Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • nwt Даниел 1:1-12:13
  • Даниел

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Даниел
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Даниел

ДАНИЕЛ

1 Иудагийн хаан Иехоиакимын засаглалын гуравдугаар онд Вавилоны хаан Небухаднезар ирж Иерусалим хотыг бүслэв. 2 Ехова Иудагийн хаан Иехоиакимыг түүний гарт тушааж, жинхэнэ Бурхны өргөөн* дэх зарим сав суулгыг ч өгчээ. Небухаднезар тэдгээр сав суулгыг Шинарын* нутагт байдаг бурхныхаа өргөөнд* аваачин бурхныхаа эрдэнэсийн санд тавилаа.

3 Хаан ахлах түшмэл Ашпеназад хэсэг израйлчуудыг, түүний дотор язгууртнууд ба хааны удмын хүмүүсийг авчрах тушаал буулгав. 4 Тэд ямар ч согоггүй, царай зүс сайтай, мэргэн ухаантай, мэдлэгтэй, ухааран ялгах чадвартай, хааны ордонд алба хашиж чадахаар залуус* байх ёстой ажээ. Ашпеназ тэдэнд халдейчуудын хэл, бичгийг заахаар болов. 5 Хааны тансаг зоог, дарснаас тэдэнд өдөр бүр хувь хүртээх зарлиг гарчээ. Тэднийг гурван жил сургасны* эцэст хааны ордонд алба хашуулах ажээ.

6 Тэдний дунд Иуда овгийн Даниел*, Хананиа*, Мишаел*, Азариа* нар байв. 7 Ахлах түшмэл тэдэнд шинэ нэр* өгөв. Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абед-него хэмээн нэрийджээ.

8 Хааны тансаг зоог, дарснаас хүртэж өөрийгөө бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Иймд тэрбээр өөрийг нь бузарлах идээ зоогоос хүртэхгүйн тулд ахлах түшмэлээс зөвшөөрөл хүсжээ. 9 Даниелыг жинхэнэ Бурхан ивээсэн тул ахлах түшмэл түүнд сайхан сэтгэл гарган, өршөөл үзүүлэв. 10 Ахлах түшмэл: «Та нарт юу идэж уухыг чинь даалгасан хаан эзнээсээ би айж байна. Та хэдийг үеийнхээ залуусаас* туранхай эцэнхий байгааг хаан харвал яах болж байна аа? Та нараас болж хаан толгойг минь авна шүү дээ» гэж Даниелд хэллээ. 11 Ахлах түшмэл нэгэн хүнийг Даниел, Хананиа, Мишаел, Азариа нарын асран хамгаалагчаар томилсон байв. Даниел түүнд ийн хэлэв. 12 «Та зарц бидэндээ идэх ногоо, уух ус өгч арав хоног туршиж үзнэ үү. 13 Дараа нь та зарц биднийг хааны тансаг зоогоос хүртэж байгаа залуустай* харьцуулж ямар харагдаж байгааг үзээд цаашдаа яахаа шийднэ үү».

14 Тэрбээр тэдний саналыг зөвшөөрч арав хоног туршихаар болов. 15 Арав хоногийн дараа тэд хааны тансаг зоогоос хүртдэг залуусаас* илүү сайхан, эрүүл чийрэг харагдаж байв. 16 Тэгээд асран хамгаалагч нь тэдэнд тансаг зоог, дарсны оронд ногоо өгч байхаар болжээ. 17 Жинхэнэ Бурхан энэ дөрвөн залууд* мэдлэг, аливаа судар бичгийг ойлгох хэрсүү ухаан, мэргэн ухааныг өгчээ. Мөн Даниелд ямар ч үзэгдэл, зүүдийг ойлгох чадвар хайрлав.

18 Хааны товлосон цаг болоход ахлах түшмэл залуусыг Небухаднезар хаанд бараалхууллаа. 19 Хааныг залуустай ярилцахад тэдний дунд Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар шиг хүн нэг ч байсангүй. Ингээд тэр дөрөв хаанд хүчин зүтгэхээр үлджээ. 20 Хаан мэргэн ухаан, ойлгох чадвар шаардсан ямар ч асуулт асуусан, тэд хаант улс даяарх ид шид үйлддэг тахилч, сүнс дуудагчдаас арав дахин сайн хариулж байв. 21 Даниел Кореш хааны анхдугаар он хүртэл тэнд байлаа.

2 Небухаднезар засаглалынхаа хоёрдугаар онд хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь түгшиж нойр нь хулжжээ. 2 Тэгээд хаан зүүдээ тайлуулахаар ид шид үйлддэг тахилчид, сүнс дуудагчид, илбэчид, мэргэ төлгөчдийг* дуудах зарлиг буулгав. Тэд ирж хаанд бараалхлаа. 3 Хаан тэдэнд «Би зүүд зүүдлэв. Юу зүүдэлснээ мэдэхээс нааш санаа амрахгүй нь» гэж хэлэв. 4 Мэргэ төлгөчид хаанд арамей хэлээр хариулан «Хаантан мөнх наслах болтугай. Зарц нартаа зүүдээ айлдана уу. Тэгвэл бид зүүдийг тайлъя» гэлээ.

5 Хаан мэргэ төлгөчдөд хариулсан нь: «Би эцсийн шийдвэрээ хэлье. Хэрэв та нар зүүдийг тайлалтай нь хэлэхгүй бол та нарыг мөчлөн алж, гэр орныг чинь нийтийн жорлон* болгоно. 6 Харин зүүдийг тайлалтай нь хэлбэл та нар надаас шан харамж авч асар их хүндэтгэл хүлээнэ. Тэгэхлээр надад зүүдийг тайлалтай нь хэлэгтүн» гэв.

7 Тэд хоёр дахь удаагаа «Хаантан та зарц нартаа зүүдээ айлдана уу. Бид тайллыг нь хэлж өгье» хэмээн хариулав.

8 Хаан ингэж хэллээ. «Та нар миний эцсийн шийдвэрийг сонссон учир цаг хожих гэж байгааг чинь би сайн мэдэж байна. 9 Хэрэв надад зүүдийг хэлж өгөхгүй бол бүгдийг чинь нэг л шийтгэл хүлээж байгаа шүү. Та нар намайг бодлоо өөрчилнө гэж найдаад худал хэлж, хууран мэхлэхээр зөвшилцсөн байж таарна. Надад зүүдийг хэлбэл тайллыг нь хэлж чадна гэж ойлгоё».

10 Мэргэ төлгөчид хаанд хариулсан нь: «Хааны шаардлагыг биелүүлж чадах хүн энэ дэлхий дээр байхгүй. Учир нь ямар ч агуу хаан эсвэл захирагч ийм зүйлийг ид шид үйлддэг тахилч, сүнс дуудагч, мэргэ төлгөчөөс асууж байгаагүй билээ. 11 Хааны асууж байгаа зүйл нь хэцүү юм. Мөнх бус хүмүүсийн дунд амьдардаггүй бурхдаас өөр хэн ч хаанд хариуг нь хэлж чадахгүй».

12 Тэгтэл хаан ихэд хилэгнэж Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав. 13 Зарлиг гарч мэргэдийг цаазлах болоход Даниел болон түүний нөхдийг ч хороохоор эрж хайлаа.

14 Даниел Вавилоны мэргэдийг хороохоор явж байсан хааны бие хамгаалагчдын ахлагч Ариохтой болгоомжтой харьцаж, ухаалгаар ярив. 15 Тэрбээр хааны түшмэл Ариохоос «Хааны тушаал яагаад ийм хатуу байгаа юм бэ?» гэж асуусанд Ариох Даниелд учрыг нь хэлж өгчээ. 16 Тэгэхэд нь Даниел явж очин хаанд бараалхаж, зүүдний тайллыг хэлэхийн тулд хугацаа өгөхийг гуйв.

17 Даниел гэртээ хариад анд Хананиа, Мишаел, Азариа нартаа болсон явдлыг ярьжээ. 18 Тэгээд тэнгэрийн Бурхнаас өршөөл энэрэл гуйхыг, энэ нууцыг тайлж өгч биднийг Вавилоны мэргэдтэй хамт битгий устгуулаач гэж гуйн залбирахыг тэднээс хүсэв.

19 Бурхан шөнө нь Даниелд үзэгдэл үзүүлж нууцыг илчилжээ. Даниел тэнгэрийн Бурхныг магтлаа. 20 Тэрбээр хэлсэн нь:

«Бурхны нэр үүрд магтагдаг.

Учир нь тэр л ганцаараа мэргэн ухаан, хүч чадалтай.

21 Тэрбээр цаг, улирлыг өөрчилдөг.

Хаадыг хаан ширээнээс нь зайлуулдаг, бас өргөмжилдөг.

Мэргэдэд мэргэн ухаан өгч, ухааран ялгах чадвартай хүмүүст мэдлэг хайрладаг.

22 Тэрбээр гүн ба нууц юмсыг илчилдэг.

Харанхуйд юу байгааг мэддэг.

Гэрэл түүнтэй хамт байдаг.

23 Эцэг өвгөдийн минь Бурхан танд талархал, магтаалыг өргөе.

Учир нь та надад мэргэн ухаан, хүч чадал өгсөн.

Бидний гуйсан юмыг та надад мэдүүллээ.

Хааны санааг зовоож байсан зүйлийг та бидэнд мэдүүллээ».

24 Дараа нь Даниел Вавилоны мэргэдийг устгах тушаалыг хаанаас авсан Ариох дээр очоод «Вавилоны мэргэдийг битгий устгаач. Намайг хаан дээр авч очно уу. Би хаанд тайллыг хэлье» гэв.

25 Ариох Даниелыг тэр даруй хааны өмнө аваачиж «Би Иудагаас ирсэн олзлогдогсдын дундаас нэг хүнийг оллоо. Энэ хүн хаан танд тайллыг хэлнэ» гэлээ. 26 Хаан Белтешазар нэрт Даниелаас «Чи үнэхээр миний зүүдэлсэн зүүдийг тайлалтай нь хэлж өгч чадах уу?» гэж асуув. 27 Даниел хариулсан нь: «Мэргэд, сүнс дуудагчид, ид шид үйлддэг тахилчид, зурхайчдын хэн нь ч хаан таны асуусан нууцыг тайлж чадахгүй. 28 Нууцуудыг тайлдаг Бурхан тэнгэрт байдаг. Эцсийн өдрүүдэд юу болохыг тэрбээр Небухаднезар хаан танд мэдэгджээ. Унтаж* байхдаа зүүдэндээ үзсэн үзэгдэл тань ийм байна.

29 Хаантан минь, таныг унтаж байхад ухаан санаа тань ирээдүйд болох үйл явдал руу хандсан бөгөөд нууцыг тайлдаг Нэгэн юу болох гэж байгааг танд мэдүүлжээ. 30 Би бусдаас илүү мэргэн ухаантай учраас нууцыг мэдсэн юм биш ээ. Харин хаан танд зүүдний тайллыг хэлж өгөөсэй, зүүдэлж байх үедээ юу бодож байснаа таныг санаасай гэсэндээ Бурхан энэ нууцыг надад илчилсэн юм.

31 Хаан та аварга том баримал үзжээ. Таны өмнө байсан тэр баримал асар том бөгөөд нүд гялбам хурцаар гэрэлтэж байлаа. Харахад айдас хүрэм ажээ. 32 Баримлын толгой нь шижир алт, цээж ба гар нь мөнгө, хэвлий ба гуя нь зэс, 33 хөл нь төмөр, тавхай нь төмөр ба шаврын холимог байлаа. 34 Харж байхад тань хүний гарын оролцоогүйгээр нэгэн чулуу цавчигдан, баримлын төмөр ба шавраас бүтсэн тавхайг цохиж бутлах нь тэр. 35 Тэгтэл төмөр, шавар, зэс, мөнгө, алт бүгд бутарч, зун үтрэмийн шалан дээр цайруулсан тарианы хивэг шиг болж, салхинд хийсэн ор мөргүй арилжээ. Харин баримлыг цохисон чулуу сүрлэг том уул болж дэлхийг дүүргэв.

36 Зүүд нь ийм байжээ. Одоо бид хаан танд тайллыг нь хэлье. 37 Хаантан минь, та бол хаадын хаан. Танд тэнгэрийн Бурхан хаант төр, эрх мэдэл, хүч чадал, суу алдрыг өгсөн. 38 Тэрбээр таны мэдэлд газар газрын хүмүүсийг, хээрийн амьтад, тэнгэрийн шувуудыг өгч захирагчаар нь таныг томилсон. Та бол тэр алтан толгой юм.

39 Таны дараа таныхаас буурай нэгэн хаант төр гарч ирнэ. Дараа нь гурав дахь буюу зэс хаант төр дэлхийг бүхэлд нь захирна.

40 Дөрөв дэх хаант төр төмөр мэт хүчтэй байна. Төмөр нь бүхнийг хэмхлэн буталдгийн адил энэ хаант төр өмнөх бүх хаант төрөө бут ниргэнэ.

41 Таны харснаар тавхай болон хөлийн хуруунууд төмөр ба шаврын холимог байсны адил энэ хаант төр хуваагдана. Та зөөлөн шавартай холилдсон төмрийг харсны адил энэ хаант төр зарим талаараа төмөр шиг хүчтэй байна. 42 Хөлийн хуруунууд төмөр ба шаврын холимог байсны адил энэ хаант төр зарим талаараа хүчтэй, зарим талаараа сул дорой байна. 43 Таны харснаар төмөр нь шавартай холилдсон байсан шиг, тэд хүмүүстэй холилдоно. Гэвч төмөр шавар хоёр барьцалддаггүйн адил тэд эв нэгдэлтэй байж чадахгүй.

44 Тэдгээр хаадын үед тэнгэрийн Бурхан хэзээ ч мөхөхгүй нэгэн хаант төрийг байгуулна. Энэ хаант төр өөр ард түмний гарт орохгүй. Харин эдгээр бүх хаант төрийг бут ниргэж, сөнөөн устгаад ганцаараа мөнхөд оршин тогтноно. 45 Нэг чулуу хүний гарын оролцоогүйгээр уулаас цавчигдан төмөр, зэс, шавар, мөнгө, алтыг буталсныг та харсан билээ. Энэ хаант төр үүн шиг байх юм. Агуу Бурхан ирээдүйд болох үйл явдлыг хаан танд мэдүүлжээ. Уг зүүд заавал биелнэ, тайлал нь баараггүй үнэн юм».

46 Тэгтэл Небухаднезар хаан Даниелын өмнө сөгдөн мөргөж хүндэтгэл үзүүлэв. Мөн түүнд бэлэг сэлт авчрах, өмнө нь утлага уугиулах зарлиг буулгалаа. 47 Хаан: «Чиний Бурхан бол үнэхээр бурхдын Бурхан, хаадын Эзэн, нууцыг тайлдаг Нэгэн юм байна. Учир нь чи энэ нууцыг тайлж чадлаа» гэж Даниелд хэлэв. 48 Дараа нь хаан түүнийг тушаал дэвшүүлж, өгөөмөр хишиг хүртээн, Вавилон мужийн захирагч, Вавилоны бүх мэргэдийн тэргүүн болголоо. 49 Мөн Даниелын хүсэлтээр Шадрах, Мешах, Абед-него нарыг Вавилон мужийн удирдах албанд томилжээ. Харин Даниел хааны ордонд алба хаших болов.

3 Небухаднезар хаан 60 тохой* өндөр, 6 тохой* өргөн алтан баримал хийж, Вавилон муж дахь Дурагийн талд босгожээ. 2 Тэгээд Небухаднезар хаан амбан захирагчид*, ноёд, түшмэд, зөвлөхүүд, сангийн нярвууд, шүүгчид, хэв журам сахиулагчид болон мужуудын бүх засаг ноёныг өөрийн босгосон баримлын нээлтийн ёслолд дуудуулав.

3 Ингээд амбан захирагчид, ноёд, түшмэд, зөвлөхүүд, сангийн нярвууд, шүүгчид, хэв журам сахиулагчид болон мужуудын бүх засаг ноён Небухаднезар хааны босгосон баримлын нээлтийн ёслолд хүрэлцэн ирж, хуран цуглав. Тэд Небухаднезар хааны босгосон баримлын өмнө зогслоо. 4 Зарлагч чанга дуугаар тунхаглан «Ард түмнүүд, үндэстэн ястнууд, олон хэлийн хүмүүс ээ, та бүхэн хааны тушаалыг сонсоцгоо. 5 Та нар эвэр бүрээ, цуур, ятга, босоо ятга, лир*, хөөрөгт цуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг дуугарахыг сонсмогцоо сөхөрч суугаад, Небухаднезар хааны босгосон алтан барималд мөргөгтүн. 6 Сөгдөж мөргөөгүй хэнийг ч дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаяна» гэлээ. 7 Эвэр бүрээ, цуур, ятга, босоо ятга, лир*, хөөрөгт цуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг дуугармагц бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн сөхөрч суугаад Небухаднезар хааны босгосон алтан барималд мөргөв.

8 Тэгтэл халдейчуудын зарим нь хаан дээр очиж еврейчүүдийн талаар хов хүргэв*. 9 Тэд Небухаднезар хаанд хэлсэн нь: «Хаан мөнх наслах болтугай. 10 Хаантан таны тушааснаар эвэр бүрээ, цуур, ятга, босоо ятга, лир*, хөөрөгт цуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг дуугармагц хүн бүр сөхрөн сууж алтан барималд мөргөх ёстой бөгөөд 11 сөгдөж мөргөөгүй хэнийг ч дүрэлзсэн галтай зууханд хаяна гэсэн билээ. 12 Гэтэл Вавилон мужийн удирдах албанд таны томилсон хэдэн еврейчүүд байна. Шадрах, Мешах, Абед-него гэдэг энэ хүмүүс хаантан таныг хүндлэхгүй юм. Эд нар таны бурхдыг шүтдэггүй. Одоо таны босгосон алтан барималд мөргөхгүй байна».

13 Небухаднезар хилэгнэн уурлаж Шадрах, Мешах, Абед-него нарыг авчрахыг тушаав. Тэднийг хааны өмнө авчирлаа. 14 Небухаднезар тэднээс асуусан нь: «Шадрах, Мешах, Абед-него нар аа, та нар миний бурхдыг шүтэхгүй, миний босгосон алтан барималд мөргөхгүй байгаа чинь үнэн үү? 15 Одоо та нар эвэр бүрээ, цуур, ятга, босоо ятга, лир*, хөөрөгт цуур гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэг дуугарахыг сонсоод миний бүтээсэн барималд сөгдөж мөргөвөл сайн сан. Харин мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд та нарыг тэр дор нь хаяна гэж мэдээрэй. Та нарыг миний гараас аварч чадах ямар бурхан байна вэ?».

16 Шадрах, Мешах, Абед-него нар хаанд хариулсан нь: «Небухаднезар хаан минь, энэ талаар хэлэх юм алга аа. 17 Хэрэв ийм явдал гарах нь зайлшгүй бол, хаантан минь, шүтдэг Бурхан маань биднийг дүрэлзсэн галтай зуухнаас, таны гараас аварч чадна. 18 Аврахгүй байлаа ч, хаантан минь, бид таны бурхдыг шүтэхгүй, таны босгосон алтан барималд мөргөхгүй гэдгээ танд мэдэгдье».

19 Тэгмэгц Небухаднезарын царай хувьс хийж* Шадрах, Мешах, Абед-него нарт хилэгнэн уурлав. Тэгээд зуухыг ердийнхөөс долоо дахин хүчтэй галлахыг тушаалаа. 20 Мөн Шадрах, Мешах, Абед-него нарыг хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяхыг хүчит дайчдадаа тушаав.

21 Дайчид нь тэднийг нөмрөг, хувцас, малгай гээд өмссөн зүүсэн бүхэнтэй нь хүлж дүрэлзсэн галтай зууханд хаях нь тэр. 22 Хааны зарлиг хатуу, зуух хэт халуун байсан тул Шадрах, Мешах, Абед-него нарыг авч явсан тэр эрчүүд галын дөлөнд шатаж үхжээ. 23 Харин Шадрах, Мешах, Абед-него гурав хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зууханд унав.

24 Дараа нь Небухаднезар хаан айсандаа дав хийн босож «Бид чинь гурван хүнийг хүлж гал руу хаясан биш билүү?» гэж зөвлөхүүдээсээ асуухад тэд: «Тэгсэн, хаантан минь» гэж хариуллаа. 25 Хаан: «Хүлээсгүй дөрвөн хүн гал дунд явж байхыг би харж байна. Түлэгдэж гэмтсэн юм алга. Дөрөв дэх нь бурхдын хүү шиг харагдаж байна» гэв.

26 Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аман дээр очоод «Хамгийн дээд Бурхны зарц Шадрах, Мешах, Абед-него нар аа, наанаасаа гараад ир!» гэсэнд Шадрах, Мешах, Абед-него гурав гал дундаас гарч ирэв. 27 Тэнд цугласан амбан захирагчид, ноёд, түшмэд, зөвлөхүүд тэднийг галд түлэгдээгүй, толгойнх нь үс хуйхлагдаагүй, нөмрөгийнх нь өнгө ч хувираагүй байгааг харлаа. Тэр битгий хэл хиншүү хярвас ч үнэртсэнгүй.

28 Небухаднезар хаан тунхагласан нь: «Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхан магтагдах болтугай. Тэрбээр тэнгэрийн элчээ илгээж зарц нараа аварсан билээ. Тэд түүнд итгэж найдсан бөгөөд хааны тушаалыг дагаагүй юм. Өөрсдийнхөө Бурхнаас өөр бурхдыг шүтэхийн оронд үхэхэд бэлэн байсан. 29 Тиймээс би нэг зарлиг гаргаж байна. Шадрах, Мешах, Абед-него нарын Бурхныг муу хэлдэг ямар ч үндэстэн, ястан, хэлтнийг мөчлөн алж, гэр орныг нь нийтийн жорлон* болгоно. Учир нь түүн шиг аварч чадах бурхан өөр байхгүй билээ».

30 Дараа нь хаан Шадрах, Мешах, Абед-него нарыг Вавилон мужид тушаал дэвшүүлжээ.

4 «Небухаднезар хаан би дэлхийн өнцөг булан бүрд буй бүх ард түмэн, үндэстэн, хэлтэнд тунхаглаж байна. Амар амгалан арвин их байх болтугай! 2 Надад Хамгийн дээд Бурхан тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлдсэнийг та бүхэнд тунхаглаж байгаадаа таатай байна. 3 Үзүүлсэн тэмдэг нь юутай агуу, үйлдсэн гайхамшиг нь юутай хүчирхэг вэ! Хаант төр нь үүрдийн хаант төр, засаглал нь үеийн үед оршино.

4 Небухаднезар би орон гэртээ амар амгалан амьдарч, ордонд маань бүх юм сайн сайхан байгаад баясаж байлаа. 5 Гэвч нэг удаа би аймшигтай зүүд зүүдлэв. Намайг унтаж байтал* сэтгэл сэрд хийм дүрс, үзэгдэл зүүдэнд үзэгдлээ. 6 Тэгээд би зүүдээ тайлуулахаар Вавилоны бүх мэргэдийг миний өмнө авчрахыг тушаав.

7 Ид шид үйлддэг тахилчид, сүнс дуудагчид, мэргэ төлгөчид*, зурхайчид хүрч ирэв. Би зүүдээ ярьсан боловч тэд тайллыг нь хэлж өгч чадсангүй. 8 Эцэст нь миний бурхны нэрээр нэрлэгдсэн Белтешазар хэмээх Даниел надад бараалхав. Ариун бурхдын хүчийг авсан түүнд би зүүдээ ярьсан нь:

9 “Ид шид үйлддэг тахилчдын тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын хүчийг авсныг чинь би мэднэ. Тайлж чадахгүй нууц гэж чамд үгүй. Тиймээс зүүдэндээ миний үзсэн үзэгдлийг тайлбарлаж, тайллыг нь хэлж өгөөч.

10 Би унтаж байхдаа зүүдэндээ нэгэн үзэгдэл үзэв. Дэлхийн төвд асар өндөр мод байлаа. 11 Тэр мод ургаж бүдүүрээд, орой нь тэнгэрт тулж, дэлхийн аль ч зах хязгаараас харагдахаар болов. 12 Навчис нь гоёмсог, жимс нь арвин, бүгдэд хоол болохоор байлаа. Сүүдэрт нь хээрийн амьтад хоргодож, мөчир дээр нь огторгуйн шувууд үүрлэн, амьтай бүхэн түүнээс хооллох ажээ.

13 Унтаж байхдаа миний үзсэн тэр үзэгдэлд нэгэн харуул, ариун элч тэнгэрээс бууж ирэв. 14 Тэрбээр чанга хашхирч ийн хэллээ. «Модыг цавчин, мөчрүүдийг нь тайрч, навчийг нь сэгсрэн унагаж, жимсийг нь тараан хая! Доороос нь амьтад зугтаж, мөчир дээрээс нь шувууд үргэн нисэг. 15 Харин хожуулыг нь үндэстэй нь газарт үлдээж төмөр, зэс цагаригаар бөгжлөн хээрийн өвсөн дунд орхи. Тэнгэрийн шүүдэрт норж, өвс ургамлын дунд амьтадтай хамт байг. 16 Түүнд байгаа хүмүүний оюун бодол* нь адгуусных болж өөрчлөгдөг. Ийнхүү долоон үе өнгөрөг. 17 Хүн төрөлхтний засаглал Хамгийн дээд Нэгний мэдэлд байдаг бөгөөд тэрбээр хүссэн хүндээ үүнийг өгч, хамгийн дорд хүнийг ч өргөмжилдгийг амьд хүмүүст мэдүүлэхийн тулд энэ зарлигийг харуулууд дамжуулж, энэ тушаалыг ариун элч нар уламжилсан юм».

18 Энэ бол Небухаднезар миний зүүдэлсэн зүүд билээ. Одоо Белтешазар чи тайллыг нь хэлж өгөгтүн. Учир нь миний хаант улсын бүх мэргэд үүнийг надад тайлж өгч чадахгүй. Харин чи ариун бурхдын хүчийг авсан учраас тайлж чадна” гэв.

19 Тэгэхэд Белтешазар нэртэй Даниел тэрхэн зуур сандарч, бодлоосоо болоод айж түгшив.

“Белтешазар аа, зүүд болон зүүдний тайллаас болж бүү айгтун” гэж хаан би хэлэв.

Белтешазар хариулсан нь: “Эзэнтэн минь, энэ зүүд таныг үзэн яддаг хүмүүст, тайлал нь таны дайснуудад хамаатай ч болоосой.

20 Таны харсан мод ургаж бүдүүрээд, орой нь тэнгэрт тулж, дэлхийн аль ч зах хязгаараас харагдаж байсан. 21 Мөн навчис нь гоёмсог, жимс нь арвин, бүгдэд хоол болохоор, сүүдэрт нь хээрийн амьтад хоргодож, мөчир дээр нь огторгуйн шувууд үүрлэж байсан. 22 Тэр мод бол хаантан та юм. Учир нь та агуу болж хүчирхэгжсэн бөгөөд таны сүр жавхлан тэнгэрт, таны эрх мэдэл дэлхийн өнцөг булан бүрд хүрсэн билээ.

23 Хаан таныг харж байтал нэгэн харуул буюу ариун элч тэнгэрээс бууж ирээд «Модыг цавчиж устга. Харин хожуулыг нь үндэстэй нь газарт үлдээж төмөр, зэс цагаригаар бөгжлөн хээрийн өвсөн дунд орхи. Тэнгэрийн шүүдэрт норж, амьтадтай хамт байг. Ийнхүү долоон үе өнгөрөг» гэж хэлсэн. 24 Хаантан минь, тайлал нь ийм байна. Хамгийн дээд Нэгний гаргасан шийдвэр миний хаан эзэнтэй холбоотой юм. 25 Таныг хүмүүсийн дундаас зайлуулна. Та хээрийн амьтадтай хамт амьдарч, үхэр шиг өвс иднэ. Хүний засаглал Хамгийн дээд Нэгний мэдэлд байдаг бөгөөд тэрбээр хүссэн хүндээ үүнийг өгдөг гэдгийг та ойлготлоо тэнгэрийн шүүдэрт норж, долоон үеийг өнгөрөөнө.

26 Гэхдээ модны хожуулыг үндэстэй нь үлдээ гэсэн учир жинхэнэ Захирагч тэнгэрт байдаг гэдгийг та мэдсэнийхээ дараа хаан сэнтийдээ дахин заларна. 27 Иймд хаан танд миний зөвлөгөө нийцэх болтугай. Нүглээсээ салж зөв юм хийгтүн. Зохисгүй хэрэг хийхээ больж ядуусыг энэрэгтүн. Тэгвэл элбэг дэлбэг, амар тайван амьдрал тань удаан үргэлжлэх биз ээ”» гэв.

28 Энэ бүхэн Небухаднезар хаанд тохиолджээ.

29 Тэрбээр 12 сарын дараа ордныхоо дээвэр дээр явж байв. 30 Хаан: «Би ордныхоо төлөө, суу алдрынхаа төлөө өөрийн хүч чадлаар энэ агуу их Вавилоныг босгосон юм» гэж хэлж байлаа.

31 Хааныг үгээ хэлж дуусаагүй байтал тэнгэрээс нэгэн дуу гарч «Небухаднезар аа, сонсогтун. “Засгийн эрхийг чамаас булаан авсан. 32 Чамайг хүмүүсийн дундаас зайлуулна. Чи хээрийн амьтадтай хамт амьдарч, үхэр шиг өвс иднэ. Хүний засаглал Хамгийн дээд Нэгний мэдэлд байдаг бөгөөд тэрбээр хүссэн хүндээ үүнийг өгдгийг чи ойлготлоо долоон үеийг өнгөрөөнө”» гэлээ.

33 Энэ үг тэр даруй Небухаднезар хаан дээр биелэв. Түүнийг хүмүүсийн дундаас зайлуулсанд тэрбээр үхэр шиг өвс идэх болжээ. Бие нь тэнгэрийн шүүдэрт норж, үс нь бүргэдийн өд мэт урт ургаж, хумс нь шувууных шиг болов.

34 «Тэр цаг үе дуусахад Небухаднезар би тэнгэр өөд харсан бөгөөд ойлгох чадвар минь сэргэсэн юм. Тэгэхэд би Хамгийн дээд Нэгнийг магтаж, мөнхөд оршигч түүнд алдар, магтаалыг өргөв. Учир нь түүний засаглал үүрдийнх бөгөөд хаант төр нь үеийн үед захирдаг билээ. 35 Дэлхий дээр амьдардаг бүхэн түүний дэргэд юу ч биш. Тэрбээр тэнгэрийн дайчид, дэлхийн оршин суугчдад юу хүссэнээ хийдэг. Түүнд саад болох эсвэл “Та юу хийчих вэ?” гэж хэлэх хэн ч үгүй.

36 Тэр үед ойлгох чадвар минь сэргэж, би эргээд хааны яруу алдар, цог жавхлан, сүр хүчтэй болов. Ноёд түшмэд минь намайг шаргуу хайж олоод хаан сэнтийд минь дахин залсан юм. Би урьдынхаасаа илүү их нэр алдартай боллоо.

37 Небухаднезар би одоо тэнгэрийн Хааныг магтаж, өргөмжлөн, алдаршуулъя. Учир нь түүний хийдэг бүхэн үнэн зөв, үйлс нь шулуун шударга. Тэрбээр бардам хүмүүсийг шалд нь буулгадаг».

5 Белшазар хаан мянган язгууртандаа зориулан их найр хийж, тэдний өмнө дарс ууж байв. 2 Дарсанд халсан хаан Иерусалимын сүмээс эцэг Небухаднезарынхаа тоносон алт, мөнгөн хундагануудыг авчрах тушаал буулгалаа. Тэрбээр язгууртнууд, хатад, татвар эмстэйгээ тэдгээр хундагаар дарс уухыг хүсжээ. 3 Иерусалим дахь Бурхны өргөөний ариун газраас тоносон алтан хундагануудыг авчрахад хаан, язгууртнууд, хааны хатад, татвар эмс нь тэдгээр хундаганд дарс хийж уув. 4 Тэд дарс уунгаа алт, мөнгө, зэс, төмөр, мод, чулуун бурхдыг магтлаа.

5 Гэнэт хүний гар гарч ирэн хааны ордны шохойдсон ханан дээр, дэнгийн гэрэлд юм бичиж эхлэв. Бичиж байгаа гарыг хаан харлаа. 6 Тэгснээ царай нь цонхийж, ихэд айсандаа хөл нь түнхээрээ суларч, өвдөг нь салганаж эхлэв.

7 Хаан чанга хашхиран сүнс дуудагчид, мэргэ төлгөчид*, зурхайчдыг дуудаж авчрахыг тушаав. Тэгээд Вавилоны мэргэдэд «Энэ бичгийг надад уншиж өгөн утгыг нь тайлсан хүнд нил ягаан өнгийн хувцас өмсгөж, хүзүүнд нь алтан зүүлт зүүж, хаант улсынхаа гурав дахь захирагч болгоно» гэж хэллээ.

8 Хааны бүх мэргэд ирсэн боловч хэн нь ч бичгийг уншиж эсвэл тайллыг нь хаанд хэлж өгч чадсангүй. 9 Тиймээс Белшазар хаан ихэд айж царай нь цонхийв. Язгууртнууд нь сандарч тэвдэцгээв.

10 Хаан болон язгууртнуудын үгийг сонссон хатан* найрын өргөөнд орж ирээд хэлсэн нь: «Хаантан мөнх наслаг. Таны царай юунд цонхийно вэ? Тэгтлээ айх хэрэггүй. 11 Таны хаант улсад ариун бурхдын хүчийг авсан нэг хүн бий. Түүний гэгээрсэн, хэрсүү, бурхдынх шиг мэргэн ухаантай нь эцгийн чинь үед тодорхой болсон юм. Таны эцэг Небухаднезар хаан түүнийг ид шид үйлддэг тахилчид, сүнс дуудагчид, мэргэ төлгөчид*, зурхайчдын тэргүүнээр томилсон. Эцэг тань тэгж томилсон, хаантан минь. 12 Белтешазар хэмээн хаан эцгийн тань нэрлэсэн Даниел зүүд тайлах, оньсого таах, ээдрээтэй асуудлыг шийдэх ер бусын чадвар, мэдлэгтэй, хэрсүү учраас тэгсэн юм. Одоо Даниелыг дуудагтун. Тэрбээр тайллыг нь хэлж өгнө».

13 Ингээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан түүнд ийн хэллээ. «Та Иудагаас миний эцгийн олзолж авчирсан Даниел мөн үү? 14 Таныг бурхдын хүчийг авсан, гэгээрсэн, хэрсүү, ер бусын мэргэн ухаантай гэж сонслоо. 15 Би мэргэд, сүнс дуудагчдыг авчруулаад бичгийг уншиж, тайллыг хэлж өгөөч гэсэн боловч тэд бичгийн утгыг тайлбарлаж чадсангүй. 16 Харин таныг ээдрээтэй асуудлын утгыг тайлж, шийдлийг нь хэлж чаддаг гэж дууллаа. Хэрэв та одоо энэ бичгийг уншиж, тайллыг нь хэлж өгвөл танд нил ягаан хувцас өмсгөж, хүзүүнд тань алтан гинж зүүж өгье. Таныг хаант улсынхаа гурав дахь захирагч болгоё».

17 Даниел хариуд нь «Бэлгээ өөртөө үлдээж, шагналаа өөр хүмүүст өгөгтүн. Гэхдээ би хаан танд бичгийг уншиж өгч, утгыг нь айлтган мэдүүлье. 18 Хаантан минь, таны эцэг Небухаднезарт Хамгийн дээд Бурхан энэ хаант улсыг өгч агуу байдал, алдар суу, сүр жавхланг соёрхсон билээ. 19 Тэрбээр эцгийг тань агуу болгосон учраас бүх ард түмэн, үндэстэн, хэлтэн түүнээс айн сүрддэг байсан. Эцэг тань хүссэн хүнээ хөнөөж эсвэл амьдруулж, хүссэн хүнээ өргөмжилж эсвэл дорд болгодог байв. 20 Тэрбээр бардам, зөрүүд болж, их зан гаргасны улмаас хаан ширээнээсээ зайлуулагдан, нэр сүрээ алдсан. 21 Түүнийг хүмүүсийн дундаас зайлуулахад оюун ухаан* нь адгуусных шиг болж, тэрбээр хулангуудтай хамт нутагласан билээ. Хүний засаглал Хамгийн дээд Бурхны мэдэлд байдаг бөгөөд Бурхан хүссэн хүндээ үүнийг өгдгийг эцэг тань ойлготлоо үхэр шиг өвс идэж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон юм.

22 Гэтэл түүний хүү Белшазар аа, та энэ бүхнийг мэдсэн атлаа даруу байсангүй. 23 Харин ч тэнгэрийн Эзний өмнө өөрийгөө өргөмжилж, өргөөнийх нь хундагануудыг авчруулжээ. Тэгээд та язгууртнууд, хатад, татвар эмстэйгээ тэдгээр хундагаар дарс ууж юу ч хардаггүй, юу ч сонсдоггүй, юу ч мэддэггүй алт, мөнгө, зэс, төмөр, мод, чулуун бурхдыг магтсан. Амь амьсгал, зам мөрийг тань мутартаа атгасан Бурхныг та магтан алдаршуулсангүй. 24 Тиймээс тэрбээр гар илгээж энэ бичээсийг бичүүлжээ. 25 Ингэж бичсэн байна. МЕНЕ, МЕНЕ, ТЕКЕЛ, ПАРСИН.

26 Үгийн утгыг тайлбал: МЕНЕ гэдэг нь таны засаглалын өдөр хоногийг Бурхан тоолж, цэг тавьсан гэсэн утгатай.

27 ТЕКЕЛ гэдэг нь таныг жинлүүр дээр тавихад жиндээ хүрсэнгүй гэсэн утгатай.

28 ПЕРЕС гэдэг нь Бурхан хаант улсыг тань хувааж, меде ба персүүдэд өгсөн гэсэн утгатай» гэв.

29 Белшазарыг зарлиг буулгахад Даниелд нил ягаан хувцас өмсгөж, алтан гинж хүзүүнд нь зүүж, хаант улсын гурав дахь захирагч болсныг нь зарлав.

30 Халдейчуудын хаан Белшазар тэр шөнөдөө алагджээ. 31 Ингээд 62 настай меде хүн Дариус хаант улсыг нь эзлэн авсан юм.

6 Хаант улс даяар 120 амбан захирагчийг томилох нь Дариуст зүйтэй санагдав. 2 Тэдний дээр гурван түшмэл томилсны нэг нь Даниел байв. Амбан захирагчид тэдэнд ажлаа тайлагнах ёстой бөгөөд үүний дүнд хаан хохирол амсахгүй ажээ. 3 Даниел нөгөө хоёр түшмэл болон амбан захирагчдаас онцгой чадвараараа ялгарч байсан тул хаан түүнийг тушаал дэвшүүлэн хаант улсынхаа хамгийн дээгүүр албанд томилох санаатай байв.

4 Тэр үед түшмэд, амбан захирагчид Даниелыг төр засгийн асуудлаар буруутгах үндэс хайсан боловч ямар нэг завхрал гажуудал эсвэл буруутгах ямар ч үндэс олж чадсангүй. Учир нь Даниел найдвартай хүн байсан тул түүнийг хайхрамжгүй байсан эсвэл шударга бус үйлдэл гаргасан гэж буруутгах аргагүй байлаа. 5 Тэгээд тэд: «Энэ Даниелыг буруутгах үндсийг Бурхных нь хуулиас л олохгүй бол өөр арга олдохгүй нь ээ» гэцгээв.

6 Ингээд түшмэд, амбан захирагчид бөөнөөрөө хаанд бараалхан ийн хэллээ. «Дариус хаантан мөнх наслах болтугай. 7 Хааны зөвлөхүүд, ноёд, амбан захирагчид, сайд нар, захирагчид хамтдаа зөвлөлдсөний эцэст 30 хоногийн хугацаанд хаан танаас өөр хүнд юм уу бурханд гуйлт хүсэлтээ хэлсэн хэнийг ч арслантай нүхэнд хаяна гэсэн хааны тушаал гаргуулж хориг тавиулахаар тогтлоо. 8 Иймээс хаантан та тушаал буулгаж, гарын үсгээ зурна уу. Тэгснээр уг тушаал Меде, Персийн цуцлагдашгүй хуулийн дагуу өөрчлөгдөхгүй байх юм».

9 Ингээд Дариус хаан хориг бүхий тушаал дээр гарын үсгээ зурав.

10 Хаан уг тушаал дээр гарын үсэг зурсныг Даниел мэдсэн даруйдаа гэртээ харилаа. Дээд давхрын өрөөний цонхнууд нь Иерусалим руу харсан бөгөөд онгорхой байв. Тэрбээр заншил ёсоороо өдөрт гурван удаа сөхрөн суугаад Бурханд залбирч, магтаал өргөсөөр байлаа. 11 Тэр үед өнөөх хүмүүс дайран орж ирээд Даниелыг Бурхандаа залбирч, тааллыг нь гуйж байхыг харав.

12 Тэд хаанд бараалхан хоригийн талаар түүнд сануулж «30 хоногийн хугацаанд хаан танаас өөр хүнд эсвэл бурханд гуйлт хүсэлтээ хэлсэн хэнийг ч арслантай нүхэнд хаяна гэсэн тушаалд та гарын үсэг зурсан бус уу?» гэсэнд хаан: «Энэ тушаал баттай. Меде, Персийн хуулийг хүчингүй болгох аргагүй» хэмээн хариулав. 13 Тэгмэгц тэд хаанд «Иудагаас олзлогдон ирсэн Даниел гэгч нь хаан таныг ч, таны баталсан хоригийг ч үл тоомсорлон өдөрт гурван удаа залбирч байна» гэлээ. 14 Хаан үүнийг сонсмогцоо ихэд шаналав. Тэгээд Даниелыг хэрхэн аврахаа бодож, ялаас хэлтрүүлэх гэж хамаг чадлаараа хичээж байтал нар жаргажээ. 15 Эцэст нь өнөөх хүмүүс бөөнөөрөө хаанд бараалхан «Меде, Персийн хуулиар бол хааны гаргасан нэг ч тушаал, хоригийг өөрчилж болохгүй гэдгийг хаан та санагтун» гэж хэлэв.

16 Тэгээд хаан зарлиг буулгаж Даниелыг авчруулан арслантай нүхэнд хаяулжээ. Хаан түүнд «Үргэлж шүтдэг Бурхан чинь чамайг аварна» гэлээ. 17 Хүмүүс нүхний аман дээр чулуу авчирч тавив. Даниелын талаарх шийдвэрээ өөрчлөхгүйн тулд хаан өөрийнхөө тамгат бөгжөөр, бас язгууртнуудынхаа тамгат бөгжөөр нүхний амыг лацдав.

18 Хаан ордон руугаа буцаж мацаг барин шөнийг өнгөрүүлжээ. Зугаацаж цэнгэсэнгүй*. Цурам ч хийлгүй хоножээ. 19 Үүр цаймагц хаан босож арслантай нүх рүү яаран очив. 20 Гуньж цөхөрсөн хаан нүхэн дээр ирээд Даниелыг дуудан «Амьд Бурхны зарц Даниел аа, үргэлж шүтдэг Бурхан чинь чамайг арслангаас аврав уу?» хэмээн асуулаа. 21 Даниел шууд л хаанд хариулан «Хаантан мөнх наслах болтугай. 22 Миний Бурхан тэнгэрийн элчээ илгээж арслангуудын амыг тагласан учир арслангууд надад ямар ч хор хүргэсэнгүй. Яагаад гэвэл би Бурхны өмнө гэм зэмгүй байсан. Хаантан танд ч муу юм хийгээгүй билээ» гэж хэлэв.

23 Хаан магнай хагартал баярлаж, Даниелыг нүхнээс татаж гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд ямар ч гэмтэлгүй байлаа. Учир нь тэрбээр Бурхандаа найдсан юм.

24 Дараа нь хаан тушаал буулган, Даниелыг буруутгасан хүмүүсийг авчруулав. Тэднийг эхнэр, хөвгүүдтэй нь хамт арслантай нүхэнд хаяжээ. Тэднийг нүхний ёроолд ч хүрч амжаагүй байтал арслангууд барьж аван хамаг ясыг нь яйруулж орхисон юм.

25 Дариус хаан дэлхийн өнцөг булан бүрд оршин суудаг бүх ард түмэн, үндэстэн ястан, олон хэлийн хүмүүст ийн бичив. «Амар амгалан байх болтугай! 26 Миний хаант улсын эзэмшил нутаг даяар бүх хүн Даниелын Бурхнаас эмээж, түүнийг хүндэтгэх ёстой гэсэн зарлиг буулгаж байна. Учир нь тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхөд оршдог. Түүний хаант төр хэзээ ч сүйрэхгүй, засаглал нь үүрдийнх юм. 27 Тэрбээр аварч, хамгаалж, тэнгэр газар дээр тэмдэг үзүүлж, гайхамшиг үйлддэг. Тэрбээр Даниелыг арслангийн савраас аварсан юм».

28 Ийнхүү Даниел Дариусын засаглалын үед ч, Персийн хаан Корешийн засаглалын үед ч сайн сайхан, энх тунх амьдарчээ.

7 Вавилоны хаан Белшазарын нэгдүгээр онд Даниел унтаж байхдаа нэгэн зүүд зүүдэлж үзэгдэл үзэв. Тэрбээр зүүдээ нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэжээ. 2 Даниел хэлсэн нь:

«Би шөнө үзэгдэл үзэж байтал дөрвөн зүгээс салхи салхилж* өргөн далайг долгилуулж байлаа. 3 Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв.

4 Эхнийх нь бүргэдийн далавчтай, арслан шиг амьтан байлаа. Намайг харж байтал далавчнуудыг нь сугалан авч түүнийг газраас өргөсөнд хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүнийх шиг зүрх сэтгэл өглөө.

5 Хоёр дахь араатан нь баавгайтай адил бөгөөд нэг хөлөө дээш нь өргөж, шүдэндээ гурван хавирга зуусан байлаа. Тэгтэл “Босоод их мах ид” гэх дуу гарав.

6 Би хараад л байлаа. Тэгтэл нуруундаа шувууных шиг дөрвөн далавчтай атлаа ирвэс шиг амьтан гарч ирэв. Дөрвөн толгойтой энэ араатанд захирах эрх мэдэл өгсөн ажээ.

7 Би шөнө тэр үзэгдлийг үзсээр байсан бөгөөд жихүүдэс хүрмээр, аймшигтай, ер бусын хүчтэй дөрөв дэх араатан гарч ирэхийг харлаа. Том төмөр шүдтэй тэр араатан бүхнийг залгиж, бяцалж, үлдсэнийг нь хөлөөрөө дэвсэлж байв. Тэрбээр өмнөх бүх араатнаас ялгаатай бөгөөд арван эвэртэй ажээ. 8 Тэр эврүүдийг харж байтал дундаас нь өөр нэг жижиг эвэр гарч ирэв. Эхний эврүүдийн гурав нь түүний өмнө сугарч уналаа. Энэ жижиг эвэр хүнийх шиг нүдтэй, бардамнан ярьдаг амтай байв.

9 Дараа нь сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн сэнтийдээ залрахыг би харав. Хувцас нь цас шиг цагаан, толгойн үс нь цэвэр ноос шиг байлаа. Сэнтий нь галын дөл, дугуйнууд нь асаж буй гал ажээ. 10 Түүний урдаас гол мөрөн мэт гал урсан гарав. Мянга мянгаараа* түүнд үйлчилж, түм түмээрээ* түүний өмнө зогсож байлаа. Шүүх хурал эхэлж, номууд нээгдэв.

11 Тэр эвэр бардамнан ярьж байсан учир би харсаар байлаа. Тэгтэл араатан алагдаж хүүр нь галд шатан устгагдав. 12 Харин бусад араатны эрх мэдлийг булаахад, тэдний амь нас нэг үе ба нэг улирлаар уртсав.

13 Би шөнө тэр үзэгдлийг цааш нь харж байтал хүний хүү шиг нэгэн, тэнгэрийн үүлтэй ирж, Эртний Нэгэнд бараалхах зөвшөөрөл авав. Түүнийг тэр Нэгний өмнө аваачлаа. 14 Түүнд эрх мэдэл, алдар хүнд, хаант төрийг өгснөөр ард түмнүүд, үндэстнүүд, хэлтнүүд түүнд хүчин зүтгэх ажээ. Түүний засаглал мөнхөд оршин тогтнох бөгөөд хаант төр нь хэзээ ч сөнөхгүй.

15 Даниел би үзсэн үзэгдлээсээ болоод айн түгшиж, энэлэн шаналав. 16 Би тэнд зогсогчдын нэгэнд ойртон очоод энэ бүхэн ямар учиртайг асуулаа. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж өгөв.

17 “Энэ дөрвөн аварга араатан бол дэлхийгээс гарч ирэх дөрвөн хаан юм. 18 Гэвч Хамгийн дээд Нэгний ариун хүмүүс хаант төрийг хүлээн авна. Тэд энэ хаант төрийг үеийн үед үүрд эзэмшинэ”.

19 Би бусдаасаа ялгаатай дөрөв дэх араатны тухай илүү ихийг мэдэхийг хүсэв. Тэр араатан ер бусын аймшигтай, төмөр шүдтэй, зэс хумстай бөгөөд бүгдийг залгиж, хэмхэлж, үлдсэнийг нь хөлөөрөө дэвсэлж байлаа. 20 Би бас түүний толгой дээрх арван эвэр болон сүүлд гарч ирсэн нэг эврийн учрыг мэдэхийг хүссэн юм. Нүдтэй, бардамнан ярьдаг амтай, бусдаасаа илүү том тэрхүү эврийг гарч ирэхэд урьд нь байсан гурван эвэр унасан билээ.

21 Намайг харж байтал тэр эвэр ариун хүмүүстэй дайтан, тэднийг дийлэв. 22 Гэвч дараа нь Эртний Нэгэн ирж, шүүх ажиллагаа явуулан Хамгийн дээд Нэгний ариун хүмүүсийн талд ашигтай шийдвэр гаргалаа. Мөн ариун хүмүүс хаант төрийг эзэмших цаг болов.

23 Тэрбээр хэлсэн нь: “Дөрөв дэх араатан нь дэлхий дээр бий болох дөрөв дэх хаант улс юм. Энэ нь бусад бүх хаант улсаас ялгаатай бөгөөд дэлхий дээрх бүхнийг залгиж, дэвсэлж, хэмхэлнэ. 24 Арван эвэр нь тэр хаант улсаас гарах арван хаан юм. Тэдний араас өөр нэг хаан гарч ирнэ. Тэрбээр эхний хаадаас ялгаатай байх бөгөөд гурван хааныг гутаан доромжилно. 25 Тэрбээр Хамгийн дээд Нэгнийг муулан ярьж, ариун хүмүүсийг нь зовоосоор байх болно. Цаг хугацаа, хуулийг өөрчлөхийг санаархана. Ариун хүмүүс нэг үе, хоёр үе, хагас үеийн* турш эрхшээлд нь байна. 26 Шүүх ажиллагаа эхэлж, тэрбээр эрх мэдлээ алдан, хэзээ ч сэхэхгүйгээр бүрмөсөн устгагдав.

27 Хаант төр, засаглал, тэнгэрийн доорх хаант улсуудын сүр жавхланг Хамгийн дээд Нэгний ариун хүмүүст өглөө. Тэдний хаант төр үүрдийн хаант төр бөгөөд бүх хаант улс тэдний төлөө зүтгэж, үгийг нь дагана”.

28 Миний үзсэн үзэгдэл ийм байлаа. Даниел би бодлоосоо болоод ихэд түгшиж, царай минь цонхийсон юм. Гэлээ ч би үзсэн, сонссон бүхнээ сэтгэлдээ хадгаллаа».

8 Белшазар хааны засаглалын гуравдугаар онд Даниел би өөр нэг үзэгдэл үзэв. 2 Елам мужийн Суса дахь шилтгээнд байхдаа үзсэн уг үзэгдэлд би Улаи голын* эрэг дээр байлаа. 3 Голын дэргэд хоёр эвэртэй хуц байхыг би харав. Хоёр эвэр нь урт боловч нэг нь нөгөөгөөсөө бүр урт, тэр нь сүүлд ургажээ. 4 Тэр хуц баруун, хойд, урд зүг рүү ухас хийн дайрч байлаа. Түүнийг дийлэх ямар ч амьтан байсангүй. Түүний эрхшээлээс аврах хэн ч байсангүй. Тэрбээр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.

5 Харсаар байтал баруун* зүгээс нэгэн ухна хөлөө газар хүргэлгүй дэлхийг хөндлөн гулд туулсаар хүрч ирэв. Ухнын хоёр нүдний хооронд нэгэн онцгой эвэр байх ажээ. 6 Тэр ухна голын* дэргэд миний харсан хоёр эвэртэй хуц руу асар их уур хилэнтэйгээр давхиж очлоо.

7 Уурлан хилэгнэсэн ухна хуц руу дөхөж очихыг би харлаа. Тэрбээр хуцыг мөргөж хоёр эврийг нь хугалж орхив. Хуц эсэргүүцэх ямар ч хүчгүй байлаа. Ухна түүнийг газар шидэн дээрээс нь дэвслэхэд хуцыг ухнын эрхшээлээс аврах хэн ч байсангүй.

8 Тэгэхэд ухна өөрийгөө үлэмж ихээр өргөмжлөв. Гэвч түүнийг хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унажээ. Оронд нь дөрвөн онцгой эвэр дөрвөн зүгийг* чиглэн ургав.

9 Эврүүдийн нэгээс өөр нэг жижиг эвэр гарч томрон томорсоор өмнө зүг, зүүн* зүг, Үзэсгэлэнт нутгийг чиглэн ургалаа. 10 Тэгээд тэнгэрийн их цэрэгт хүрэхээр асар том болж их цэргийн нэг хэсгийг, оддын нэг хэсгийг дэлхий дээр унагаж дэвслэв. 11 Тэрбээр өөрийгөө их цэргийн Жанжнаас ч илүү өргөмжилж, түүнд өргөдөг байсан өдөр бүрийн тахилыг болиулж, түүний бат тогтоосон ариун газрыг хөмөрч хаяв. 12 Нүглийн улмаас их цэрэг болон өдөр бүрийн тахил эврийн эрхшээлд орлоо. Эвэр үнэнийг газар шидэлж байсан бөгөөд юу ч хийсэн амжилт олж байлаа.

13 Би ариун нэгний ярихыг сонсов. Тэгтэл өөр ариун нэгэн түүнээс «Өдөр бүрийн тахилын тухай, сүйрэлд хүргэдэг нүглийн тухай, ариун газар болон их цэргийг дэвслэхэд юу болох тухай үзэгдэлд гардаг үйл явдал хэр удаан үргэлжлэх вэ?» гэж асуулаа. 14 Тэр надад «2 300 үдэш ба өглөө. Ариун газрыг сэргээж хуучин хэвд нь оруултал» гэж хэлэв.

15 Даниел би үзсэн үзэгдлийнхээ утгыг ухаж ядан байтал хүн шиг нэгэн гэнэт гарч ирэн миний өмнө зогсох нь тэр. 16 Дараа нь Улаи голын дундаас хүний дуу гарч «Габриел аа, үзсэн зүйлийг нь түүнд тайлбарлаж өг» гэж хэлэх нь сонсогдлоо. 17 Тэрбээр миний зогсож байсан газар ирэв. Би түүнийг ирэхэд айсандаа газар харуулдан уналаа. Тэрбээр надад «Хүний хүү минь, энэ үзэгдэл эцсийн цаг үеийнх гэдгийг ойлго» гэж хэлэв. 18 Түүнийг ярьж байх зуур би элгээрээ харуулдан унасан чигээрээ бөх гэгч нь унтчихав. Тэгтэл тэр надад хүрч, намайг босгож зогсоолоо. 19 Тэрбээр хэлсэн нь: «Зэмлэлийн төгсгөлд юу болохыг одоо би чамд хэлье. Учир нь энэ үзэгдэл товлосон цаг буюу төгсгөлийн цаг үед хамаатай.

20 Чиний харсан хоёр эвэртэй хуц нь Меде, Персийн хаадыг төлөөлдөг. 21 Үс ихтэй ухна бол Грекийн хаан бөгөөд хоёр нүднийх нь хоорондох том эвэр бол анхны хаан нь юм. 22 Тэр эвэр хугарч оронд нь дөрвөн эвэр гарч ирсэн шиг, түүний хаант улсаас дөрвөн хаант улс бий болох боловч түүн шиг хүчтэй байхгүй.

23 Тэдгээр хаант улсын төгсгөл болж, бузар мууг үйлдэгчдийн нүгэл дээд цэгтээ тулах үед заль мэхэнд мэргэшсэн* хэрцгий догшин хаан гарч ирнэ. 24 Тэрбээр асар хүчтэй болох боловч өөрийн чадлаар ийм болохгүй. Тэрбээр аймшигт сүйрэл авчрах ба үйлс бүхэн нь бүтнэ. Хүчтэнүүдийг, мөн ариун хүмүүсээс бүрдсэн ард түмнийг сүйрүүлнэ. 25 Их зальтай учраас хууран мэхлэх арга хэрэглэн амжилт олно. Сэтгэл дотроо өөрийгөө өргөмжилж, тайван цагт* олон хүнийг хядна. Тэр ч бүү хэл, ноёдын Ноёныг эсэргүүцэх боловч хүний гарын оролцоогүйгээр устгагдана.

26 Үдэш ба өглөөний тухай үзэгдэлд гардаг бүхэн үнэн юм. Гэхдээ чи энэ үзэгдлийг нууцал. Яагаад гэвэл энэ нь алс ирээдүйтэй холбоотой*».

27 Тамир минь барагдсанаас Даниел би хэд хоног өвдлөө. Дараа нь босож, хааны албанд дахин зүтгэх болов. Гэвч үзсэн зүйлээсээ болоод цочирдсон хэвээрээ байлаа. Үзэгдлийг хэн ч ойлгоогүй юм.

9 Медечүүдийн удмын Ахашверошийн хүү Дариус халдейчуудын хаант улсын хаанаар өргөмжлөгдсөн нэгдүгээр онд, 2 түүний засаглалын эхний жил Даниел би номуудыг* судлаад Иерусалим хэдэн жил эзгүй байхыг мэдсэн юм. Иеремиа зөнчөөр хэлүүлсэн Еховагийн үгийн дагуу Иерусалим 70 жил эзгүй хоосон байх ажээ. 3 Тиймээс би тусламж гуйхаар жинхэнэ Бурхан Еховад хандав. Мацаг барьж, таар нөмрөн, өөр дээрээ үнс асгаж, залбиран гуйлаа. 4 Би Ехова Бурхандаа залбирч нүглээ наманчлан ингэж хэлэв.

«Жинхэнэ Бурхан Ехова минь ээ, та бол агуу бөгөөд сүрдэж бишрэм Нэгэн билээ. Таныг хайрлаж, тушаалыг тань дагадаг хүмүүсийг та үнэнчээр хайрлаж, гэрээгээ биелүүлдэг. 5 Бид нүгэл үйлдэн, буруу юм хийж, бузар явдалтай орооцолдон, танд тэрсэлсэн. Таны тушаал, зарлигийг дагахаа больсон. 6 Танд үйлчилдэг зөнч нар таны нэрийн өмнөөс манай хаад, ноёд, өвөг дээдэс, энэ нутгийн бүх ард түмэнтэй ярьдаг байсан. Гэвч бид зөнч нарын үгэнд ороогүй. 7 Ехова минь ээ, та бол зөв шударга. Харин өнөөгийн бид буюу Иудагийн ард түмэн, Иерусалимын оршин суугчид, хол ойрын улс орнуудад амьдардаг, таны тараан бутаргасан израйлчууд бүгдээрээ шившигтэй. Учир нь тэд танд үнэнч бус байсан юм.

8 Ехова минь ээ, манай хаад, ноёд, өвөг дээдэс, бид бүгдээрээ шившигтэй. Учир нь бид таны эсрэг нүгэл үйлдсэн. 9 Бидний Бурхан Ехова та энэрч нигүүлсдэг, өршөөж уучилдаг. Харин бид танд тэрсэлсэн. 10 Бид Ехова Бурхан таныхаа үгэнд ороогүй. Үйлчлэгч зөнч нараараа хэлүүлсэн хуулийг тань дагаагүй. 11 Израйлчууд бүгдээрээ таны хуулийг уландаа гишгэж, таны үгийг үл тоомсорлон танаас нүүр буруулсан. Жинхэнэ Бурхан та өөрийн зарц Мосегийн хуульд бичсэн хараалыг бидэн дээр буулгасан. Учир нь бид таны эсрэг нүгэл үйлдсэн билээ. 12 Та, бидэнд болон манай захирагчдад* анхааруулж хэлсэн үгэндээ хүрч их гамшиг учруулсан. Иерусалимд тохиолдсон шиг явдал тэнгэрийн доор болж байгаагүй билээ. 13 Мосегийн хуульд бичсэний дагуу бидэн дээр энэ бүх гамшиг буусан. Гэвч бид Ехова Бурхан танаасаа өршөөл гуйгаагүй, гэм нүглээсээ салаагүй, таныг хэлсэн үгэндээ хүрдгийг* ухаараагүй.

14 Ехова та, бидний үйлсийг ажиглаж байгаад гамшиг буулгасан. Учир нь бидний Бурхан Ехова та юу ч хийсэн, зөвийг үйлддэг боловч бид таны үгэнд ороогүй.

15 Ард түмнээ хүчирхэг мутраараа Египетийн нутгаас гаргаж авчран, өнөөдрийг хүртэл нэрээ дуурьсгасан Ехова Бурхан минь ээ, бид нүгэл үйлдэж, бузар хэрэг хийсэн. 16 Хэзээд зөв шударгыг үйлддэг Ехова минь ээ, та өөрийн хот Иерусалим, өөрийн ариун ууланд уурлан хилэгнэхээ болиоч. Учир нь бидний нүгэл, өвөг дээдсийн маань алдаанаас болоод Иерусалим болон таны ард түмэн эргэн тойрныхоо бүх хүний элэг доог болж байна. 17 Бидний Бурхан Ехова минь ээ, та зарцынхаа залбирал, гуйлтыг сонсож, эзгүй хоосон байгаа ариун газартаа өөрийнхөө төлөө сайныг үйлдээч. 18 Миний Бурхан та чих тавин сонсооч! Мэлмийгээ нээн бидний сүйрлийг харж, нэрээр тань нэрлэгдсэн хот ямар болсныг ажиглаач. Бид өөрсдийгөө зөв шударга гэж бодсондоо бус, харин та агуу их өршөөнгүй учраас танаасаа гуйж байна. 19 Ехова минь ээ, сонсооч. Ехова минь ээ, өршөөгөөч. Ехова минь ээ, анхаарлаа хандуулж бидэнд туслаач! Миний Бурхан та өөрийнхөө төлөө хурдлаач. Учир нь таны хот болон таны ард түмэн нэрээр тань овоглодог билээ».

20 Би ярьж, залбирч, өөрийнхөө болон израйл түмнийхээ нүглийг наманчилж, Бурхныхаа ариун уулын талаар Ехова Бурхнаасаа ивээл гуйж байлаа. 21 Намайг залбирч дуусаагүй байтал өмнө нь үзэгдэлд үзэгдсэн Габриел гэдэг хүн над дээр хүрч ирэв. Тэгэхэд оройн тахил өргөх цаг болж байсан бөгөөд хамаг тэнхээ минь барагдсан байлаа. 22 Тэрбээр ирээдүйд болох зүйлийг надад ойлгуулахын тулд хэлсэн нь:

«Даниел аа, би чамд зааварлан, ирээдүйд юу болохыг ойлгуулахаар ирлээ. 23 Чамайг залбирч эхлэхэд би мэдээ хүлээн аваад чамд мэдэгдэхээр ирсэн юм. Учир нь чи хамгаас эрхэм* хүн билээ. Тиймээс миний хэлэх гэж байгаа зүйлийг бодож, энэ үзэгдлийг ойлгохыг хичээгээрэй.

24 Танай ард түмэн болон ариун хотын чинь төлөө 70 долоо хоногийг* товлосон. Энэ нь гэмт үйлдлийг дуусгавар болгож, нүгэл хилэнцийг эцэслэж, гэмийг цайруулж, зөв шударгыг мөнхөд тогтоож, үзэгдэл ба зөгнөлийг лацдаж, Ариунаас ариун газрыг нээхийн* тулд юм. 25 Иерусалимыг сэргээн барьж, хуучин хэвд нь оруулах тушаал гарснаас хойш Удирдагч Мессиаг иртэл 7 долоо хоног ба 62 долоо хоног өнгөрнө гэдгийг чи мэдэж, ойлго. Иерусалимыг нийтийн талбай, суваг шуудуутай нь сэргээн барьж, хуучин хэвд нь оруулах боловч энэ нь хэцүү цагт болох юм.

26 Тэр 62 долоо хоногийн дараа Мессиа алагдаж, түүнээс юу ч үлдэхгүй.

Нэгэн удирдагч их цэрэгтэйгээ ирж хотыг ариун газартай нь устгана. Энэ нь үерээр устсан юм шиг байх болно. Ийнхүү төгсгөл болтол дайн тулаантай байна. Бурхан эзгүйрэл хоосролыг тогтоосон.

27 Тэрбээр* гэрээг олны төлөө нэг долоо хоног хүчинтэй байлгана. Харин долоо хоногийн хагаст тахил, өргөл өргөхийг зогсооно.

Хоосруулагч нь жигшүүрт юмсын далавчин дээр суугаад ирнэ. Тогтоогдсон зүйл хоосорсон нэгэн дээр сүйрэл болтол асгарна».

10 Персийн хаан Корешийн гуравдугаар онд Белтешазар гэгддэг Даниел мэдээ хүлээн авчээ. Тэр мэдээ нь үнэн бөгөөд их дайны тухай байв. Үзсэн зүйлийг нь тайлбарлаж өгсөн тул тэрбээр мэдээг ойлгожээ.

2 Тэр үед Даниел би бүхэл бүтэн гурван долоо хоног гашуудсан юм. 3 Ямар ч тансаг хоол идэлгүй, мах, дарс ч амандаа хүргэлгүй, биедээ тос түрхэлгүй бүхэл бүтэн гурван долоо хонож байлаа. 4 Эхний сарын 24-ний өдөр би Тигр* мөрний эрэг дээр зогсож байхдаа 5 маалинган хувцастай, Уфазын алтаар хийсэн бүс бүсэлсэн нэгэн хүнийг харав. 6 Бие нь алтан чулуу мэт, нүүр царай нь аянгын гялбаа мэт, нүд нь асаж буй бамбар мэт, хөл гар нь өнгөлсөн зэс мэт, дуу хоолой нь олон түмний дуу мэт байлаа. 7 Энэ үзэгдлийг Даниел би ганцаараа үзэж, надтай хамт байсан хүмүүс үзээгүй юм. Гэсэн ч тэд ихэд айсандаа зугтаж, нуугдав.

8 Ингээд би ганцаараа үлдлээ. Энэ агуу үзэгдлийг үзэж байтал миний хүч чадал үгүй болж, царай цонхийн цайж, хамаг тэнхээ барагдав. 9 Тэр хүний ярих нь сонсогдлоо. Гэвч түүнийг ярьж байх зуур би элгээрээ харуулдан унаж бөх гэгч нь унтаад өгөв. 10 Тэгтэл нэгэн гар надад хүрч намайг сэрээв. Би гараараа газар тулж өвдөг дээрээ өндийлөө. 11 Тэр хүн надад

«Хамгаас эрхэм* Даниел аа, хэлэх үгийг минь анхааралтай сонсогтун. Одоо чи босоод зогсогтун. Намайг чам руу илгээсэн юм» гэв.

Түүнийг ярьж байх үед би салганан чичирсээр бослоо.

12 Тэрбээр надад хэлсэн нь: «Даниел аа, бүү ай. Энэ бүхний учрыг ойлгож, Бурхны өмнө даруу болъё гэж шийдсэн тэр өдрөөс чинь Бурхан чиний залбирлыг сонссон. Тиймээс би одоо чам дээр ирээд байна. 13 Гэвч намайг Персийн хаант улсын ноён 21 хоног эсэргүүцсэн юм. Тэгж байтал тэргүүн ноёдын нэг Михаел* ирж надад туслав. Тэр хугацаанд би Персийн хаадын хажууд байлаа. 14 Эцсийн өдрүүдэд танай ард түмэнд тохиолдох үйл явдлыг би чамд тайлбарлаж өгөхөөр ирсэн юм. Учир нь энэ үзэгдэл ирээдүйтэй холбоотой».

15 Түүнийг ярьж байх зуур би толгойгоо унжуулан үг ч дуугарах чадалгүй болов. 16 Хүн шиг төрхтэй нэгнийг уруулд минь хүрэхэд би үг дуугарч чадахтайгаа боллоо. Тэгээд өмнө минь зогсох нэгэнд ингэж хэлэв. «Эзэнтэн минь, үзсэн үзэгдлээс болоод бие салгалаад байна. Надад ямар ч тэнхээ алга. 17 Зарц би эзэн тантай ярьж хэрхэн чадах билээ? Надад ямар ч чадал алга. Амьсгалахад ч хүнд байна».

18 Хүн шиг харагддаг тэр нэгэн надад дахин хүрч тэнхээ оруулав. 19 Тэгээд «Хамгаас эрхэм* хүн ээ, бүү ай. Чамд амар амгаланг хүсэн ерөөе. Хүчтэй, зоригтой байгтун» гэж хэллээ. Түүнийг надтай ярьж байхад бие минь тэнхрэв. «Эзэн минь, та намайг тэнхрүүлсэн учир айлдаж хайрла» гэж би хэллээ.

20 Тэрбээр надад хэлсэн нь: «Би чам дээр яагаад ирснийг мэдэх үү? Одоо би Персийн ноёнтой тулалдахаар буцна. Намайг явахаар Грекийн ноён ирнэ. 21 Би чамд үнэний номд бичигдсэн зүйлийг хэлье. Эдгээр зүйл дээр надад хүчтэй дэмжлэг үзүүлж байгаа нь зөвхөн танай ноён Михаел юм. Өөр хэн ч байхгүй.

11 Би меде хүн Дариусын засаглалын анхдугаар онд түүнийг* дэмжиж, зоригжуулахаар очсон юм. 2 Одоо миний хэлэх зүйл үнэн.

Персэд дахин гурван хаан гарч ирнэ. Дөрөв дэх нь бусдаасаа илүү их эд баялаг цуглуулна. Тэрбээр эд баялгийнхаа ачаар хүчирхэгжээд бүхнийг Грекийн хаант улсын эсрэг турхирна.

3 Асар их эрх мэдэлтэй хүчирхэг хаан гарч ирэн хүссэн бүхнээ хийнэ. 4 Түүнийг хүчирхэг болмогц хаант улс нь задран унаад дөрвөн зүгт тарж бутарна*. Гэвч энэ нь түүний үр удамд очихгүй бөгөөд түүний засаглалын үеийнх шиг хүчтэй байхгүй. Хаант улс нь нуран унаж* бусдын мэдэлд шилжинэ.

5 Ноёдынх нь нэг болох өмнөдийн хаан хүчирхэгжинэ. Гэвч өөр нэг нь хүч чадлаараа түүнийг давж асар их эрх мэдэлтэйгээр, түүнээс ч илүү эрх мэдэлтэйгээр захирна.

6 Хэдэн жилийн дараа тэд түншилж хэлэлцээр хийх бөгөөд өмнөдийн хааны охин умардын хаан дээр очно. Гэвч охин хүч чадлаа алдана. Хаан бас хүч чадлаа алдана. Охин болон охиныг авчирсан хүмүүс, охины эцэг, мөн тэр үед түүнийг дэмжиж байсан нэгэн бусдын гарт орно. 7 Тэр охины үндэснээс гарсан нахиа эцгийнхээ орыг залгана. Тэгээд умардын хааны их цэрэг болон бэхлэлтийн өөдөөс явж тэдэнтэй тулалдан ялна. 8 Тэрбээр тэдний бурхад, цутгамал шүтээнүүд, алт мөнгөөр хийсэн үнэт эдлэл, олзны хүмүүсийг аваад Египет рүү буцна. Тэгээд умардын хааныг хэдэн жил тайван орхино. 9 Умардын хаан өмнөдийн хаан руу довтлох боловч дараа нь нутаг буцна.

10 Түүний хөвгүүд аян дайнд бэлдэж асар олон цэрэг цуглуулна. Тэрбээр урагш давшин газар нутгийг үер мэт хаман одно. Гэвч буцаж явах бөгөөд цайздаа очтолоо тулалдана.

11 Өмнөдийн хаан уурлан хилэгнэж, түүнтэй буюу умардын хаантай тулалдахаар явна. Тэрбээр* үй олон хүн цуглуулах боловч тэр хүмүүс нь нөгөө хааны гарт орно. 12 Хаан тэднийг авч явна. Тэрбээр бардам болж, хэдэн арван мянган хүнийг хөнөөнө. Гэхдээ давуу байдлаа ашиглахгүй.

13 Умардын хаан буцаж яваад анхныхаасаа олон хүн цуглуулна. Хэсэг хугацааны дараа буюу хэдэн жил өнгөрөхөд тэрбээр нөөц хангамж сайтай асар их цэрэгтэй ирнэ. 14 Тэр үед олон хүн өмнөдийн хааныг эсэргүүцэн босно.

Ард түмний чинь дундах харгис хүмүүс* бусдын нөлөөнд автан нэг үзэгдлийг биелүүлэх гэж оролдох боловч бүтэлгүйтнэ.

15 Умардын хаан ирж бүслэлтийн далан босгож, цайз хэрэмтэй хотыг эзэлнэ. Өмнөдийн цэргүүд ч, шилдэг эрс нь ч сөрөн зогсож чадахгүй. Эсэргүүцэх хүч тэдэнд байхгүй. 16 Өмнөдийн хааныг эсэргүүцэн боссон хүн хүссэнээ хийнэ. Түүнийг хэн ч эсэргүүцэж чадахгүй. Тэрбээр Үзэсгэлэнт нутагт ноёрхлоо тогтоох ба дайснаа сөнөөх хүч чадалтай байна. 17 Тэрбээр хаант улсынхаа цэргийн хүчийг бүрэн дайчлан гарч ирэхээр шийдэх ба тэр хаантай хэлэлцээр хийж, бодсон зүйлээ хэрэгжүүлнэ. Охиныг сүйрүүлэхийг түүнд зөвшөөрнө. Тэр охин амжилт олохгүй. Тэрбээр түүнд үнэнч байхаа болино. 18 Хаан эрэг хавийн нутгуудад санаархаж, олон газрыг эзлэн авна. Гэвч нэг жанжин омгийг нь дарахад тэрбээр бардамнахаа болино. Ийнхүү бардам дээрэнгүй зан гаргаж байсан хаан өөрөө доромжлогдоно. 19 Дараа нь нутгийнхаа цайзууд руу буцаж очоод бүдэрч унан үгүй болно.

20 Гайхамшигт хаант улсаар дамжин өнгөрүүлэхээр алба гувчуур нэхэгчийг* илгээх хүн түүний байрыг эзэлнэ. Тэрбээр хэдхэн өдрийн дараа үхнэ. Гэхдээ уур хилэн, дайн дажны улмаас биш юм.

21 Жигшил төрүүлсэн* нэгэн нь түүний орыг эзэлнэ. Хаант улсын сүр хүчийг түүнд өгөхгүй. Тэрбээр тайван цагт* ирээд зальжин аргаар* засгийн эрхийг гартаа авна. 22 Үерийн ус шиг их цэрэг түүнд ялагдана. Гэрээний Удирдагч бас тэдэн шиг устгагдана. 23 Тэд түүнтэй эвсэн нэгдэх боловч тэрбээр хууран мэхэлсээр байх бөгөөд нэгэн жижиг үндэстний ачаар хүчирхэг болно. 24 Тэрбээр мужийн хамгийн чинээлэг нутгуудад тайван цагт* очиж эцэг өвгөдийнхөө хийж байгаагүй зүйлийг хийнэ. Дээрэмдсэн, олзолсон зүйлс, эд баялгийг ард түмэнд тараана. Бэхлэгдсэн газрууд руу дайрахаар төлөвлөх боловч энэ нь түр зуурынх байх юм.

25 Тэрбээр их цэргээ удирдан өмнөдийн хаантай тулалдахаар хүчээ нөөж, зүрхээ чангална. Өмнөдийн хаан дайнд бэлтгэж асар олон, хүчирхэг цэрэг цуглуулна. Гэвч тэрбээр* хорон төлөвлөгөөний золиос болох учраас ноёрхлоо тогтоож чадахгүй. 26 Тансаг хоолноос нь хүртэж байсан хүмүүс түүнийг хорооно.

Их цэрэг нь үерийн усанд арчигдах мэт үгүй болж, олон хүн алагдана.

27 Энэ хоёр хаан сэтгэлдээ бузрыг сэднэ. Тэд нэг ширээнд суугаад бие биедээ худал хэлнэ. Гэсэн ч амжилт олохгүй. Учир нь төгсгөл товлосон цагт л болох юм.

28 Тэрбээр* их хэмжээний эд баялаг аваад нутаг буцах ба ариун гэрээг эсэргүүцэхээр шийднэ. Бодсон зүйлээ хэрэгжүүлэх ба нутаг буцна.

29 Товлосон цагт тэрбээр* эргэж ирээд өмнөд рүү довтолно. Гэвч энэ удаа урьдынх шигээ байхгүй. 30 Киттимийн хөлөг онгоцнууд түүн рүү дайрах бөгөөд тэрбээр шалдаа бууна.

Тэрбээр буцаж яваад ариун гэрээнд уураа гаргаж, бодсон зүйлээ хэрэгжүүлнэ. Тэрбээр буцаж яваад ариун гэрээг орхигчдыг ивээлдээ багтаана. 31 Тэрбээр их цэрэг* илгээнэ. Тэд ариун газар буюу цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг болиулна.

Сүйрүүлэх бузар юмыг тавина.

32 Тэрбээр гэрээг зөрчин бузар юм хийдэг хүмүүсийг хууран мэхэлж* тэрс явдалд турхирна. Харин Бурхнаа мэддэг ард түмэн хүчирхэг болж амжилт олно. 33 Хэрсүү ухаантнууд олон хүнд зааж сургана. Тэд хэдэн өдөр илдэнд өртөж, дөлөнд хуйхлагдан, олзлогдож, тонуулснаасаа болоод зовно*. 34 Тэднийг зовж байхад багахан тусламж ирнэ. Олон хүн худал үг хэлж* тэдэнтэй нэгдэнэ. 35 Хэрсүү ухаантнуудын зарим нь зовно. Үүний дүнд ард түмэн цэвэршүүлэгдэж, ариусаж, хир буртгаасаа сална. Энэ нь төгсгөлийн цаг үе хүртэл үргэлжилнэ. Товлосон цагт болно.

36 Хаан хүссэн бүхнээ хийж, өөрийгөө бүх бурхны дээгүүр өргөмжилнө. Тэрбээр бурхдын Бурхныг эсэргүүцэн гайхмаар зүйлийг ярина. Уур хилэнгийн цаг үе дуустал амжилт олно. Учир нь тогтоогдсон зүйл болох ёстой. 37 Тэрбээр эцэг өвгөдийнхөө Бурхныг ч, эмэгтэйчүүдийн хүслийг ч, өөр ямар ч бурхныг үл хүндэтгэж, өөрийгөө бүхнээс дээгүүр өргөмжилнө. 38 Мөн цайзуудын бурханд алдрыг өргөнө. Эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнийн зүйлсээр алдаршуулна. 39 Тэрбээр хамгийн сайн бэхлэгдсэн цайзууд руу харийн бурхны тусламжаар* довтолж амжилт олно. Өөрийг нь хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг* алдаршуулан дуурьсгаж, тэднээр олон хүнийг захируулна. Мөн үнэ хөлсөөр газар олгоно.

40 Төгсгөлийн цаг үед өмнөдийн хаан түүнтэй тулалдана*. Умардын хаан дайны тэрэг, морьтнууд, олон хөлөг онгоцтойгоо түүн рүү дайрна. Тэрбээр газар нутгууд руу цөмрөн орж үер адил арчин хаяна. 41 Мөн Үзэсгэлэнт нутаг руу дайрна. Олон газар нутаг эзлэгдэнэ. Гэвч Едом, Моаб болон аммончуудын гол гол газар түүний гараас мултарна. 42 Тэрбээр олон газрыг эзэлсээр байх болно. Египет ч түүний гараас мултрахгүй. 43 Тэрбээр нуусан эрдэнэс, алт, мөнгө, Египетийн бүх эд баялгийг эзэмшинэ. Ливичүүд, етиопчууд түүнийг дагана.

44 Гэвч тэрбээр зүүн* ба хойд зүгээс ирсэн мэдээнд түгших бөгөөд олон хүнийг устгаж хүйс тэмтрэхээр уур хилэнгээ бадруулсаар гарна. 45 Их тэнгис, Үзэсгэлэнт нутгийн ариун уулын хооронд сүрлэг* майхнуудаа босгоно. Тэрбээр эцэстээ устгагдана. Түүнд туслах хэн ч байхгүй.

12 Тэр цагт ард түмний чинь талд зогсдог агуу жонон Михаел* өндийн босно. Үндэстэн бий болсноос хойш эдүгээг хүртэл болж байгаагүй хэцүү цаг болно. Тэр үед чиний ард түмэн буюу номд бичигдсэн хүн бүр амь аврагдана. 2 Газрын хөрсөнд нойрсож буй олон хүн сэрнэ. Зарим нь мөнх амьдарна, зарим нь үүрдийн шившиг болно.

3 Хэрсүү ухаантнууд тэнгэрийн уудамд гийх гэрэл мэт тод гэрэлтэнэ. Олныг зөв шударга болгогчид од мичид мэт үүрд мөнхөд гялалзана.

4 Даниел чи энэ үгийг нууцалж, төгсгөлийн цаг болтол энэ номыг лацад. Олон хүн үүнийг сайтар судалж*, жинхэнэ мэдлэг өргөн дэлгэр тархана».

5 Дараа нь Даниел би өөр хоёр хүнийг харав. Нэг нь голын наад эрэг дээр, нөгөө нь голын цаад эрэг дээр зогсож байлаа. 6 Тэгтэл нэг нь голын усан дээр зогсож буй маалинган хувцастай хүнээс «Энэ гайхамшигт явдал хэр удаан үргэлжлэх вэ?» гэж асуув. 7 Голын усан дээр зогсож буй маалинган хувцастай тэр хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд өргөөд мөнхөд амьд байгч Нэгнээр тангараглан «Товлосон хугацаанд буюу нэг үе, хоёр үе, хагас үе* үргэлжлэх юм. Ариун хүмүүсийн хүч чадлыг шавхаж дуусмагц энэ бүхэн төгсөнө» гэж хэлэхийг би сонсов.

8 Би сонссон боловч ойлгоогүй тул «Эзэн минь ээ, энэ бүхний эцэст юу болох вэ?» гэж асуулаа.

9 Тэр надад хэлсэн нь: «Даниел минь яв даа. Энэ үгийг нууцалж, төгсгөлийн цаг хүртэл лацадсан байх ёстой. 10 Олон хүн өөрийгөө цэвэрлэж, хир буртгаасаа салан, ариусна. Хар санаатнууд бузрыг үйлдэнэ. Тэдний нэг нь ч энэ үгийг ойлгохгүй. Харин хэрсүү ухаантнууд ойлгоно.

11 Өдөр бүрийн тахилыг болиулж, сүйрүүлэх бузар юмыг тавьсан цагаас хойш 1 290 хоног байх юм.

12 Тэвчээртэй* хүлээж 1 335 хоногийг дуусгасан хүн жаргалтай!

13 Харин чи төгсгөл хүртэл үнэнч байгаарай. Чи амарна. Гэхдээ өдрүүдийн төгсгөлд хувиа хүртэхээр* босно».

Эсвэл «сүм»

Вавилоныг хэлж байна.

Эсвэл «сүмд»

Үгч. «хүүхдүүд»

Эсвэл «тэжээсний» гэсэн бололтой.

«Миний шүүгч бол Бурхан» гэсэн утгатай.

«Ехова өршөөл энэрэл үзүүлжээ» гэсэн утгатай.

«Хэн Бурхантай адил вэ?» гэсэн утгатай бололтой.

«Ехова тусалсан» гэсэн утгатай.

Вавилон нэр

Үгч. «хүүхдүүдээс»

Үгч. «хүүхдүүдтэй»

Үгч. «хүүхдүүдээс»

Үгч. «хүүхдэд»

Үгч. «халдеичуудыг»

Эсвэл «овоолсон хог; өтөг бууц» гэсэн бололтой.

Үгч. «Орондоо»

27 метр орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

2,7 метр орчим. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

Эсвэл «чавхдаст хөгжим»

Эсвэл «чавхдаст хөгжим»

Эсвэл «гүтгэв»

Эсвэл «чавхдаст хөгжим»

Эсвэл «чавхдаст хөгжим»

Эсвэл «хандлага эрс өөрчлөгдөж»

Эсвэл «овоолсон хог; өтөг бууц» гэсэн бололтой.

Үгч. «орондоо байхад»

Үгч. «халдеичууд»

Үгч. «зүрх»

Үгч. «халдеичууд»

Хааны эхийг хэлсэн бололтой.

Үгч. «халдеичууд»

Үгч. «зүрх»

Эсвэл «Хөгжимчдийг авчруулсангүй» гэсэн бололтой.

Үгч. «тэнгэрийн дөрвөн салхи»

Эсвэл «Саяулаа»

Эсвэл «зуун саяулаа»

Үгч. «нэг үе, үеүд, хагас үеийн». 3,5 үеийг хэлжээ.

Эсвэл «сувгийн»

Эсвэл «нар жаргах»

Эсвэл «сувгийн»

Үгч. «тэнгэрийн дөрвөн салхийг»

Эсвэл «нар мандах»

Эсвэл «битүү утгатай үгийг ойлгодог»

Эсвэл «анхааруулга өгөлгүй» гэсэн бололтой.

Эсвэл «олон өдрийн дараа болно»

Ариун судруудыг хэлж байна.

Үгч. «биднийг шүүж байсан шүүгчдэд»

Эсвэл «таны үнэнийг»

Эсвэл «үнэ цэнтэй; ихэд хүндлэгддэг»

Энд дурдсан долоо хоног нь 7 жилийг хэлж байна.

Үгч. «тослохын». «Үгийн тайлбар»-аас «Тослох»-ыг үзнэ үү.

Мессиаг хэлсэн бололтой.

Евр. «Хиддекел»

Эсвэл «Үнэ цэнтэй; Ихэд хүндлэгддэг»

«Хэн Бурхантай адил вэ?» гэсэн утгатай.

Эсвэл «Үнэ цэнтэй; Ихэд хүндлэгддэг»

Михаелыг хэлж байна.

Эсвэл «тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн хуваагдана»

Үгч. «үндсээрээ сугалагдаж»

Умардын хааныг хэлсэн бололтой.

Эсвэл «дээрэмчдийн хөвгүүд»

Эсвэл «ажлын харгалзагчийг»

Эсвэл «Харгис»

Эсвэл «анхааруулалгүй» гэсэн бололтой.

Эсвэл «далд явуулгаар»

Эсвэл «анхааруулалгүй» гэсэн бололтой.

Умардын хааныг хэлсэн бололтой.

Умардын хааныг хэлсэн бололтой.

Умардын хааныг хэлсэн бололтой.

Үгч. «гар»

Эсвэл «зусардан бялдуучилж»

Үгч. «бүдэрнэ»

Эсвэл «зусардан бялдуучилж»

Эсвэл «харийн бурхантай хамт»

Эсвэл «Өөрийнхөө хүлээн зөвшөөрсөн хэнийг ч» гэсэн бололтой.

Эсвэл «түүнийг эврээрээ мөргөнө»

Эсвэл «нар мандах зүг»

Эсвэл «хааны»

«Хэн Бурхантай адил вэ?» гэсэн утгатай.

Эсвэл «нааш цааш явж»

3,5 үе

Эсвэл «найдан»

Эсвэл «чи хуваарилагдсан газартаа»

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах