Дэлгэрүүлэх завшаанаа үнэлэгтүн
1. Хүмүүс дэлгэрүүлэх ажлыг маань хэрхэн үздэг вэ?
1 Дэлгэрүүлэх ажлыг маань «мунхаг явдал» гэж үзэх хүн Сатаны ертөнцөд олон байдаг (1 Кор. 1:18–21). Сэрэмж алдвал ингэж буруу үздэг хүмүүсээс болж урам хугарч, хичээл зүтгэлээ сулруулах аюултай (Ис. 5:20; Иер. 20:8, 9). Тэгвэл Еховагийн Гэрч байх завшаанаа эрхэмлэх ямар учир шалтгаан байдгийг ярилцъя (Ис. 43:10).
2. Дэлгэрүүлэх ажлыг ариун ажил гэж үзэж болохын учир юу вэ?
2 Ариун ажил: Элч Паул дэлгэрүүлэхийг тахилчийн үүрэг гүйцэтгэх буюу Бурхны төлөө ажиллахтай зүйрлэсэн нь ариун ажил гэдгийг нь онцолсон хэрэг байжээ (Ром 15:15, 16). Дэлгэрүүлэх ажлыг ариун гэж хэлэхийн учир юу вэ? Бид дэлгэрүүлэхдээ «Ариун Нэгэн» Еховагийн «хамтран зүтгэгч» болдог бөгөөд нэрийг нь ариусгах үйлсэд хувь нэмэр оруулдаг (1 Кор. 3:9; 1 Петр 1:15). Ехова дэлгэрүүлэх ажлыг маань «магтаалын тахил» гэж үздэг. Тиймээс дэлгэрүүлэх ажил бол шүтлэгийн салшгүй нэг хэсэг юм (Евр. 13:15).
3. Сайн мэдээ дэлгэрүүлэхийг хосгүй завшаан гэхийн учир юу вэ?
3 Сайн мэдээ дэлгэрүүлэх том завшааныг харьцангуй цөөн хүн эдэлдэг. Дэлгэрүүлэх ажлыг тэнгэр элчүүдэд даалгасан бол тэд энэ даалгаврыг дуртайяа хүлээн авч, туйлын сайн биелүүлэх байсан нь гарцаагүй (1 Петр 1:12). Гэхдээ Ехова «шавар сав» мэт төгс бус хүмүүст ийм хосгүй завшаан оноожээ! (2 Кор. 4:7).
4. Дэлгэрүүлэх ажлаа үнэлдэг бол яах нь зүйтэй вэ?
4 Чухал ажил: Бид сайн мэдээ дэлгэрүүлэхийг завшаан гэж үздэг учир амьдралын «илүү чухал юмны» нэгд тооцдог (Флп. 1:10, ШЕ). Тийм ч учраас долоо хоног бүр дэлгэрүүлэх цаг гаргадаг. Дэлхийд алдартай найрал хөгжимд тоглох завшаанаа үнэлдэг хөгжимчин тоглолт бүрдээ бэлдэж, ур чадвараа сайжруулах гэж мэрийнэ. Үүний адилаар, бид ч бас «үнэний үгийг зөв заан», «заах урлагаа» сайжруулахын тулд дэлгэрүүлэх ажилдаа бэлддэг байх учиртай (2 Тим. 2:15; 4:2, ШЕ).
5. Дэлгэрүүлэх ажлыг маань хэн үнэлдэг вэ?
5 Биднийг дэлгэрүүлэхэд хүлээж авдаггүй хүмүүсээс болж сэтгэлээр бүү унаарай. Дэлгэрүүлэх гэж очиход маань баярладаг хүн цөөнгүй байдаг шүү дээ. Гэхдээ бид хүнээс магтаал хүлээх гэж дэлгэрүүлдэггүй. Еховагийн сайшаалыг хүлээх нь илүү чухал. Тэрбээр бидний чин сэтгэлийн хүчин чармайлтыг өндөр үнэлдэг (Ис. 52:7).