Бурхны үйлчлэгч болоход нь хүүхдэдээ туслагтун
1. Дуулал 148:12, 13-ыг үзвэл христиан эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ?
1 Ехова өөрийг нь магтан алдаршуулахыг хүүхэд залуучуудад уриалдаг (Дуу. 148:12, 13). Тиймээс христиан эцэг эхчүүд хүүхдэдээ Библийн үнэн, Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг заахаас илүү ихийг хийх учиртай. Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн мэдээ дэлгэрүүлэгч болоход нь тусалдаг. Хүүхдээ энэ ажилд яаж бага багаар сургах вэ?
2. Эцэг эхийн сайн жишээ хүүхдэд яаж нөлөөлдөг вэ?
2 Сайн жишээ: «Намайг харж, дуурайн үйлдэгтүн» гэж шүүгч Гидеон 300 цэрэгтээ тушаадаг (Шүү. 7:17). Хүүхдүүд эцэг эхээ хараад дууриадаг. Шөнийн цагаар ажилладаг нэг эцэг хагас сайн өдрийн өглөө гэртээ ирээд их ядарсан ч гэсэн унтаж амралгүй хүүхдүүдээ аваад дэлгэрүүлэх ажилд гардаг аж. Дэлгэрүүлэх ажил бол юунаас ч эрхэм гэдгийг үггүйгээр заадаг байна (Мат. 6:33). Залбирах, Библи унших, цуглаан дээр хариулах, дэлгэрүүлэх гээд шүтлэгийн янз бүрийн хэлбэрт баяр хөөртэйгөөр оролцож байгааг хүүхэд тань хардаг уу? Та төгс жишээ үзүүлж чадахгүй нь ойлгомжтой. Гэвч таныг идэвх зүтгэлтэй үйлчилж байгааг харвал зааж сургасныг тань хэрэгжүүлж Еховад үйлчлэхэд хүүхдэд амар байх болно (Д.хууль 6:6, 7; Ром 2:21, 22).
3. Шат дараалсан ямар сүнслэг зорилго тавьж, тэр зорилгоо биелүүлэхэд нь эцэг эхчүүд хүүхдэдээ тусалдаг вэ?
3 Шат дараалсан зорилго: Эцэг эхчүүд хүүхдээ хөлд, хэлд орох, хувцсаа зөв өмсөж сурах гэх мэтэд нь тусалж уйгагүй зааж өгдөг. Хүүхэд өсөж том болоод зорилгоо биелүүлэхийн хэрээр шинэ зорилго тавьдаг. Эцэг эх нь христиан бол нас, чадварт нь тохирсон сүнслэг зорилго бас тавьж, түүнийгээ биелүүлэхэд нь хүүхдэдээ тусалдаг (1 Кор. 9:26). Цуглаан дээр өөрийнхөө үгээр хариулж, Дэлгэрүүлэгчийн сургуулийн даалгавраа өөрөө бэлдэхийг та хүүхдэдээ заадаг уу? (Дуу. 35:18). Янз бүрийн аргаар дэлгэрүүлэх ажилд оролцоход нь зааж сургадаг уу? Та хүүхдээ баптисм хүртээд бүрэн цагаар үйлчлээсэй гэж хүсдэг үү? Тэднийг урамшуулах зорилгоор баяр хөөртэй идэвх зүтгэлтэй үйлчилж яваа христиантай уулзуулдаг уу? (Сур. 13:20).
4. Бурханд үйлчлэхийг хүүхдэд багаас нь заавал хүүхэд ирээдүйд ямар ач тус хүртэх вэ?
4 Дуулалч: «Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан. Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг» гэж хэлсэн байдаг (Дуу. 71:17). Бурхны үйлчлэгч болоход хүүхдээ бага наснаас нь сургаж эхлээрэй. Хүүхдэдээ сүнслэг суурь тавихад нь одоо тусалбал өсөж том болсон хойноо ач тусыг хүртэнэ! (Сур. 22:6).