ГАШУУДАЛ
א [алэф*]
1 Цагтаа хүн ихтэй байсан хот ингэж эзгүйрэх гэж!
Үндэстнүүдийн дунд алдраа дуурьсгаж* байсан хот ингэж бэлэвсэн эмэгтэй шиг болох гэж!
Мужуудад хатан шиг байсан хот ингэж боол шиг болох гэж!
ב [бэт]
2 Тэрбээр шөнөжингөө асгартал уйлав. Нулимс хацрыг нь даган урсана.
Амрагуудынх нь нэг нь ч түүнийг тайвшруулахгүй юм.
Анд нөхөд нь түүнээс урваж, дайсан болцгоосон.
ג [гимэл]
3 Иуда олзлогдон явсан. Тэрбээр зовж зүдэрсэн, боолчлолд нухлагдсан.
Тэрбээр үндэстнүүдийн дунд амьдарна. Амар амгаланг үзэхгүй.
Хүчин мөхөстөх үед нь хавчигчид түүн рүү дайрсан.
ד [далэт]
4 Баяр наадамд хэн ч очихгүй байгаа тул Сионы замууд халаглана.
Хотын бүх хаалга эвдрэн сүйдэж, тахилчид нь санаа алдана.
Онгон охид нь уй гашуу болж, хот өөрөө ч эмгэнэн гашуудна.
ה [хэ]
5 Дайснууд нь түүнийг захирч, өстнүүд нь санаа зовох юмгүй амьдардаг.
Ехова түүнийг их нүглээс нь болж уй гашууд автуулсан.
Өстнүүд хүүхдүүдийг нь олзлон авч явсан.
ו [вав]
6 Сионы охины* цог жавхлан тэр чигтээ үгүй болов.
Ноёд нь бэлчээрээ олоогүй буга мэт ажээ.
Тэд мөшгөн хөөгчдийн урд арай ядан гэлдэрнэ.
ז [заяин]
7 Иерусалим гэр оронгүй зүдэрч явахдаа
Өмнө нь эдэлж хэрэглэж байсан үнэтэй бүхнээ санав.
Оршин суугчид нь дайсны гарт орж, хот туслагчгүй хоцроход
Өстнүүд түүнийг хараад, нуран унахад нь шоолон инээлдэв.
ח [хэт]
8 Иерусалим асар их нүгэл үйлдсэн.
Тийм ч учраас бузартсан.
Түүнийг хүндэлдэг байсан бүхэн нүцгэн биеийг нь харсан учир одоо жигшин зэвүүцдэг.
Тэр өөрөө ч ёолох бөгөөд ичсэндээ нүүр буруулна.
ט [тэт]
9 Түүний хувцас толбо болсон.
Тэрбээр ирээдүйгээ огт бодоогүй.
Сүйрэл нь бүх хүнийг гайхшируулсан. Тайвшруулах хэн ч алга.
Ехова минь ээ, яаж зовж байгааг минь хараач! Дайснууд онгирон сагсуурч байна.
י [еөд]
10 Дайснууд түүний бүх эрдэнэсийг тоносон.
Үндэстнүүдийг ариун газар луу орохыг тэрбээр харсан.
Үнэндээ та тэр үндэстнүүдэд ард түмэнтэй тань хамт цуглахыг хориглосон билээ.
כ [каф]
11 Бүх оршин суугч нь санаа алдан, талх хайж байна.
Тэд амьд үлдэх гэсэндээ идэх юмны төлөө үнэтэй зүйлсээ өгсөн.
Ехова минь ээ, хөөрхийлөлтэй эмэгтэй* болсныг минь хараач!
ל [ламэд]
12 Замаар өнгөрч яваа та нарт хамаагүй гэж үү?
Үзээч, хараач!
Над шиг зовж шаналсан өөр хэн байна вэ?
Ехова дүрэлзсэн уур хилэнгийнхээ өдөр намайг ингэж зовоосон юм.
מ [мэм]
13 Тэрбээр хамаг ясыг минь шатаах гэж дээрээс гал илгээв.
Хөлд минь тор хаяв. Намайг ухрахаас өөр аргагүйд хүргэв.
Түүнээс болж би ганцаараа хоцорсон эмэгтэй болов.
Би өдөржин зовж шаналж байна.
נ [нүн]
14 Үйлдсэн нүгэл минь хүндээр дарах нь Бурхан над дээр буулга тохсон мэт.
Хүзүүн дээрх гэм нүглээс болж хүч чадал минь барагджээ.
Хүчээр давуу хүмүүсийн гарт Ехова намайг өгчээ.
ס [самэх]
15 Ехова миний дайчдыг бүгдийг нь хөөн зайлуулав.
Залуусыг минь хиар цохихоор цэргүүдийг цуглуулав.
Ехова Иудагийн онгон охиныг* усан үзэм шахах мэт бяцлан дэвслэв.
ע [аяин]
16 Энэ бүхнээс болоод би уйлж байна. Нүднээс минь нулимс мэлмэрнэ.
Учир нь намайг тайвшруулах, сэргээх бүхэн надаас хэтэрхий хол байна.
Дайснууд эзлэн авсан тул хөвгүүд минь цөхөрчээ.
פ [пэ]
17 Сион тусламж эрэн гараа сарвайсан ч түүнийг тайвшруулах хэн ч алга.
Иаковтай дайтахыг эргэн тойрных нь бүх дайсанд Ехова тушаав.
Иерусалим тэдний жигшлийг төрүүлжээ.
צ [цади]
18 Ехова зөв шударга. Харин би түүний үг тушаалыг зөрчсөн.
Ард түмнүүд ээ, сонсоцгоо. Яаж зовж байгааг минь харцгаа.
Миний охид хөвгүүд олзлогдон явлаа.
ק [көф]
19 Би амрагуудаа дуудсан боловч тэд надаас урвасан.
Миний тахилчид, ахлагчид амьд үлдэхийн тулд
Хоол хайн явсаар хотод үхэцгээсэн.
ר [рэш]
20 Ехова минь ээ, ямар их зовж байгааг минь хараач.
Сэтгэл минь үймж байна.
Би яасан тэрслүү байсан юм бэ! Үүнээс болж зүрх минь шаналж байна.
Гадаа гудамжинд хүүхдүүд илдээр хөнөөгдөж, гэр дотор хүмүүс үхэж байна.
ש [шин]
21 Санаа алдахыг минь хүмүүс сонссон. Намайг тайвшруулах хэн ч алга.
Надад гай зовлон тохиолдсоныг дайснууд бүгд сонсжээ.
Та намайг зовоосонд тэд баяртай байна.
Гэвч таны амласан өдөр болоход минийх шиг зовлонг тэд амсана.
ת [тав]
22 Тэдний бузар үйлсийг анхаараач. Гэм нүглээс минь болж намайг шийтгэсэн шигээ
Тэднийг хатуу шийтгээч.
Би эцэс төгсгөлгүй санаа алдаж байна. Зүрх минь өвдөн шаналж байна.
א [алэф]
2 Ехова Сионы охиныг* уур хилэнгийнхээ үүлээр ингэж хучих гэж!
Тэрбээр Израйлын гоо үзэсгэлэнг тэнгэрээс газар луу чулууджээ.
Тэрбээр уур хилэнгийнхээ өдөр хөлийн тавиураа мартжээ.
ב [бэт]
2 Ехова Иаковын бүх байшинг хайр найргүй залгив.
Тэрбээр уурандаа Иудагийн охины* бэхлэгдсэн газруудыг нураав.
Хаант улсыг ноёдтой нь газарт унагаж, гутаан доромжлов.
ג [гимэл]
3 Тэрбээр догшрон хилэгнэж, Израйлын бүх хүч чадлыг үгүй хийв.
Дайсан ойртоход тэрбээр баруун мутраа татав.
Иаковын нутагт тэрбээр эргэн тойрныхоо бүх юмыг шатаадаг гал мэт дүрэлзэн ассаар байв.
ד [далэт]
4 Тэрбээр дайсан мэт нумаа хөвчилж, өстөн мэт баруун мутраа далайсан.
Бидний хайрлаж хүндэлдэг бүх хүнийг хөнөөсөөр байв.
Тэрбээр Сионы охины* майхан дээр уур хилэнгээ гал мэт буулгав.
ה [хэ]
5 Ехова дайсан мэт болж
Израйлыг залгив.
Израйлын бүх цамхгийг залгиж,
Бэхлэгдсэн газруудыг нь устгав.
Иудагийн охиныг* уй гашуу, уйлаан майлаанаар дүүргэв.
ו [вав]
6 Тэрбээр саравчаа цэцэрлэгт байгаа овоохой шиг нураан хаяв.
Тэрбээр баяр наадмаа дуусгав.
Ехова баяр наадам, амралтын өдрийн тухай дурсамжийг Сионоос арчив.
Тэрбээр зэвүүцэн уурлаж хаан, тахилчийг үл хүндэтгэв.
ז [заяин]
7 Ехова тахилын ширээгээ голов.
Ариун газраа үл тоов.
Бэхлэгдсэн цамхгуудыг нь дайсанд тушаав.
Тэд Еховагийн өргөөнд баярын өдөр мэт чанга хашхирав.
ח [хэт]
8 Ехова Сионы охины* хэрмийг устгахаар шийдэв.
Тэрбээр хэмжих шугамаа сунгажээ.
Тэрбээр мутраа буулгалгүй устгасаар байв.
Бэхлэлт, хана хэрмийг уй гашууд автуулав.
Тэд сульдан доройтов.
ט [тэт]
9 Түүний хаалганууд газарт булагдсан.
Тэрбээр цоож цуургыг нь эвдсэн.
Хаан ба ноёд нь үндэстнүүдэд олзлогджээ.
Хууль* гэж үгүй. Зөнчдөд нь хүртэл Еховагаас үзэгдэл ирэхээ болив.
י [еөд]
10 Сионы охины* ахлагчид газар чимээгүй сууна.
Тэд толгой дээрээ шороо цацаж, таар нөмөрчээ.
Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.
כ [каф]
11 Уйлсаар байгаад нүд минь бүлцийжээ.
Дотор минь үймж байна.
Миний охин, миний ард түмэн сүйрснээс болж,
Хүүхэд, нялхас хотын талбайд ухаан алдаж унаснаас болж элэг зүрх минь эмтрэв*.
ל [ламэд]
12 Тэд ээждээ «Би өлсөөд байна, цангаад байна*» гэж хэлсээр байгаад
Хотын талбайд шархадсан хүн шиг ухаан алдан унаж
Эхийнхээ гар дээр амьсгал хураадаг.
מ [мэм]
13 Иерусалимын охин оо*, би чамайг юутай жишиж,
Эсвэл юутай адилтгах вэ?
Сионы онгон охин* оо, би чамайг тайвшруулахын тулд юутай харьцуулах вэ?
Чиний шарх далай шиг том юм. Хэн чамайг эдгээх вэ?
נ [нүн]
14 Зөнчдийн чинь үзэгдэл хуурамч, хоосон байсан.
Тэд нүглийг чинь илчлээгүй учир чи дайсанд олзлогдсон.
Тэд чамайг төөрөгдүүлэх хуурамч үзэгдэл үздэг байсан.
ס [самэх]
15 Замаар өнгөрөгчид Иерусалимын охиныг* хараад дооглон алга ташиж,
Гайхан шүгэлдэж, толгой сэгсрэн
«Энэ чинь “Дэлхий дахины баяр баясгалан, үзэсгэлэн төгс” гэгддэг хот мөн үү?» гэж хэлнэ.
פ [пэ]
16 Дайснууд чинь бүгдээрээ чамайг элэглэн дооглосон.
Тэд шүгэлдэж, шүдээ хавиран «Бид түүнийг залгичихлаа.
Энэ өдрийг удаан хүлээлээ! Ингээд ирдэг юм байж! Энэ өдрийг үздэг юм байна!» гэж хэлнэ.
ע [аяин]
17 Ехова санаснаа гүйцээж, хэлснээ хэрэгжүүлэн,
Эрт үед тунхагласан үгээ биелүүлэв.
Тэрбээр чамайг хайр найргүй нураав.
Дайснуудыг чинь давуу хүчтэй болгож*, чамайг ялаад баярлах боломжийг тэдэнд олгов.
צ [цади]
18 Сионы охины* хэрэм ээ, оршин суугчид чинь сэтгэл зүрхнээсээ Ехова руу хашхирч байна.
Нулимсаа өдөр шөнөгүй гол мөрөн шиг урсга.
Уйлаад л бай*, бүү амсхий.
ק [көф]
19 Бос! Шөнөжин уйл.
Зүрх сэтгэлээ Еховагийн өмнө ус мэт асга.
Түүн рүү гараа өргөж хүүхдүүддээ амь гуй.
Тэд өлсгөлөнгөөс болж гудамжны мухарт ухаан алдан унаж байна.
ר [рэш]
20 Ехова, та хатуу шийтгэсэн ард түмнээ хараач.
Эмэгтэйчүүд нялх үрсээ, эрүүл чийрэг өсгөж бойжуулсан хүүхдүүдээ идэх ёстой юу?
Тахилчид, зөнчид Еховагийн ариун газар алагдах ёстой юу?
ש [шин]
21 Хөвгүүд, хөгшдийн хүүр гудамжинд хэвтэнэ.
Миний бүсгүйчүүд, залуус илдээр хөнөөгджээ.
Та тэднийг уур хилэнгийнхээ өдөр хөнөөсөн. Та тэднийг хайр найргүй устгасан.
ת [тав]
22 Баярын өдөр хүмүүсийг цуглуулдаг шиг, та зүг бүрээс аймшгийг дуудсан.
Еховагийн уур хилэнгийн өдөр хэн ч зугтаагүй, хэн ч амьд үлдээгүй.
Төрүүлж өсгөсөн хүүхдүүдийг минь дайснууд хүйс тэмтэрчээ.
א [алэф]
3 Би түүний уур хилэнгийн саваанаас болж зовсон хүн.
2 Тэрбээр намайг хөөж гэрэлд биш, харанхуйд алхуулсан.
3 Намайг өдөржин гараараа цохидог.
ב [бэт]
4 Арьс, махыг минь сулруулж
Ясыг минь хугалсан.
5 Намайг бүсэлж гашуун хор болон зовлонгоор хүрээлэв.
6 Тэрбээр намайг хэдийнээ үхсэн хүн шиг, харанхуй газар хүчээр суулгасан.
ג [гимэл]
7 Намайг хашиж, зугтах аргагүй болгосон.
Хүнд зэс дөнгөөр дөнгөлсөн.
8 Тусламж гуйн цөхрөлтгүй хашхирсан ч залбирлыг минь сонсдоггүй.
9 Тэрбээр зассан чулуугаар замыг минь хааж
Явдаг замыг минь мурийлгасан.
ד [далэт]
10 Намайг баавгай шиг, бас нуугдаж буй арслан шиг отон хүлээдэг.
11 Намайг замаас түлхэн гаргаж, хэсэглэн тасчив*.
Тэрбээр намайг сүйрүүлсэн.
12 Нумаа хөвчилж, над руу сумаа онилдог.
ה [хэ]
13 Саадагтай сумаараа бөөрийг минь нэвт сүлбэсэн.
14 Би бүх ард түмний элэг доог, өдөржин тэдний дууны сэдэв болов.
15 Тэрбээр надад гашуун юм идүүлж, гэдсийг минь агиар цатгаж байв.
ו [вав]
16 Хайрга идүүлэн шүдийг минь хугалж,
Намайг үнсэнд хаяв.
17 Та надаас амар тайвныг булаасан. Би сайн юмыг мартсан.
18 Тиймээс би: «Алдар хүнд минь үгүй болж, Еховаг гэсэн итгэл найдвар минь хөсөрдлөө» гэж хэлэв.
ז [заяин]
19 Зовж шаналан, орон гэргүйдэж, агь, гашуун хороор хооллож байгааг минь санаач.
20 Та заавал санаж над руу бөхийнө.
21 Би үүнийг дурсан санадаг. Тийм ч учраас тэвчээртэй хүлээнэ.
ח [хэт]
22 Ехова үнэнчээр хайрладаг тул бид сөнөөгүй.
Учир нь түүний энэрэл хэзээ ч дуусахгүй.
23 Тэрбээр өглөө бүр энэрэл үзүүлдэг. Түүний үнэнч байдал агуу.
24 «Ехова бол миний хувь учраас түүнийг тэвчээртэй хүлээнэ» гэж би хэлэв.
ט [тэт]
25 Ехова өөрт нь найддаг, удирдлага зааврыг нь хайдаг хүнд сайн.
26 Еховагийн аврахыг чимээгүй* хүлээх нь сайн.
27 Хүн залуудаа буулга үүрэх нь сайн.
י [еөд]
28 Бурхан үүнийг үүрүүлсэн бол тэрбээр ганцаараа суугаад чимээгүй байг.
29 Тэрбээр нүүрээ шороонд хутгаг. Найдвар байж юуны магад.
30 Өөрийг нь цохиж буй хүнд хацраа өгөг. Доромжлолыг бүрэн хүртэг.
כ [каф]
31 Учир нь Ехова биднийг үүрд орхихгүй.
32 Тэрбээр уй гашууд автуулсан ч үнэнч хайр нь агуу тул энэрлээ үзүүлнэ.
33 Тэрбээр хүмүүст уй гашуу, гай зовлон авчрахыг хүсдэггүй.
ל [ламэд]
34 Дэлхий дээрх бүх хоригдлыг хөлөөрөө дэвслэхийг,
35 Хамгийн дээд Нэгний өмнө хүнтэй шударга бусаар харьцахыг,
36 Шүүх дээр хүнийг хууран мэхлэхийг
Ехова тэвчдэггүй.
מ [мэм]
37 Хэрэв Еховагийн хүсэл биш байсан бол хэн үг хэлж, түүнийгээ биелүүлж чадах билээ?
38 Хамгийн дээд Нэгний амнаас
Сайн, муу юм зэрэг гардаггүй.
39 Хүн нүглийнхээ үр дагаврыг амсаж байгаа бол яагаад гомдоллох ёстой гэж?
נ [нүн]
40 Яаж амьдарч байгаагаа нягталж сайтар бодоод Ехова руу буцаж очицгооё.
41 Тэнгэрт байгаа Бурхан руу гараа өргөн, чин сэтгэлээсээ түүнд хандан ингэж хэлцгээе.
42 «Бид нүгэл үйлдэж, тэрсэлсэн. Та уучлаагүй.
ס [самэх]
43 Та уурлан хилэгнэж, очих замыг маань хаав.
Биднийг мөшгөн хөөж, өршөөлгүй алж устгав.
44 Тан руу очих замыг маань та үүлээр хаасан. Тиймээс залбирал маань хүрдэггүй.
45 Биднийг та ард түмнүүдийн дунд хог хаягдал болгов.
פ [пэ]
46 Дайснууд бүгдээрээ биднийг дооглон тохуурхана.
47 Айдас, урхи, сүйрэл, хоосрол бидний хувь болсон.
48 Миний охин, миний ард түмэн сүйрснээс болж нулимс минь гол адил урсаж байна.
ע [аяин]
49 Би зогсоо зайгүй уйлж, нулимс минь бөмбөрөн урсана.
50 Еховаг тэнгэрээс өнгийж хартал урсана.
51 Хотынхоо охидыг харахлаар сэтгэл өвдөж байна.
צ [цади]
52 Дайснууд намайг шалтгаангүйгээр шувуу шиг агнасан.
53 Тэд намайг алах гэж нүхэнд хийсэн. Над руу чулуу шидээд л байв.
54 Намайг ус бүрхэн авахад «Ингээд өнгөрлөө!» гэж бодсон.
ק [көф]
55 Ехова минь ээ, би нүхний ёроолоос таны нэрийг дуудсан.
56 Дууг минь сонсооч. Аврал, тусламж гуйн хашхирахад минь чихээ бүү таглаач.
57 Тан руу хашхирсан тэр өдөр та дэргэд минь ирж «Бүү ай» гэж хэлсэн.
ר [рэш]
58 Ехова минь ээ, та намайг өмгөөлж, амийг минь аварсан.
59 Ехова минь ээ, надад учирсан шударга бус явдлыг та харсан. Намайг шударгаар шүүгээч.
60 Тэд надаас өшөө авч, надад бузар муу юм хийхээр төлөвлөснийг та харсан.
ש [син] эсвэл [шин]
61 Ехова минь ээ, та тэдний доог тохууг сонссон. Надад бузар муу юм хийхээр төлөвлөснийг нь та харсан.
62 Миний дайснууд юу ярихыг, намайг хорлох гэж өдөржин шивнэлдэхийг та сонссон.
63 Тэднийг хараач! Тэд суусан ч, боссон ч намайг шоглон дуулж байна.
ת [тав]
64 Ехова минь ээ, та үйлсийнх нь дагуу тэдэнд хариулна.
65 Та тэднийг харааж зүрх сэтгэлийг хатууруулна.
66 Та уур хилэнтэйгээр тэднийг мөшгөн, Еховагийн тэнгэр дороос арчин зайлуулна.
א [алэф]
4 Гялалзаж гялтганасан шижир алт өнгөө ингэж алдах ч гэж дээ!
Ариун газрын чулуунууд гудамж болгоны мухарт ингэж хэвтэх ч гэж дээ!
ב [бэт]
2 Шижир алт шиг үнэ цэнтэй байсан Сионы хүндэт хөвгүүд
Одоо ваарчны гарын бүтээл,
Шавар ваар мэт тооцогдох ч гэж дээ!
ג [гимэл]
3 Чононцрууд хүртэл бэлтрэгээ хөхүүлдэг байхад
Миний охин, миний ард түмэн зэлүүд газрын тэмээн хяруул шиг харгис болжээ.
ד [далэт]
4 Хөхүүл хүүхэд цангаснаас болж хэл нь тагнайдаа наалджээ.
Хүүхдүүд талх гуйх боловч хэн ч юу ч өгөхгүй юм.
ה [хэ]
5 Тансаг амттан иддэг байсан хүмүүс гудамжинд өлбөрч байна.
Час улаан чамин хувцас өмсөж өссөн хүмүүс үнс нурман дунд хэвтэнэ.
ו [вав]
6 Миний охин, миний ард түмний хүртсэн шийтгэл нүгэлт Содомынхоос ч хатуу.
Содом хормын дотор устгагдсан билээ. Түүнд туслах хэн ч байгаагүй.
ז [заяин]
7 Назирууд нь цаснаас цэвэр, сүүнээс цагаан,
Шүрнээс улаан байв. Тэд өнгөлсөн индранил шиг байлаа.
ח [хэт]
8 Одоо тэд хөөнөөс ч хар болжээ.
Гудамжинд таарсан хүмүүс тэднийг таньдаггүй.
Ясыг нь бүрхсэн арьс нь үрчийж, хуурай мод шиг болсон байна.
ט [тэт]
9 Илдээр хөнөөгдсөн хүмүүс өлсгөлөнгөөр үхэгсдээс дээр.
Талбайн ургацгүйгээс болж үхэж үрэгдэж буй хүмүүсээс дээр.
י [еөд]
10 Өр нимгэн бүсгүйчүүд өөрсдийн гараар хүүхдүүдээ чанав.
Миний охин, миний ард түмнийг сүйрэх үед хүүхдүүд нь гашуудлын хоол болсон юм.
כ [каф]
11 Ехова уураа гаргаж,
Дүрэлзсэн хилэнгээ асгав.
Сионд гал тавьж, суурьтай нь шатаав.
ל [ламэд]
12 Иерусалимын хаалгаар өстөн дайсан орно гэж
Дэлхийн хаад ч, үржил шимтэй газрын оршин суугчид ч итгээгүй.
מ [мэм]
13 Энэ нь зөнчдийнх нь нүгэл, тахилчдынх нь алдаанаас болсон юм.
Тэд хотод байсан зөв шударга хүмүүсийн цусыг урсгасан билээ.
נ [нүн]
14 Тэд сохор хүн шиг гудамжаар тэнэсэн.
Хувцас нь цусанд будагдсан тул
Хэн ч хүрч чаддаггүй.
ס [самэх]
15 Хүмүүс: «Зайл! Бузрууд аа! Зайл, зайл! Бидэнд битгий хүр!» гэж тэдэн рүү хашхирдаг.
Учир нь тэд орон гэргүй болсон тул тэнүүчлэн явдаг.
«Тэд бидэнтэй хамт байж болохгүй» гэж үндэстнүүд ярьдаг.
פ [пэ]
16 Ехова тэднийг тараасан.
Тэрбээр тэднийг сайшаан харахаа болино.
Хүмүүс тахилчдыг үл хүндэтгэж, ахлагчдыг таашаахгүй».
ע [аяин]
17 Тусална гэж горьдон хүлээсээр нүд чиллээ.
Аварч чадахгүй үндэстнийг тусална гэж бид горьдсоор л байлаа.
צ [цади]
18 Дайснууд алхам бүрийг маань отож байгаа учраас бид гудамж талбайгаар явж чадахгүй байна.
Бидний төгсгөл ойртжээ. Өдөр хоногууд маань дуусжээ. Бидний төгсгөл ирж байна.
ק [көф]
19 Мөшгөгчид тэнгэрт нисэх бүргэдээс ч илүү хурдан байв.
Тэд уулан дээр биднийг мөшгөж зэлүүд газар отсон.
ר [рэш]
20 Амь амьсгал минь болсон, Еховагийн сонгосон* хүн дайснуудын ухсан том нүхэнд унав.
Бид түүний тухай «Үндэстнүүдийн дунд түүний сүүдэрт амьдарцгаая» гэж ярьдаг байлаа.
ש [син]
21 Уз нутагт амьдардаг Едомын охин* оо, баярлан баяс, хөгжин цэнгэ.
Гэхдээ чамд бас аягатайг өгнө. Чи ууж согтоод нүцгэн биеэ ил гаргана.
ת [тав]
22 Сионы охин* оо, гэм буруугийн чинь шийтгэл дууслаа.
Тэрбээр чамайг дахин олзлуулахгүй.
Харин Едомын охин* оо, тэрбээр гэм бурууг чинь анхаарч
Нүгэл хилэнцийг чинь илчилнэ.
5 Ехова минь ээ, бидэнд юу тохиолдсоныг санаач.
Гутамшиг болсныг маань үзээч, хараач.
2 Өв хөрөнгө маань танихгүй хүмүүсийн гарт, гэр орон маань харь хүмүүсийн гарт орсон.
3 Бид эцэггүй хүүхдүүд болов. Ээжүүд маань бэлэвсэн эмэгтэйчүүд шиг болов.
4 Бид мөнгө төлж усаа уудаг, үнэ төлж түлээгээ авдаг.
5 Мөшгөгчид биднийг гэзэг даран хөөж байна.
Тэнхээ барагдсан ч амсхийх арга алга.
6 Бид идэх талхтай байх гэсэндээ Египет, Ассири луу гараа сарвайдаг.
7 Нүгэл үйлдсэн эцэг өвгөд маань одоо байхгүй ч тэдний нүглийн төлөөсийг бид төлдөг.
8 Зарц нар одоо биднийг захирч байна. Тэдний гараас аврах хэн ч байхгүй.
9 Хээр талд зэвсэглэсэн хүмүүс* байгаа учир бид амь өрсөн байж талхаа олдог.
10 Өлсөж зовсноос болж арьс маань зуух мэт халуун болжээ.
11 Тэд Сионд эхнэрүүдийг маань, Иудагийн хотуудад онгон охидыг маань доромжилсон*.
12 Ноёдыг гараас нь оосорлон дүүжилж, ахлагчдыг үл хүндэлсэн.
13 Залуус гар тээрмийн чулуу үүрч, хөвгүүд бүдчин байж мод зөөдөг.
14 Ахлагчид хотын хаалган дээр суухаа, залуус хөгжим тоглохоо болив.
15 Зүрх сэтгэл маань баяр баясгалангүй болж, дуу бүжиг уй гашуугаар солигдов.
16 Бидний толгой дээрх титэм унав. Нүгэл үйлдсэн бид золгүй еэ!
17 Үүнээс болж зүрх сэтгэл өвчлөн
Нүд сүүмийв.
18 Сион уул эзгүйрч, үнэг тэнүүчлэх болов.
19 Ехова минь ээ, та хаан сэнтийд мөнхөд залардаг.
Таны сэнтий үеэс үед оршино.
20 Та юунд биднийг үүрд мартаж, ийм удаан орхив?
21 Ехова минь ээ, биднийг буцааж аваач. Бид тан руу дуртайяа буцаж очно.
Бүхнийг урьдынх шиг болгож өгөөч.
22 Гэсэн ч та биднийг бүрмөсөн голж хаясан.
Та бидэнд ихэд уурласаар байна.
1–4-р бүлэг нь еврей цагаан толгойн дарааллаар бичсэн гашуудлын дуу юм.
Эсвэл «хүн ам ихтэй»
«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
Иерусалимыг хүншүүлжээ.
Иерусалимыг хэлсэн бололтой.
«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
Иерусалимыг хэлсэн бололтой.
«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
Иерусалимыг хэлсэн бололтой.
«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
Эсвэл «Заавар»
«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
Эсвэл «газар асгарав»
Үгч. «Үр тариа, дарс хаана байна вэ?»
«Иерусалимын охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
«Сионы онгон охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
«Иерусалимын охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
Үгч. «Дайснуудын чинь эврийг өргөж»
«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
Эсвэл «Нүдээ бүү амраа»
Эсвэл «атар газар болгов» гэсэн бололтой.
Эсвэл «тэвчээртэй»
Эсвэл «тосолсон»
«Едомын охин» гэдгээр Едомын ард түмнийг уран яруу хэлжээ.
«Сионы охин» гэдгээр Иерусалим хот эсвэл оршин суугчдыг нь уран яруу хэлжээ.
«Едомын охин» гэдгээр Едомын ард түмнийг уран яруу хэлжээ.
Эсвэл «илд»
Эсвэл «хүчиндсэн»