Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц99 8/1 х. 15-18
  • Ехова зам бэлддэг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова зам бэлддэг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Хэцүү даалгавар
  • Сүсэгтэн хүмүүсийн доторх байдал
  • Эрх зүйн таатай нөхцөл
  • Энхийн он жилүүд хийгээд шашинд хүлцэнгүй хандах болсон нь
  • Техникийн ололт амжилтын нөлөө
  • Еховагийн сургаалыг бүх үндэстэнд дэлгэрүүлж эхэлсэн нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Дэлгэрүүлэх ажлыг Ехова удирддаг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • «Бүх үндэстэнд гэрчлэл болно»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
хц99 8/1 х. 15-18

Ехова зам бэлддэг

«Тэнгэрийн Хаанчлалын энэхүү сайн мэдээ... дэлгэрүүлэгдэнэ» (МАТАЙ 24:14).

1. Дэлгэрүүлэх ажилд амжилт гаргахын тулд 1-р зуунд ч, 20-р зуунд ч яах хэрэгтэй байсан бэ?

ЕХОВА хайрын Бурхан учраас «бүх хүмүүс аврагдсан байх ба үнэний дүүрэн мэдлэгт ирэхийг» хүсдэг (1 Тимот 2:4). Энэ зорилгод хүрэхийн тулд дэлгэрүүлэх, зааж сургах олон улсын кампанит ажил явуулах хэрэгтэй байв. 1-р зуунд христосын шашны хурал «үнэний тулгуур ба бат цайз» болж, энэхүү дэлгэрүүлэх ажлыг хийж байсан (1 Тимот 3:15). Дараа нь үнэний гэрэл бүдгэрэхэд тэрслэгчдийн урт цаг үе эхэлжээ. Харин одоо, «төгсгөлийн цаг үе»-д «мэдлэг» дахин өсөн нэмэгдэж байгаагийн ачаар сая сая хүн мөнх аврагдах Библийн найдвартай болж байна (Даниел 12:4, ШЕ).

2. Ехова дэлгэрүүлэх ажилтай холбогдуулан юу хийж эхэлсэн бэ?

2 Сатан Еховагийн санаа зорилгод саад болох гэж уйгагүй оролдож байсан ч гэсэн, дэлгэрүүлэх ажил 1-р зуунд ч тэр, 20-р зуунд ч тэр, гайхалтай амжилтад хүрсэн. Энэ нь Исаиагийн зөгнөлийг санагдуулна. «Хөндий бүр өргөгдөж, уул толгод бүр нам болж, барсгар газар бүр тэгш, гүдгэр газар тэгш тал бологтун». Олзноос суллагдаж, МЭӨ 6 зуунд Иудейдээ эргэн ирсэн иудейчүүдийн талаар тэр ийнхүү бичсэн юм (Исаиа 40:4). 1 ба 20-р зууны дэлгэрүүлэх кампанит ажилд Ехова зам бэлдэж, тэгшилж өгсөн бөлгөө.

3. Ехова санаа зорилгоо ямар ямар аргаар гүйцэлдүүлж чаддаг вэ?

3 Энэ нь, Ехова сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхийн тулд дэлхий дээр болж буй бүхэнд шууд нөлөөлж байсан гэсэн үг ч биш, ирээдүйд болох зүйлийн хамгийн нарийн ширийнийг мэдэхийн тулд урьдчилан харах чадвараа ашигласан гэсэн үг ч бас биш ээ. Тэрбээр ирээдүйд болох үйл явдлыг харж чаддагийнхаа адилаар, энэхүү үйл явдлын явцад ч мөн нөлөөлж чадах нь мэдээжийн хэрэг (Исаиа 46:9–11). Гэхдээ үйл явдал өрнөхийн хэрээр Бурхан түүнд анхаарлаа хандуулдаг. Ехова өөрийнхөө ард түмнийг сүргээ хариулж, хамгаалахаа мэддэг туршлагатай хоньчин шиг удирддаг билээ. Тэрбээр өөрийн албатуудын сүнслэг талыг нь хамгаалж, дэлхий дахины дэлгэрүүлэх ажлыг амжилттай болгож буй үйл явдлууд хийгээд нөхцөл байдлыг ашиглахад нь түлхэц өгч, улмаар тэднийг аврал уруу хөтөлж байна (Дуулал 23:1–4).

Хэцүү даалгавар

4, 5. Сайн мэдээ дэлгэрүүлэх нь яагаад амаргүй даалгавар байсан бэ?

4 Хаанчлалын тухай дэлгэрүүлэх үйл хэрэг бол 1-р зуунд ч, бидний үед ч Ноагийн үеийн хөвөгч авдар барих ажил шиг асар том даалгавар байсан. Ер нь ямарваа мэдээг бүх ард түмэнд хүргэнэ гэдэг тийм ч амар биш, ялангуяа, ийм даалгавар бүр ч хэцүү аж. 1-р зуунд дагалдагч нар харьцангуй цөөхөн байжээ. Тэдний Удирдагч Есүс үймээн дэгдээсэн хэрэгт буруутгагдаад цаазлуулсан байлаа. Иудейн шашин нилээд нэр хүндтэй байв. Иерусалимд цог жавхлант дуган сүндэрлэн байлаа. Газрын дундад тэнгисийн орнуудад өөрийн сүм дуган, лам тахилч нартай иудей бус шашнууд хүртэл ихээхэн нөлөөтэй байсан. Мөн үүний адилаар, «эцсийн цаг» эхэлсэн 1914 онд, тослогдсон христосын шашинтнууд цөөхөн, харин өөрсдийгөө Бурхны албат хэмээн нэрийддэг бусад шашны сүсэгтнүүд олон байжээ (Даниел 12:9).

5 Есүс дагалдагчдадаа хавчигдах болно гэдгийг нь урьдчилан сануулсан. Тэр хэлэхдээ «Тэгээд тэд та нарыг гамшигт тушааж, амийг чинь хөнөөнө. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» гэжээ (Матай 24:9). Ийнхүү христосын шашинтнуудыг «хэцүү цаг» буюу, ялангуяа, «сүүлчийн өдрүүд» хүлээж байсан (2 Тимот 3:1). Асар их далайцтай ажил, зайлшгүй тохиолдох хавчилт хяхалт болон цаг үеийн бэрхшээлээс болоод дэлгэрүүлэх ажил тун амаргүй даалгавар байлаа. Үүнийг гүйцэтгэхэд их итгэл шаардлагатай байв.

6. Ехова өөрийн ард түмнийг дэлгэрүүлэх ажлын амжилтад хэрхэн итгүүлсэн бэ?

6 Ехова бэрхшээлийг урьдчилж харсан боловч ажлыг ямар ч саад тотгор зогсоож чадахгүй гэдгийг ч бас мэдэж байсан. Энэ ажлын амжилтыг 1 ба 20-р зууны аль алинд гайхамшигтайгаар биелсэн бөгөөд биелж байгаа нэгэн алдарт зөгнөлд: «Тэнгэрийн хаанчлалын энэхүү сайн мэдээ... дэлхий даяар дэлгэрүүлэгдэнэ» хэмээн урьдчилан хэлжээ (Матай 24:14).

7. 1-р зуунд дэлгэрүүлэх ажил ямар цар хүрээтэй болсон бэ?

7 Итгэл хийгээд ариун сүнсээр дүүрсэн Еховагийн 1-р зууны үеийн үйлчлэгчид даалгавраа зоригтойгоор биелүүлж байсан. Ехова тэдэнтэй хамт байж байсан учраас тэд санаснаас их амжилтад хүрсэн юм. Есүсийг нас барснаас хойш ойролцоогоор 27 жилийн дараа колоссайчуудад илгээсэн захидалдаа, сайн мэдээ «тэнгэрийн дорх бүх бүтээлд нь тунхаглагдсан» гэж Паул хэлж чадсан (Колоссай 1:23). Харин 20-р зууны эцэс гэхэд сайн мэдээг 233 оронд дэлгэрүүлж байна.

8. Олон хүн ямар нөхцөл байдлын үед сайн мэдээг хүлээн авсан бэ? Жишээ дурдана уу.

8 Сүүлийн арваад жил сайн мэдээг олон сая хүн хүлээж авсан. Тэгэхдээ тэднээс олон хүн дайн дажин, хориг хязгаар, хүчтэй хавчлага зэрэг таагүй нөхцөл байдлын үед хүлээн авсан юм. 1-р зуунд мөн тийм байсан. Нэгэн удаа Паул Силас хоёрыг харгис хэрцгийгээр саваадан зодоод шоронд хийсэн. Тийм нөхцөл байдал дагалдагчид бэлдэхэд таагүй нөлөөлсөн нь илэрхий. Чухамдаа Ехова түүнийг энэ зорилгоор ашигласан юм. Паул Силас хоёр чөлөөлөгдөж, харин шоронгийн харгалзагч болон түүний гэрийнхэн итгэгчид болсон (Үйлс 16:19–33). Сайн мэдээний тархалтыг түүнийг эсэргүүцэгчид зогсоож чадахгүй гэдгийг дээрхтэй төстэй тохиолдлууд харуулсан (Исаиа 54:17). Гэвч, христосын шашинтны түүхэнд зөвхөн л зовлон хийгээд хавчлага байсан хэрэг биш ээ. Одоо бүгдээрээ 1-р зууны үед ч, 20-р зууны үед ч сайн мэдээг амжилттай дэлгэрүүлэхэд тусалсан таатай нөхцөл байдлуудад анхаарлаа хандуулцагаая.

Сүсэгтэн хүмүүсийн доторх байдал

9, 10. 1 ба 20-р зууны аль ч үед Ехова сайн мэдээний өмнөх хүлээлтийг хэрхэн бий болгосон бэ?

9 Дэлгэрүүлэх кампанит ажил дэлхий нийтийг хамарсан үйл явдал болон өрнөсөн тэр цаг үе үрүү анхаарлаа хандуулъя. Даниел номын 9:24–27-д бичигдсэн 70 долоон жилийн тухай зөгнөл нь 1-р зуунд Мэссиагийн бий болох оныг, өөрөөр хэлбэл МЭ 29 оныг маш нарийн заасан байлаа. Хэдийгээр нэгдүээр зууны иудейчүүд зөгнөлийг нарийн тодорхой ойлгож мэддэггүй байсан ч Мэссиаг ирнэ гэж хүлээж байсан юм (Лүүк 3:15). Францын «Библийн лавлах ном»-д: «Даниелын тодорхойлон бичсэн 70 долоон жил дуусах болсныг ард түмэн мэдэж байсан. Тийм учраас Баптисм хүртээгч Иоханыг Бурхны хаанчлал ойртсон хэмээн тунхаглан зарлахад хэн ч гайхаагүй ээ» гэж бичжээ («Manuel Biblique»).

10 Тэгвэл үйл явдал өнөөгийн цаг үед эрхэн өрнөсөн бэ? Есүсийн тэнгэрт Хаан суусан нь түүхэн үе шат болсон бөгөөд энэ нь түүнийг хааны эрх мэдлээ хэрэгжүүлж эхэлснийг заан илэрхийлж байгаа юм. Энэ үйл явдал 1914 онд болсныг Библийн зөгнөл харуулдаг (Даниел 4:10–14). Тэр үеийн зарим сүсэгтэн хүн ийм үйл явдал болно гэж хүлээж байлаа. Тийн найдан хүлээж байсан хүмүүс бол 1879 онд «Сионы Харуулын цамхаг ба Христийн залран ирэхийг тунхаглагч» гэдэг сэтгүүл хэвлэн нийтэлж эхэлсэн жинхэнэ Библи Судлаачид байсан юм. Тийнхүү 1-р зуунд ч, бидний үед ч Мессиаг хүлээж байсан нь сайн мэдээг дэлгэрүүлэх хөрсийг бэлдэж өгчээ.

11. Цаашид сайн мэдээ дэлгэрэхэд сайнаар нөлөөлөх ямар суурь тавигдсан байсан бэ?

11 Тийнхүү өнгөрсөн ба эдүгээгийн аль ч үед олон хүн Ариун Бичээсийг мэддэг байсан нь христосын шашинтны үйл хэрэгт тус болсон. 1-р зууны үед иудейн нийгэмлэг хөрш зэргэлдээ бүх улс орноор тархсан байв. Эдгээр нийгэмлэгүүд синагогтой байсан бөгөөд хүмүүс Ариун Бичээсийн уншлага ба хэлэлцүүлэгт оролцохоор тэнд тогтмол цугладаг байсан юм. Үүний ачаар христосын шашинтнууд хүмүүст аль эртнээс байсан мэдлэгт нь тулгуурлах боломжтой байлаа (Үйлс 8:28–36; 17:1, 2). Манай зууны эхээр Еховагийн албатууд олон улс оронд түүнтэй төстэй нөхцөл байдалтай учирсан. Христосын шашны ертөнцийнхөнд ялангуяа протестантынхны тухайд Библи өргөн хүртээмжтэй болсон байв. Библийг олон сүмд уншдаг болсон бөгөөд олон сая хүн өөрийн гэсэн Библитэй болжээ. Хүмүүс Библитэй болсон боловч түүнийг ойлгоход нь тэдэнд туслах явдал үлдээд байв.

Эрх зүйн таатай нөхцөл

12. Нэгдүгээр зууны хууль гол төлөв хамгаалалт болдог байжээ гэж ямар учраас хэлж болох вэ?

12 Христосын шашинтуудын дэлгэрүүлэх үйл ажиллагаанд засаг захиргааны хууль эерэг сайнаар нөлөөлөх нь олонтаа байв. Нэгдүгээр зуунд Ромын эзэнт гүрэн бүх дэлхийг захирч байсан бөгөөд бичгээр буулгасан хууль нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал ахуйд илт нөлөөлж байжээ. Ромын хууль христосын шашинтнуудад хамгаалалт болж байсан ба тэд ч үүнийг ашигладаг байсан байна. Тухайлбал, элч Паул Ромын хуулийг иш татснаар шоронгоос суллагдаж, зодуур нүдүүрыг амсахаас өөрийгөө хамгаалжээ (Үйлс 16:37–39; 22:25, 29). Эфэст засаг захиргааны төлөөлөгч Ромын хуулийг иш татаж өгүүлснээр уурлан хилэгнэсэн олон түмнийг тайвшруулж чадсан юм (Үйлс 19:35–41). Нэгэн удаа Паул Иерусалимд байхдаа харгис хэрцгий шийтгэлээс мултарч чадсан нь тэрээр Ромын иргэн байсан учраас ажээ (Үйлс 23:27). Хожим нь Ромын хууль түүнд кайсарын өмнө итгэл үнэмшлээ хууль эрхийн дагуу хамгаалах боломж олгосон юм (Үйлс 25:11). Хэдийгээр хэд хэдэн кайсарын засаглал нь эзэрхэг түрэмгий байсан авч нэгдүгээр зууны хуулиуд нь «сайн мэдээг батлан хамгаалж байхыг» зөвшөөрдөг байжээ (Филиппой 1:7).

13. Эдүгээ үед үйлчилдэг хуулиуд дэлгэрүүлэх ажилд хэрхэн аятай сайнаар нөлөөлдөг вэ?

13 Орчин үеийн олон улс орны засаг захиргааны талаар адил төстэй олон зүйлийг хэлж болно. Хэдийгээр «хууль тогтоолоор бузар мууг хуйвалдагч хорон санаат шүүгч» байдаг боловч, ихэнх улс орны хууль тогтоомжид шашин шүтлэгийн эрх чөлөөг үндсэн эрх хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ (Дуулал 94:20). Еховагийн Гэрчүүд нийгмийн хэв журамд аюул занал учруулдаггүйг ойлгосон олон улс орны засаг захиргаа манай байгууллагыг хүлээн зөвшөөрч, албан ёсоор улсын бүртгэлд бүртгэдэг. Гэрчүүдийн хэвлэл их хэмжээгээр хэвлэгддэг орон болох Америкийн Нэгдсэн Улсад үйлчилдэг хуулиуд нь дэлхий даяар 120 жилийн турш уншиж байгаа «Харуулын цамхаг» сэтгүүлийг тогтмол хэвлэн гаргах боломж олгодог байна.

Энхийн он жилүүд хийгээд шашинд хүлцэнгүй хандах болсон нь

14, 15. Нэгдүгээр зууны үед нийгмийн харьцангуй тогтвортой байдал дэлгэрүүлэх ажилд хэрхэн үр нөлөөтэй байсан бэ?

14 Энх амгалан байсан он жилүүд нь дэлгэрүүлэх ажилд үр нөлөөтэй байлаа. 1 ба 2-р зуунд «үндэстэн үндэснийхээ эсрэг... босно» гэдгийг Есүс нарийн зөв хэлсэн ч үүний хажуугаар Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх боломжтой байсан тогтвортой үе байсан билээ (Матай 24:7). Нэгдүгээр зууны христосын шашинтнууд Pax Romana буюу Ромын энх амгалан цагт амьдарч байсан билээ. Нэгэн түүхч бичихдээ «Ромчууд Газар дундын тэнгисийн ард түмнийг үнэхээр бүрмөсөн эзэлсэн байжээ. Учир нь тэд тэдгээр ард түмний хооронд олон зууны турш тасаралтгүй үргэлжилсэн дайн тулааныг зогсоож чадсан юм» хэмээжээ. Энэхүү тогтвортой тайван байдал нь анхны христосын шашинтнуудад Ромын эзэнт гүрнээр харьцангуй аюулгүй аялах боломжийг олгож байжээ.

15 Ромын эзэнт гүрэн хүчирхэг ноёрхолдоо ард түмнүүдийг нэгтгэхийг зорьж байлаа. Улс төрийн энэ бодлого нь зөвхөн аялах, шашинд хүлцэнгүй хандах, санаа бодлоо харилцан солилцоход сайнаар нөлөөлөөд зогсоогүй олон улсын ахан дүүгийн барилдлага гэсэн үзэл баримтлалыг хөгжүүлэхэд тус нэмэртэй байжээ. Түүхийн нэгэн номд тэмдэглэснээр «[Ромын] эзэнт гүрний нэгдмэл байдал нь [христосын шашны дэлгэрүүлэх ажилд] аятай нөхцөл бүрдүүлж байлаа. Үндэстэн хоорондын саад бэрхшээлүүд устан үгүй болсон. Ромын иргэн гэдэг бол дэлхийн иргэн байлаа. [...] Түүнээс гадна, хүмүүсийг ахан дүүгийн барилдлагад сургадаг шашин нь дэлхийн иргэн гэсэн үзэл санааг хөгжүүлж байсан төрийн бодлоготой уялдаж байжээ» гэжээ («On the Road to Civilization»). (Үйлс 10:34, 35; 1 Пэтр 2:17 харьцуул.)

16, 17. Орчин үед энх тайвны төлөө тэмцэх тэмцэлд юу түлхэц болдог ба олон хүн ямар дүгнэлтэд хүрсэн вэ?

16 Харин бидний үед байдал ямар байна вэ? Хорьдугаар зуун хамгийн их хөнөөлтэй дайн тулааныг туулж өнгөрүүлсэн бөгөөд одоо ч гэсэн зарим улс оронд бүс нутгийн мөргөлдөөн гарсаар байна (Илчлэлт 6:4). Гэсэн ч харьцангуй амар тайван үе байсаар байсан. Дэлхийн тэргүүлэх улс гүрнүүд 50 гаруй жилийн турш түгээмэл дайн тулаанд оролцоогүй билээ. Энэхүү нөхцөл байдал нь эдгээр улс орнуудад сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх ажилд маш сайнаар нөлөөлсөн юм.

17 Хорьдугаар зууны дайн самууны аймшигт үйл хэргүүдээс болж олон хүн дэлхийд нэгдсэн нэг удирдлага хэрэгтэй гэж бодох болжээ. Дэлхийн хэмжээний дайн самуунаас эмээх явдал нь Үндэстнүүдийн Холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллага зэргийг байгуулахад хүргэжээ (Илчлэлт 13:14). Энэ хоёр байгууллагыг албан ёсоор зарлан тунхагласан зорилго нь олон улсын хамтын ажиллагаа болон энх тайвныг дэмжин дэлгэрүүлэх явдал ажээ. Тийм шаардлагыг мэдэрдэг хүмүүс Бурхны Хаанчлал буюу жинхэнэ бөгөөд өнө удаан үргэлжлэх энх тайвныг авчрах дэлхий дахины засгийн газрын тухай сайн мэдээг гол төлөв таатай сайнаар хүлээн авдаг.

18. Шашинд хандах ямар хандлага нь дэлгэрүүлэх ажилд таатайгаар нөлөөлдөг вэ?

18 Хэдийгээр христосын шашинтнуудыг харгис хэрцгийгээр хавчин хяхаж байсан ч гэсэн хорьдугаар зуунд ч ялгаагүй адил нэгдүгээр зуунд байсан шиг шашныг хүлцэн тэвчих үе байлаа (Иохан 15:20; Үйлс 9:31). Ромчуудад эзэлж авсан ард түмнийхээ бурхдыг шүтэж мөргөх явдал түгээмэл байлаа. Профессор Родни Старк «Ром олон талаараа шашны эрх чөлөөг илүү өндөр түвшинд бий болгох нөхцөл бүрдүүлж байсан нь Америкийн хувьсгалаас хойш хүрч чадсан тэр түвшнээс ч өндөр байжээ» гэж хэлжээ. Орчин үед олон улс оронд хүмүүс аливаа шинэ үзэл бодолд илүү нээлттэйгээр хандах болсон бөгөөд Еховагийн Гэрчүүдийн хүргэдэг библийн мэдээг сонсоход бэлэн байдаг.

Техникийн ололт амжилтын нөлөө

19. Анхны христосын шашинтнууд кодексийг хэрхэн ашигладаг байсан бэ?

19 Эцэст нь, Ехова ард түмэндээ техникийн ололт амжилтыг ашиглах арга замыг хэрхэн нээж өгснийг авч үзье. Хэдийгээр анхны христосын шашинтнууд эрчимтэй хөгжлийн үед амьдарч байгаагүй ч гэсэн тэд нэгэн төрлийн бүтээл «кодекс» буюу хуудсуудыг нийлүүлж оёоод хийсэн номыг ашиглах болжээ. Кодекс нь ашиглахад тохиромжгүй том хуйлаастай бичгийг халжээ. «Кодекс үүсэн бий болсон нь» гэдэг номонд «Хуйлаастай бичгүүд нь кодекс болон хөгжих явц иргэний уран зохиолд удаан хугацаагаар аажмаар явагдаж байсан бол харин христосын шашны хүрээнд энэ нь хоромхон зуур, бүх нийтийг хамарч нэвтэрсэнээрээ ялгаатай байв. Хоёрдугаар зуунд кодексийг маш өргөн ашигладаг болсон бөгөөд МЭ-ний 100 оноос бүр өмнө хэрэглэдэг болжээ гэж таамаглах хэрэгтэй» гэж бичжээ («Birth of the Codex»). Кодексийг ашиглах нь хуйлаастай бичгүүдийг ашиглахаас хялбархан байлаа. Хэрэгтэй газраа хайж олоход ч амархан болжээ. Мэдээж энэ нь Паул гэх мэтийн анхны христосын шашинтнууд Ариун Бичээсийг зөвхөн тайлбарлаад зогсохгүй мөн Бичээсийн зүйл дээр тулгуурлан заасан зүйлээ «нотлоход» тустай байсан нь гарцаагүй (Үйлс 17:2, 3).

20. Бурхны ард түмэн орчин үеийн техникийн ололт амжилтыг дэлхий даяар дэлгэрүүлэх ажилдаа ямар учраас ашигладаг ба хэрхэн яаж ашигладаг вэ?

20 Манай зуун техникийн ололт амжилтаараа үнэхээр гайхамшигтай билээ. Их хурдтай хэвлэлийн суурь машинуудын ачаар библийн хэвлэлийг олон хэлээр нэгэн зэрэг хэвлэх боломжтой болсон. Орчин үеийн техник нь Библийг орчуулах ажлыг хурдан шуурхай болгожээ. Ачааны машин, галт тэрэг, усан онгоц, нисэх онгоцыг ашиглан библийн хэвлэлийг дэлхийн аль ч өнцөг буланд түргэн шуурхай тээвэрлэн хүргэх боломжтой болсон юм. Телефон утас болон факс нь хоромхон хугацаанд харилцах боломжийг бий болгосон. Ард түмэн нь сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэхдээ эдгээр техникийг үр өгөөжтэй ашиглахад Ехова ариун сүнсээрээ тусалсан. Тэд техникийн сүүлийн үеийн ололтыг зөвхөн хэрэглэе, мэдье гэдэг үүднээс эдгээрийг ашигладаггүй. Харин, сайн мэдээг дэлгэрүүлэх ажилд чухам ямар зүйл хамгийн үр дүнтэй байх вэ гэдэгт юуны түрүүнд анхаардаг.

21. Бид юунд эргэлзэхгүй байж болох вэ?

21 «Тэнгэрийн хаанчлалын энэхүү сайн мэдээ... дэлхий даяар дэлгэрүүлэгдэнэ» гэж Есүс зөгнөн хэлжээ (Матай 24:14). Энэхүү зөгнөл хэрхэн биелсэнийг харсан анхны христосын шашинтнуудын адилаар бид ч гэсэн уг зөгнөл өнөөдөр өргөн цар хүрээтэй биелж байгааг ажиглаж байна. Даалгавар хэдийгээр хүнд хэцүү бөгөөд өргөн цар хүрээтэй байсан ч ая таатай хийгээд бэрх хэцүү цаг, улиран өөрчлөгдөх хууль тогтоомж болон үзэл бодол, амар амгалан хийгээд дайн самуунтай үед, цаашлаад техникийн хөгжил дэвшлийн үед ч сайн мэдээг дэлгэрүүлж байсан, одоо ч дэлгэрүүлж байгаа. Энэ бүхэн Еховагийн холч алсын хараа болон мэргэн ухааныг бишрэн шүтэх сэтгэгдэл төрүүлэхгүй байна гэж үү? Еховагийн тогтоосон цагт дэлгэрүүлэх ажил дуусч, хайрын сэтгэлээс үндэслэсэн санаа зорилго нь зөв шударга хүмүүсийн сайн сайхны төлөө биелэх болно гэдэгт бид эргэлзэхгүй байж болно. Тэд дэлхийг өвлөн аваад дэлхий дээрээ мөнх амьдарна (Дуулал 37:29; Хабаккук 2:3). Хэрэв бид амьдралынхаа хэв маягийг Бурхны хүсэл таалалтай нийцүүлэх аваас тэдгээр хүмүүсийн дунд байх болно (1 Тимот 4:16).

Та санаж байна уу?

◻ Сайн мэдээг дэлгэрүүлэх ажил ямар учраас хялбархан биш даалгавар вэ?

◻ Засаг захиргааны хууль ба нийгмийн харьцангүй тогтвортой байдал христосын шашинтнуудын дэлгэрүүлэх ажилд хэрхэн аятай нөлөөлж байсан бэ?

◻ Ехова дэлгэрүүлэх ажлыг ивээдэг гэдгийг мэдснээрээ ямар үйл явдлуудыг итгэлтэйгээр хүлээж болох вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах