Хичээл 14
Еховагийн Гэрчүүдийн байгууллагын тухай
Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүх хэзээ эхэлсэн бэ? (1)
Еховагийн Гэрчүүдийн цуглаан яаж явагддаг вэ? (2)
Зардлаа юугаар нөхдөг вэ? (3)
Ямар хүмүүс удирдах үүрэг хүлээдэг вэ? (4)
Жил бүр том хэмжээний ямар цуглаан болдог вэ? (5)
Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв болон салбарууд ямар ажил гүйцэтгэдэг вэ? (6)
1. Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүх 1870-аад оноос эхэлжээ. Тэд эхлээд «Библи Судлаачид» гэдэг нэртэй байв. Харин 1931 оноос Библид үндэслэсэн «Еховагийн Гэрчүүд» гэдэг нэртэй болжээ (Исаиа 43:10). Үйл ажиллагаагаа цөөн хүнтэй эхэлж байсан энэ байгууллага өнөөдөр 230 гаруй оронд сайн мэдээ идэвхийлэн дэлгэрүүлж буй олон сая гишүүнтэй болжээ.
2. Еховагийн Гэрчүүдийн ихэнх «хурал» буюу итгэгчдийн бүлэг долоо хоногт гурван удаа цугладаг. Та аль ч цуглаанд нь очиж болно (Еврей 10:24, 25). Тэнд үзэж судалдаг бүх зүйл Библид үндэслэдэг. Цуглаан залбирлаар эхэлж, залбирлаар төгсдөг. Ихэнх цуглаан дээр «сүнслэг дуунууд» буюу Ехова Бурхныг магтсан дуу дуулдаг (Ефес 5:18, 19). Цуглаанд суухад чөлөөтэй, татвар хураамж авдаггүй (Матай 10:8).
3. Ихэнх хурал «Хаанчлалын танхим» буюу голдуу Гэрчүүдийн барьсан ердийн байшинд цуглаанаа явуулдаг. Хаанчлалын танхимд зурмал бурхан болон загалмай гэх мэтийн зүйлс байдаггүй. Зардлаа сайн дурын хандиваар нөхдөг. Хүссэн хүмүүс зориулалтын хайрцагт хандив өргөж болно (2 Коринт 9:7).
4. Хурал болгонд «харгалзагчид» буюу ахлагчид байдаг. Тэд итгэл нэгтнүүдээ сургаж, удирдах үүрэгтэй (1 Тимот 3:1—7; 5:17). Тэдэнд туслах үүрэг хүлээдэг хүмүүсийг «туслах үйлчлэгчид» гэдэг (1 Тимот 3:8, ШЕ, 9, 10, 12, 13). Эдгээр эрчүүд хурлынхаа бусад гишүүдээс дээгүүр байр суурь эзэлдэггүй (2 Коринт 1:24). Тэдэнд тусгай цол хэргэм гэж байдаггүй (Матай 23:8—10). Тэд бусдын л адил хувцасладаг бөгөөд цалин хөлс авдаггүй. Ахлагчид хурлынхаа гишүүдийн сүнслэг хэрэгцээг анхаарч, үүргээ сайн дураараа биелүүлдэг. Итгэл нэгтнүүдээ зовж шаналсан үед нь тайвшруулж, заавар зөвлөгөө өгдөг (Иаков 5:14—16; 1 Петр 5:2, 3).
5. Еховагийн Гэрчүүд жил бүр том хэмжээний цуглаан буюу чуулган зохион явуулдаг. Энэ үеэр олон хурал нэг дор цуглаж, тусгай хөтөлбөрөөр Библи судалдаг. Чуулганаар хүмүүс баптисм хүртэж, Еховагийн Гэрч болдог (Матай 3:13—17; 28:19, 20).
6. Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв АНУ-ын Нью-Йорк хотод байдаг. Туршлагатай ахлагчдаас бүрдсэн Удирдах зөвлөл тэндээс бүх хурлыг удирдаж харгалздаг. Мөн дэлхий даяар 100 гаруй салбар ажилладаг. Салбарын ажилчид бүгд сайн дурынхан бөгөөд Библид үндэслэсэн ном хэвлэлийг хэвлэж, илгээх гэх зэргийн ажил үүрэг гүйцэтгэдэг. Тэрчлэн, салбарууд хариуцсан орнуудынхаа дэлгэрүүлэх ажлыг удирддаг. Та Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбарт очиж үзэхийг төлөвлөж болно шүү дээ.