ЁОХАНД ИЛЧИЛСЭН НЬ
1 Удахгүй болох ёстой үйл явдлыг Бурхан боолууддаа мэдүүлэхийн тулд Есүс Христэд илчилсэн бөгөөд Есүс Христ тэнгэрийн элчээ явуулж, боол Ёохандаа үзэгдлээр илчилжээ. 2 Ёохан нь Бурхны үг болон Есүс Христийн гэрчлэл буюу үзсэн харсан бүхнээ гэрчилсэн болой. 3 Энэ зөгнөлийн үгийг чанга уншдаг, сонсдог, энд бичигдсэнийг сахидаг хүмүүс жаргалтай. Учир нь цаг ойрхон байна.
4 Ази мужийн долоон хуралд Ёохан бичиж байна.
«Байсан, байгаа, ирж яваа Бурхан» болон сэнтийнийх нь өмнөх долоон хүч, 5 мөн «итгэмжит Гэрч», «үхэгсдээс анх амилсан нэгэн», «дэлхийн хаадыг Захирагч» Есүс Христ та бүхнийг нигүүлсэж, амар тайвныг соёрхох болтугай.
Биднийг хайрладаг, цусаа урсган нүглээс чөлөөлсөн, 6 биднийг Бурхан Эцэгтээ үйлчлүүлэхээр хаан, тахилч болгосон тэрээр үеийн үед алдар суу, хүч чадалтай байх болтугай. Амен.
7 Түүнийг үүлэн дунд ирэхэд бүх хүн, түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог түүнээс болж гашуудан чээжээ дэлдэнэ. Тийм ээ, Амен.
8 «Би бол Альфа ба Омега*. Байсан, байгаа, ирж яваа Төгс хүчит Бурхан» хэмээн Ехова* Бурхан хэлж байна.
9 Та нартай адил зовлон эдэлдэг, Хаант төрд багтах, Есүсийн дагалдагч гэдгээсээ болж хавчигддаг итгэл нэгт Ёохан би Бурхны тухай ярьж, Есүсийг гэрчилснээсээ болж Патм арал дээр байсан юм. 10 Эзний өдөр болох явдлыг Бурхан надад ер бусын аргаар үзүүлсэн бөгөөд миний ард бүрээн дуу мэт чанга дуу гарч 11 «Чи юу харснаа хуйлмал номонд бичиж, Эфэс, Смирна, Пергам, Туатэр, Сард, Филаделф, Лаодикт буй долоон хуралд илгээ» гэж хэлэв.
12 Надтай ярьж байгаа нэгнийг харах гэж эргэтэл долоон алтан дэнгийн суурь байв. 13 Тэдгээрийн дунд шагай шүргэм урт дээлтэй, алтан чээживчтэй хүний хүү шиг нэгэн байлаа. 14 Толгойн үс нь цагаан ноос мэт бөгөөд цасан цагаан, нүд нь галын дөл мэт ажээ. 15 Хөл нь зууханд улайсаж буй сайн чанарын хүрэл мэт, дуу хоолой нь их усны шуугиан мэт байв. 16 Баруун гартаа долоон од барьсан бөгөөд амнаас нь хоёр талдаа хурц иртэй, урт илд цухуйж байлаа. Нүүр нь үдийн нар мэт гэрэлтэх ажээ. 17 Би түүнийг хармагцаа үхсэн хүн мэт хөлд нь уналаа.
Тэрээр баруун мутраа надад хүргэж ийн хэлэв. «Бүү ай. Би бол Эхэн ба Эцэс, 18 амьд нэгэн. Би үхсэн боловч одоо амьд байна. Үүрд мөнх амьдарна. Үхэл болон Булшны* түлхүүрүүд надад бий. 19 Тиймээс үзсэн харснаа, одоо юу болж байгааг, дараа нь юу болохыг бич. 20 Чиний харсан, баруун гарт минь байгаа долоон од болон долоон алтан дэнгийн суурийн ариун нууц нь юу вэ гэвэл, долоон од нь долоон хурлын элчүүд, долоон дэнгийн суурь нь долоон хурал юм.
2 Эфэс дэх хурлын элчид ингэж бич. Баруун гартаа долоон одыг барьдаг, долоон алтан дэнгийн суурийн голд алхдаг нэгэн эдгээрийг айлдаж байна. 2 “Би та нарын ажил үйлс, хөдөлмөр зүтгэл, тэсвэр тэвчээрийг мэддэг. Та нар муу хүмүүсийг тэвчээгүйг, өөрсдийгөө элч гэдэг боловч элч биш хүмүүсийг шалгаж, худалч гэдгийг нь илчилснийг би мэднэ. 3 Та нар бууж өгөөгүй, миний нэрийн төлөө их зовж зүдэрсэн, няцаж цуцаагүй. 4 Гэхдээ чамайг буруутгах нэг юм байна. Юу гэвэл чи анх хайрлаж байсан шигээ хайрлахаа больсон.
5 Тиймээс чи хаанаас унаснаа бодоод гэмш. Анх юу хийж байснаа хий. Гэмшихгүй бол би очоод дэнгийн чинь суурийг байрнаас нь зайлуулна. 6 Гэхдээ сайшаах юм байна. Николайчуудын хийдэг юмыг чи надтай адил үзэн яддаг. 7 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун. Ялсан нэгэнд Бурхны диваажинд байдаг амийн модны жимс идэхийг би зөвшөөрнө”.
8 Смирна дахь хурлын элчид ингэж бич. “Эхэн ба Эцэс”, үхээд амилсан нэгэн эдгээрийг айлдаж байна. 9 “Зовлон шаналал, ядуу зүдүүг чинь би мэднэ. Гэхдээ чи баян. Өөрсдийгөө иудей гэдэг ч чухамдаа иудей биш хүмүүсийн доромжлолын бай болдгийг чинь бас мэднэ. Тэд бол Сатаны синагог юм. 10 Эдлэх гэж байгаа зовлонгоосоо бүү ай. Диавол та нарын заримыг шоронд хийсээр байна. Та нар бүрэн соригдож, арван өдөр зовно. Үхэх боллоо ч үнэнч гэдгээ батал. Тэгвэл би чамд амийн титмийг өгнө. 11 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун. Ялсан нэгнийг хоёр дахь үхэл хохироохгүй”.
12 Пергам дахь хурлын элчид ингэж бич. Хоёр талдаа иртэй, хурц бөгөөд урт илдтэй нэгэн үүнийг айлдаж байна. 13 “Сатаны сэнтий байдаг газар амьдардгийг чинь би мэднэ. Гэхдээ чи надад үнэнч байдаг*. Сатан байдаг танай хотод хөнөөгдсөн миний үнэнч гэрч Антипасын үед ч надад итгэдгээ та нар үгүйсгээгүй.
14 Гэхдээ та нарыг буруутгах хэдэн юм байна. Та нарын дунд Балаамын сургаалыг баримтлагчид байна. Балаам Израйлын хөвгүүдээр нүгэл үйлдүүлэх буюу шүтээнд өргөсөн юм идүүлэх, садар самуун үйлдүүлэх* гэж Балакийг сургаж байсан. 15 Түүнээс гадна, Николайчуудын сургаалыг баримтлагчид та нарын дунд байна. 16 Тиймээс гэмшицгээ. Гэмшихгүй бол би даруй очоод амныхаа урт сэлмээр тэдэнтэй дайтна.
17 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун. Ялсан нэгэнд нуусан маннагаас би өгнө. Бас цагаан чулуу өгнө. Чулуун дээр шинэ нэр бичсэн байх бөгөөд чулууг авсан хүнээс өөр хэн ч тэр нэрийг мэдэхгүй”.
18 Туатэр дахь хурлын элчид ингэж бич. Галын дөл мэт нүдтэй, сайн чанарын хүрэл мэт хөлтэй Бурхны Хүү эдгээрийг айлдаж байна. 19 “Би та нарын ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэсвэр тэвчээрийг мэднэ. Бас сүүлийн ажил үйлс тань эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ.
20 Гэвч чамайг буруутгах нэг юм байна. Өөрийгөө зөнч гэдэг Иезебел гэгч эмэгтэйг чи зүгээр өнгөрөөдөг. Тэр миний боолуудыг завхайруулж*, шүтээнд өргөсөн юм идүүлэх гэж худал сургаал зааж төөрүүлдэг. 21 Би түүнд гэмших хугацаа өгсөн ч садар самуун* үйлддэгтээ гэмших хүсэлгүй байгаа. 22 Би түүнийг өвчлүүлж хэвтэрт оруулах гэж байна. Түүнтэй садарладаг хүмүүс түүнийг дуурайсандаа гэмшихгүй бол тэднийг асар их зовлонд унагана. 23 Түүний хүүхдүүдийг үхлийн тахлаар хөнөөнө. Тэгээд намайг хамгийн гүн бодол* болон зүрхийг шалгадаг нэгэн гэдгийг бүх хурал мэднэ. Би хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.
24 Харин Иезебелийн сургаалыг дагадаггүй, «Сатаны гүн юмс» гэдгийг мэддэггүй Туатэрийн бусад хүнд үүнийг хэлье. Би та нарт өөр ачаа үүрүүлэхгүй. 25 Намайг иртэл өөрт байгаагаа бат сахь. 26 Миний тушаалыг эцэс хүртэл биелүүлээд ялсан нэгэнд үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө. 27 Тэрээр хүмүүсийг төмөр таягаар хариулж шавар савыг бутлахтай адил бутална. Надад ч ийм эрх мэдлийг Эцэг минь өгсөн. 28 Би ялсан нэгэнд үүрийн цолмонг өгнө. 29 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун”.
3 Сард дахь хурлын элчид ингэж бич. Бурхны долоон хүч болон долоон одтой нэгэн эдгээрийг айлдаж байна. “Би чиний ажил үйлсийг, амьд нэртэй боловч үхсэн гэдгийг чинь мэдэж байна. 2 Сэргэг бай. Үхэх гэж байсан үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь чи Бурхны минь өмнө хийх ёстой юмаа бүрэн гүйцэд хийгээгүй байна. 3 Тиймээс яаж хүлээж авснаа, яаж сонссоноо сана. Түүнийгээ хадгал, гэмш. Хэрэв сэрэхгүй бол би хулгайч шиг очно. Хэзээ очихыг минь чи огт мэдэхгүй.
4 Гэхдээ хувцсаа бузарлаагүй цөөн хүн* Сард хуралд бий. Тэд надтай хамт цагаан хувцастай алхана. Учир нь тэд зохистой хүмүүс юм. 5 Ялсан нэгэн цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номноос хэзээ ч арилгахгүй бөгөөд Эцгийнхээ болон элчүүдийнх нь өмнө нэрийг нь хүлээн зөвшөөрнө. 6 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун”.
7 Филаделф дахь хурлын элчид ингэж бич. Хэн ч хааж чадахааргүй нээдэг, хэн ч нээж чадахааргүй хаадаг, Давидын түлхүүртэй, үнэн, ариун нэгэн эдгээрийг айлдаж байна. 8 “Би чиний ажил үйлсийг мэднэ. Хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг би чиний өмнө тавьсан. Чи хүч чадал багатай ч үгийг минь дагасан, миний нэрийг үгүйсгээгүйг мэднэ. 9 Иудей биш атлаа өөрсдийгөө иудей гэдэг, худал яригч, Сатаны синагогийн хүмүүсийг би ирүүлээд хөлийн чинь өмнө сөхрүүлж, чамайг хайрласан гэдгээ тэдэнд мэдүүлнэ. 10 Чи намайг дуурайж тэвчсэн учир дэлхий дахиныг хамарч, дээр нь нутагладаг бүх хүнийг сорих тэр сорилтын цаг болоход би чамайг хамгаална. 11 Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт байгаагаа бат сахиж бай.
12 Ялагчийг би Бурхныхаа сүмд багана болгоно. Түүнийг хэн ч тэндээс гаргахгүй. Би түүн дээр Бурхныхаа нэрийг, тэнгэрээс миний Бурхнаас буун ирэх шинэ Иерусалим буюу Бурхныхаа хотын нэрийг, өөрийнхөө шинэ нэрийг бичнэ. 13 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун”.
14 Лаодик дахь хурлын элчид ингэж бич. Амен, үнэнч бөгөөд жинхэнэ гэрч, Бурхны анхны бүтээл эдгээрийг айлдаж байна. 15 “Би чиний ажил үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг мэднэ. Чамайг хүйтэн, эсвэл халуун байгаасай гэж хүсэж байна. 16 Чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн учраас би бөөлжиж, чамайг амнаасаа гаргана. 17 Яагаад гэвэл, чи: «Би баян. Эд баялаг хураасан бөгөөд дутах юм огт алга» гэдэг. Гэхдээ чи хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна. 18 Баяжихын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслах буюу нүцгэн гэдгээ хүмүүст харуулж ичгүүр болохгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдний тос надаас худалдаж авахыг би чамд зөвлөе.
19 Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс хичээл зүтгэлтэй бай, гэмш. 20 Би үүдэнд зогсоод тогшиж байна. Хэн дууг минь сонсоод үүдээ нээнэ, би гэрт нь орно. Би түүнтэй, тэрээр надтай хамт оройн зоог барина. 21 Намайг ялахад сэнтийд нь хамт суухыг Эцэг минь зөвшөөрсөн билээ. Үүнчлэн сэнтийд минь надтай хамт суухыг ялсан хүнд би зөвшөөрнө. 22 Бурхны агуу хүч хурлуудад юу айлддагийг чихтэй нэг нь сонсогтун”».
4 Дараа нь би тэнгэрт байгаа нээлттэй хаалгыг харав. Надтай анх ярьсан, бүрээн дуу гэмээр тэр дуу: «Наашаа гараад ир. Дараа нь болох ёстой юмыг би чамд үзүүлье» гэж хэллээ. 2 Тэр даруй Бурхны агуу хүч надад нөлөөлөв. Тэнгэрт сэнтий байсан бөгөөд сэнтийд залрагч байв. 3 Залрагч Нэгэн хаш ба бадмаараг* мэт дүртэй ажээ. Сэнтийг нь маргад эрдэнэ мэт солонго хүрээлжээ.
4 Өнөөх сэнтийний эргэн тойронд 24 сэнтий байв. Тэдгээр сэнтийд цагаан хувцастай, толгойдоо алтан титэмтэй 24 ахлагч сууж байхыг би харлаа. 5 Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэр нүргэлэх дуу гарч байв. Тэр сэнтийний өмнө асаж буй долоон дэн байлаа. Эдгээр нь Бурхны агуу хүч юм. 6 Бас сэнтийний өмнө шилэн тэнгис мэт харагдах болор шиг юм байлаа.
Өнөөх сэнтийний голд болон эргэн тойронд дөрвөн амьд бүтээл байсан бөгөөд тэд ар өвөртөө дүүрэн нүдтэй ажээ. 7 Эхний амьд бүтээл арслантай, хоёр дахь нь бухтай адил, гурав дахь нь хүнийх шиг нүүртэй, дөрөв дэх нь нисэж буй бүргэдтэй адил байв. 8 Дөрвөн амьд бүтээл тус бүр зургаан жигүүртэй бөгөөд жигүүр нь тэр аяараа нүдтэй. Тэд: «Байсан, байгаа, ирж яваа Төгс хүчит Ехова* Бурхан ариун, ариун, ариун» гэж өдөр шөнөгүй, тасралтгүй хэлдэг ажээ.
9 Сэнтийд залрагч бөгөөд үүрд мөнх оршигч Нэгнийг амьд бүтээлүүд магтан алдаршуулж, талархах бүрд 10 сэнтийд залрагч бөгөөд үүрд мөнх оршигч Нэгэнд 24 ахлагч сөгдөж, түүнийг шүтдэг. Тэд титмээ сэнтийнийх нь өмнө шидээд ийн хэлдэг. 11 «Ехова* Бурхан минь ээ, алдар, хүндэтгэл, хүч нь таных. Учир нь та бүх юмыг бүтээсэн. Та хүссэн учраас бүх юм бий болсон, бүх юм бүтээгдсэн».
5 Сэнтийд залрагч Нэгний баруун мутарт ар өвөргүй бичсэн, долоон лацтай хуйлмал ном байхыг би харлаа. 2 «Лацнуудыг нь салгаж, хуйлмал номыг дэлгэх зохистой нь хэн бэ?» гэж чанга дуугаар тунхаглаж байгаа хүчирхэг тэнгэрийн элчийг бас харлаа. 3 Гэвч хуйлмал номыг дэлгээд харж чадах нэгэн тэнгэрт ч, газарт ч, газар доор ч байсангүй. 4 Хуйлмал номыг дэлгэх юм уу доторхыг нь харах зохистой нэгэн олдоогүй тул би асгартал уйлав. 5 Тэгтэл ахлагчдын нэг нь: «Уйлахаа боль. Иуда овгийн Арслан, Давидын үндэс ялсан тул хуйлмал номыг нээж, долоон лацыг нь салгах зохистой нэгэн мөн» гэж өгүүлэв.
6 Тэгээд би сэнтий, дөрвөн амьд бүтээл болон ахлагчдын дунд зогсох нядлуулсан мэт, долоон эвэр, долоон нүдтэй хургыг харлаа. Нүднүүд нь дэлхий даяар илгээгдсэн Бурхны долоон агуу хүч юм. 7 Хурга урагш гарч, сэнтийд залрагч Нэгний баруун мутарт байгаа хуйлмал номыг авав. 8 Тэгэхэд дөрвөн амьд бүтээл болон 24 ахлагч Хурганы өмнө сөгдөв. 24 ахлагч бүрд босоо ятга, утлагаар дүүрэн алтан сав байлаа. (Утлага нь ариун хүмүүсийн залбирал юм.) 9 Тэгээд тэд ийм нэгэн шинэ дуу дуулав. «Та бол хуйлмал номыг нээж, долоон лацыг нь салгах зохистой нэгэн билээ. Учир нь та нядлуулсан бөгөөд бүх овог, бүх хэл, бүх ард түмэн, бүх үндэстнээс хүмүүсийг Бурханд зориулж цусаараа худалдаж авсан. 10 Та тэднийг Бурхны төлөө хаан, тахилч болгосон бөгөөд тэд хаан болж дэлхийг захирна».
11 Би сэнтийний эргэн тойронд байгаа олон тэнгэрийн элч, амьд бүтээлүүд, ахлагчдыг харж, дууг нь бас сонссон билээ. Тэд үй олуулаа*, мянга мянгаараа байсан. 12 Тэд чанга дуугаар: «Нядлуулсан Хурга эрх мэдэл, эд баялаг, мэргэн ухаан, хүч чадал, хүндэтгэл, сүр жавхлан, магтаал хүртэх зохистой» гэцгээж байлаа.
13 Тэнгэр, газар дээрх болон газар доорх, тэнгис далай дахь бүх бүтээл, тэдгээрийн доторх аливаа бүхэн: «Сэнтийд залрагч Нэгэн ба Хурганд магтаал, хүндэтгэл, сүр жавхлан, хүч чадал үүрд мөнх байх болтугай» гэхийг би сонслоо. 14 Дөрвөн амьд бүтээл: «Амен» гэж хэлэв. Ахлагчид сөгдөж, Бурхныг шүтэв.
6 Тэгээд Хурга долоон лацны нэгийг салгахыг би харсан бөгөөд дөрвөн амьд бүтээлийн нэг тэнгэр нүргэлэх мэт дуугаар «Нааш ир!» гэхийг сонсов. 2 Тэгтэл би цагаан морь харлаа. Цагаан морийг унасан нэгэн нумтай байв. Түүнд титэм өгсөн байлаа. Тэрээр ялахын тулд ялсаар явлаа.
3 Хурга хоёр дахь лацыг салгахад хоёр дахь амьд бүтээл: «Нааш ир!» гэхийг би сонсов. 4 Гал улаан өнгөтэй өөр морь гарч ирлээ. Хүмүүсийг бие биеэр нь хөнөөлгөхийн тулд дэлхийн энх тайвныг үгүй хийх эрхийг энэ морийг унасан нэгэнд өгсөн ажээ. Түүнд том илд өгсөн байлаа.
5 Хурга гурав дахь лацыг салгахад гурав дахь амьд бүтээл: «Нааш ир!» гэхийг би сонсов. Би хар морь харлаа. Энэ морийг унасан нэгэн гартаа хос жинлүүртэй байв. 6 Дөрвөн амьд бүтээлийн дундаас нэг дуу гарч, «Нэг денараар* нэг кварт* буудай, нэг денараар гурван кварт арвай. Тос ба дарсыг бүү сүйтгэ» гэхийг би сонссон юм.
7 Хурга дөрөв дэх лацыг салгахад дөрөв дэх амьд бүтээл: «Нааш ир!» гэхийг би сонсов. 8 Тэгтэл би зэвхий саарал морь харлаа. Энэ морийг унасан нэгний нэрийг Үхэл гэдэг бөгөөд түүний ард холгүйхэн Булш* дагаж байлаа. Дэлхийн дөрөвний нэгийг урт илд, өлсгөлөн, хөнөөлт тахал болон зэрлэг араатнуудаар хөнөөх эрхийг тэдэнд өгчээ.
9 Хурга тав дахь лацыг салгав. Бурхны үгийг дагаснаас, бас гэрчлэх ажил хийснээс болж хөнөөгдсөн хүмүүсийн цус* тахилын ширээн доор байгааг би харлаа. 10 Тэд чанга дуугаар «Ариун, үнэн, хамгийн дээд Эзэн минь ээ, та хэдий болтол шүүхгүй, дэлхий дээр нутагладаг, цусыг маань асгаруулсан хүмүүсээс өшөө авахгүй байх юм бэ?» гэж хашхирав. 11 Тэгэхэд тэдэнд тус бүрд нь цагаан хувцас өгөв. Өөрсөдтэй нь адил хөнөөгдөх гэж буй хамтран зүтгэгч боолууд болон ах дүүгийнх нь тоо гүйцтэл түр зуур амарч байхыг тэдэнд хэлсэн ажээ.
12 Намайг харж байхад Хурга зургаа дахь лацыг салгахад газар хүчтэй хөдөлж, нар хялгасан* таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт болж, 13 догшин салхи боловсроогүй инжрийг модноос нь унагадаг шиг тэнгэрийн одод газар дээр уналаа. 14 Хуйлмал ном хуйлагдах адил тэнгэр алга болж, бүх уул, бүх арал байрнаасаа хөдлөв. 15 Дэлхийн хаад, эрх мэдэлтнүүд, жанжнууд, баячууд, хүчтэнүүд, боол болон эрх чөлөөтэй бүх хүн агуй болон уулсын хадан дунд нуугдав. 16 Тэд уулс ба хаднуудад хандан «Бидний дээрээс унаж, сэнтийд залрагч Нэгний нүүр, Хурганы уур хилэнгээс биднийг далдлаач. 17 Учир нь тэдний уур хилэнгийн агуу өдөр болжээ. Хэн давж гарч чадах билээ?» гэцгээж байлаа.
7 Үүний дараа дэлхийн дөрвөн өнцөгт зогсож буй дөрвөн тэнгэрийн элчийг би харлаа. Тэд газар, тэнгис, ямар ч мод руу салхи тавихгүйн тулд дэлхийн дөрвөн салхийг барьж байв. 2 Амьд Бурхны тамгатай өөр нэг тэнгэрийн элч наран мандах зүгээс гарч ирэхийг бас харлаа. Тэрээр газар, тэнгист хөнөөл учруулах эрх авсан дөрвөн тэнгэрийн элчид хандан 3 «Бурхныхаа боолуудын духан дээр тамга дарж дуустал газарт ч, тэнгист ч, модонд ч хөнөөл бүү учруул» гэж хашхирав.
4 Тамгалуулсан хүний тоог би сонслоо. Израйлын хөвгүүдийн бүх овгийн тамгалуулсан хүний тоо 144 000 ажээ.
5 Иудагийн овгоос 12 000 хүн тамгалуулсан бөгөөд
Реубений овгоос 12 000,
Гадын овгоос 12 000,
6 Ашерын овгоос 12 000,
Нафталийн овгоос 12 000,
Манассегийн овгоос 12 000,
7 Симеоны овгоос 12 000,
Левийн овгоос 12 000,
Иссахарын овгоос 12 000,
8 Зебулуны овгоос 12 000,
Иосефын овгоос 12 000,
Бениамины овгоос 12 000 хүн тамгалуулжээ.
9 Үүний дараа хэн ч тоолж чадахааргүй үй олон хүнийг би харлаа. Тэд бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтнээс бүрджээ. Цагаан хувцастай, гартаа далдуу модны найлзуур барьсан тэд сэнтий болон Хурганы өмнө зогсож байлаа. 10 Тэд: «Сэнтийд залрагч Бурхныхаа ачаар, Хурганы ачаар бид аврагдсан» гэж хашхирч байв.
11 Сэнтий, ахлагчид, дөрвөн амьд бүтээлийн эргэн тойронд зогсож байсан тэнгэрийн элчүүд сэнтийний өмнө сөгдөж, Бурхныг шүтэв. 12 Тэд: «Амен! Бурханд маань магтаал, алдар суу, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал, сүр хүч үүрд мөнх байх болтугай. Амен!» гэж хэлэв.
13 Тэгтэл ахлагчдын нэг нь: «Цагаан хувцастай энэ хүмүүс ямар учиртай хүмүүс вэ? Хаанаас ирсэн бэ?» гэж надаас асуухад 14 би тэр даруй «Эзэн минь, та мэднэ шүү дээ» гэж хариуллаа. Тэр ахлагч: «Тэд агуу их гамшгийг туулж ирсэн бөгөөд Хурганы цусаар хувцсаа угааж, цагаан болгосон юм. 15 Тиймээс тэд Бурхны сэнтийний өмнө байгаа бөгөөд сүмд нь өдөр шөнөгүй түүнд үйлчилж* байна. Сэнтийд залрагч Нэгэн асраараа тэднийг бүрхэнэ. 16 Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Наранд ч шарагдахгүй, аагим халуунд ч халахгүй. 17 Учир нь сэнтийний голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд руу зална. Бурхан тэдний нулимс бүрийг арчих болно» гэлээ.
8 Хурга долоо дахь лацыг салгахад тэнгэрт хагас цаг орчим нам гүм байлаа. 2 Бурхны өмнө зогсох долоон тэнгэрийн элчийг би харав. Тэдэнд долоон бүрээ өгсөн байв.
3 Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрийн элч ирж тахилын ширээний дэргэд зогслоо. Түүнд их хэмжээний утлага өгчээ. Тэрээр бүх ариун хүнийг залбирахад сэнтийний өмнөх алтан тахилын ширээн дээр утлага уугиулах ажээ. 4 Тэнгэрийн элчийн уугиулсан утлага, ариун хүмүүсийн залбирлууд Бурханд хүрэв. 5 Гэтэл тэр даруй тэнгэрийн элч тахилын ширээний галаас авч бойпроо дүүргээд дэлхий рүү гал хаялаа. Тэгтэл тэнгэр нижигнэж, дуу чимээ гарч, аянга гялбаж, газар хөдлөв. 6 Тэгэхэд долоон тэнгэрийн элч дор бүрнээ бүрээгээ үлээхэд бэлдэв.
7 Эхний тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд цустай мөндөр, гал дэлхий дээр бууж, дэлхийн гуравны нэг, модны гуравны нэг, бүх ногоон өвсийг шатаалаа.
8 Хоёр дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд шатаж буй асар том уул шиг юм тэнгист хаягдлаа. Тэнгисийн гуравны нэг нь цус болж, 9 тэнгисийн амьтдын гуравны нэг нь үхэж, усан онгоцны гуравны нэг нь сүйрэв.
10 Гурав дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд асаж буй дэн мэт асар том од тэнгэрээс уналаа. Голуудын гуравны нэг болон усны эх булгууд дээр унав. 11 Энэ одыг «Гашуун өвс» гэдэг бөгөөд усны гуравны нэг гашуун өвс болжээ. Гашуун уснаас болж олон хүн үхэв.
12 Дөрөв дэх тэнгэрийн элч бүрээгээ үлээхэд нарны гуравны нэг, сарны гуравны нэг, оддын гуравны нэг сүйдэв. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлан, өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнө ч бас тийм болох ажээ.
13 Тэгээд би тэнгэрийн дундуур нисэж яваа нэгэн бүргэдийг харлаа. Тэр бүргэд чангаар ингэж хэлэхийг сонсов. «Дэлхийд суугчид харамсалтай яа, харамсалтай яа, харамсалтай яа! Учир нь үлдсэн гурван тэнгэрийн элч бүрээгээ үлээх гэж байна!».
9 Тав дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээв. Тэнгэрээс дэлхий дээр унасан одыг би харлаа. Ёроолгүй нүхний түлхүүрийг түүнд өгсөн байлаа. 2 Тэрээр ёроолгүй нүхийг нээхэд асар том зуухных мэт утаа нүхнээс гарч, утаанаас болж нар, агаар харанхуйллаа. 3 Царцаанууд өнөөх утаан дундаас дэлхий дээр гарч ирэв. Царцаануудад өгсөн эрх мэдэл нь дэлхийн хилэнцэт хорхойнхтой адил ажээ. 4 Дэлхийн өвс ногоо, аливаа ногоон ургамал, ямар ч модонд хор учруулахгүй байхыг тэдэнд тушаажээ. Харин духан дээрээ Бурхны тамгагүй хүмүүст л хор учруулах ажээ.
5 Тэднийг алах бус, харин таван сар тарчлаах эрхийг царцаануудад өгсөн бөгөөд тэд хилэнцэт хорхой хатгахад тарчилдаг шиг тарчлах ажээ. 6 Тэгэхэд хүмүүс үхлийг хайх боловч үхэл олдохгүй, үхье гэвч үхэл тэднээс зугтана.
7 Царцаанууд тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт харагдана. Толгой дээр нь алтан титэм мэт юм байх бөгөөд хүнийх шиг нүүртэй, 8 гэхдээ эмэгтэй хүнийх шиг үстэй, арслангийнх шиг шүдтэй. 9 Төмөр чээживч шиг чээживчтэй, далавчаа дэвэхэд нь тулалдахаар давхиж яваа морин тэрэгний чимээ шиг чимээ гардаг ажээ. 10 Царцаанууд сүүлэндээ хилэнцэт хорхойнх шиг хорт хатгууртай. Хүмүүсийг таван сар тарчлаах хүч сүүлэнд нь байдаг. 11 Тэдний хаан бол ёроолгүй нүхний тэнгэрийн элч юм. Нэрийг нь еврейгээр Абадон*, грекээр Аполон* гэдэг.
12 Нэг гамшиг өнгөрлөө. Эдгээрийн дараа хоёр гамшиг болох гэж байна.
13 Зургаа дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээв. Бурхны өмнөх тахилын алтан ширээний эврүүдээс нэг дуу гарч, 14 бүрээ бүхий зургаа дахь тэнгэрийн элчид хандан «Агуу Евфрат мөрний дэргэд хүлээтэй байгаа дөрвөн тэнгэрийн элчийг сулла» гэхийг би сонслоо. 15 Тэгэхэд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөхөөр цаг, өдөр, сар, жилийг хүлээж байсан дөрвөн тэнгэрийн элч суллагдав.
16 Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая гэдгийг би сонслоо. 17 Миний үзсэн үзэгдэлд морьд болон морьтонгууд ийм байв. Морьтонгууд нь гал улаан, тод цэнхэр, хүхрийн шар өнгөтэй чээживчтэй. Морьд нь арслангийнх шиг толгойтой, амнаас нь гал, утаа, хүхэр савсана. 18 Энэ гурван гамшиг буюу морьдын амнаас савсах гал, утаа, хүхрээс болж хүмүүсийн гуравны нэг үхэв. 19 Учир нь морьдын хүч ам ба сүүлэнд нь байдаг. Сүүл нь могой шиг бөгөөд толгойтой. Морьд үүгээрээ хөнөөл учруулдаг.
20 Гэвч эдгээр гамшгаар хөнөөгдөөгүй хүмүүс хийсэн хэргээ* гэмшсэнгүй. Тэд чөтгөрүүдийг шүтэхээ больсонгүй. Хардаггүй, сонсдоггүй, явдаггүй, алт, мөнгө, зэс, чулуу, модон шүтээн шүтэхээ больсонгүй. 21 Тэд хүн алдагтаа ч, ид шид үйлддэгтээ ч, садарлаж самуурдагтаа* ч, хулгай хийдэгтээ ч гэмшсэнгүй.
10 Тэнгэрээс өөр нэг хүчирхэг тэнгэрийн элч бууж ирэхийг би харлаа. Тэрээр үүлэн хувцастай, тэргүүн дээрээ солонготой, нар мэт нүүртэй, галан багана мэт хөлтэй байв. 2 Гарт нь бяцхан хуйлмал ном дэлгээтэй байлаа. Баруун хөлөөрөө тэнгис, зүүн хөлөөрөө газар гишгэж, 3 архирах арслан адил сүрлэг дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад нүргэлэх долоон дуу ярив.
4 Нүргэлэх долоон дуу ярихад би бичих гэлээ. Гэтэл тэнгэрээс дуу гарч «Долоон дууны ярьсныг лацад. Бүү бич» гэхийг би сонсов. 5 Тэнгис ба газар дээр зогсож байсан, миний харсан өнөөх тэнгэрийн элч баруун гараа тэнгэр өөд өргөж, 6 тэнгэр болон дээрх юмсыг нь, газар болон дээрх юмсыг нь, тэнгис болон доторх юмсыг нь бүтээсэн үүрд мөнх оршигч Нэгнээр тангараглаж «Үүнээс хойш хүлээхгүй. 7 Гэхдээ долоо дахь тэнгэрийн элчийг бүрээгээ үлээх гэж байхад Бурхны ариун нууц дуусна. Энэ нууц бол зөнч буюу боолууддаа Бурхны тунхагласан сайн мэдээ юм» гэлээ.
8 Тэнгэрээс гарсан өнөөх дуу надад дахин сонсдож, «Очоод тэнгис, газар дээр зогсож байгаа тэнгэрийн элчийн гарт дэлгээтэй байгаа хуйлмал номыг ав» гэж хэлэв. 9 Би тэнгэрийн элч рүү очоод бяцхан хуйлмал номоо надад өгөөч гэхэд тэрээр: «Май. Үүнийг ид. Ходоодыг чинь хорсгох боловч аманд чинь зөгийн бал мэт чихэрлэг байх юм» хэмээв. 10 Би тэнгэрийн элчийн гараас бяцхан хуйлмал номыг аваад идэв. Аманд минь зөгийн бал мэт чихэрлэг байсан боловч идсэний дараа ходоодыг минь хорсгов. 11 «Чи олон үндэстэн, олон ард түмэн, олон хэлтэн, олон хааны талаар дахиад зөгнөх ёстой» гэж тэд надад хэллээ.
11 Надад хулсан саваа* өгөв. Тэрээр: «Бос. Бурхны сүмийн ариун газар, тахилын ширээг хэмж. Бурхныг шүтэж байгаа хүмүүсийг тоол. 2 Харин ариун газрын гаднах талбайг орхи. Бүү хэмж. Учир нь үүнийг үндэстнүүдэд өгсөн юм. Ариун хот 42 сарын турш тэдний хөлд гишгэгдэнэ. 3 Би хоёр гэрчээ явуулна. Тэд таар өмсөж, 1 260 хоногийн турш зөгнөнө» гэж хэлэв. 4 Тэднийг хоёр чидун мод, хоёр дэнгээр бэлгэддэг. Тэд дэлхийн Эзний өмнө зогсож байна.
5 Хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл тэд амнаасаа гал гаргаж устгана. Хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл ингэж хөнөөгдөх ёстой. 6 Тэд зөгнөх хугацаандаа бороо оруулахгүйн тулд тэнгэрийг хаах эрхтэй. Усыг цус болгох, хүссэн үедээ газар дээр янз бүрийн гамшиг буулгах эрхтэй.
7 Тэднийг гэрчилж дуусахад ёроолгүй нүхнээс гарч ирсэн араатан тэдэнтэй дайтаж дийлээд ална. 8 Тэдний цогцос агуу хотын гол гудамжинд байх юм. Тэр хот нь Содом болон Египетийг бэлгэддэг. Тэдний Эзэн ч тэнд шонд хадуулсан. 9 Олон үндэстэн, олон овог, олон хэлтэн, олон ард түмнээс бүрдэх хүмүүс цогцсыг нь бүтэн гурван өдөр, бас хагас өдөр харах бөгөөд оршуулахыг зөвшөөрөхгүй. 10 Дэлхийд амьдардаг хүмүүс тэднийг үхсэнд баярлаж, найр хийж, бие биедээ бэлэг явуулна. Учир нь хоёр зөнч дэлхийд амьдардаг хүмүүсийг зовоож байсан юм.
11 Бүтэн гурван өдөр, бас хагас өдрийн дараа Бурхан амь өгдөг хүчийг тэдэнд оруулахад тэд хөл дээрээ бослоо. Тэднийг харж байсан хүмүүс маш их айв. 12 Тэнгэрээс дуу гарч «Нааш ир» гэж хэлэхэд тэд үүлэн дундуур явсаар тэнгэрт гарав. Дайснууд нь тэднийг харлаа. 13 Тэр цагт газар хүчтэй хөдөлж, хотын аравны нэг нурлаа. Газар хөдлөхөд 7 000 хүн үхэв. Үлдсэн хүмүүс айдаст автаж, тэнгэрийн Бурхныг алдаршуулав.
14 Хоёр дахь гамшиг өнгөрлөө. Гурав дахь нь даруй болно.
15 Долоо дахь тэнгэрийн элч бүрээгээ үлээв. Тэнгэрт чанга дуу гарч «Бурхны маань болон түүний Христийн Хаант төр хүн төрөлхтнийг захирч эхэллээ. Тэрээр үүрд мөнх хаанчилна» гэж хэлэв.
16 Бурхны өмнө өөрсдийнхөө сэнтийд сууж байсан 24 ахлагч сөгдөж, Бурхныг шүтэв. 17 Тэд: «Байгаа бөгөөд байсан, Төгс хүчит Ехова* Бурхан минь ээ, бид танд талархдаг. Учир нь та хэмжээлшгүй хүчээ авч, хаанчилж эхэллээ. 18 Гэхдээ үндэстнүүд уурласан. Та хилэгнэсэн. Үхсэн хүмүүсийг шүүх, зөнч боолууд, ариун хүмүүс, нэрнээс тань эмээдэг их бага хүмүүсийг шагнах товлосон цаг болжээ. Бас дэлхийг устгагчдыг устгах цаг болжээ» гэцгээв.
19 Тэнгэр дэх Бурхны сүмийн ариун газар нээгдсэн байв. Гэрээний авдар сүмийн ариун газар байгааг би үзэв. Тэгтэл аянга гялбаж, дуу чимээ гарч, тэнгэр нижигнэн, газар хөдөлж, их мөндөр буулаа.
12 Тэнгэрт ийм агуу явдал болов. Нарыг өмссөн, хөл доороо сар, тэргүүн дээрээ 12 од бүхий титэмтэй нэгэн эмэгтэй 2 хөл хүнд байсан бөгөөд төрөх гэж өвдөж, шаналсандаа хашхирч байлаа.
3 Тэнгэрт өөр нэг явдал боллоо. Гал улаан өнгөтэй, долоон толгой, арван эвэртэй бөгөөд толгой болгондоо титэмтэй агуу том луу байсан. 4 Тэрээр сүүлээрээ тэнгэрийн оддын гуравны нэгийг шавхуурдаж дэлхий рүү унагав. Луу эмэгтэйг төрмөгц хүүхдийг нь залгихын тулд төрөх гэж буй эмэгтэйн өмнө зогсож байлаа.
5 Өнөөх эмэгтэй хүү төрүүлэв. Тийм ээ, эрэгтэй хүүхэд төрүүлэв. Тэр хүү бүх үндэстнийг төмөр таягаар хариулна. Хүүхдийг Бурхан болон Бурхны сэнтий рүү аваачив. 6 Эмэгтэй өөрт нь зориулж Бурхны бэлдсэн цөл рүү зугтав. Тэнд түүнийг 1 260 хоногийн турш тэжээнэ.
7 Тэнгэрт дайн болов. Михаел* тэнгэрийн элчүүдтэйгээ хамт луутай тулалдав. Луу болон түүний тэнгэрийн элчүүд тулалдсан ч 8 ялагдсан бөгөөд хойшид тэнгэрт байх газар тэдэнд олдсонгүй. 9 Агуу том луу буюу дэлхий даяарх хүмүүсийг мэхлэгч Диавол буюу Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэрээр дэлхий рүү хаягдлаа. Түүнтэй хамт тэнгэрийн элчүүд нь ч доош хаягдав. 10 Тэгтэл тэнгэрт чанга дуу гарч ийн хэлэхийг би сонслоо.
«Эдүгээ Бурхан маань хүмүүсийг аварч, хүч чадлаа үзүүлж, Хаант төрөө байгуулсан бөгөөд түүний Христ эрх мэдлийнхээ дагуу ажиллаж эхэллээ. Учир нь ах дүүг маань Бурхны өмнө өдөр шөнөгүй буруутгадаг тэр буруутгагч доош хаягдсан. 11 Тэд түүнийг Хурганы цус болон тунхагласан мэдээгээрээ ялсан. Үүний төлөө тэд амиа ч хайрлаагүй, үхлээс ч айгаагүй. 12 Тиймээс тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлагтун! Дэлхий болон тэнгис харамсалтай яа! Яагаад гэвэл Диавол та нар луу бууж очсон. Өөрт нь богинохон хугацаа үлдсэнийг мэдэж байгаа тул тэрээр үлэмж их уур хилэнтэй байгаа».
13 Луу дэлхий рүү хаягдсанаа мэдээд хүү төрүүлсэн өнөөх эмэгтэйг хавчив. 14 Харин эмэгтэйд агуу том бүргэдийн хоёр далавч өгөв. Тэгээд эмэгтэй өөрт нь бэлдсэн цөл рүү нислээ. Эмэгтэй тэнд могойноос хол байж нэг үе, хоёр үе болон хагас үеийн турш* тэжээгдэх ажээ.
15 Тэгтэл могой эмэгтэйг живүүлэх гэж амнаасаа гол мэт ус гарган араас нь урсгав. 16 Харин газар эмэгтэйд тусалж, амаа ангайлган лууны амнаас урссан голыг залгилаа. 17 Тиймээс могой эмэгтэйд хилэгнэн уурлаж, үр удмаас нь үлдсэн хүмүүстэй дайтахаар явлаа. Тэд бол Бурхны тушаалыг биелүүлдэг, Есүсийн талаар сайтар гэрчлэх даалгавартай хүмүүс юм.
13 Луу тэнгисийн эргийн элсэн дээр зогсож байлаа.
Тэнгисээс арван эвэртэй, долоон толгойтой араатан гарч ирэхийг би харав. Эвэр бүр нь титэмтэй, толгой бүрдээ Бурхныг доромжилсон нэртэй байлаа. 2 Миний харсан энэ араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийнх нь хүч, сэнтий, асар их эрх мэдлийг өгөв.
3 Араатны нэг толгой нь үхлийн шарх олсон боловч тэр нь эдгэсэн байхыг би харлаа. Дэлхий даяараа араатныг бишрэн, араас нь дагалаа. 4 Луу араатанд эрх мэдэл өгсөн учир тэд лууг шүтэв. Мөн тэд: «Хэн араатантай адил бэ? Хэн араатантай тулалдаж чадах вэ?» гэцгээн араатныг шүтэв. 5 Онгирч сагсуурах, доромжлолыг урсгах ам болон 42 сарын турш хүссэнээ хийх эрхийг араатанд өгчээ. 6 Тэр амаа нээж Бурхныг, түүний нэр, орших газрыг, тэнгэрт нутаглагсдыг ч доромжлов. 7 Араатан ариун хүмүүстэй дайтаж тэднийг ялах эрхтэй болсон бөгөөд бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтэн, бүх үндэстнийг захирах эрх мэдлийг авчээ. 8 Нядлуулсан Хурганы амийн номонд нэр нь бичигдээгүй дэлхийн бүх хүн түүнийг шүтэх ажээ. Тэр ном нь ертөнцийн суурь тавигдсан үеэс бэлтгэгдэж байсан.
9 Чихтэй нэг нь сонсог. 10 Олзлогдох ёстой нь олзлогдоно. Илдээр хороовол* илдээр хороогдоно. Иймээс ариун хүмүүс тэвчээртэй, бат итгэлтэй байх ёстой.
11 Дараа нь хурганых шиг хоёр эвэртэй өөр нэг араатан газар доороос гарч ирэхийг би харав. Гэхдээ луу шиг ярьж эхэллээ. 12 Энэ араатан эхний араатны хараа хяналтан дор бүх эрх мэдлийг нь эдэлдэг бөгөөд үхлийн шарх нь эдгэсэн эхний араатныг дэлхий болон дэлхийн суугчдаар шүтүүлэв. 13 Бас агуу гайхамшгууд үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газар луу гал буулгадаг.
14 Хоёр дахь араатан эхний араатны хараа хяналтан дор үйлдсэн гайхамшгуудаараа дэлхийн суугчдыг төөрөлдүүлдэг бөгөөд илдний шархтай ч эдгэсэн араатанд зориулж хөрөг бүтээ гэдэг ажээ. 15 Энэ хөрөгт амь* оруулах эрхийг хоёр дахь араатанд өгсөн нь хөргийг ярьдаг болгож, хөрөг шүтэхээс татгалзсан бүх хүнийг хөнөөлгөх зорилготой юм.
16 Тэрээр баруун гар юм уу духан дээрээ тэмдэг тавиул гэж эрх дархтай, эгэл жирийн, баян ядуу, чөлөөт хийгээд боол гээд бүх хүнийг албадав. 17 Тэмдэг буюу араатны нэр эсвэл нэрнийх нь тоог тавиулаагүй ямар ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ. 18 Хэрсүү ухаантай нь араатны тоог бодож олог. Энэ нь хүний тоо, энэ тоо нь 666 юм. Мэргэн ухаантай нь л үүнийг ойлгоно.
14 Сион уулан дээр Хурга болон 144 000 хүн зогсож байгааг би харлаа. Тэр хүмүүсийн духан дээр Хурга болон Эцгийн нэр бичээстэй байв. 2 Их усны дуу, аянга ниргэх мэт чанга дуу тэнгэрээс гарах нь сонсдов. Надад сонсогдсон дуу бол дуучид босоо ятгаар тоглонгоо дуулж байгаа дуу мэт байлаа. 3 Сэнтий, дөрвөн амьд бүтээл, ахлагчдын өмнө тэдний дуулж байгаа дуу нь шинэ дуу бололтой. Тэр дууг дэлхийгээс худалдаж авсан 144 000 хүнээс өөр хэн ч сурч чадахгүй ажээ. 4 Тэд эмэгтэйчүүдтэй садарлаж өөрсдийгөө бузарлаагүй, ариун* хүмүүс юм. Тэд Хургыг хаашаа ч явсан дагадаг. Тэднийг хүн төрөлхтний дундаас Бурхан болон Хурганы төлөө анхны үр жимс болгон худалдаж авсан билээ. 5 Тэдний амнаас заль мэх олдоогүй бөгөөд тэд гэм зэмгүй юм.
6 Тэнгэрийн дундуур* нисэж яваа өөр нэгэн тэнгэрийн элчийг би харав. Газар дээр суугч бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байлаа. 7 Тэрээр чанга дуугаар «Бурхнаас эмээж, түүнийг алдаршуулагтун. Учир нь бүх хүнийг шүүх цаг болжээ. Тиймд тэнгэр, газар, тэнгис ба усны эх булгуудыг бүтээсэн Нэгнийг шүтэцгээ» хэмээж байлаа.
8 Дараа нь гарч ирсэн хоёр дахь тэнгэрийн элч: «Тэр нурсан! Садарлан самуурах* хүсэл тачаал буюу дарсаа бүх үндэстэнд уулгасан Агуу Вавилон нурсан!» гэж хэлэв.
9 Тэдний араас гурав дахь тэнгэрийн элч гарч ирээд чанга дуугаар «Араатан болон түүний хөргийг шүтдэг, дух юм уу гар дээрээ түүний тэмдгийг тавиулсан хүн 10 Бурхны дарсыг бас ууна. Энэ дарс нь Бурхны уур хилэн юм. Бурхан энэ дарсыг уур хилэнгийн аягандаа шингэлэлгүй хийнэ. Тэр хүн ариун тэнгэрийн элчүүд болон Хурганы өмнө гал, хүхэр дотор тарчилна. 11 Тэднийг тарчилгадаг галын утаа* үүрд мөнх бургилна. Араатан болон түүний хөргийг шүтдэг, нэрнийх нь тэмдгийг тавиулсан хүн өдөр шөнөгүй зовно. 12 Иймд Бурхны тушаалыг биелүүлдэг, Есүсийн итгэлээс чанга зуурдаг ариун хүмүүс тэвчээртэй байх ёстой» гэж хэллээ.
13 Тэнгэрээс «Бич. Энэ цагаас хойш үхэх Эзний дагалдагчид жаргалтай. Тэд ажлаа зогсоож амраг. Учир нь тэдний хийсэн бүхэн мартагдахгүй* гэж Бурхны агуу хүч хэлж байна» гэх дуу гарахыг би сонслоо.
14 Би нэгэн цагаан үүл харав. Тэргүүндээ алтан титэмтэй, гартаа хурц хадууртай, хүний хүүтэй адил нэгэн тэр үүлэн дээр сууж байлаа.
15 Сүмийн ариун газраас өөр нэг тэнгэрийн элч гарч ирээд үүлэн дээр суугаа нэгэнд хандан өндөр дуугаар «Хадаад хурааж ав. Учир нь хураах цаг болсон, дэлхийн ургац бүрэн боловсорсон» гэхэд 16 үүлэн дээр суугч дэлхий дээгүүр хадуураараа ширвэн, ургацыг нь хураав.
17 Тэнгэр дэх сүмийн ариун газраас дахин нэг тэнгэрийн элч гарч ирлээ. Тэрээр бас хурц хадууртай ажээ.
18 Өөр нэг тэнгэрийн элч тахилын ширээнээс гарч ирсэн бөгөөд галыг захирдаг ажээ. Тэрээр хурц хадууртай нэгэнд хандан чанга дуугаар «Усан үзэм боловсорсон тул хурц хадуураараа хадаж, дэлхийн усан үзмийг багцаар нь хураа» гэв. 19 Тэгэхэд тэнгэрийн элч дэлхий дээгүүр хадуураараа ширвэн, дэлхийн усан үзмийг хураагаад Бурхны уур хилэнгийн дарсны том шахуургад хийв. 20 Шахуурга нь хотын гадна шахагдахад шахуургаас цус гарч өндрөөшөө морины хазаарт хүрч, уртаашаа 1 600 стадиа* газар урслаа.
15 Тэгээд би тэнгэрт агуу, гайхалтай явдал болохыг харлаа. Долоон гамшигтай долоон тэнгэрийн элчийг харав. Эдгээр нь сүүлчийн гамшиг юм. Учир нь эдгээрээр Бурхны уур хилэн дуусна.
2 Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг харлаа. Араатан болон түүний хөргийг ялсан, нэрнийх нь тоог тавиулаагүй хүмүүс Бурхны босоо ятгыг бариад шилэн тэнгисийн дэргэд зогсож байв. 3 Тэд Бурхны боол Мосегийн дуу болон Хурганы дууг дуулж байлаа.
«Төгс хүчит Ехова* Бурхан, таны үйл хэрэг агуу бөгөөд гайхамшигтай. Мөнхийн Хаан, таны зам шударга сайн бөгөөд үнэн. 4 Ехова*, танаас эмээхгүй, нэрийг тань алдаршуулахгүй хэн байх вэ? Учир нь ганцхан та үнэнч билээ. Шударга шүүдэг тань илчлэгдсэн учир үндэстнүүд ирж таныг шүтнэ» гэж дуулав.
5 Үүний дараа гэрчлэлийн асрын ариун газар тэнгэрт нээгдэхийг би харав. 6 Долоон гамшигтай долоон тэнгэрийн элч ариун газраас гарч ирлээ. Тэд цэвэр, гялалзсан маалинган хувцастай, алтан чээживчтэй байлаа. 7 Дөрвөн амьд бүтээлийн нэг нь долоон тэнгэрийн элчид үүрд мөнх оршигч Бурхны уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг өгөв. 8 Бурхны сүр алдар, хүч чадлын улмаас ариун газар утаагаар дүүрсэн учир долоон тэнгэрийн элчийн долоон гамшиг дуустал хэн ч тийшээ орж чадсангүй.
16 Долоон тэнгэрийн элчид «Явагтун. Бурхны уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асгагтун» гэж хэлэх чанга дуу ариун газраас гарахыг би сонслоо.
2 Эхний тэнгэрийн элч явж аягатайгаа дэлхий дээр асгав. Араатны тэмдэгтэй, хөргийг нь шүтдэг хүмүүс айхавтар өвчтэй, хортой яранд баригдлаа.
3 Хоёр дахь тэнгэрийн элч аягатайгаа тэнгис дээр асгав. Тэгэхэд тэнгис үхсэн хүний цус шиг болж, дотор нь байсан амьд бүхэн, тийм ээ, тэнгис дотор байсан бүхэн үхлээ.
4 Гурав дахь тэнгэрийн элч аягатайгаа гол мөрөн, усны ундаргууд дээр асгахад тэдгээр нь цус болов. 5 Усыг захирдаг тэнгэрийн элч: «Байгаа, байсан Нэгэн, та бол үнэнч Бурхан. Ийн шүүсэн учир та бол шударга сайн. 6 Тэд ариун хүмүүс болон зөнчдийн цусыг урсгасан тул та тэдэнд цус уулгасан. Тэднийг ингэж шийтгэвэл зохино» гэж хэлэхийг би сонслоо. 7 Тахилын ширээ: «Төгс хүчит Ехова* Бурхан минь ээ, та үнэн бөгөөд шударга шүүдэг» гэж хэлэхийг би сонслоо.
8 Дөрөв дэх тэнгэрийн элч аягатайгаа наран дээр асгав. Хүмүүсийг галаар төөнөж зовоохыг наранд зөвшөөрчээ. 9 Хүмүүс аагим халуунд төөнүүлсэн ч гэмшсэнгүй, Бурхны нэрийг доромжлов. Тэд эдгээр гамшгийг захирах эрхтэй Бурхныг алдаршуулсангүй.
10 Тав дахь тэнгэрийн элч аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Араатны хаант төр харанхуйлж, тэд өвдсөнөөсөө болж хэлээ хазан 11 өвчин шаналал, яр шархнаасаа болж тэнгэрийн Бурхныг доромжилсон бөгөөд хийсэн хэргээ гэмшсэнгүй.
12 Зургаа дахь тэнгэрийн элч аягатайгаа агуу их Евфрат мөрөн дээр асгахад мөрөн хатаж ширгэв. Ийнхүү наран мандах зүгээс ирэх хаадын зам бэлэн боллоо.
13 Луу, араатан, хуурамч зөнчийн амнаас гарах гурван бузар үг нь мэлхий шиг байв. 14 Үнэндээ, эдгээр үг нь чөтгөрүүдээс эхтэй бөгөөд дэлхий даяар түгж хаадын сонорт хүрнэ. Эдгээр үг нь Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайнд хаадыг цуглуулах зорилгоор гайхамшиг үйлдэнэ.
15 «Би хулгайч шиг очиж байна. Сэргэг байж, хувцсаа алддаггүй хүн жаргалтай яа! Эс тэгвэл нүцгэрч, ичгүүр шившиг болно» гэх дуу гарлаа.
16 Өнөөх үгс хаадыг еврейгээр Хармагедон* гэдэг газар цуглуулав.
17 Долоо дахь тэнгэрийн элч аягатайгаа агаарт асгав. Тэгэхэд ариун газраас, сэнтийнээс «Ингээд дууслаа!» гэх чанга дуу гарлаа. 18 Тэгтэл аянга гялбаж, дуу чимээ гарч, тэнгэр нижигнэн, газар хүчтэй хөдлөв. Ийм хүчтэй, ийм аймшигтай газар хөдлөлт хүн төрөлхтөн бүтээгдсэнээс хойш болж байсангүй. 19 Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Бурхан уур хилэнгийнхээ дарстай аягыг Агуу Вавилонд өгөхөө санаж байв. 20 Бас арлууд зугтаж, уулс алга болжээ. 21 Дараа нь ширхэг бүр нь нэг талант* орчим жинтэй аварга том мөндөр тэнгэрээс хүмүүс дээр буулаа. Мөндрийн гамшгаас болж хүмүүс Бурхныг доромжлов. Учир нь энэ гамшиг маш их хөнөөл учруулав.
17 Долоон аягатай долоон тэнгэрийн элчийн нэг нь ирээд надад ийн хэлэв. «Нааш ир, их усан дээр сууж буй агуу янхныг хэрхэн шүүхийг чамд үзүүлье. 2 Дэлхийн хаад энэ янхантай садарлан самуурч*, дэлхийн хүмүүс түүний садар самуун* явдлын дарснаас ууж согтсон билээ».
3 Тэгээд тэр тэнгэрийн элч намайг Бурхны агуу хүчээр цөлд аваачив. Долоон толгойтой, арван эвэртэй, час улаан өнгөтэй, Бурхныг доромжилсон нэрсээр дүүрэн араатан дээр сууж буй эмэгтэйг би харлаа. 4 Эмэгтэй ягаан, улаан өнгийн хувцас өмсөж, алт, үнэт чулуу, сувдаар гоёсон бөгөөд жигшүүрт юм, садар самуун* явдлынхаа бузар булай юмаар дүүргэсэн алтан аяга барьсан байлаа. 5 Мөн духан дээр нь «Янхнуудын болон дэлхийн жигшүүрт юмсын эх Агуу Вавилон» гэсэн нууц нэр бичээстэй ажээ. 6 Тэрээр ариун хүмүүс болон Есүсийн гэрчүүдийн цуснаас ууж согтсоныг би харав.
Би түүнийг хараад мэл гайхав. 7 Тиймээс тэнгэрийн элч надад «Чи юунд гайхна вэ? Би чамд энэ эмэгтэйн болон түүнийг авч яваа долоон толгой, арван эвэртэй араатны нууцыг хэлж өгье. 8 Чиний харсан араатан байсан боловч байхгүй. Гэхдээ удахгүй ёроолгүй нүхнээс гарч ирэх бөгөөд устаж үгүй болно. Араатан байсан ч байхгүй болоод дахин гарч ирэхийг дэлхийн хүмүүс хараад гайхна. Тэд бол ертөнцийн суурийг тавигдсанаас хойш нэр нь амийн номонд бичигдээгүй хүмүүс юм.
9 Үүнийг ойлгоход мэргэн ухаан хэрэгтэй. Долоон толгой нь эмэгтэйн сууж буй долоон уул юм. 10 Мөн долоон хааныг бэлгэддэг. Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа. Нөгөө нь хараахан ирээгүй. Ирэхээрээ түр зуур байх юм. 11 Байсан ч байхгүй болсон тэр араатан бол найм дахь хаан юм. Гэхдээ энэ нь өнөөх долоогоос гарах бөгөөд яваандаа сүйрэх ажээ.
12 Чиний харсан арван эвэр бол хаанчлах эрхээ хараахан аваагүй байгаа арван хаан юм. Гэхдээ тэд араатантай хамт хаанчлах эрх авах бөгөөд энэ эрхээ нэг цагийн турш эдэлнэ. 13 Арвуулаа санаа нэгтэй учир хүч, эрх мэдлээ араатанд өгнө. 14 Тэд Хургатай тулалдах боловч Хурга тэднийг ялна. Учир нь Хурга бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Хургатай хамт байгаа дуудагдсан, сонгогдсон, үнэнч хүмүүс ч бас ялна» гэж хэллээ.
15 Тэнгэрийн элч: «Чиний харсан, янхны сууж буй ус бол ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд юм. 16 Чиний харсан арван эвэр болон араатан янхныг үзэн ядаж, сүйрүүлж, нүцгэлж, махыг нь идээд галд бүрмөсөн шатаана. 17 Үүнийг Бурхан тэдний зүрх сэтгэлд хийсэн нь санаж зорьсноо гүйцэлдүүлэхийн тулд юм. Бурхны үг биелэх цаг болтол тэд эрх мэдлээ араатанд өгнө гэсэн нэг санаатай байна. 18 Чиний харсан эмэгтэй бол дэлхийн хаадыг захирдаг агуу хот юм» гэж надад хэлэв.
18 Үүний дараа асар их эрх мэдэлтэй тэнгэрийн элч тэнгэрээс бууж ирэхийг би харлаа. Түүний алдар суу дэлхийг гэрэлтүүлэв. 2 Тэрээр өндөр дуугаар «Тэр нурсан! Агуу Вавилон нурсан! Тэрээр чөтгөрүүдийн нутагладаг газар, бүх бузар, жигшүүрт шувууны үүр, хортой агаараар дүүрсэн газар болжээ. 3 Учир нь садарлан самуурах* хүсэл тачаал буюу дарснаас нь болж бүх үндэстэн хохирсон. Дэлхийн хаад түүнтэй садарлан самуурсан. Дэлхийн худалдаачид* баян чинээлэг түүний ачаар баяжсан. Тэр ичиж зовохгүйгээр асар их хөрөнгө хурааж хуримтлуулсан» гэж хэлэв.
4 Тэнгэрээс өөр дуу гарч ингэж хэлэхийг би сонслоо. «Миний ард түмэн, та нар тэр эмтэй хамт нүгэл үйлдэхгүй, гамшгуудад нь өртөхгүй байя гэвэл тэндээс гарцгаа. 5 Учир нь тэр эм тэнгэрт тулам их нүгэлтэй бөгөөд бузар муу юм хийсэн түүнийг Бурхан шүүнэ. 6 Бусдад хэрхэн хандаж байсан шиг нь өөрт нь тэгж ханд. Хийсэн хэргийг нь хоёр нугалж өөрт нь үйлд. Найруулж байсан аяганд нь хоёр дахин ихийг найруулж өг. 7 Тэр эм өөрийгөө хэчнээн их алдаршуулж, хэчнээн их тансагласан, тэр хэрээр нь түүнийг тарчлааж, гашуудуул. Учир нь тэрээр: “Би хатан хаан мэт суудаг. Би бэлэвсэн эм биш бөгөөд уй гашууг хэзээ ч үзэхгүй” гэж өөртөө хэлдэг. 8 Тиймээс нэг л өдөр түүнд гамшиг тохиолдох буюу үхэл, гашуудал, өлсгөлөн нүүрлэж, тэр эм галд бүрмөсөн шатна. Яагаад гэвэл түүнийг шүүсэн Ехова* Бурхан хүчтэй.
9 Түүнтэй садарлан самуурч*, ичиж зовохгүйгээр хураасан эд хөрөнгөөр нь амьдарч байсан хаад түүнийг шатахад утааг нь хараад гашуудан чээжээ дэлдэж, уйлна. 10 Тэд түүн шиг тарчлахаас айсандаа хол зогсоод “Харамсалтай яа! Агуу, хүчирхэг хот Вавилон чи ганц цагийн дотор шийтгүүллээ!” гэж байлаа.
11 Бас дэлхийн худалдаачид уйлж, түүний хойноос гашуудна. Учир нь тэдний барааг худалдаж авах хэн ч байхгүй боллоо. 12 Бараа нь гэвэл алт, мөнгө, эрдэнэсийн чулуунууд, сувд, сайн чанарын маалинга, ягаан даавуу, торго, час улаан даавуу, анхилуун үнэрт модоор хийсэн эд бараа, зааны яс, үнэтэй мод, зэс, төмөр, гантигаар хийсэн янз бүрийн эдлэл, 13 шанц, халуун ногоо, утлага, анхилуун үнэрт тос, гүгэл, дарс, чидуны тос, сайн чанарын гурил, буудай, үхэр, хонь, адуу, тэрэг, боол ба хүмүүс байв. 14 Тийм ээ, чиний дуртай боловсорсон жимс чамайг орхисон. Тансаг амттан, ховор нандин бүхэн чинь алга болсон, дахиж хэзээ ч олдохгүй.
15 Эдгээр барааг худалддаг, түүний ачаар баяжсан худалдаачид түүн шиг тарчлахаас айсандаа хол зогсоно. Тэд уйлж гашуудан 16 “Ягаан болон улаан өнгийн, сайн чанарын маалинган хувцастай, алт, эрдэнийн чулуу, сувдаар дэндүү их гоёдог агуу хот харамсалтай яа! 17 Учир нь ийм их эд баялаг ганц цагийн дотор сүйрлээ!” гэцгээнэ.
Усан онгоцны ахмадууд, зорчигчид, далайчид бүгдээрээ, далай тэнгисээр амь зуулгаа олдог бүх хүн зайдуу зогсон 18 түүний шатах утааг хараад хашхиран “Энэ агуу хоттой адил ямар хот байдаг вэ?” гэж байлаа. 19 Тэд толгой дээрээ шороо цацаж, уйлж, гашуудаж, хашхиралдаж “Тэнгист усан онгоцтой бүхнийг эд хөрөнгөөрөө баяжуулсан агуу хот харамсалтай яа! Учир нь хот ганц цагийн дотор сүйрчээ!” гэж байлаа.
20 Тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элчүүд ээ, зөнчид өө, баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шүүж, шийтгэсэн!».
21 Хүчит нэгэн тэнгэрийн элч тээрмийн асар том чулуу шиг чулууг авч, тэнгис рүү шидээд «Агуу хот Вавилоныг үүнчлэн үтэр түргэн доош хаяна. Тэр хойшид олдохгүй. 22 Босоо ятга тоглонгоо дуулах дуучдын дуу, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн аялгуу чиний дотор хэзээ ч сонсогдохгүй. Урлан бүтээдэг ямар ч дархан чиний дотроос дахин олдохгүй. Тээрэмдэх чимээ чиний дотор дахин сонсогдохгүй. 23 Чиний дотор дэнгийн гэрэл дахин үзэгдэхгүй. Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу чиний дотор дахин сонсогдохгүй. Яагаад гэвэл худалдаачид чинь дэлхийн нөлөө бүхий хүмүүс байсан бөгөөд чи ид шидээрээ бүх үндэстнийг мэхэлсэн. 24 Тийм ээ, зөнчид, ариун хүмүүс болон дэлхий дээр хөнөөгдсөн бүх хүний цус түүний дотроос олдсон» гэж хэллээ.
19 Үүний дараа тэнгэрт буй олон бүтээлийнх гэмээр чанга дууг би сонслоо. Тэд: «Яаг магтан алдаршуулагтун!* Аврал, алдар суу, хүч чадал нь манай Бурхных. 2 Учир нь тэрээр зөв, шударга шүүдэг. Садар самуунаараа* дэлхийг завхруулсан агуу янхныг шүүсэн. Боолуудынх нь цусыг асгаруулсан түүнээс өшөө авсан» гэцгээв. 3 Тэр даруй тэд хоёр дахь удаагаа «Яаг магтан алдаршуулагтун!* Вавилоны утаа үүрд мөнх бургилна» гэж хэлэв.
4 Хорин дөрвөн ахлагч болон дөрвөн амьд бүтээл сөгдөж, сэнтийд залрагч Бурхныг шүтэн «Амен! Яаг магтан алдаршуулагтун!*» гэж хэллээ.
5 Бас сэнтийнээс дуу гарч «Түүнээс эмээдэг их бага хүмүүс буюу түүний боолууд аа, Бурхнаа магтан алдаршуулж бай» хэмээв.
6 Тэнгэрт буй олон бүтээлийн дуу, их усны дуу, аянга ниргэх чанга дуу гэмээр чимээ гарах нь сонсдов. Тэд: «Яаг магтан алдаршуулагтун.* Учир нь Төгс хүчит Ехова* Бурхан маань хаанчилж эхэлсэн! 7 Баярлаж, баяр хөөртэй байцгаая. Түүнийг алдаршуулцгаая. Учир нь Хурганы хуримын цаг болж, сүйт бүсгүй өөрийгөө бэлджээ. 8 Тийм ээ, гялалзсан, цэвэр, сайн чанарын маалинган хувцсыг түүнд өгчээ. Сайн чанарын маалинга нь ариун хүмүүсийн шударга сайн үйл хэрэг юм» гэж хэллээ.
9 Тэнгэрийн элч надад «Бич. Хурганы хуримын оройн зоогт уригдагсад жаргалтай» хэмээгээд «Энэ бол Бурхны үнэн үг юм» гэж бас хэлэв. 10 Тэгэхэд би түүнийг шүтэхээр хөлд нь сөхрөв. Гэтэл тэр надад «Ингэж болохгүй! Би чамтай л адил боол. Есүсийг гэрчлэх ажил хийдэг ах дүүтэй чинь адил боол шүү дээ. Бурхныг шүт! Учир нь Есүсийг гэрчлэх нь зөгнөлүүдийн зорилго юм» гэж хэлэв.
11 Тэнгэр нээгдэхийг би харлаа. Цагаан морь байв. Энэ морийг унасан нэгэн Итгэмжит, Үнэн гэдэг нэртэй бөгөөд тэрээр шударга шүүдэг, шударга дайтдаг. 12 Нүд нь галын дөл мэт, тэргүүн дээр нь олон титэм байна. Өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нэр түүн дээр бичээстэй байв. 13 Хувцас нь цусны толботой ажээ.* Түүний нэрийг Бурхны Үг гэдэг. 14 Цагаан өнгийн, цэвэр, сайн чанарын маалинган хувцас өмссөн тэнгэрийн дайчид цагаан морь унан түүнийг дагаж байлаа. 15 Үндэстнүүдийг устгах хурц бөгөөд урт сэлэм түүний амнаас цухуйж байв. Тэр тэднийг төмөр таягаар хариулна. Түүнчлэн, Төгс хүчит Бурхны догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна. 16 Хувцсан дээр нь, тийм ээ, гуян дээр нь хаадын Хаан, эздийн Эзэн гэсэн нэр бичээстэй байв.
17 Нарны цацраг дунд зогсох нэг тэнгэрийн элчийг би харлаа. Тэрээр тэнгэрийн дундуур нисэж буй бүх шувуунд хандан өндөр дуугаар «Нааш ир. Бурхны оройн зоогт хүрэлцэн ирцгээ. 18 Хаад, цэргийн жанжнууд, хүчит эрс, морьд болон морьтнууд, эрх чөлөөт хүмүүс, боол, их бага бүхний махыг идэцгээ» гэлээ.
19 Араатан болон дэлхийн хаад цэргүүдтэйгээ хамт морьтон ба түүний цэргүүдтэй тулалдахаар цугласныг би харлаа. 20 Морьтон араатныг болон хуурамч зөнчийг барилаа. Хуурамч зөнч араатны өмнө үйлдсэн гайхамшгуудаараа араатны тэмдэгтэй, араатны хөргийг шүтдэг хүмүүсийг төөрөлдүүлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь хүхэр бүхий галт нууранд хаялаа. 21 Харин бусад нь морьтны амнаас цухуйх урт илдэнд хөнөөгдөв. Бүх шувуу тэдний маханд цадав.
20 Ёроолгүй нүхний түлхүүр, асар том гинж барьсан тэнгэрийн элч тэнгэрээс бууж ирэхийг би харлаа. 2 Тэрээр Диавол ба Сатан гэгддэг эртний могой буюу лууг барьж, гинжлээд 1 000 жилийн турш 3 ёроолгүй нүхэнд хорив. 1 000 жилийг дуустал үндэстнүүдийг мэхлүүлэхгүйн тулд нүхийг таглаж, лацдав. Үүний дараа түүнийг ахархан хугацаагаар суллах ёстой ажээ.
4 Би сэнтийнүүдийг харлаа. Сэнтийнүүдэд заларсан тэдэнд шүүх эрх мэдэл өгсөн ажээ. Тийм ээ, Есүсийг гэрчилж, Бурхны тухай ярьснаасаа болж, мөн араатан болон түүний хөргийг шүтээгүй, тэмдгийг нь дух болон гар дээрээ тавиулаагүйгээс болж цаазлуулсан* хүмүүсийг* би харав. Тэд амилж, Христтэй хамт 1 000 жилийн турш хаанчлав. 5 Тэд бол эхэлж амилсан хүмүүс юм. (Үхсэн бусад хүн 1 000 жилийг дуустал амилсангүй.) 6 Эхлээд амилсан хүмүүс жаргалтай бөгөөд ариун. Хоёр дахь үхэл тэднийг захирч чадахгүй. Тэд Бурхан болон Христийн тахилч болж, түүнтэй хамт 1 000 жил хаанчилна.
7 1 000 жил дуусмагц Сатан шоронгоос суллагдана. 8 Тэрээр дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүд буюу Гог болон Магогийг цуглуулж, дайнд оролцуулахын тулд мэхлэхээр явна. Тэдний тоо далайн эргийн элс мэт ажээ. 9 Тэгээд тэд дэлхийгээр тарж, ариун хүмүүс болон Бурхны хайртай хотыг бүсэллээ. Тэгтэл тэнгэрээс гал бууж тэднийг хөнөөв. 10 Тэднийг мэхэлсэн Диавол хүхэр бүхий галт нууранд хаягдав. Тэнд араатан болон хуурамч зөнч аль хэдийн хаягдсан байлаа. Тэд үүрд мөнх, өдөр шөнөгүй тарчлах* ажээ.
11 Асар том цагаан сэнтий болон тэр сэнтийд заларсан Нэгнийг би харлаа. Газар, тэнгэр түүнээс* зугтав. Тэд дахиж олдсонгүй. 12 Үхсэн их бага хүмүүс сэнтийний өмнө зогсож байгааг би харлаа. Хуйлмал номнууд дэлгэгдсэн байв. Бас нэг хуйлмал ном дэлгэгдэв. Энэ нь амийн ном ажээ. Тэднийг эдгээр хуйлмал номонд бичсэн зүйл болон үйл хэргийнх нь дагуу шүүв. 13 Тэнгис дотроо байсан үхэгсдийг, үхэл ба Булш* дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Тэднийг үйл хэргийнх нь дагуу тус тусад нь шүүлээ. 14 Үхэл болон Булшийг* галт нууранд хаялаа. Галт нуур бол хоёр дахь үхэл юм. 15 Түүнээс гадна, амийн номонд нэр нь бичигдээгүй хэн боловч галт нууранд хаягдсан байна.
21 Тэгээд би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Өмнө байсан тэнгэр, газар, тэнгис үгүй болжээ. 2 Бурхнаас, тэнгэрээс бууж яваа ариун хот шинэ Иерусалимыг би харлаа. Тэр сүйт залуудаа очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдсэн байлаа. 3 Сэнтийнээс чанга дуу гарч ийн хэлэхийг би сонслоо. «Бурхны асар хүмүүсийн дунд байна! Тэрээр тэдний дунд нутаглаж, тэд ард түмэн нь болно. Бурхан тэдэнтэй хамт байна. 4 Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо».
5 Сэнтийд залрагч Нэгэн: «Би бүх юмыг шинээр хийж байна!» хэмээгээд «Бич. Учир нь энэ үг бол баталгаатай* бөгөөд үнэн» гэж айлдав. 6 Тэрээр надад «Энэ бүхэн биелсэн! Би бол Альфа ба Омега*, эхлэл ба төгсгөл. Би цангасан хүнд амь өгөх усны булгаас үнэгүй уулгана. 7 Ялсан нэгэн эдгээрийг өвлөнө. Би түүний Бурхан болж, тэрээр миний хүү болно. 8 Харин хулчгар, итгэдэггүй, бузар юм хийдэг жигшмээр хүмүүс, алуурчин, садарлан самуурагч*, ид шидээр хөөцөлдөгч, шүтээн шүтэгч болон худалч бүх хүнд оногдох хувь нь хүхэр бүхий галт нууранд байх юм. Энэ нь хоёр дахь үхэл гэсэн үг» гэв.
9 Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай долоон тэнгэрийн элчийн нэг нь ирээд надад «Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье» гэлээ. 10 Тэгээд тэр тэнгэрийн элч намайг Бурхны агуу хүчээр асар том, өндөр ууланд аваачаад Бурхнаас, тэнгэрээс бууж яваа ариун хот Иерусалимыг үзүүлэв. 11 Энэ хот Бурхны алдрыг тусгаж байлаа. Гялбаа нь хамгийн үнэтэй чулууных шиг, тунгалаг болор адил гялалзах хаш чулууных шиг байв. 12 Хот асар том, өндөр хэрэмтэй, 12 хаалгатай, тус бүрд нь тэнгэрийн элч зогссон бөгөөд хаалганууд дээр Израйлын хөвгүүдийн 12 овгийн нэр бичигдсэн байв. 13 Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх ажээ. 14 Хотын хэрэм 12 чулуун суурьтай бөгөөд тэдгээрийн дээр Хурганы 12 элчийн 12 нэр байлаа.
15 Надтай ярьж байсан тэнгэрийн элч хот болон хаалга, хэрмийг хэмжих гэж алтан саваа* барьсан байв. 16 Хот дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө тэнцүү. Хотыг саваагаар хэмжихэд 12 000 стадиа* байлаа. Урт, өргөн, өндөр нь тэнцүү ажээ. 17 Бас хэрмийг хэмжихэд 144 тохой* байлаа. Хүний хэмжүүрээр ч, тэнгэрийн элчийн хэмжүүрээр ч ийм байлаа. 18 Хэрмийг хаш чулуугаар хийсэн бөгөөд хот нь шил мэт тунгалаг шижир алт ажээ. 19 Хотын хэрмийн сууриудыг янз бүрийн эрдэнийн чулуугаар чимсэн байв. Эхний суурь нь хаш, хоёр дахь нь индранил, гурав дахь нь мана, дөрөв дахь нь маргад, 20 тав дахь нь судалт мана, зургаа дахь нь бадмаараг, долоо дахь нь алтан чулуу, найм дахь нь биндэрьяа, ес дэх нь молор, арав дахь нь ногоон мана, арван нэг дэх нь оюу, арван хоёр дахь нь ягаан болор байлаа. 21 Харин 12 хаалга нь 12 сувд ажээ. Хаалга бүрийг нэг цул сувдаар хийсэн байв. Хотын гол гудамж нь шил мэт тунгалаг шижир алт ажээ.
22 Би энэ хотод сүм байхыг харсангүй. Учир нь Төгс хүчит Ехова* Бурхан болон Хурга тэндхийн сүм юм. 23 Хотыг гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурхны алдар суу хотыг гэрэлтүүлдэг бөгөөд дэн нь Хурга юм. 24 Үндэстнүүд тэр гэрлээр явж, дэлхийн хаад сүр жавхлангаа хот руу авчирна. 25 Хотын хаалганууд өдөржин нээлттэй байх бөгөөд тэнд шөнө гэж үгүй. 26 Тэд үндэстнүүдийн сүр жавхлан, алдар хүндлэлийг энэ хот руу авчирна. 27 Гэхдээ ямар ч бузар юм хот руу яагаад ч орохгүй. Жигшүүрт юм хийдэг, хуурч мэхэлдэг ямар ч хүн хот руу яагаад ч орохгүй. Харин Хурганд байдаг амийн номонд бичигдсэн хүмүүс л орно.
22 Тэнгэрийн элч амь өгдөг устай голыг надад үзүүлэв. Голын ус болор мэт тунгалаг бөгөөд Бурхан болон Хурганы сэнтийнээс гарч, 2 хотын гол гудамжны дундуур урсаж байлаа. Жилд 12 удаа буюу сар бүр жимс ургуулдаг, амийн моднууд голын хоёр талд байлаа. Навчис нь үндэстнүүдийг эдгээх ажээ.
3 Тэнд цаашид хараал байхгүй. Бурхан болон Хурганы сэнтий хотод байх бөгөөд боолууд нь Бурханд үйлчлэх ариун ажил хийнэ. 4 Тэд нүүрийг нь харах бөгөөд Бурхны нэр тэдний духан дээр бичээстэй байна. 5 Тэнд цаашид шөнө болохгүй. Тэдэнд дэнгийн гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй юм. Учир нь Ехова* Бурхан тэднийг гийгүүлэх бөгөөд тэд үүрд мөнх хаанчилна.
6 Тэнгэрийн элч надад «Энэ үг бол баталгаатай* бөгөөд үнэн. Тийм ээ, зөнчдөөрөө дамжуулж айлддаг Ехова* Бурхан удахгүй болох ёстой үйл явдлыг боолууддаа үзүүлэхийн тулд тэнгэрийн элчээ илгээсэн. 7 Би удахгүй очно. Энэ хуйлмал номонд байгаа зөгнөлийн үгийг дагадаг хүн жаргалтай» гэж хэлэв.
8 Ёохан би энэ бүхнийг чихээрээ сонсож, нүдээрээ үзсэн билээ. Энэ бүхнийг үзэж сонсоод эдгээрийг надад үзүүлсэн тэнгэрийн элчийг шүтэхээр хөлд нь сөхөртөл 9 тэнгэрийн элч надад «Ингэж болохгүй! Би чамтай л адил боол. Зөнч ах дүүтэй чинь болон энэ хуйлмал номын үгийг дагадаг хүмүүстэй адил боол шүү дээ. Бурхныг шүт!» гэж хэлэв.
10 Тэрээр надад «Энэхүү хуйлмал номонд байгаа зөгнөлийн үгийг бүү лацад. Учир нь товлосон цаг дөхөж байна. 11 Шударга бус нь шударга бус хэвээрээ, бузар юм хийдэг нь бузар хэвээрээ, шударга нь шударгаараа, ариун нь ариунаараа байг» гэж бас хэлэв.
12 «Би удахгүй очно. Өгөх шагналаа авч очно. Хүн бүрийг үйл хэргийнх нь дагуу шүүнэ. 13 Би бол Альфа ба Омега*, эхэн ба эцэс, эхлэл ба төгсгөл. 14 Амийн модны жимснээс идэх эрхтэй болохын тулд хот руу хаалгаар нь орохоор хувцсаа угаадаг хүн жаргалтай. 15 Хотын гадна ноход*, ид шидээр хөөцөлдөгч, садарлан самуурагч*, алуурчин, шүтээн шүтэгч, худал ярих дуртай бөгөөд хуурч мэхэлдэг хүмүүс байх юм».
16 «Есүс би хурлуудын төлөө эдгээрийг та нарт гэрчлэхийн тулд тэнгэрийн элчээ илгээсэн. Би бол Давидын үндэс, үр удам, үүрийн цолмон юм».
17 Сүйт бүсгүй Бурхны агуу хүчээр удирдуулан «Ирээрэй!» хэмээдэг. Үүнийг сонссон нь «Ирээрэй!» гэж хэлэг. Цангасан хүн ирэг. Хүссэн хүн амь өгдөг усыг үнэгүй аваг.
18 «Энэ хуйлмал номонд байгаа зөгнөлийг сонсдог хүн бүрд би гэрчилж байна. Хэрэв хэн нэгэн эдгээрийн дээр нэмбэл энэ хуйлмал номонд бичсэн гамшгуудыг Бурхан түүн дээр буулгана. 19 Хэрэв хэн нэгэн энэхүү зөгнөлийн хуйлмал номны үгсээс ямар нэг юм хасвал энэ хуйлмал номонд бичсэн юмсыг Бурхан түүнд хүртээхгүй. Амийн модноос идэхийг, ариун хот руу орохыг зөвшөөрөхгүй.
20 Энэ бүхнийг гэрчилдэг нэгэн: “Тийм ээ, би удахгүй очно” хэмээдэг».
«Амен! Эзэн Есүс ээ, Ирээрэй».
21 Эзэн Есүс ариун хүмүүсийг нигүүлсэх болтугай.
Альфа нь грек цагаан толгойн эхний үсэг, Омега нь сүүлчийн үсэг.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгч. «Хадесын». Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.
Үгч. «миний нэрнээс зуурдаг»
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбараас «Завхайрах»-ыг үзнэ үү.
Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгч. «бөөр»
Үгч. «нэр»
Эсвэл «улаан өнгөтэй эрдэнийн чулуу»
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Эсвэл «түмэн түм»
1 денар нь 1 өдрийн ажлын хөлс
1,08 литр
Үгч. «Хадес». Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.
Грекээр «психе». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.
Ямааных бололтой.
Эсвэл «түүнд ариунаар үйлчилж»
Устгал гэсэн утгатай.
Устгагч гэсэн утгатай.
Үгч. «гарын үйлсээ»
Грекээр «порнея». Үгийн тайлбараас «Садар самуун»-ыг үзнэ үү.
Эсвэл «хэмжих саваа»
Үгийн тайлбарыг үзнэ үү.
«Хэн Бурхантай адил бэ?» гэсэн утгатай.
Нийт 3,5 үе
Эсвэл «илдээр хороогдох бол» гэсэн бололтой.
Үгч. «амьсгал»
Үгч. «онгон»
Эсвэл «орой дээгүүр»
Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
Эсвэл «Тэдний хоригдох газраас утаа»
Үгч. «хийсэн нь тэднийг дагаж явдаг»
296 километр орчим. 1 стадиа нь 185 метртэй тэнцүү
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
«Мегиддо уул» гэсэн утгатай еврей үгнээс гаралтай.
Грек талант 20,4 килограммтай тэнцүү
Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
Эсвэл «үүргийн худалдаачид»
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Эсвэл «Халлелуяа!». Яа гэдэг нь Ехова гэдэг нэрний товчилсон хувилбар юм.
Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
Эсвэл «Халлелуяа!». Яа гэдэг нь Ехова гэдэг нэрний товчилсон хувилбар юм.
Эсвэл «Халлелуяа!». Яа гэдэг нь Ехова гэдэг нэрний товчилсон хувилбар юм.
Эсвэл «Халлелуяа!». Яа гэдэг нь Ехова гэдэг нэрний товчилсон хувилбар юм.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Эсвэл «Хувцас руу нь цус цацагдсан байлаа» гэсэн бололтой.
Үгч. «сүхээр цавчуулж цаазлуулсан»
Грекээр «психе». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.
Эсвэл «хоригдох»
Эсвэл «түүний өмнөөс»
Үгч. «Хадес». Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.
Үгч. «Хадесыг». Үгийн тайлбараас «Булш»-ийг үзнэ үү.
Эсвэл «итгэж болох»
Альфа нь грек цагаан толгойн эхний үсэг, Омега нь сүүлчийн үсэг.
Үгийн тайлбараас «Садар самуун»-ыг үзнэ үү.
Үгч. «хулс»
2 220 километр орчим. 1 стадиа нь 185 метртэй тэнцүү
64 метр орчим
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Эсвэл «итгэж болох»
Үгийн тайлбарыг үзнэ үү.
Альфа нь грек цагаан толгойн эхний үсэг, Омега нь сүүлчийн үсэг.
Бурхны жигшдэг юмыг хийдэг хүмүүс
Үгийн тайлбарыг үзнэ үү.