Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • nwt Иоел 1:1-3:21
  • Иоел

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Иоел
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иоел

ИОЕЛ

1 Петуелийн хүү Иоелоор* Еховагийн хэлүүлсэн үг нь дараах юм.

 2 «Ахлагчид аа, сонс!

Энэ нутгийн оршин суугчид аа, бүгдээрээ анхаар!

Ийм явдал та нарын үед

Эсвэл эцэг өвгөдийн чинь үед болж байсан уу?

 3 Үүнийг хөвгүүддээ хэл.

Хөвгүүд чинь хөвгүүддээ хэлэг.

Тэдний хөвгүүд хойч үедээ хэлэг.

 4 Цөлмөгч царцааны үлдээснийг сүрэг царцаа иджээ.

Сүрэг царцааны үлдээснийг залуу царцаа иджээ.

Залуу царцааны үлдээснийг ховдог царцаа иджээ.

 5 Архичид аа, сэр, уйл!

Дарс уудаг та нар бүгдээрээ цурхиран уйл!

Учир нь та нар чихэрлэг дарсгүй болжээ.

 6 Учир нь нэгэн үндэстэн миний газар нутаг руу дайрав.

Тэд хүчирхэг болоод тоолшгүй олон,

Арслангийнх шиг шүдтэй, арслангийнх шиг эрүүтэй.

 7 Тэд усан үзмийн модыг минь сүйтгэж, инжрийн модыг минь хожуул болгов.

Тэдгээрийг юу ч үгүй нүцгэлээд хөсөр хаясан.

Мөчрүүдийг нь холтослосон.

 8 Миний ард түмэн та нар

Сүйт залуугийнхаа* хойноос

Таар нөмрөн гашуудах онгон* бүсгүй мэт цурхиран уйл!

 9 Еховагийн өргөөнд идээн өргөл, ундаан өргөлийг авчрахаа больжээ.

Тахилчид, Еховагийн үйлчлэгчид гашуудаж байна.

10 Талбай сүйдэж, газар гашуудав.

Учир нь үр тариа сүйтгэгдэж, шинэ дарс хатаж, тос үгүй болжээ.

11 Буудай, арвайгүй болсон учир,

Талбайнхаа ургацыг алдсан учир

Тариачид цөхөрч, усан үзэм хураагчид цурхиран уйлав.

12 Усан үзмийн мод,

Инжрийн мод хатсан.

Анарын мод, дал мод, алимны мод,

Талбайн бүх мод хатжээ.

Ард түмний баяр хөөр ичгүүрээр солигдов.

13 Тахилчид аа, таар нөмөрч гашууд!

Тахилын ширээний үйлчлэгчид ээ, цурхиран уйл!

Миний Бурхны үйлчлэгчид ээ, сүмд ирээд таар нөмрөн шөнийг өнгөрөө.

Учир нь Бурхны тань өргөөнд идээн өргөл, ундаан өргөлийг авчрахаа больжээ.

14 Мацаг барихыг тушааж, ариун чуулган зарла.

Ахлагчид болон энэ нутгийн бүх оршин суугчийг

Ехова Бурхныхаа өргөөнд цуглуулж, Еховагаас тусламж гуйн хашхир.

15 Еховагийн өдөр ойрхон байна!

Тэр өдөр ямар аймшигтай байх бол!

Тэр өдөр Төгс хүчит Нэгэн сүйрэл учруулна.

16 Бид харсаар байж хоол хүнсээ алдаагүй гэж үү?

Бурхны маань өргөөнөөс баяр хөөр тасраагүй гэж үү?

17 Тарьсан үр хөрсөн доороо* хатсан байв.

Агуулахууд хоосорчээ.

Үр тариа хатсан учир агуулахуудыг буулгажээ.

18 Мал хүртэл янцаглан,

Бэлчээргүйгээс болж үхэр сүрэг төөрч тэнүүчлэн,

Хонин сүрэг ч шийтгүүлж байна.

19 Бэлчээр нутгийг түймэр залгиж,

Хээрийн бүх модыг дөл залгисан учир

Ехова, би таныг дуудаж байна.

20 Урсгал ус хатаж,

Бэлчээр нутгийг түймэр залгисан учир

Зэрлэг амьтад хүртэл танаас тусламж хүснэ.

2 Сионд бүрээ үлээ.

Миний ариун ууланд дайны уухай хадаа.

Энэ нутгийн бүх оршин суугч чичрэг.

Учир нь Еховагийн өдөр ирж байна! Тэр өдөр ойрхон байна!

 2 Харанхуй, бүрэнхий өдөр,

Үүл хуралдсан, түнэр харанхуй өдөр,

Уулсын дээгүүр татах үүрийн гэгээ мэт өдөр юм.

Олуулаа бөгөөд хүчирхэг нэгэн үндэстэн бий.

Урьд нь тийм үндэстэн байгаагүй.

Хожим хэзээ ч бий болохгүй.

Үеийн үед гарч ирэхгүй.

 3 Тэдний урд байгаа бүхнийг гал шатаадаг.

Ард байгаа бүхнийг дөл залгидаг.

Ирэхээс нь өмнө Еден цэцэрлэг шиг байсан газар

Явсных нь дараа эзгүй хээр болдог,

Юу ч үлддэггүй.

 4 Тэд адууных шиг төрхтэй агаад

Дайны морьд адил давхидаг.

 5 Уулсын орой дээгүүр харайх чимээ нь морин тэрэгний чимээ мэт,

Тарианы ёзоорыг шатаах дүрэлзэх галын шажигнах чимээ мэт юм.

Тэд тулалдахаар жагссан хүчит эрс адил билээ.

 6 Тэднээс болж үндэстнүүд түгшинэ.

Бүгдийнх нь царай хувхай цайна.

 7 Тэд дайчин эрс шиг давшиж,

Цэргүүд мэт хэрэм рүү авирдаг.

Дор бүрнээ чигээрээ урагшилж,

Нэг нь ч замаасаа хазайдаггүй.

 8 Бие биеэ түлхдэггүй,

Бүгд замаараа урагшилдаг.

Зарим нь суманд оногдон уналаа ч

Бусад нь эгнээгээ алддаггүй.

 9 Тэд хот руу цөмрөн орж, хэрмэн дээгүүр гүйлдэнэ.

Байшин руу авирч, цонхоор нь хулгайч мэт орно.

10 Тэдний өмнө газар доргиж, тэнгэр чичирнэ.

Нар, сар харанхуйлж,

Одод гялалзахгүй.

11 Ехова чанга дуугаар их цэргээ удирдана.

Учир нь түүний цэрэг асар олон.

Үгээ биелүүлдэг Бурхан хүчтэй.

Еховагийн өдөр агуу бөгөөд сүрдмээр.

Тэр өдрийг хэн тэсэж гарах вэ?

12 Ехова: “Одоо ч болов мацаг барьж, уйлж гашуудан

Бүхий л зүрхээрээ над руу эргэж ир” гэж тунхаглаж байна.

13 Хувцсаа биш, зүрхээ ур.

Ехова Бурхандаа эргэж ир.

Учир нь тэрбээр өрөвч, өршөөнгүй, амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам билээ.

Та нарын дээр гамшиг буулгах эсэхээ тэрбээр дахин бодно.

14 Ехова Бурхан дахин бодоод шийдвэрээ өөрчлөн

Та нарыг идээн өргөл, ундаан өргөл өргөг гээд

Ивээхийг* хэн байг гэх вэ!

15 Сионд бүрээ үлээ.

Мацаг барихыг тушааж, ариун чуулган зарла.

16 Ард олныг цуглуулж, хурлыг ариусга.

Настай эрчүүд*, хүүхэд нялхсыг цуглуул.

Шинэ хүргэн өрөөнөөсөө, тийм ээ, шинэ бэр унтлагын өрөөнөөсөө гарч ирэг.

17 Тахилчид, Еховагийн үйлчлэгчид

Үүдний танхим болон тахилын ширээний хооронд байхдаа уйлж ийн хэлэг.

“Ехова, ард түмнээ өрөвдөөч.

Өөрийнхөө өвийг доромжлолын бай бүү болгооч.

Үндэстнүүдэд бүү дарлуулаач.

Яагаад үндэстнүүд: «Тэдний Бурхан хаана байна вэ?» гэж хэлэх ёстой юм бэ?” хэмээг.

18 Тэгвэл Ехова газар нутгаа зүтгэл гарган хамгаална.

Ард түмнээ өрөвдөнө.

19 Ехова ард түмэндээ

“Би та нарт үр тариа, шинэ дарс, тос өгье.

Би та нарыг юугаар ч дутаахгүй.

Дахиж үндэстнүүдээр доромжлуулахгүй.

20 Би хойд зүгийнхнийг та нараас зайлуулж,

Ангамал, зэлүүд газраар тараана.

Урд талын хамгаалагчдыг нь дорнын тэнгисийн* зүг,

Арын хамгаалагчдыг нь өрнийн тэнгисийн* зүг тараана.

Тэднээс өмхий үнэр гарч,

Өмхий самхай нь ханхалсаар байна.

Учир нь би агуу зүйлсийг хийнэ” гэж хариулна.

21 Газар нутаг аа, бүү ай.

Ехова агуу зүйлсийг хийх тул баясан хөөр, баярла.

22 Хээрийн зэрлэг амьтад аа, бүү ай.

Учир нь бэлчээр нутаг ногоорно,

Модод жимслэнэ.

Инжир, усан үзмийн модод арвин их үр жимс өгнө.

23 Сионы хөвгүүд ээ, Ехова Бурхнаа баяр бахдалаа болго.

Тэрбээр та нарын төлөө намрын бороог тохиромжтой хэмжээгээр оруулна.

Бурхан та нарын төлөө хур бороог,

Намар, хаврын бороог өмнөх шигээ оруулна.

24 Үтрэм цайруулсан тариагаар пиг дүүрнэ.

Шахуурга шинэ дарс, тосоор цалгина.

25 Миний та нар луу явуулсан их цэрэг буюу

Сүрэг царцаа, залуу царцаа, ховдог царцаа, цөлмөгч царцааны учруулсан олон жилийн хохирлыг

Би та нарт нөхөн төлнө.

26 Та нар цадталаа иднэ.

Гайхамшгуудыг та нарын төлөө үйлдсэн

Ехова Бурхныхаа нэрийг та нар магтан алдаршуулна.

Миний ард түмэн дахин хэзээ ч шившиг болохгүй.

27 Намайг Израйлын дунд байдгийг,

Намайг та нарын Бурхан Ехова бөгөөд өөр Бурхан байхгүйг та нар мэдэх болно.

Миний ард түмэн дахин хэзээ ч шившиг болохгүй.

28 Дараа нь би янз бүрийн хүнд агуу хүчээ өгнө.

Танай хөвгүүд, охид зөгнөж,

Хөгшид зүүд зүүдэлж,

Залуус үзэгдэл үзнэ.

29 Би тэр үед боол шивэгчдэдээ хүртэл

Агуу хүчээ өгнө.

30 Би утаан багана, цус, гал үзүүлж,

Тэнгэр газарт гайхамшиг үйлдэнэ.

31 Еховагийн агуу, сүрдмээр өдөр болохоос өмнө

Нар харанхуйлж, сар цус мэт болно.

32 Еховагийн нэрийг дууддаг хүн бүр аврагдана.

Учир нь Еховагийн айлдсанчлан, дүрвэгсэд буюу Еховагийн дуудсан, амьд үлдэх хүмүүс

Сион уулан дээр, Иерусалимд байх болно.

3 Би Иуда, Иерусалимын олзлогдогсдыг авчрах үедээ

Тэднийг буцааж авчрах тэр цагтаа

 2 Бүх үндэстнийг бас цуглуулаад

Иехошафатын* хөндийд аваачна.

Би ард түмнийхээ төлөө, өөрийн өв Израйлын төлөө

Тэднийг тэнд шүүнэ.

Учир нь тэд миний ард түмнийг үндэстнүүдийн дунд тарааж,

Газар нутгийг минь хувааж авсан.

 3 Тэд миний ард түмнийг хувааж авах гэж шавга хаядаг.

Эрэгтэй хүүхдийг нь янхны төлбөрт өгдөг.

Охин хүүхдийг нь дарсаар сольдог.

 4 Тир, Сидон, Филистийн бүх нутаг аа,

Та нар яаж ингэж зүрхэлнэ вэ?

Надаас хариу авч байгаа юм уу?

Хариу авч байгаа юм бол

Би та нараас даруй, үтэр түргэн хариу авна.

 5 Учир нь та нар миний алт мөнгийг авсан.

Үнэт эрдэнэсийг минь сүмдээ аваачсан.

 6 Иуда, Иерусалимын оршин суугчдыг

Газар нутгаас нь зайлуулахын тулд грекчүүдэд худалдсан.

 7 Би тэднийг та нарын худалдсан газраас авчирна.

Та нараас хариу авна.

 8 Би танай охид хөвгүүдийг Иудагийн ард түмний мэдэлд тушаана.

Тэд танай охид хөвгүүдийг алс холын үндэстэн болох шебачуудад худалдана.

Учир нь Ехова би өөрөө айлдсан юм.

 9 Үндэстнүүдэд ийн тунхагла.

“Дайнд бэлтгэ! Хүчит эрсээ зоригжуул!

Бүх цэргээ цуглуулж довтолго!

10 Анжисны хошуугаа илд, хадуураа жад болгон давт.

Сул дорой нэгэн нь «Би хүчтэй» гэж хэлэг.

11 Үндэстнүүд та нар тал бүрээс ир, тусал, цуглацгаа!” гээрэй» гэв.

Ехова та тэр газар дайчдаа буулгаач.

12 Бурхан: «Үндэстнүүд цуглаж Иехошафатын хөндийд очиг.

Учир нь би тэнд тэр бүх үндэстнийг шүүхээр сууна.

13 Ургац боловсорсон тул гар хадуураар хад.

Дарсны шахуурга дүүрэн байгаа тул ирж гишгэ.

Тосгуурууд нь хальжээ. Учир нь тэдний бузар булай дэнджээ.

14 Асар олон хүн, асар олон хүн шийдвэр гаргах хөндийд байна.

Учир нь шийдвэр гаргах хөндийд Еховагийн өдөр болох гэж байна.

15 Нар сар харанхуйлж,

Одод гялалзахгүй.

16 Ехова би Сионоос архирч,

Иерусалимаас дуугаа өндөрсгөхөд

Тэнгэр газар чичирнэ.

Ехова би ард түмнийхээ хоргодох газар,

Израйлын ард түмний цайз болно.

17 Та нар намайг ариун уул Сиондоо оршдог, Ехова Бурхан чинь гэдгийг мэдэх болно.

Иерусалим ариун газар болж,

Харийнхан дахин түүгээр өнгөрөхгүй.

18 Тэр үед уулсаас чихэрлэг дарс дусалж,

Толгодоос сүү урсана.

Иудагийн бүх горхиор ус урсана.

Ехова миний өргөөнөөс нэгэн булаг урсах бөгөөд

Хуайс модот хөндийг* усална.

19 Харин Египет эзгүйрч,

Едом эзгүй хээр нутаг болно.

Учир нь тэд Иудагийн ард түмнийг дарлаж,

Газар нутагт нь гэмгүй хүмүүсийг хөнөөсөн.

20 Харин Иудад үүрд мөнхөд,

Иерусалимд үеийн үед хүн оршин сууна.

21 Би цус урсгасан тэднийг гэмгүй гэж үзнэ.

Ехова би Сионд оршино» гэж айлдсан.

«Ехова бол Бурхан» гэсэн утгатай.

буюу нөхрийнхөө

Эсвэл «залуу»

Эсвэл «хүрзнүүдийн доор»

Эсвэл «Ургац үлдээхийг»

Эсвэл «Ахлагчид»

Сөнөсөн тэнгис

Газар дундын тэнгис

«Ехова бол Шүүгч» гэсэн утгатай.

Эсвэл «сайрыг»

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • Монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах