Энэ дэлхийг үнэн хэрэгтээ хэн захирдаг вэ?
Дээрх асуултад ихэнх хүмүүс шууд л Бурхан гэж хариулдаг. Гэтэл, Есүс Христ юм уу түүний Эцэг энэ дэлхийн жинхэнэ захирагч гэж Библийн хаана ч байдаггүй. Харин ч: «Энэ дэлхийн захирагч гадаа хаягдах болно» гэж Есүс хэлсэн ба «Энэ дэлхийн захирагч ирнэ. Харин тэр надад юу ч хийж чадахгүй» хэмээн нэмэн өгүүлжээ (Иохан 12:31; 14:30, ШГ; 16:11).
Тэгэхлээр, энэ дэлхийн захирагч бол Есүсийг эсэргүүцэгч болж байна. Энэ нь хэн байж таарах вэ?
Үүнийг тайлах түлхүүр нь дэлхийн нөхцөл байдал мөн
Хүн төрөлхтөн цаг үргэлж сайн сайхны төлөө зорин тэмүүлж байсан боловч дэлхий ертөнц бүхий л түүхийн туршид зовлон зүдүүрээр дүүрэн байлаа. Энэ нь «„Дэлхийд энх тайван хэрэгтэй.“ Үүнийг бараг хүн болгон хүсдэг. „Хүнд сайн санах хэрэгтэй.“ Үүнийг дэлхийн бараг бүх хүн бие биетэйгээ харьцах явцдаа ухаардаг. Тэгвэл, юу нь буруутчихаа вэ? Хүмүүсийн төрөлх хүсэл сонирхлын эсрэг дайны аюул занал байгаад байдгийн учир юу вэ?» хэмээх нийтлэлийн зохиолч, редактор асан Дэйвид Лоренсын гайхшийг төрүүлсэн шиг, сэтгэгч хүмүүсийн гайхшийг төрүүлдэг.
Энэ нь гаж үзэгдэл юм шиг санагдахгүй байна гэж үү? Хэдийгээр тайван амгалан амьдрал хүмүүсийн төрөлхийн хүсэл байвч, тэдний дунд бие биеэ үзэн ядах, хөнөөн устгах зэрэг аюул гамшиг газар авсан байна. Хирээс хэтэрсэн аймшигтай, харгис хэрцгий үйлдлүүдээс авч үзье. Хүмүүс бие биеэ хайр найргүйгээр тарчилган зовоож, үй олноор нь хөнөөн устгахын тулд хорт хийн өрөө, нийтээр хорих газар, гал шидүүр, напалмын бөмбөг болон бусад аюултай аргуудыг хэрэглэж ирэв.
Энх амгалан, аз жаргалыг асар ихээр хүсдэг хүмүүс өөрсдөө бусдын эсрэг тийм хорон санаа өвөрлөж чадна гэж та бодож байна уу? Хүмүүсээр тийм жигшүүрт хэрэг үйлдүүлэх буюу тийм зүйлсийг ашиглах санаа төрүүлж, тэднийг балмад хэрцгий үйл үйлдэх нөхцөл байдалд тулган хүргэдэг ямар хүч байдаг байна аа? Иймэрхүү хүчирхийлэл үйлдүүлэхийн тулд үл үзэгдэгч хорон муу хүч хүмүүст үйлчилдэг болов уу гэж та өөрөөсөө хэзээ нэгэн цагт асууж үзсэн үү?
Энэ дэлхийн захирагчид тодорхой болсон
Хүн төрөлхтөн хийгээд улс үндэстнүүдийг үл үзэгдэгч оюун ухаант бодгаль удирддагийг Библи тодорхой хэлдэг учраас энэ талаар тааварлах шаардлагагүй юм. Библид: «Бүх дэлхий нь тэрхүү муу нэгний эрхэнд байгаа юм» гэж бичсэн байдаг. Мөн «Бүх ертөнцийг мэхлэгч буг [«Диабол», ШЕ] ба Сатан гэгдэгч» хэмээн түүнийг хэн болохыг Библи илчилдэг (1 Иохан 5:19, МАБ; Илчлэлт 12:9).
Нэгэнтээ Есүс «бугт [«Диаболд», ШЕ] соригдон» байхдаа Сатан бол энэ дэлхийн захирагч гэдэгт эргэлзээгүй. Юу болсныг Библид: «Буг [«Диабол», ШЕ] Түүнийг асар өндөр ууланд аваачаад дэлхийн бүх улсыг ба сүр хүчийг нь үзүүлээд, „Хэрэв чи надад мөргөвөл, энэ бүхнийг би чамд өгье“ гэж хэлэхэд, Есүс: „Зайл, Сатан аа!“ хэмээн хэллээ» гэж өгүүлсэн байдаг (Матай 4:1, 8—10).
Үүнийг эргэцүүлж бодоорой. Сатан «дэлхийн бүх улсыг» Есүст өгөхөөр санал болгон түүнийг сорьсон. Сатан эдгээр бүх улсын захирагч нь үнэхээр биш байсансан бол тийнхүү сорих байсан уу даа? Үгүй, сорихгүй байсан. Энэ дэлхийн бүх улсыг Сатан захирдаг гэдгийг Есүс үгүйсгээгүйг анхаар. Хэрэв Сатан тэднийг захирах эрх мэдэлгүй байсан бол Есүс түүнийг үгүйсгэх л байсан. Тэгэхлээр, Сатан Диабол бол үнэхээр энэ дэлхийн үл үзэгдэгч захирагч бөлгөө! Үнэндээ түүнийг Библид «энэ дэлхийн бурхан» гэж нэрлэсэн буй (2 Коринт 4:4). Харин, тийм хорон муу бодгаль хэрхэн ийм их эрх мэдэлтэй болов оо?
Сатан болсон тэр этгээд Бурхны бүтээсэн сүнсэн бүтээл буюу тэнгэрэлч байсан хэдий ч Бурхны эрх мэдэлд атаархдаг болсон. Тэрбээр Бурхан захирах эрхгүй хэмээн өдөөн хатгасан. Энэ зорилгодоо хүрч, анхны эмэгтэй Еваг мэхлэхийн тулд могойг зэвсгээ болгон ашигласан ба тийнхүү Ева болон түүний нөхөр Адамыг Бурханд бус харин, өөртөө дуулгавартай болгож чадсан (Эхлэл 3:1—6; 2 Коринт 11:3). Тэрчлэн, Адам Ева хоёрын бүх үр удмыг Бурхнаас хөндийрүүлж чадна хэмээн Сатан мэтгэсэн. Тийм учраас, Бурхан энэ үгээ нотлох хугацааг Сатанд олгосон боловч Сатан амжилтад хүрээгүй ээ (Иоб 1:6—12; 2:1—10).
Сатан энэ дэлхийг ганцаараа захирдаггүй гэдгийг мэдэх нь чухал. Тэрбээр Бурхны эсрэг өдүүлсэн самуундаа өөр зарим тэнгэрэлчийг уруу татаж чадсан. Тэд түүний хамсаатан буюу «албид» болцгоосон. Христийн дагалдагчдад хандан тэдний тухай: «Бугийн [«Диаболын», ШЕ] заль мэхийг эсэргүүцэн зогсож чадахын тулд Бурхны бүрэн хуяг дуулгыг өмс. Яагаад гэвэл бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин... энэхүү харанхуй дэлхийн дээд эзэн... тэнгэр дэх [«муу», ШГ] сүнснүүдийн эсрэг билээ» гэж Библид бичжээ (Эфэс 6:11, 12).
Хорон муу сүнснүүдийг сөрөн зогс
Дэлхийн эдгээр хорон муу, үл үзэгдэгч эзэд хүн төрөлхтнийг Бурхнаас хөндийрүүлэн, буруу замаар будаа тээлгэж байгаа юм. Үүнийгээ гүйцэлдүүлэх муу сүнснүүдийн нэг арга бол үхсэн хүн мэдрэхүйгүй болдог гэж Бурхны Үг тов тодорхой хэлсээр атал хүнийг үхсэний дараа амьдрал үргэлжилдэг гэсэн үзлийг дэмжин дэлгэрүүлдэг явдал юм (Эхлэл 2:17; 3:19; Дуулал 146:3, 4; Номлогчийн үгс 9:5, 10). Муу сүнс сүнсний ертөнцөөс «дуу хоолой» эсвэл сүнстэй харьцдаг хүнийг ашиглан, нас барсан хүний дуу хоолойг дуурайлган ойр дотных нь хүмүүс юм уу найз нөхөдтэй нь ярилцах явдал байдаг. Энэ «дуу хоолой» нь яг л талийгаачийнх шиг байвч, үнэн чанартаа энэ нь албин байдаг!
Тэгэхлээр, хэрэв та тийм «дуу хоолой» сонсох аваас бүү хууртаарай. «Зайл, Сатан аа!» гэж хэлсэн Есүсийг дуурайн, юу ч ярилаа гэсэн түүнийг бүү тоогоорой (Матай 4:10; Иакоов 4:7). Сүнсний ертөнцийн асуудлаар сониуч зандаа хөтлөгдөн, муу сүнснүүдтэй холбоо тогтоогуузай. Тийм холбоог «спиритизм» гэж нэрлэдэг бөгөөд түүний аливаа хэлбэрийн эсрэг хатуу зогсохыг Бурхан өөрийн шүтэгчдэд анхааруулсан. Библи «мэргэ төлгөөр хөөцөлдөгчид... сүнстэй харьцдаг хүнд хандагч хийгээд үйл явдлын мэргэжлийн зөнч, үхэгсдийг дуудагч хэнийг ч болов» зэмлэн буруушаадаг (Дэд хууль 18:10—12, ШЕ; Галат 5:19—21; Илчлэлт 21:8).
Спиритизм нь хүнийг албидын нөлөөнд оруулдаг болохоор тэр нь хэчнээн ч зугаатай буюу дур булаам бай түүний алив үйл ажиллагаанд оролцохоос татгалзаарай. Эдгээр нь элдэв зүйл ашиглан мэргэ төлөг буулгах, алсын зайнаас нөлөөлөх буюу ховсдох, алганы хээгээр таах, зурхай зурах зэргийг өөртөө багтаадаг. Тэрчлэн, албид өөрсдийнхөө захиргаанд байдаг нутаг дэвсгэрийн орон сууцуудад шуугиан дэгдээхээс гадна өөр элдэв ээдрээтэй үзэгдэл бий болгодог.
Нэмж хэлэхэд муу сүнснүүд хэвлэл, кино болон телевизийн хөтөлбөрөөр ёс бус, садар самуун явдлыг сурталчлан хөөрөгдөх замаар хүмүүсийн нүгэлт хүслийг дэвэргэдэг. Хэрэв хүн оюун ухаанаасаа гаж буруу бодлыг зайлуулахгүй бол тэр нь цаашаа улам даамжирсаар өөрсдийнх нь үйлддэг шиг садар самуун үйл үйлдэхэд хүргэдэг гэдгийг албид мэддэг (Эхлэл 6:1, 2; 1 Тэсалоник 4:3—8; Иуда 6).
Үнэндээ, энэ дэлхийг муу сүнснүүд захирдаг гэдгийг дуулаад шоолон инээх хүн цөөнгүй байж болох юм. Гэвч, тэдний итгэхгүй байх нь гайхал төрүүлэх зүйл биш. Яагаад гэвэл Библид: «Сатан өөрөө өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг юм» гэж бичсэн буй (2 Коринт 11:14). Сатан болон түүний албид үнэхээр байдаг гэдэг үнэнийг олон түмэнд мэдүүлэхгүй байх нь түүний хууран мэхлэх нэгэн чухал чадвар бөлгөө. Гэвч, бүү хууртаарай! Диабол болон түүний албид бодитойгоор оршин байдаг учир та тэднийг цаг ямагт сөрөн зогсох хэрэгтэй (1 Пэтр 5:8, 9, ШЕ).
Аз болоход, Сатан болон түүний талынхныг устгах цаг эдүгээ тун ойртжээ! «Энэхүү дэлхий [түүний албин захирагчдыг оролцуулаад]... өнгөрнө. Харин, Бурхны тааллыг гүйцэлдүүлэгч нь мөнхөд оршино» гэж Библи хэлдэг (1 Иохан 2:17). Энэхүү хорон муухай нөлөө зайлуулагдсан тэр цагт ямар сайхан болох бол оо!
Бид Бурхны хүсэл тааллыг биелүүлж, түүний шударга шинэ ертөнцөд мөнх амьдран жаргах хүмүүсийн дунд байж байх ч юун магад (Дуулал 37:9—11, 29; 2 Пэтр 3:13; Илчлэлт 21:3, 4).
Хэрэв өөр заалт байхгүй бол Библийн ишлэлийг «Хуучин Гэрээ» (МБОХ, 1998), «Шинэ Гэрээ» (МБОХ, 1996) орчуулгаас авсан болно. Бусад орчуулга: МАБ — «Шинэ Гэрээс» (монгол-англи Библи, 1993); ШГ — «Шинэ Гэрээ» (ОҮМБОХ, 1998); ШЕ — англи «Ариун Бичээсийн Шинэ Ертөнцийн Орчуулга».
[4-р хуудасны зураг]
Хэрэв дэлхийн улсууд өөрт нь хамааралгүй байсан бол Сатан энэ бүгдийг Есүст санал болгох байсан гэж үү?