АМОС
1 Текоагийн хоньчин Амосын* үг. Иудаг Уззиа, Израйлыг Иоашийн хүү Иеробоам захирч байх үед, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Амос Израйлын тухай үзэгдэл үзжээ. 2 Тэрбээр хэлсэн нь:
«Ехова Сионоос архирна.
Иерусалимаас дуугаа өндөрсгөнө.
Хонин сүргийн бэлчээр гандаж,
Кармелын орой хатна».
3 «Ехова ийн айлдаж байна.
“«Дамаск гурав дөрвөн удаа тэрсэлсэн* учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тариан дээгүүр үтрэмийн төмөр чарга* явуулдгийн адил тэд Гилеадыг газартай тэгшилсэн.
4 Би Хазаелын гэр дээр гал буулгана.
Тэр гал Бен-хададын бэхлэгдсэн цамхгуудыг түймэрдэнэ.
5 Би Дамаскийн хаалганы түгжээг эвдэнэ.
Бикат-авены оршин суугчдыг устгана.
Бет-едений хааныг* хөнөөнө.
Сирийн ард түмэн Кир лүү цөлөгдөнө» гэж Ехова айлдаж байна”.
6 Ехова ийн айлдаж байна.
“«Газ гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэд олзлогдогсдыг едомчуудад барьж өгсөн.
7 Тиймээс би Газын хэрэм дээр гал буулгана.
Тэр гал бэхлэгдсэн цамхгуудыг нь түймэрдэнэ.
8 Би Ашдодын оршин суугчдыг устгана.
Ашкелоны хааныг* хөнөөнө.
Би Екроны эсрэг мутраа сунгана.
Филистчүүдээс үлдсэн хүмүүс устгагдана» гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна”.
9 Ехова ийн айлдаж байна.
“Тир гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэд олзлогдогсдыг едомчуудад барьж өгсөн.
Бас тэд ах дүүгийн гэрээгээ умартсан.
10 Тиймд би Тирийн хэрэм дээр гал буулгана.
Тэр гал бэхлэгдсэн цамхгуудыг нь түймэрдэнэ”.
11 Ехова ийн айлдаж байна.
“Едом гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэрбээр илд барин дүүгээ хөөсөн.
Түүнийг өршөөж энэрээгүй.
Уурандаа тэднийг хэрцгийгээр тасар татдаг.
Уур хилэнгээ үргэлж хадгалдаг.
12 Тиймд би Теман дээр гал буулгана.
Тэр гал Бозрагийн бэхлэгдсэн цамхгуудыг түймэрдэнэ”.
13 Ехова ийн айлдаж байна.
“«Аммончууд гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэд газар нутгаа тэлэх гэж Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлсэн.
14 Тиймд би Раббагийн хэрэм дээр гал буулгана.
Тэр гал тулааны өдөр дайны уухайн дуунаар,
Хуй салхитай өдөр хүчит шуурганаар
Бэхлэгдсэн цамхгуудыг нь түймэрдэнэ.
15 Хаан нь ноёдтой хамт цөллөгт явна» гэж Ехова айлдаж байна”.
2 Ехова ийн айлдаж байна.
“«Моаб гурав дөрвөн удаа тэрсэлсэн* учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэрбээр Едомын хааны ясыг үнс болтол нь шатаасан.
2 Тиймд би Моаб дээр гал буулгана.
Тэр гал Кериотын бэхлэгдсэн цамхгуудыг түймэрдэнэ.
Моаб үймээн самуун дунд,
Дайны уухай, бүрээн дуунаар мөхнө.
3 Би захирагчийг* нь зайлуулж,
Түүнтэй хамт бүх ноёныг нь хөнөөнө» гэж Ехова айлдаж байна”.
4 Ехова ийн айлдаж байна.
“Иуда гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэд Еховагийн хуулийг* үл тоомсорлосон.
Тушаал зарлигийг нь биелүүлээгүй.
Тэд өвөг дээдсийнхээ дагаж байсан худал хуурмагт төөрөлдсөн.
5 Тиймээс би Иуда дээр гал буулгана.
Тэр гал Иерусалимын бэхлэгдсэн цамхгуудыг түймэрдэнэ”.
6 Ехова ийн айлдаж байна.
“Израйл гурав дөрвөн удаа тэрсэлсэн учраас би шийтгэнэ гэсэн бодлоо өөрчлөхгүй.
Тэд мөнгөний төлөө зөв хүнийг,
Хос сандаалны төлөө ядуу хүнийг худалдсан.
7 Тэд ядуусын толгой дээр гишгэн газрын шороотой хутгаж,
Дөлгөөн хүний замыг хаадаг.
Эцэг хүү хоёр нэг эмэгтэйтэй явалдаж,
Миний ариун нэрийг бузарладаг.
8 Тэд тахилын ширээ бүрийн дэргэд зээлийн барьцаанд авсан хувцаснууд дээрээ тэрийн хэвтдэг.
Тэд торгосон хүмүүсээсээ авсан дарсыг бурхдынхаа өргөөнд* ууцгаадаг”.
9 “Гэхдээ хуш шиг өндөр, царс шиг хүчтэй аморичуудыг
Тэдний төлөө устгасан нь би билээ.
Би дээрх жимсийг нь, доорх үндсийг нь устгасан.
10 Би та нарыг Египетийн нутгаас авчирч,
Аморичуудын нутгийг эзлүүлэхийн тулд
Зэлүүд газраар 40 жил хөтөлж явсан.
11 Би хөвгүүдийн чинь заримыг зөнч,
Залуусын чинь заримыг назир хүн болгосон.
Тийм биш гэж үү, Израйлын ард түмэн минь?” гэж Ехова тунхаглаж байна.
12 “Гэвч та нар назир хүмүүст дарс өгдөг байсан.
Зөнчдөд «Та нар зөгнөж болохгүй» гэж тушаасан.
13 Тийм учраас тариа ачсан тэрэг нь доорх газраа талхалдаг шиг
Би чамайг байгаа газарт чинь талхална.
14 Хурдан нь зугтах газаргүй болж,
Хүчтэнийх нь чадал харьж,
Нэг ч дайчин амь мултрахгүй.
15 Харваач нь байгаа газартаа тогтохгүй.
Хурдан нь зугтаж чадахгүй.
Морьтон нь ч амь мултрахгүй.
16 Дайчдын хамгийн зоригтой* нь хүртэл
Тэр өдөр нүцгэн зугтана” гэж Ехова тунхаглаж байна».
3 «Израйлчууд аа, Ехова та нарын тухай, Египетийн нутгаас гаргаж авсан үндэстнийхээ тухай юу гэж хэлснийг сонсоцгоо.
2 “Дэлхийн бүх үндэстний дундаас би ганцхан чамайг л сонгосон*.
Тийм учраас би чамайг хийсэн бүх хэргээс чинь болж шийтгэнэ.
3 Хоёр хүн уулзана гэж тохироогүй бол хамт алхах уу?
4 Арслан олзгүй бол ойд архирах уу?
Залуу арслан юу ч бариагүй бол нүхэн дотроосоо хүрхрэх үү?
5 Урхи тавиагүй бол* шувуу баригдах уу?
Юу ч ороогүй бол хавх газраас үсрэх үү?
6 Хотод бүрээ үлээвэл хүмүүс үймэлдэн сандрахгүй гэж үү?
Хотод гамшиг тохиолдвол үүнийг Ехова буулгаагүй гэж үү?
7 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова
Зөнчдөдөө нууцаа илчлэхгүйгээр юу ч хийхгүй.
8 Арслан архирчээ! Айхгүй хэн байх вэ?
Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлджээ! Зөгнөхгүй хэн байх вэ?”.
9 “Ашдодын бэхлэгдсэн цамхгууд дээр,
Египетийн бэхлэгдсэн цамхгууд дээр ийн зарлагтун.
«Самарийн уулсын эсрэг цугларч,
Тэндхийн үймээн самууныг,
Луйвар булхайг харагтун.
10 Тэд зөв юм хийж мэддэггүй хүмүүс.
Тэдний бэхлэгдсэн цамхгууд хүчирхийлэл, сүйрлээр дүүрэн» хэмээн Ехова тунхаглаж байна”.
11 Тийм учраас Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна.
“Дайсан газар нутгийг чинь бүсэлж,
Хүчийг чинь сулруулж,
Бэхлэгдсэн цамхгуудыг чинь тонох болно”.
12 Ехова ийн айлдаж байна.
“Хоньчин арслангийн амнаас хоёр хөл юм уу чихний тасархайг салгаж авдаг шиг
Одоо Самарид тансаг ор, сайхан буйдан* дээр тухалж буй израйлчуудын цөөн хэдийг л
Дайснуудынх нь савраас салгаж авна”.
13 Тэнгэрийн цэргийн Бурхан, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн айлдаж байна. “Сонсоод Иаковын үр удамд анхааруулагтун*.
14 Би Израйлын бүх тэрс явдалд* хариуцлага тооцох тэр өдрөө
Бетелийн тахилын ширээнүүдэд ч хариуцлага тооцно.
Тахилын ширээний эврүүдийг цавчиж, газар унагана.
15 Би өвлийн байшинг зуны байшинтай хамт нураана”.
Ехова ийн тунхаглаж байна. “Зааны ясан байшингууд сүйрч,
Сүрлэг* байшингуудын төгсгөл ирнэ”».
4 «Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ,
Энэ үгийг сонсоцгоо!
Эмэгтэйчүүд та нар дорд нэгнийг луйвардан, ядуусыг бяцалдаг.
Та нар нөхрүүддээ* “Бидэнд уух юм авчир” гэж хэлдэг.
2 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова өөрийн ариун байдлаар тангарагласан нь:
“«Та нарыг, нядлагчийн дэгээнээс,
Үлдэгсдийг чинь загасны дэгээнээс өлгөх өдрүүд ирж байна.
3 Хүн нэг бүр чинь хэрмийн цөмөрхийгөөр гарч
Хармон руу шидэгдэх болно» гэж Ехова тунхаглаж байна”.
4 “Бетелд ирж нүгэл үйлд*.
Гилгалд ирж бүр их нүгэл үйлд.
Өглөө нь тахилаа,
Гурав дахь өдөр нь аравны нэгээ авчир.
5 Исгэсэн талхыг талархлын тахил болгон шатаа.
Сайн дурын өргөлөө чангаар тунхагла!
Энэ нь та нарын хийх дуртай зүйл шүү дээ, Израйлын ард түмэн минь!” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна.
6 “Тийм учраас би танай бүх хотод та нарыг идэх хоолгүй болгож*,
Танай бүх гэрийг хоол хүнсний гачигдалд оруулсан.
Гэсэн ч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
7 “Мөн би ургац хураахаас гурван сарын өмнө бороог татаж
Нэг хотод бороо оруулж, нөгөөд нь оруулаагүй.
Нэг газар бороо орсон ч
Нөгөө газар нь бороо оролгүй хатсан.
8 Хоёр гурван хотын хүмүүс нэг хот руу гуйвж дайван явсаар
Ус уух гэсэн боловч ханатлаа уугаагүй.
Гэвч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
9 “Би ган гачиг, хөгц мөөгөнцрөөр та нарын үр тариаг сүйтгэсэн.
Та нар цэцэрлэг болон усан үзмийн талбайгаа олшруулсан ч
Инжрийн мод, чидун жимсний модыг чинь царцаа идсэн.
Гэсэн хэдий ч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
10 “Би Египетэд буулгасантайгаа адилхан тахлыг та нар дээр буулгасан.
Би танай залуусыг илдээр хөнөөж, морьдыг чинь олзлон авсан.
Би танай хуарангийн өмхий үнэрийг хамарт чинь үнэртүүлсэн.
Гэсэн ч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
11 “Би Содом, Гоморраг сүйрүүлсэн шигээ
Танай газар нутгийг сүйрүүлсэн.
Та нар галаас татаж гаргасан цуцал шиг байсан.
Гэсэн ч та нар над руу эргэж ирээгүй” гэж Ехова тунхаглаж байна.
12 “Тиймд Израйл аа, би чамайг дахин шийтгэнэ.
Би чамайг шийтгэх учраас
Бурхантайгаа уулзахад бэлд, Израйл аа!” гэж тунхаглаж байна.
13 Тэр бол уулсыг бий болгож, салхийг бүтээсэн Нэгэн юм.
Тэрбээр бодсон санаснаа хүнд хэлж,
Үүрийн гэгээг харанхуй болгож,
Дэлхийн өндөр газрууд дээр явдаг.
Түүний нэр бол тэнгэрийн цэргийн Бурхан Ехова».
5 «Израйлын үр удам аа, та нарын тухай дуулах гашуудлын дууг минь сонсоцгоо.
2 “Онгон охин Израйл унасан.
Тэр дахин босохгүй.
Тэр өөрийнхөө нутагт хаягдсан.
Түүнийг босгох хэн ч үгүй”.
3 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Дайнд мянган хүн явуулдаг хотод зуун хүн л үлдэнэ.
Зуун хүн явуулдаг хотод арван хүн л үлдэнэ.
Ийм юм Израйлын үр удамд тохиолдоно” хэмээн айлдаж байна.
4 Ехова Израйлын үр удамд ийнхүү айлдаж байна.
“Над руу эргэж ир, тэгээд амьд яв.
5 Бетелд очихоо боль*.
Гилгал руу бүү яв, Беершебагийн хилийг ч бүү дав.
Учир нь Гилгал олзлогдож,
Бетел юу ч үгүй устгагдана*.
6 Ехова руу эргэж ир, тэгээд амьд яв.
Эс тэгвэл тэрбээр Иосефын үр удам руу гал мэт дайрч
Бетелийг түймэрдэхэд хэн ч унтрааж чадахгүй.
7 Та нар шударга ёсыг агь* болгож,
Зөв шударгыг газар хаядаг.
8 Кима* болон Кесил* ордыг бүтээгч,
Гүн харанхуйг өглөө болгогч,
Өдрийг шөнө шиг харанхуй болгогч,
Далайн усыг цуглуулан
Газрын гадаргуу дээр асгагч
Түүний нэр бол Ехова.
9 Тэрбээр хүчтэнийг гэнэт сүйрүүлж,
Бэхлэгдсэн газар дээр сүйрэл буулгана.
10 Тэд хотын хаалган дээр суудаг зэмлэгчдийг үзэн ядаж,
Үнэнийг ярьдаг хүмүүсийг жигшдэг.
11 Та нар ядуу хүнээс газрын түрээс нэхэж,
Үр тариаг нь алба гувчуур болгон авдаг учраас
Зассан чулуугаар барьсан байшиндаа амьдрахгүй,
Сайн чанарын усан үзмийн талбайгаасаа гарсан дарсыг уухгүй.
12 Би та нарын хэр их тэрсэлснийг*,
Ямар их ноцтой нүгэл үйлдсэнийг мэднэ.
13 Тиймээс тэр үед хэрсүү хүмүүс дуугүй байх болно.
Учир нь тэр нь гай зовлонгийн цаг байх юм.
14 Мууг биш, сайныг үйлд.
Тэгвэл та нар амьд явна.
Та нарын хэлдэгчлэн
Тэнгэрийн цэргийн Бурхан Ехова та нартай хамт байх болно.
15 Мууг үзэн яд, сайныг хайрла.
Хотын хаалган дээр шударга ёсыг түгээ.
Тэгвэл тэнгэрийн цэргийн Бурхан Ехова
Иосефын үлдэгсдийг өршөөж магадгүй”.
16 Тиймээс Ехова, тэнгэрийн цэргийн Бурхан Ехова ийн айлдаж байна.
“Нийтийн талбай бүрд орилоон чарлаан сонсогдож,
Гудамж бүрд хүмүүс: «Ээ халаг!» гэх болно.
Тэд тариачдыг дуудан гашуудуулж,
Мэргэжлийн гашуудагчдыг орилуулна”.
17 “Усан үзмийн талбай бүрд орилох дуу сонсогдоно.
Учир нь би та нарын дундуур явна” гэж Ехова айлдаж байна.
18 “Еховагийн өдрийг хүсэн хүлээгчид харамсалтай яа!
Еховагийн өдөр та нарын хувьд ямар байх вэ?
Гэрэлтэй биш, харанхуй байх болно.
19 Арслангаас зугтаад баавгайтай тааралдсан мэт,
Гэртээ орж гараараа хана түшээд могойд хатгуулсан мэт байх болно.
20 Еховагийн өдөр гэрэлтэй биш, харанхуй,
Ямар ч гэрэл гэгээгүй, түнэр харанхуй байх болно.
21 Би та нарын баяруудыг жигшиж, үзэн яддаг.
Би та нарын ариун чуулгануудын үеэрх анхилуун үнэрийг таалдаггүй.
22 Та нар надад шатаах тахил, бэлгийн тахил өргөсөн ч
Би тэрийг чинь таашаахгүй.
Таргалуулсан амьтнаар өргөх эвийн тахилыг чинь ч би таашаан харахгүй.
23 Чихэнд чийртэй дуугаа боль.
Чавхдаст хөгжмийнхөө эгшгийг надад битгий сонсго.
24 Шударга ёсыг ус шиг,
Зөв шударгыг тасралтгүй урсах горхи шиг урсга.
25 Израйлын үр удам та нар цөлд 40 жил байхдаа
Тахил ба өргөлийг надад авчирч байсан гэж үү?
26 Та нар өөрсдөдөө бурхан болгож бүтээсэн одны хөргүүд буюу
Сиккут хаан болон Кийуныг* авч явах болно.
27 Би та нарыг Дамаскийн чанад руу цөлнө” гэж Ехова гэдэг нэртэй тэнгэрийн цэргийн Бурхан айлдаж байна».
6 «Сион дахь өөртөө итгэлтэй* хүмүүс,
Самарийн уулан дахь амар тайван хүмүүс,
Тусламж гуйхаар израйлчуудын очдог,
Үндэстнүүдийн дундах нэр алдартай удирдагчид харамсалтай яа!
2 Калне руу очоод хар.
Тэндээсээ Их Хамат руу яв.
Тэгээд Филистийн Гат руу урууд.
Тэд эдгээр хаант улсаас* илүү дээр үү?
Эсвэл тэдний газар нутаг та нарынхаас том уу?
3 Гамшиг тохиолдох гэж байгааг та нар бодохыг ч хүсэхгүй байна.
Газар нутгаа дарангуйлагчдын мэдэлд өгч* байна.
4 Та нар зааны ясан орон дээр хажуулж, буйдан дээр тарайн хэвтэж
Тарган хонь, бордсон тугал иддэг.
5 Мөн босоо ятгын* хөг аялгуунд тааруулан дуу зохиож,
Давидын адилаар хөгжмийн зэмсэг зохион бүтээдэг.
6 Дарсыг хул хулаар ууж,
Хамгийн сайн тосоор биеэ тосолдог.
Гэсэн ч Иосефын зовлонг огт тоодоггүй.
7 Тиймээс та нар олзлогдож, олзны хүмүүсийн тэргүүн эгнээнд явна.
Тарайн хэвтэгч та нарын найр наадам дуусна.
8 Тэнгэрийн цэргийн Бурхан Ехова ийн тунхаглаж байна. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова өөрөөрөө тангарагласан нь:
«Би Иаковын бардамналыг жигшдэг.
Бэхлэгдсэн цамхгуудыг нь үзэн яддаг.
Би хотыг болон түүн дотор байгаа бүхнийг дайснуудынх нь гарт өгнө.
9 Нэг гэрт арван хүн үлдсэн байлаа ч бас л үхнэ. 10 Хамаатан* нь ирж тэднийг гаргаад нэг нэгээр нь шатаана. Тэрбээр яснуудыг нь байшингаас гаргаж, байшингийн дотоод өрөөнд байгаа хүнээс “Чамаас өөр хүн байна уу?” гэж асуухад “Хэн ч байхгүй!” гэж хариулна. Тэгэхэд хамаатан нь: “Дуугүй бай. Одоо Еховагийн нэрийг дурдах цаг биш” гэж хэлнэ».
11 Учир нь Ехова тушаал буулгаж,
Том байшинг хэмхэлж нуранги болгон
Жижиг байшинг хэлтэрхий болгоно.
12 Морьд хадан дээр давхих уу?
Эсвэл хэн нэг нь тэнд үхэр хөллөн газар хагалах уу?
Харин та нар шударга ёсыг хортой ургамал болгож,
Зөв шударгын үр жимсийг агь* болгосон.
13 Та нар дэмий юманд баярлаж,
«Бид өөрсдийнхөө сайнд хүчтэй болоогүй* гэж үү?» гэдэг.
14 Тийм учраас Израйлын үр удам аа, би нэг үндэстнийг та нар луу турхирна”.
Тэнгэрийн цэргийн Бурхан Ехова: “Тэд та нарыг Лебо-хаматаас* Арабагийн сайр* хүртэл дарлах болно” гэж тунхаглаж байна».
7 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийм нэг зүйлийг надад үзүүлсэн юм. Тэрбээр өвлийн тариа* соёолох үеэр царцаан сүргийг цуглуулав. Энэ нь хааны хадланг хадсаны дараа ургадаг үр тариа юм. 2 Царцаан сүрэг тэр газрын бүх ургамлыг идсэний дараа би: «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь, уучлаач! Иаков хэрхэн тэсэж үлдэх вэ? Тэр сул дорой шүү дээ» гэж хэллээ.
3 Тэгтэл Ехова бодлоо өөрчлөв*. «Ийм юм болохгүй» гэж Ехова хэллээ.
4 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийм нэг зүйлийг надад үзүүлсэн юм. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова газар нутгийг галаар шийтгэв. Тэр гал нь хөлгүй их усыг ширгээж, газрын нэг хэсгийг шатаалаа. 5 Тэгэхэд нь би: «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь, байзнаарай. Иаков хэрхэн тэсэж үлдэх вэ? Тэр сул дорой шүү дээ» гэж хэллээ.
6 Тэгтэл Ехова бодлоо өөрчлөв*. «Ийм юм бас болохгүй» гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова хэллээ.
7 Тэрбээр надад ийм зүйл үзүүлэв. Эгцлүүрээр хэмжиж барьсан хэрэм дээр Ехова гартаа эгцлүүр барин зогсож байлаа. 8 Тэгээд Ехова надаас «Амос оо, чи юу харж байна вэ?» гэж асуухад би: «Эгцлүүр» гэв. Тэгэхэд Ехова надад ийн айлдав. «Би өөрийн ард түмэн израйлчуудыг эгцлүүрээр хэмжиж байна. Би тэднийг хойшид уучлахгүй. 9 Исаакийн өндөрлөг газрууд эзгүйрч, Израйлын ариун газрууд сүйрнэ. Би илд барин Иеробоамын үр удам руу дайрна».
10 Бетелийн тахилч Амазиа Израйлын хаан Иеробоамд ийм үг илгээв. «Амос Израйлын үр удмын дунд таны эсрэг хуйвалдаан зохиож байна. Эндхийн хүмүүс түүний үгийг тэвчихгүй. 11 Учир нь Амос: “Иеробоам илдээр хөнөөгдөж, Израйл нь нутгаасаа гарцаагүй цөлөгдөнө” гэж хэлж байна».
12 Дараа нь Амазиа Амост «Хөөе, үзмэрч гуай! Иудагийн нутаг руу зугтаж, тэндээ хоолоо олж ид, тэндээ зөгнө. 13 Бетелд зөгнөхөө боль. Энэ бол хааны ариун газар, хаант улсын сүм байдаг газар» гэв.
14 Тэгэхэд нь Амос Амазиад «Би бол зөнч ч биш, зөнчийн хүү ч биш. Би малчин байсан, инжрийн мод арчилдаг* байсан. 15 Мал хариулж байхад минь Ехова намайг дуудаад “Явж, миний ард түмэн Израйлд зөгнө” гэж хэлсэн. 16 Тиймээс одоо Еховагийн үгийг сонс. “«Израйлыг шийтгэх тухай бүү зөгнө. Исаакийн үр удмыг шүүх тухай битгий ярь» гэж чи хэлж байна. 17 Тиймд Ехова ийн айлдаж байна. «Эхнэр чинь хотод янхан болж, хөвгүүд охид чинь илдээр хөнөөгдөнө. Чиний газрыг хүмүүс хэмжин хувааж авна. Чи өөрөө бузар газар үхнэ. Израйлчууд нутаг орноосоо гарцаагүй цөлөгдөнө»”» гэж хэлэв.
8 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийм нэг зүйлийг надад үзүүлсэн юм. Зуны жимстэй сагс байлаа. 2 Тэрбээр надаас «Амос оо, чи юу харж байна вэ?» гэж асуухад би: «Зуны жимстэй сагс» гэж хариулав. Ехова надад ийн айлдав. «Миний ард түмэн Израйлын төгсгөл ойрхон байна. Би тэднийг уучилдгаа болино. 3 “Тэр өдөр сүмийн магтуу уйлаан майлаанаар солигдоно. Энд тэндгүй хүүр хэвтэнэ. Чимээгүй!” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна.
4 Энэ нутгийн ядуусыг дарлаж,
Дөлгөөн хүмүүсийг үгүйрүүлдэг та нар сонс.
5 Та нар ингэж хэлдэг. “Шинэ сарын баяр хэзээ дуусах вэ? Үр тариагаа зарах юм сан.
Амралтын өдөр хэзээ дуусах вэ? Үр тариагаа худалдах юм сан.
6 Гачигдсан хүнийг мөнгөөр,
Ядуу хүнийг хос сандаалаар худалдан авч
Үр тарианыхаа хаягдлыг ч борлуулчихна шүү дээ”.
7 Ехова Яаковын бахархлаар тангараглаж байна.
“Би тэдний нэг ч үйлсийг мартахгүй.
8 Үүнээс болж газар нутаг чичирч,
Бүх оршин суугч нь гашуудна.
Газар нутаг тэр аяараа Нил адил босож,
Египетийн Нил адил долгилж байгаад буухгүй гэж үү?”.
9 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн тунхаглаж байна.
“Тэр өдөр би нарыг үд дунд жаргаана.
Гэгээн цагаан өдөр газар нутгийг харанхуй болгоно.
10 Би та нарын баярыг уй гашуу болгоно.
Бүх дууг чинь гашуудлын дуу болгоно.
Та нарын ташаанд таар нөмрүүлж, та нарын толгойг халзан болгоно.
Та нарыг ганц хүүгийнхээ хойноос гашуудаж байгаа юм шиг болгоно.
Тэр өдрийн төгсгөл зовлон байх болно”.
11 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийн тунхаглаж байна.
“Би энэ газарт өлсгөлөнг авчрах өдрүүд ирж байна.
Талх, усгүйгээс болж өлсөж цангах биш,
Харин Еховагийн үгийг сонсоогүйгээс болж өлсөж цангах юм.
12 Тэд тэнгисээс тэнгис хүртэл,
Умард зүгээс дорно зүг* хүртэл гэлдэрнэ.
Тэд Еховагийн үгийг хайж хэрэн тэнүүчлэх боловч олохгүй.
13 Тэр өдөр залуус ба үзэсгэлэнт бүсгүйчүүд
Цангаснаасаа болж ухаан алдана.
14 «Дан аа, бурхнаар чинь тангараглая!»,
«Беершебагийн замаар тангараглая!» гэж хэлэн
Самарийн гэм буруугаар тангарагладаг бүхэн
Унаад дахин босохгүй”».
9 Би Еховаг тахилын ширээний дээхэн зогсож байхыг харлаа. Тэрбээр ийн хэлэв. «Баганын оройг цохиж, босгуудыг чичрүүл. Багануудын оройг цавч. Би үлдсэн хүмүүсийг илдээр хөнөөнө. Хэн ч оргон зайлахгүй, хэн ч зугтаж амжихгүй.
Тэнгэрт гарлаа ч
Тэндээс нь буулгаж авчирна.
3 Тэд Кармелын оройд нуугдлаа ч
Би хайж олоод барьж авна.
Хараанд минь өртөхгүй гэж далайн ёроолд нуугдлаа ч
Тэнд нь би могойд тушааж, хатгуулна.
4 Тэд дайсандаа олзлогдон явлаа ч
Тэнд би илдэнд тушааж, илд тэднийг хөнөөнө.
Сайны төлөө биш, муугийн төлөө би тэднээс мэлмийгээ салгахгүй.
5 Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова тэдний газарт хүрвэл
Тэр нь хайлж, оршин суугчид нь гашуудна.
Газар нутаг тэр аяараа Нил адил босож,
Египетийн Нил адил бууна.
6 “Тэнгэрт шат хийж,
Дэлхий дээгүүр бүрхүүл тогтоож*,
Далайн усыг цуглуулж
Газрын гадаргуу дээр асгагч
Түүний нэр бол Ехова”.
7 Ехова: “Израйлын ард түмэн! Та нар миний хувьд Кушийн үр удам шиг биш гэж үү?
Би Израйлыг Египетийн нутгаас,
Филистийг Кретээс, Сирийг Кирээс гаргаагүй гэж үү?” хэмээн тунхаглаж байна.
8 Ехова: “Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн мэлмий нүгэлт хаант улсыг харж байна.
Тэрбээр түүнийг газрын хөрснөөс арчина.
Гэвч Иаковын үр удмыг бүрмөсөн устгахгүй” хэмээн тунхаглаж байна.
9 “Би тушаал буулгаж байна.
Шигшүүрээр шигшдэгийн адил
Би Израйлын үр удмыг үндэстнүүдийн дунд шигшинэ.
Нэг ч чулуу газар унахгүй.
10 Миний ард түмний дундах бүх нүгэлтэн,
«Бидэн дээр гамшиг буухгүй, ойртох ч үгүй» гэж хэлэгсэд илдээр хөнөөгдөх болно”.
11 “Унасан байсан Давидын майхныг* тэр өдөр би босгоно.
12 Ийнхүү тэд Едомоос үлдсэнийг,
Миний нэрээр овоглодог бүх үндэстнийг эзэмшинэ” гэж үүнийг үйлдэгч Ехова тунхаглаж байна.
13 Ехова ийн тунхаглаж байна.
“Газар хагалагч нь ургац хураагчийг,
Усан үзэм гишгэгч нь үр суулгагчийг гүйцэх өдрүүд ирж байна.
Уулс амтат дарсыг дуслуулж,
Бүх толгод дарс урсгана*.
14 Би өөрийн ард түмэн Израйлын олзлогдогсдыг буцааж авчирна.
Тэд эзгүйрсэн хотыг сэргээн барьж, тэндээ амьдарна.
Тэд усан үзмийн төгөл байгуулж, дарсыг нь ууна.
Жимсний цэцэрлэгтэй болж, үр жимсийг нь иднэ”.
15 Чиний Бурхан Ехова: “Би тэднийг нутагт нь үндэслүүлнэ.
Тэд миний өгсөн газраас
Дахин хэзээ ч үндсээрээ сугарахгүй” хэмээн айлдаж байна».
«Ачаа болох», эсвэл «ачаа зөөх» гэсэн утгатай.
Эсвэл «гэмт хэрэг үйлдсэн»
Тариа цайруулахад хэрэглэдэг багажийг хэлжээ.
Үгч. «очирт таяг баригчийг»
Үгч. «очирт таяг баригчийг»
Эсвэл «гэмт хэрэг үйлдсэн»
Үгч. «шүүгчийг»
Эсвэл «зааврыг»
Эсвэл «сүмд»
Эсвэл «зүрх нь хүчтэй»
Үгч. «мэдсэн»
Эсвэл «Урхинд өгөөш байхгүй бол» гэсэн бололтой.
Эсвэл «Дамаскийн буйдан»
Эсвэл «Иаковын үр удмын эсрэг гэрчлэгтүн»
Эсвэл «гэмт хэрэгт»
Эсвэл «Олон» гэсэн бололтой.
Эсвэл «эздэдээ»
Эсвэл «тэрсэл»
Эсвэл «хоолгүй болгон шүдийг чинь цэвэрлэж»
Үгч. «Бетелийг бүү хай»
Эсвэл «Бетел учир битүүлэг газар болно» гэсэн бололтой.
Эсвэл «гашуун»
Мичид зургаа (Үхрийн ордод байрладаг Плеиадын одод) бололтой.
Маралын гялаан бололтой.
Эсвэл «гэмт хэрэг хийснийг»
Эсвэл «Ам таглах гэж өгсөн мөнгө»
Энэ хоёрын аль алинаар нь Санчир гаргийг хэлсэн бололтой. Хүмүүс түүнийг бурхан гэж шүтдэг байжээ.
Эсвэл «тайван»
Иуда болон Израйлын хаант улсыг хэлсэн нь дамжиггүй.
Үгч. «Хүчирхийллийн суудлыг авчирч»
Эсвэл «чавхдаст хөгжмийн зэмсгийн»
Үгч. «Авга ах»
Эсвэл «гашуун»
Үгч. «өөрсдөдөө эвэр аваагүй»
Эсвэл «Хаматын үүднээс»
«Үгийн тайлбар»-аас үзнэ үү.
1, 2-р сард тариалдаг байжээ.
Эсвэл «үүнд харамсав»
Эсвэл «үүнд харамсав»
Эсвэл «удамбар жимсийг хатгадаг байсан»
Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Хавсралт Б14-ийг үзнэ үү.
Эсвэл «нар мандах зүг»
Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
Эсвэл «барилга байгууламж барьж»
Эсвэл «саравчийг; овоохойг»
Эсвэл «Тэдний цөмөрхийнүүдийг»
Үгч. «Бүх толгод хайлна»