БҮЛЭГ ХОЁР
Гэр бүлтэй болоход бэлтгэх нь
1, 2. а) Төлөвлөхийн чухлыг Есүс хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ? б) Юуг төлөвлөх нь онцгой чухал бэ?
БАЙШИН барья гэвэл бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Суурь тавихаасаа өмнө газраа олно, зураг төслийг нь гаргана. Бас нэг чухал юм бий. Есүс: «Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ?» гэж хэлсэн (Лук 14:28).
2 Энэ зарчим гэр бүл зохиоход ч хамаатай. Гэрлэхийг хүсдэг хүн олон байдаг ч зардлыг нь тооцдог нь хэд билээ? Гэр бүл болохыг Библи буруушаадаггүй ч гэр бүлийн амьдралд бэрхшээл гардгийг ний нуугүй хэлдэг (Сургаалт үгс 18:22; 1 Коринт 7:28). Тиймээс гэр бүл зохиох бодолтой хэн боловч гэр бүл болохын сайн сайхныг ч, үүрэг хариуцлагыг ч нухацтай бодох хэрэгтэй.
3. Гэрлэх бодолтой хүн Библиэс ашигтай зөвлөгөө авч болдог гэхийн учир юу вэ? Ямар гурван асуултыг ярилцах вэ?
3 Энэ чухал асуудлыг шийдэхэд Библи тус болно. Яагаад гэвэл гэр бүлийг Санаачлагч Ехова Бурхан Библийг бичүүлж, ашигтай зөвлөгөө өгсөн (2 Тимот 3:16). Эрт үед бичигдсэн боловч одоо ч үнэ цэнэтэй энэ номын зарчмуудад үндэслэн 1) Гэр бүл болоход бэлэн эсэхээ яаж мэдэх вэ? 2) Амьдралын ханиа хэрхэн сонгох вэ? 3) Ёс журамтай үерхэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? гэсэн асуултыг авч үзье.
ГЭР БҮЛ БОЛОХОД БЭЛЭН ҮҮ?
4. Нөхөр эхнэрийн холбоог бат бөх байлгахад юу чухал бэ? Яагаад?
4 Байшин барихад ч, байшингаа өнгөтэй өөдтэй байлгахад ч зардал гардаг. Үүнтэй адилаар, гэр бүлтэй болох амаргүй, гэр бүл болсон хойноо насаараа сайхан амьдрах бас амаргүй. Тэгвэл нөхөр эхнэрийн холбоог насан туршид бат бөх байлгахад юу чухал вэ? Нэг чухал зүйл бол ханьдаа чин үнэнч байх явдал юм. Нөхөр эхнэрийн талаар «Эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» гэж Библид бичсэн байдаг (Эхлэл 2:24). Гэрлэлтээ цуцлуулаад дахин гэрлэж болох, Библийн үндэстэй цорын ганц шалтгаан байдаг нь «садар самуун» буюу гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа гэж Есүс Христ хэлсэн (Матай 19:9). Хэрэв та гэрлэх бодолтой бол Бурхны Үгийн эдгээр зарчмыг санаж яваарай. Чин үнэнч байхаа амлаж чадахгүй бол гэр бүлтэй болоход бэлэн биш гэсэн үг (Дэд хууль 23:21; Номлогчийн үгс 5:4, 5).
5. Ханьдаа насан турш чин үнэнч байх гэдгээс олон хүн зүрхшээдэг ч гэр бүлтэй болох бодолтой хүмүүс энэ зарчмыг үнэлэх ёстойн учир юу вэ?
5 Ханьдаа насан турш чин үнэнч байх ёстой гэхлээр олон хүн зүрхшээдэг. «Насаараа нэг хүнтэй амьдарна гэж бодохлоор буланд хашигдаад, гараа гавлуулж, хөлөө дөнгөлүүлэх юм шиг санагдах юм» гэж нэг залуу хэлсэн байна. Гэхдээ гэрлэх хүнээ үнэн голоосоо хайрладаг бол үнэнч байх нь зүрхшээмээр юм биш ээ. Харин ч хамгаалалт болдог. Бие биедээ үнэнч байх ёстойгоо ухамсарладаг хос жаргал зовлонгоо хуваалцаж, юу ч тохиолдсон нэг нэгэндээ дэм болохыг хүсдэг. Христийн дагалдагч Паул жинхэнэ хайр «бүгдийг далдалдаг», «бүгдийг тэсвэрлэдэг» гэж бичжээ (1 Коринт 13:4, 7). Нэг эмэгтэй: «Насаараа хамт амьдрахаа бид хоёр хэн хэндээ, бас олны өмнө амласан болохлоор би сэтгэл зовох юмгүй, тайван байдаг» гэж ярьсан юм (Номлогчийн үгс 4:9–12).
6. Гэрлэх гэж яарахгүй байх нь яагаад ухаалаг вэ?
6 Ханьдаа насан турш үнэнч байх амлалтаа биелүүлье гэвэл төлөвшсөн байх хэрэгтэй. Тиймээс «насанд хүрэхээ» хүлээх буюу бэлгийн хүсэл хүчтэй оргилдог үеэ өнгөртөл, аливаад буурь суурьтай хандаж суртлаа гэрлэхгүй байх нь сайн гэж Паул христиануудад зөвлөжээ (1 Коринт 7:36). Залуу хүн түргэн өөрчлөгддөг. Орь залуудаа гэрлэсэн хүмүүсийн хэн хэн нь өөрийнх нь болон нөгөөгийнх нь хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага өөрчлөгдсөнийг удаа ч үгүй ухаардаг. Бас бага залуу насандаа гэрлэсэн хүмүүсийг яаран гэрлээгүй хүмүүстэй харьцуулахад жаргал үзэлгүй амьдарч, салж сарних нь элбэг байдгийг статистикийн тоо баримт харуулдаг. Тиймээс гэрлэх гэж бүү яараарай. Хэсэг хугацаанд ганц бие явбал амьдралын туршлага суун төлөвшиж, хожим нь халамжтай хань болж чадна. Түүнчлэн, өөрийгөө ч сайн таних боломж олддог. Жаргалтай сайхан амьдаръя гэвэл өөрийгөө сайн таних хэрэгтэй.
ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ САЙН ТАНЬ
7. Гэрлэе гэж боддог хүн эхлээд өөрийгөө таних хэрэгтэйн учир юу вэ?
7 Миний хань болох хүн ийм ийм зантай байгаасай гэж хэлэх танд амархан уу? Олон хүний хувьд амархан байдаг. Харин та өөрөө ямар хүн бэ? Гэр бүлээ сайхан авч явахад хэрэгтэй ямар зан чанар танд байдаг вэ? Та өөрийгөө ямар хань болно гэж бодож байна вэ? Жишээ нь, та алдаагаа хүлээн зөвшөөрч, зөвлөгөө хүлээж авдаг уу, эсвэл өөрийгөө өмөөрдөг үү? Баяр баясгалантай, өөдрөг хүн үү, эсвэл баргар царайлан, байнга гомдоллож явдаг уу? (Сургаалт үгс 8:33; 15:15). Гэрлэнгүүт зан байдал тань өөрчлөгдчихгүй шүү дээ. Бардам, эмзэг, гутранги үзэлтэй хүн гэрлэсэн хойноо ч хэвээрээ л байна. Хүн өөрийгөө хөндлөнгөөс харж чаддаггүй учир эцэг эхээсээ юм уу итгэж явдаг найзаасаа өөрийнхөө талаар асууж болно. Засаж залруулах юм байвал гэрлэхээсээ өмнө засаарай.
Гэр бүлтэй болсон хойно тус болох зан чанар, дадал зуршил, ур чадварыг ганц бие байхдаа хөгжүүлээрэй
8–10. Гэр бүл болох бэлтгэл хангахад тустай ямар зөвлөгөө Библид байдаг вэ?
8 Бурхны ариун сүнсний тусламжтайгаар «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал» гэх зэргийн зан чанартай болохыг Библи уриалдаг. Бас «оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөхийг» уриалдаг (Галат 5:22, 23; Ефес 4:23, 24). Ганц бие байхдаа энэ зөвлөгөөг дагах нь банкинд хадгаламжтай болохтой адил юм. Өөрөөр хэлбэл, гэрлэсэн хойно тус болох олон сайхан зан чанартай болно.
9 Тухайлбал, эмэгтэй хүн гадаад үзэмжээ бус, «зүрхэнд нуугдсан хүнээ» илүү анхаарч сурах хэрэгтэй (1 Петр 3:3, 4). «Гоо үзэсгэлэнгийн титэм» буюу мэргэн ухаантай болъё гэвэл даруу, хэрсүү байх хэрэгтэй (Сургаалт үгс 4:9; 31:10, 30; 1 Тимот 2:9, 10). Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй эелдэг, хүндэтгэлтэй харьцаж сурах нь зүйтэй (1 Тимот 5:1, 2). Шийдвэр гаргаж, хүлээсэн үүргээ биелүүлж, дөлгөөн, даруу байж сураарай. Эзэрхэг түрэмгий зан гэр бүлд хэзээ ч сайн юм авчирдаггүй (Сургаалт үгс 29:23; Мика 6:8; Ефес 5:28, 29).
10 Өөрийгөө өөрчлөх амаргүй боловч христиан хүн бүр хичээх шаардлагатай. Ингэвэл сайн хань болж чадна.
ХАНИА СОНГОХ НЬ
11, 12. Бие биетэйгээ таарах эсэхээ хэрхэн мэдэх вэ?
11 Танай оронд гэрлэх хүнээ өөрөө сонгодог заншил байдаг уу? Байдаг бол, эсрэг хүйсийн хүнд сэтгэл татагдахад яах нь зүйтэй вэ? Юуны түрүүнд, «Би гэр бүлтэй болохыг үнэхээр хүсэж байгаа бил үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Гэрлэнэ гэсэн найдвар төрүүлж, хүний сэтгэлээр тоглох нь харгис явдал юм (Сургаалт үгс 13:12). Дараа нь «Одоо гэрлэе гэхэд боломж бүрдсэн бил үү?» гэж бодож үзээрэй. Энэ хоёр асуултад нааштай хариулбал нутгийнхаа зан заншлыг харгалзан дараагийн алхмыг хийж болно. Зарим орны заншлаар, сэтгэл татсан хүнээ хэсэг зуур ажиглаж байгаад дотносон танилцах хүсэлтэйгээ мэдэгддэг. Тэр хүн ч энэ асуудлаар шийдвэр гаргах эрхтэй учир хэрэв зөвшөөрөхгүй бол өөрийнхөөрөө зүтгэх хэрэггүй. Нааштай хариу өгвөл хэн хэндээ тустай юм хийн цагийг хамтдаа өнгөрүүлж болох юм. Ингэх нь тухайн хүнтэй гэрлэх эсэхээ шийдэхэд тустай.a Үерхэхдээ юу анхаарах вэ?
12 Энэ асуултад хариулахын тулд жишээ татъя. Сайхан хөглөсөн төгөлдөр хуур, гитар хоёрыг дангаар нь тоглоход аль аль нь сайхан эгшиглэнэ. Гэхдээ хослуулан тогловол яах бол? Хөг нийлэн эгшиглэх учиртай. Үүнтэй адилаар, та ирээдүйн ханьтайгаа «хөг нийлэх» учиртай. Та хоёр зан чанараа христиан ёсоор «хөглөсөн» байж таарна. Гэхдээ одоо, та хоёрын «хөг нийлэх» үү гэсэн чухал асуулт гарч байна. Өөрөөр хэлбэл, та хоёр таарах уу?
13. Итгэл үнэмшлээрээ ялгаатай хүнтэй үерхэх нь яагаад ухаалаг биш вэ?
13 Итгэл үнэмшил, баримталдаг зарчим нэг байх нь чухал юм. Элч Паул: «Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун» гэж бичсэн (2 Коринт 6:14; 1 Коринт 7:39). Бурханд итгэдэг болон итгэдэггүй хүмүүсийн хооронд ноцтой зөрчил гарах нь мэдээжийн хэрэг. Харин хоёулаа Ехова Бурханд үнэнч байх нь эв нэгдлийн бат суурь болдог. Ехова таныг ханьтайгаа хэн хүнээс илүү дотно байж, жаргалтай амьдраасай, өөртэй нь ч, хань ижилтэйгээ ч хайраар холбогдож, гурамсалж гөрсөн сур мэт байгаасай гэж хүсдэг (Номлогчийн үгс 4:12).
14, 15. Итгэл үнэмшил нэгтэй л бол нөхөр эхнэр хоёр эвтэй байна гэсэн үг үү? Тайлбарлана уу.
14 Хамтдаа Бурхнаа шүтэх нь эв нэгдэлтэй байх нэг чухал үндэс боловч өөр юм бас бий. «Хөг нийлэхэд» зорилго нэг байх нь чухал. Та хоёр ямар зорилготой вэ? Тухайлбал, үр хүүхэдтэй болох тухайд ямар бодолтой явдаг вэ? Амьдралынхаа эн тэргүүнд юу тавьдаг вэ?b (Матай 6:33). Жинхэнэ ёсоор жаргалтай амьдардаг нөхөр эхнэр хоёр хамт байхдаа дуртай, дотны найзууд байдаг (Сургаалт үгс 17:17). Иймээс дур сонирхол нэгтэй байх хэрэгтэй. Өөр өөр юм сонирхдог хүмүүс найзалж нөхөрлөхөд амаргүй байдаг бол гэр бүл болоход бүр ч амаргүй байх нь ойлгомжтой. Гэхдээ ирээдүйн хань тань явган аялалд дуртай, та дургүй байлаа гэхэд гэрлэж болохгүй гэсэн үг биш л дээ. Та хоёр өөр чухал асуудлаар санал нийлдэг байж таарна. Гэхдээ ирээдүйн ханийнхаа дуртай юмыг хийж, баярлуулж болно шүү дээ (Үйлс 20:35).
15 Та хоёрын таарах эсэх нь юу юугаараа адилхан гэдгээс бус, уян хатан байж, бие биеэ хэр сайн ойлгодгоос ихээхэн шалтгаална. Тиймээс «Бид бүх юман дээр санал нийлдэг үү?» гэдгийг бус, харин «Санал зөрөхлөөрөө яадаг вэ? Бие биеэ хүндэтгэн, тайван ярилцаж чаддаг уу? Эсвэл хэрэлдэж маргаад дуусдаг уу?» гэдгээ бодож үзэх нь сайн (Ефес 4:29, 31). Бардам, зөрүүд, хэзээ ч бууж өгдөггүй, байнга юм шаарддаг, бүх юмыг хүссэнээрээ хийдэг хүнээс болгоомжлоорой.
САЙН ТАНЬЖ МЭДЭЭРЭЙ
16, 17. Ирээдүйн ханиа сонгохдоо юу бодож үзэх хэрэгтэй вэ?
16 Христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээх хүн «эхлээд ... шалгагдах» учиртай байдаг (1 Тимот 3:10). Энэ зарчмыг баримталбал танд тустай. Тухайлбал, эмэгтэй хүн: «Энэ хүн хэр их хүндтэй хүн бэ? Хэнтэй нөхөрлөдөг вэ? Биеэ захирдаг уу? Настай хүнийг хүндэлдэг үү? Ар гэр нь ямар вэ? Гэрийнхэнтэйгээ яаж харьцдаг вэ? Мөнгөнд яаж ханддаг вэ? Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэдэг үү? Түргэн зантай эсвэл бүр харгис түрэмгий хүн үү? Хуралдаа ямар үүрэг хүлээдэг вэ? Үүргээ яаж биелүүлдэг вэ? Би энэ хүнийг үнэн голоосоо хүндэтгэж чадах уу?» гэх мэтийн асуултыг эргэцүүлэн бодож болно (Левит 19:32; Сургаалт үгс 22:29; 31:23; Ефес 5:3–5, 33; 1 Тимот 5:8; 6:10; Тит 2:6, 7).
17 Эрэгтэй хүн: «Энэ эмэгтэй Бурхныг хайрлаж, хүндэтгэдэг үү? Айл гэрийг өөд нь татаад явж чадах уу? Ар гэрийнхэн нь биднээс юу хүсэх бол? Ухаалаг, ажилсаг, арвич хямгач хүн үү? Юун тухай ярьдаг вэ? Бусдад санаа тавьдаг уу, аминчхан зантай юу? Эсвэл бусдын хэрэгт оролцоод байдаг уу? Итгэл даах хүн үү? Тэргүүллийн зарчимд дуртайяа захирагддаг уу? Зөрүүд зантай, бүр дураараа авирладаг уу?» гэж бодож үзээрэй (Сургаалт үгс 31:10–31; Лук 6:45; Ефес 5:22, 23; 1 Тимот 5:13; 1 Петр 4:15).
18. Үерхэж байхад алдаа дутагдал ажиглагдвал яах нь зүйтэй вэ?
18 Үерхэж байгаа хүн тань хайр сэтгэлийн зохиолд гардаг өв тэгш баатар биш, Адамын үр удам буюу төгс бус хүн гэдгийг битгий мартаарай. Хүн болгон л дутагдалтай. Тиймээс танд ч, ирээдүйн ханьд тань ч айхавтар том биш боловч дутагдал байгаа (Ром 3:23; Иаков 3:2). Гэхдээ үүнийгээ мэдвэл засахад дөхөм болдог. Жишээ нь, та хоёр маргажээ гэж бодъё. Үнэндээ бол, бие биеэ хайрлаж, хүндэтгэдэг хүмүүст ч ам мурийх үе гардаг (Эхлэл 30:2; Үйлс 15:39-тэй харьцуулна уу). Та хоёрын хэн хэн нь «өөрийнхөө сүнсийг захирч», асуудлыг эвээр шийдэж сурах нь зүйтэй болов уу (Сургаалт үгс 25:28). Ирээдүйн хань тань засарч өөрчлөгдөхийг хичээж байна уу? Та өөрөө засарч байгаа юу? Юм л бол гомдож, эмзэглэдэг бол үүнийгээ засаж чадах уу? (Номлогчийн үгс 7:9). Асуудлыг шийдэж сурвал та хоёр гэрлэлээ гэхэд илэн далангүй харьцаж чадна гэсэн үг. Илэн далангүй харьцаа гэр бүлд туйлын чухал байдаг (Колоссай 3:13).
19. Ноцтой асуудал байвал яах нь ухаалаг вэ?
19 Гэхдээ таны санааг зовоож байгаа асуудал ноцтой бол яах вэ? Тоохгүй өнгөрч болохгүй. Тэр хүнд хэчнээн их татагдаж байсан ч, гэр бүлтэй болохын хүслэн болж байсан ч ноцтой дутагдлыг нүдээ аниад өнгөрөөх учиргүй (Сургаалт үгс 22:3; Номлогчийн үгс 2:14). Итгэл даахааргүй бол үерхэхээ больж, насан туршийн холбоо тогтоохгүй байх нь ухаалаг хэрэг.
ЁС ЖУРАМТАЙ ҮЕРХЭХ НЬ
20. Ёс журамтай үерхэнэ гэж яахыг хэлэх вэ?
20 Яаж ёс журамтай үерхэх вэ? Юуны түрүүнд, биеэ зөв авч явдаг эсэхээ магадлах хэрэгтэй. Танай нутагт, гэрлээгүй хүмүүсийг хөтлөлцөж, үнсэлцэж, тэврэлдэж болно гэж үздэг үү? Буруутгадаггүй байлаа ч үерхдэг хүмүүс хэзээ гэрлэхээ товлосныхоо дараа л сэтгэлээ ийн илэрхийлж болно. Гэхдээ биеэ барьж, болгоомжтой байхгүй бол бузар булай, бүр садар самуун явдалд орооцолдох аюултай (Ефес 4:18, 19; Соломоны дуун 1:2; 2:6; 8:5, 9, 10-тай харьцуулна уу). Зүрх хуурамч гэдгийг санаж, ёс бус юм хийх боломж бүрдэх ямар ч газар, тухайлбал, байр байшин, хөдөлгөөнд оролцоогүй машин гэх мэтэд хоёулхнаа байхаас зайлсхийх нь ухаалаг юм (Иеремиа 17:9). Ёс журамтай үерхвэл бусдын сайн сайхныг үнэхээр боддог, дур хүслээ хойш нь тавьж, биеэ захирч чаддаг хүн гэдгээ батлан харуулна. Хамгийн гол нь, завхайрал, бузар булай явдлыг жигшихийг тушаасан Ехова Бурхны тааллыг олно (Галат 5:19–21).
21. Үерхдэг хүмүүс бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ямар асуудлыг илэн далангүй ярилцах нь зүйтэй вэ?
21 Хоёрдугаарт, бие биеэ хүндэтгэн илэн далангүй ярилцаарай. Гэрлэхээр бол «Хаана амьдрах вэ?», «Хоёулаа ажил хийх үү?», «Хүүхэдтэй болох хүсэлтэй юү?» гэх зэргийг илэн далангүй ярилцах хэрэгтэй. Түүнээс гадна, та хоёрын амьдралд нөлөөлж болох явдлыг, тухайлбал, их хэмжээний өртэй юм уу өвчин эмгэгтэй бол үүнийгээ хэлэх нь шударга явдал юм. ДОХ-ын халдвар авсан олон хүнд шинж тэмдэг нь шууд илэрдэггүй тул ёс журамгүй амьдарч байсан эсвэл мансууруулах бодисыг судсандаа хийдэг байсан хүнээс үерхэж буй хүн юм уу эцэг эх нь ДОХ-ын шинжилгээ өгөхийг хүсэх нь буруу биш юм. Хэрэв шинжилгээгээр өвчтэй нь нотлогдож, үерхэж буй хүн нь харьцаагаа таслахыг хүсвэл халдвартай хүн тэр хүсэлтийг хүлээж авах ёстой. Уг нь бол, ёс журамгүй амьдралтай явсан хүн, хүнтэй үерхэхээсээ өмнө ДОХ-ын шинжилгээг сайн дураараа өгөх нь ухаалаг хэрэг.
ХУРИМ ХИЙГЭЭД Л БҮХ ЮМ ДУУСЧИХГҮЙ
22, 23. а) Хуримд бэлдэхдээ дүн нуруу алдахгүйн тулд юунаас зайлсхийх хэрэгтэй вэ? б) Хурим болон гэр бүлийн амьдралд хэрхэн дүн нуруутай хандах вэ?
22 Хурим дөхөхийн хэрээр та хоёр бэлтгэлээ базаагаад завгүй байх нь мэдээж. Ухаалаг, даруу байвал хурим найр дарамт болохгүй. Нижгэр хурим найр хийвэл хамаатан садан, найз нөхөд, хамт олон баярлаж болох ч та хоёр, танай хоёр гэрийнхэн ядарч, мөнгө санхүүгийн хувьд ч хүнд байдалд орж мэднэ. Нутгийн зарим заншлыг дагахад буруудахгүй байж болох юм. Гэхдээ хүнээс дутахгүй гэсэндээ бусдыг даган дууриаж, олны сэтгэлд нийцүүлэх гэж зүтгэвэл тэр чухал үйл явдлын утга учир алдагдаж, өөрсдөө ч баяр баясал эдэлж чадахгүй. Мэдээж, бусдын үзэл бодлыг харгалзаж болох ч хуримаа хэрхэн хийхийг гол нь сүйт залуу шийдэх үүрэгтэй (Иохан 2:9).
23 Хурим бол нэг л өдрийн явдал, харин гэр бүлийн холбоо бол насан туршийнх. Хуримын ганц өдрийг биш, Ехова Бурхны удирдлага зааврыг хайж, гэр бүлийн амьдралаа анхаараарай. Тэгвэл гэр бүл болох бэлтгэлээ базааж чадна.
a Тухайн нутагт үерхэхийг зохистой гэж үздэг бол христианууд энэ зарчмыг баримтална.
b Христиан хуралд ч сүнслэг бодолгүй хүмүүс байж мэднэ. Тийм хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ үйлчилдэггүй бөгөөд ертөнцийн үзэл бодолд автаж, христиан ёсоор биеэ авч явдаггүй байж болох юм (Иохан 17:16; Иаков 4:4).