БҮЛЭГ 18
Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх хэрэгтэй юу?
1. Та энэ номыг судлаад яахаар шийдсэн бэ?
ТА ЭНЭ номыг судлах явцдаа Библийн сургаалыг, тухайлбал Бурхан хүн төрөлхтнийг диваажинд мөнх амьдруулахыг, хүн үхээд яадгийг, нас барагсад ирээдүйд амилахыг мэддэг болсон (Номлогчийн үгс 9:5; Лук 23:43; Ёохан 5:28, 29; Илчлэл 21:3, 4). Бас Еховагийн Гэрчүүдийн цуглаанд явж, жинхэнэ Бурхныг шүтдэг гэдэгт нь итгэдэг болсон нь лавтай (Ёохан 13:35). Та ч бас Еховатай дотносож, үйлчлэгч нь болохыг хүсэж байгаа биз ээ. Тиймээс «Би Еховад үйлчлэхийн тулд одоо юу хийх хэрэгтэй вэ?» гэж бодож байж болох юм.
2. Этиоп хүн яагаад баптисм хүртэхийг хүссэн бэ?
2 Есүсийн үед амьдарч байсан нэг этиоп хүнд бас дээрх асуулт төржээ. Есүсийн шавь Филип Багшийгаа амилсны дараахан тэр хүнд дэлгэрүүлсэн. Филип Есүсийг Мессиа гэдгийг тайлбарлажээ. Өнөөх этиоп хүн сонссон зүйлдээ сэтгэл нь хөдөлж «Ус байна. Яагаад баптисм хүртэж болохгүй билээ?» гэжээ (Үйлс 8:26–36).
3. а) Есүс дагалдагчдадаа ямар тушаал өгсөн бэ? б) Баптисм хүртэх гэж яахыг хэлдэг вэ?
3 Еховад үйлчлэхийг хүсвэл баптисм хүртэх шаардлагатай гэж Библид тодорхой байдаг. Есүс дагалдагчдадаа «Явж бүх үндэстнийг шавь болгогтун. ... Баптисм хүртээ» гэж тушаасан (Матай 28:19). Тэрээр өөрөө баптисм хүртэж жишээ үзүүлсэн. Есүс толгой руугаа ус цацуулаагүй, харин бүтэн биеэрээ усанд булхсан (Матай 3:16). Өнөө үед ч Христийн дагалдагчид баптисм хүртэхдээ бүтэн биеэрээ усанд булхдаг.
4. Хүн баптисм хүртсэнээрээ юуг батлан харуулдаг вэ?
4 Хүн баптисм хүртсэнээрээ Бурхны найз, үйлчлэгч нь болохыг үнэн голоосоо хүсэж байгаагаа баталдаг (Дуулал 40:7, 8). Тэгвэл танд «Би баптисм хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?» гэж бодогдож болох юм.
МЭДЛЭГ БА ИТГЭЛ
5. а) Баптисм хүртэхээсээ өмнө яах хэрэгтэй вэ? б) Цуглаанд явах нь хэр чухал бэ?
5 Баптисм хүртэхийн тулд Ехова болон Есүсийн тухай таньж мэдэх учиртай. Та Библийн хичээл хийж байгаа нь аль хэдийн энэ алхмыг хийгээд эхэлчихсэн гэсэн үг (Ёохан 17:3-ыг уншина). Гэхдээ ингээд л болчихгүй. Еховагийн талаар үнэн зөв мэдлэгээ тэлж байхыг Библид онцолсон байдаг (Колосай 1:9). Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очвол үнэн зөв мэдлэгээ тэлж, Еховатай улам дотносно. Энэ бол цуглаанд тогтмол явах ёстойн нэг чухал шалтгаан юм (Еврей 10:24, 25).
Баптисм хүртэхээсээ өмнө Библи судлах ёстой
6. Баптисм хүртье гэвэл юуг мэдсэн байх ёстой вэ?
6 Баптисм хүртэхээсээ өмнө Библид бичсэн бүх зүйлийг мэддэг байх ёстой гэж Ехова шаарддаггүй. Этиоп хүнээс ч тэгж шаардаагүй шүү дээ (Үйлс 8:30, 31). Тэгээд ч бид Бурхны тухай мөнхөд сурч мэднэ (Номлогчийн үгс 3:11). Гэхдээ баптисм хүртье гэвэл Библийн үндсэн сургаалыг мэдэж, хүлээн зөвшөөрөх ёстой (Еврей 5:12).
7. Библи судалсны ач тус юу вэ?
7 «Итгэдэггүй хүн Бурхны таалалд нийцэхгүй» гэж Библид байдаг (Еврей 11:6). Тиймээс баптисм хүртье гэвэл итгэлтэй байх хэрэгтэй. Эртний Коринт хотын зарим хүн Есүсийн дагалдагчдын дэлгэрүүлсэн мэдээг сонсож, сонссон зүйлдээ «итгээд баптисм хүртжээ» (Үйлс 18:8). Та бас Библи судлаад Бурхны амлалт, хүн төрөлхтнийг нүгэл үхлээс чөлөөлөх Есүсийн золиосонд итгэдэг болсон биз ээ (Иошуа 23:14; Үйлс 4:12; 2 Тимот 3:16, 17).
БИБЛИЙН ҮНЭНИЙГ ХҮМҮҮСТ ЯРИХ НЬ
8. Юуны ачаар сурч мэдсэнээ бусдад ярих хүсэлтэй болох вэ?
8 Библиэс сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж ач тусыг нь хүртэхийн хэрээр итгэл тань бэхэжнэ. Үүний үрээр сурч мэдсэн зүйлээ бусдад ярих чин хүсэлтэй болно (Иеремиа 20:9; 2 Коринт 4:13). Гэхдээ эхлээд хэнд ярих вэ?
Итгэл батжих тусам итгэл үнэмшлийнхээ талаар хүмүүст ярина
9, 10. а) Сурч мэдсэнээ эхлээд хэнд ярих хэрэгтэй вэ? б) Дэлгэрүүлэх ажилд албан ёсоор оролцохын тулд яах ёстой вэ?
9 Та гэр бүл, найз нөхөд, хамт олон, танилууддаа дэлгэрүүлээрэй. Ингэхдээ үргэлж эелдэг, хүндэтгэлтэй байх нь их чухал. Яваандаа та хурлаас зохион байгуулдаг дэлгэрүүлэх ажилд оролцох хүсэлтэй болох нь эргэлзээгүй. Дэлгэрүүлэх ажилд албан ёсоор оролцох хүсэлтэйгээ Библи заадаг Гэрчдээ хэлээрэй. Тэр Гэрч таныг дэлгэрүүлэх ажилд оролцоход бэлэн, Библийн хэм хэмжээний дагуу амьдардаг гэж үзсэн тохиолдолд хурлын хоёр ахлагч та хоёртой уулзаж ярилцана.
10 Юуны тухай ярилцах вэ? Ахлагчид таныг Библийн үндсэн сургаалыг ойлгож, итгэж, өдөр тутмынхаа амьдралд баримталдаг эсэхийг мэдэх гэж ярилцана. Бас Еховагийн Гэрч болохыг чин сэтгэлээсээ хүсэж байгааг тань мэдэх зорилготой. Ахлагчид хурлын гишүүн бүрд, түүний дотор танд ч бас санаа тавьдаг учраас ярилцахаас айх хэрэггүй (Үйлс 20:28; 1 Петр 5:2, 3). Тантай ярилцаж дууссаны дараа дэлгэрүүлэх ажилд албан ёсоор оролцож болох эсэхийг тань мэдэгдэнэ.
11. Дэлгэрүүлэх ажилд албан ёсоор оролцдог болохоосоо өмнө өөрийгөө өөрчлөх нь яагаад чухал бэ?
11 Нөгөө талаас, ахлагчид танд дэлгэрүүлэгч болохоосоо өмнө засаж өөрчлөх шаардлагатай зүйл байгааг ярилцлагын үеэр хэлж болох юм. Хэлснийх нь дагуу өөрийгөө өөрчлөх нь яагаад чухал бэ? Бид хүмүүст Бурхны тухай ярихдаа төлөөлөгч нь болдог учраас хэм хэмжээнд нь нийцүүлж амьдрах ёстой (1 Коринт 6:9, 10; Галат 5:19–21).
ГЭМШИЖ, ЭРГЭХ НЬ
12. Яагаад бүх хүн гэмших ёстой вэ?
12 Баптисм хүртэхийн тулд хийх ёстой өөр алхмууд бас бий. Элч Петр: «Нүглээ уучлуулъя гэвэл гэмшиж, Бурхан руу эргэцгээ» гэж бичжээ (Үйлс 3:19). Гэмшинэ гэж яахыг хэлэх вэ? Муу үйл хийж байсандаа үнэн голоосоо харамсахыг хэлнэ. Жишээ нь та садар самуун амьдралтай байсан бол гэмших шаардлагатай. Нөгөө талаас зөв амьдарч, зөв юм хийхийг хичээсээр ирсэн хүн ч төрөлхийн нүгэлтэй учраас Бурхнаас өршөөл хүртэхийн тулд гэмших учиртай (Ром 3:23; 5:12).
13. «Эргэх» гэж яахыг хэлдэг вэ?
13 Тэгвэл хийсэн хэрэгтээ гэмшээд л болоо юу? Үгүй. Петр «эргэх» хэрэгтэй гэсэн шүү дээ. Энэ нь муу зуршлаасаа бүрмөсөн салж, зөв юм хийдэг болохыг хэлнэ. Жишээ нь та нэг газар луу анх удаа аялж байна гэж бодъё. Гэтэл буруу зүг рүү явж байгаагаа анзаарчээ. Тэгвэл та яах вэ? Хурдаа сааруулаад, зогсоно. Тэгээд эргэж, зөв зүг рүү явна. Үүнтэй адилаар та Библи судлаад салах хэрэгтэй муу зуршил, хандлага, зан чанартайгаа анзаарч болох юм. Тийм үед дуртайяа «эргэх» буюу засарч өөрчлөгдөн, зөв юм хийдэг болоорой.
ЕХОВАД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛЖ ЗАЛБИРАХ НЬ
Та Еховад үйлчлэхээ амласан уу?
14. Бурханд өөрийгөө хэрхэн зориулах вэ?
14 Баптисм хүртэхээсээ өмнө хийх ёстой нэг чухал алхам бол Еховад өөрийгөө зориулах юм. Өөрийгөө зориулахдаа зөвхөн өөрт нь үйлчилж, хүсэл тааллыг нь биелүүлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавина гэдгээ Еховад амлаж ганцаарчлан залбирдаг (Дэд хууль 6:15).
15, 16. Яавал Бурханд өөрийгөө зориулах хүсэл төрөх вэ?
15 Зөвхөн өөрт нь үйлчилнэ гэж Еховад амлахыг хайртай хүнтэйгээ хамт насан туршдаа амьдарна гэж амлахтай зүйрлэж болно. Үерхэж байгаа хосыг бодоод үзье. Залуу нь бүсгүйтэйгээ дотносох тусам улам хайртай болж яваандаа гэрлэх санал тавина. Гэр бүл болох нь туйлын нухацтай хандах асуудал боловч бүсгүйдээ хайртай учраас энэ хариуцлагатай үүргийг дуртайяа хүлээнэ.
16 Та Еховагийн тухай мэдэх тусам улам их хайрлаж, Еховад үйлчлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг хүснэ. Тэгээд Еховад үйлчлэхээ амлан өөрийгөө зориулж залбирна. Есүсийн дагалдагч болохыг хүсдэг хэн бүхэн «өөрийнхөө төлөө амьдрахаа болих» ёстойг Библид бичсэн байдаг (Марк 8:34). Энэ нь юу гэсэн үг вэ? Еховад дуулгавартай байхыг амьдралынхаа гол зорилго болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Еховагийн хүслийг өөрийнхөө хүсэл, зорилгоос дээгүүр тавихыг хэлнэ (1 Петр 4:2-ыг уншина).
АЙДСАА ЯЛАН ДИЙЛЭХ НЬ
17. Зарим хүн яагаад Еховад өөрийгөө зориулахаас хойш суудаг вэ?
17 Зарим хүн амлалтаа биелүүлж чадахгүй байх вий гэж айгаад Еховад өөрийгөө зориулахаас хойш суудаг. Яагаад гэвэл тэд Еховагийн сэтгэлийг гонсойлгохоос айдаг. Бас өөрийгөө зориулаагүй учраас юу ч хийсэн Ехова тэдэнтэй хариуцлага тооцохгүй гэж боддог.
18. Юуны ачаар айдсаа ялах вэ?
18 Еховаг гэсэн хайр тань сэтгэлийг нь гонсойлгох вий гэсэн айдсаа ялахад тусална. Яагаад гэвэл та Еховад хайртай учраас амлалтаа биелүүлэхийн төлөө хамаг чадлаараа хичээж мэрийнэ (Номлогчийн үгс 5:4; Колосай 1:10). Бас Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх нь дааж давшгүй зүйл мэт санагдахгүй. Элч Ёохан: «Тушаалыг нь биелүүлдэг бол Бурхнаа хайрладаг гэсэн үг. Бурхны тушаал хүнд дарамт биш билээ» гэж бичжээ (1 Ёохан 5:3).
19. Еховад өөрийгөө зориулахаас яагаад айх хэрэггүй вэ?
19 Еховад өөрийгөө зориулахын тулд төгс байх албагүй. Тэгээд ч Бурхан хэрээс маань хэтэрсэн зүйл шаарддаггүй (Дуулал 103:14). Тэрээр зөв юм хийхэд тусална (Исаиа 41:10). Бүх зүрхээрээ Еховад итгэдэг бол «замыг [тань] шулуун болгоно» (Сургаалт үгс 3:5, 6).
БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛСНАА ОЛОН НИЙТЭД ТУНХАГЛАХ НЬ
20. Бурханд өөрийгөө зориулж залбирсан бол яах хэрэгтэй вэ?
20 Та Еховад өөрийгөө зориулахад бэлэн үү? Тийм бол үүнийгээ батлан Еховад өөрийгөө зориулж ганцаарчлан залбираарай. Тэгээд дараагийн алхмаа хийгээрэй. Энэ бол баптисм хүртэх юм.
21, 22. Итгэлээ хэрхэн «олон нийтэд тунхаглах» вэ?
21 Та Еховад өөрийгөө зориулж залбирснаа, баптисм хүртэх хүсэлтэйгээ хурлынхаа ахлагчдын зөвлөлийн зохицуулагчид хэлээрэй. Тэрээр тантай Библийн үндсэн сургаалыг асуулт хариултын журмаар ярилцахыг ахлагчдад даалгана. Ахлагчид таныг шаардлага хангасан гэж үзвэл чуулган дээр баптисм хүртэхийг зөвшөөрнө. Чуулган дээр баптисм хүртэх хүмүүст зориулж илтгэл тавьдаг. Уг илтгэлийг тавьсан ахлагч баптисм хүртэх хүмүүсээс хоёр асуулт асууна. Тэдгээр асуултад хариулснаар итгэлээ «олон нийтэд тунхаглана» (Ром 10:10).
22 Тэгээд бүх биеэрээ усанд булхан баптисм хүртдэг. Та баптисм хүртсэнээрээ Еховад өөрийгөө зориулснаа бүх нийтэд харуулж, Еховагийн Гэрч болно.
БАПТИСМ ЮУГ БЭЛГЭДДЭГ ВЭ?
23. «Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр» баптисм хүртэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
23 Есүс дагалдагчдадаа «Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр» баптисм хүртэхийг тушаасан (Матай 28:19-ийг уншина). Энэ нь юу гэсэн үг вэ? Еховагийн эрх мэдэл, Еховагийн санаа зорилгод Есүсийн гүйцэтгэсэн үүрэг, Ехова хүсэл тааллаа биелүүлэхдээ агуу хүчээ ашигладгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг (Дуулал 83:18; Матай 28:18; Галат 5:22, 23; 2 Петр 1:21).
Баптисм хүртсэнээрээ Еховад үйлчлэх хүсэлтэйгээ батална
24, 25. а) Баптисм юуг бэлгэддэг вэ? б) Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?
24 Баптисм маш чухал зүйлийг бэлгэддэг. Та баптисм хүртэж усанд шумбахдаа «үхэх» буюу амьдралынхаа урьдын хэв маягийг бүрмөсөн орхиж байгаагаа харуулна. Харин уснаас гарахдаа Бурхны хүсэл тааллыг биелүүлэхээр амьдралаа шинээр эхэлж байгаагаа бэлгэдэн харуулж байна гэсэн үг. Ийнхүү та Еховагийн үйлчлэгч болно. Та өөрийгөө хэн нэг хүн, ямар нэг байгууллага, ажлын төлөө биш, Еховад зориулснаа үргэлж санаж яваарай.
25 Өөрийгөө зориулснаар Еховатай улам дотносно (Дуулал 25:14). Гэхдээ баптисм хүртсэн л бол аврагдана гэсэн үг биш. Элч Паул: «Бурхнаасаа эмээж, Бурхнаа хүндэтгэж, улам их хичээж мэрийгээрэй» гэж бичжээ (Филиппой 2:12). Тэгэхээр баптисм бол авралд хүрэх замын дөнгөж эхлэл юм. Тэгвэл Еховатай үргэлж дотно байхын тулд яах хэрэгтэй вэ? Энэ номын сүүлийн бүлэгт хариу нь бий.