Яавал гэр бүлээрээ бат итгэлтэй байх вэ?
1 Гэр бүлээрээ «Бурханд үнэнч байх» хэчнээн сайхан бэ! (1 Тим. 5:4, ШЕ). Гэхдээ итгэлийг сулруулах муу нөлөө эргэн тойронд олон байдаг учир гэр бүлүүд итгэлээр үргэлж бат байхын тулд хичээх учиртай. Яаж тэр вэ?
2 Христийг дуурайж тэргүүний үүргээ биелүүлэх нь: Өрхийн тэргүүнүүд гэрийнхнийгээ батжуулах үүргээ биелүүлэхдээ Есүсийг дуурайх хэрэгтэй. Есүс хайраа илэрхийлэн олны төлөө амиа золиосолсон. Гэхдээ өнөө үед хурлыг «тэжээж, хамгаалсаар» байна (Еф. 5:25–29). Халамжтай эцэг эхчүүд энэ жишээг нь дуурайж гэр бүлийнхнийхээ өдөр тутмын хэрэгцээг хангадаг. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүр Гэр бүлийн хичээл хийж, Бурхантай дотно болох зүйлийн тухай цаг гарган ярилцаж, тулгарсан асуудлаа хамтдаа шийддэг (Д.хууль 6:6, 7).
3 Дэлгэрүүлэх ажил: Гэр бүлийн гишүүн бүр Еховагийн тухай болон санаа зорилгынх нь тухай бусдад ярихыг шүтлэг мөргөлийн чухал хэсэг гэж үзэх учиртай (Ис. 43:10–12). Эцэг эхчүүд та нар хүүхдээ Еховагийн үнэнч Гэрч болоосой гэж хүсэж байгаа бол бага байхаас нь дэлгэрүүлэх ажилд бэлдэх хэрэгтэй. Бусдыг гэсэн сэтгэлтэй байж, долоо хоног бүр дэлгэрүүлэх ажилд оролцох хэрэгтэйн учрыг тайлбарлаарай (Мат. 22:37–39). Тэгээд тогтмол дэлгэрүүлэх хуваарь гаргаарай.
4 Долоо хоног бүр Гэр бүлийн хичээлээрээ, үр дүнтэй оршил үг бэлдэж дасгал сургуулилалт хийх цаг гаргавал дэлгэрүүлэх ажлыг чухалд үзэж, оролцох урам зоригтой болно. Хүүхэд бүрийнхээ онцлог, нас, чадварт тохируулан ахиц дэвшил гаргахад нь тусалж дэлгэрүүлэх ажилд сургаарай. Хамт дэлгэрүүлээд Еховагийн сайн гэдгийг хэрхэн мэдэрснийг нь яриулаарай. Итгэл бэхжүүлсэн түүх ярьж өгөөрэй. Гэр бүлээрээ «Эзний энэрлийг амсах» тусам Еховатай дотносож, ёс бус бүхнийг эсэргүүцэх хүчтэй болно (1 Петр 2:1–3).
5 Цуглаан: Гэр бүлийн гишүүд ядарсан, сэтгэлээр унасан, шантарсан нэгнээ зоригжуулж бүх цуглаанд явахад тусалдаг нь хэчнээн сайхан! Нэг Гэрч охин: «Аав ажлаасаа их ядарсан ирдэг. Гэхдээ цуглаан дээр хэлэлцэх сайхан зүйлийн тухай ярихлаар урамшиж цуглаандаа явдаг. Бас намайг ядарсан үед аав урам зориг өгч цуглаанд явах тэнхээтэй болгодог» гэжээ (Евр. 10:24, 25).
6 Хамтарч юм хийх нь: Гэр бүлийн гишүүд гэр орны ажил гэх мэтийг хамтарч хийх хэрэгтэй. Зөв зохистой амарч зугаацахын тулд цаг гаргах нь чухал. Гэр бүлээрээ салхинд гарах, явган аялах, тоглоом тоглох, ах дүү, найз нөхдийндөө очих нь сайхан дурсамж үлдээдэг (Ном. 3:4).
7 Үнэнч христиан гэр бүл итгэлийг нь сулруулах саад бэрхшээлийг өдөр бүр давдаг. Ехова хүчтэй болгодгийг тэд өөрт нь дотносох тусам мэдэрдэг (Еф. 6:10).