Асуултын булан
◼ Эцэг эхчүүд цуглаан дээр хүүхдээ томоотой байлгахад зохицуулагчид хэрхэн тусалж болох вэ?
Ер нь хүүхэд тогтож сууж чаддаггүй, үргэлж хөдөлж байдаг онцлогтой. Харин цуглаан дээр хөдөлгөөнгүй удаан суусны дараа Хаанчлалын танхим юм уу цуглаан явуулдаг бусад танхимд, ойр орчмынх нь газар, тухайлбал машины зогсоол, явган хүний замаар гүйж харайж, бусадтайгаа хөөцөлдөж эхэлдэг. Гэхдээ «дур зоргоороо аашлагч хүүхэд [эцэг] эхийгээ ичгүүрт оруулна» гэсэн үг бий (Сур. 29:15).
Бага насны хүүхдүүд гүйж явахдаа өндөр настай христиануудыг түлхэж унагах, гэмтээх явдал гардаг нь харамсалтай. Үүний улмаас эцэг эхэд нь ч, хуралд ч зардал чирэгдэл учирдаг. Хүүхдийг Хаанчлалын танхимын дотор ч, гадна ч гүйлгэхгүй, тоглуулахгүй байх нь өөрсдийнх нь болон бусдын эрүүл мэнд, сайн сайханд хэрэгтэй.
Христиан эцэг эхчүүд үр хүүхдээ шүтлэг мөргөлийн газрыг эрхэмлэн үзэхэд сургах үүрэгтэй (Ном. 5:1). Цуглаан, чуулганы үеэр зохицуулагчид «бүх юм[ыг] зохистой», «сахилга журамтай» байлгах үүрэг хүлээдэг (Ном. 5:1; 1 Кор. 14:40; Кол. 2:5). Хөтөлбөрийн өмнө, хөтөлбөрийн үеэр, дараа нь, мөн танхимын дотор ч, гадна ч анхааралтай байх учиртай. Хэрэв хүүхэд гүйж харайх юм уу дэггүйтвэл эвтэйхэн болиулж, тэгэх ёсгүйн учрыг хэлж ойлгуулах нь зүйтэй. Бас энэ талаар эцэг эхэд нь мэдэгдэж, хүүхдэдээ хэлж зөвлөхийг эвтэйхэн хэлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд даруй арга хэмжээ авах учиртай.
Заримдаа нялх юм уу бага насны хүүхэд цуглааны үеэр уйлах зэргээр саад болох нь ойлгомжтой. Зохицуулагчид хөтөлбөр эхлэхээс ядаж 20 минутын өмнө ирж, арын нэг хоёр эгнээг бага насны хүүхэдтэй хүмүүст зориулж үлдээхийг анхаарах нь зүйтэй. Хурлын гишүүд зохицуулагчдын ажил үүргийг ойлгож, урдуур суувал сайн.
Хүүхэд нь төвөг учруулбал эцэг эх арга хэмжээ авах ёстой. Хүүхдээ харж хянаагүйн улмаас цуглаанд ирсэн хүмүүст саад болбол зохицуулагч хүүхдээ авч танхимаас гарахыг зөвлөж болно. Урьсан хүмүүс маань цуглаанд хүүхэдтэйгээ ирвэл хажууд нь сууж, хүүхэд нь уйлах зэргээр саад болбол бид арга хэмжээ авч, туслах хэрэгтэй.
Хаанчлалын танхимд янз бүрийн насны хүүхэд ирсэн байхыг, тэднийг Бурхны гэр бүл дотор биеэ зөв авч явахыг харахад сайхан санагддаг (1 Тим. 3:15). Еховаг шүтэх арга хэмжээг эрхэмлэдэг хүүхэд багачууд Еховаг хүндэтгэдэг төдийгүй хурлынхаа гишүүдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг.