Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • юө хэсэг 24 х. 27-28
  • Паул хурлуудад захидал бичсэн нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Паул хурлуудад захидал бичсэн нь
  • Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Ижил төстэй материал
  • Итгэл, биеэ авч явах байдал, хайрын талаар өгсөн зөвлөгөө
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Паул Ромд
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Диваажингаа алдсан нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
  • Бурхан хүмүүст диваажин өгсөн нь
    Библи юун тухай өгүүлдэг вэ?
Библи юун тухай өгүүлдэг вэ?
юө хэсэг 24 х. 27-28

ХЭСЭГ 24

Паул хурлуудад захидал бичсэн нь

Паулын захидал І зууны христиануудыг зоригжуулж байлаа

ШИНЭЭР үүсэн байгуулагдсан христиан хурал Еховагийн санаа зорилго биелэхэд чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Гэвч І зууны христианууд тун удалгүй довтолгоонд өртөв. Христиан биш хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарахын зэрэгцээ зарим итгэл нэгтнийхээ зүгээс учрах аюулаас болоод Бурханд үнэнч байх эсэх нь соригдож эхэлжээ. Тэд үнэнч байж чадсан болов уу? Христиан Грек Сударт ашиг тустай зөвлөгөө, урмын үг бүхий 21 захидал байдаг.

«Ром»-оос «Еврей»-г дуусталх 14 захидлыг элч Паул бичжээ. Эдгээр захидлыг хэнд зориулж бичсэнээр нь нэрлэжээ. Зарим захидлыг хэн нэг хүнд бичсэн байхад, заримыг нь хурлуудад хаягласан байдаг. Тэдгээр захидлын зарим сэдвийг авч үзье.

Ёс суртахуун болон биеэ авч явах талаар зөвлөгөө өгсөн нь. Садарлах, завхайрах гэх мэтийн ноцтой нүгэл үйлддэг хүмүүс «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» (Галат 5:19–21; 1 Коринт 6:9–11). Бурхныг шүтэгчид ямар ч үндэстэн ястантай эвтэй байх ёстой (Ром 2:11; Ефес 4:1–6). Гачигдаж дутагдсан итгэл нэгтнүүддээ дуртайяа туслах учиртай (2 Коринт 9:7). Паул: «Тасралтгүй залбир» хэмээжээ. Тиймээс Еховаг шүтдэг хүн сэтгэл зүрхээ уудлан залбирч байх нь зүйтэй (1 Тесалоник 5:17; 2 Тесалоник 3:1; Филиппой 4:6, 7). Залбирлаа Бурханд сонсгоё гэвэл итгэлтэйгээр залбирах ёстой (Еврей 11:6).

Гэр бүл яавал аз жаргалтай байх вэ? Нөхрүүд эхнэрээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрүүд нөхрөө гүн хүндэтгэх учиртай. Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байх шаардлагатай бөгөөд энэ нь Бурханд таалагдана. Эцэг эхчүүд үр хүүхдээ хайрын үүднээс, Бурхны зарчмаар удирдан чиглүүлж, сурган хүмүүжүүлэх ёстой (Ефес 5:22–6:4; Колоссай 3:18–21).

Бурхны санаа зорилгыг тайлбарласан нь. Христийг ирэхээс өмнө Мосегийн хууль израильчуудыг олон талаар хамгаалж, удирдан чиглүүлж байсан (Галат 3:24). Харин христианууд Бурхныг шүтэхдээ уг хуулийг сахих шаардлагагүй болсон. Паул еврейчүүд буюу иудей гаралтай христиануудад бичсэн захидалдаа Мосегийн хуулийн утга учрыг болон Бурхны санаа зорилго Христ дээр хэрхэн биелснийг илүү дэлгэрэнгүй тайлбарласан. Хуульд заасан олон зүйл зөгнөлийн утгатай байсныг бас тайлбарласан. Жишээ нь, амьтнаар тахил өргөдөг нь Есүс өөрийгөө тахил болгон өргөх буюу амиа золиослон үхэхийг бэлгэдэж байжээ. Есүсийн өргөсөн тэрхүү тахилын үндсэн дээр хүмүүсийн нүгэл жинхэнэ ёсоор уучлагдах байв (Еврей 10:1–4). Хуулийн гэрээ нэгэнт үүргээ гүйцэтгэсэн учир Бурхан уг гэрээг Есүсийн үхлээр хүчингүй болгожээ (Колоссай 2:13–17; Еврей 8:13).

Эртний Христиан хурлынханд Паулын захидлаас уншиж өгч байна Христианууд анхааралтай сонсож байгаа нь

Хурлын үйл ажиллагааны талаар заавар өгсөн нь. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээх хүсэлтэй эрчүүд ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахиж, Библид бичсэн шаардлагуудыг хангасан байх учиртай (1 Тимот 3:1–10, 12, 13; Тит 1:5–9). Ехова Бурхныг шүтдэг хүмүүс итгэл нэгтнүүдтэйгээ хамт тогтмол цуглаж, бие биеийнхээ урмыг сэргээх хэрэгтэй (Еврей 10:24, 25). Цуглаан нь «босгон байгуулдаг» буюу сэргээдэг, үнэнийг зааж сургадаг байх ёстой (1 Коринт 14:26, 31).

Паул Тимотод хоёр дахь захидлаа бичихдээ Ромд, шүүхийн шийдвэр хүлээгээд, шоронд хоригдож байжээ. Эр зоригтой цөөн хэдэн хүн л амь насаараа дэнчин тавьж, түүнийг эргэж очдог байлаа. Паул өөрт нь бага хугацаа үлдсэнийг мэдэж байсан бөгөөд «Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан» гэж хэлжээ (2 Тимот 4:7). Дараахан нь итгэл үнэмшлийнхээ төлөө цаазлагдсан бололтой. Гэвч элчийн бичсэн захидлууд Бурхны жинхэнэ шүтэгчдийг өнөөдөр ч удирдан чиглүүлсээр байна.

​—«Ром»; «1 Коринт»; «2 Коринт»; «Галат»; «Ефес»; «Филиппой»; «Колоссай»; «1 Тесалоник»; «2 Тесалоник»; «1 Тимот»; «2 Тимот»; «Тит»; «Филемон»; «Еврей» номд үндэслэв.

  • Паулын бичсэн захидлуудад ёс суртахуун болон биеэ авч явах талаар ямар зөвлөгөө байдаг вэ?

  • Бурхны санаа зорилго Христ дээр биелснийг Паул хэрхэн тайлбарласан бэ?

  • Паул хурлын үйл ажиллагааны талаар ямар заавар өгсөн бэ?

АМЛАСАН ҮР ХЭН БАЙСАН БЭ?

Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэний дараа Бурхан могойд: «Би чамайг эмэгтэйтэй дайсагнуулж, чиний үрийг эмэгтэйн үртэй дайсагнуулах болно. Эмэгтэйн үр чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» гэж хэлсэн нь бэлгэдлийн утгатай байлаа (Эхлэл 3:15, ШЕ). Библид Диаволыг «эртний могой» гэдэг (Илчлэлт 12:9). Олон зууны турш нууц байсан Бурхны амласан Үр буюу Аврагч хэн болохыг Библи аажмаар илчилсэн.

Амласан Үр Абрахамын удмаас гарна гэдгийг Ехова Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэнээс хойш 2 000-аад жилийн дараа хэлж өгсөн (Эхлэл 22:17, 18). Түүнээс хойш олон зуун жилийн дараа элч Паул Үрийн гол хэсэг нь Есүс Христ болохыг илчилсэн (Галат 3:16). Эхлэл 3:15-д бичсэнээр, Есүс үхсэн нь бэлгэдлийн утгаар өсгийгөө няцлуулсан хэрэг байв. Дараа нь Бурхан Есүсийг «сүнс дотор» амилуулсан (1 Петр 3:18).

Бурхан бас 144 000 хүнийг үрийн туслах хэсэг болгох зорилготой байв (Галат 3:29; Илчлэлт 14:1). Тэд тэнгэрийн Хаанчлалд Христтэй хамт өв залгамжлахаар сүнсэн биетэй болж тэнгэрт амилах учиртай (Ром 8:16, 17).

Тэнгэрийн хүчирхэг Хаан Есүс удахгүй Диаволын үр буюу ёс бус хүмүүс болон Сатаныг дагадаг чөтгөрүүдийг устгана (Иохан 8:44; Ефес 6:12). Есүсийн засаглал Бурханд дуулгавартай хүн төрөлхтөнд энх тайван, аз жаргалтай амьдрал авчирна. Тэгээд эцэст нь могойн «толгойг» няцлах буюу түүнийг бүрмөсөн устгана (Еврей 2:14).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах