Библийн хичээл үр дүнтэй заах нь
1. Библийн хичээл заадаг хүн ямар хариуцлага хүлээдэг вэ?
1 Ехова хүнийг өөртөө «татдаг» учраас л хүн үйлчлэгч нь болдог (Иох. 6:44). Гэхдээ дэлгэрүүлэгч суралцагчаа тэнгэрийн Эцэгтэй нь дотно болгохын тулд чадах бүхнээ хийх ёстой (Иак. 4:8). Үүний тулд сайтар бэлдэх хэрэгтэй. Суралцагчдаа үнэнийг ойлгуулж, ахиж дэвшихэд нь тусалъя гэвэл догол мөрийг уншуулаад асуултад хариулуулахаас илүү ихийг хийх учиртай.
2. Библийн хичээлээ үр дүнтэй заавал суралцагч яах вэ?
2 Хичээлээ үр дүнтэй заахын тулд суралцагчдаа 1) Библийн сургаалыг ойлгоход нь, 2) Библийн сургаалд итгэхэд нь, 3) сурч мэдсэнээ хэрэгжүүлдэг болоход нь туслах ёстой (Иох. 3:16; 17:3; Иак. 2:26). Эдгээр алхмыг хийхэд олон сар болж болох юм. Гэхдээ ингэж байж л суралцагч маань Еховатай дотно болж, түүнд өөрийгөө зориулна.
3. Үр дүнтэй заая гэвэл суралцагчийнхаа юу бодож санадгийг асуух хэрэгтэйн учир юу вэ?
3 Суралцагч тань юу бодож санаж явдаг вэ? Суралцагч маань сурснаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг мэдье гэвэл өөрөө л яриад байж болохгүй. Юу бодож санаж явдгийг нь яриулах хэрэгтэй (Иак. 1:19). Библийн сургаалыг ойлгож байна уу? Өөрийн үгээр тайлбарлаж чадаж байна уу? Сурч мэдсэн юмныхаа тухай ямар бодолтой байна вэ? Библийн сургаалыг зөв гэдэгт итгэдэг үү? (1 Тес. 2:13). Сурч мэдсэн зүйлдээ үндэслэн өөрчлөгдөх ёстойгоо ойлгодог уу? (Кол. 3:10). Эдгээр асуултад хариу авахын тулд юу бодож санадгийг нь эвтэйхэн асуугаад анхааралтай сонсох хэрэгтэй (Мат. 16:13–16).
4. Библийн сургаалыг ойлгож, зарчмыг нь хэрэгжүүлэхэд суралцагчид хэцүү байвал яах хэрэгтэй вэ?
4 Дадал зуршил, үзэл бодлоо өөрчлөхөд цаг хугацаа хэрэгтэй байдаг (2 Кор. 10:5). Суралцагч сурч мэдсэн юмаа хүлээн зөвшөөрөхгүй эсвэл хэрэгжүүлэхгүй байвал яах вэ? Бурхны Үг болон агуу хүч суралцагчийн зүрх сэтгэлд нөлөөлөх хүртэл хүлээж, тэвчээртэй байх хэрэгтэй (1 Кор. 3:6, 7; Евр. 4:12). Библийн сургаалыг ойлгоход, эсвэл зарчмыг нь хэрэгжүүлэхэд суралцагчид хэцүү байвал хүчилж албадах хэрэггүй. Өөр сэдвээр ярилцаж болно. Хэрэв бид тэвчээртэй байж, хайрлах сэтгэлээр зааж сургавал цаг нь болохоор суралцагч өөрчлөгдөхийг хүсэж болох юм.