Бэрхшээл тулгарахад эдгээр зөвлөгөөг дагаж хайртай хүмүүстэйгээ дотно байгаарай
ХАНЬТАЙГАА ДОТНО БАЙГААРАЙ
Ханьтайгаа дотно бай
Библид ингэж байдаг: «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. ... Хэрэв ... ойчих аваас нэг нь нөхрөө босгоно» (Номлогчийн үгс 4:9, 10). Эхнэр нөхөр хоёр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг биш, атгасан гар шиг байх учиртай.
Уур бухимдлаа нэг нэгэндээ гаргахгүй гэж бат шийдээрэй. Тэвчлээ гээд буруудахгүй шүү.
Долоо хоног бүр ядаж нэг удаа ханьтайгаа тухтай сууж байгаад шийдэх хэрэгтэй асуудлаа ярилцаж байгаарай. Тэр үед бие биеэ буруутгалгүй, асуудлаа яаж шийдэхээ л голлон анхаараарай.
Хоёр биеийнхээ дуртай зүйлийг хамт хийж байгаарай.
Хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүдээ эргэн дурсаж байгаарай. Хуримын юм уу өөр дурсгалтай зургаа үзэж болно шүү дээ.
«Эхнэр нөхөр хоёр бүх юман дээр санал нийлнэ гэж байхгүй. Гэхдээ нэг багийн хүмүүс шиг хамтран ажиллаж чадна. Хамтдаа шийдвэр гаргаж, түүнийгээ ажил хэрэг болгохын тулд хамтдаа хичээх хэрэгтэй»—Дэвид.
НАЙЗ НӨХДӨӨСӨӨ БИТГИЙ ХӨНДИЙРӨӨРЭЙ
Найз нөхдөөсөө битгий хөндийр
Найзаараа л туслуулах биш, найздаа бас яаж туслахаа бодоорой. Бусдыг тэнхрүүлбэл та өөрөө тэнхэрнэ.
Өдөр болгон хэн нэг найзтайгаа холбоо барьж, сонин сайхныг нь сонсож байгаарай.
Таныхтай төстэй бэрхшээлийг хэрхэн даван туулсныг нь найзуудаасаа асуугаарай.
«Бэрхшээл хэмээх шуурга нүүр нүдгүй балбахад хүн “замаа” алддаг. Тийм үед зүг чигээ олоход найз нөхөд тусалдаг. Мартсан юмыг маань ч сануулах нь бий. Жинхэнэ найзууд бие биедээ санаа тавьдаг шүү дээ»—Никол.
ХҮҮХДЭЭ АНХААРЧ ХАЛАМЖЛААРАЙ
Хүүхдээ анхаарч халамжил
Библид ингэж байдаг: «Сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» (Яаков 1:19). Хүүхэд тань эхэндээ юунаас айдаг, юунд санаа зовдгоо хэлэхгүй цааргалаад байж магадгүй. Гэхдээ хүлээцтэй байвал хамаг юмаа ярина.
Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчныг хүүхдэдээ бүрдүүлж өгөөрэй. Зарим хүүхэд аав ээжийнхээ өөдөөс хараад ярихаараа биеэ барьдаг. Тиймд машинаар явж байхдаа юм уу хамт алхаж байхдаа ярилцаж болохгүй нь юу билээ?
Сэтгэл түгшээсэн мэдээг хүүхдэдээ үзүүлж харуулахгүй байсан нь дээр.
Гэр бүлээ аюулгүй байлгахын тулд юу хийдгээ хүүхдэдээ хэлээрэй.
Онцгой байдлын үед яах тухай төлөвлөгөө гаргаж, хүүхэдтэйгээ хамт дасгал сургууль хийгээрэй.
«Хүүхэдтэйгээ ярилцаж, санаа бодлыг нь сайн сонсоорой. Тэд ямар нэгэн юмнаас айж, санаа зовж эсвэл бүр уурлаж байгаагаа нууж байж болох юм. Танд бас тийм үе байдгийг, хэрхэн даван туулдгаа хүүхдэдээ хэлээрэй»—Бетани.