Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • nwt Хосеа 1:1-14:9
  • Хосеа

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хосеа
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Хосеа

ХОСЕА

1 Иудагийн хаан Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын үед, мөн Израйлын хаан Иоашийн хүү Иеробоамын үед Бееригийн хүү Хосеад* ирсэн Еховагийн үг. 2 Ехова Хосеагаар дамжуулан үгээ айлдаж эхэллээ. Ехова Хосеад «Явж эхнэр ав. Тэр эмэгтэй хожим нь завхайрч яваад чамд хүүхдүүд төрүүлж өгнө. Энэ нутаг завхай эм шиг авирласнаасаа болж Еховаг дагахаа бүрмөсөн больсон юм» гэж хэлэв.

3 Ингээд Хосеа явж, Диблаимын охин Гомертой гэрлэв. Гомер жирэмслэн хүү төрүүлжээ.

4 Тэгэхэд нь Ехова Хосеад «Хүүд Иезреел* гэдэг нэр өг. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө би удахгүй Иехүгийн үр удмыг шийтгэж, Израйлын хаадын угсааг тасална. 5 Тэр өдөр би Иезреелийн хөндийд Израйлын нумыг хугална» гэлээ.

6 Гомер дахин жирэмсэлж охин төрүүлэв. Бурхан Хосеад «Түүнийг Ло-рухама* гэж нэрлэ. Учир нь би Израйлын үр удмыг өршөөхөө болино. Би тэднийг заавал зайлуулна. 7 Харин Иудагийн үр удмыг өршөөж, аварна. Тэдний Бурхан Ехова би аврахдаа нум, илд, дайн, хүлэг морьд, морьтнуудын алийг нь ч ашиглахгүй» гэж айлдав.

8 Ло-рухамаг хөхнөөс гарсны дараа Гомер дахин жирэмсэлж хүү төрүүлжээ. 9 Тэгэхэд Бурхан ийн хэлсэн нь: «Түүнийг Ло-амми* хэмээн нэрийд. Учир нь та нар миний ард түмэн биш, би та нарын Бурхан биш.

10 Израйлын ард түмэн хэмжиж тоолж баршгүй далайн эргийн элс мэт олон болно. Тэгээд би тэдэнд “Та нар миний ард түмэн биш” гэж хэлсэн яг тэр газраа тэднийг “Амьд Бурхны хүүхдүүд” гэнэ. 11 Израйл, Иудагийн ард түмэн нэгдэж, нэг удирдагчийг сонгон тэр газраас гарна. Иезреелийн хувьд гайхамшигтай өдөр байх болно.

2 Ах дүү нараа “Миний ард түмэн*!”,

Эгч дүү нараа “Өршөөл хүртсэн эмэгтэй*!” гэж дууд.

 2 Эхийгээ буруутга, түүнийг буруутга.

Учир нь тэр миний эхнэр биш, би түүний нөхөр биш.

Тэрбээр завхай явдлаа орхих ёстой.

Садар явдлаасаа салах* ёстой.

 3 Эс тэгвэл би түүнийг нүцгэлж эхээс төрсөн шиг нь болгоно.

Түүнийг зэлүүд газар шиг,

Усгүй газар шиг болгоно.

Тэр цангаснаасаа болж үхнэ.

 4 Би түүний хөвгүүдийг өршөөхгүй.

Учир нь тэд завхай явдлаас төрсөн юм.

 5 Тэдний эх завхай явдалтай байсан.

Тэднийг тээсэн тэр эмэгтэй ичгүүр сонжуургүй авирлан

“Би амрагууд дээрээ очно.

Тэд надад талх, ус,

Ноос, маалинган даавуу, тос, дарс* өгдөг” гэж хэлсэн.

 6 Тиймээс би түүний замыг өргөст ургамлаар шивээлэн хааж,

Өмнө нь чулуун хана босгоход

Тэр гарах замаа олж чадахгүй.

 7 Амрагуудынхаа араас явах боловч тэднийг гүйцэхгүй.

Тэднийг хайх боловч олохгүй.

Тэгээд тэр: “Нөхөр дээрээ буцаж очъё доо.

Тэр үед одоогийнхоос сайхан байж” гэх болно.

 8 Түүнд үр тариа, шинэ дарс, тос өгдөг нь би байсныг,

Алт мөнгийг арвин ихээр өгдөг нь би байсныг тэр ойлгоогүй.

Харин ч тэрбээр тэр алт мөнгийг Баалд зориулсан.

 9 “Тиймээс би ургаж боловсрохоор нь үр тариагаа,

Исэхээр нь шинэ дарсаа авна.

Мөн нүцгэн биеийг нь халхалж байсан ноос, маалингаа булааж авна.

10 Би түүнийг амрагуудынх нь нүдэн дээр чармаа нүцгэлнэ.

Хэн ч түүнийг миний гараас аврахгүй.

11 Би түүний баяр баяслыг үгүй хийнэ.

Найр наадам, шинэ сар, амралтын өдөр, бүх баяр ёслолд нь цэг тавина.

12 «Энэ бол амрагуудын минь надад өгсөн хөлс» гэж хэлж байсан

Усан үзмийн мод, инжрийн модыг нь би сүйтгэнэ.

Би тэдгээрийг ой болгоно.

Хээрийн зэрлэг араатнууд тэдгээрийг цөлмөнө.

13 Баалын хөргүүдэд тахил өргөж байсан өдрүүдийнх нь төлөө би түүнтэй тооцоо бодно.

Тэгэхэд тэрбээр гархи зүүн, гоёж гоодон амрагууд руугаа яваад

Намайг мартсан” гэж Ехова тунхаглаж байна.

14 “Тиймээс би түүнийг ятган,

Зэлүүд газар луу дагуулан явж

Түүнтэй ярин зүрх сэтгэлийг нь эзэмдэнэ.

15 Дараа нь би түүнд усан үзмийн талбайг нь буцааж өгнө.

Ахорын хөндийг найдварын хаалга болгоно.

Тэрбээр залуу үеийнх шигээ,

Египетийн нутгаас гарсан үеийнх шигээ надад хариулна.

16 Тэр өдөр чи намайг миний нөхөр гэж дуудна.

Миний эзэн* гэж дуудахгүй” хэмээн Ехова тунхаглаж байна.

17 “Би түүний амнаас Баалын хөргүүдийн нэрийг арилгана.

Тэдгээрийн нэрийг хэн ч дурсахгүй болно.

18 Тэр өдөр би тэдний төлөө хээрийн зэрлэг амьтад,

Тэнгэрийн шувууд, газраар мөлхөгчидтэй гэрээ байгуулна.

Тэр нутгаас нум, илд, дайныг үгүй хийнэ.

Би тэднийг айх аюулгүй амьдруулна.

19 Би чамтай үүрд хамт байхын тулд сүй тавина.

Чамд зөвийг үйлдэж, шударгаар хандаж,

Үнэнч хайр, өршөөл нигүүлсэл үзүүлэхээ амлаж байна.

20 Чамд үнэнч байхаа амлая.

Чи Еховаг мэддэг болно”.

21 Ехова ийн тунхаглаж байна. “Тэр өдөр би хариулна.

Би тэнгэрт хариулна.

Тэнгэр нь газарт хариулна.

22 Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариулна.

Тэдгээр нь Иезреелд* хариулна.

23 Би түүнийг* өөрийнхөө төлөө газарт үр шиг суулгана.

Өршөөл* хүртэж байгаагүй түүнийг би өршөөн нигүүлсэнэ.

Миний ард түмэн биш* хүмүүст би: «Та нар миний ард түмэн» гэж хэлнэ.

Тэд: «Та бол миний Бурхан» гэж хэлнэ”».

3 Ехова: «Израйлын ард түмэн өөр бурхдад хандаж, үзмэн бялуунд* дурлаж байгаа ч Ехова би тэднийг хайрладаг юм. Үүн шиг, өөр эрийн хайранд жарган завхайрч буй эхнэр дээрээ дахин очоод түүнийг хайрла» хэмээн надад айлдав.

2 Би түүнийг 15 мөнгөн шекел, 1,5 хомер* арвайгаар худалдан авав. 3 Тэгээд би түүнд «Чи надтай олон өдөр хамт байна. Чи завхайрах ёсгүй, өөр эртэй хавьтах ёсгүй. Би ч чамтай хавьтахгүй» гэж хэллээ.

4 Израйлын ард түмэн ч бас удаан хугацаанд хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй байх болно. 5 Дараа нь Израйлын ард түмэн эргэн ирж Бурхан Еховадаа, хаан Давиддаа үйлчилнэ. Эцсийн өдрүүдэд тэд Ехова руу чичрэн очиж, тааллыг нь гуйна.

4 Израйлчууд аа, Еховагийн үгийг сонс.

Ехова энэ нутгийн оршин суугчидтай заргалдаж байна.

Учир нь энд үнэн гэж алга. Үнэнч хайр, Бурхны тухай мэдлэг ч алга.

 2 Хуурамч тангараг, худал хуурмаг явдал, аллага,

Хулгай дээрэм, завхайрал газар авч,

Цус урсгах явдал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.

 3 Тийм учраас энэ нутаг гашуудна.

Бүх оршин суугчийнх нь тамир тэнхээ барагдана.

Хээрийн амьтад, тэнгэрийн шувууд,

Далайн загас хүртэл устаж үгүй болно.

 4 «Гэхдээ хэн ч бүү маргаг, бүү зэмлэг.

Учир нь чиний ард түмэн тахилчтай маргадаг хүмүүс шиг зөрүүд юм.

 5 Чи гэгээн цагаан өдөр бүдэрч унана.

Зөнч бас шөнө яваа юм шиг, чамтай хамт бүдэрч унана.

Би эхийг чинь хорооно*.

 6 Миний ард түмэн мэдлэггүйгээсээ болж устгагдана*.

Чи миний тухай мэдэхийг хүсээгүй учраас

Би бас чамайг тахилчаар үйлчлүүлэхгүй.

Чи Бурхныхаа хуулийг* мартсан учраас

Би чиний хөвгүүдийг мартана.

 7 Тэд* олшрох тусмаа миний эсрэг бүр их нүгэл үйлдсэн.

Би тэдний суу алдрыг ичгүүр шившиг болгоно.

 8 Тэд миний ард түмний нүглээр хооллож,

Тэднийг алдаа гаргачхаасай гэж ихэд хүсдэг.

 9 Ард түмэн нь ч, тахилчид нь ч адилхан байх болно.

Би хийсэн хэргийнх нь улмаас тэдэнтэй тооцоо бодож

Үйлсийнх нь үр дагаврыг амсуулна.

10 Тэд идсэн ч ханаж цадахгүй.

Завхайрсан* ч өсөж үржихгүй.

Учир нь тэд Еховаг тоогоогүй юм.

11 Завхайрал ба шинэ, хуучин дарс нь

Зөв юм хийх гэсэн хүслийг үгүй хийдэг.

12 Миний ард түмэн модон шүтээнүүдээсээ асууж,

Таягийнхаа* хэлснээр хийдэг.

Завхайрах хүслээсээ болж замаасаа гаждаг.

Завхайралд автсанаасаа болж Бурхандаа захирагддаггүй.

13 Уулын орой дээр өргөл өргөж,

Толгод дээр тахил шатааж,

Царс, стиракс мод* болон аливаа том моддын доор

Сүүдэр сайтай болохоор нь тахил өргөдөг.

Тийм учраас охид чинь биеэ үнэлж,

Бэрүүд чинь завхайрдаг.

14 Би биеэ үнэлдэг охидтой чинь,

Завхайрдаг бэрүүдтэй чинь тооцоо бодохгүй.

Учир нь эрчүүд садар эмстэй явалдаж,

Сүмийн янхнуудтай хамт тахил өргөдөг.

Ухаангүй ийм ард түмэн устгагдана.

15 Израйл аа, чи биеэ үнэлдэг ч

Иудагаар нүгэл бүү үйлдүүл.

Гилгал юм уу Бет-авен руу бүү яв.

“Еховагаар тангараглая!” гэж бүү хэл.

16 Израйлчууд үхэр шиг зөрүүд болжээ.

Ехова тэднийг уудам бэлчээрт хурга хариулдаг шиг хариулах уу?

17 Ефраимчууд шүтээн шүтэж байна.

Тэднийг орхи!

18 Шар айраг* нь дуусахлаар

Тэд завхайрдаг.

Удирдагчид нь гутамшигтай юм хийх дуртай.

19 Салхи түүнийг* далавчин дээрээ авч одно.

Тэд өргөлөөсөө ичнэ».

5 «Тахилчид аа, сонс.

Израйлчууд аа, анхаар.

Хааны гэр бүл ээ, дуулж бай.

Та нарыг шүүх гэж байна.

Учир нь та нар Мизпад тавьсан урхи,

Табор дээгүүр татсан тор болжээ.

 2 Тэрслэгчид маш их цус урсгасан.

Би бүгдэд нь анхааруулж байна*.

 3 Би Ефраимыг мэднэ.

Израйл ч надад ил харагддаг.

Ефраим аа, чи одоо завхайрч* байна.

Израйл өөрийгөө бузарлаж байна.

 4 Тэд үйл хэргээсээ болж Бурхан руу буцаж очиж чаддаггүй.

Учир нь тэд завхайрах хүсэлд автсан бөгөөд

Еховаг хүлээн зөвшөөрдөггүй.

 5 Израйлын бардам зан өөрийг нь буруутгасан.

Израйл Ефраим хоёулаа алдаанаасаа болж бүдэрч унасан.

Иуда ч тэдэнтэй хамт бүдэрч унасан.

 6 Тэд хонь, үхэр сүргээ аваад Еховаг хайхаар явсан.

Гэвч түүнийг олоогүй.

Тэрбээр тэднээс холдон явсан юм.

 7 Тэд Еховагаас урваж,

Харийн хөвгүүдийн* эцэг болсон.

Тэд сарын дотор өмч хөрөнгөтэйгөө үгүй болно.

 8 Гибеад эвэр бүрээ үлээ, Рамад бүрээ үлээ!

Бет-авенд дайны уухай хадаа. Бениамин аа, урагшаа!

 9 Ефраим аа, шийтгэлийн өдөр чамд юу тохиолдохыг хүмүүс хараад айна.

Израйлын овгуудын дунд зайлшгүй болох явдлыг би тунхагласан.

10 Иудагийн ноёд хилийн тэмдэг хөдөлгөдөг хүмүүстэй адил юм.

Би тэдэн дээр уур хилэнгээ ус шиг асгана.

11 Ефраим дайсантайгаа холбоо тогтоосон учир

Дарлагдаж, устгагдсан нь шударга юм.

12 Би Ефраимын хувьд дэнгийн эрвээхэй,

Иудагийн хувьд ялзрал мэт болсон.

13 Ефраим өвчнөө, Иуда шархаа хараад

Ефраим нь Ассири луу явж, их хаан руу хүн илгээсэн.

Гэвч тэр чамайг эдгээж чадаагүй.

Шархыг чинь анагааж чадаагүй.

14 Би Ефраимын хувьд залуу арслан мэт,

Иудагийн хувьд хүчит арслан мэт болно.

Би тэднийг хэдэн хэсэг болгон тастаад, явж одно.

Тэднийг чирээд явахад хэн ч аврахгүй.

15 Би явж, байрандаа буцаж очно. Тэднийг нүглийнхээ шийтгэлийг үүртэл тэндээ байна.

Дараа нь тэд надаас өршөөл нигүүлсэл гуйна.

Зовох цагтаа тэд надаас тусламж гуйна».

6 «Бүгдээрээ Ехова руу буцаж очицгооё.

Тэрбээр биднийг хэдэн хэсэг болгон тастсан боловч эдгээнэ.

Биднийг цохисон боловч шархыг маань бооно.

 2 Хоёр хоногийн дараа тэрбээр биднийг сэргээж,

Гурав дахь хоног дээр өндийлгөнө.

Тэгээд бид түүний өмнө амьд явна.

 3 Бид Еховаг мэддэг болно. Түүнийг таньж мэдэх гэж шамдана.

Тэрбээр үүр цайх мэт заавал ирнэ.

Тэрбээр бидэн дээр аадар бороо асгарах мэт,

Хаврын бороо газрыг услах мэт ирнэ».

 4 «Ефраим аа, би чамайг яах вэ?

Иуда, би чамайг яах вэ?

Та нарын үнэнч хайр өглөөний үүл мэт,

Хурдан алга болдог шүүдэр мэт ажээ.

 5 Тиймээс би зөнчдөөр үг хэлүүлж, та нарыг цавчина.

Өөрийнхөө үгээр та нарыг хөнөөнө.

Та нар дээр буух шийтгэл гэрэл мэт тодорхой.

 6 Би тахил өргөхөд чинь бус, үнэнчээр хайрлахад* чинь баярладаг.

Шатаалт тахил өргөхөөс илүүгээр Бурхнаа таньж мэдэхэд чинь баярладаг.

 7 Гэтэл миний ард түмэн жирийн хүмүүсийн адил гэрээгээ зөрчсөн.

Нутаг орондоо байхдаа тэд надаас урвасан.

 8 Гилеад бол мууг үйлдэгчдийн хот.

Тэнд цуст мөр дүүрэн байдаг.

 9 Тахилчид отолтод байгаа бүлэг дээрэмчин адил юм.

Тэд ичгүүртэй хэрэг хийдэг учир

Шехемийн зам дээр хүн алдаг.

10 Би Израйлд болж буй аймшигт явдлыг харав.

Ефраим завхайрч,

Израйл өөрийгөө бузарлаж байв.

11 Иуда минь, би ургац хураах цагийг,

Олзлогдсон ард түмнээ буцааж авчрах цагийг чиний төлөө товлосон».

7 «Би Израйлыг эмчлэх гэтэл

Ефраимын алдаа,

Самарийн бузар явдал илчлэгдэв.

Тэд хууран мэхэлдэг.

Хулгайчид дотогш орж, дээрэмчид гадуур дээрэм тонуул хийдэг.

 2 Тэд намайг бүх бузар хэргийг нь санана гэж боддоггүй.

Тэд бузар явдалдаа урхидуулсан.

Бүх үйлс нь миний нүдэнд илхэн байдаг.

 3 Бузар явдлаараа хаанаа баярлуулж,

Худал хуурмагаараа ноёдоо баясгадаг.

 4 Тэд бүгд завхайрагчид юм.

Талхчин зуурсан гурилаа истэл галаа хутгалгүй орхидог ч

Зууханд гал дүрэлзэн ассаар байдаг шиг тэд шатаж явдаг.

 5 Манай хааны баярын өдөр ноёд өвдөж

Дарсанд халан дүрсхийн уурлав.

Хаан элэглэн дооглогчидтой нөхөрлөсөн юм.

 6 Тэд түүн рүү ойртон очдог. Харин зүрх сэтгэл нь шатаж буй зуух шиг байдаг*.

Талхчин шөнөжин унтдаг.

Зуухан дахь гал нь өглөө ч дүрэлзэн ассаар байдаг.

 7 Улайдсан зуух мэт тэд бүгдээрээ

Удирдагч нараа хуйхлан хиаруулдаг.

Бүх хаан нь унасан боловч

Хэн нь ч надаас тусламж гуйгаагүй.

 8 Ефраим үндэстнүүдтэй холилдсон.

Ефраим нэг талаасаа хайрагдсан бин шиг болсон.

 9 Харь элгийн хүмүүс хүчийг нь сорсон ч тэр үүнийг мэддэггүй.

Үс нь цал буурал болсон ч тэр үүнийгээ анзаардаггүй.

10 Израйлын бардам зан өөрийг нь буруутгасан.

Гэвч тэр Ехова Бурхандаа хандаагүй.

Энэ бүхэн болж байсан ч түүнээс тусламж гуйгаагүй.

11 Ефраим ухаангүй тэнэг тагтаа мэт болж,

Египетээс тусламж гуйн, Ассири луу явсан.

12 Түүнийг хаашаа ч явсан би дээр нь тор хаян,

Шувуу барьдаг шиг барина.

Урьдчилан анхааруулснаараа* би түүнийг шийтгэнэ.

13 Надаас зугтсан тэр золгүй еэ!

Тэр миний эсрэг нүгэл үйлдсэн учраас сүйрнэ!

Би түүнийг аврах гэж байсан ч тэр миний тухай худал ярьсан.

14 Тэрбээр орон дотроо уйлдаг ч

Надаас чин сэтгэлээсээ тусламж гуйдаггүй.

Үр тариа, шинэ дарс гуйн өөрийгөө зүсэж гэмтээдэг ч

Надаас нүүр буруулсан.

15 Би түүнийг сурган хүмүүжүүлж, хүч тэнхээтэй болгосон ч

Тэр намайг эсэргүүцэн муу муухайг сэддэг.

16 Тэрбээр чиглэлээ өөрчилсөн ч дээшээ* хандаагүй.

Тэрбээр хөвч нь суларсан нум шиг найдваргүй.

Ноёд нь намайг шүүмжилдгээсээ болж илдээр хөнөөгдөнө.

Ингээд тэр Египетэд элэг доог болно».

8 «Амандаа бүрээгээ зуу!

Дайснууд Еховагийн өргөө рүү бүргэд адил довтолж байна.

Учир нь Израйл миний гэрээг зөрчин хуулийг минь уландаа гишгэсэн.

 2 Тэд над руу хашхиран “Бурхан минь ээ, израйлчууд бид таныг мэднэ” гэдэг.

 3 Израйл сайн юмнаас татгалзсан.

Дайснууд түүнийг мөшгөг.

 4 Тэд надгүйгээр хаадыг өргөмжилсөн.

Надаас асуулгүй ноёдыг томилсон.

Тэд алт мөнгөөрөө шүтээн хийж

Өөрсдөдөө сүйрэл авчирдаг.

 5 Самари аа, чиний тугал гологдсон.

Чамд уур хүрч байна.

Чи хэдий болтол гэм буруугаасаа салахгүй байх юм бэ*?

 6 Энэ нь Израйлаас гарсан.

Үүнийг дархан хүн хийсэн. Энэ бол Бурхан биш.

Самарийн тугал бут үсэрнэ.

 7 Тэд салхийг тарьж,

Шуургыг хурааж авна.

Ишнээс нь үр тариа боловсрохгүй.

Түрүү нь цухуйлаа ч гурил болохгүй.

Гурил боллоо ч тэрийг нь харийн хүмүүс залгина.

 8 Израйл залгигдана.

Тэрбээр үндэстнүүдийн дунд,

Гологдсон сав мэт болно.

 9 Тэрбээр Ассири луу зөрүүд хулан мэт явсан юм.

Ефраим амрагуудыг хөлсөлсөн.

10 Хэдийгээр тэд* үндэстнүүдийн дундаас амрагууд хөлсөлсөн боловч

Би тэднийг цуглуулна.

Тэд хаан болон ноёдын дарамтаас болж зовно.

11 Ефраим тахилын ширээгээ олшруулж нүгэл үйлдсэн.

Тэдгээр нь нүгэл үйлдүүлэх тахилын ширээ болжээ.

12 Би түүнд олон хууль бичиж өгсөн.

Гэвч тэр тэдгээрт өөриймсөг хандаагүй.

13 Тэд надад өргөл өргөж, мах иддэг ч

Ехова би үүнд нь баясдаггүй.

Би тэдний алдааг санаж, нүглийнх нь улмаас тэднийг шийтгэнэ.

Тэд Египет рүү буцаж явсан*.

14 Израйл Бүтээгчээ мартаж, сүм дуган барьсан.

Иуда бэхлэгдсэн хотоо олшруулсан.

Би хотуудыг нь галдан шатаана.

Цамхгуудыг нь гал залгина».

9 «Израйл аа, бүү баярла.

Бусад ард түмэн шиг бүү хөөрөн баяс.

Чи биеэ үнэлж Бурхнаасаа холдсон.

Чи үтрэм болгон дээр биеэ үнэлээд олж авсан хөлсөө хайрлав.

 2 Гэвч үтрэм болон усан үзмийн шахуурга чамайг тэжээхгүй.

Чи шинэ дарстай болохгүй.

 3 Израйлын ард түмэн Еховагийн газар дээр амьдрахаа болино.

Ефраим Египет рүү буцна.

Тэд Ассирид бузар юм иднэ.

 4 Тэд Еховад дарс өргөхөө болино.

Тэдний өргөл түүнд таалагдахгүй.

Тэр өргөл нь гашуудлын талхтай адил,

Идсэн хүн бүрийг бузарлана.

Талх нь өөрсдийг нь л цатгана.

Үүнийг Еховагийн өргөөнд оруулахгүй.

 5 Уулзалтын өдөр,

Еховагийн баярын өдөр та нар юу хийх юм бэ?

 6 Та нар сүйрлээс аврагдахын тулд арга буюу зугтана.

Египет та нарыг цуглуулж, Мемфис та нарыг булшилна.

Та нарын мөнгөн эдлэл халгайд баригдана.

Та нарын майханд өргөст бут ургана.

 7 Тооцоо бодох өдрүүд ирнэ.

Шанг нь хүртээх өдрүүд ирнэ.

Израйл үүнийг мэдэж аваг.

Зөнч нь мунхаг болж, өөрийгөө Бурхны элч хэмээгчид нь солиорно.

Та нарын гэм нүгэл их тул та нарт дайсагнах явдал ч их байна».

 8 Ефраимын харуул миний Бурхантай хамт байсан.

Харин одоо зөнчид нь Ефраимын бүх зам дээрх шувуу баригчийн урхитай адил юм*.

Түүний Бурхны өргөө дайсагналаар дүүрсэн.

 9 Тэд Гибеагийн үеийнх шиг бүрмөсөн завхарсан.

Би алдааг нь санаж, нүглийнх нь улмаас тэднийг шийтгэнэ.

10 «Зэлүүд газраас усан үзэм олох мэт, би Израйлыг олж билээ.

Би чиний өвөг дээдсийг харах үед тэд инжрийн модон дээрх анхны жимс шиг байсан.

Гэвч тэд Пеорын Баал руу явж

Ичгүүрт зүйлд* өөрсдийгөө зориулж,

Хайрлаад байсан бузар юм шигээ болсон.

11 Ефраимын суу алдар шувуу мэт нисэн одсон.

Тэнд үр тогтох, жирэмслэх, хүүхэд төрүүлэх гэж үгүй.

12 Тэд хүүхэд өсгөлөө ч

Би нэгийг нь ч үлдээлгүй үгүй хийнэ.

Намайг нүүрээ буруулахад тэд золгүй еэ!

13 Нугад тарьсан Ефраим миний хувьд Тир шиг байсан.

Харин одоо Ефраим хөвгүүдээ алуурчинд өгөхөөс өөр аргагүй».

14 Ехова минь ээ, тэдэнд зохих шанг нь хүртээгээч.

Хүүхдийг нь зулбуулж, хөхнийх нь сүүг ширгээгээч.

15 «Бузар булай бүхнээ тэд Гилгалд үйлдсэн. Тэнд би тэднийг үзэн яддаг болсон.

Бузар хэргийнх нь улмаас тэднийг өргөөнөөсөө хөөж гаргана.

Хойшид би тэднийг хайрлахгүй.

Тэдний бүх ноёд зөрүүд юм.

16 Ефраим цавчигдан унана.

Үндэс нь хатаж, жимс ургуулахаа болино.

Хүүхэд төрүүллээ ч энхрийлэн хайрлаж байсан тэр хүүхдийг нь би хөнөөнө».

17 Миний Бурхан тэднийг голж хаяна.

Учир нь тэд үгийг нь сонсоогүй юм.

Ингээд тэд үндэстнүүдийн дунд тэнүүчилнэ.

10 «Израйл бол жимс өгдөг боловч усан үзмийн муу* мод юм.

Жимс нь олшрох тусам тэрбээр тахилын ширээгээ нэмдэг.

Арвин ургац авах тусам тэрбээр ариун багануудаа сүрлэг болгодог.

 2 Тэд* хоёр нүүртэй болсон.

Одоо тэдний буруутайг тогтооно.

Бурхан тахилын ширээнүүдийг нь нурааж, багануудыг нь эвдэнэ.

 3 Тэгэхэд тэд: “Бид Еховагаас эмээгээгүй болохоор хаангүй байна.

Тэгээд ч бидний төлөө хаан юу хийж чадах билээ?” гэж хэлнэ.

 4 Тэд хоосон үг хэлж, хуурамчаар тангараглаж, гэрээ байгуулдаг учраас

Тэдэнд оногдох шийтгэл хагалсан талбайд ургасан хортой ургамал мэт байна.

 5 Самарийн оршин суугчид Бет-авен дахь шүтээн болсон тугалынхаа төлөө санаа зовно.

Ард түмэн түүнийхээ төлөө гашуудна.

Тэр шүтээндээ баярлаж, түүнийхээ суу алдарт баясаж байсан хуурамч бурхны тахилчид бас гашуудна.

Учир нь үүнийг олзлон авч явах юм.

 6 Тэгээд Ассирид аваачин, их хаанд бэлэг болгон барина.

Ефраим шившиг болно.

Израйл мунхаг зөвлөгөөг дагасныхаа гайгаар ичгэвтэр байдалд орно.

 7 Самари болон хаан нь

Усан дээр хөвөх хугархай мөчир мэт алга болно.

 8 Израйлын нүгэл болсон Бет-авены өндөрлөгүүд устгагдана.

Тахилын ширээн дээр нь өргөст ургамал, азаргана ургана.

Хүмүүс уулсад хандан “Биднийг халхлаач!”,

Толгодод хандан “Биднийг нуугаач!” гэнэ.

 9 Израйл аа, чи Гибеагийн үеэс нүгэл үйлдэж эхэлсэн.

Тэгээд огтхон ч өөрчлөгдсөнгүй.

Гибеад болсон дайнаар зөв бус хүмүүс бүгд устгагдаагүй.

10 Би хүссэн цагтаа тэднийг шийтгэнэ.

Тэднийг хоёр нүглийнхээ шийтгэлийг үүрэх үед

Ард түмнүүд тэднийг эсэргүүцэн цуглана.

11 Ефраим тариа цайруулахаар сургагдсан бөгөөд энэ ажилдаа дуртай сувай үнээ байсан юм.

Тиймээс би сайхан хүзүүг нь гамнадаг байв.

Харин одоо түүнийг уналгад ашиглана*.

Иуда газар хагалж, Иаков борнойдож өгнө.

12 Еховагийн удирдлага зааврыг хайх цаг байгаа дээр

Зөв шударгыг тарьж, үнэнч хайрыг хураа.

Атар газрыг хагал.

Эцэст нь би ирж зөв шударгыг заана.

13 Гэвч чи бузар мууг суулгаж,

Зөв бусыг хурааж авсан.

Худал хуурмагийн жимс идсэн.

Чи өөртөө эрдэж,

Дайчдынхаа олонд найдсан.

14 Дайснууд ард түмний чинь өөдөөс дайны уухай хадаана.

Бэхлэгдсэн бүх хотыг чинь сүйрүүлнэ.

Шалман Бет-арбелыг сүйрүүлсэнтэй адил болгоно.

Тэр өдөр эхчүүдийг хүүхдүүдтэй нь хэрцгийлэн хөнөөсөн юм.

15 Бетел ээ, чи их бузар хэрэг үйлдсэн учраас чамд үүнтэй адил зүйл тохиолдоно.

Үүрээр Израйлын хаан гарцаагүй алагдана*».

11 «Би Израйлыг бага байхаас нь хайрласан.

Би хүүгээ дуудаж Египетээс гаргасан.

 2 Тэд* дуудах тусам

Израйл улам холдсон.

Тэрбээр Баалын хөргүүдэд тахил өргөж,

Сийлмэл хөргүүдэд өргөл өргөсөөр байсан.

 3 Алхахыг Ефраимд зааж, түүнийг тэврэн явсан нь би байсан.

Би өөрийг нь эдгээснийг тэр хүлээн зөвшөөрөөгүй.

 4 Би тэднийг уяагаар* татах мэт сайхан сэтгэл, хайраар өөртөө татаж

Хүзүүнээс* нь буулгыг нь авч хаян

Хүн бүрийг хооллож сайхан сэтгэл гаргасан.

 5 Тэд Египетийн нутаг руу буцахгүй. Харин Ассири хаан нь болно.

Учир нь тэд над руу эргэж ирэхийг хүсээгүй юм.

 6 Тэд заль мэхийг сэдсэн тул дайснууд хотуудынх нь өөдөөс илдээ эргүүлэн

Дааман хаалганых нь түгжээг эвдэж, оршин суугчдыг нь устгана.

 7 Миний ард түмэн надад үнэнч бус байхаар эргэлт буцалтгүй шийджээ.

Тэднийг дээш нь* аваачихаар дуудсан боловч нэг нь ч өндийж боссонгүй.

 8 Ефраим аа, би чамайг яаж хаях юм бэ?

Израйл аа, би чамайг дайсанд хэрхэн барьж өгөх билээ?

Адмад хандсан шигээ чамд хандана гэж үү?

Чамайг Зебойим шиг болгоно гэж үү?

Би бодол сэтгэлээ өөрчилсөн.

Чамайг өрөвдөх сэтгэл миний дотор ассан.

 9 Би уурандаа шатахгүй.

Ефраимыг дахин устгахгүй.

Учир нь би хүн биш, Бурхан.

Та нарын дунд байгаа Ариун Нэгэн.

Би чамд хилэнгээ гаргахгүй.

10 Тэд Еховагийн араас явна. Тэрбээр арслан мэт архирна.

Түүнийг архирахад хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирнэ.

11 Тэд Египетээс гарахдаа шувуу мэт бэмбэгнэнэ.

Ассириас гарахдаа тагтаа мэт бөмбөгнөнө.

Би тэднийг гэр гэрт нь суулгана» гэж Ехова тунхаглаж байна.

12 «Ефраим надад байнга худал хэлдэг.

Израйл цаг үргэлж хууран мэхэлдэг.

Харин Иуда нь Бурхантай хамт явж,

Хамгийн Ариун Нэгэнд үнэнч байдаг».

12 «Ефраим салхиар хооллодог.

Дорнын салхины хойноос өдөржин хөөцөлддөг.

Улам их худал ярьж хүчирхийлэл үйлддэг болсон.

Ассиритай гэрээ байгуулж Египет рүү тос зөөдөг.

 2 Ехова Иудатай заргалдаж байна.

Хийсэн хэргийнх нь төлөө Иаковтай тооцоо бодно.

Үйлсийнх нь дагуу хариу барина.

 3 Иаков эхийн хэвлийд байхдаа ахынхаа өсгийнөөс барьж авсан.

Бурхантай хамаг чадлаараа тэмцэлдсэн.

 4 Тэрбээр тэнгэрийн элчтэй тэмцэлдсээр байгаад дийлсэн юм.

Уйлан байж тааллыг нь гуйсан юм».

Бурхан түүнийг Бетелд байхад нь олсон. Тэнд Тэрбээр бидэнтэй ярьсан.

 5 Тэр бол тэнгэрийн цэргийн Бурхан Ехова.

Хүмүүс түүнийг Ехова гэдэг нэрээр нь санах ёстой.

 6 «Тиймээс Бурхандаа эргэж ир.

Үнэнчээр хайрлаж, шударгыг үйлдэж бай.

Үргэлж Бурхандаа найд.

 7 Гэвч танай наймаачин хуурамч жинлүүртэй.

Тэр хууран мэхлэх дуртай.

 8 Ефраим: “Би баяжсан, эд хөрөнгөтэй болсон.

Энэ бүхнийг өөрийн хөдөлмөрөөр олсон.

Хүмүүс надаас ямар ч буруу юм, гэм нүглийг олохгүй” гэсээр байна.

 9 Гэвч Ехова би Египетийн нутагт байхаас чинь чиний Бурхан байсан.

Би чамайг баярын өдрүүдийнх шиг

Дахин майханд суулгана.

10 Би зөнчидтэй ярьж

Олон үзэгдэл үзүүлж

Тэднээр ёгт үлгэр яриулсан.

11 Гилеадад заль мэх*, худал хуурмаг явдал их байдаг.

Гилгалд тэд бухуудаар тахил өргөдөг.

Тэдний тахилын ширээ нь хагалсан газрын овоолсон чулуутай адил юм.

12 Иаков Арам* нутаг руу зугтсан.

Израйл эхнэр авах гэж тэнд зарцлагдсан.

Эхнэр авах гэж хонь хариулсан.

13 Ехова зөнчөөрөө дамжуулан Израйлыг Египетээс гаргасан.

Зөнчөөрөө дамжуулан түүнийг хамгаалсан.

14 Бурхныг Ефраим ихэд гомдоосон.

Учир нь тэрбээр цус урсгадаг нүглээсээ салаагүй.

Доромжлуулсныхаа хариуг Эзэн нь түүнээс авна».

13 «Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв.

Тэрбээр Израйлд нэр алдартай байсан.

Гэвч тэрбээр Баалыг шүтэн нүгэл үйлдсэнээсээ болж үхсэн.

 2 Одоо тэд улам их нүгэл үйлдэж

Мөнгөө хайлуулан шүтээн бүтээж байна.

Тэд шүтээн бүтээхдээ гарамгай. Уран дархчуул тэдгээрийг бүтээсэн.

Тэд: “Тахил өргөдөг хүмүүс тугалуудыг үнсэг” гэж хэлдэг.

 3 Тэд өглөөний үүл шиг,

Эрт алга болдог шүүдэр шиг,

Шуурганд хийсэх үтрэмийн хивэг шиг,

Яндангаар* гардаг утаа шиг болно.

 4 Гэвч Ехова би Египетийн нутагт байхаас чинь чиний Бурхан байсан.

Чи надаас өөр Бурхныг мэддэггүй байсан.

Надаас өөр аврагч байхгүй.

 5 Би чамайг зэлүүд газар, ган гачигтай нутагт халамжилсан.

 6 Тэднийг бэлчээрт аваачихад цадталаа идсэн.

Тэд цадаад бардам болж

Намайг мартсан.

 7 Би тэдний хувьд залуу арслан мэт,

Замд нь отох ирвэс мэт болно.

 8 Би тэдэн рүү бамбаруушаа алдсан эвш мэт дайрч

Цээжийг нь ярна.

Би тэднийг арслан мэт залгина.

Хээрийн зэрлэг араатан тэднийг хэдэн хэсэг тасчина.

 9 Израйл аа, чи ийнхүү устгагдана.

Учир нь чи туслагч чинь болсон надад тэрсэлсэн юм.

10 Бүх хотын чинь оршин суугчдыг аврах хаан чинь хаана байна вэ?

Захирагчид чинь хаана байна вэ?

Чи тэдний талаар “Надад хаан, ноёдыг өгөөч” гэж гуйж байсан шүү дээ.

11 Би уурлан байж чамд хааныг өгсөн.

Би уур хилэнтэйгээр түүнийг чинь буцааж авна.

12 Ефраимын гэмийг хав дарсан.

Түүний нүглийг хураан хадгалсан.

13 Тэрбээр хүүхэд төрүүлэхээр дуншиж өвдөнө.

Гэвч хүүхэд нь мунхаг учир

Төрөх цагтаа төрөхгүй.

14 Би тэднийг Булшнаас* чөлөөлнө.

Би тэднийг үхлээс аварна.

Үхэл ээ, хорон хүч* чинь хаана байна вэ?

Булш аа, хөнөөх чадал чинь хаана байна вэ?

Би огтхон ч өрөвдөхгүй.

15 Ефраим зэгсэн дунд цэцэглэлээ ч

Дорнын салхи, Еховагийн салхи цөлөөс салхилж

Түүний худгийг хатаан, булгийг нь ширгээнэ.

Эрдэнэсийн сан дахь үнэтэй бүхнийг нь тононо.

16 Самари нь Бурхандаа тэрсэлсэн тул гэмтэйд тооцогдоно.

Оршин суугчдыг нь илдээр алж,

Балчир хүүхдүүдийг нь хэрцгийлэн хөнөөж,

Жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь хэвлийг хүү татна».

14 «Израйл аа, Ехова Бурхандаа буцаад ир.

Чи алдаанаасаа болж бүдэрсэн шүү дээ.

 2 Еховадаа буцаж ирээд ийн хэл.

“Алдааг минь уучилж, сайн үйлсийг минь хүлээн зөвшөөрөөч.

Тэгвэл бид залуу бухаар тахил өргөдөг шигээ магтаалын тахил өргөе.

 3 Ассири биднийг аврахгүй.

Бид хүлэг морьдод найдахгүй.

Бид гарынхаа бүтээлд «Бурхан минь!» гэж хэлэхээ болино.

Учир нь өнчин хүүхдийг энэрдэг нь та билээ”.

 4 Би тэднийг эдгээхэд тэд үнэнч бус байхаа болино.

Би тэднийг өөрөө хүсээд хайрлана.

Учир нь би тэдэнд уурлахаа больсон.

 5 Израйлд би шүүдэр мэт болно.

Тэрбээр сараана цэцэг мэт дэлгэрч,

Ливаны модод мэт үндэслэнэ.

 6 Мөчир нь саглайж,

Сүр хүч нь чидун мод мэт болж,

Үнэр нь Ливаны модод шиг анхилна.

 7 Тэд дахин түүний сүүдэрт амьдарна.

Тэд үр тариа ургуулж усан үзмийн мод мэт нахиална.

Түүний нэр Ливаны дарс мэт алдаршина.

 8 Ефраим: “Шүтээнүүд надад ямар хамаатай юм бэ?” гэж хэлнэ.

Би түүнд хариулж, түүнийг харж хандана.

Би багсайн ургасан арц мод шиг болно.

Чамд үр жимсээ өгөх мод шиг болно».

 9 Ухаантай нь үүнийг ойлгог.

Хэрсүү нь үүнийг мэдэж аваг.

Еховагийн зам шулуун.

Зөв хүн түүгээр явна.

Нүгэлтнүүд тэр зам дээр бүдэрч ойчно.

«Яагийн аварсан нэгэн; Яа аварсан» гэсэн утгатай Хошаяа гэдэг нэрийн товчлол.

«Бурхан үр суулгана» гэсэн утгатай.

«Өршөөл хүртээгүй нэгэн» гэсэн утгатай.

«Миний ард түмэн биш» гэсэн утгатай.

Хо 1:9-ийн зүүлтийг үзнэ үү.

Хо 1:6-ийн зүүлтийг үзнэ үү.

Эсвэл «Хөхнийхөө хоорондоос садар явдлыг зайлуулах»

Эсвэл «уух юм»

Эсвэл «Миний Баал»

«Бурхан үр суулгана» гэсэн утгатай.

Бурхны ард түмнийг хэлж байна.

Хо 1:6-ийн зүүлтийг үзнэ үү.

Хо 1:9-ийн зүүлтийг үзнэ үү.

Хатаасан усан үзмийг шахаж бялууны хэлбэрт оруулсан амттан. Үүнийг хуурамч шүтлэгт хэрэглэдэг байжээ.

1 хомер нь 220 л. Хавсралт Б14-ийг үзнэ үү.

Үгч. «дуугүй болгоно»

Үгч. «дуугүй болно»

Эсвэл «зааврыг»

Тахилчдыг хэлсэн бололтой.

Эсвэл «Замбараагүй бэлгийн амьдралтай боллоо; Биеэ үнэлсэн»

Эсвэл «Мэргэ төлгөчийн савааны»

Анхилуун үнэртэй цэцэг гаргадаг нэгэн төрлийн мод.

Эсвэл «Улаан буудайн шар айраг»

Ефраимыг хэлж байна.

Эсвэл «Би тэднийг бүгдийг нь сахилгажуулна»

Эсвэл «замбараагүй бэлгийн амьдралтай; биеэ үнэлж»

Харь эмэгтэйтэй гэрлээд төрсөн хүүхдүүдийг нь хэлсэн бололтой.

Эсвэл «бусдыг энэрэхэд»

Эсвэл «Хуйвалдаантайгаа ойртон очих үед тэдний зүрх улайдсан зуух шиг байдаг» гэсэн бололтой.

Эсвэл «Хуран чуулсан тэдэнд өгөгдсөн анхааруулгын дагуу»

Өндөрт өргөмжлөгдсөн жинхэнэ шүтлэгийг хэлж байна.

Эсвэл «Чи хэзээ цэвэр болох юм бэ»

Ефраимчуудыг хэлж байна.

Эсвэл «явна» гэсэн бололтой.

Эсвэл «Харин одоо зөнчдийнх нь бүх зам мөр шувуу баригчийн урхитай адил юм»

Эсвэл «бурханд»

Эсвэл «саглагар» гэсэн бололтой.

Үгч. «Тэдний зүрх»

Эсвэл «буулганд оруулна»

Үгч. «дуугүй болно»

Бурхны илгээсэн зөнч ба бусад хүнийг хэлж байна.

Хүүхдийг хөлд оруулахад хэрэглэдэг уяа бололтой.

Үгч. «Эрүүнээс»

Өндөрт өргөмжлөгдсөн жинхэнэ шүтлэгийг хэлж байна.

Эсвэл «ид шид; учир битүүлэг зүйл»

Эсвэл «Сири»

Үгч. «Дээврийн нүхээр»

Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Үгч. «хатгуур»

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах