Та үхэшгүй мөнхийн сүнстэй юү?
ХҮН үхсэнийхээ дараа амьдардаг болов уу? Энэ асуулт хүн төрөлхтнийг олон мянган жил зовоож байна. Түүхийн аль ч үед хүмүүс энэ асуултын хариуг эрсээр эцэстээ янз бүрээр итгэдэг болжээ.
Олон хүн хүнийг үхсэний дараа үлдэж хоцордог «сүнс» байдаг гэдэгт итгэдэг. Үхэх үед биеэс нь гарч яваад амьдарсаар байдаг ямар нэг юм хүний биед үнэхээр байдаг болов уу? Амьд хүний биед байдаг сүнс гэж юу вэ? Биднийг үхэхээр тэр нь яадаг юм бол оо? Бурхны онгод оруулан бичүүлсэн үг буюу «Библи» гэдэг ном эдгээр асуултад үнэн зөв бөгөөд бүрэн хариу өгдөг.
Сүнс гэж юу вэ?
«Сүнс» хэмээн орчуулагдсан Библийн үг нь угтаа «амьсгал» гэсэн утгатай. Гэвч энэ нь хүний жирийн амьсгалаас илүү гүнзгий ойлголт юм. Тухайлбал, Библийн бичээч Иаков: «Сүнсгүй бие үхмэл байдаг» гэж бичжээ (Иаков 2:26). Тиймээс сүнс нь биеийг амьд байлгадаг хүчин зүйл ажээ.
Биеийг амьд байлгадаг энэхүү хүч нь уушгинд эргэлддэг ердийн нэг агаар, амьсгалаас илүү юм. Учир нь хүн амьсгалахаа больсны дараа биеийн эсүүд богинохон хугацааны турш, тухайлбал, «Дэлхийн нэвтэрхий толь»-д бичсэнээр «хэдхэн минут» амьд байж чаддаг ажээ («The World Book Encyclopedia»). Үүний ачаар л сэхээн амьдруулах эмчилгээ амжилттай хийж, эрхтэн шилжүүлэн суулгаж болдог байна. Харин амийн оч биеийн эд эсэд нэгэнт байхгүй болбол хүнийг амьдруулах гэж яаж ч оролдоод талаар болно. Хүний ганц ч болов эсийг амилуулж чадах юу ч байхгүй. Тиймээс сүнс гэдэг нь амийн оч буюу биеийн эсийг амьд байлгадаг үл үзэгдэх хүч юм. Уг амийн хүчийг амьсгал тэтгэн дэмждэг (Иов 34:14, 15).
Зөвхөн хүн л ийм сүнстэй байдаг уу? Энэ асуултыг зөв ойлгоход Библи бидэнд тусална. Мэргэн ухаант Соломон хаан: «Хүний хөвгүүдийн сүнс дээш гарч, адгуусан амьтны сүнс газар уруу доош урууддагийг хэн мэддэг вэ?» хэмээн бичжээ (Номлогчийн үгс 3:21, ШЕ). Үүнээс үзэхэд адгуусан амьтан ч ялгалгүй хүний адил сүнстэй байдаг ажээ. Үнэхээр тийм үү?
Сүнс буюу амийн хүчийг цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж ажиллуулдаг цахилгааны гүйдэлтэй зүйрлэж болно. Нүдэнд үл харагдах цахилгаан нь уг хэрэгсэл, тоног төхөөрөмжөөсөө шалтгаалаад янз бүрийн үйлдэл хийдэг. Жишээлбэл: Цахилгаан зуух дулаан ялгаруулдаг байхад компьютер мэдээлэл боловсруулан, тооцоо хийж, харин телевизор зураг дүрс, дуу чимээ дамжуулдаг. Гэлээ ч цахилгаан гүйдэл нь ажиллуулдаг тоног төхөөрөмжийнхөө онцлог шинжийг тусгадаггүй. Үүний адилаар энэхүү амийн хүч амийг нь тэтгэж байгаа хүн ба амьтны хэв шинжийг тусгадаггүй. Энэхүү хүч нь бодгаль биш бөгөөд бодох сэтгэх чадваргүй. Хүн ч амьтан ч «адилхан сүнстэй» (Номлогчийн үгс 3:19, ШЕ). Учир иймээс хүнийг үхэхэд сүнс нь хаа нэгэн газар үргэлжлэн амьдардаггүй ээ.
Тэгвэл үхсэн хүн ямар байдалд байдаг вэ? Хүнийг үхэхэд сүнс нь яадаг вэ?
«Тоос шороондоо буцаж очих болно»
Анхны хүн Адам Бурхны зарлигийг санаатайгаар зөрчихөд түүнд Бурхан: «Чи газар шороондоо эргэж очих хүртлээ духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлсэн (Эхлэл 3:19). Ехова Адамыг «тоос шорооноос» бүтээхээс өмнө Адам хаана байсан бэ? Хаана ч байгаагүй! Адам гэж хүн огт байгаагүй! Тиймээс Ехова Бурхан Адамд «газар шороондоо эргэж очно» хэмээн үхнэ гэдгийг нь хэлжээ. Тэрээр үхээд урьдынх шигээ амьгүй болж, оршин байхаа больсон юм. Түүний хүлээсэн шийтгэл бол оршин байхаа болих буюу үхэх байснаас бус, бие нь үхээд харин «сүнс» нь амьдарна гэсэн үг биш байлаа (Ром 6:23).
Нас барсан бусад хүн ямар байдалд байдаг вэ? Энэ тухай Номлогчийн үгс 9:5, 10-т: «Үхдэлүүд юу ч мэддэггүй аж... [Булшинд] мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» хэмээн тодорхой бичсэн байдаг. Иймээс үхэх гэдэг нь оршин байхаа болино гэсэн үг юм. Хүн үхэхэд юу болдгийг «Дуулал» номд: «Түүний сүнс гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг» гэж бичжээ (Дуулал 146:4).
Үхсэн хүн юу ч мэдрэхгүй, юу ч хийхгүй гэдэг нь тодорхой. Тэд юу ч мэдэхгүй бөгөөд таныг харж, сонсож, тантай ярьж чадахгүй. Мөн тэд танд тусалж, эсвэл хор хүргэж үл чадна. Тиймээс нас барсан хүнээс айж эмээх хэрэггүй. Гэвч хүнийг үхэх үед сүнс нь «гарч явдаг» гэдгийг юу гэж ойлгох вэ?
Сүнс «Бурхандаа буцах ажгуу»
Хүн үхэхэд «сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу» гэж Библид бичсэн буй (Номлогчийн үгс 12:7). Тэгвэл үүнийг «сүнс» тэнгэр өөдөө нисээд Бурханд очдог гэж ойлгож болох уу? Огт үгүй! Библид бичсэн «буцах» гэдэг үг нь нэг газраас өөр газар руу шилжих хөдөлгөөнийг тэр болгон заадаггүй байна. Жишээлбэл: Ехова үнэнч бус израильчуудад: «Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно» гэжээ (Малахи 3:7). Израильчууд Еховад «буцан ирэх» гэдэг нь муу үйл хэргээсээ ухарч, Еховагийн зөв хэм хэмжээг дахин баримталдаг болно гэсэн үг байлаа. Харин Еховагийн хувьд «буцан ирэх» гэдэг нь ард түмнээ дахин таалдаг болно гэсэн утга бүхий байжээ. Энэ хоёр тохиолдлоос харахад «буцан ирэх» гэдэг нь нэг газраас нөгөө газар уруу нүүж шилжих тухай үгчилсэн утга бус, харин санаа бодол өөрчлөгдөхийг илэрхийлжээ.
Дээрхийн адилаар хүн үхэх үед сүнс нь «Бурханд буцах ажгуу» гэдэг нь сүнс дэлхийгээс хөөрөн нисээд тэнгэрт гарна гэсэн үг биш юм. Сүнс бол амийн хүч гэдгийг битгий мартаарай. Хэрэв энэхүү хүч хүний биед нэгэнт байхгүй болбол Бурхан л тэр хүчийг хүнд буцаан өгч чадах билээ. Ингэхлээр сүнс «Бурхандаа буцах ажгуу» гэдэг нь нас барсан хүн ирээдүйд амьдрах эсэх нь зөвхөн Бурхнаас шалтгаална гэсэн утгатай.
Жишээ болгон Библид Есүсийн үхлийн талаар юу гэсэн байдгийг авч үзье. Есүсийн дагалдагч Лук: «Есүс: „Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая“ гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгалаа хураав» гэж бичжээ (Лук 23:46). Есүсийг үхэхэд «сүнс» нь түүнийг орхиод тэнгэр өөд явсан хэрэг биш ээ. Есүс гурван өдрийн дараа дахин амилсан бөгөөд түүнээс 40 хоногийн дараа тэнгэр өөд дээш өргөгдсөн (Үйлс 1:3, 9). Есүс үхэхдээ сүнсээ Эцэгтээ бүрэн даатгаж, өөрийг нь дахин амилуулах чадалтай гэдэгт баттай итгэж байсан.
Тийм ээ, зөвхөн Бурхан л хүнийг дахин амилуулах чадвартай (Дуулал 104:30). Бидний өмнө гайхамшигтай ирээдүй байгаа биз!
Бат үндэстэй ирээдүй
Библид: «Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ түүний [Есүсийн] дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна» гэж бичсэн буй (Иохан 5:28, 29, ШЕ). Тийм ээ, Еховагийн санаанд байгаа бүх хүн амилах буюу дахин амьдрах болно хэмээн Есүс Христ амласан. Тэр цагт хэн нэг хүний үхсэн тухай биш, харин амилсан тухай баярын мэдээ түгэх болно. Үхлийн нойроор унтаад сэрсэн эрхэм дотно хүнээ угтах юутай сайхан бэ!
Бурхны амласан энэ сайхан ирээдүйн талаар та илүү ихийг мэдмээр байна уу? Тэгвэл дор дурдсан хаягуудын аль нэгээр Еховагийн Гэрчүүдэд хандан, «Та Бурхны анд нөхөр болж болно» товхимлыг захиална уу.
Хэрэв өөр заалт байхгүй бол Библийн ишлэлийг «Ариун Библи» (МБОХ, 2000) орчуулгаас авсан болно. ШЕ — «Ариун Судрын Шинэ Ертөнцийн орчуулга», англи («New World Translation of the Holy Scriptures»).