Бүү хойш суугаарай
1. Юунд, яагаад эр зориг гаргах хэрэгтэй вэ?
1 Хүүхдүүд шоолох байх гэж айгаад сургууль дээрээ дэлгэрүүлэхээс зүрхшээх үе байсан уу? Итгэл үнэмшлийнхээ талаар яриа өрнүүлэхэд, ялангуяа ичимхий хүнд эр зориг их хэрэгтэй. Юу тус болох вэ?
2. Сургууль дээрээ яаж ухаалгаар дэлгэрүүлж болох вэ?
2 Ухаалаг бай: Сургуулийг чамд оногдсон тусгай талбай гэж хэлж болно. Гэхдээ айлаар дэлгэрүүлдэг шиг хүн бүртэй Библийн талаар ярьж болдог газар биш гэдгийг бүү мартаарай. Үнэний тухай хэзээ ярихаа ухаалгаар шийдээрэй (Ном. 3:1, 7). Хичээл дээрээ тодорхой сэдвээр ярилцах юм уу гэрийн даалгавар биелүүлэхэд итгэл үнэмшлийнхээ талаар ярих боломж гарч мэднэ. Эсвэл ямар учраас зарим арга хэмжээнд оролцдоггүйг чинь хүүхдүүд асууж магадгүй. Зарим христиан хүүхэд хичээлийн жилийн эхэнд багш нартайгаа уулзан, Еховагийн Гэрч гэдгээ хэлж итгэл үнэмшлийнх нь талаар тайлбарласан хэвлэл өгдөг. Зарим нь ширээн дээрээ хэвлэл тавьж, ангийнхныхаа сонирхлыг татдаг байна.
3. Сургууль дээрээ дэлгэрүүлэхэд хэрхэн бэлдэх вэ?
3 Бэлтгэлтэй бай: Дэлгэрүүлэхэд бэлддэг бол өөртөө итгэлтэй байж чадна (1 Петр 3:15). Тиймд чамаас юу гэж асууж болохыг бодож байгаад яаж хариулахаа бэлдээрэй (Сур. 15:28). Боломжтой бол Библи, «Библийн сургаал» гэх мэтийн ном, бүтээлийн талаар тайлбарласан материалыг хичээлдээ авч яваад, хэрэг гарахад ашиглаж болно. Гэр бүлийн Библийн хичээл хийхдээ итгэл үнэмшлийнхээ талаар ярих дасгал хийж байхыг аав ээждээ хэлээрэй.
4. Сургууль дээрээ дэлгэрүүлэхээ болихгүй байхын учир юу вэ?
4 Өөдрөг бай: Үнэний тухай ярихлаар сургуулийн хүүхдүүд шоолох нь гарцаагүй гэж бүү бодоорой. Харин ч чиний эр зоригийг үнэлж, үгийг чинь сонсох хүүхэд гарч болох юм. Гэхдээ хүлээн авах хүн гарахгүй бол сэтгэлээр бүү унаарай. Хичээл зүтгэл гаргасан чинь Еховад таалагдана шүү дээ (Евр. 13:15, 16). «Үгийг [нь] ярих зүрх зориг» өгөхийг Еховагаас гуйж байгаарай (Үйлс 4:29; 2 Тим. 1:7, 8). Үнэнийг сонсох хүүхэд гарахад хэчнээн сайхан санагдахыг бодоод үзээрэй. Тэр хүүхэд чиний итгэл нэгт, Еховагийн үйлчлэгч болж болох шүү дээ!