Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бм бүлэг 5 х. 52-61
  • Золиос бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Золиос бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг
  • Библиэс юу мэдэж авах вэ?
  • Библийн сургаал-ээс унших
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЗОЛИОС ГЭЖ ЮУ ВЭ?
  • ЕХОВА ЗОЛИОС ӨГСӨН НЬ
  • ЗОЛИОС ТАНД АЧ ТУСТАЙ
  • ТА ЯАХ ВЭ?
  • Золиосны төлөө талархаж явъя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Хамгийн агуу бэлэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Есүс «олны төлөө золиос» болсон гэхийн учир юу вэ?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Золиос биднийг хэрхэн авардаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
Илүү дэлгэрэнгүй харах
Библиэс юу мэдэж авах вэ?
бм бүлэг 5 х. 52-61

БҮЛЭГ 5

Золиос бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг

1, 2. а) Таны хувьд ямар бэлэг үнэ цэнтэй вэ? б) Золиосыг яагаад Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг гэдэг вэ?

ТАНЫ авч байсан хамгийн сэтгэлд хоногшсон бэлэг юу вэ? Сэтгэлд хүрсэн бэлэг заавал үнэтэй байх албагүй. Гэнэтийн бэлэг барих юм уу яг хэрэгтэй зүйлийг тань бэлэглэвэл сэтгэл тань хөдлөх нь лавтай.

2 Бурхны бидэнд өгсөн бэлгүүдээс хамгаас хэрэгтэй нэг бэлэг бий. Бурхан Хүү Есүс Христээ илгээж хүмүүсийг мөнх амьдрах боломжтой болгосон нь хүн төрөлхтөнд өгсөн хамгийн үнэтэй бэлэг юм. Уг бэлгийн талаар энэ бүлгээс үзнэ (Матай 20:28-ыг уншина). Ехова Есүсийг дэлхий рүү илгээж амийг нь золиос болгон өгснөөрөө бидэнд үнэхээр хайртайгаа баталсан.

ЗОЛИОС ГЭЖ ЮУ ВЭ?

3. Хүн яагаад үхдэг вэ?

3 Ехова хүмүүсийг нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд золиос гэдэг арга хэмжээ авсан (Эфэс 1:7). Золиос яагаад хэрэгтэй болсныг ойлгохын тулд хэдэн мянган жилийн өмнө Еден цэцэрлэгт болсон явдлыг мэдэх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс Адам Ева хоёр нүгэл үйлдсэний уршгаар үхсэн. Бид тэднээс нүглийг өвлөн авсан учраас бас үхдэг болсон (Тайлбар 9-ийг үзнэ үү).

4. Адам гэж хэн бэ? Бурхан Адамд юу өгсөн бэ?

4 Бурхан анхны хүн Адамыг бүтээхдээ нэг хосгүй зүйл өгчээ. Энэ нь төгс амь байв. Өөрөөр хэлбэл оюун ухаан, бие махбодын хувьд төгс учраас өвдөж, хөгширч, үхэх учиргүй байлаа. Ехова Адамыг бүтээсэн болохоор аав нь юм (Лук 3:38). Адамтай тогтмол ярилцаж, юу хүсэж байгаагаа тодорхой хэлдэг байв. Бас сонирхолтой ажил даалгасан (Эхлэл 1:28–30; 2:16, 17).

5. Бурхан Адамыг «Өөрийнхөө дүр төрхөөр» бүтээсэн гэдэг нь юу гэсэн үг вэ?

5 Бурхан Адамыг «Өөрийнхөө дүр төрхөөр» бүтээжээ (Эхлэл 1:27). Энэ нь Адам хайр, мэргэн ухаан, шударга, хүч гэх мэт Еховагийн зан чанаруудыг илэрхийлэх чадвартай байсан гэсэн үг. Бас сонгох эрх чөлөө өгсөн учраас робот шиг байгаагүй. Тиймээс зөв юм хийх үү, буруу юм хийх үү гэдгээ өөрөө шийдэх эрхтэй байсан. Хэрэв Адам Бурханд дуулгавартай байсан бол диваажинд мөнх амьдрах байв.

6. Адам Бурханд дуулгаваргүй болсноор юу алдсан бэ? Үр удамд нь яаж нөлөөлсөн бэ?

6 Адам Еховад дуулгаваргүй загнаж үхлийн ял авснаараа маш үнэтэй зүйлүүдээ алджээ. Бурхантай тогтоосон онцгой харьцаа, төгс амь, диваажин гэрээ алдсан (Эхлэл 3:17–19). Адам Ева хоёр Бурханд дуулгаваргүй болсноор ямар ч найдваргүй болсон. Адамаас болж «бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» (Ром 5:12). Адам нүгэл үйлдсэнээр өөрийгөө ч, үр удмаа ч нүгэл, үхлийн боол болгосон (Ром 7:14). Тэгвэл бид ямар ч найдваргүй гэсэн үг үү? Үгүй. Бид золиосны ачаар найдвар өвөрлөдөг.

7, 8. Золиос гэж юу вэ?

7 Золиос гэж юу вэ? Золиос гэдэг нь үндсэндээ хоёр санаа агуулдаг. Нэгдүгээрт барьцаанд байгаа хүнийг чөлөөлөхөд эсвэл ямар нэг юмыг буцааж авахад төлөх үнийг хэлдэг. Хоёрдугаарт хохирлыг барагдуулахад төлөх төлбөрийг хэлдэг.

8 Адамын хүн төрөлхтөнд учруулсан асар их хохирлыг нэг ч хүн арилгаж чадахгүй. Харин Ехова хүмүүсийг нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд золиос өгсөн. Золиосны ачаар хүмүүс хэрхэн чөлөөлөгдөхийг, яавал ач тусыг нь хүртэхийг мэдэж авцгаая.

ЕХОВА ЗОЛИОС ӨГСӨН НЬ

9. Адамын алдсан төгс амийг буцааж авахын тулд юу хэрэгтэй байсан бэ?

9 Адамын алдсан төгс амийг бидний хэн нь ч буцааж авч чадахгүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ төгс бус (Дуулал 49:7, 8). Төгс амийг буцааж авахын тулд төгс амь л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Адамын алдсан төгс амьтай тэнцэх золиос төлөх хэрэгтэй байв.

10. Ехова золиосыг хэрхэн төлөхөөр болсон бэ?

10 Ехова золиосыг хэрхэн төлөхөөр болсон бэ? Хамгаас хайртай Хүүгээ дэлхий рүү илгээсэн. Тэр Хүү нь хамгийн анхны бүтээл нь болох Есүс байлаа (1 Ёохан 4:9, 10). Есүс Эцгээ ч, тэнгэрийн гэрээ ч дуртайяа орхисон (Филиппой 2:7). Ехова Хүүгийнхээ амийг Мариа гэдэг эмэгтэйн хэвлийд шилжүүлсэн. Ийнхүү Есүс нүгэлгүй, төгс хүн болж төржээ (Лук 1:35).

Есүс шонд хадуулан тарчилж үхсэн

Ехова хамгийн хайртай Хүүгээ бидний төлөө золиос болгон өгсөн

11. Нэг хүний золиос бүх хүнийг үхлээс чөлөөлөх боломжтой юу?

11 Анхны хүн Адам Еховад тэрсэлж төгс амиа алдсан учраас үр удамдаа үхлийг өвлүүлсэн. Тэгвэл өөр хүн Адамын үр удмыг үхлээс чөлөөлөх боломжтой юу? (Ром 5:19-ийг уншина). Нүгэлгүй Есүс төгс амиа золиос болгон өгснөөр боломжтой болсон (1 Коринт 15:45). Есүсийн төгс амь бүх хүнийг үхлээс чөлөөлнө (1 Коринт 15:21, 22).

12. Есүс ямар учраас тэгж их зовсон бэ?

12 Есүс үхэхийнхээ өмнө ямар их зовж тарчилсныг Библид тодорхой бичсэн байдаг. Тэрээр ташуурдуулж, шонд хадуулж, тарчилж үхжээ (Ёохан 19:1, 16–18, 30). Есүс ямар учраас тэгж их зовсон бэ? Хүнд сорилтод орвол үнэнч үлдэх хүн нэг ч байхгүй гэж Сатан хэлсэн. Төгс хүн асар их зовж тарчилсан ч Бурханд үнэнч байж болдгийг Есүс баталсан. Ехова Хүүгээрээ хэчнээн их бахархсан бол оо! (Сургаалт үгс 27:11; Тайлбар 15-ыг үзнэ үү).

13. Золиос хэрхэн төлөгдсөн бэ?

13 Золиос хэрхэн төлөгдсөн бэ? Есүс амийнхаа үнэ цэнг Эцэгтээ өргөн барьснаар төлөгдсөн. МЭ 33 оны еврей тооллын Нисан сарын 14-нд Есүсийг дайснуудынхаа гарт амиа алдахыг Ехова зөвшөөрсөн (Еврей 10:10). Үүнээс хойш гурван өдрийн дараа Ехова Есүсийг тэнгэрийн биетэй болгон амилуулсан. Есүс тэнгэрт Эцэг дээрээ очоод, золиос болгон өгсөн төгс амийнхаа үнэ цэнг өргөн барьсан (Еврей 9:24). Ийнхүү золиос төлөгдсөн учраас бид нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөх боломжтой болсон (Ром 3:23, 24-ийг уншина).

ЗОЛИОС ТАНД АЧ ТУСТАЙ

14, 15. Нүглээ уучлуулахын тулд яах хэрэгтэй вэ?

14 Бид одоо ч Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг буюу золиосны ач тусыг хүртдэг. Одоо болон ирээдүйд ямар ач тустайг мэдэж авцгаая.

15 Ехова бидний нүглийг уучилдаг. Бидний хувьд үргэлж зөв юм хийх нь амаргүй байдаг. Бид алдаа гаргадаг. Буруу юм хэлдэг эсвэл хийчихдэг (Колосай 1:13, 14). Тэгвэл уучлуулахын тулд яах хэрэгтэй вэ? Буруу хэрэг хийсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, Еховагаас даруухнаар уучлалт гуйх хэрэгтэй. Тэгсэн бол Ехова нүглийг маань уучилсан гэдэгт итгэлтэй байж болно (1 Ёохан 1:8, 9).

16. Цэвэр мөс чанартай байхын тулд яах хэрэгтэй вэ?

16 Цэвэр мөс чанартай байна. Биднийг буруу юм хийхэд мөс чанар маань өвддөг. Тийм үед өөрийгөө буруутгаж, бүр итгэл алдарч, хэнд ч хэрэггүй мэт санагдах нь бий. Гэхдээ битгий бууж өгөөрэй. Еховагаас уучлалт гуйвал биднийг сонсож, уучилна гэдэгт итгээрэй (Еврей 9:13, 14). Ехова биднийг зовлон бэрхшээл, сул талынхаа талаар илэн далангүй хэлээсэй гэж хүсдэг (Еврей 4:14–16). Ийнхүү хэлдэг бол Бурхантай сайн харьцаатай байна.

17. Есүс бидний төлөө үхсэн учраас бид ямар ивээл хүртэх боломжтой болсон бэ?

17 Мөнх амьдрах боломжтой болсон. «Нүглийн хөлс бол үхэл. Харин Бурхны бэлэг бол Эзэн Христ Есүсээр дамжуулан өгөх мөнх амь мөн» (Ром 6:23). Есүс бидний төлөө үхсэн учраас бид өвчин зовлонгүй, мөнх амьдрах боломжтой болсон (Илчлэл 21:3, 4). Ийм ивээл хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

ТА ЯАХ ВЭ?

18. Ехова биднийг хайрладаг нь юунаас харагддаг вэ?

18 Та гоё бэлэг аваад баярлаж байсан үеэ сана даа. Золиос бол хамгийн үнэтэй бэлэг учраас үүнийг өгсөн Ехова Бурхандаа талархаад баршгүй! Ёохан 3:16-д: «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн» гэж байдаг. Ехова биднийг үнэхээр их хайрладаг учраас хамгийн хайртай Хүүгээ өгсөн. Есүс бас бидэнд маш их хайртай учраас бидний төлөө амиа дуртайяа зориулсан (Ёохан 15:13). Ехова Есүс хоёр бидэнд маш их хайртайг золиос гэдэг энэ бэлэг хөдөлгөөнгүй баталдаг (Галат 2:20).

Библи уншиж буй эмэгтэй

Бид Еховаг таньж мэдэх тусам улам их хайрлаж, анд найз нь болно

19, 20. а) Бурхантай яаж анд найз болох вэ? б) Есүсийн золиосонд итгэдгээ яаж харуулах вэ?

19 Та Бурхны агуу хайрын тухай мэдэж авлаа. Тэгвэл Бурхантай яаж найз болох вэ? Таньж мэдэхгүй хүнийг хайрлах амаргүй. Ёохан 17:3-т Ехова Бурхныг таньж мэдэх боломжтой гэж бичсэн байдаг. Еховаг илүү сайн мэдэхийн хэрээр хайрладаг болно. Улмаар сайшаалыг нь хүлээж, анд найз нь болно. Тиймээс Библи судалж Еховагийн талаарх мэдлэгээ үргэлж гүнзгийрүүлээрэй (1 Ёохан 5:3).

20 Есүсийн золиосонд итгэдгээ үйл хэргээрээ харуулаарай. «Хүүд итгэдэг хүн мөнх амьдарна» гэж Библид байдаг (Ёохан 3:36). Тэгвэл итгэдгээ яаж харуулах вэ? Есүст итгэдэг гэж зүгээр нэг хэлэх нь хангалтгүй. Яаков 2:26-д «үйлсгүй итгэл үхмэл» гэж байдаг. Тийм учраас итгэлээ үйл хэргээрээ харуулах учиртай. Өөрөөр хэлбэл Есүсийн зааж сургасныг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй (Ёохан 13:15).

21, 22. а) Жил бүр болдог Христийн нас барсныг дурсах цуглаанд бид яагаад очих хэрэгтэй вэ? б) 6, 7 дугаар бүлгээс юуны тухай үзэх вэ?

21 Христийн нас барсныг дурсах цуглаанд очоорой. Есүс нас барахынхаа өмнөх орой өөрийг нь дурсаж байхыг шавь нартаа захижээ. Тэрээр: «Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» гэжээ (Лук 22:19-ийг уншина). Есүс бидний төлөө төгс амиа золиос болгон өгснийг нь дурсан санаасай гэж хүсдэг. Тийм учраас бид жил бүр «Эзний оройн зоог» буюу Христийн нас барсныг дурсах цуглаан хийдэг (1 Коринт 11:20; Матай 26:26–28). Та Дурсах цуглаанд очсоноороо Ехова Есүс хоёрын бидэнд илэрхийлсэн агуу хайрыг дурсан санаж, золиосонд талархдагаа харуулна (Тайлбар 16-г үзнэ үү).

22 Золиос бол хүний хүртэж болох хамгийн агуу бэлэг юм (2 Коринт 9:14, 15). Энэ агуу бэлэг нь нас барсан олон сая хүнд ч ач тустай. Ямар ач тустайг 6, 7 дугаар бүлгээс дэлгэрэнгүй үзье.

ДҮГНЭЛТ

1. БҮХ ХҮНД ЗОЛИОС ХЭРЭГТЭЙ

«Хүний Хүү ... олны төлөө амиа золихоор ирсэн» (Матай 20:28).

Бүх хүнд яагаад золиос хэрэгтэй вэ?

  • Эхлэл 3:17–19

    Адам Ехова Бурханд дуулгаваргүй загнаад дотнын найз нь байх эрхгүй болж, төгс амь, диваажин гэрээ алдсан.

  • Ром 5:12

    Адамын хийсэн хэргээс болж бид нүгэл, үхлийг өвлөн авсан.

  • Эфэс 1:7

    Золиос бол хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс чөлөөлөх Еховагийн арга хэмжээ юм.

2. ЕХОВА ХЭНИЙГ ЗОЛИОС БОЛГОН ӨГСӨН БЭ?

«Бурхан биднийг мөнх амьдруулах гэж цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээж нүгэлт биднийг хайрладгаа батлан харуулсан» (1 Ёохан 4:9).

Ехова хэнийг золиос болгон өгсөн бэ?

  • Дуулал 49:7, 8

    Адамын алдсан төгс амийн үнийг хэн ч төлж чадахгүй.

  • Лук 1:35

    Ехова хайртай Хүүгээ дэлхий рүү илгээсэн. Есүс төгс хүн байсан.

  • Ром 3:23, 24; Еврей 9:24

    Амилсан Есүс тэнгэрт очоод золиос болгон өгсөн төгс амийнхаа үнэ цэнг Еховад өргөн барьсан.

3. ЗОЛИОС БИДЭНД ЖИНХЭНЭ НАЙДВАР ӨГДӨГ

«Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно» (Илчлэл 21:4).

Золиос ямар ач тустай вэ?

  • 1 Ёохан 1:8, 9

    Бурхан бидний нүглийг уучилдаг.

  • Еврей 9:13, 14

    Бурхны өмнө цэвэр мөс чанартай байдаг.

  • Ром 6:23

    Мөнх амьдрах боломжтой болсон.

  • Галат 2:20

    Ехова Есүс хоёр бидэнд үнэхээр хайртайг золиос гэдэг энэ бэлэг баталдаг.

4. ЗОЛИОСОНД ИТГЭДГЭЭ ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

«Бурхан ... цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг ... мөнх амьдраасай гэснийх юм» (Ёохан 3:16).

Золиосон өгсөнд нь хэрхэн талархах вэ?

  • Ёохан 17:3

    Ехова Есүс хоёрыг таньж мэдэн, дуурайгаарай.

  • Лук 22:19

    Христийн нас барсныг дурсах цуглаанд жил бүр очоорой.

  • Ёохан 3:36; Яаков 2:26

    Есүст итгэдэг гэж хэлэх нь хангалтгүй. Зааж сургасныг нь амьдралдаа хэрэгжүүлээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах