Есүс христ гэж хэн бэ?
«ХРИСТОСЫН шашинд итгэдэггүй хүмүүс хүртэл Түүнийг агуу их, мэргэн багш байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр нэгэн цагт амьдарч байсан хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан нь гарцаагүй» («The World Book Encyclopedia»). «Тэрбээр» гэж хэн бэ? Тэр бол христосын шашныг үндэслэгч Есүс Христ юм. Та түүнийг мэдэх үү? Тэрбээр таны амьдралд ямар нэг байдлаар нөлөөлдөг үү?
Есүсийн үйл ажиллагааны тухай «Евангели» гэж нэрлэдэг түүхэн ач холбогдол бүхий Библийн дөрвөн номд бичсэн байдаг. Энэ дөрвөн ном нь «Матай», «Марк», «Лүүк», «Иохан» юм. Эдгээр мэдээлэл хэр үнэн бодитой вэ? Алдарт түүхч Уилл Дьюрант үүнийг нягтлан судалсныхаа эцэст: «Нэгэн үеийн эгэл жирийн цөөн хэдхэн хүн тийм хүчирхэг бөгөөд анхаарал татам бие хүнийг, ёс суртахууны тийм өндөр хэм хэмжээ болон ахан дүүгийн барилдлагааны тийм гайхамшигтай жишээг санаанаасаа зохиосон гэдэгт итгэх нь Евангелид бичигдсэн гайхамшгуудад итгэхээс илүү хэцүү» хэмээн бичжээ.
Гэвч, Дорно дахины улс орнууд хийгээд дэлхийн зарим хэсэгт амьдардаг олон сая хүний хувьд Есүс Христ бол харь холын нэгэн бөлгөө. Түүнийг байсан гэдэгт тэд итгэдэг байж болох хэдий ч, амьдралд маань Есүс ямар ч хамаагүй гэж боддог. Харин, өөрсдийгөө Есүсийн дагалдагч гэж нэрлэгсдийн хийсэн үйл хэргээс болоод зарим хүн Есүсийг зохимжгүй нэгэн хэмээн үл ойшоодог. Япончууд гэхэд л: «Тэд Японы бусад хотыг бодвол илүү олон христосын шашинтан амьдардаг Нагасаки хотод атомын бөмбөг хаясан» гэж хэлэх жишээтэй.
Гэтэл, өвчтөн хүн эмчийн өгсөн зөвлөгөөг дагаагүйн улмаас өвчтэй хэвээрээ байвал та эмчийг буруутгах уу? Үгүй гэдэг нь эргэлзээгүй. Христосын шашны ертөнцийнхөн өдөр тутмын бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар Есүсийн өгсөн заавар зөвлөгөөг удаан хугацааны туршид үл ойшоож ирсэн. Тэгэхлээр, өөрсдийгөө Есүсийн дагалдагч гэж нэрлэдэг атлаа заавар зөвлөгөөг нь дагадаггүй хүмүүсээс болоод Есүсийг хялайж харахын оронд түүний тухай ямар нэг юм мэдэж авах нь зөв бус уу? Библийг судлан, Есүс гэж чухам хэн байсан ба тэрбээр амьдралыг тань хэрхэн өөрчилж болдгийг мэдэж аваарай.
Есүс бусдыг хайрлахыг тушаасан
Есүс Христ бол 2 000 орчим жилийн өмнө Палестинд амьдарч байсан агуу их багш юм. Түүний хүүхэд насны тухай мэдээлэл маш бага байдаг (Матай 1, 2-р бүлэг; Лүүк 1, 2-р бүлэг). Есүс 30 нас хүрээд «үнэний тухай гэрчлэхээр» үйл ажиллагаагаа эхэлсэн (Иохан 18:37; Лүүк 3:21—23). Евангелийн дөрвөн бичээч түүний амьдралыг түүхчлэн бичихдээ дэлхий дээрх амьдралынхаа сүүлийн гурван жил хагасын хугацаанд Есүс олон түмэнд хэрхэн үйлчилсэн бэ гэдэгт анхаарлаа хандуулжээ.
Үйл ажиллагаагаа явуулах явцдаа Есүс өөрийн дагалдагчдад амьдралд тулгарах янз бүрийн бэрхшээлийг хэрхэн даван туулах тухай үндсэн зарчмыг зааж өгсөн. Энэ нь чухам юу байв аа? Энэ бол хайр ажгуу. Есүс «Ууланд айлдсан номлол» хэмээн түүхэнд алдаршсан нэгэн сургаалдаа хүмүүсийг хэрхэн хайрлах тухай өөрийн дагалдагчдад заажээ. Тэрбээр: «Та нар хүмүүс та нарт хэрхэн хандахыг хүсдэгийн адил тэдэнд ч тийнхүү ханд» гэж хэлсэн (Матай 7:12). Уг зарчмыг хүмүүсийн хоорондын харьцааны «Алтан дүрэм» гэж нэрлэдэг. Есүс «хүмүүс» гэдэгт дайсныг хүртэл хамруулжээ. Уг номлолдоо тэрбээр: «Дайснуудаа хайрла, та нарыг хавчигсдын төлөө залбир» гэжээ (Матай 5:44). Ийм хайр өнөөдөр бидэнд тулгараад байгаа бэрхшээлүүдийг шийдвэрлэхгүй гэж үү? Энэтхэгийн удирдагч Мохандас Ганди: «Хэрэв [бид] Есүсийн Ууланд айлдсан номлолын дагуу хамтран ажиллавал... дэлхий нийтийн бүх бэрхшээлийг шийдвэрлэх болно» хэмээн санал бодлоо илэрхийлжээ. Есүсийн заасан хайрын сургаалыг хэрэгжүүлэх аваас хүн төрөлхтөн өвчин эмгэгээсээ салах болно.
Хайр бол Есүсийн дээдлэн эрхэмлэдэг чанар
Есүсийн үг сургаал үйл ажлаас нь зөрж байгаагүй. Тэрбээр бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөс урьтал болгож, хайраа үйл хэргээрээ илэрхийлдэг байсан. Нэгэн удаа Есүс болон түүний дагалдагчид олон хүнд сургаал айлдаад, хоол ч идэх завгүй байв. Дагалдагчид нь «жаахан амрах» хэрэгтэйг Есүс мэдээд, тэд хүнгүй газар очихоор хөдөлжээ. Гэвч, олон түмэн тэднээс урьтаж очоод тэдний ирэхийг хүлээж байлаа. Хэрэв та Есүсийн оронд байсан бол ийм тохиодолд яах байсан бэ? Есүс хүмүүсийг «өрөвдөв. . . тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» (Марк 6:30—34). Тийм ээ, учиргүй ихээр өрөвдөх сэтгэл нь түүнийг бусдад туслахад хүргэсэн юм.
Бусдын тусын тулд Есүсийн хийсэн зүйл нь зөвхөн шашны номлолоор хязгаарлагдаагүй ээ. Тэрбээр бас олныг хамарсан бодитой туслалцаа үзүүлж байлаа. Тухайлбал, нэгэн удаа Есүс өөрийнх нь сургаалыг сонсохоор ирээд үдэш болтол саатсан 5 000 хүнийг (хүүхэд, эмэгтэйчүүдээс гадна) хооллосон. Хожим нь мөн 4 000 хүнийг хооллосон. Тэрбээр эхний тохиолдолд таван талх, хоёр загасаар, харин дараагийн удаад долоон талх, хэдхэн загасаар хоолложээ (Матай 14:14—22; 15:32—38; Марк 6:35—44; 8:1—9). Гайхамшиг биш гэж үү? Тийм ээ, Есүс гайхамшиг үйлддэг байсан.
Тэрчлэн, Есүс сохор, доголон, дүлий, нойтон хамуутай хийгээд өвчтэй олон хүнийг эдгээсэн. Тэр ч байтугай, үхсэн хүнийг ч дахин амилуулсан! (Лүүк 7:22; Иохан 11:30—45). Нэгэн удаа нойтон хамуу өвчтэй хүн Есүс дээр ирээд: «Хэрэв Та хүсвэл, намайг эдгээж чадна шүү дээ» гэж гуйхад нь Есүс юу гэж хариулсан билээ? «Тэр өрөвдөн гараа сунгаж, биед нь хүрээд „Хүсэж байна. Эдгэр“» гэж хэлжээ (Марк 1:40, 41). Есүс өвчтэй хүмүүст туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Тэрбээр үйлдсэн гайхамшгуудаараа зовж шаналж буй хүмүүсийг хэрхэн өрөвдөж хайрладгаа харуулсан билээ.
Итгэхэд бэрх байгаа биз? Гэвч, Есүс гайхамшгуудынхаа ихэнхийг олны өмнө үйлдсэн юм. Есүсийг буруутгах гэж алхам бүрээс нь өө сэв хайдаг байсан дайснууд нь хүртэл түүний гайхамшиг үйлдэж байсан үнэнийг үгүйсгэж чадаагүй бөлгөө (Иохан 9:1—34). Тэрчлэн түүний үйлдсэн гайхамшгууд тодорхой зорилго агуулж байлаа. Тэдгээр нь Есүсийг Бурхан илгээжээ гэдгийг мэдэхэд хүмүүст тусалсан (Иохан 6:14).
Есүсийн амьдрал хийгээд заасан сургаалд түр боловч анхаарлаа хандуулах ахул түүнийг хайрлан хүндэтгэх, бусдыг хэрхэн хайрлаж байсан тэр хайрыг нь дуурайх хүслийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Энэ бол Есүсийн таны амьдралд нөлөөлж болох цорын ганц арга зам хараахан биш ээ. Тэрбээр зөвхөн хайрын тухай сургасан агуу их багш төдий ч бус юм. Есүс дэлхийд хүн болж ирэхээсээ өмнө Бурхны «цорын ганц Хүү» байсан гэдгээ илчилсэн (Иохан 1:14; 3:16; 8:58; 17:5; 1 Иохан 4:9). Түүнээс гадна тэрбээр эдүгээ амьд хэвээрээ байгаа нь бидний хувьд туйлын чухал ач холбогдолтой юм. Есүс дахин амилан тэнгэрт гарч, одоо Бурхны Хаанчлалын Хаан болон өргөмжлөгдсөн гэж Библид бичээстэй буй (Илчлэлт 11:15). Есүс: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх амь мөн» гэж хэлсэн (Иохан 17:3; 20:31). Үнэн хэрэгтээ, Есүс Христийг таньж мэдсэнээр Диваажинд мөнх амьдрах боломжтой болно гэсэн үг! Үүний тулд яах хэрэгтэй вэ? Есүсийн тухай улам ихийг мэдэж, түүнийг дуурайхыг «Христийн хайр биднээс шаардаж» байна хэмээн үзэж яагаад болохгүй билээ? (2 Коринт 5:14). Еховагийн Гэрчүүд танд дуртайяа туслах болно (Иохан 13:34, 35).
Библийн ишлэлийг «Шинэ Гэрээ» (МБОХ, 1996) орчуулгаас авсан болно.