«Бусдыг хүндлэгтүн»
«Хүндэтгэл дотор нэг нэгнээ эрхэмлэн дээдэл» (РОМ 12:10).
1, 2. а) Даруу байхын тулд бид юуны өмнө бусадтай хэрхэн харьцдаг байх хэрэгтэй вэ? б) «Хүндэтгэх» гэдэг үг нь Библид ямар утга илэрхийлдэг ба ямар хүмүүсийн хувьд бусдыг хүндэтгэхэд хялбар байдаг вэ?
БИД өмнөх нийтлэлээр Бурхны Үгэнд байдаг «бүгд... даруухнаар хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд ивээлээ хайрладаг» гэсэн сургаалыг онцгой анхааран үзсэн билээ (1 Пэтр 5:5). Бид даруу байхын тулд юуны өмнө бусдыг хүндэтгэдэг байх хэрэгтэй.
2 Библид «хүндэтгэх» гэдэг үг нь бусдыг анхаарч, эрхэмлэн үзэх гэсэн утгатай байдаг. Бид бусдад чин сэтгэлийн угаас хандан, тэдний сайн талыг хүндэтгэн үзэж, үзэл бодлыг нь анхааралтай сонсох хийгээд мөн зөв зүйтэй хүсэлт гуйлтыг нь биелүүлэхэд бэлэн байдгаа илэрхийлснээр тэднийг хүндэтгэдгээ харуулах болно. Даруу хүмүүст үүнийг хийхэд амар хялбар байдаг. Харин бардам ихэрхэг зүрх сэтгэлтэй хүмүүсийн хувьд өөр бусдыг чин сэтгэлээсээ хүндэтгэх нь хэцүү байдаг биз ээ. Тийм ч учраас тэд ашиг хонжоо хайн, бусдыг өөртөө дотно сайхан хандуулахын тулд бялдуучлан зусарддаг.
Ехова хүмүүсийг хүндэтгэдэг
3, 4. Ехова Абрахаамыг ямар учраас, яаж хүндэтгэсэн вэ?
3 Бусдыг хүндэтгэх тал дээр Ехова өөрөө жишээ болдог. Тэрбээр хүнийг бүтээхдээ сонгох эрх чөлөөтэй бүтээсэн бөгөөд тэдэнтэй харьцахдаа төмөр хүнтэй харьцаж буй мэтээр харьцдаггүй билээ (1 Пэтр 2:16). Түүнчлэн, Содом хот асар их нүгэлт хэргээсээ болоод устгагдана гэж Еховаг хэлэхэд Абрахаам «Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу? Тэр хотод хэрэв зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юу?» гэж асуужээ. Ехова зөв шударга тавин хүний төлөө тус хотыг өршөөнө хэмээн хариулсан. Тэгэхэд нь Абрахаам цааш нь хэрэв тэндээс 45, 40, 30, 20 эсвэл ердөө 10 хүн олдвол яах вэ хэмээн Бурхнаас даруухнаар асуусан. Хэрэв тэнд ядахдаа 10 зөв шударга хүн байх аваас Содомыг устгахгүй гэж Ехова Абрахаамд батлан хэлжээ (Эхлэл 18:20–33).
4 Ехова Содомд зөв шударга 10 хүн байхгүй гэдгийг мэдэж байсан хэдий ч Абрахаамыг хүндэтгэн, түүний хэлэх үгийг сонсжээ. Ямар учраас тэр билээ? Учир нь гэвэл Абрахаам «Эзэнд итгэсэнд Эзэн түүнийг зөв шударга гэж тооцсон» юм. Абрахаам «Бурхны анд нөхөр» гэж нэрлэгдсэн (Эхлэл 15:6; Иакоов 2:23). Түүнээс гадна, Абрахаам бусдыг хүндэтгэдэг гэдгийг Ехова мэддэг байсан. Абрахаамын малчид болоод ач хүү Лотынх нь малчид хоорондоо маргалдахад Абрахаам Лотыг хүндэтгэж, хүссэн газар нутгаа түрүүлэн сонгох боломжийг өгсөн. Лот сайхан нутаг хэмээн сонгосон газраа одож, харин Абрахаам өөр зүг явсан билээ (Эхлэл 13:5–11).
5. Ехова Лотыг хэрхэн хүндэтгэсэн бэ?
5 Ехова үнэнч Лотыг ч мөн хүндэтгэсэн. Бурхан Содомыг устгахынхаа өмнө Лотыг ууланд зугтан гарахыг тушаасан. Лот ууланд нуугдан хоргодохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, харин устгагдах газар нутагт хамрагдах Зоар гэдэг жижиг хотыг илүүд үзжээ. Ехова Лотод хандан: «За, Би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй» хэмээн өгүүлжээ. Лотын хүсэлтийг биелүүлснээрээ Ехова түүнийг хүндэтгэсэн юм (Эхлэл 19:15–22; 2 Пэтр 2:6–9).
6. Ехова Мосег хэрхэн хүндэтгэсэн вэ?
6 Ехова израильчуудыг суллуулахын талаар фараотай ярих хийгээд ард түмнийг минь боолчлолоос чөлөөлөхийн тулд Египетэд буцаж оч хэмээн Мосед тушаахад тэрбээр «Өө Эзэн минь, би хэзээ ч уран үгтэй байгаагүй» гэж хэлсэнд, Ехова: «Би чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заая» хэмээн Мосед амласан билээ. Гэсэн хэдий ч Мосегийн зориг зүрх нэг л хүрэхгүй байлаа. Тэгэхэд нь Ехова Мосед тусалж дэмжихээ батлан хэлээд, ах Аароныг нь төлөөлөгч болгож түүнтэй хамт явуулахаар санаа тавьжээ (Египетээс гарсан нь 4:10–16).
7. Ямар учраас Ехова бусдыг хүндэтгэхэд бэлэн байсан бэ?
7 Иймэрхүү тохиолдлуудад Ехова өөр бусдыг, ялангуяа, түүнд үйлчилдэг байсан хүмүүсийг хүндэтгэхэд бэлэн байжээ. Хэдийгээр тэдний Еховагаас гуйж хүсэж байсан зүйл нь зарим нэг тохиолдолд түүний анхны санаа зорилгоос зөрөх үе байсан ч гэсэн тэрбээр албатуудынхаа гуйлт хүсэлтийг сонсож, хэрэв хүсэл таалалтай нь зөрчилдөөгүй бол харгалзан үздэг байлаа.
Есүс хүмүүсийг хүндэтгэдэг байсан
8. Хүнд өвчтэй эмэгтэйг Есүс хэрхэн хүндэтгэсэн бэ?
8 Есүс бусдыг хүндэтгэхдээ Еховаг дуурайж байсан. Нэг удаа Есүс цугласан олны дунд байж байв. Цус алдах өвчнөөр 12 жил зовсон нэгэн эмэгтэй тэнд бас байлаа. Эмч нар түүнийг эдгээж чадаагүй юм. Мосегийн хуулиар бол тэр эмэгтэй цэвэр буст тооцогдон, хүмүүсийн дунд байх ёсгүй байв. Эмэгтэй, Есүсийн ард очиж, хувцсанд нь хүрээд эдгэжээ. Ингэснийх нь төлөө Есүс Хуулийн хойноос үг үсэгчлэн хөөцөлдөж түүнийг зэмлээгүй юм. Үүнийхээ оронд эдгэрсэн эмэгтэйн учир байдлыг мэдээд, «Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар амгалан байж, зовлонгоосоо ангижрах болтугай» гэж хэлснээрээ түүнийг хүндэтгэсэн (Марк 5:25–34; Левит 15:25–27).
9. Есүс харь үндэстнүүдийг хэрхэн хүндэтгэсэн бэ?
9 Дараа нь нэгэн фойник эмэгтэй Есүс дээр ирээд «Давидын Хүү Эзэн минь, намайг өршөөгөөч. Охиныг маань албин хэрцгийгээр эзэмдэж байна» гэж уйлан байж хэлжээ. Есүс тэр эмэгтэйд харь үндэстнүүд уруу биш, израилийн ард түмэн уруу илгээгдсэн гэдгээ мэдүүлэн «Хүүхдүүдээс [израильчуудаас] талхыг авч, жижиг нохдод [харь үндэстнүүдэд] хаяж өгөх нь сайн хэрэг биш ээ» гэж хэлсэн. Үүнийх нь хариуд «Гэвч жижиг ноход эздийнхээ ширээнээс унасан үйрмэгийг иддэг шүү дээ» гэж эмэгтэй хэлэв. Тэгэхэд нь Есүс «Эмэгтэй ээ, итгэл чинь агуу юм. Хүссэнээр чинь болог» гэжээ. Түүний охин эдгэрсэн билээ. Есүс тэрхүү харь үндэстэн эмэгтэйг итгэлийнх нь төлөө хүндэтгэсэн ажээ. Тэрбээр «зэрлэг ноход» гэхийн оронд «жижиг ноход» гэдэг үгийг хэрэглэснээрээ үгээ зөөлрүүлж, өрөвч сэтгэл гаргасан (Матай 15:21–28, ШЕ).
10. Есүс дагалдагчдадаа ямар жишээ үзүүлсэн бэ, яагаад ингэх хэрэгтэй байсан бэ?
10 Дагалдагчид нь амиа хичээх үзлээс хараахан салж чадаагүй байсан учраас Есүс тэдэнд даруу байж, бусдыг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг сургасаар байсан. Нэгэн удаа дагалдагчдынхаа маргааны дараа Есүс тэднээс «Та нар чинь замдаа юун тухай маргалдаад байв аа?» гэж асуужээ. Тэд дуугүй л байлаа. Учир нь «замдаа хэн нь бусдаасаа илүү вэ гэдгээр маргалджээ» (Марк 9:33, 34). Есүсийг үхэхийн өмнөх шөнө ч «тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар... маргаан үүсчээ» (Лүүк 22:24). Тиймээс өнгөрсний баярын оройн зоогийн үеэр Есүс «түмпэнд ус хийж, дагалдагчдынхаа хөлийг угааж... эхлэв». Ийм л жишээ үзүүлсэн юм! Есүс Бурхны Хүү байсан бөгөөд Орчлонт ертөнцөд ганцхан Еховад л захирагддаг байсан билээ. Тэгсэн хирнээ л дагалдагчдынхаа хөлийг угааж, төгс жишээ үзүүлжээ. «Би та нарт юу хийснийг та нар бас хийгээсэй гэсэндээ тийм жишээ үзүүлсэн юм» гэж тэр хэлсэн (Иохан 13:5–15).
Паул бусдыг хүндэтгэдэг байсан
11, 12. Паул христосын шашинтан болоод юуг сурч авсан ба сурсан зүйлээ Филээмонтэй харьцахдаа хэрхэн ашигласан бэ?
11 Паул бусдыг хүндэтгэхдээ Есүс Христийг дуурайж байсан (1 Коринт 11:1). «Бид хүний алдрыг... эрж сураагүй билээ. Харин бид та нарын дунд хүүхдүүдээ асран байгаа эх хүн мэт зөөлөн байсан» гэж тэр хэлжээ (1 Тэсалоник 2:6, 7). Хөхүүл хүүхэдтэй эх хүүхдээ асардаг. Паул христосын шашинтан болсноороо даруу байж, бусадтай эелдэг харьцан, хүндэтгэж сурсан билээ. Ингэхдээ тэрбээр бусдын сонгох эрх чөлөөг хүндэтгэдэг байсан ба Ромд хоригдол байх үед нь тохиолдсон явдал үүнийг гэрчилдэг.
12 Онээсим гэдэг боол Паулыг анхаарч сонссон юм. Тэрбээр христосын шашинтан төдийгүй Паулын анд нөхөр болсон билээ. Боолын эзэн нь Бага Азид амьдардаг Филээмон байсан ба тэр ч мөн христосын шашинтан байв. Паул, Филээмонд бичсэн захидалдаа «Би... түүнийг... дэргэдээ байлгахыг хүссэн юм» гэснээрээ Онээсим өөрт нь хэчнээн их тус болж байсныг илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Паул Онээсимийг Филээмон уруу явуулан, «Би чиний саналгүйгээр юу ч хийхийг завдсангүй. Ингэсэн нь чиний сайн нь албадлагаас биш, харин сайн дурын үүднээс байгаасай гэсэндээ юм» хэмээн бичжээ. Паул элчийнхээ байр суурийг ашиглаагүй бөгөөд харин ч Онээсимийг Ромд үлдээх хүсэлтийг Филээмонд тавьж хүндэтгэл үзүүлсэн. Түүгээр ч зогсохгүй Онээсимийг «боолоос ч хавьгүй илүү», «дотны хайртай ах дүүгээ» юм шиг үзэж хүндлэхийг Паул Филээмонд зөвлөсөн (Филээмон 13–16).
Өнөө үед хүндэтгэл үзүүлэх нь
13. Ром 12:10 биднийг юунд уриалдаг вэ?
13 Бурхны Үг биднийг «Хүндэтгэл дотор нэг нэгнээ эрхэмлэн дээдэл» гэж сургамжилдаг (Ром 12:10). Өөрөөр хэлбэл, бусдаар хүндэтгүүлэхээсээ өмнө өөрсдөө санаачилга гаргах хэрэгтэй гэсэн үг. «Хэн ч өөрийн төлөө ашгийг бүү эрэг, харин бусдынхыг эрэг» (1 Коринт 10:24; 1 Пэтр 3:8, 9). Ийм ч учраас Еховагийн албатууд гэрийнхнээ, хурлынхаа итгэл нэгтнүүдийг, тэр ч байтугай, хуралд харьяалалгүй хүмүүсийг хүртэл хүндэтгэх боломжийг эрж хайж байдаг.
14. Нөхөр эхнэр хоёр бие биеэ хэрхэн хүндэтгэх вэ?
14 «Христ бол эрэгтэй хүн бүрийн тэргүүн, нөхөр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн» гэж Библид бичсэн байдаг (1 Коринт 11:3). Христ хуралтай хэрхэн харьцаж байсны адил эхнэртэйгээ тэгж харьцахыг Ехова нөхрүүдэд үүрэг болгосон. 1 Пэтр 3:7-д (ШЕ) эхнэрээ «гоёмсог бөгөөд хэврэгхэн сав суулга мэт үзэж хүндлэх» тушаалыг нөхрүүдэд өгсөн буй. Тэгэхийн тулд нөхөр нь эхнэрийнхээ хэлэх үгийг үнэн сэтгэлээсээ сонсож, түүний саналыг анхааралдаа авахад бэлэн байх хэрэгтэй (Эхлэл 21:12). Библийн зарчим зөрчигдөөгүй тохиолдолд эхнэртээ түрүүлж сонгох боломж олгосноороо нөхөр хүн эхнэртээ тусалж, түүнтэй сайхан харьцана. «Эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой» (Эфэс 5:33, ШГ). Эхнэр хүн нөхрөө сонсдог, дандаа өөрийнхөөрөө зүтгэдэггүй, нөхрийнхөө сайн талыг доогуур үнэлдэггүй ба «үглэж яншдаггүй» байвал зохино. Эхнэр хүн аль нэг талаараа илүү байлаа ч гэсэн нөхрөө захирах гэж зүтгэдэггүй. Ингэж даруу байдаг.
15. Настангуудад ямар хүндэтгэл үзүүлэх ба тэд хариуд нь яах вэ?
15 Христосын шашны хуралд онцгой хүндэтгэл хүлээдэг хүмүүс бий. Энэ бол настан буурлууд юм. «Буурал хүнд босож өг, хөгшдийг хүндэл» (Левит 19:32, ШЕ). Юуны өмнө энэ нь Еховад олон жил үнэнчээр үйлчилсэн хүнд хамаарна. «Буурал үс зөв шударга амьдрал дотор олддог бөгөөд алдрын титэм» гэдэг шүү дээ (Сургаалт үгс 16:31). Харгалзагч нар өндөр настай итгэл нэгтнүүдээ хүндэлж, бусдад жишээ болох хэрэгтэй. Настангууд ч гэсэн өөрөөсөө залуу хүмүүсийг, ялангуяа, сүргийг хариулах үүрэг хүлээсэн хүмүүсийг хүндлэх нь чухал гэдэг нь дамжиггүй (1 Пэтр 5:2, 3).
16. Эцэг эх, хүүхдүүд нэг нэгнээ хэрхэн хүндлэх вэ?
16 Залуучууд эцэг эхээ хүндлэх хэрэгтэй. «Хүүхдүүд ээ, Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. „Эцэг эхээ хүндэл“. Энэ нь эхний тушаал бөгөөд амлалттай. „Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно“». Тэрчлэн эцэг эхчүүдэд «хүүхдүүдээ бүү уурлуул, харин Эзний сануулга ба дэг журам дотор хүмүүжүүл» гэсэн тушаал байдаг бөгөөд идэр насны хөвгүүд охидоо хүндлэх хэрэгтэй (Эфэс 6:1–4; Египетээс гарсан нь 20:12).
17. «Хоёр дахин хүндэтгэл»-ийг хэн хүртдэг вэ?
17 Хуралд үйлчилж хүчин чармайлт гаргаж буй хүмүүст ч хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. «Сайн удирдаж байгаа ахлагчдад хоёр дахин хүндэтгэл зохистой хэмээн үз. Ялангуяа үг ба сургаал дотор ажиллагч ахлагчдад» (1 Тимот 5:17). Ингэж болох нэг боломжийг Еврей 13:17-д: «Та нарыг тэргүүлэгч хүмүүсийг дагаж, тэдэнд захирагдагтун» гэж бичсэн байдаг.
18. Бид хуралд хамааралгүй хүмүүстэй харьцахдаа яах ёстой вэ?
18 Бид хуралд хамааралгүй хүмүүсийг хүндлэх ёстой юу? Ёстой. Тухайлбал, бидэнд «Хүн бүхэн дээд эрх мэдлүүдэд захирагд» гэсэн заавар өгөгдсөн байдаг (Ром 13:1). Энд дэлхийн удирдагчдын тухай ярьж байгаа бөгөөд Ехова тэдэнд өөрийнхөө Хаанчлалыг иртэл удирдаж байхыг зөвшөөрсөн болой (Даниел 2:44). Иймээс бид «бүгдэд өгөх ёстойгоо өгдөг. Хэнд албан татвар өгөх ёстой түүнд татвар, хэнд гааль өгөх ёстой түүнд гааль, хэнд айдас өгөх ёстой түүнд айдас, хэнд нэр хүнд өгөх ёстой түүнд нэр хүнд өгдөг» (Ром 13:7). Бид «бүх хүнийг хүндлэх» ёстой (1 Пэтр 2:17).
19. Хөндлөнгийн хүмүүст яаж «сайныг хийж», улмаар хүндэтгэл үзүүлж болох вэ?
19 Тийм ээ, хуралд хамааралгүй хүмүүсийг ч хүндэтгэх хэрэгтэй. Гэхдээ Бурхны Үгэнд онцолсон нэгэн зүйлд анхаарлаа хандуулна уу: «Бидэнд цаг байгаа дээр нь бүх хүмүүст, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг хийе» (Галат 6:10). Хүмүүст «сайныг хийх» илүү сайн арга бол сүнслэг хэрэгцээг нь хангаж, хөгжүүлэх явдал гэдэг нь яриангүй юм (Матай 5:3). «Бурханд зөвшөөрөгдсөнөөр, ичих явдалгүй ажилтнаар, үнэний үгийг зөв заагч гэж өөрийгөө харуулахыг хичээгтүн» гэсэн элч Паулын сануулгыг сахин биелүүлснээрээ үүнд хүрч болно. Хэрэв бид «үйлчлэлийнхээ эцсийг нь үзэж», гэрчлэх ажилдаа боломж бүрийг эвтэйхэн ашигладаг бол бүх хүнд сайныг хийгээд зогсохгүй, тэднийг хүндэтгэж байгаа хэрэг (2 Тимот 2:15; 4:5, ШЕ).
Еховаг хүндэтгэх нь
20. Фарао болон түүний цэрэгт юу тохиолдсон ба яагаад?
20 Ехова өөрийнхөө бүтээлүүдийг хүндэтгэдэг. Тийм учраас бид түүнийг хүндэтгэх нь зүйн хэрэг билээ (Сургаалт үгс 3:9; Илчлэлт 4:11). Тэрчлэн Еховагийн үгэнд: «Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ. Намайг үл тоогчийг Би үл хайхарна» гэж байдаг (1 Самуел 2:30). Бурхны ард түмнийг суллан явуулахыг Египетийн фараод хэлүүлэхэд тэрбээр ихэмсэг бардам байдлаар: «Намайг Түүний үгийг дага... гэдэг Эзэн [«Ехова», ШЕ] гэж хэн юм бэ?» гэж хариулжээ (Египетээс гарсан нь 5:2). Фарао израильчуудыг устгуулахааар өөрийн цэрэг дайчдаа илгээхэд нь Ехова Израилийн өмнө байсан Улаан тэнгисийн усыг таслан хуваасан. Харин израильчуудын араас египетүүдийн яаран довтолгоход нь Ехова усыг эргээж байранд нь оруулсан. «Тэр [Ехова] Фараогийн байлдааны тэргүүд, Түүний цэргүүдийг далайд хаяв» (Египетээс гарсан нь 14:26–28; 15:4). Тийнхүү Еховаг хүндэтгэхээс ихэрхэн татгалзсан фарао сүйрч дууссан (Дуулал 136:15).
21. Ехова ямар учраас Белшазарт хилэгнэн уурласан ба үүний дүнд юу болсон бэ?
21 Бабилоны хаан Белшазар Еховаг хүндэтгэхээс татгалзсан. Тэрбээр хөлчүү найрын үеэр Иерусалимын дуганаас авсан алт мөнгөн ариун савнуудад дарс сөгнөн Еховаг дооглон тохуурхсан. Ингэхдээ Белшазар өөрийн харь үндэстнүүдийн бурхдыг магтан алдаршуулсан юм. Гэтэл Еховагийн албат Даниел түүнд хандан: «Та... сэтгэлээ даруу байлгасангүй. Харин та тэнгэрийн Эзнийг эсэргүүцэв» хэмээн хэлжээ. Тэр шөнөдөө Белшазар алагдаж, хааны эрх мэдэл нь өөр хүнд шилжсэн билээ (Даниел 5:22–31).
22. а) Израилийн удирдагчид болон ард түмэнд Ехова ямар учраас уурласан бэ? б) Ехова хэнд сайнаар хандсан ба үүний дүнд яасан бэ?
22 МЭ-ний 1-р зуунд Хэрод хаан ард түмэнд хандан үг хэлэхэд ард түмэн хариуд нь: «Хүний дуу биш, бурхны дуу байна» хэмээн хашгиралдав. Ихэмсэг зантай хаан үүнийг эсэргүүцсэнгүй, харин ч магтуулах дуртай байв. Тэгтэл «Бурханд алдрыг нь өргөөгүй түүнийг Эзний тэнгэрэлч тэр даруй цохин унагажээ» (Үйлс 12:21–23). Хэрод Еховаг бус, харин өөрийгөө алдаршуулсан учраас өөд болсон. Тэр үеийн шашны удирдагчид Бурхны Хүү Есүсийг алахаар хуйвалдан, Бурхныг үл хүндэтгэсэн. Засаг төрийн эрх мэдэлтнүүдээс зарим нь Есүс жинхэнэ үнэнийг сургаж байна гэдгийг мэдсэн ч гэсэн «тэд хүний алдрыг Бурхны алдраас илүү үзсэн» учраас түүний дагалдагч болоогүй юм (Иохан 11:47–53; 12:42, 43). Ерөнхийдөө ард олон Ехова болон түүний томилсон Төлөөлөгч Есүсийг хүндэтгэж үзээгүй ээ. Тийм учраас Ехова тэдэнд хүндэтгэл үзүүлэхээ больж, иудейчүүдийг өөрсдийг нь болон дуганыг нь устгахыг зөвшөөрсөн. Гэхдээ өөрийг нь болон Хүүг нь хүндэтгэсэн хүмүүсийг тэрбээр амьд үлдээсэн (Матай 23:38; Лүүк 21:20–22).
23. Бурхны шинэ ертөнцөд амьдрахын тулд бид яах ёстой вэ? (Дуулал 37:9–11; Матай 5:5).
23 Өнөөгийн эд юмсын тогтолцоог устгасны дараа Бурхны шинэ ертөнцөд амьдрах хүсэлтэй бүх хүн Бурхныг болон түүний Хүү Есүс Христийг хүндэтгэж, тэдэнд захирагдах ёстой (Иохан 5:22, 23; Филиппой 2:9–11). Тэднийг хүндэтгэдэггүй хүмүүс «газрын хөрснөөс арчигдана». Харин, Бурхан ба Христийг хүндэтгэж, тэдэнд захирагддаг зөв хүмүүс «газар дэлхий дээр амьдарна» (Сургаалт үгс 2:21, 22).
Давтлага
◻ Бусдад хүндэтгэл үзүүлнэ гэдэг нь юу гэсэн үг ба Ехова үүнийг хэрхэн үзүүлдэг байсан бэ?
◻ Есүс болон Паул бусдыг хэрхэн хүндэтгэдэг байсан бэ?
◻ Өнөө үед хэн хүндэтгэл хүртэх вэ?
◻ Бид ямар учраас Ехова болон Есүсийг хүндэтгэх ёстой вэ?