БҮЛЭГ 13
Бурханд таалагддаггүй баяр ёслол
«Эзэнд юу таалагддагийг үргэлж магадал» (Ефес 5:10, ШЕ).
1. Ехова ямар хүнийг өөр рүүгээ татдаг вэ? Үргэлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэйн учир юу вэ?
«ҮНЭН мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргө[нө]. ... Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна» гэж Есүс хэлсэн билээ (Иохан 4:23). Ехова өөрийг нь сүнс ба үнэнээр шүтэх хүсэлтэй тан шиг хүмүүсийг олоод өөр рүүгээ, Хүү рүүгээ татдаг (Иохан 6:44). Бурхан болон Бурхны Хүүтэй дотно харьцаа тогтооно гэдэг үнэхээрийн том завшаан! Гэхдээ Библийн үнэнийг хайрладаг хүн гарамгай мэхлэгч Сатанд хууртахгүйн тулд «Эзэнд юу таалагддагийг үргэлж магадлах» хэрэгтэй (Ефес 5:10, ШЕ; Илчлэлт 12:9).
2. Жинхэнэ шашныг хуурамч шашинтай хольж хутгадаг хүмүүс Еховад ямар санагддагийг тайлбарлана уу.
2 Эртний нэг явдлыг санацгаая. Израильчууд Синаи уулын орчимд байхдаа Ааронаар бурхан бүтээлгэхийг хүсжээ. Аарон тэдний үгэнд орон, алтан тугал бүтээж, түүнийгээ Ехова Бурхан хэмээгээд, «Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно» гэжээ. Ийнхүү жинхэнэ шашныг хуурамч шашинтай хольж хутгахад нь Ехова зүгээр хараад суусан уу? Үгүй ээ, хиймэл шүтээн шүтсэн гурван мянга орчим хүнийг хөнөөсөн (Египетээс гарсан нь 32:1–6, 10, 28). Энэ явдлаас ямар сургамж авах вэ? Бурхны хайран дотор байхыг хүсдэг хүн «Бузар юманд бүү хүрэгтүн!» гэсэн тушаалыг нь биелүүлж, үнэнийг өчүүхэн ч атугай гажуудуулахаас сэрэмжлэх ёстой (Исаиа 52:11; Езекиел 44:23; Галат 5:9).
3, 4. Баяр ёслол тэмдэглэх, ёс заншил сахих эсэхээ шийдэхдээ Библийн зарчмуудыг анхааралтай авч үзэх хэрэгтэйн учир юу вэ?
3 Эртний христиануудыг тэрс сургаалд уусахаас сэргийлж байсан элч нарыг нас барснаас хойш өөрсдийгөө христиан гэж нэрлэсэн, Библийн үнэнийг чин сэтгэлээсээ хайрладаггүй хүмүүс хуурамч бурхан шүтдэг хүмүүсийн баримталдаг ёс заншил, тэмдэглэдэг баяр ёслолыг христ шашинд нэвтрүүлэх болжээ (2 Тесалоник 2:7, 10). Энэ бүлэгт тиймэрхүү баяр ёслолын талаар үзэх явцад тэдгээр нь Бурхны бус, ертөнцийн сүнсний илрэл мөн болохыг та анзаарах биз ээ. Библийн үндэсгүй баяр ёслол нь, ерөнхийдөө, махан биеийн хүсэл тачаалыг өөгшүүлэх, «Агуу Вавилоны» онцлог шинж болсон хуурамч сургаал, мэргэ төлөг, зурхай, ид шид гэх мэтийг түгээн дэлгэрүүлэх чиг хандлагатай байдагa (Илчлэлт 18:2–4, 23). Түүнээс гадна, Ехова орчин үеийн олон баяр ёслолын эх үндэс болох хуурамч шашны ёс заншлыг анх үүсэхэд нь жигшиж байсан шигээ өнөөдөр ч бас жигшдэг. Христианууд бидний хувьд Еховагийн үзэл бодол хамгийн чухал (2 Иохан 6, 7).
4 Жинхэнэ христианууд бид Еховад таалагддаггүй баяр ёслол байдгийг мэддэг. Гэхдээ мэдээд зогсохгүй, тийм баяр наадамд огт оролцохгүй байхаар бат шийдсэн байх ёстой. Бурхны хайран дотор өөрийгөө сахихад саад болох бүхнээс ангид байхын тулд зарим баяр ёслол ямар учраас Еховад таалагддаггүйг санаж явбал шийдвэрээсээ няцахгүй байж чадна.
КРИСМАС БУЮУ ЗҮСИЙГ НЬ ХУВИРГАСАН БАЯР
5. Есүсийг 12-р сарын 25-нд төрөөгүй гэж үзэх ямар үндэс байдаг вэ?
5 Крисмас буюу Зул сарын баярыг зарим хүн Есүсийн төрсөн өдөр гэж ойлгодог. Гэхдээ Есүсийн төрсөн өдрийг тэмдэглэж байсныг дурссан зүйл Библид огт байдаггүй. Есүс чухам хэзээ төрсөн нь тодорхойгүй боловч дүн өвөл буюу 12-р сарын 25-нд төрөөгүй гэж үзэх үндэс бий.b Нэгдүгээрт, Библийг бичигч Лук Есүсийг төрөхөд «хэдэн хоньчин сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ» гэж тэмдэглэжээ (Лук 2:8–11). Хэрэв тэндхийн хоньчид жилийн дөрвөн улиралд хонио манаж, «хээр хонодог байсан» бол үүнийг онцлон тэмдэглэхгүй байсан биз ээ. Гэтэл Бетлехемд өвлийн цагт хүйтэн бороо, цас ордог тул хоньчид хонь малаа хотлуулж, өөрсдөө ч гэртээ хонох байсан нь лавтай. Хоёрдугаарт, Иосеф Мариа хоёрын Бетлехем рүү явсан нь Цезарь Августын тушааснаар хүн амын тооллогод бүртгүүлэх зорилготойнх байв (Лук 2:1–7). Тэр үед иудейчүүд Ромын эрх баригчдад эгдүүцэж байсан тул Цезарь тэднийг өвөг дээдсийнх нь хот руу дүн өвлийн хүйтнээр явуулах тушаал гаргасан гэхэд үнэмшил багатай.
6, 7. а) Крисмас баярын ихэнх зан үйл юунаас эхтэй вэ? б) Баяраар бэлэг өгөх, христиан ёсоор бэлэг өгөх хоёр ямар ялгаатай вэ?
6 Крисмас баяр нь хуурамч шашны баяр наадмуудаас үүсэлтэй ажээ. Тухайлбал, эртний ромчууд газар тариалангийн бурхан Сатурныг шүтэж, Сатурнали гэдэг баяр тэмдэглэдэг байв. Бас Митра гэдэг бурхныг шүтдэг хүмүүс 12-р сарын 25-ныг «дийлдэшгүй нарны төрсөн өдөр» гэж үзэн, тэмдэглэдэг байсныг нэгэн нэвтэрхий тольд дурджээ («New Catholic Encyclopedia»). Уг тольд: «Нарыг шүтэх шүтлэг Ромд ид дэлгэрч байх үе» буюу Христийг нас барснаас хойш гурван зуу орчим жилийн дараа «Крисмас баярыг тэмдэглэдэг болжээ» гэж бичжээ.
Жинхэнэ христианууд хайрын сэтгэлээр бэлэг өгдөг
7 Тэд баяр тэмдэглэхдээ бие биедээ бэлэг өгч, найрлаж цэнгэдэг байсан нь одоогийн Крисмас баярын зан үйл болон хувирчээ. Тэр үед хүмүүс Крисмас баяраар бэлэг өгдөг байсан нь, өнөөдөр ч бас бие биедээ бэлэг сэлт өгдөг нь 2 Коринт 9:7-д бичсэн: «Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг» гэсэн зарчимтай зөрчилддөг. Жинхэнэ христианууд бэлэг өгөхийг тогтсон нэг өдөр заавал үйлддэг ёс заншил гэж үздэггүй. Харин ч хариу харалгүй, чин сэтгэлээсээ өгдөг (Лук 14:12–14; Үйлс 20:35). Түүнээс гадна, тэд Крисмас баярын бэлтгэл гэж ухаан жолоогүй явж, өр ширэнд ордоггүй нь хүнд буулганаас чөлөөлөгдсөнтэй адил юм. Тэд үүндээ баяртай байдаг (Матай 11:28–30; Иохан 8:32).
8. Зурхайчид Есүст төрсөн өдрийн бэлэг өгсөн үү? Тайлбарлана уу.
8 «Гэхдээ зурхайчид Есүст төрсөн өдрийн бэлэг өгсөн биз дээ?» гэж асуух хүн гарч болох юм. Тэдний өгсөн бэлэг төрсөн өдрийн бэлэг биш байсан. Тэр үед эрхэм чухал хүнд хүндэтгэл үзүүлж бэлэг барьдаг заншил байжээ (Хаадын дээд 10:1, 2, 10, 13; Матай 2:2, 11). Тэгээд ч зурхайчид Есүсийн төрсөн шөнө ирээгүй шүү дээ. Тэд Есүсийг дөнгөж төрчихөөд тэжээлийн тэвшинд байхад нь бус, харин нэлээд хэдэн сарын дараа гэрт байхад нь ирсэн.
ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН ТАЛААР БИБЛИД БИЧСЭН НЬ
9. Библид төрсөн өдрийн баярын талаар ямар өнгөөр бичсэн байдаг вэ?
9 Шинэ хүн төрнө гэдэг баярт үйл явдал мөн боловч Бурхны үйлчлэгчид төрсөн өдрөө тэмдэглэсэн тухай Библид байдаггүй (Дуулал 127:3). Энэ нь санамсаргүй хэрэг биш ээ. Библид Египетийн фараон болон Херод Антип хаан хоёрын төрсөн өдрийн баярын талаар бичсэн байдаг (Эхлэл 40:20–22; Марк 6:21–29). Гэхдээ энэ хоёр үйл явдлыг үл сайшаасан өнгөөр бичсэн бөгөөд Херод хаан төрсөн өдрөөрөө баптисм хүртээгч Иоханыг цаазалжээ.
10, 11. Эртний христианууд төрсөн өдөр тэмдэглэхийг юу гэж үздэг байсан бэ? Яагаад?
10 «Дэлхийн нэвтэрхий толь»-д: «Эртний христианууд төрсөн өдөр тэмдэглэхийг хуурамч бурхан шүтдэг хүмүүсийн заншил гэж үздэг байв» гэж бичжээ («World Book Encyclopedia»). Тухайлбал, эртний грекчүүд хүнийг төрсөн цагаас нь эхлэн нэг сүнс хариуцаж авдаг бөгөөд насан туршид нь хамгаалдаг гэж итгэдэг байжээ. Тэр сүнс нь «тухайн хүний төрсөн өдрийн бурхантай нууцлаг холбоотой байдаг аж» гэж «Төрсөн өдрийн баярын түүх» гэдэг номд бичсэн байна («The Lore of Birthdays»). Бас төрсөн өдөр гэдэг ойлголт их эртнээс зурхайтай нягт холбоотой байжээ.
11 Бурхны эртний үйлчлэгчид төрсөн өдрийн баяр тэмдэглэдэггүй байсан нь үүнийг хуурамч шашны заншил гэж мэддэгээс гадна, бас Библийн зарчимд харш гэж үздэг байсных бололтой. Тэд хүн болж төрснөө хөл хөөрцөг болж тэмдэглээд байхаар чухал үйл явдал гэж боддоггүй, даруу хүмүүс байвc (Мика 6:8; Лук 9:48). Тиймээс амьд яваагаа Ехова Бурхны ач гэж үзэн, Бурхандаа талархдаг байжээd (Дуулал 8:3, 4; 36:9; Илчлэлт 4:11).
12. «Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр» гэж юу гэсэн үг вэ?
12 Бурхан үнэнч үйлчлэгчдээ нас барахад нь ой ухаандаа санаж, амласан ёсоороо дахин амилуулах нь гарцаагүй (Иов 14:14, 15). Номлогчийн үгс 7:1-д: «Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу» гэж байдаг. Бурханд үнэнчээр үйлчилдэг хүн л Бурхны өмнө «сайн нэр» буюу нэр хүндтэй болдог. Христиануудын дурсан тэмдэглэх ёстой цорын ганц үйл явдал бол Есүсийн төрсөн өдөр бус, үхсэн өдөр гэдгийг онцлууштай юм. Гагцхүү Есүсийн «нэрээр» хүн төрөлхтөн аврагдах боломжтой болсон билээ (Лук 22:17–20; Еврей 1:3, 4).
ҮРЖЛИЙН БУРХНЫГ ШҮТЭХ ЗАН ҮЙЛ УЛААН ӨНДӨГНИЙ БАЯР БОЛСОН НЬ
13, 14. Улаан өндөгний баяр буюу Есүсийн дахин амилсны баярын гарал үүсэл юу вэ?
13 Улаан өндөгний баяр буюу зарим хүний ярьдгаар, Есүсийн дахин амилсны баяр нь, үнэн хэрэгтээ, хуурамч шашнаас үүсэлтэй. Тодруулбал, эртний англи саксуудын шүтдэг гэрэл болон хаврын охин тэнгэр Эострыг (Остара ч гэдэг) шүтэх зан үйлтэй холбоотой аж. Тэгвэл туулай, өндөг ямар учраас энэ баярын бэлгэдэл болсон юм бол? Өндгөөр «амь болон дахин амилалтыг бэлгэдэх нь түгээмэл байв» гэж нэг том тольд тэмдэглэжээ («Encyclopædia Britannica»). Харин туулай нь эрт цагаас үржлийн бэлгэдэл байжээ. Тиймээс, энэ нь Христийн дахин амилсны баяр хэмээн өнгөцхөн хувиргасан, үржлийн бурхныг шүтэх баяр юм.e
14 Тэгэхлээр, Есүсийн дахин амилсныг дурсахдаа хуурамч бурхныг шүтэх зан үйлийг сахивал Еховад таалагдана гэж үү? Яалаа гэж! (2 Коринт 6:17, 18). Тэгээд ч Библид Есүсийн дахин амилсныг баяр болгон тэмдэглэхийг тушаасан, уриалсан санаа байдаггүй. Тэр тусмаа, хуурамч бурханд зориулсан баярт үндэслэн Есүсийн дахин амилсныг тэмдэглэх нь Еховад бүр тэрсэлсэн хэрэг болох нь ойлгомжтой.
ХЭЛЛОУИН БАЯР ХРИСТИАН ХҮНД ЗОХИСГҮЙ
15. Хэллоуин баяр юунаас үүсэлтэй вэ? Уг баярыг тэмдэглэдэг өдөр нь ямар учраас анхаарал татдаг вэ?
15 Зарим оронд 10-р сарын 31-нд Хэллоуин гэдэг баяр тэмдэглэдэг. Орчин үед энэ баярын үеэр хүүхдүүд шулам, мангасын дүрд хувиран хувцаслаж, хүмүүс нүд халтирам эд зүйлээр гэр орон, гудамж талбайг чимэглэдэг. Гарал үүслийг нь хөөж үзвэл эртний Англи, Ирландын кельтүүдийн шүтлэгтэй холбоотой аж. Кельтүүд 11-р сарын 1-ний орчим тэргэл сар гарахад «Зуны адаг» гэдэг баяр тэмдэглэдэг байжээ. Тэдний ойлголтоор бол, энэ үед хүн болон сүнсний ертөнцийн хил хязгаар нээгдэж, сайн, муу сүнснүүд бүгдээрээ дэлхийгээр хэсүүчилдэг ажээ. Үхсэн хүний сүнс гэртээ эргэж ирдэг тул гай барцад учруулахаас нь сэргийлж гэрийнхэн нь гаднаа хоол унд тавьдаг байв. Тэгэхлээр, өнөөдөр хүүхэд багачууд шулам, сүнсний баг өмсөж, айл хэсэн бэлэг нэхдэг, эс өгвөл хорлоно гэж сүрдүүлдэг нь «Зуны адаг» гэдэг баярын зан үйлийг санамсаргүй боловч сахиж байгаа хэрэг юм.
ХУРИМЫН ЁСЛОЛЫГ БҮҮ БУЗАРЛАГТУН
16, 17. а) Гэрлэх гэж байгаа христианууд нутаг орныхоо заншлыг Библийн зарчимд нийцдэг эсэхийг нь яагаад магадлах хэрэгтэй вэ? б) Будаа цацах гэх мэтийн зан үйлийн талаар христианууд юуг бодож үзэх нь зүйтэй вэ?
16 «Сүйт залуу, сүйт бүсгүйн дуу [Агуу Вавилоны] дотор цаашид сонсогдохгүй» болно гэж Библид байдаг (Илчлэлт 18:23). Агуу Вавилон, Бурхны санаачилсан гэр бүл гэдэг байгууламжийг хуримын өдрөөс нь эхлэн хуурамч шашны зан үйлээр бузарладаг учир удахгүй устаж үгүй болно (Марк 10:6–9).
17 Улс үндэстэн бүр өөрийн гэсэн онцлогтой хуримын зан үйл сахидаг. Зарим нь өнгөц харахад сайхан мэт боловч гэрлэж буй хос болон хуримын зочдод аз хийморь авчрахыг бэлгэддэг, хуурамч шашны зан үйлээс үүсэлтэй байж болох юм (Исаиа 65:11). Тухайлбал, зарим оронд хүргэн бэр хоёр руу будаа гэх мэтийг цацдаг ёс байдаг. Энэ нь муу сүнснүүдийг идээ будаагаар тайвшруулбал гэрлэж буй хосод гай барцад учруулдаггүй гэсэн ойлголтод үндэслэдэг бололтой. Түүнээс гадна, будаа нь өнөр өтгөн болж, аз жаргалтай амьдран, урт наслахыг бэлгэддэг гэж эртнээс үзэж иржээ. Бурхны хайран дотор өөрийгөө сахихыг хүсдэг хэн боловч иймэрхүү бузар зан үйлээс хол байх нь лавтай (2 Коринт 6:14–18).
18. Хурим хийхдээ, хуримд очихдоо Библийн ямар ямар зарчмыг бодож үзэх хэрэгтэй вэ?
18 Бурхны үйлчлэгчид гэрлэх ёслол үйлдэж, хурим найр хийхдээ христиан хэм хэмжээнд нийцдэггүй юм уу бусдад эвгүй сэтгэл төрүүлж болзошгүй, нийтэд түгсэн зан үйлээс бас зайлсхийдэг. Тухайлбал, хуримд үг хэлэхдээ сексийн утгатай егөө үг хэлэх, элдвээр хошигнох, гэрлэж буй хос болон бусдыг эвгүй байдалд оруулах юм ярихыг цээрлэдэг (Сургаалт үгс 26:18, 19; Лук 6:31; 10:27). Бас «амьдралын бардам бахдалд» автан хөл хөөрцөг болж, хэтэрхий тансаг найр хийдэггүй (1 Иохан 2:16). Хэрэв та хурим хийх гэж байгаа бол Ехова таныг хуримынхаа өдрийг хэзээд баяртайгаар дурсаж байгаасай гэж хүсдэгийг бүү мартаарай.f
ХУНДАГА ТУЛГАХ НЬ ШАШНЫ ЗАН ҮЙЛ ГЭЖ ҮҮ?
19, 20. Хундага тулгах ёсыг нэгэн номд юу гэж тайлбарласан бэ? Уг зан үйлийг сахих нь христиан хүнд ямар учраас зохисгүй вэ?
19 Хурим найр, хүлээн авалтын үеэр хүмүүс хундага тулгах нь түгээмэл байдаг. Нэгэн номд: «Эрт цагт хүмүүс бурхдад „Сайн сайхны төлөө!“, „Эрүүл энхийн төлөө!“ гэх мэтээр товч залбирах буюу хүсэлтээ хэлээд ... ариун ундааг тахил болгон өргөдөг байсан нь өнөөгийн хундага тулгах ёс болж үлджээ» гэж тайлбарлажээ («1995 International Handbook on Alcohol and Culture»).
20 Өнөөдөр ихэнх хүн хундага тулгахыг шашны юм уу мухар сүсгийн шинжтэй ёс гэж боддоггүй. Гэлээ ч хундагыг өөдөө өргөхийг «тэнгэр» буюу хүнээс илүү нэгэнд хандан, Библийн зарчимд үл нийцэх аргаар залбирахтай адилтган үзэж болох юм (Иохан 14:6; 16:23).g
«ЭЗЭНИЙГ ХАЙРЛАГЧ ТА НАР, БУЗАР МУУГ ҮЗЭН ЯД»
21. Шашны холбогдолгүй боловч христиан хүнд зохисгүй ямар баяр наадам байдаг вэ? Тэдгээрээс зайлсхийхийн учир юу вэ?
21 Сүүлийн үед садар самууныг өөгшүүлсэн бүжиг наадам, тэр байтугай, ижил хүйстнүүдийн амьдралын хэв маягийг сурталчилсан багт наадмыг олон оронд жил бүр зохиодог болсон нь нийгмийн ёс суртахуун доройтож, Агуу Вавилон ёс суртахуунгүй явдлыг ил, далд хэлбэрээр хөөрөгдөж байгааг харуулж байна. Еховаг хайрладаг хүн тийм арга хэмжээнд оролцох юм уу үзэж сонирхох нь зөв үү? Очлоо, үзлээ гэхэд бузар мууг чин сэтгэлээсээ үзэн яддаг хүн байж таарах уу? (Дуулал 1:1, 2; 97:10). «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» хэмээн залбирсан дуулалчийг дуурайх нь зүйтэй (Дуулал 119:37).
22. Христиан хүн баяр ёслол тэмдэглэх эсэхээ ямар тохиолдолд мөс чанараараа шийдэж болох вэ?
22 Христиан хүн Библийн сургаалтай зөрчилддөг баяр ёслолыг тэмдэглэдэг гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд биеэ зөв авч явах хэрэгтэй. «Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий» гэж Паул бичжээ (1 Коринт 10:31; 158, 159-р хуудасны «Ухаалаг шийдвэр гаргах нь» гэдэг хавсралтыг үзнэ үү). Нөгөөтэйгүүр, шашин, улс төр, үндсэрхэх үзлийн утга агуулгагүй, Библийн зарчимтай зөрчилддөггүй баяр ёслолыг тэмдэглэх, ёс заншлыг сахих эсэхээ христиан хүн өөрөө шийдэж болно. Гэхдээ бусдыг бүдрүүлэхгүйн тулд мөс чанарыг нь бодолцох хэрэгтэй.
БУРХНЫГ ҮГ БОЛОН ҮЙЛСЭЭРЭЭ АЛДАРШУУЛАХ НЬ
23, 24. Еховагийн хэм хэмжээг баримталдгийнхаа учрыг яаж эвтэйхэн тайлбарлаж болох вэ?
23 Ихэнх хүн өргөн дэлгэр тэмдэглэдэг баяр ёслолыг ах дүү, найз нөхөдтэйгөө уулзах боломж гэж үздэг. Тиймээс зарим хүн биднийг Библийн зарчмыг чанд баримталдгаас маань болж ах дүүгээ тоодоггүй, туйлширсан хүмүүс гэж ташаа боддог байж болох юм. Тийм бол, хамаатан садан, найз нөхдөө эрхэмлэн хүндэлдгээ эвтэйхэн хэлж тайлбарлах нь зүйтэй (Сургаалт үгс 11:25; Номлогчийн үгс 3:12, 13; 2 Коринт 9:7). Бид дотнын хүмүүстэйгээ уулзаж учрах дуртай. Гэхдээ тэр сайхан уулзалтыг Бурхныг доромжилдог ёс заншлаар гутаахыг хүсдэггүй маань Бурхнаа хайрлаж, хэм хэмжээг нь үнэнчээр сахихыг хүсдэгийнх юм (156-р хуудасны «Жинхэнэ Бурхныг шүтэх нь жинхэнэ аз жаргал авчирдаг» гэдэг хавсралтыг үзнэ үү).
24 Баяр ёслолд хэрхэн ханддаг тухайгаа чин сэтгэлтэй хүмүүст «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 16-р бүлэгт үндэслэн тайлбарлахад үр дүнтэй байдаг нь зарим Гэрчийн туршлагаас харагддаг.h Гэхдээ бидний гол зорилго бол маргаанд ялах бус, хүмүүсийг жинхэнэ Бурхантай танилцуулах явдал гэдгийг бүү мартаарай. Тиймээс хүмүүст хүндэтгэлтэй, дөлгөөн хандаж, «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг» хэмээн зөвлөснийг хэрэгжүүлцгээе (Колоссай 4:6).
25, 26. Эцэг эхчүүд үр хүүхдээ бат итгэлтэй, Еховад илүү хайртай хүн болгохын тулд яах хэрэгтэй вэ?
25 Ехова бидэнд гүнзгий мэдлэг эзэмшүүлдэг учраас бид юу хийх ёстойгоо мэддэг, юу хийх ёсгүйгээ ойлгодог (Еврей 5:14). Тиймээс эцэг эхчүүд ээ, үр хүүхдээ Библийн зарчмыг эргэцүүлэн бодуулж сургаарай. Ингэвэл хүүхэд тань бат итгэлтэй, асуусан хүн бүрд итгэл үнэмшлийнхээ талаар Библид үндэслэн хариулж чаддаг, Бурхны хайрыг мэдэрдэг хүн болно (Исаиа 48:17, 18; 1 Петр 3:15).
26 Бурхныг «сүнсээрээ, үнэнээр» шүтдэг хэн боловч Библийн сургаалтай зөрчилддөг баяр ёслолыг тэмдэглэдэггүйн зэрэгцээ амьдралынхаа бүх хүрээнд үнэнч шударга байхыг хичээдэг. Үнэнч шударга байхыг амьдралд нийцэхгүй гэж үздэг хүн олон болжээ. Гэхдээ Бурхны хуулийг биелүүлж амьдрах нь хамгийн сайн зам мөн. Энэ талаар дараагийн бүлгээс үзье.
a 148, 149-р хуудсанд байгаа «Баяр ёслолыг тэмдэглэх эсэхээ шийдэх нь» гэдэг хавсралтыг үзнэ үү. Өргөн дэлгэр тэмдэглэдэг зарим баяр ёслолын талаар Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг» үзнэ үү (англи).
b Библийн он тоолол болон түүхийг үзвэл Есүс МЭӨ 2 онд еврей тооллын етаним буюу одоогийнхоор 9-р сарын дундаас 10-р сарын дунд хүртэл үргэлжилдэг сард төрсөн бололтой. Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р ботийн 56, 57-р хуудсыг үзнэ үү (англи).
c 150-р хуудасны «Сатанизмын баяр» гэдэг хавсралтыг үзнэ үү.
d Мосегийн хуульд зааснаар, эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхээ дараа Бурханд «нүглийн төлөөх тахил» өргөдөг байжээ (Левит 12:1–8). Уг заалт нь израильчуудад, хүн үр хүүхдэдээ нүгэл өвлүүлдэг гэдэг гашуун үнэнийг ойлгуулдаг байсан тул тэд хүүхэд төрөхөд хэтэрхий их хөл хөөрцөг болдоггүй байв. Бас Еховаг шүтдэггүй үндэстнүүдийн төрсөн өдрийн баяр тэмдэглэх заншлыг хүлээн авахаас нь сэргийлж байсан бололтой (Дуулал 51:5).
e Энэ баярыг бас эртний финикчүүдийн шүтэж байсан, туулай, өндгөн бэлгэдэл бүхий Астарт гэдэг үржлийн охин тэнгэртэй холбож үздэг. Астартын баримлыг үзвэл том хөх, бэлгэ эрхтэнтэй эсвэл хажуудаа туулай дагуулж, гартаа өндөг барьснаар дүрсэлсэн байдаг.
f «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 10-р сарын 1-ний дугаарын 15–22-р хуудсыг үзнэ үү.
g «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 2-р сарын 15-ний дугаарын 30, 31-р хуудсыг үзнэ үү (англи). Олны дунд өргөн тархсан нэг зан үйл бол сэржим өргөх юм. «Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь»-д сэржим өргөх гэдгийг «архи дарс зэргийг тэнгэр бурханд өргөн цацах» гэж тайлбарласныг бодож үзвэл христиан хүн сэржим өргөх нь зохисгүй.
h Еховагийн Гэрчүүдийн хэвлэл.