: 5 «Буцаж очоод Хезекиад хэл. “Чиний өвөг эцэг Давидын Бурхан Ехова ийн айлдаж байна. «Би залбирлыг чинь сонслоо. Нулимсыг чинь харлаа. Амьдралыг чинь 15 жилээр уртасгаж, 6 чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аваръя. Би энэ хотыг хамгаална. 7 Ехова би хэлсэн үгэндээ хүрнэ. Ехова би үүнийгээ баталж дараах тэмдгийг чамд үзүүлнэ. 8 Ахазын шатан* дээр туссан сүүдрийг би арван алхам ухраана»” гэлээ. Тэгтэл шатаар уруудаж байсан сүүдэр арван алхам ухарчээ.

9 Иудагийн хаан Хезекиа өвчин тусаад эдгэснийхээ дараа ийн бичжээ.

10 «Би ид насандаа

Булшны* хаалгаар орох болох нь ээ.

Миний амьдрал ингээд дуусдаг юм байжээ» гэж би хэлэв.

11 Би бас ингэж хэлсэн. «Би Яаг* харахгүй. Би амьд хүмүүсийн дунд байхгүй учир Яаг харахгүй.

Би хүмүүсийг дахин харахгүй.

Учир нь би үхэгсдийн дунд байх болно.

12 Миний гэр яг л буулгаад аваад явсан

Хоньчны майхан мэт юм.

Нэхмэлчин хүн нэхсэн даавуугаа хуйлдаг шиг би амьдралаа хуйлав.

Бурхан амийг минь даавууны утас тасалдаг шиг таслав.

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол та надад зовлон учруулж байна.

13 Би өглөө болтол өөрийгөө тайвшруулах гэж хичээдэг.

Тэрбээр хамаг ясыг минь арслан адил хугачдаг.

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол та надад зовлон учруулж байна.

14 Би ураацай эсвэл хөөндэй* шиг дуугарч,

Тагтаа шиг гүгнэж байна.

Өөдөө ширтсээр нүд минь чилжээ.

“Өө Ехова минь, би их зовж байна.

Надад туслаач!” гэсэн.

15 Тэрбээр надтай ярьж амласнаа биелүүлснээс хойш

Би одоо юу хэлэх вэ?

Өчнөөн их зовж байснаа санаад

Насан туршдаа даруу явах* болно.

16 “Ехова минь ээ, таны ачаар хүмүүс амьд байдаг.

Таны ачаар би ч бас амьд байна.

Та намайг эдгээж, амьд байлгана.

17 Би амар заяа үзэхийн оронд гашуун зовлон амссан.

Харин та намайг энхрийлэн хайрлаж

Сүйрлийн нүхнээс аварсан.

Та миний бүх нүглийг нурууныхаа ар луу чулуудсан*.

18 Таныг Булш* алдаршуулахгүй.

Үхэл магтахгүй.

Нүхэнд хэвтэгсэд таны үнэнч байдалд найдахгүй.

19 Өнөөдөр би таныг магтаж байгаа шиг,

Амьд хүмүүс, зөвхөн амьд хүмүүс л таныг магтана.

Эцэг нь хөвгүүддээ таны үнэнч байдлын тухай ярина.

20 Ехова минь, намайг авраач.

Бид насан туршдаа Еховагийн өргөөнд

Миний зохиосон дууг чавхдаст хөгжмөөр тоглоно”».

21 Исаиа: «Хатаасан инжрийн шахмал авчирч, хатгин дээр нь тавь. Тэгвэл эдгэнэ» гэв. 22 Хезекиа: «Би Еховагийн өргөө рүү явна гэсэн ямар тэмдэг байна вэ?» гэж асуусан ажээ.

39 Тэр үед Вавилоны хаан, Баладаны хүү Меродах-баладан Хезекиаг өвдөөд эдгэсэн гэж дуулаад захидал, бэлэг сэлт илгээв. 2 Хезекиа элч нарыг баяртайгаар угтаж, эрдэнэсийн өргөөгөө үзүүлжээ. Алт, мөнгөө, гүглийн болон бусад үнэт тосоо, зэвсгийн агуулахаа бүхэлд нь, эрдэнэсийн санд байгаа бүхнээ үзүүлсэн юм. Хезекиа орд өргөө, эзэмшилдээ байсан бүхнээ нэгийг нь ч үлдээлгүй үзүүлжээ.

3 Тэгтэл зөнч Исаиа Хезекиа хаанд бараалхаж «Энэ хүмүүс юу ярив? Хаанаас ирэв?» гэж асуув. Хезекиа: «Тэд алс холын Вавилоноос иржээ» гэж хариуллаа. 4 «Тэд таны ордонд юу үзэв?» гэж Исаиаг асуухад Хезекиа: «Ордонд маань байгаа бүхнийг үзсэн. Эрдэнэсийн сангаасаа үзүүлээгүй юм нэг ч байхгүй» гэж хариулав.

5 Исаиа Хезекиад хэлсэн нь: «Тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн үгийг сонсогтун. 6 “Ордонд чинь байгаа бүхэн, эцэг өвгөдийн чинь өнөөг хүртэл цуглуулсан бүхэн Вавилонд аваачигдах өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж Ехова айлдаж байна. 7 Бас “Үр удмын чинь заримыг Вавилонд аваачна. Тэд ордны түшмэд болно” гэж айлдаж байна» гэлээ.

8 Тэгэхэд Хезекиа Исаиад «Танаар Ехова зөв зүйтэй үг хэлүүлжээ» гээд «Яагаад гэвэл миний үед амар тайван, үймээн самуунгүй байх юм байна» гэжээ.

40 Бурхан чинь ийн айлдаж байна. «Миний ард түмнийг тайвшруул, тайвшруул.

 2 Иерусалимтай зөөлөн ярьж*

Албадлагын ажлын хугацаа нь дууссаныг мэдэгдэн

Гэм нүглийнхээ төлөөсийг төлснийг нь хэл.

Тэрбээр бүх нүглийнхээ шийтгэлийг Еховагаас бүрэн* хүртсэн» гэв.

 3 Зэлүүд газраас нэгэн дуу гарч ийн хашхирав.

«Еховагийн замыг бэлдэж*,

Манай Бурхны төлөө цөлд шулуун зам тавь.

 4 Хөндий бүхэн өргөгдөж,

Уул толгод бүхэн намхан болог.

Бартаат зам тэгширч,

Дов сондуултай газар тэгш тал болог.

 5 Еховагийн алдар суу ил болж,

Бүх хүн үүнийг үзнэ.

Учир нь Ехова айлдсан юм».

 6 Сонс! Нэг хүн: «Зарлан тунхагла!» гэж хэлж байна.

Өөр нэг нь: «Юуг зарлан тунхаглах вэ?» гэж асуув.

«Бүх хүн ногоон зүлэг мэт.

Үнэнч хайр нь талын цэцэг мэт.

 7 Еховагийн амьсгалаар

Өвс хатаж,

Цэцэг хагдардаг.

Үнэхээр ч хүмүүс бол ердөө л нэг өвс юм.

 8 Өвс хатаж,

Цэцэг хагдардаг.

Харин манай Бурхны үг мөнхөд байдаг».

 9 Сионд сайн мэдээтэй ирж буй эмэгтэй чи

Өндөр ууланд гар.

Иерусалимд сайн мэдээтэй ирж буй эмэгтэй чи

Чанга хашхир.

Хашхир, бүү ай.

Иудагийн хотуудад «Бурхан чинь та нартай хамт байна» гэж тунхагла.

10 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ирээд хүчээ үзүүлж

Мутраараа удирдана.

Тэрбээр өгөх шагналаа,

Олгох цалингаа гартаа барьжээ.

11 Тэрбээр хоньчин адил сүргээ хариулж,

Мутраараа хургануудыг цуглуулан

Энгэртээ тэвэрнэ.

Төллөсөн хоньдыг аядуухан хөтөлнө.

12 Далайн усыг алгаараа хэмжиж,

Тэнгэрийг төөлсөн* нь хэн бэ?

Хэмжих саванд газрын тоосыг хийж,

Уулыг жинлэж,

Толгодыг дэнсэлсэн нь хэн бэ?

13 Еховагийн үйлдэх хүчийг хэн хэмжсэн* бэ?

Хэн түүнд зааж, зөвлөж чадах вэ?

14 Тэрбээр хэнтэй зөвлөлдөн ухаарлыг олсон бэ?

Хэн түүнд шударга ёсны замыг зааж,

Эсвэл мэдлэг олгож,

Ухаарлын замыг үзүүлдэг вэ?

15 Үндэстнүүд түүний хувьд хувингаас дуслах дусал мэт,

Жинлүүр дээр тогтсон тоос мэт юм.

Тэрбээр арлуудыг нарийн тоос мэт өргөдөг.

16 Гал түлэхэд Ливаны ой ч хүрэлцэхгүй.

Шатаалт тахил болгоход тэндхийн амьтад ч хангалтгүй.

17 Түүний өмнө бүх үндэстэн огт байхгүйтэй адил.

Түүний хувьд тэд юу ч биш, хий хоосон зүйл мэт юм.

18 Та нар Бурхныг хэнтэй харьцуулах вэ?

Хэнийг түүнтэй адилтгах вэ?

19 Уран дархныг шүтээн цутгахад

Төмрийн дархан түүнийг нь алтаар бүрж,

Мөнгөн гинж хийдэг.

20 Тэрбээр өргөлдөө зориулан

Өмхөрдөггүй мод сонгодог.

Унахгүй зогсдог сийлмэл шүтээн урлах

Чадварлаг дархныг хайдаг.

21 Та нар мэдэхгүй юү?

Та нар сонсоогүй юү?

Эхнээс нь та нарт хэлээгүй юү?

Дэлхийн суурь тавигдсанаас хойш тодорхой болсон зүйлийг та нар ойлгоогүй юү?

22 Дэлхийн тойрог* дээр амьдардаг Нэгэн бий.

Дэлхийн оршин суугчид түүний хувьд царцаа мэт юм.

Тэрбээр тэнгэрийг самбай шиг сунгаж,

Хүн амьдардаг майхан шиг дэлгэдэг.

23 Дээд албан тушаалтнуудыг огцруулж,

Дэлхийн шүүгчдийг* зайлуулдаг.

24 Тэднийг дөнгөж таригдан,

Дөнгөж суулгагдан,

Газарт үндэслэмэгц

Салхи салхилан хатаадаг.

Хар салхи сүрэл мэт хаман оддог.

25 Ариун Нэгэн айлдахдаа: «Та нар намайг хэнтэй адилтгах вэ? Хэн надтай эн тэнцүү вэ?

26 Толгойгоо өргөн тэнгэр өөд хар.

Энэ бүхнийг хэн бүтээсэн бэ?

Эдгээр одыг цэрэг мэт удирдан тоолж,

Тус бүрийг нь нэрээр нь дууддаг Нэгэн юм.

Асар их эрчим хүч, сүрдэж бишрэм хүч чадлынх нь улмаас

Тэд бүгд байрандаа байдаг.

27 “Ехова миний амьдралыг анхаардаггүй.

Бурхан надад шударга ханддаггүй” гэж

Иаков чи юунд өгүүлнэ вэ? Израйл чи юунд тунхаглана вэ?

28 Та нар мэдэхгүй юү? Та нар сонсоогүй юү?

Дэлхийн хязгаарыг бүтээгч Ехова бол мөнхийн Бурхан юм.

Тэрбээр эцэж туйлдана гэж үгүй.

Түүний ухаан хязгааргүй.

29 Тэрбээр ядарсанд хүч өгч,

Чадал дутсаныг нь тэнхрүүлдэг.

30 Хөвгүүд ядарч туйлддаг.

Залуус бүдэрч унадаг.

31 Харин Еховад найдагчид хүчээ сэлбэнэ.

Тэд бүргэдийн жигүүртэй мэт дүүлэн ниснэ.

Тэд гүйсэн ч ядрахгүй.

Алхсан ч цуцахгүй» гэдэг.

41 «Арлын оршин суугчид аа, дуугүй байж намайг сонс*.

Үндэстнүүд хүчээ сэлбэг.

Тэд ойртон ирээд яриг.

Бүгдээрээ шүүх дээр уулзъя.

 2 Хэн нар мандах зүгээс* нэгэн хүнийг дуудсан бэ?

Шударга ёсыг тогтоолгохоор хэн тэр хүнийг Түүний өмнө авчирсан* бэ?

Хэн түүнд үндэстнүүдийг өгч,

Хаадыг захируулсан бэ?

Хэн тэднийг илдээр нь тоос болгож,

Нумаар нь салхинд хийсэх сүрэл мэт болгосон бэ?

 3 Тэрбээр явж байгаагүй замаараа явж,

Тэднийг ямар ч саадгүй мөрддөг.

 4 Энэ хэний үйлс вэ? Хэн үүнийг хийсэн бэ?

Хэн үе үеийнхнийг эхнээс нь дуудаж авчирсан бэ?

Ехова би юм. Би бол анхных.

Сүүлчийн хүмүүс гарч ирсэн ч би өөрчлөгдөхгүй».

 5 Арлууд хараад айв.

Алс хязгаар нутгууд чичрэв.

Ард түмнүүд цугларав.

 6 Хүмүүс бие биедээ туслан,

Нэг нэгэндээ «Зоригтой бай» гэж хэлнэ.

 7 Уран дархан нь төмрийн дархнаа,

Лантуугаар давтагч нь

Дөшчнөө зоригжуулан

«Сайн гагнасан байна» гэж хэлнэ.

Дараа нь түүнийгээ унагаахгүйн тулд хадаасаар бэхэлнэ.

 8 «Харин Израйл аа, чи бол миний зарц.

Миний сонгосон Иаков аа,

Миний анд Абрахамын үр удам аа,

 9 Би чамайг дэлхийн хязгаараас авч,

Хамгийн алс нутгуудаас дуудсан.

Би чамд хэлэхдээ: “Чи бол миний зарц.

Би чамайг сонгосон. Би чамайг голоогүй.

10 Бүү ай, би чамтай хамт байна.

Бүү санаа зов, би чиний Бурхан.

Би чамд хүч тэнхээ өгч, чамд тусална.

Зөв шударгыг үйлддэг* баруун мутраараа би чамаас чанга барина” гэсэн.

11 Чамд уурладаг хүмүүс шившиг болж, шалдаа бууна.

Чамтай тэмцдэг хүмүүс юу ч биш болж, мөхнө.

12 Чамтай арцалддаг хүмүүсийг чи хайгаад ч олохгүй.

Чамтай дайтдаг хүмүүс алга болж, юу ч биш болно.

13 Учир нь чиний Бурхан Ехова би баруун гараас чинь атгаж байна.

Чамд “Бүү ай. Би чамд тусална” гэж хэлж байна.

14 Өчүүхэн дорд* Иаков аа, бүү ай.

Израйлчууд аа, би та нарт тусална» гэж Израйлын Ариун Нэгэн, чиний Аврагч* Ехова тунхаглаж байна.

15 «Би чамайг үтрэмийн чарга болгосон.

Тариа цайруулах, хурц шүдтэй шинэ багаж болгосон.

Чи уулсыг талхалж бяцална.

Толгодыг хивэг мэт болгоно.

16 Тэдгээрийг шигшихэд чинь

Салхи хийсгэн авч одно.

Шуурга тараан хаяна.

Чи Еховагийн хийсэн зүйлд баярлаж,

Израйлын Ариун Нэгнээр бахархана».

17 «Үгээгүйчүүд, ядуус ус эрэвч олохгүй.

Цангаснаас болж хэл нь хатна.

Ехова би тэдэнд хариулна.

Израйлын Бурхан би тэднийг орхихгүй.

18 Би нүцгэн толгод дээр гол урсгаж,

Хөндийнүүдэд булаг оргилуулж,

Зэлүүд газрыг зэгстэй цөөрөм болгож,

Усгүй газрыг усны эх булаг болгоно.

19 Цөлд би

Хуш, хуайс, гавирт мод, нарс тарина.

Цөлд би

Арц, жодоо, майлс мод суулгана.

20 Еховагийн мутар үүнийг хийснийг,

Израйлын Ариун Нэгэн үүнийг бүтээснийг

Бүх хүн хараад мэдэж,

Анхаарч, ойлгох болно».

21 «Хэргээ танилцуул» гэж Ехова хэлэв.

«Заргаа мэдүүл» гэж Иаковын Хаан өгүүлэв.

22 «Нотолгоо үзүүлж, юу болохыг бидэнд хэл.

Өмнө нь болсон явдлыг бидэнд ярь.

Тэгвэл бид тунгаан бодож, үр дагаврыг нь мэдэх юм.

Эсвэл удахгүй болох үйл явдлыг бидэнд тунхагла.

23 Ирээдүйд юу болохыг бидэнд хэл.

Тэгвэл бид та нарыг бурхад гэдгийг чинь мэднэ.

Сайн, муугийн аль нэгийг үйлд.

Тэгвэл бид хараад гайхан биширнэ.

24 Та нар бол юу ч биш.

Та нарт хийж бүтээсэн юм гэж байхгүй.

Та нарыг сонгодог хэн боловч жигшүүртэй.

25 Би хойд зүгээс нэгэн хүнийг дуудсан бөгөөд тэр ирнэ.

Тэрбээр наран ургах зүгээс* ирж миний нэрийг дуудна.

Ваарчин нойтон шаврыг гишгэчдэг шиг

Тэрбээр удирдагчдыг шавар мэт гишгэнэ.

26 Биднийг мэдээсэй гэсэндээ хэн үүнийг эхнээс нь ярьсан бэ?

“Түүний зөв” гэж биднийг хэлээсэй гэсэндээ хэн үүнийг эртнээс тунхагласан бэ?

Хэн ч зарлаагүй!

Хэн ч тунхаглаагүй!

Хэн ч та нараас юу ч сонсоогүй!».

27 «Юу болох гэж байгааг хар» гэж би анх Сионд хэлсэн.

Би сайн мэдээ хүргэгчийг Иерусалим руу илгээнэ.

28 Би хараад л байлаа, хэн ч байсангүй.

Зөвлөгөө өгчих хэн ч тэдний дунд байсангүй.

Би асуугаад л байлаа, хэн ч хариулсангүй.

29 Тэд бүгд хий хоосон.

Тэдэнд хийж бүтээсэн юм гэж байхгүй.

Цутгамал хөргүүд нь салхи, хоосон зүйл юм.

42 Миний дэмждэг зарц,

Миний сайшаан сонгосон нэгнийг харагтун!

Би түүнд агуу хүчээ өгсөн.

Тэрбээр үндэстнүүдийн дунд шударга ёсыг тогтооно*.

 2 Тэрбээр хашхирахгүй, чанга ярихгүй.

Гудамжинд ч дуугаа сонсгохгүй.

 3 Тэрбээр гэмтсэн зэгсийг хугалахгүй.

Бөхөж буй зулыг унтраахгүй.

Үнэнч байж, шударга ёсыг тогтооно.

 4 Дэлхий дээр шударга ёсыг тогтоотлоо эрчээ сулруулахгүй, бууж өгөхгүй.

Арлын оршин суугчид түүний хуулийг* найдан хүлээнэ.

 5 Жинхэнэ Бурхан Еховагийн үгийг сонс.

Тэнгэрийг бүтээж сунгасан Агуу Нэгэн,

Газрыг дэлгэж, дээрх бүхнийг нь бий болгосон Нэгэн,

Газар дээр амьдардаг хүмүүст амьсгал өгсөн Нэгэн,

Түүн дээр алхдаг бүхэнд амийн хүч өгсөн Нэгэн ийн айлдаж байна.

 6 «Ехова би шударга ёсыг тогтоолгохоор чамайг дуудсан.

Би чиний гараас атгасан.

Би чамайг хамгаалж, хүмүүсийн төлөө гэрээ,

Үндэстнүүдэд гэрэл болгоно.

 7 Чи сохруудын нүдийг нээж,

Ялтнуудыг гяндангаас,

Харанхуйд суугчдыг шоронгоос гаргана.

 8 Би бол Ехова. Энэ бол миний нэр.

Би өөрийн суу алдрыг хэнд ч өгөхгүй*.

Хүртвэл зохих магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй.

 9 Эрт цагт зөгнөн хэлсэн маань биелсэн.

Одоо би шинийг тунхаглаж байна.

Болохоос нь урьтаж би та нарт хэлж байна».

10 Еховад зориулж шинэ дуу дуул.

Дэлхийн хязгаараас түүнийг магтан дуул.

Тэнгис ба түүнийг дүүргэдэг бүхнээр амь зуугчид,

Арлууд ба тэдгээрийн оршин суугчид та нар дуул.

11 Зэлүүд газар ба тэр хавийн хотууд,

Кедарын хүмүүсийн амьдардаг суурингууд дуугаа өргөг.

Хадтай газрын хүмүүс баяртайгаар хашхираг.

Уулсын оройгоос хашхираг.

12 Еховад алдрыг өргөг.

Арлууд дээр түүнийг магтаг.

13 Ехова хүчит эр мэт дайтахаар явна.

Гал цогтой дайчин адил байна.

Дуугаа өндөрсгөн дайны уухай хадаана.

Дайснуудаасаа давуу хүчтэйгээ харуулна.

14 «Би удаан хугацаанд дуугүй байсан.

Дуугаа хураан, биеэ барьж байлаа.

Харин одоо амаржих гэж буй эмэгтэй шиг

Ёолон, амьсгаадан, бахардана.

15 Би уул толгодыг хоослон,

Өвс ургамлыг нь хатаана.

Голуудыг элсэн эрэг* болгож,

Зэгстэй цөөрмүүдийг ширгээнэ.

16 Би сохруудыг мэдэхгүй жимээр нь удирдаж,

Үл мэдэх замаар нь алхуулна.

Би тэдний өмнө харанхуйг гэрэл болгож,

Бартаа ихтэй замыг тэгш тал болгоно.

Тэдний төлөө хийх зүйл минь энэ юм. Би тэднийг орхихгүй».

17 Сийлмэл хөргүүдэд найдагчид,

Төмөр* шүтээнүүдэд «Та нар бидний бурхад» гэж хэлэгчид

Гэдрэг ухарч шившгээ дэлгэнэ.

18 Дүлий хүмүүс ээ, сонсоцгоо!

Сохор хүмүүс ээ, харцгаа!

19 Миний зарцаас өөр хэн сохор вэ?

Миний илгээсэн элч шиг хэн дүлий вэ?

Шагнал хүртсэн хүн шиг хэн сохор вэ?

Еховагийн зарц шиг хэн сохор вэ?

20 Чи олон юм хардаг хэр нь юу ч ажигладаггүй.

Чихтэй хэр нь юу ч сонсдоггүй.

21 Ехова зөв шударга учир

Хуулиа* дээдлэн өргөмжлөөд баярласан.

22 Гэвч энэ ард түмэн олзлогдож, хулгайлагдсан.

Бүгд нүхэнд хаягдаж, шоронд хоригдсон.

Тэднийг олзлоход хэн ч авраагүй.

Тэднийг хулгайлахад хэн ч: «Буцааж авчир!» гэж хэлээгүй.

23 Хэн чинь үүнийг сонсох вэ?

Ирээдүйн төлөө хэн үүнд анхаарлаа хандуулж, чих тавих вэ?

24 Иаковыг хэн олзлуулсан бэ?

Израйлыг хэн хулгайлуулсан бэ?

Ехова биш гэж үү? Бид түүний эсрэг нүгэл үйлдсэн.

Түүний замаар явахыг хүсээгүй.

Хуулийг нь сахихаас* татгалзсан.

25 Иймээс тэрбээр Израйлд хилэгнэн уурласан юм.

Аймшигт дайны хүнд хэцүүг үзүүлсэн юм.

Дайны гал эргэн тойронд нь асаж байсан ч Израйл анхаараагүй.

Галын дөлд хуйхлуулсан ч тэр тоогоогүй.

43 Иаков аа, чиний Бүтээгч айлдаж байна.

Израйл аа, чамайг бий болгосон Ехова өгүүлж байна.

«Бүү ай. Би чамайг буцаан худалдаж авсан.

Би чамайг нэрээр чинь дуудсан.

Чи минийх.

 2 Чамайг ус туулахад би хамт байна.

Гол гатлахдаа чи живэхгүй.

Гал дундуур явахдаа чи түлэгдэхгүй.

Дөлд нь чи хуйхлагдахгүй.

 3 Би бол чиний Бурхан Ехова,

Израйлын Ариун Нэгэн, чиний Аврагч.

Би чиний төлөө Египетийг золионд гаргаж,

Чиний оронд Етиоп, Себаг өгсөн.

 4 Чи миний мэлмийд үнэ цэнтэй.

Би чамайг хүндэлж, хайрласан.

Би чиний оронд хүмүүсийг,

Амийн чинь төлөө үндэстнүүдийг өгнө.

 5 Би чамтай хамт байгаа тул бүү ай.

Би үр удмыг чинь дорно зүгээс авчирч,

Өрнө зүгээс цуглуулна.

 6 Би хойд зүгт “Тэднийг өг!” гэж хэлнэ.

Өмнө зүгт ингэж айлдана. “Тэднийг бүү саатуул!

Миний хөвгүүдийг холоос, миний охидыг дэлхийн хязгаараас авчир!

 7 Миний нэрээр овоглосон бүхнийг авчир.

Би тэднийг өөрийн алдрын төлөө бүтээсэн.

Би тэднийг бий болгосон юм”.

 8 Нүдтэй хэр нь сохор,

Чихтэй хэр нь дүлий ард түмнийг авчир.

 9 Бүх үндэстэн нэг газар чуулаг.

Ард түмнүүд хамт цуглаг.

Тэдний* дундаас хэн үүнийг хэлж чадах вэ?

Эсвэл анхны зүйлсийг* бидэнд дуулгаж чадах уу?

Тэд өөрсдийнхөө зөвийг батлахын тулд гэрчүүдээ авчраг.

Бусад нь сонсоод, “Энэ үнэн байна!” гэж хэлэг».

10 Ехова ийн тунхаглаж байна. «Та нар бол миний гэрчүүд.

Намайг танин мэдэж, надад итгэн*,

Нэг л янзаараа байдгийг минь ойлгоосой гэсэндээ

Би та нарыг зарцаа болгон сонгож авсан юм.

Надаас өмнө нэг ч Бурхан байгаагүй.

Миний дараа ч гарч ирээгүй.

11 Би, зөвхөн би Ехова. Надаас өөр аврагч байхгүй».

12 Ехова ийн айлдаж байна. «Та нарын дунд харийн бурхан байхгүй байхад

Би хийх зүйлээ тунхаглаж, та нарыг аварч, энэ бүхнийг мэдүүлсэн юм.

Тиймээс та нар бол миний гэрчүүд. Би бол Бурхан.

13 Би хэзээд хэвээрээ.

Хэн ч миний гараас юу ч булааж авч чадахгүй.

Ажиллаж эхлэхэд минь хэн саад болох вэ?».

14 Та нарын Аврагч*, Израйлын Ариун Нэгэн Ехова ийн айлдаж байна.

«Би та нарын төлөө Вавилон руу их цэрэг илгээж, хаалгануудынх нь бүх түгжээг эвдэнэ.

Халдейчууд хөлөг онгоцнууд дээрээ гашуудан уйлна.

15 Би бол Ехова, та нарын Ариун Нэгэн, Израйлын Бүтээгч, танай Хаан».

16 Тэнгис дундуур зам тавигч,

Догшрон шуугих усан дундуур харгуй гаргагч

Ехова айлдаж байна.

17 Дайны тэрэг ба морьдыг,

Их цэрэг ба хүчит дайчдыг цуглуулагч тэрбээр айлдаж байна.

«Тэд унаад босохгүй.

Асаад дуусаж буй дэнлүү шиг унтарна» гэв.

18 «Урьдын явдлыг бүү сана.

Өнгөрснийг бүү бод.

19 Би шинэ юм хийж байна.

Аль хэдийн эхэлчхээд байна.

Та нар харахгүй байна уу?

Би зэлүүд газар зам тавьж,

Цөлд гол горхи урсгана.

20 Намайг хээрийн араатан,

Чононцор, тэмээн хяруул хүндэлнэ.

Учир нь би өөрийн сонгосон ард түмэндээ уулгахаар

Зэлүүд газар ус гаргаж,

Цөлд гол горхи урсгана.

21 Энэ ард түмнийг би өөртөө зориулан бий болгосон юм.

Өөрийнхөө үйлсийг магтуулахаар тэднийг бүрдүүлсэн юм.

22 Гэвч чи намайг дуудсангүй, Иаков аа.

Учир нь чи надаас залхжээ, Израйл аа.

23 Чи надад шатаалт тахилынхаа хонийг авчраагүй.

Өргөлөөрөө намайг алдаршуулаагүй.

Бэлэг авчир гэж би чамайг албадаагүй.

Гүгэл* асаахыг шаардаж би чамайг залхаагаагүй.

24 Чи надад мөнгөөрөө годил өвс* авч өгөөгүй.

Тахилынхаа өөхөөр намайг цатгаагүй.

Харин нүглээрээ дарамталж,

Алдаагаараа залхаасан.

25 Би өөрийнхөө төлөө гэмийг* чинь арилгана.

Нүглийг чинь би эргэж санахгүй.

26 Хэрэг заргаа хэлэлцье. Юу мартсаныг минь сануул.

Өөрийн зөвийг баталж учир шалтгаанаа хэл.

27 Элэнц өвөг чинь нүгэл үйлдсэн.

Төлөөлөгчид* чинь надад тэрсэлсэн.

28 Тиймээс би ариун газрын ноёдыг бузарт тооцно.

Иаковыг устгалд тушаана.

Израйлыг элэг доог болгоно.

44 Миний зарц Иаков аа,

Миний сонгосон Израйл аа, одоо сонс.

 2 Чамайг бүтээж бий болгосон,

Эхийн хэвлийд байхаас* чинь тусалж ирсэн Ехова

Ийн айлдаж байна.

“Миний зарц Иаков аа,

Миний сонгосон Иешурун* аа, бүү ай.

 3 Би цангасан хүнийг* усаар ундаална.

Хуурай газар гол горхи урсгана.

Хүүхдүүдэд чинь агуу хүчээ өгнө.

Хойч үед чинь ивээлээ хайрлана.

 4 Тэд ногоон зүлэг шиг,

Голын дэргэдэх улиас шиг ургана.

 5 Нэг нь: «Би Еховагийнх» гэж хэлнэ.

Нөгөө нь өөрийгөө Иаковаар овоглоно.

Гурав дахь нь «Би Еховагийнх» гэж гар дээрээ бичнэ.

Тэгээд Израйлын нэрийг өөрийн болгоно”.

 6 Еховагийн үгийг сонс.

Израйлын Хаан, Аврагч*, тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн айлдаж байна.

“Би анхных, би сүүлчийнх.

Надаас өөр Бурхан байхгүй.

 7 Надтай адил хэн байна вэ?

Байвал үүнийгээ зарлаг! Байгаа гэдгээ хэлж, надад батлаг!

Эртний ард түмнийг бий болгосон цагаас минь хойш

Удахгүй болох зүйлийг ч,

Хараахан болоогүй зүйлийг ч хэлж чадах хэн байна вэ?

 8 Зүрхшээх хэрэггүй.

Айж дагжих шаардлагагүй.

Би та бүгдэд үүнийг эртнээс хэлж тунхаглаагүй гэж үү?

Та нар бол миний гэрчүүд.

Надаас өөр Бурхан байна уу?

Үгүй, өөр Хад байхгүй. Би л лав мэдэхгүй”».

 9 Шүтээн сийлэгч бүгд юу ч биш,

Нандин шүтээнүүд нь ямар ч ашиггүй.

Тэдгээр* нь гэрч хэр нь юу ч хардаггүй, юу ч мэддэггүй.

Тэдгээрийг бүтээгчид нь шившиг болно.

10 Бурхан бүтээдэг эсвэл төмөр* шүтээн хийдэг хэн боловч

Ашиг тус хүртэхгүй.

11 Түүний хамтрагчид бүгд шившиг болно.

Уран дархчууд бол ердөө л хүмүүс шүү дээ.

Бүгдээрээ цуглан, байраа эзлэг л дээ.

Тэд айдаст автан, шившиг болно.

12 Төмрийн дархан багажаа бариад нүүрсэн дээр төмрөө халаадаг.

Түүнийгээ алхаар цохиж давтан

Шөрмөслөг гараараа ажилладаг.

Дараа нь тэрбээр өлсөж ядардаг.

Уух усгүй тамирддаг.

13 Сийлбэрчин модон дээр шугам татаж, улаан шохойгоор зурдаг.

Модоо харуулдан гортигоор дугуйлдаг.

Хүний дүрс гарган

Сайхан төрхтэй хүн хийгээд

Байшинд* тавьдаг.

14 Хуш мод цавчдаг хүн байдаг.

Тэрбээр ойгоос царс мод сонгоод

Ургаж бүдүүрэхийг нь хүлээдэг.

Мөн лаврын мод тарихад бороо түүнийг нь ургуулдаг.

15 Ургасан тэр мод нь түлээ болдог.

Тэрбээр хэсгээс нь авч түлээд дулаацдаг.

Гал өрдөн талх жигнэдэг.

Бас бурхан бүтээж түүнийгээ шүтдэг.

Шүтээн сийлэн түүндээ мөргөдөг.

16 Модныхоо талаар гал түлээд

Мах шарж, цадталаа иддэг.

Мөн биеэ дулаацуулаад

«За, гал үзэж сайхан дулаацлаа» гэдэг.

17 Харин үлдсэнээр нь шүтээн сийлж бурхан бүтээгээд

Сөгдөн мөргөж шүтдэг.

Бас түүндээ залбиран

«Та миний бурхан учир намайг авраач» гэдэг.

18 Тийм хүмүүс юу ч мэддэггүй, юу ч ойлгодоггүй.

Учир нь нүд нь боолттой учраас юу ч хардаггүй.

Тэдэнд* ойлгох чадвар байхгүй.

19 Юм боддог, мэдлэг боловсролтой, ойлгох чадвартай хүн:

«Талаар нь би гал түлж,

Цогшсон нүүрсэн дээр нь талх жигнэж, мах шарж идлээ.

Тэгчхээд үлдсэнээр нь жигшүүрт юм хийж

Модны хэлтэрхийг шүтэх юм гэж үү?» гэж хэлнэ.

Гэвч тийм хүн алга.

20 Тэрбээр үнсээр хооллож,

Хууртсан зүрхнээсээ болж төөрөлдсөн.

Өөрийгөө ч аварч чадахгүй.

«Баруун гарт минь худал хуурмаг байгаа юм биш биз?» гэж хэлдэг ч үгүй.

21 «Иаков аа, Израйл аа, эдгээрийг сана.

Чи бол миний зарц.

Би чамайг бүтээсэн. Чи миний зарц.

Израйл аа, би чамайг мартахгүй.

22 Би чиний гэмийг үүлээр хаах мэт арилгана.

Чиний нүглийг өтгөн үүлээр халхлах мэт зайлуулна.

Над руу буцаж ир. Би чамайг аварна*.

23 Ехова би зорьсондоо хүрсэн тул

Тэнгэр ээ, баярлан хашхир!

Газрын гүн ээ, ялалтын уухай хадаа!

Уул толгод оо, баяс!

Ой мод оо, баярлацгаа!

Ехова би Иаковыг аварсан*.

Израйлд сүр жавхлангаа үзүүлсэн».

24 Чамайг эхийн хэвлийд бий болгосон

Чиний Аврагч* Ехова би ийн айлдаж байна.

«Би бол бүхнийг бүтээсэн Ехова.

Би өөрөө тэнгэрийг сунгаж,

Газрыг дэлгэсэн.

Хэн надтай хамт байсан бэ?

25 Би хоосон чалчигчдын* тэмдгийг юу ч биш болгож,

Мэргэ төлгөчдөөр мунхаг юм хийлгэж,

Ухаантнуудыг төөрөлдүүлж,

Мэдлэгийг нь мунхаглал болгож байна.

26 Би зарцаараа хэлүүлсэн үгээ биелүүлж,

Элч нараараа зөгнүүлсэн бүхнээ гүйцэлдүүлж байна.

Би Иерусалимд “Чи оршин суугчидтай болно”,

Иудагийн хотуудад “Та нарыг сэргээн барина,

Нурангийг чинь би босгоно” гэж хэлж байна.

27 Гүн усанд “Ширгэ,

Би бүх голыг чинь хатаана” гэж хэлж байна.

28 Корешт* “Чи бол миний хоньчин.

Чи хүссэн болгоныг минь бүрэн гүйцэтгэнэ”,

Иерусалимд “Чамайг сэргээн босгоно”,

Сүмд “Чиний суурийг тавина” гэж хэлж байна».

45 Ехова би өөрийн сонгосон* Корешт ийн айлдав.

(Би түүгээр үндэстнүүдийг захируулж,

Хаадын зэвсгийг хураалгахын тулд

Баруун гараас нь барьсан юм.

Түүний өмнө дааман хаалгануудыг нээснээр

Тэдгээр нь хаагдахгүй юм. )

 2 «Би чиний урд явж

Толгодыг тэгшилнэ.

Зэс хаалгануудыг буталж,

Төмөр цоожнуудыг эвдэнэ.

 3 Харанхуйд нуусан эрдэнэс,

Далд газар нууцалсан баялгийг би чамд өгнө.

Тэгснээр чи намайг Ехова гэдгийг,

Нэрээр чинь дууддаг Израйлын Бурхан гэдгийг мэднэ.

 4 Өөрийн зарц Иаков, өөрийн сонгосон Израйлын төлөө

Би чамайг нэрээр чинь дуудаж байна.

Чи намайг мэдэхгүй ч би суу алдрыг чинь дуурьсгаж байна.

 5 Би бол Ехова, өөр байхгүй.

Надаас өөр Бурхан байхгүй.

Чи намайг мэдэхгүй ч би чамайг хүчирхэг болгоно.

 6 Нар мандахаас жаргах* зүгийн бүх хүн

Надаас өөр хэн ч байхгүйг

Мэдэж авна.

Би бол Ехова, өөр байхгүй.

 7 Би гэрлийг бий болгож, харанхуйг бүтээдэг.

Энх тайвныг тогтоож, гай зовлон учруулдаг.

Би бол энэ бүхнийг хийдэг Ехова юм.

 8 Тэнгэр ээ, зөв шударгыг бороо мэт оруул.

Үүлтэй тэнгэрээс зөв шударга байдал хур мэт бууг.

Газар нээгдэж авралыг жимс мэт ургуулаг.

Үүнтэй зэрэгцэн зөв шударга байдал соёолог.

Ехова би үүнийг бүтээсэн юм».

 9 Газар хэвтэх ваарын хэлтэрхийн дундах

Өчүүхэн нэг ваарын хэлтэрхий атлаа

Бүтээгчтэйгээ маргагч нь золгүй еэ!

Шавар нь ваарчнаасаа «Та юу хийгээд байна вэ?» гэж асуух уу?

Эсвэл гарын бүтээл чинь: «Та юу ч хийж чадахгүй*» гэж хэлэх үү?

10 Эцэгтээ* «Та ямар хүн гаргачхав аа?»,

Эхдээ* «Та юу төрүүлчхэв ээ?» гэж хэлэгч нь золгүй еэ!

11 Израйлын Ариун Нэгэн, түүнийг бүтээсэн Ехова ийн айлдаж байна.

«Ирээдүйд юу болохыг хэлсэнд минь чи эргэлзэх нь үү?

Хөвгүүдээ яахыг минь, мутрын бүтээлээ хэрхэхийг минь чи заах нь уу?

12 Би дэлхийг бүтээж, түүн дээрх хүнийг бий болгосон.

Би тэнгэрийг мутраараа сунгасан бөгөөд

Түүний дайчдад тушаал буулгадаг юм».

13 «Би зөв шударга учир нэгэн хүнийг бэлтгэсэн.

Би түүний замыг тэгшилнэ.

Тэрбээр миний хотыг барьж байгуулах бөгөөд

Олзлогдсон ард түмнийг минь үнэ хөлс, хээл хахууль авахгүйгээр чөлөөлнө» гэж тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.

14 Ехова ийн айлдаж байна.

«Египетийн ашиг*, Етиопын эд бараа*, өндөр нуруутай савечууд

Чам дээр ирж, чинийх болно.

Тэд гинжтэйгээ чиний араас явна.

Тэд чам дээр ирж, чамд сөгдөнө.

Тэгээд “Бурхан үнэхээр тантай хамт байдаг юм байна.

Өөр байхгүй юм байна. Өөр Бурхан байхгүй юм байна” гэж сүсэглэн хэлнэ».

15 Израйлын Бурхан, Аврагч аа,

Та үнэхээр өөрийгөө нуудаг Бурхан юм.

16 Тэд бүгд ичгэвтэр байдалд орж, доромжлогдоно.

Шүтээн бүтээгчид бүгдээрээ гутамшигтайгаар явна.

17 Харин Израйлыг Ехова нэгмөсөн аварна.

Чи хэзээ ч ичгэвтэр байдалд орохгүй, мөнхөд гутамшиг болохгүй.

18 Тэнгэрийг бүтээсэн жинхэнэ Бурхан,

Дэлхийг бий болгож, түүнийг бат тогтоосон Нэгэн,

Газрыг дэмий* бүтээлгүй, харин хүмүүсийг оршин суулгахаар бүтээсэн Ехова ийн айлдаж байна.

«Би бол Ехова, өөр байхгүй.

19 Би нууц газар, харанхуйн орноос яриагүй.

Би Иаковын үр удамд

“Та нар миний удирдлага зааврыг хайсан ч олохгүй” гэж хэлээгүй.

Би бол зөв шударгыг ярьдаг, шулуун шударгыг тунхагладаг Ехова юм.

20 Үндэстнүүдийн эрхшээлээс чөлөөлөгдсөн та нар

Хамт цуглаад ирж, бие биедээ ойртоцгоо.

Сийлмэл шүтээн авч явдаг,

Аварч чадахгүй бурханд залбирдаг хүмүүс юу ч мэдэхгүй.

21 Заргаа мэдүүл, хэргээ танилцуул.

Хоорондоо зөвлөлд.

Хэн үүнийг эртнээс зөгнөж,

Дээр үеэс тунхагласан бэ?

Ехова би биш гэж үү?

Надаас өөр Бурхан байхгүй.

Би бол зөв шударга Бурхан, Аврагч. Надаас өөр байхгүй.

22 Дэлхийн бүх хязгаар аа, над руу эргэж ирээд аврагд.

Учир нь би бол Бурхан, өөр байхгүй.

23 Би өөрөөрөө тангарагласан.

Амнаас минь гарсан үг үнэн.

Би үгээ буцаахгүй.

Хүн бүхэн өвдөг сөгдөж

Надад үнэнч байхаа тангараглана.

24 Тэгээд ингэж хэлнэ. “Ехова л үнэхээр зөв шударга, хүч чадалтай.

Түүнд уурлаж байсан бүхэн шившигтэйгээр өмнө нь очно.

25 Еховад үйлчлэх нь зөв гэдгийг Израйлын бүх үр удам ойлгож,

Түүний хийсэн бүхнийг бахархан ярина”».

46 Бел бөхийж, Небо тонгойжээ.

Тэдний хөргүүдийг ачлагын мал дээр ачжээ.

Ядарсан малын нуруун дээр хүнд ачаа болсон байна.

 2 Тэд хамтдаа бөхийж, тонгойжээ.

Тэд ачаа болсон хөргүүдээ ч аварч чадахгүй,

Өөрсдөө олзлогдсон байна.

 3 «Иаковын үр удам аа, Израйлын бүх үлдэгсэд ээ,

Эхийн хэвлийд байхаас чинь тээж, төрсөн цагаас чинь дэмжиж ирсэн намайг сонс.

 4 Та нар хөгширсөн ч би хэвээрээ байна.

Үс чинь бууралтсан ч би та нарыг үүрсээр байна.

Би та нарыг урьдын адил тээж, үүрч, аварна.

 5 Та нар намайг хэнтэй адилтгаж, зэрэгцүүлж, харьцуулж

Ижил төстэй гэж хэлэх вэ?

 6 Түрийвчин дэх алтаа хайрлалгүй гаргадаг хүмүүс бий.

Тэд жинлүүр дээр мөнгө жинлэн

Төмрийн дархан хөлсөлж мөнгөн бурхан хийлгээд

Түүндээ бөхийж, түүнийгээ шүтдэг.

 7 Тэд түүнийг мөрөндөө тэгнэн

Авч яваад байранд нь тавихад тэр нь байж л байдаг.

Байрнаасаа хөдөлдөггүй.

Тэд түүн рүү хашхирсан ч хариулдаггүй.

Хэнийг ч зовлонгоос нь аварч чадахгүй.

 8 Үүнийг санаад зоригтой бай,

Нухацтай бод, нүгэлтнүүд ээ!

 9 Эрт дээр үед болсон урьдын явдлыг,

Би бол Бурхан, өөр байхгүй гэдгийг сана.

Би бол Бурхан, над шиг нэгэн байхгүй.

10 Эцэстээ юу болохыг би эхнээс нь хэлдэг.

Хараахан болоогүй зүйлийг эртнээс мэдүүлдэг.

“Би шийдвэрээ* хэрэгжүүлнэ.

Хүссэн бүхнээ биелүүлнэ” гэж би хэлдэг.

11 Нар мандах зүгээс* би махчин шувууг дуудаж байна.

Шийдвэрийг* минь гүйцэтгэх хүнийг алс нутгаас авчирч байна.

Би хэлсэн л бол хийнэ.

Зорьсон л бол биелүүлнэ.

12 Зөв шударгаас холдсон

Зөрүүд хүмүүс ээ, намайг сонсоцгоо.

13 Зөв шударгаа харуулах цаг минь

Хол биш, ойрхон байна.

Аврах цагаа би хойшлуулахгүй.

Би Сионыг аварч, сүр алдраа Израйлд өгнө».

47 Вавилон* оо,

Буугаад шороон дээр суу.

Халдейчуудын хот* оо, газар суу.

Одоо сэнтий байхгүй болсон.

Хүмүүс чамайг энхрий ялдам гэж дахин хэзээ ч дуудахгүй.

 2 Гар тээрмээр тариа тээрэмд.

Гивлүүрээ авч хая.

Банзлаа тайлан хөлөө гаргаж

Гол гатал.

 3 Нүцгэн бие чинь ил гарна.

Бузар булайг чинь бүгд харна.

Би өшөө авна. Хэн ч надад саад хийхгүй*.

 4 «Биднийг буцаан худалдан авагч нь

Израйлын Ариун Бурхан юм.

Түүний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова».

 5 Халдейчуудын хот* оо,

Дуугүй суу, харанхуй руу яв.

Чамайг хаант улсуудын Эзэгтэй* гэхээ болино.

 6 Би ард түмэндээ уурлан,

Өмч болсон тэднийг бузарлаж

Чиний мэдэлд өгсөн.

Гэвч чи тэдэнд өршөөл үзүүлээгүй.

Ахмад буурлуудад хүртэл хүнд буулга тохсон.

 7 Чи: «Би үргэлжийн мөнхөд Эзэгтэй* байх болно» гэж хэлээд

Эдгээрийг огт тоогоогүй.

Эцэст нь юу болохыг ч бодоогүй.

 8 Зугаа цэнгэлд дурлагч аа, чи одоо сонс.

Айх аюулгүй суудаг чи:

«Над шиг нэгэн байхгүй. Надаас өөр хэн ч байхгүй.

Би бэлэвсрэхгүй.

Хүүхдээ алдахын зовлонг хэзээ ч үзэхгүй» гэж боддог.

 9 Гэвч аль алийг нь чи нэг л өдөр гэнэт үзнэ.

Хүүхдээ ч алдана, бас бэлэвсэрнэ.

Ид шид, хүчтэй тарниасаа болж*

Чи энэ бүхнийг бүрэн хүртэнэ.

10 Чи бузар хэрэгтээ найдан

«Хэн ч намайг хардаггүй» гэсэн.

Мэргэн ухаан, мэдлэгээсээ болж чи төөрсөн.

«Над шиг нэгэн байхгүй. Надаас өөр хэн ч байхгүй» гэж чи боддог.

11 Чам дээр гамшиг бууна.

Чиний ямар ч шившлэг зогсоож чадахгүй*.

Чамайг гай дайрна. Чи бултаж чадахгүй.

Чиний мэдэхгүй сүйрэл чам дээр гэнэт бууна.

12 Ид шидээ үйлдэж, тарниа унш л даа.

Чи эдгээрийн араас залуугаасаа л уйгагүй хөөцөлдсөн шүү дээ.

Чамд тус болох ч юм билүү?

Дайснууд чинь айх ч юм билүү?

13 Чи тоймгүй олон зөвлөгчөөсөө болж туйлджээ.

Тэнгэрийг шүтэгчид*, оддыг ажиглагчид,

Чамд юу тохиолдохыг

Шинэ сар гарах тоолонд хэлж өгдөг хүмүүс чинь

Хүрч ирээд чамайг авраг.

14 Тэд сүрэл адил

Галд шатна.

Тэд галын дөлнөөс өөрсдийгөө аварч чадахгүй.

Тэр нь нүүрс биш учраас дулаацуулахгүй.

Дэргэд нь суудаг гал ч биш.

15 Чамтай хамт залуугаасаа

Ид шидээр уйгагүй хөөцөлдсөн илбэчид ийм л болно.

Тэд тус тусынхаа замаар тэнүүчлэн явна.

Чамайг аврах хэн ч байхгүй.

48 Иаковын үр удам аа,

Израйлаар овоглогчид оо,

Иудагаас* төрөн гарагчид аа,

Үнэнээр, зөв шударгаар биш хэр нь

Еховагийн нэрээр тангараглаж,

Израйлын Бурхныг дуудагчид аа, сонс.

 2 Та нар өөрсдийгөө ариун хотынх гэдэг.

Тэнгэрийн цэргийн жанжин Ехова гэдэг нэртэй

Израйлын Бурхнаас тусламж эрдэг.

 3 «Болж өнгөрсөн юмыг би аль эрт хэлсэн.

Би өөрөө хэлж, өөрөө зарласан.

Хэлснээ гэнэт гүйцэтгэхэд минь

Бодитой болон биелсэн.

 4 Би та нарыг зөрүүд гэдгийг,

Хүзүү чинь төмөр, дух чинь зэс гэдгийг мэддэг болохоор

 5 Аль эрт та нарт хэлсэн.

Та нарыг “Миний шүтээн ингэсэн юм.

Миний сийлмэл хөрөг, миний төмөр* шүтээн тушаасан юм” гэж хэлүүлэхгүйн тулд,

Болохоос нь өмнө би та нарт дуулгасан.

 6 Та нар энэ бүхнийг харж, сонсчхоод

Тунхаглахгүй юм гэж үү?

Та нарын мэдээгүй, нууцлагдсан, шинэ зүйлийг

Би одоо тунхаглаж байна.

 7 Эдгээр нь эрт цагт биш, яг одоо болж* байна.

Та нар урьд нь хэзээ ч сонсож байгаагүй.

Тийм болохоор та нар: “Бид угаасаа мэднэ” гэж хэлэх аргагүй.

 8 Та нар сонсож байгаа ч үгүй, мэдэх ч үгүй.

Та нарын чих аль эртнээс бөглөөтэй байсан.

Та нарын зальхайг би мэднэ.

Та нар төрсөн цагаасаа л нүгэлтэн гэгдсэн.

 9 Гэвч нэрийнхээ төлөө би та нарт уураа гаргахгүй.

Алдаршихын тулд би биеэ барина.

Би та нарыг устгахгүй.

10 Би та нарыг мөнгө шиг биш ч, цэвэршүүлсэн.

Зовлонгийн зууханд хайлуулж шалгасан*.

11 Би өөрийнхөө төлөө, өөрийнхөө төлөө үйлдэнэ.

Намайг гутаахыг би хэрхэн тэвчих билээ?

Би өөрийн суу алдрыг хэнд ч өгөхгүй*.

12 Иаков аа, миний сонгосон Израйл аа, намайг сонс.

Би хэвээрээ. Би анхных, бас сүүлчийнх.

13 Би мутраараа дэлхийн суурийг тавьсан.

Баруун мутраараа тэнгэрийг дэлгэсэн.

Би тэднийг дуудахад тэд хамтдаа өмнө минь зогсдог.

14 Та нар бүгдээрээ цугларч, сонсоцгоо.

Бурхдын дундаас хэн нь эдгээрийг зарлан тунхагласан бэ?

Ехова би түүнийг* хайрласан.

Тэрбээр Вавилонд юу хүссэнээ хийнэ.

Хүчирхэг гараараа халдейчуудыг цохино.

15 Би өөрөө айлдсан юм.

Би түүнийг дуудаж авчирсан. Түүний үйлс бүтнэ.

16 Над руу ойртоод сонс.

Анхнаасаа би нууцаар яриагүй.

Энэ явдал болох үед би тэнд байсан».

Хэмжээгүй эрхт Эзэн Ехова, намайг болон агуу хүчээ илгээлээ.

17 Чиний Аврагч*, Израйлын Ариун Нэгэн Ехова ийн айлдаж байна.

«Ехова би бол чиний Бурхан.

Би чамд тустайг сурган,

Явах ёстой замаар чинь явуулдаг.

18 Чи миний тушаалуудыг анхаардаг ч болоосой!

Тэгвэл амар амгалан байдал чинь гол мэт,

Зөв шударга байдал чинь далайн давлагаа мэт болох сон.

19 Үр хүүхэд чинь элс мэт,

Үр удам чинь элсний ширхэг мэт олшрох сон.

Тэдний нэр хэзээ ч балрахгүй, алга болохгүй*».

20 Вавилоноос гар!

Халдейчуудаас зугт!

Баяртайгаар зарла! Тунхагла!

Дэлхий даяар зарлан мэдэгд!

Ингэж хэл. «Ехова зарц Иаковаа аварлаа*.

21 Тэрбээр цөлд Бурхнаар удирдуулан явахдаа цангаж байгаагүй.

Бурхан түүнд хаднаас ус гаргаж өгсөн.

Хадыг хуваахад ус олгойдон гарсан юм».

22 «Муу хүмүүс амар заяа үзэхгүй» гэж Ехова айлдаж байна.

49 Арлын оршин суугчид аа, намайг сонсоцгоо.

Алс холын үндэстнүүд ээ, анхаарлаа хандуулцгаа.

Төрөхөөс минь өмнө Ехова намайг дуудсан юм.

Эхийн хэвлийд байхаас минь миний нэрийг дурдсан юм.

 2 Тэрбээр хэлийг* минь хурц илд шиг болгож,

Мутрынхаа сүүдэрт намайг далдалсан юм.

Тэрбээр намайг зүлгэсэн сум шиг болгож

Саадагтаа нуусан юм.

 3 Тэрбээр надад «Израйл аа, чи бол миний зарц.

Би чамаар дамжуулан сүр жавхлангаа үзүүлнэ» гэж хэлэв.

 4 Харин би: «Би юу ч биш юмны төлөө зүтгэсэн.

Хоосон юмны төлөө хүчээ дэмий барсан.

Гэвч миний шүүгч бол Ехова*.

Бурхан надад хөлс* өгдөг» гэж хэлсэн.

 5 Намайг эхийн хэвлийд байхаас минь зарцаа болгосон Ехова

Иаковыг буцааж авчрахыг,

Израйлыг цуглуулахыг надад тушаав.

Би Еховагийн өмнө алдаршина.

Миний Бурхан хүч чадал минь болно.

 6 Тэрбээр надад «Чи бол Иаковын овгуудыг сэргээж,

Израйлын үлдэгсдийг буцааж авчрах

Зарц төдий биш ээ.

Би дэлхийн хязгаар хүртэл хүмүүсийг аврахын тулд

Чамайг бас үндэстнүүдэд гэрэл болголоо» хэмээн айлдав.

7 Хүмүүст гологдож, энэ үндэстэнд жигшигдсэн бөгөөд захирагчдын зарц болсон нэгэнд Израйлын Аврагч*, түүний Ариун Бурхан Ехова ийн айлдав.

«Чамайг сонгосон Израйлын Ариун Нэгэн,

Үнэнч Еховагийн улмаас

Хаад хараад босож,

Ноёд мэхийн ёсолно».

 8 Ехова ийн айлдав.

«Тааламжтай цагт би чамд хариулсан.

Авралын өдөр би чамд тусалсан.

Би чамайг хамгаалж ирсний учир нь

Чамайг хүмүүсийн төлөө гэрээ болгож,

Газар нутгийг сэргээн,

Эзгүйрсэн эзэмшлийг нь ард түмэндээ буцаан өгч,

 9 Хоригдлуудад “Гарцгаа!”,

Харанхуйд байгсдад “Гэрэлд гарцгаа!” гэж хэлэхийн тулд билээ.

Тэд зам дагуу идээшилнэ.

Жим* болгоны хажууд бэлчээр нь байна.

10 Тэд өлсөх ч үгүй, цангах ч үгүй.

Аагим халуунд ч халахгүй, хурц наранд ч цохиулахгүй.

Учир нь өршөөнгүй Нэгэн тэднийг удирдаж,

Булгийн ус руу аваачна.

11 Би бүх уулаа зам болгоно.

Их замуудаа өндөрсгөнө.

12 Хүмүүс хол газраас ирж байна.

Зарим нь хойд зүгээс, баруун зүгээс,

Зарим нь Синимийн нутгаас ирж байна».

13 Тэнгэр ээ, баярлан хашхир. Газар аа, баясан цэнгэ.

Уулс хөгжилдөж, баяртайгаар хашхираг.

Учир нь Ехова ард түмнээ тайвшруулсан юм.

Тэрбээр зовсон хүмүүсийг энэрдэг.

14 Гэвч Сион:

«Ехова намайг орхисон. Ехова намайг мартсан» гэж хэлээд л байсан.

15 Бүсгүй хүн нялх үрээ мартана гэж үү?

Эх хүн төрүүлсэн хүүхдээ өрөвдөхгүй гэж үү?

Тэд мартлаа ч, би чамайг хэзээ ч мартахгүй.

16 Чамайг би алган дээрээ сийлсэн.

Хотын чинь хэрмийг би нүд салгалгүй ширтдэг*.

17 Хөвгүүд чинь яаран буцаж ирнэ.

Чамайг нурааж, сүйрүүлсэн хүмүүс зайлна.

18 Толгойгоо өргөөд эргэн тойрноо хар даа.

Хөвгүүд чинь бүгдээрээ цуглан

Чам дээр ирж байна.

Ехова ийн тунхаглаж байна. «Би өөрөөрөө тангараглая.

Чи тэднийг чимэг мэт зүүнэ.

Тэднээр өөрийгөө сүйт бүсгүй мэт гоёно.

19 Чи эвдрэн сүйдэж, эзгүйрэн хоосорч, газар дээр чинь балгас үлдсэн байсан ч

Одоо багтаж ядсан оршин суугчидтай болно.

Харин чамайг сүйтгэж байсан хүмүүс хол байх болно.

20 Хүүхдүүдээ алдсаны дараа төрсөн хөвгүүд чинь:

“Энд хэтэрхий давчуу юм.

Амьдрах зай гаргаж өгөөч” гэж хэлнэ.

21 Чи ингэж бодно.

“Би хүүхдүүдээ алдаж, үргүй болсон.

Олзлогдон явж, шоронд хоригдсон.

Тэгвэл энэ хүүхдүүдийн эцэг хэн бэ?

Хэн тэднийг өсгөв?

Би орь ганцаараа үлдсэн байсан шүү дээ.

Тэд хаанаас гараад ирэв?”».

22 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна.

«Би үндэстнүүдэд харагдахаар мутраа өргөнө.

Ард түмнүүдэд харагдахаар тугаа мандуулна.

Тэд хөвгүүдийг чинь энгэртээ тэврэн,

Охидыг чинь мөрөн дээрээ суулгаад авчирна.

23 Хаад чамайг халамжилж,

Хатад чамайг асарна.

Тэд газарт хүртэл бөхийж

Хөлийн чинь тоосыг долооно.

Тэгээд чи намайг Ехова гэдгийг мэдэх болно.

Надад найдагчид шившиг болохгүй».

24 Олзлогдсон хүмүүсийг хүчирхэг дайчнаас салгаж болно гэж үү?

Олзны хүмүүсийг дарангуйлагчаас аварч болно гэж үү?

25 Ехова ийн айлдаж байна.

«Олзлогдсон хүмүүсийг хүчирхэг дайчнаас ч салгана.

Олзны хүмүүсийг дарангуйлагчаас ч аварна.

Чамайг эсэргүүцдэг хүмүүсийг би эсэргүүцнэ.

Хөвгүүдийг чинь би аварна.

26 Чамтай зүй бусаар харьцагчдад би махыг нь идүүлнэ.

Тэд амтат дарсанд согтдог шигээ цусандаа согтоно.

Намайг Ехова гэдгийг,

Чиний Аврагч, чамайг буцаан худалдан авагч гэдгийг,

Иаковын Хүчит Нэгэн гэдгийг бүх хүн мэдэх болно».

50 Ехова ийн айлдаж байна.

«Би эхийг чинь явуулахдаа салалтын гэрчилгээ өгсөн гэж үү?

Би зээлдүүлэгчдийнхээ хэнд нь чамайг худалдсан юм бэ?

Та нар өөрсдийнхөө нүглээс болж худалдагдсан.

Та нарын нүглээс болж эх чинь хөөгдсөн шүү дээ.

 2 Намайг ирэхэд яагаад хэн ч байгаагүй вэ?

Намайг дуудахад яагаад хэн ч хариулаагүй вэ?

Миний мутар зольж авч чадахааргүй богино юм уу?

Эсвэл аврах хүч надад байхгүй юм уу?

Би тэнгисийг зэмлэн ширгээж,

Гол мөрөнтэй газрыг цөл болгодог.

Ус байхгүйгээс загас нь өмхийрч,

Харангадаж үхдэг.

 3 Би тэнгэрийг харанхуйгаар хувцаслаж,

Таараар хучдаг».

 4 Ядарсан хүнд зөв үгээр хариулаасай* гэсэндээ

Хэмжээгүй эрхт Эзэн Ехова юу ярихыг минь надад заадаг*.

Тэрбээр өглөө бүр намайг сэрээдэг.

Шавь мэт сонсоосой гэсэндээ намайг* сэрээдэг.

 5 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова чихийг минь нээхэд

Би эсэргүүцээгүй.

Нүүрээ ч буруулаагүй.

 6 Намайг цохих гэсэн хүмүүст би нуруугаа өгөв.

Сахлыг минь зулгаах гэсэн хүмүүст би хацраа өгөв.

Би доромжлуулж, нулимуулахаас айгаагүй, нүүрээ нуугаагүй.

 7 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова надад туслах учир

Доромжлуулсан юм шиг санагдахгүй.

Би нүүрээ цахиур мэт болгов.

Би шившиг болохгүйгээ мэднэ.

 8 Намайг зөв шударга хэмээн тунхагладаг Нэгэн ойрхон байна.

Хэн намайг буруутгах* вэ?

Тэгвэл шүүх дээр очъё*.

Хэн надтай заргалдах вэ?

Тэгвэл наашаа хүрээд ир.

 9 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова надад тусална.

Хэн намайг буруутай гэж тунхаглах вэ?

Тэд бүгдээрээ хувцас мэт элэгдэж

Дэнгийн эрвээхэйд идэгдэнэ.

10 Та нарын дундаас хэн чинь Еховагаас эмээж,

Зарцынх нь дуу хоолойг сонсдог вэ?

Хэн ямар ч гэрэлгүй, түнэр харанхуйд явсан бэ?

Тэр нь Еховагийн нэрд найдаж, Бурхнаасаа тусламж эрэг.

11 «Гал ноцоон,

Оч үсэргэж буй та нар бүгдээрээ

Галынхаа гэрэлд,

Асаасан очныхоо дундуур алх.

Та нар миний мутраас дараах зүйлийг авна.

Та нар зовж тарчлан хэвтэнэ.

51 Зөв шударгыг мөшгөгчид өө,

Еховагийн удирдлага зааврыг хайгчид аа, намайг сонс.

Та нарыг гаргаж авсан хадыг,

Та нарыг ухаж авсан газрыг хар.

 2 Өөрсдийн эцэг Абрахамыг,

Та нарыг төрүүлсэн Сараг хар.

Дуудахад минь тэр ганцаархнаа байсан ч

Би түүнийг ивээж, өнөр болгосон.

 3 Ехова Сионыг тайвшруулж

Бүх балгасыг нь тайтгаруулна.

Зэлүүд газрыг нь Еден шиг,

Цөлийг нь Еховагийн цэцэрлэг шиг болгоно.

Тэнд баяр хөөр, баясал цэнгэлээр цалгиж,

Талархал магтаал, аялгуут дуу сонсогдоно.

 4 Ард түмэн минь ээ, анхаарлаа над руу хандуул.

Үндэстэн минь ээ, чих тавин сонс.

Би хууль гаргаж,

Шударга ёсыг ард түмнүүдэд гэрэл мэт болгоно.

 5 Би удахгүй зөв шударгыг үйлдэнэ.

Би та нарыг аврах гэж байна.

Би мутраараа ард түмнүүдийг шүүнэ.

Арлын оршин суугчид надад найдаж,

Миний хүчинд* итгэнэ.

 6 Дээшээ тэнгэр өөд хар.

Доошоо газар луу хар.

Тэнгэр нь утаа мэт замхарна.

Газар нь хувцас мэт элэгдэнэ.

Оршин суугчид нь дэлэнч мэт үхнэ.

Харин би бүрмөсөн аварна.

Зөв шударга байдал минь хэзээ ч дуусахгүй.

 7 Зөв шударгыг мэддэг,

Миний хуулийг* зүрх сэтгэлдээ нандигнадаг хүмүүс ээ, намайг сонс.

Мөнх бус хүмүүст дооглуулахаас бүү ай.

Доромжлоход нь бүү зүрх алд.

 8 Учир нь тэд дэнгийн эрвээхэйд хувцас мэт идүүлж,

Цагаан эрвээхэйд* ноос мэт залгиулна.

Харин миний зөв шударга байдал мөнхөд цэцэглэнэ.

Би бүх үеийнхнийг аварна».

 9 Еховагийн мутар аа, сэрээч, сэрээч!

Хүч чадлаа үзүүлээч.

Эрт цагт, өмнөх үеийнхний үед сэрсэн шигээ сэрээч.

Рахабыг* хэсэгчин тасдаж,

Далайн мангасыг цоо хатгасан нь та биш гэж үү?

10 Тэнгисийг ширгээж, хөлгүй их усыг нь хатаан,

Тэнгисийн ёроолд зам гаргаж, буцаан худалдаж авсан хүмүүсээ гатлуулсан нь та биш гэж үү?

11 Еховагийн аварсан хүмүүс эргэж ирнэ.

Тэд баярлан хашхирсаар Сионд ирнэ.

Үүрдийн баяр баясгалан тэдний титэм болно.

Тэд баярлан хөөрч, баясан цэнгэнэ.

Гашуудан санаа алдахаа болино.

12 «Би өөрөө та нарыг тайвшруулдаг.

Чи* яагаад мөнх бус хүнээс,

Өвс мэт хагдрах хүмүүсээс айна вэ?

13 Чи яагаад Бүтээгч Еховагаа,

Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавьсан Нэгнийг мартав?

Дарлагчид* чамайг устгачих юм шиг,

Уурлан хилэгнэхэд нь чи өдөржин айж байсан.

Одоо тэд* хаана байна вэ?

14 Гинжлэгдээд бөхийсөн хүн удахгүй суллагдана.

Тэрбээр үхэхгүй, булшлагдахгүй.

Талхаар ч гачигдахгүй.

15 Би бол чиний Бурхан Ехова юм.

Би далайг хутгаж, давлагааг нь оволзуулдаг.

Миний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова.

16 Би чамаар үгээ тунхаглуулж,

Мутрынхаа сүүдрээр чамайг халхална.

Энэ нь тэнгэрийг тогтоож, газрын суурийг тавин,

Сионд “Чи миний ард түмэн” гэж хэлэхийн тулд юм.

17 Сэрээч! Сэрээч!

Еховагийн мутар дахь уур хилэнгийн аяганаас авч уусан Иерусалим аа, босооч!

Чи тэр хундагатайгаас уусан.

Ёроолыг нь гартал уугаад чи гуйвсан.

18 Төрүүлсэн хөвгүүдээс нь түүнийг дагуулах хэн ч байхгүй.

Өсгөсөн хөвгүүдийнх нь дунд түүний гараас хөтлөх хэн ч байхгүй.

19 Дараах хоёр гамшиг чамд тохиолдсон.

Сүйрэл ба хоосрол, өлсгөлөн ба илд!

Хэн чамайг өрөвдөх вэ?

Хэн чамайг тайвшруулах вэ?

20 Хөвгүүд чинь ухаан алдсан.

Тэд торонд орсон аргаль адил

Гудамж болгоны буланд хэвтсэн.

Ехова тэдэнд ихэд хилэгнэж, Бурхан чинь тэднийг шийтгэсэн».

21 Зовлон үзсэн, дарс уугаагүй хэр нь согтсон эмэгтэй чи

Үүнийг сонсооч.

22 Ард түмнээ хамгаалдаг Бурхан чинь, Эзэн Ехова чинь ийн айлдаж байна.

«Гуйвуулдаг юмтай аягыг би гараас чинь авна.

Хундагатайгаас, миний уур хилэнгийн аягатайгаас

Чи дахин хэзээ ч уухгүй.

23 Чамд “Доошоо бөхий. Бид чиний дээгүүр алхана” гэж хэлээд

Нурууг чинь газар мэт болгон,

Гудамж мэт алхаж байсан тамлагч нарт чинь

Би тэр аягатайг өгнө».

52 Сэрээч, сэрээч Сион оо! Хүч чадлыг хувцас мэт өмс.

Ариун хот Иерусалим аа, гоё хувцсаа өмс.

Учир нь хөвч таслуулаагүй эсвэл бузар хүн чам руу дахин орохгүй.

 2 Иерусалим аа, босоод тоосоо гөвж, суудалдаа суу.

Олзлогдсон охин Сион оо, хүзүүн дэх дөнгөө мултал.

 3 Ехова ийн айлдаж байна.

«Та нарыг үнэгүй худалдсан.

Буцаагаад үнэгүй худалдаж авна».

 4 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова:

«Анх миний ард түмэн цагаачилж амьдрахаар Египет рүү явсан.

Дараа нь ассиричууд тэднийг шалтгаангүйгээр дарласан» хэмээн айлдаж байна.

 5 «Тэгвэл одоо би яах вэ?» гэж Ехова тунхаглаж байна.

Ехова ийн тунхаглаж байна. «Миний ард түмэн үнэгүй худалдагдсан.

Тэднийг захирдаг хүмүүс ялалтын уухай хадааж байна».

«Тэд миний нэрийг өдөр бүр гутаан доромжилдог.

 6 Тиймээс миний ард түмэн нэрийг минь мэдэх болно.

Тэр өдөр намайг ярьж байгаа гэдгийг мэдэх болно.

Тийм ээ, би ярьж байна!».

 7 Сайн мэдээ авчирдаг,

Амар тайвныг тунхагладаг,

Илүү сайхан зүйлийн тухай сайн мэдээ авчирдаг,

Авралын тухай зарладаг,

«Бурхан чинь Хаан болжээ!» гэж Сионд хэлдэг хүн* уулсын дээр хэчнээн үзэсгэлэнтэй вэ!

 8 Сонс! Харуулууд чинь өндөр дуугаар,

Нэгэн зэрэг баяртай хашхирч байна.

Учир нь Ехова Сионы оршин суугчдыг дахин цуглуулахыг тэд тодорхой харна.

 9 Иерусалимын балгас аа, хамтдаа баярлан хөөрч, баясан хашхир.

Учир нь Ехова ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг дахин худалдаж авсан.

10 Ехова бүх үндэстний өмнө ханцуйгаа шамлан ариун мутраа гаргав.

Бурхан ард түмнээ хэрхэн аврахыг* дэлхий даяараа харна.

11 Явцгаа, явцгаа. Тэндээс гарцгаа. Ямар ч бузар юманд бүү хүр!

Еховагийн өргөөний эд зүйлийг авч явдаг та нар

Тэр эмэгтэйгээс холдож, өөрсдийгөө цэвэр байлгацгаа.

12 Та нар явахдаа сандрахгүй.

Зугтах ч хэрэггүй.

Учир нь Ехова та нарын урд явна.

Израйлын Бурхан араас чинь хамгаална.

13 Миний зарц аливаад ухаалаг хандана.

Тэрбээр өндөр дээд байр суурь эзэлнэ.

Өргөмжлөгдөнө, хүндлэгдэнэ.

14 Гадаад төрх нь ямар ч хүнийхээс илүүгээр,

Сүрлэг байдал нь бүх л хүнийхээс илүүгээр зэрэмдэглэгдсэн тул

Олон хүн түүнийг хараад цочирдсоны адил

15 Тэрбээр олон үндэстнийг гайхшируулна.

Хаад түүнийг хараад дуугаа хураана.

Учир нь тэд хэний ч ярьж байгаагүй юмыг харна.

Хэний ч дуулгаж байгаагүй юмыг анхаарна.

53 Бидний дуулгасан* мэдээнд хэн итгэсэн бэ?

Ехова хэнд хүчээ* илчилсэн бэ?

 2 Тэрбээр түүний* өмнө мөчир шиг гарч ирэн, ангасан газар дахь үндэс мэт ургана.

Сүр хүч, цог жавхлан түүнд байхгүй.

Сэтгэл татагдах юм гадаад төрхөнд нь ч үгүй.

 3 Хүмүүс түүнийг жигшиж, түүнээс дөлдөг байв.

Тэрбээр өвчин зовлонг мэддэг хүн байлаа.

Хүмүүсийн харах дургүй хүн шиг л байв.

Тэрбээр жигшигдсэн, бид түүнийг голсон.

 4 Үнэхээр ч тэр бидний өвчнийг үүрч,

Зовлонг маань тээсэн юм.

Харин бид түүнийг Бурхны шийтгэлийг хүртээд зовж тарчилж байна гэж бодсон.

 5 Гэвч тэрбээр бидний нүглээс болж цоо хатгуулан,

Бидний алдаанаас болж зовж тарчилсан.

Биднийг амар амгалан байгаасай гэсэндээ шийтгүүлсэн.

Түүний шархны ачаар бид эдгэсэн.

 6 Бид бүгдээрээ хонь мэт төөрч,

Мөр мөрөө хөөсөн.

Харин Ехова бидний нүглийг түүнд тохов.

 7 Тэрбээр дарлагдан зовсон ч

Амаа нээсэнгүй.

Түүнийг, нядалгаанд оруулах хонь мэт авч явав.

Хяргагчийн өмнө дуугүй хэвтэх эм хонь мэт

Тэрбээр амаа нээсэнгүй.

 8 Түүнийг шударга бусаар шүүж, амийг нь хөнөөсөн*.

Удам судрынх нь* талаар хэн санаа тавих вэ?

Учир нь түүнийг амьд хүмүүсийн дундаас зайлуулжээ.

Миний ард түмний нүглээс болж түүнийг шийтгэжээ.

 9 Тэрбээр худал яриагүй,

Буруу юм хийгээгүй* ч

Түүнийг муу хүмүүстэй хамт оршуулах байв.

Гэвч нас барахад нь баячуудтай хамт оршуулсан юм.

10 Түүнийг бяцлах нь Еховагийн хүсэл байв. Тэрбээр түүнд зовлон үзүүлсэн.

Та түүний амийг гэмийн төлөөх тахил болгон өргөвөл

Тэрбээр үр удмаа үзэж, урт насална.

Түүгээр дамжин Еховагийн хүсэл таалал биелнэ.

11 Зөв шударга нэгэн, миний зарц зовсныхоо дараа үр дүнг нь хараад сэтгэл ханана.

Тэрбээр их юм үзээд*

Олон хүнийг Бурхны өмнө зөв шударга болгоно.

Тэдний алдаа дутагдлыг үүрнэ.

12 Тийм учраас би олны дунд түүнд хувь өгнө.

Тэрбээр хүчтэнүүдтэй хамт олзоо хуваана.

Учир нь тэрбээр амиа өгч

Нүгэлтнүүдийн тоонд орсон.

Олон хүний нүглийг үүрч

Нүгэлтнүүдийн төлөө зуучилсан.

54 «Хүүхэд төрүүлж үзээгүй үргүй эмэгтэй чи баярлан хашхир.

Төрөхийн зовлон үзэж байгаагүй чи хөгжин хөөрч, баярлан хашхир.

Учир нь хаягдсан эмэгтэйн хөвгүүд*

Нөхөртэй эмэгтэйнхээс ч олон юм» гэж Ехова айлдаж байна.

 2 «Майхныхаа талбайг тэл.

Их асрынхаа даавууг томсго.

Гар таталгүй майхныхаа уяануудыг уртасгаж,

Гадсыг нь бэхэл.

 3 Чи баруун, зүүн тийш хил хязгаараа тэлнэ.

Үр удам чинь үндэстнүүдийг захирна.

Эзгүйрсэн хотуудад оршин сууна.

 4 Бүү ай, чи шившиг болохгүй.

Бүү ич, итгэл найдвар чинь талаар болохгүй.

Чи залуу насандаа шившиг болж явснаа мартана.

Бэлэвсэн байх үеийнхээ гутамшгийг санахгүй».

 5 «Агуу Бүтээгч чинь чиний эр нөхөр* мэт.

Түүний нэр бол тэнгэрийн цэргийн жанжин Ехова.

Израйлын Ариун Бурхан бол чамайг буцаан худалдаж авсан Нэгэн юм.

Түүнийг дэлхий дахины Бурхан гэж дуудна.

 6 Ехова чамайг дуудахад чи уй гашууд автсан, хаягдсан эхнэр шиг,

Залуудаа гэрлээд, дараа нь гологдсон эхнэр шиг байсан» гэж Бурхан чинь айлдаж байна.

 7 «Хэсэгхэн хоромд би чамайг орхисон.

Харин одоо агуу өршөөлөө үзүүлэн буцааж авчирна.

 8 Би ихэд хилэгнэн чамаас хэсэг зуур нүүрээ нуусан юм.

Гэхдээ миний үнэнч хайр үүрдийнх учир би чамайг өршөөнө» гэж чамайг буцаан худалдаж авсан Ехова айлдав.

 9 «Энэ нь надад Ноагийн өдрүүд мэт бөгөөд

Газар дэлхийг ус дахин хэзээ ч бүрхэхгүй гэж би тэр үед тангараглаж билээ.

Би хойшид чамд уурлаж, чамайг зэмлэхгүй гэдгээ үүн шиг тангараглая.

10 Уулс үгүй болж,

Толгод ганхлаа ч

Чамайг гэсэн үнэнч хайр минь үгүй болохгүй.

Энхийн гэрээ минь ч ганхахгүй» гэж чамайг өршөөдөг Ехова айлдаж байна.

11 «Зовсон, шуурганд туугдсан, сэтгэл нь тайвшраагүй эмэгтэй минь,

Би чиний ханыг чулуу болон зуурмагаар барьж,

Суурийг чинь индранилаар хийж байна.

12 Цайзын чинь оройг бадмааргаар,

Хаалгануудыг чинь гялалзсан чулуугаар,

Хил хязгаарыг чинь үнэт чулуугаар хийнэ.

13 Хөвгүүд* чинь бүгд Еховагаар заалгаж,

Хэзээд амар тайван амьдарна.

14 Зөв шударга байдал чиний бат суурь болно.

Хэн ч чамайг дарлахгүй.

Чи юунаас ч айхгүй, чамайг юу ч айлгахгүй.

Учир нь ямар ч аюул чам руу ойртохгүй.

15 Хэн нэг нь чам руу дайрч болох ч

Энэ нь миний тушаалаар биш юм.

Чам руу дайрах бүхэн чамайг дийлэхгүй».

16 «Нүүрсний галыг хөөрөгдөн

Зэвсэг хийдэг дархан хүнийг

Би бүтээсэн.

Хөнөөж устгадаг хүнийг ч би бүтээсэн.

17 Чамайг хөнөөхөөр хийсэн аливаа зэвсэг ямар ч хэрэгцээгүй болно.

Шүүх дээр чамайг буруутгасан бүхнийг чи няцаана.

Энэ бол Еховагийн зарц нарын өв юм.

Би тэднийг зөв шударга гэж үздэг» хэмээн Ехова тунхаглаж байна.

55 Цангасан хүмүүс ээ, ирээрэй. Бүгдээрээ ус руу ирээрэй!

Мөнгөгүй хүмүүс ээ, ирээд авч идээрэй!

Ирээд дарс, сүүг мөнгөгүйгээр, үнэгүй аваарай.

 2 Юунд та нар талх биш юманд мөнгө төлнө вэ?

Яагаад олсон орлогоо* гэдэс цатгадаггүй юманд үрнэ вэ?

Намайг анхааралтай сонсож, сайныг ид.

Тэгвэл та нар тансаг хоол зооглон баярлана.

 3 Сонсоцгоо. Над руу ирцгээ.

Анхаарлаа хандуулцгаа. Тэгвэл та нар амьд явна.

Би Давидыг үнэнчээр хайрлана гэсэн баттай амлалтдаа үндэслэн

Та нартай мөнхийн гэрээ байгуулна.

 4 Би түүнийг гэрч болгон үндэстнүүд рүү илгээж,

Ард түмнүүдийн удирдагч, захирагч болгов.

 5 Чи* мэдэхгүй үндэстнээ дуудна.

Чамайг мэддэггүй байсан хүмүүс

Израйлын Ариун Нэгэн, чиний Бурхан Еховагийн төлөө чам руу гүйж ирнэ.

Учир нь тэрбээр чамайг алдаршуулах юм.

 6 Олдох боломжтой байгаа дээр нь Еховаг хай.

Ойр байгаа дээр нь түүнийг дууд.

 7 Муу хүн буруу замаа орхиг.

Хорон санаат хүн бодлоо таягдан хаяг.

Өөрийг нь өршөөж энэрэх Ехова Бурхан руу маань эргэж ирэг.

Учир нь тэрбээр өгөөмрөөр уучилна.

 8 «Миний бодол та нарынхтай адилгүй.

Миний үйлс та нарынхаас өөр» гэж Ехова тунхаглаж байна.

 9 «Тэнгэр нь газраас дээгүүр байдаг шиг

Миний үйлс та нарын үйлсээс,

Миний бодол та нарын бодлоос дээгүүр байдаг.

10 Цас, бороо тэнгэрээс буугаад

Газрын хөрсийг усалж, ургамал ногоог ургуулж, ургац хайрлан,

Үр суулгагчид үрийг нь, идэгчид талхыг нь өгөхөөс нааш буцдаггүйн адил

11 Амнаас минь гарсан үг

Биелэхээс нааш над руу буцаж ирэхгүй.

Хүслийг минь баараггүй биелүүлнэ.

Илгээсэн зорилгыг минь заавал хэрэгжүүлнэ.

12 Та нар баяр хөөртэй гарч явна.

Би та нарыг амар тайван буцааж авчирна.

Уул толгод та нарын өмнө хөгжин баясаж, баяртай хашхирна.

Модод бүгд алгаа ташна.

13 Өргөст бутны оронд арц мод,

Халгайн оронд гавирт мод ургана.

Энэ нь Еховад алдар хүндийг авчирч,

Хэзээ ч устахгүй мөнхийн тэмдэг болно».

56 Ехова ийн айлдаж байна.

«Тун удахгүй би аварч

Зөв шударгаа батлах учир

Шударга ёсыг дээдэлж, зөв юм хий.

 2 Ийм хүн жаргалтай.

Үүнийгээ ягштал баримтлан

Амралтын өдрийг бузарлалгүй сахидаг,

Ямар ч бузар булай юм хийдэггүй хүн жаргалтай.

 3 Еховаг шүтдэг гадаад хүн:

“Ехова намайг ард түмнээсээ тусгаарлах нь гарцаагүй” гэж бүү хэлэг.

Тайган хүн: “Би бол хатсан мод” гэж бүү хэлэг».

4 Ехова ийн айлдаж байна. «Амралтын өдрийг минь сахидаг, дуртай юмыг минь сонгодог, гэрээг минь зөрчдөггүй тайгануудад

 5 Би гэр дотроо зай гарган өгч, тэдний нэрийг дурсана.

Энэ нь охид хөвгүүдтэй байхаас дээр юм.

Би тэдэнд мөнхийн нэр өгнө.

Тэр нэр хэзээ ч арилахгүй.

 6 Еховад үйлчилж,

Еховагийн нэрийг хайрлаж,

Зарц нь болохоор нэгдсэн гадаад хүмүүсийг,

Амралтын өдрийг бузарлалгүй сахидаг,

Гэрээг минь зөрчдөггүй бүх хүнийг

 7 Би бас ариун ууландаа аваачна.

Тэд залбирлын өргөөнд минь ороод баярлана.

Тахилын ширээн дээр өргөсөн шатаалт тахил, өргөлийг нь би хүлээн авна.

Учир нь миний өргөөг бүх ард түмний залбирлын өргөө гэх болно».

8 Тарж бутарсан израйлчуудыг цуглуулж буй Хэмжээгүй эрхт Эзэн Ехова:

«Би аль хэдийн цугласан хүмүүсээс гадна өөр хүмүүсийг та нарт цуглуулж өгнө» хэмээн тунхаглав.

 9 Хээрийн араатнууд аа,

Ойн зэрлэг амьтад аа, ирээд ид.

10 Харуулууд нь сохор, хэн нь ч юу ч анзаардаггүй.

Тэд бүгдээрээ хуцаж чаддаггүй дуугүй ноход юм.

Тэд аахилан хэвтээд унтах дуртай.

11 Тэд бол цадахаа мэддэггүй

Ховдог ноход.

Тэд бол юмны учир ойлгодоггүй хоньчид.

Бүгд өөрсдийнхөө замаар явдаг.

Хүн бүр шударга бус олз олохыг эрмэлзэн ийн хэлдэг.

12 «Би дарс авчиръя. Нааш ир.

Хэдүүлээ согттолоо архи ууя.

Маргааш өнөөдөр шиг, бүр өнөөдрөөс ч илүү байх болно!».

57 Зөв шударга хүнийг мөхөхөд

Хэн ч тоодоггүй.

Үнэнч хүнийг үрэгдэхэд

Гай зовлонгоос болж* зөв шударга хүн үрэгддэгийг

Хэн ч ойлгодоггүй.

 2 Тэрбээр амар амгаланг олдог.

Зөв шударга амьдардаг бүх хүн булшиндаа* амардаг.

 3 «Харин илбэчин эмийн хөвгүүд ээ,

Завхайрагч, янхны хүүхдүүд ээ,

Та нар наашаа ойрт.

 4 Та нар хэнийг шоолно вэ?

Хэний өөдөөс хэлээ гарган тохуурхана вэ?

Та нар нүгэлтнүүдийн хүүхдүүд,

Мэхлэгчдийн үр удам биш гэж үү?

 5 Та нар том моддын дунд,

Тансаг сайхан мод бүрийн дор хүсэл тачаалдаа автдаг бус уу?

Хөндийнүүдэд*, хадан хавцлын доор

Хүүхдүүдээ хороодог бус уу?

 6 Чи* хөндийн* мөлгөр чулуунуудыг нандигнадаг.

Тэдгээр нь чиний хувь юм.

Чи тэдэн дээр хүртэл ундаан өргөл асгаж, тахил өргөдөг.

Би үүнд чинь баясах* юм гэж үү?

 7 Сүрлэг өндөр уулан дээр чи ороо засаж,

Тахил өргөхөөр тийшээ гарсан.

 8 Хаалга, хатавчныхаа ард чи дурсгалын тэмдэг* тавьдаг.

Чи намайг орхиж, өөрийгөө нүцгэлэн,

Дээш гарч, өргөн ор засав.

Тэгээд амрагуудтайгаа гэрээ байгуулав.

Чи тэдэнтэй хамт нэг оронд орох гэж дурлан

Эр бэлэг эрхтнийг ширтсэн*.

 9 Чи тос, арвин их үнэртэн авч

Мелек рүү* очсон.

Чи хол газар элч нараа илгээснээрээ

Доошоо, Булш* руу явав.

10 Чи олон замаар яваад ядарсан ч

“Ямар ч найдвар алга!” гэж хэлээгүй.

Чи хүчээ сэлбэсэн тул

Бууж өгөөгүй.

11 Чи хэнээс айгаад

Худал ярьдаг болсон бэ?

Чи намайг санахгүй байсан.

Чи юу ч бодоогүй.

Би чимээгүйхэн хол зогсож* байсан учраас

Чи надаас айгаагүй.

12 Би чиний “зөв шударгыг” болон үйлсийг чинь илчилнэ.

Тэдгээр нь чамд ямар ч нэмэр болохгүй.

13 Тусламж гуйн хашхирахад чинь

Цуглуулсан шүтээнүүд чинь чамайг аврахгүй.

Тэр бүгд салхинд хийснэ.

Үлээхэд л туугдан одно.

Гэвч надад хоргоддог хүн газрыг өвлөн авч

Миний ариун уулыг эзэмшинэ.

14 “Зам харгуй тавь! Зам бэлд!

Миний ард түмний урдах аливаа саадыг зайлуул” гэж хэлнэ».

15 Хамгийн Дээд, агуу Бурхан,

Мөнх настай, ариун нэртэй Нэгэн ийн айлдаж байна.

«Би өндөр, ариун газар амьдардаг ч

Дорд хүмүүсийн сэтгэлийг сэргээж,

Сэтгэлийн хямралтай хүмүүст урам зориг өгөхийн тулд

Тэдэнтэй хамт байдаг.

16 Би тэднийг мөнхөд эсэргүүцэхгүй.

Үргэлж уурлаад байхгүй.

Тийм биш сэн бол надаас болж хүмүүс доройтож,

Миний бүтээсэн амьсгаатай бүхэн хүчгүй болох байсан биз ээ.

17 Би түүнийг* нүгэл үйлддэгт, шударга бус олзонд дурладагт уурласан.

Тиймээс би түүнийг шийтгэн, нүүрээ нууж, уурлан хилэгнэсэн юм.

Гэвч тэрбээр урвагч шиг аашлан, зүрх сэтгэлдээ хөтлөгдөөд л байв.

18 Би үйлсийг нь харсан ч

Түүнийг эдгээж, удирдана.

Би түүнийг болон хамт гашуудаж буй хүмүүсийг нь тайвшруулна».

19 «Би уруулын жимсийг бүтээж байна.

Хол, ойрын хүмүүст дуусашгүй амар тайвныг эдлүүлнэ.

Би түүнийг эдгээнэ» гэж Ехова айлдаж байна.

20 «Харин муу хүмүүс бол замаг, шавхайг шидлэн гаргадаг,

Номхордоггүй догшин тэнгис мэт юм.

21 Муу хүмүүс амар заяа үзэхгүй» гэж миний Бурхан айлдаж байна.

58 «Чанга хашхир. Бүү дуугүй бай!

Эвэр бүрээ мэт чанга дуугар.

Миний ард түмэнд тэрслүү явдлыг нь,

Иаковын үр удамд нүглийг нь тунхагла.

 2 Тэд зөвийг үйлддэг юм шиг,

Бурхныхаа шударга ёсыг орхигдуулаагүй үндэстэн шиг

Миний зааврыг өдөр бүр хайж,

Миний шаардлагуудыг мэдэх дуртай гэж хэлдэг.

Бурхантай ойр дотно байхыг хүсдэг мэт дүр үзүүлэн

Шударгаар шүүхийг надаас гуйдаг.

 3 Тэд: “Биднийг мацаг барихад та яагаад хардаггүй юм бэ?

Өөрсдийгөө зовооход яагаад анзаардаггүй юм бэ?” гэж асуудаг.

Яагаад гэвэл та нар мацаг барих өдрөө хувийн ашиг сонирхлоо боддог.

Хөлсний ажилчдаа дарамталдаг.

 4 Та нарын мацаг хэрүүл маргаан, зодоон цохионоор дуусдаг.

Та нар хүмүүсийг нударгаараа хайр найргүй балбадаг.

Ийм маягаар мацаг бариад байвал дуу хоолой чинь тэнгэрт хүрэхгүй шүү.

 5 Мацаг барь гэхээр та нар ингэж барьдаг юм уу?

Энэ өдөр та нар өөрсдийгөө зовоон

Толгойгоо зэгс мэт гудайлган

Таар, үнсэн дээр хэвтдэг юм уу?

Тэгээд үүнийгээ мацаг барьж байна, Еховагийн тааламжит өдөр байна гэх үү?

 6 Үгүй дээ, миний хүсдэг мацаг бол

Хилсээр дөнгөлсөн дөнгийг мулталж,

Буулгын олсыг тайлж,

Дарлагдсан хүнийг суллаж,

Буулга бүрийг эвдэх юм.

 7 Мөн өлссөн хүнтэй талхаа хувааж идэн,

Орон гэргүй, ядуу хүнийг гэртээ авчран,

Өмсөх хувцасгүй нэгнийг хувцаслаж,

Элэг нэгтнээсээ нүүр буруулахгүй байх юм.

 8 Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ мэт гийж,

Чи хурдан эдгэрнэ.

Чиний зөв шударга байдал урд чинь алхаж

Еховагийн суу алдар араас чинь хамгаална.

 9 Чамайг дуудахад Ехова хариулна.

Тусламж гуйн хашхирахад чинь тэрбээр: “Тэгье, тусалъя!” гэж хэлнэ.

Хэрэв чи хүмүүсийг дарладаг буулгыг авч хаян

Хуруугаараа чичихээ больж, хорон үг хэлэхээ байвал,

10 Идэхийг хүссэн зүйлээ өлссөн хүмүүст өгч,

Зовсон хүмүүст санаа тавивал

Гэрэл чинь харанхуйд ч гийнэ.

Харанхуй чинь үд дунд мэт болно.

11 Чамайг Ехова байнга удирдаж,

Ангасан газар байхад чинь ч халамжилна.

Тэрбээр чамд* хүч тэнхээ хайрлана.

Чи усалгаа сайтай цэцэрлэг мэт,

Шавхагдашгүй устай булаг мэт болно.

12 Эртний хотын балгасыг чиний төлөө сэргээн босгоно.

Өнгөрсөн үеийнхний суурийг чи сэргээнэ.

Нурсан хэрэм засварлагч гэж чамайг дуудна.

Хүмүүс чиний сэргээн зассан зам дагуу дахин амьдрах болно.

13 Миний ариун Амралтын өдөр чи өөрийн эрх ашгийг эс бодон,

Энэ өдрийг баярын өдөр, Еховагийн ариун өдөр, хүндэтгэлийн өдөр гэж нэрлэн,

Эрх ашгаа бодох юм уу дэмий үг хэлэхийн оронд энэ өдрийг чухал гэж үздэг бол

14 Ехова би чиний баяр баясгалан болно.

Би чиний мэдэлд уулсыг өгнө.

Өвөг эцэг Иаковын чинь өвөөр чамайг тэтгэнэ.

Учир нь Ехова би үүнийг айлдсан юм».

59 Еховагийн мутар аварч чадахааргүй богино биш.

Чих нь сонсож чадахааргүй дүлий биш.

 2 Та нар алдаанаасаа болоод Бурхнаас хөндийрсөн.

Тэрбээр нүглээс чинь болж та нараас нүүрээ нуусан.

Та нарыг сонсдоггүй.

 3 Учир нь та нарын гар цусанд будагдаж,

Хуруу чинь нүгэлд дүрэгдсэн.

Та нар амаараа худал ярьж, хэлээрээ зөв бусыг өгүүлдэг.

 4 Хэн ч зөв шударгын төлөө явдаггүй.

Шүүх дээр үнэнийг өчдөггүй.

Тэд хоосон юманд найдаж, дэмий юм ярьдаг.

Муу муухайг сэдэж, бузар булайг үйлддэг*.

 5 Тэд хорт могойн өндөг дарж,

Аалзны тор нэхдэг.

Өндгийг нь идсэн хүн үхнэ.

Хагарсан өндөгнөөс нь хорт могой гарна.

 6 Аалзны тор нь хувцас болохгүй.

Хийсэн юм нь биеийг нь халхлахгүй.

Тэдний үйлс гай болдог.

Тэд гараараа хүчирхийлэл үйлддэг.

 7 Тэд бузар булайг үйлдэх гэж гүйдэг.

Гэмгүй хүний цусыг урсгах гэж яардаг.

Санаа нь хорон.

Тэд хүмүүсийг сүйрүүлж, гай зовлонд унагадаг.

 8 Бусадтай хэрхэн эвтэй байхыг мэддэггүй.

Замд нь шударга ёс байхгүй.

Тэд замаа мурийлгасан учир

Түүгээр явдаг хэн ч амар тайвныг мэдэхгүй.

 9 Тийм учраас шударга ёс биднээс хол байна.

Зөв шударга нь бидэнд хүрдэггүй.

Бид гэрлийг хүсдэг ч харанхуй хэвээрээ.

Бид гэрэл гэгээг хүсдэг ч харанхуйд алхсаар.

10 Бид хараагүй хүмүүс шиг хана тэмтэчдэг.

Нүдгүй хүмүүс шиг тэмтэрсээр байдаг.

Үд дунд хэр нь үдшийн бүрийд яваа мэт бүдэчдэг.

Хүчтэнүүдийн дунд үхэгсэд мэт л байдаг.

11 Бид баавгай хүрхрэх мэт бачимддаг.

Тагтаа гүгнэх мэт гашууддаг.

Хэчнээн хүссэн ч шударга ёс алга.

Хэчнээн эрсэн ч аврал алс хол ажээ.

12 Бид танд олон удаа тэрсэлсэн.

Үйлдсэн нүгэл бүхэн маань биднийг илчилдэг.

Бид тэрс явдал,

Гэм нүглээ сайн мэднэ.

13 Бид нүгэл үйлдэж, Еховаг үгүйсгэсэн.

Бурхнаасаа нүүр буруулсан.

Дарлал, тэрс явдлын тухай ярьж,

Худал хуурмагийг сэдэн, сэтгэлийнхээ угаас худал ярьдаг.

14 Шударга ёс гэдрэг буцжээ.

Зөв шударга байдал хол зогсжээ.

Үнэн нь гудамжинд бүдэрч,

Шулуун шударга байдал тийшээ орж чадахгүй байна.

15 Үнэн нь ул мөргүй алга болжээ.

Муу юм хийхээ больдог хүмүүс дээрэмдүүлдэг.

Ехова үүнийг хараад дургүйцсэн.

Учир нь тэнд шударга ёс алга.

16 Туслах хүн нэг ч байхгүйг тэрбээр харжээ.

Зуучлах хэн ч байхгүйд гайхжээ.

Тиймээс өөрийн мутраар хүмүүсийг аврав*.

Зөв шударга байдал нь өөрийг нь дэмжив.

17 Тэрбээр зөв шударгыг хайрст хуяг мэт өмсөж,

Авралын* дуулгыг толгой дээрээ тавив.

Өс хонзонг хувцас мэт өмсөж,

Хичээл зүтгэлийг нөмрөг мэт нөмрөв.

18 Тэрбээр хийсэн хэргийнх нь шанг тэдэнд хүртээнэ.

Өстөнд хилэгнэж, дайснаас өшөө авна.

Арлын оршин суугчдад зохих хариуг нь өгнө.

19 Наран жаргах зүгийн хүмүүс Еховагийн нэрээс,

Наран ургах зүгийн хүмүүс түүний алдраас эмээнэ.

Учир нь Ехова агуу хүчинд туугдах түргэн урсгалт гол мэт

Яаран ирнэ.

20 «Буцаан худалдан авагч нь Сионд ирнэ.

Нүгэл үйлдэхээ больсон Иаковын үр удам дээр ирнэ» гэж Ехова тунхаглаж байна.

21 «Энэ нь тэдэнтэй байгуулсан миний гэрээ юм» гэж Ехова айлдаж байна. «Чиний дээр байгаа агуу хүч, аманд чинь хийсэн миний үг чиний амнаас, хүүхдүүдийн чинь амнаас, ач зээ нарын чинь амнаас одооноос үүрд мөнхөд салахгүй» хэмээн Ехова айлдаж байна.

60 «Эмэгтэй минь, босоорой. Гэрэл чинь гийж эхэлсэн тул гэрлээ цацруулаарай.

Еховагийн алдар чам дээр гэрэлтэж байна.

 2 Газар дэлхийг харанхуй бүрхэж,

Үндэстнүүдийг түнэр харанхуй нөмөрнө.

Харин чиний дээрээс Ехова гэрэлтэнэ.

Түүний алдар чиний дээр байгаа нь харагдана.

 3 Үндэстнүүд чиний гэрлийг,

Хаад чиний цог жавхланг хараад хүрч ирнэ.

 4 Нүдээ томруулан эргэн тойрноо хар!

Тэд бүгд цуглан чам дээр ирж байна.

Хөвгүүд чинь холоос ирж байна.

Охид чинь үүрүүлээд ирж байна.

 5 Тэгэхэд чи үүнийг хараад баярлан гэрэлтэнэ.

Зүрх чинь хүчтэй цохилж, сэтгэл чинь догдолно.

Учир нь далайн баялаг чам руу чиглэнэ.

Үндэстнүүдийн эд хөрөнгө чам дээр ирнэ.

 6 Тэмээн сүрэг, Мидиан ба Ефагийн тэмээнүүд

Газар нутгийг чинь бүрхэнэ.

Шебагийн хүмүүс бүгд ирж

Алт, гүгэл авчирна.

Тэд Еховаг магтан алдаршуулна.

 7 Кедарын бүх сүрэг чам дээр цугларна.

Небаиотын хоньдыг чамд авчирна*.

Тэдгээр нь миний тахилын ширээн дээр тааламжит тахил болно.

Би сүр жавхлант гэрээ* гоёно.

 8 Үүл шиг хөвж,

Үүр лүүгээ тагтаа шиг нисдэг тэд хэн бэ?

 9 Арлын оршин суугчид надад найдна.

Таршишийн хөлөг онгоцнууд тэргүүн эгнээнд явж

Алс холоос хөвгүүдийг чинь

Алт, мөнгөтэй нь авчран

Израйлын Ариун Нэгэн, чиний Бурхан Еховагийн нэрийг алдаршуулна.

Учир нь тэр чамайг алдаршуулна*.

10 Харь элгийн хүмүүс чиний хэрмийг барьж,

Хаад нь чамд үйлчилнэ.

Учир нь би уурлан чамайг шийтгэсэн ч

Таалан соёрхож өршөөл үзүүлнэ.

11 Хаалга чинь үргэлж нээлттэй байна.

Өдөр ч, шөнө ч хаагдахгүй.

Энэ нь чамд үндэстнүүдийн эд баялгийг авчрахын тулд юм.

Хаад нь тэргүүн эгнээнд явна.

12 Чамд үйлчлэхгүй үндэстэн, хаант улс бүхэн сүйрнэ.

Тэр үндэстнүүд бүрмөсөн мөхнө.

13 Ливаны суу алдар чам дээр ирж

Арц, жодоо, майлс мод

Миний ариун газрыг гоёно.

Би хөл тавьдаг газраа алдаршуулна.

14 Чамайг дарлаж байсан хүмүүсийн хөвгүүд ирж чамд сөгдөнө.

Чамайг хүндэлдэггүй бүхэн хөлд чинь сөгдөнө.

Тэд чамайг Еховагийн хот,

Израйлын Ариун Нэгний Сион гэж дуудна.

15 Чи хаягдсан байсан. Бүгд чамайг үзэн ядаж, хэн ч чамаар дайран өнгөрдөггүй байлаа.

Харин би чамайг мөнхийн бахархал болгоно.

Бүх үеийнхэнд баяр баясал болгоно.

16 Чи үндэстнүүдийн сүүг ууж,

Хаадын хөхийг хөхнө.

Ехова би бол чиний Аврагч гэдгийг чи мэдэх болно.

Иаковын Хүчит Бурхан бол чамайг буцаан худалдан авагч гэдгийг чи ойлгох болно.

17 Би чамд зэсийн оронд алт,

Төмрийн оронд мөнгө,

Модны оронд зэс,

Чулууны оронд төмөр өгнө.

Би амар тайвныг чиний тэргүүнээр,

Зөв шударгыг чиний даргаар томилно.

18 Чиний газар нутагт хүчирхийллийн тухай мэдээ дуулдахаа болино.

Чиний нутаг дэвсгэрт үгүйрэл, сүйрэл гэж байхгүй болно.

Чи хана хэрмээ Аврал, үүд хаалгаа Магтаал гэж нэрлэнэ.

19 Өдөр нь чамайг нар гэрэлтүүлэхгүй.

Шөнө нь чамайг сар гийгүүлэхгүй.

Учир нь Ехова мөнхийн гэрэл чинь болно.

Чиний Бурхан гоо үзэсгэлэн чинь болно.

20 Чиний нар жаргахгүй.

Чиний сар хавиргалахгүй.

Учир нь Ехова мөнхийн гэрэл чинь болж

Гашуудлын өдрүүд чинь дуусна.

21 Чиний ард түмэн бүгдээрээ зөв шударга байх болно.

Тэд газрыг үүрд эзэмшинэ.

Тэд бол миний тарьсан мөчир,

Өөрийгөө гоёх гэж хийсэн мутрын минь үйлс юм.

22 Цөөхөн нь мянга болно.

Өчүүхэн нь хүчирхэг үндэстэн болно.

Ехова би үүнийг цаг нь болохоор түргэлүүлнэ».

61 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова агуу хүчээ надад өгсөн.

Ехова номхон даруу хүмүүст сайн мэдээ тунхаглуулахаар намайг томилсон*.

Тэрбээр намайг илгээсэн нь шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээж,

Олзны хүмүүст эрх чөлөөтэй болохыг нь тунхаглаж,

Хоригдлуудад дахин хардаг болохыг нь мэдэгдэж,

 2 Еховагийн өршөөлийн жил,

Бурхны маань өшөө авалтын өдөр болсныг зарлаж,

Гашуудаж буй бүх хүнийг тайвшруулан,

 3 Сионы төлөө гашуудаж байгаа хүмүүсийг халамжлан

Үнснийх нь оронд толгойн гоёл,

Уй гашуугийнх нь оронд баяр баяслын тос,

Гутарсан сэтгэлийнх нь оронд магтаалын хувцас өгөхийн тулд юм.

Тэднийг зөв шударгын том мод гэж нэрлэнэ.

Өөрийгөө алдаршуулахын* тулд Еховагийн суулгасан мод гэж дуудна.

 4 Тэд эртний балгасуудыг сэргээн босгоно.

Дээр үед эзгүйрсэн газруудыг сэргээнэ.

Үеийн үед эзгүй байсан,

Сүйрсэн хотуудыг дахин барьж байгуулна.

 5 «Танихгүй хүмүүс хонин сүргийг чинь хариулна.

Харь элгийн хүмүүс танай тариачид, усан үзмийн тариаланчид болно.

 6 Харин та нарыг Еховагийн тахилчид,

Манай Бурхны үйлчлэгчид гэж дуудна.

Та нар үндэстнүүдийн баялгийг эдэлж,

Тэдний суу алдраар* сайрхана.

 7 Та нар шившиг болохоо больж, хоёр дахин их хувь хүртэнэ.

Миний ард түмэн гутамшиг болохоо больж, хувиа аваад баяртайгаар хашхирна.

Газар нутаг дээрээ хоёр дахин их хувийг эзэмшинэ.

Тэд үүрд мөнхөд баярлан баясна.

 8 Ехова би шударга ёсыг хайрлаж,

Дээрэм тонуул, зөв бус явдлыг үзэн яддаг.

Би тэдэнд хөлсийг нь шударгаар өгнө.

Тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.

 9 Тэдний үр удам үндэстнүүдийн дунд,

Тэдний үр хойч ард түмнүүдийн дунд алдаршина.

Тэднийг харсан бүхэн

Еховагийн ивээлийг хүртсэн үр удам гэдгийг нь ойлгоно».

10 Би Еховад ихэд баярлана.

Бурхандаа зүрх сэтгэлийнхээ угаас баясна.

Сүйт залуу тахилчийнх шиг малгай өмсдөгийн адил,

Сүйт бүсгүй гоёл чимэглэлээр гоёдгийн адил,

Тэр надад авралын хувцсыг өмсгөж,

Зөв шударгын нөмрөгийг нөмөргөсөн юм.

11 Суулгасан үрийг газар нь соёолуулж,

Тарьсан ургамлыг цэцэрлэг нь ургуулдгийн адил

Хэмжээгүй эрхт Эзэн Ехова

Бүх үндэстний өмнө зөв шударга хийгээд алдар магтаалыг бий болгоно.

62 Зөв шударга байдал нь хурц гэрэл мэт гийтэл,

Аврал нь бамбар мэт астал

Сионы төлөө би дуугүй байхгүй.

Иерусалимын төлөө би зүгээр суухгүй.

 2 «Эмэгтэй минь, үндэстнүүд зөв шударгыг чинь үзнэ.

Бүх хаан суу алдрыг чинь харна.

Чамайг шинэ нэрээр дуудна.

Тэр нэрийг Ехова өөрөө чамд өгнө.

 3 Чи Еховагийн мутар дахь үзэсгэлэнт титэм,

Бурхныхаа алган дээрх хааны малгай болно.

 4 Чамайг цаашид хаягдсан эмэгтэй гэхгүй.

Газрыг чинь хойшид эзгүйрсэн гэхгүй.

Харин чамайг “Миний баяр баясгалан” гэж дуудна.

Газрыг чинь “Гэрлэсэн эмэгтэй” гэж нэрлэнэ.

Учир нь Ехова чамд баярлана.

Газар чинь гэрлэсэн эмэгтэй шиг болно.

 5 Залуу хүн онгон бүсгүйтэй гэрлэдэг шиг

Оршин суугчид чинь чамтай гэрлэнэ.

Сүйт залуу нь сүйт бүсгүйгээ хараад баярладаг шиг

Бурхан чинь чамайг хараад баярлана.

 6 Иерусалим аа, би чиний хэрмэн дээр харуулууд тавьсан.

Тэд өдөр ч, шөнө ч, хэзээ ч дуугүй байх ёсгүй.

Еховагийн тухай ярьдаг та нар

Бүү амар.

 7 Иерусалимыг сэргээн босготол нь,

Энэ хотыг дэлхий дахинд алдаршуултал нь түүнийг бүү амраа».

 8 Ехова хүчит баруун мутраа өргөөд ийн тангараглав.

«Би үр тариаг чинь дайснуудын хоол болгохгүй.

Хөдөлмөр шингэсэн шинэ дарсыг чинь харийнханд уулгахгүй.

 9 Ургац хураагчид үр тариа идээд Еховаг магтана.

Усан үзэм хураагчид миний ариун хашаанд дарс ууна».

10 Хаалгаар гар, хаалгаар гар.

Хүмүүсийн төлөө зам цэвэрлэ.

Их зам тавь, их зам тавь.

Чулуунуудыг зайлуул.

Ард түмнүүдийн төлөө туг босго.

11 Ехова дэлхийн хязгаар хүртэл ийн тунхаглав.

«Сионы охинд*

“Чи удахгүй аврагдана.

Тэрбээр өгөх шагналаа,

Олгох цалингаа гартаа барьжээ” гэж хэл».

12 Тэднийг ариун ард түмэн, Еховагийн буцаан худалдаж авсан хүмүүс гэнэ.

Чамайг «Хүслэнт хот», «Хаягдаагүй хот» гэж нэрлэнэ.

63 Едомоос, Бозрагаас ирж буй

Тод өнгийн* хувцастай энэ хэн бэ?

Сүр хүчээ гайхуулан алхагч,

Сүр жавхлант хувцас өмссөн энэ хэн бэ?

«Зөв шударгыг өгүүлдэг,

Агуу хүчээрээ авардаг би байна».

 2 Таны хувцас яагаад улаан юм бэ?

Таны дээл яагаад усан үзэм шахдаг хүмүүсийнх шиг юм бэ?

 3 «Би ганцаараа усан үзэм гишгэсэн.

Ард түмнүүдийн нэг нь ч надтай хамт байгаагүй.

Би уурлан тэднийг гишгэлж,

Хилэгнэн тэднийг дэвсэлж байв.

Тэдний цус хувцсанд минь цацагдсан юм.

Тэгээд миний дээл нэлдээ будагдсан юм.

 4 Өшөө авах өдрийг би товлосон.

Ард түмнээ буцаан худалдаж авах цаг дөхжээ.

 5 Хартал, надад туслах хэн ч байсангүй.

Намайг дэмжихийг хүссэн хүн байгаагүйд би гайхаж байлаа.

Тиймээс би өөрийн гараар ялалт байгуулав*.

Уур хилэн минь намайг дэмжив.

 6 Би уурандаа ард түмнүүдийг гишгэчиж,

Өөрийн уур хилэнг уулган тэднийг согтоож,

Цусыг нь газар асгав».

 7 Би Еховагийн үнэнч хайрын үйлсийг дурсана.

Еховаг магтан алдаршуулна.

Учир нь Ехова өршөөнгүй сэтгэл, агуу их үнэнч хайраараа

Бидний төлөө ихийг хийсэн.

Израйлын үр удмын төлөө олон сайн юм хийсэн.

 8 Тэрбээр: «Тэд бол миний ард түмэн, надад үнэнч байх хөвгүүд» гэж хэлээд

Аврагч нь болсон юм.

 9 Тэдний зовж байхыг харах нь түүнд шаналгаатай байв.

Түүний илгээсэн элч* тэднийг аврав.

Тэрбээр хайр, өрөвч сэтгэлдээ хөтлөгдөн тэднийг буцаан худалдаж авсан юм.

Тэрбээр тэднийг өргөж, цаг үргэлж тэвэрч явсан юм.

10 Гэтэл тэд тэрсэлж, агуу хүчийг нь үл тоомсорлон Бурхны сэтгэлийг өвтгөсөн.

Тэгэхэд Бурхан дайсан нь болж

Тэдэнтэй тэмцсэн.

11 Тэр үед тэд эрт цагийг,

Түүний зарц Мосегийн үеийг санан ийн хэлсэн.

«Өөрийн ард түмнийг хоньчидтой хамт тэнгисээс гаргасан Нэгэн хаана байна вэ?

Агуу хүчээ түүнд өгсөн Нэгэн хаана байна вэ?

12 Хүчит мутраараа Мосег* дэмжсэн,

Нэрээ мөнхлөхийн тулд

Тэдний өмнө усыг хага ярсан Нэгэн хаана байна вэ?

13 Тэднийг оволзон шуугих их ус гатлуулж,

Талд давхих адуу шиг

Юунд ч бүдрүүлэлгүй явуулсан Нэгэн хаана байна вэ?

14 Сүргийг амраах гэж хөндий рүү туудаг шиг

Еховагийн агуу хүч тэднийг амраасан».

Та нэрээ дуурьсгахын тулд

Ард түмнээ ийнхүү удирдсан.

15 Тэнгэрээс өнгийж доош хараач.

Өндөрт орших ариун, сүрлэг газраасаа хараач.

Таны хичээл зүтгэл, хүч чадал,

Өрөвч, өршөөнгүй сэтгэл хаана байна вэ?

Алийг нь ч та бидэнд илэрхийлэхгүй юм.

16 Та бол бидний Эцэг шүү дээ.

Абрахам биднийг мэдэхгүй,

Израйл биднийг танихгүй байлаа ч

Ехова, та бол бидний Эцэг юм.

Та* бол аль эрт биднийг буцаан худалдаж авсан Нэгэн юм.

17 Ехова, таны замаас төөрөхөд минь та яагаад биднийг болиулаагүй юм бэ?

Зүрх сэтгэлээ хатууруулж танаас эмээхээ болиход минь та яагаад юу ч хийгээгүй юм бэ?

Зарц нарынхаа төлөө эргээд ирээч.

Өмч болсон овгуудынхаа төлөө буцаад ирээч.

18 Таны ариун ард түмэн газар нутгийг ахархан хугацаанд л эзэмшиж байв.

Дайснууд ариун газрыг тань гишгэчсэн.

19 Аль эртнээс бид танаар удирдуулж байгаагүй хүмүүс шиг,

Таны нэрээр овоглож байгаагүй ард түмэн шиг болсон.

64 Та тэнгэрийг яран доош бууж ирдэг ч болоосой!

Тэгвэл уулс танаас болж доргих сон.

 2 Гишүүг шатааж,

Усыг буцалгадаг гал мэт бууж ирдэг ч болоосой!

Тэгвэл дайснууд таны нэрийг мэдэж,

Үндэстнүүд танаас айн чичрэх сэн.

 3 Найдаж зүрхлээгүй бишрэм зүйлийг маань хийн

Доош бууж ирэхэд тань уулс таны өмнө доргин хөдөлсөн.

 4 Өөрийг нь хүсэн* хүлээдэг хүмүүсийн төлөө байдаг

Танаас өөр Бурхныг эртнээс нааш хэн ч хараагүй,

Хэн ч сонсоогүй, дуулаагүй.

 5 Зөв юм хийхдээ баярладаг хүмүүстэй та уулзсан.

Таныг санаж, зааврыг тань дагадаг хүмүүстэй та учирсан.

Бид байнга нүгэл үйлдэн таныг уурлуулсан.

Энэ байдал удаан үргэлжилсэн.

Одоо бид аврагдана гэж үү?

 6 Бид бүгдээрээ бузар хүн шиг болсон.

Зөв шударга үйлс бүхэн маань сарын тэмдгийн үед хэрэглэсэн даавуу шиг юм.

Бид бүгдээрээ хатсан навч шиг болно.

Гэм нүгэл маань биднийг салхи шиг тууна.

 7 Таны нэрийг дууддаг хэн ч алга.

Танаас зуурах гэж хичээдэг хэн ч алга.

Учир нь та биднээс нүүрээ нуусан.

Та биднийг гэм нүглээс минь болж хүчин мөхөс болгосон.

 8 Гэвч Ехова минь ээ, та бол бидний Эцэг.

Бид шавар, та бол бидний Ваарчин*.

Бид бүгдээрээ таны мутрын бүтээл.

 9 Ехова минь ээ, битгий хэт их уурлаач.

Бидний алдааг үүрд битгий санаач.

Бидэн рүү хараач. Учир нь бид бүгдээрээ таны ард түмэн шүү дээ.

10 Таны ариун хотууд зэлүүд газар болсон.

Сион ч зэлүүд газар болж

Иерусалим эзгүйрэв.

11 Ариун, сүр жавхлант* өргөө* маань

Галд шатав.

Тэнд өвөг дээдэс маань таныг магтдаг байсан юм.

Бидний нандигнадаг байсан бүхэн балгас болов.

12 Ехова минь ээ, ийм юм болж байхад та тэвчээд л байх уу?

Тэгж их зовж байхад маань та дуугаа хураан, зүгээр суугаад л байх уу?

65 «Намайг асууж сураглаагүй хүмүүст би өөрийгөө мэдүүлсэн.

Намайг хайгаагүй хүмүүст би өөрийгөө илчилсэн.

Нэрийг минь дуудаж байгаагүй үндэстэнд би: “Наашаа хараарай! Наашаа хараарай!” гэж хэлсэн.

 2 Хүслээ дагадаг,

Буруу замаар явдаг

Зөрүүд ард түмэн рүү би өдөржин мутраа сунгасан.

 3 Тэд нүүрэн дээр минь намайг байнга доромжилж,

Цэцэрлэгт өргөл өргөн, тоосгон дээр тахилаа шатаадаг.

 4 Тэд булшин дунд сууж,

Нууц газруудад* хоног төөрүүлдэг.

Гахайн мах идэж,

Аяган дахь бузар юмныхаа шөлийг уудаг.

 5 “Наанаа зогсож бай. Над руу битгий ойрт.

Би чамаас ариун*” гэж тэд хэлдэг.

Тэд өдөржин шатах гал адил уурыг минь хүргэсээр л байна*.

 6 Энэ нь миний өмнө бичигдсэн юм.

Би зүгээр суухгүй.

Би тэдэнд шанг нь хүртээнэ.

Шанг нь бүрэн хүртээнэ.

 7 Тэдний болон эцэг өвгөдийнх нь гэм нүглийн улмаас шанг нь хүртээнэ» гэж Ехова айлдаж байна.

«Тэд уулан дээр тахил шатааж,

Толгод дээр намайг доромжилж байсан учир

Би хамгийн түрүүнд тэдэнд хөлсийг нь бүрэн төлнө».

 8 Ехова ийн айлдаж байна.

«Багц усан үзмээс дарс гарахаар бол

“Наадхаа битгий хая, дотор нь сайн юм байна” гэж хэлдэг шиг

Зарц нарынхаа төлөө би бас тэгнэ.

Би тэднийг бүгдийг нь устгахгүй.

 9 Би Иаковаас үр удмыг,

Иудагаас миний уулсыг өвлөгчдийг төрүүлнэ.

Миний сонгосон хүмүүс үүнийг эзэмшиж,

Миний зарц нар энд амьдарна.

10 Удирдлага зааврыг минь хайдаг миний ард түмний төлөө

Шарон нь хонины бэлчээр,

Ахорын хөндий нь үхрийн хэвтэр болно.

11 Харин та нар Еховаг орхисон.

Миний ариун уулыг мартсан.

Та нар азын бурханд ширээ засаж,

Хувь тавилангийн бурханд найруулсан дарс аягалдаг.

12 Тиймээс би та нарыг илдэнд тушаана. Энэ нь та нарын хувь тавилан болно.

Та нар бүгдээрээ сөхрөн унаж алагдана.

Учир нь дуудахад минь та нар хариулаагүй.

Ярихад минь та нар сонсоогүй.

Та нар дургүй бүхнийг минь сонгож,

Бузар муу гэж миний үздэг бүхнийг хийгээд л байсан».

13 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна.

«Миний зарц нар иднэ. Харин та нар өлсөнө.

Миний зарц нар ууна. Харин та нар цангана.

Миний зарц нар баярлана. Харин та нар ичнэ.

14 Миний зарц нарын сэтгэл санаа сайхан байж баярлан хашхирна.

Харин та нар сэтгэлийн зовлон шаналлаас болж орилж чарлана.

Гуниг цөхрөлөөс болж цурхиран уйлна.

15 Миний сонгосон хүмүүс та нараас хойш нэрээр чинь хараана.

Хэмжээгүй эрхт Эзэн Ехова та нарыг бүгдийг чинь үхэлд тушаана.

Харин өөрийнхөө зарц нарт өөр нэр өгнө.

16 Газар дэлхий дээр өөрийнхөө төлөө ивээл гуйдаг хүн бүр

Үнэний* Бурхнаас ивээл хүртэнэ.

Газар дэлхий дээр тангараг өргөдөг хүн

Үнэний* Бурхнаар тангараглана.

Урьдын зовлон мартагдаж,

Миний мэлмийгээс далдлагдана.

17 Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээж байна.

Урьдын юмс дурсагдахгүй,

Сэтгэл зүрхийг шаналгахгүй.

18 Юу бүтээж байгааг минь хараад үүрд баярлан баяс.

Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг,

Баясал цэнгэлийн төлөө оршин суугчдыг нь бүтээж байна.

19 Би Иерусалимыг хараад баярлана, ард түмнээ үзээд баясна.

Тэнд уйлаан майлаан, зовлонт хашхираан сонсогдохоо болино».

20 «Төрөөд хэдхэн хоноод үхдэг хүүхэд гэж байхгүй болно.

Насныхаа тоог гүйцээлгүй үхдэг хөгшин хүн гэж үгүй болно.

Зуу хүрээд нас барсан хүнийг хүүхдээрээ явчихлаа гэнэ.

Зуу насалсан байлаа ч нүгэлтэн л бол хараал хүртээд үхнэ*.

21 Хүмүүс байшин бариад тэндээ амьдарна.

Усан үзэм тариалж, жимсийг нь иднэ.

22 Тэдний барьсан байшинг өөр хүн эзэгнэхгүй.

Тэдний тарьсныг өрөөл бусад нь цөлмөхгүй.

Учир нь миний ард түмэн мод шиг урт насална.

Миний сонгосон хүмүүс хөдөлмөрийнхөө үр шимийг бүрэн хүртэнэ.

23 Тэд дэмий хөдөлмөрлөхгүй.

Төрүүлсэн хүүхэд нь ч зовохгүй.

Учир нь тэд ч, үр удам нь ч

Еховагийн ивээлийг хүртсэн ард түмэн юм.

24 Дуудахаас нь өмнө би тэдэнд анхаарлаа хандуулна.

Ярьж дуусаагүй байхад нь би тэдэнд хариулна.

25 Чоно хурга хоёр хамт идээшилнэ.

Арслан үхэр мэт сүрэл иднэ.

Могой шороогоор хооллоно.

Тэдгээр нь миний ариун уулан дээр хэнийг ч, юуг ч хорлохгүй, сүйтгэхгүй» хэмээн Ехова айлдаж байна.

66 «Тэнгэр бол миний сэнтий, газар бол миний хөлийн тавиур.

Тийм байхад та нар надад хаана өргөө барих юм бэ?

Миний амрах газар хаана байх вэ?» гэж

Ехова айлдаж байна.

 2 Ехова тунхаглаж байна. «Би мутраараа энэ бүгдийг бүтээсэн.

Ингэж л энэ бүхэн бий болсон юм.

Би номхон даруу, сэтгэлээр унасан хүмүүс рүү харна.

Тэд үгийг минь сонсоод чичирдэг*.

 3 Үхэр нядлагч нь хүн цохиж алдаг хүнтэй адил.

Хониор тахил өргөгч нь нохойн хүзүүг хугалдаг хүнтэй адил.

Өргөл өргөгч нь гахайн цус өргөдөг хүнтэй адил.

Гүгэл асаагч нь тарни уншдаг* хүнтэй адил.

Тэд замаа сонгосон.

Тэд бузар юманд баярладаг.

 4 Тиймээс би тэднийг шийтгэх аргаа сонгоно.

Айж байсан зүйлийг нь тэдэн дээр буулгана.

Учир нь дуудахад минь хэн ч хариулаагүй.

Ярихад минь хэн ч сонсоогүй.

Тэд дургүй бүхнийг минь сонгож,

Бузар муу гэж миний үздэг бүхнийг хийгээд л байсан».

 5 Еховагийн үгийг сонсоод чичирдэг* хүмүүс ээ, түүний мэдээг сонс.

«Миний нэрээс болж та нарыг үзэн ядаж, гадуурхдаг ах дүүс тань: “Ехова алдаршиг!” гэж хэлдэг байсан.

Гэвч Бурхан ирж та нарт баяр хөөрийг авчирна.

Харин тэд ичгэвтэр байдалд орно».

 6 Хотоос шуугиан, сүмээс чимээ гарч байна!

Энэ бол Ехова дайснууддаа шанг нь өгч байгаа чимээ юм.

 7 Тэр эмэгтэй өвдөж ч амжилгүй хүүхэд төрүүлсэн.

Дуншиж ч амжилгүй эрэгтэй хүүхэд гаргасан.

 8 Хэн ийм юм сонссон бэ?

Хэн үүн шиг юм үзсэн бэ?

Газар ганц өдрийн дотор бий болох уу?

Үндэстэн агшин зуурт төрөх үү?

Харин Сион өвдөж эхэлмэгцээ хөвгүүдээ төрүүлсэн.

 9 «Би эхэлсэн ажлаа үр дүнд хүргэхгүй саатуулах уу*?» гэж Ехова айлдаж байна.

«Эсвэл амаржих гэж байгаа эхийн умайг хаах уу?» гэж чиний Бурхан айлдаж байна.

10 Иерусалимыг хайрладаг та бүхэн түүнтэй хамт баярла, түүнтэй хамт хөгжилд.

Түүний төлөө гашууддаг та бүхэн түүнтэй хамт баясан цэнгэ.

11 Учир нь хөхүүл эх мэт тэрбээр та нарыг тэжээж, бүрэн тайвшруулна.

Та нар ханатлаа ууж, агуу их суу алдарт нь баясна.

12 Ехова айлдаж байна.

«Би түүнд амар тайвныг гол мөрөн шиг ихээр соёрхож,

Үндэстнүүдийн алдрыг үерийн ус шиг ихээр өгнө.

Хүүхдээ хөхүүлж, нуруундаа үүрэн,

Өвөр дээрээ суулгаад бүүвэйлдэг шиг та нарыг тэгэх болно.

13 Эх нь хүүгээ тайвшруулдаг шиг

Би та нарыг үргэлж тайвшруулна.

Та нар Иерусалимыг хараад тайвширна.

14 Үүнийг үзээд зүрх сэтгэл чинь баясна.

Яс чинь шинэхэн өвс мэт сэргэнэ.

Үйлчлэгчид нь Еховагийн мутрыг* үзнэ.

Тэрбээр дайснуудаа буруушаана».

15 «Ехова гал мэт ирнэ.

Тэрэгнүүд нь шуурга мэт байх болно.

Тэрбээр дайснууддаа уур хилэнгээ буулгаж,

Тэднийг галын дөлөөр зэмлэнэ.

16 Ехова галаар шүүлт явуулж,

Илдээр бүх хүнийг шийтгэнэ.

Еховагийн гарт үрэгдэх хүн олон байна.

17 Ариун цэцэрлэгүүдэд* орох гэж биеэ ариусган цэвэрлэдэг, гахайн мах, хулгана болон бузар юмнуудыг иддэг бүхэн хөнөөгдөнө» гэж Ехова тунхаглаж байна. 18 «Би тэдний ажил үйлс, бодол санааг мэднэ. Би бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар очиж байна. Тэд ирж миний суу алдрыг үзнэ».

19 «Би тэдэнд гайхамшиг* үзүүлж, амьд үлдсэн зарим хүнийг харваачдын нутаг болсон Таршиш, Пул, Луд руу, бас Тубал, Иаван руу, алс холын арлууд руу илгээнэ. Миний тухай сонсоогүй, миний суу алдрыг үзээгүй эдгээр үндэстэнд тэд миний суу алдрыг тунхаглана. 20 Тэд ах дүүсийг чинь бүгдийг нь бүх үндэстнээс цуглуулж Еховад бэлэг болгон морь, луус, хурдан тэмээ унуулж тэрэг, бүхээгтэй тэргэнд суулган миний ариун уул, Иерусалимд авчирна. Яг л, израйлчууд цэвэр саванд бэлгээ хийгээд Еховагийн өргөөнд авчирдагтай адил байх юм» гэж Ехова айлдаж байна.

21 «Би заримыг нь тахилчид, левичүүд болгоно» хэмээн Ехова айлдаж байна.

22 «Миний бүтээж буй шинэ тэнгэр, шинэ газар үргэлж өмнө минь байхын адил, та нарын үр удам, та нарын нэр хэзээд өмнө минь байх болно» гэж Ехова тунхаглаж байна.

23 «Шинэ сар гарах болгонд, амралтын өдөр бүр

Бүх хүн ирж надад мөргөнө» хэмээн Ехова айлдаж байна.

24 «Тэд гарч, надад тэрсэлсэн хүмүүсийн хүүрийг үзнэ.

Тэдгээр хүүрэн дээрх өтнүүд үхэхгүй.

Гал нь унтрахгүй.

Бүх хүн хараад жигшинэ».

«Ехова авардаг» гэсэн утгатай.

Үгч. «Шахаж»

«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Эсвэл «Улаан буудайн шар айраг»

Мод, цэцэрлэг нь шүтээн шүтэхтэй холбоотой бололтой.

Эсвэл «заавар»

Эсвэл «даруу болно»

Эсвэл «даруу болно»

Хоолны дуршил ихтэй, жижиг биетэй, хөхтөн амьтан.

Эсвэл «хамрынхаа амьсгал төдий»

Эсвэл «Тогтворгүй; Олон ааштай»

Эсвэл «хясаан зүүлт»

Эмэгтэй хүн нөхөргүй, хүүхэдгүй байх нь гутамшиг байжээ.

Үгч. «баасыг»

4 га

1 бат нь 22 л

1 хомер нь 220 л

1 ефа нь 22 л

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «сүр жавхлан»

Эсвэл «шударга ёсыг тогтоон»

Эсвэл «зааврыг»

Бурхны ард түмний бузар муу явдлыг хэлж байна.

Эсвэл «үр»

Эсвэл «айлган сүрдүүлж» гэсэн бололтой.

Эсвэл «хэрмийг нь цөмлөөд»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

«Бурхан бидэнтэй хамт» гэсэн утгатай.

Евфрат мөрөн

Зэрлэг араатнаас айхыг хэлсэн бололтой.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

«Олз руугаа яаран, тонон дээрэмдэх гэж хурдлах» гэсэн утгатай бололтой.

Эсвэл «Зехариа нарыг гэрчээр татна»

Исаиагийн эхнэр

Евфрат мөрөн

Ис 7:14-ийг үзнэ үү.

«Бурхан бидэнтэй хамт» гэдэг нь еврейгээр «Иммануел» юм. Ис 7:14; 8:8-ыг үзнэ үү.

Эсвэл «Зааврыг»

Эсвэл «дал модны мөчир, зэгсийг» гэсэн бололтой.

Үгч. «Тэрбээр»

Үгч. «охин оо»

«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Эсвэл «төмөр багажаар»

1-р зүйлд гарсан мөчир, нахиаг хэлж байна.

Эсвэл «зэмлэхгүй»

Эсвэл «Тугал арслан хоёр хамтдаа бэлчинэ» гэсэн бололтой.

Вавилон

Эсвэл «хатааж» гэсэн бололтой.

Евфрат мөрөн

Эсвэл «долоон горхи болгон цохино»

«Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «зориулан дуулж хөгжимд»

Үгч. «оршин суугч эмэгтэй». Хүн амыг эмэгтэй хүнээр төлөөлүүлжээ.

Үгч. «ариусгасан»

Эсвэл «хамгийн алдартай»

Эсвэл «амраана»

Эсвэл «хорон үг»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Үгч. «үндэснээс»

Эсвэл «хорт суман могой»

Эсвэл «сайрыг»

«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Эсвэл «улаан усан үзэм битүү ургасан»

Эсвэл «ургацыг чинь дайны уухай нөмөрсөн» гэсэн бололтой.

Эсвэл «Хөлсний ажилчин шиг нарийн тооцоолсон гурван жил өнгөрөхөд»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Иерусалимыг хэлж байна.

Эсвэл «бурхнаас»

Эсвэл «хонгорзул»

Эсвэл «газраасаа» гэсэн бололтой.

Эсвэл «Мемфисийн»

Үгч. «Толгой, сүүл»

Үгч. «мөчир, хулс». Эсвэл «дал модны мөчир, зэгс» гэсэн бололтой.

Еврей хэлийг хэлжээ.

Евр. «тартан»

Эсвэл «хагас нүцгэн»

Иудагийн ард түмэн

Эртний Вавилоны ойр орчмын нутаг дэвсгэрийг хэлсэн бололтой.

Ирээдүйн хааныг хэлсэн байж болох юм.

Еховаг хэлж байна.

«Чимээгүй» гэсэн утгатай.

Арабыг хэлсэн бололтой.

Эсвэл «Хөлсний ажилчин шиг нарийн тооцоолсон нэг жил өнгөрөхөд»

Иерусалимыг хэлсэн бололтой.

Өрөвдсөн сэтгэлийг илэрхийлж яруу найргийн хэлээр бичжээ.

Энэ нь Нил мөрний салаа юм.

Үгч. «охин оо»

Эсвэл «зогсоол» гэсэн бололтой.

Үгч. «онгон охин минь ээ»

Иуда, Иерусалимыг хэлсэн бололтой.

Эсвэл «газрын гадаргууг даавуу шиг мушгиж»

Эсвэл «хатаж» гэсэн бололтой.

Эсвэл «Эртний»

Эсвэл «ууршиж» гэсэн бололтой.

Эсвэл «Өрнө зүгээс»

Эсвэл «Дорно зүгт»

Эсвэл «Зүрх сэтгэлээрээ гуйвж дайвдаггүй» гэсэн бололтой.

«Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «тэгш»

Үгч. «Миний цогцос»

Эсвэл «ургамал (жамба цэцэг) дээрх шүүдэр» гэсэн бололтой.

Эсвэл «Зэмлэл»

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Израйлыг хэлж байгаа бололтой. Энд Израйлыг усан үзмийн цэцэрлэгтэй зүйрлэжээ.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Евфрат мөрөн

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «бардам»

Нийслэл хот Самарийг хэлсэн бололтой.

Эсвэл «бардам»

Исаиаг хэлж байна.

Эсвэл «Хэмжих шугам дээр хэмжих шугам, хэмжих шугам дээр хэмжих шугам»

Эсвэл «Хэмжих шугам дээр хэмжих шугам, хэмжих шугам дээр хэмжих шугам»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «эгцлүүр»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «Тэд ойлгохоороо ихэд айна» гэсэн бололтой.

Үгч. «Спелт буудайг». Спелт нь эртний Египетэд тариалдаг байсан буудайны нэг төрөл.

Эсвэл «сахилгын арга хэмжээ авдаг; түүнийг шийтгэдэг»

Эсвэл «зөвлөгөө»

«Бурхны тахилын ширээний зуух» гэсэн утгатай байж болох юм. Иерусалимыг хэлсэн бололтой.

Эсвэл «Та нар үнэхээр гажууджээ»

Үгч. «Царай нь цонхийхоо»

Үгч. «ундаан өргөл өргөдөг». Хэлэлцээр хийхийг хэлсэн бололтой.

Эсвэл «хорт суман могойн»

Иудагийн ард түмнийг хэлсэн бололтой.

Эсвэл «Нөөцлүүрийн» гэсэн бололтой.

Эсвэл «бузар булайгаар нь дуудна» гэсэн бололтой.

Эсвэл «хугарсныг»

Үгч. «Еховагийн нэр»

Эсвэл «амьсгал»

Эсвэл «эрүүнд»

Эсвэл «Баярт зориулж өөрийгөө ариусгаж байхдаа»

Тофет нь юм шатаах газар байжээ. Энд сүйрлийг төлөөлүүлж бичсэн байна.

Эсвэл «Морьтон цэргүүдийн»

Эсвэл «Гал»

Эсвэл «хүндэт»

Эсвэл «суллаж явуулдаг»

Үгч. «гар»

Эсвэл «Хүний» гэсэн бололтой.

Дайсныг хэлж байна.

Эсвэл «хорчийн» гэсэн бололтой.

Едомын нийслэл Бозраг хэлсэн бололтой.

Шар шувууны нэг төрөл.

Эсвэл «Ямаан чөтгөр» гэсэн бололтой.

Нэгэн зүйлийн шувуу.

Нэгэн төрлийн цэцэг.

Эсвэл «Буцаан худалдаж авсан»

Евр. «рабшаке»

Эсвэл «сири»

Эсвэл «доромжлол»

Евр. «рабшаке»

Эсвэл «дунд» гэсэн бололтой.

«Сионы онгон охин», «Иерусалимын охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Эсвэл «Нилийн сувгуудыг»

Хезекиаг хэлж байна.

Цаг хугацааг тооцоход ийм шатыг нарны цаг шиг ашигладаг байсан бололтой.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

«Яа» бол Ехова гэдэг нэрийн товчлол.

Эсвэл «тогоруу» гэсэн бололтой.

Эсвэл «буурь суурьтай амьдрах»

Эсвэл «харцнаасаа зайлуулсан»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «Иерусалимын зүрхэнд хэлж»

Эсвэл «хоёр дахин»

Эсвэл «цэвэрлэж»

Эртний Израйлын үед эрхий, чигчий хоёр хурууг сунгаж хэмждэг байсныг «төөлөх» гэж орчуулав. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Эсвэл «ойлгосон»

Эсвэл «бөмбөрцөг»

Эсвэл «Удирдагчдыг»

Эсвэл «миний өмнө дуугүй бай»

Эсвэл «зүүн зүгээс»

Бурханд үйлчлэхийг хэлж байна.

Эсвэл «Зөв шударгын»

Үгч. «Өт»

Үгч. «чамайг буцаан худалдан авагч»

Эсвэл «зүүн зүгээс»

Эсвэл «үндэстнүүдэд шударга ёсыг заана»

Эсвэл «зааврыг»

Эсвэл «хэнтэй ч хуваалцахгүй»

Үгч. «арлууд»

Эсвэл «Цутгамал»

Эсвэл «Заавраа»

Эсвэл «Зааврыг нь дагахаас»

Хуурамч бурхдыг хэлсэн бололтой.

Ирээдүйд хамгийн түрүүнд болох үйл явдлуудыг хэлсэн бололтой.

Эсвэл «найдан»

Үгч. «та нарыг буцаан худалдан авагч»

Анхилуун үнэрт давирхай

Анхилуун үнэрт зэгс

Эсвэл «тэрслүү явдлыг»

Хуулийн багш нарыг хэлсэн бололтой.

Эсвэл «Төрсөн цагаас»

«Шулуун шударга нэгэн» гэсэн утгатай. Израйлын хүндэтгэлийн нэр.

Эсвэл «ангасан газрыг»

Үгч. «түүнийг буцаан худалдан авагч»

Шүтээнүүдийг хэлж байна.

Эсвэл «цутгамал»

Эсвэл «Дуганд»

Үгч. «Зүрхэнд нь»

Эсвэл «буцаан худалдаж авна»

Эсвэл «буцаан худалдаж авсан»

Үгч. «Чамайг буцаан худалдан авагч»

Эсвэл «хуурамч зөнчдийн»

II Кир буюу Их Кир

Эсвэл «тосолсон»

Эсвэл «Зүүнээс баруун»

Үгч. «Түүнд гар алга». Эсвэл «Чиний хийсэн юм бариулгүй» гэсэн бололтой.

Эсвэл «Эцэгт»

Эсвэл «Эхэд»

Эсвэл «ажилчид» гэсэн бололтой.

Эсвэл «худалдаачид» гэсэн бололтой.

Эсвэл «хоосон байлгах гэж» гэсэн бололтой.

Эсвэл «зорилгоо; зөвлөгөөгөө»

Эсвэл «Зүүн зүгээс»

Эсвэл «Зорилгыг; Зөвлөгөөг»

Үгч. «Вавилоны онгон охин»

Үгч. «охин»

Эсвэл «Би хэнийг ч таатай угтаж авахгүй» гэсэн бололтой.

Үгч. «охин»

Эсвэл «Хатан»

Эсвэл «Хатан»

Эсвэл «Ид шид үйлдэн, хүчтэй тарни уншдаг боловч» гэсэн бололтой.

Эсвэл «Чи яаж шившлэг хийж үүнийг зайлуулахаа мэдэхгүй»

Эсвэл «Тэнгэрийг хуваагчид; Зурхайчид» гэсэн бололтой.

Үгч. «Иудагийн уснаас»

Эсвэл «цутгамал»

Үгч. «бүтээгдэж»

Эсвэл «Зовлонгийн зууханд байхад чинь сонгосон» гэсэн бололтой.

Эсвэл «хэнтэй ч хуваалцахгүй»

Кореш буюу Кирийг хэлж байна.

Үгч. «Чамайг буцаан худалдан авагч»

Үгч. «Тэдний нэр миний өмнөөс хэзээ ч таслагдахгүй эсвэл устгагдахгүй»

Үгч. «буцаан худалдан авлаа»

Үгч. «амыг»

Эсвэл «Ехова миний төлөө шударга ёсыг тогтооно»

Эсвэл «шагнал»

Үгч. «Израйлыг буцаан худалдан авагч»

Эсвэл «Нүцгэн толгод» гэсэн бололтой.

Үгч. «Хэрмүүд чинь үргэлж миний өмнө байдаг»

Эсвэл «хүнийг зөв үгээр зоригжуулаасай» гэсэн бололтой.

Эсвэл «надад сайн сургасан хэл өгсөн»

Үгч. «миний чихийг»

Эсвэл «надтай тэмцэлдэх»

Эсвэл «нүүрэлдье»

Эсвэл «гарт»

Эсвэл «зааврыг»

Эсвэл «Өтөнд» гэсэн бололтой.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Сионыг хэлж байна.

Эсвэл «Бүслэгчид»

Үгч. «уур хилэн нь»

Үгч. «хүний хөл»

Эсвэл «Манай Бурхан хэрхэн ялахыг»

Эсвэл «сонссон» гэсэн бололтой.

Үгч. «мутраа»

Хөндлөнгийн ажиглагч эсвэл Бурхныг хэлсэн бололтой.

Үгч. «Дарамт, шүүлтээс болж тэр авагдсан»

Эсвэл «Амьдралынх нь нарийн ширийний»

Эсвэл «Хүчирхийлэл үйлдээгүй»

Үгч. «мэдлэгээр»

Эсвэл «хүүхдүүд»

Эсвэл «эзэн»

Эсвэл «Хүүхдүүд»

Эсвэл «зовж олсон мөнгөө»

Иаков буюу Израйлыг хэлж байна.

Эсвэл «мултрахын тулд» гэсэн бололтой.

Үгч. «орон дотроо»

Эсвэл «Сайруудад»

Сион эсвэл Иерусалимыг хэлж байна.

Эсвэл «сайрын»

Эсвэл «тайвшрах»

Шүтээнийг хэлсэн бололтой.

Шүтээн шүтэхийг хэлсэн бололтой.

Эсвэл «Хаан руу» гэсэн бололтой.

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Эсвэл «хэргийг чинь нууж»

Израйлыг хэлсэн бололтой.

Үгч. «ясанд чинь»

Үгч. «Гай зовлонгоор жирэмсэлж, хор хөнөөлийг төрүүлдэг»

Эсвэл «ялалт байгуулав»

Эсвэл «Ялалтын»

Үгч. «хоньд чамд үйлчилнэ»

Эсвэл «үзэсгэлэнт өргөөгөө»

Эсвэл «гоёно»

Эсвэл «тосолсон»

Эсвэл «гоёхын»

Эсвэл «эд хөрөнгөөр»

«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.

Эсвэл «Гал улаан» гэсэн бололтой.

Эсвэл «аврав»

Эсвэл «Түүнтэй хамт байдаг тэнгэрийн элч»

Үгч. «Мосегийн баруун гарыг»

Үгч. «Таны нэр»

Эсвэл «тэвчээртэй»

Эсвэл «биднийг хэлбэрт оруулсан Нэгэн»

Эсвэл «үзэсгэлэнт»

Эсвэл «сүм»

Эсвэл «Манааны овоохойнуудад» гэсэн бололтой.

Эсвэл «Би чамд ариун байдлаа дамжуулах вий» гэсэн бололтой.

Үгч. «Эдгээр нь миний хамрын нүхэн дэх утаа, өдөржин шатах гал юм»

Эсвэл «Итгэмжит». Үгч. «Амен»

Эсвэл «Итгэмжит». Үгч. «Амен»

Эсвэл «Зуун настайдаа үхсэн хүнийг хараал хүртсэнд тооцно» гэсэн бололтой.

Эсвэл «үгэнд минь хүндэтгэлтэй ханддаг»

Эсвэл «шүтээнийг магтдаг» гэсэн бололтой.

Эсвэл «үгэнд хүндэтгэлтэй ханддаг»

Эсвэл «Би амсар дээр нь авчирчхаад төрүүлэхийг нь болиулах уу»

Эсвэл «хүчийг»

Шүтээн шүтэхэд зориулсан тусгай цэцэрлэгийг хэлж байна. Үгч. «Төвд байгаа нэгний арын цэцэрлэгүүдэд»

Эсвэл «тэмдэг»

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах