ХАА САЙГҮЙ БЭРХШЭЭЛ
2 | Амьдрах ухаантай байгаарай
ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Олон хүн зөвхөн наад захын хэрэгцээгээ хангахын тулд чармайн зүтгэдэг. Харамсалтай нь янз бүрийн бэрхшээл тулгарч, амьжиргаагаа залгуулахад улам л хэцүү болоод байна. Яагаад?
Хоол хүнс, орон байр зэрэг зайлшгүй хэрэгцээт зүйлсийн үнэ нэмэгдсэн.
Эдийн засгийн хямралын улмаас ажилгүйдэл ихсэж, цалин мөнгө хаанаа ч хүрэхээ больсон.
Байгалийн гамшгаас болж хүмүүс бизнес, гэр орон, эд хөрөнгөө алдаж, ядуурал газар авсан.
Юу мэдвэл зохих вэ?
Мөнгө төгрөгөө зөв зарцуулдаг бол хямралыг амжилттай давна.
Баян чинээлэг байлаа гээд мөнгөөр бүхнийг шийднэ гэсэн үг биш ээ. Учир нь орлогогүй болох, мөнгөний ханш унах, эд хөрөнгө үнэгүйдэх нь бий.
Гэр бүлийн эв нэгдэл, аз жаргал гэх мэт мөнгөөр худалдаж авах боломжгүй зүйлс бас байдаг.
Яах нь зүйтэй вэ?
Библид ингэж байдаг: «Хоол хүнс, хувцас хунар байвал бид сэтгэл хангалуун байх юм» (1 Тимот 6:8).
Сэтгэл хангалуун байх гэдэг нь илүү юм хүсэлгүй, одоо байгаа зүйлсээ үнэлж эрхэмлэхийг хэлнэ. Ялангуяа орлого багасах үед энэ зөвлөгөө онцгой ач тустай.
Сэтгэл хангалуун байхын тулд зардлаа хэмнэж сурах хэрэгтэй. Орлогоосоо давсан зардал гаргаад байвал санхүүгийн байдал муудна уу гэхээс сайжрахгүй.