Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц99 9/1 х. 15-18
  • Ехова биднээс хэтэрхий ихийг шаарддаг уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ехова биднээс хэтэрхий ихийг шаарддаг уу?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Дээр үед Еховагийн шаардаж байсан зүйл
  • Израильд өгсөн Еховагийн хууль
  • Еховагийн Хууль яршигтай байсан уу?
  • Үнэн хэрэгтээ Ехова юу шаарддаг вэ?
  • Хэтэрхий их биш ээ
  • Зөрүүд байсан ч дуулгавартай болсон хүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Нэгэн охин алдартай жанжинд тусалсан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Ехова биднээс өнөөдөр юу шаарддаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
хц99 9/1 х. 15-18

Ехова биднээс хэтэрхий ихийг шаарддаг уу?

«Чамаас Ехова юу шаарддаг вэ гэвэл: Шударга ёсыг сахиж, сайн үйлд дурлан, Бурхныхаа өмнө номхон даруу явах» (МИКА 6:8, ШЕ)

1. Хүмүүс Еховад үйлчлэхгүй байх шалтгаан нь юу байж болох вэ?

ЕХОВА ард түмэндээ тодорхой шаардлага тавьдаг. Харин дээр өгүүлсэн, зөнч Микагийн үгийг уншсаны дараа Еховагийн шаардлага ухаалаг юм байна гэсэн дүгнэлт гарна. Тэглээ ч гэсэн олон хүн Агуу Бүтээгчид маань үйлчилдэггүй, зарим нь үйлчилж байснаа больдог. Яагаад? Яагаад гэвэл тэдний үздэгээр Бурхан биднээс дэндүү ихийг шаарддаг ажээ. Энэ үнэн үү? Эсвэл Еховагийн шаардлагад тухайн хүн яаж хандаж буйд хэргийн учир байна уу? Нэгэн түүхэн үйл явдлын тухай өгүүллэг үүнийг ойлгоход тусална.

2. Нааман гэгч хэн байсан бэ? Еховагийн зөнч түүнд юу хий гэж хэлсэн бэ?

2 Сирийн жанжин Нааман нойтон хамуугаар шаналж байтал өвчнийг нь эдгээж чадах Еховагийн зөнч Израильд бий гэж хэлжээ. Нааман бараа бологчдын хамт Израиль уруу явж, Бурхны зөнч Элисайн гэрт ирэв. Элисай гэрээс гарч, нэртэй төртэй гийчинтэйгээ мэнд амраа мэдэхийн оронд зарцаа илгээж, Нааманд ийн хэлүүлэв: «Иорданд очоод долоон удаа биеэ угаа. Тэгвэл бие чинь шинэчлэгдэж, цэвэршинэ» (Хаадын дэд 5:10).

3. Нааман ямар учраас Еховагийн шаардсан зүйлийг хийхээс эхлээд татгалзсан бэ?

3 Хэрэв Нааман Бурхны зөнчийн шаардсаныг биелүүлсэн бол жигшүүрт өвчнөөсөө ангижрах байв. Ехова түүнээс дэндүү ихийг шаардсан гэж хэлж болох уу? Үгүй, болохгүй. Гэвч Нааман Еховагийн шаардлагыг биелүүлэхийг завдсангүй. «Дамаскийн Абана, Фарпар гол Израилийн бүх уснаас илүү нь биш гэж үү? Тэдгээр голд биеэ угаагаад цэвэршиж болохгүй юм гэж үү дээ, би?» хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэгээд Нааман уур хилэнтэйгээр буцсан (Хаадын дэд 5:12).

4, 5. а) Нааман үг дуулсныхаа төлөө хэрхэн шагнуулсан бэ? Тэрбээр тийм ивээлд яаж хандсан бэ? б) Одоо бид юун тухай хэлэлцэх вэ?

4 Зөнчийн үгэнд ороход нь Нааманд юу саад болов оо? Түүнд биелүүлэхийн аргагүй шаардлага тавьсан гэвэл огт тийм биш. Нааманы боолууд ухаалгаар: «Хэрэв зөнч танд чухал зүйл хэлсэн бол хийхгүй байх байсан уу, та? Тэр тусмаа „биеэ угаа. Тэгвэл цэвэр болно“ гэж хэлэхэд» хэмээжээ (Хаадын дэд 5:13). Хэргийн учир гэвэл Нааманы сэхүүн занд байсан юм. Түүнийхээр бол өөрт нь зохих хүндэтгэл үзүүлээгүй төдийгүй хараажаар ашиггүй, дорд үзэгдмээр юм хийхийг шаардсан аж. Тэгж тэгж сүүлдээ боолуудынхаа ухаалаг зөвлөгөөг тусган авч, Иордан голд долоон удаа шумбасан. «Бие нь балчир хүүхдийн бие адил болж шинэчлэгдэн, цэвэршихэд» түүний баярласныг яана! Нааман баярлаж талархаад барахгүй байв. Тэр ч байтугай, Еховагаас өөр бурхдыг үүнээс хойш, түүнээс цааш шүтэхгүй гэж мэдэгджээ (Хаадын дэд 5:14–17).

5 Ехова бүхий л түүхийн туршид янз бүрийн тушаал биелүүлэхийг хүмүүсээс шаардаж байсан. Бид та бүхнийг тэдгээрийн заримтай танилцахыг урьж байна. Хэрэв та бүхнээс Ехова тиймэрхүү зүйл хийхийг шаардсан бол яах байснаа явцын дунд өөрөө өөрөөсөө асууж үзээрэй. Дараа нь бүгдээрээ Ехова биднээс өнөөдөр юу шаарддагийг хэлэлцэнэ.

Дээр үед Еховагийн шаардаж байсан зүйл

6. Анхны хүмүүн хос яах хэрэгтэй байсан бэ? Тийм тушаалд та нар хэрхэн хандах байсан бэ?

6 Ехова анхны хүмүүн хос Адам Ева хоёрт хүүхэд өсгөх, дэлхийг эзэмших, амьтдыг захирах тушаал өгсөн. Үүний сацуу эрэгтэй эмэгтэй хоёрт цэцэрлэгт хүрээлэн лугаа адил уужим гэр орон өгч ивээжээ (Эхлэл 1:27, 28; 2:9–15). Харин нэг болзол байв. Еден цэцэрлэг дэх жимс бүхий моддын дотроос нэгэн модны жимс идэхийг тэдэнд зөвшөөрөөгүй байсан ажгуу (Эхлэл 2:16, 17). Тэднээс дэндүү ихийг шаардсан гэж үү? Та нар төгс бие бялдартай бөгөөд мөнх амьдрах ирээдүйтэй байсан бол тийм даалгавар биелүүлэх нь аятайхан санагдахгүй байсан гэж үү? Цэцэрлэгт толгой эргүүлэгч орж ирлээ гэхэд та түүний баримтыг үл няцаана гэж үү? Ехова тийм энгийн хязгаарлалт тавих эрхтэй гэдэгтэй та бүхэн санал нийлэхгүй байсан гэж үү? (Эхлэл 3:1–5).

7. а) Ноа ямар даалгавартай байсан бэ? Тэр ямар эсэргүүцэлтэй тулгарсан бэ? б) Еховагийн Ноагаас шаардсан зүйлийг та нар юу гэж үзэж байна вэ?

7 Хожим нь Ехова бүх дэлхий усанд автах үед аврах хэрэгсэл болох хөвөгч авдар барихыг Ноад тушаажээ. Асар том хөвөгч авдрын хэмжээг тооцвол уг ажил амаргүй байсны зэрэгцээ байнгын элэг доог, дайсагналыг тэвчин тэвчин барилгаа барьж байсан биз ээ. Гэхдээ Ноа гэр бүлийнхнээ, олон тооны адгуусан амьтдыг аварч чадсандаа хэчнээн жаргалтай байсан бол! (Эхлэл 6:1–8, 14–16; 2 Пэтр 2:5; Еврей 11:7). Хэрэв та тийм даалгавар авсан бол биелүүлэхийн тулд их хүч гаргахгүй гэж үү? Эсвэл Ехова та нараас дэндүү ихийг шаарддаг гэж дүгнэх үү?

8. Бурхан Абрахаамаас юу хүссэн ба түүний дуулгавартай байсан нь ямар зүйлийг тод харуулсан бэ?

8 Бурхан Абрахаамаас тун ярвигтай нэг зүйлийг хүсэж «Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. ...тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө» гэжээ (Эхлэл 22:2). Урьд өмнө нь Ехова тухайн үедээ хүүхэдгүй байсан Исаакаас нь үр удам бий болно гэж амласан байв. Тийм учраас Бурхан Исаакийн амийг эргүүлж өгөх чадалтай гэдэгт итгэх Абрахаамын итгэл соригдсон. Абрахаам Исаакийг өргөл болгон өргөх гэхэд нь Бурхан залуу хүүгийн амийг хамгаалсан. Бурхан хүн төрөлхтний төлөө Хүүгээ өргөж, дараа нь түүнийг амилуулна гэдгийг энэ явдал тод харуулжээ (Эхлэл 17:19; 22:9–18; Иохан 3:16; Үйлс 2:23, 24, 29–32; Еврей 11:17–19).

9. Ехова Абрахаамаас дэндүү ихийг шаардсан гэж хэлж яагаад болохгүй вэ?

9 Ехова Абрахаамаас дэндүү ихийг шаардсан байна гэж хэн нэг нь бодож байж ч болох юм. Гэтэл тийм гэж үү? Үхэгсдийг амилуулах чадалтай Бүтээгч маань биднээс дуулгавартай байхыг шаардан харгис хандаж байна, тэр ч байтугай бид өөрт нь захирагдан тодорхой хугацаагаар үхлийн нойроор унтдаг хэмээн гэж хэлж болох уу? Есүс Христ болон түүний анхны дагалдагчид тэгж бодож байгаагүй. Тэд Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийн төлөө эрүү шүүлтийг тэсвэрлэж, үхэхэд ч бэлэн байсан (Иохан 10:11, 17, 18; Үйлс 5:40–42; 21:13). Тийм нөхцөл байдалд та нар тэгж хандахад бэлэн байх байсан уу? Ехова өөрийн нь ард түмэн байхыг зөвшөөрсөн хүмүүст тавьсан шаардлагаас зарим нэгийг авч үзэцгээе.

Израильд өгсөн Еховагийн хууль

10. Хэн Еховагийн шаардсан бүхнийг хийхээ амласан бэ? Бурхан тэдэнд юу өгсөн бэ?

10 Хүү Исаак болон ач хүү Иаков буюу Израилийн ураг төрөл болох Абрахаамын үр удам Израилийн ард түмэн болсон. Ехова Израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн (Эхлэл 32:28; 46:1–3; 2 Самуел 7:23, 24). Үүнээс хойш тун удалгүй Израильчууд Бурхны юу шаардсан бүхнийг биелүүлэхээ амлав. Тэд «Эзний хэлсэн бүхнийг бид биелүүлнэ» гэцгээв (Египетээс гарсан нь 19:8). Израильчууд Еховаг удирдагчаа болгохыг хүссэн ба тэрбээр ард түмэнд Арван цаазыг багтаасан 600 гаруй хууль өгчээ. Мосегоор дамжуулж өгсөн Бурхны эдгээр хууль нь яваандаа Хууль гэдэг нэрээр алдаршжээ (Эзра 7:6; Лүүк 10:25–27; Иохан 1:17).

11. Хуулийн үндсэн зорилгын нэг нь юу байсан бэ? Энэ зорилгыг биелүүлэхэд тустай зарим ямар тушаал байсан бэ?

11 Хуулийн нэг зорилго нь Израильчуудыг хамгаалахад чиглэж байв. Тэдэнд бэлгийн ёс суртахууны талаар, ажил хэргийн талаар, хүүхдийнхээ төлөө санаа тавих талаар эрүүл тушаал өгсөн (Египетээс гарсан нь 20:14; Левит 18:6–18, 22–24; 19:35, 36; Дэд хууль 6:6–9). Бусадтай хэрхэн харьцах, амьтдад яаж хандах талаар хууль дүрэм өгсөн (Левит 19:18; Дэд хууль 22:4,10). Жил бүрийн баяр, мөргөлийн хурал цуглаантай холбоотой шаардлагууд нь ард түмнийг сүнслэг байдлаа хадгалахад нь тусалдаг байжээ (Левит 23:1–43; Дэд хууль 31:10–13).

12. Хуулийн үндсэн зорилго нь юу байсан бэ?

12 Элч Паул: «Энэ нь амласан Үрийг [Есүсийг] иртэл гэмт хэргийг илэрхий болгохын тулд... тогтоосон байлаа» хэмээн Хуулийн үндсэн зорилгод анхаарлаа хандуулсан (Галат 3:19, ШЕ). Хууль Израильчуудад төгс бус гэдгийг нь сануулж байв. Тийм учраас тэдэнд нүглийг нь бүрэн арилгаж чадах төгс өргөл хэрэгтэй байсан нь зүйн хэрэг билээ (Еврей 10:1–4). Тийнхүү Хууль нь ард түмнийг Мэссиа буюу Христ болох Есүсийг хүлээн авахад бэлтгэж байсан юм. Паул: «Тиймд итгэлээр бид зөвтгөгдсөн байхын тулд бидний хувьд хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов» гэж бичжээ (Галат 3:24).

Еховагийн Хууль яршигтай байсан уу?

13. а) Төгс бус хүмүүс Хуулийг хэрхэн үздэг байсан ба үүнийг яаж тайлбарладаг вэ? б) Үнэн хэрэгтээ Хууль яршигтай байсан уу?

13 Хууль хэдийгээр «ариун, зөв бөгөөд сайн» байсан ч олон хүн түүнийг яршигтай гэж үздэг байв (Ром 7:12). Хууль төгс төгөлдөр байсан болохоор Израильчууд хуулийн өндөр хэм хэмжээнд тохирохгүй байв (Дуулал 18:8). Тийм учраас элч Пэтр түүнийг «бидний эцгүүд ч, бас бид ч авч явж чадашгүй буулга» хэмээн нэрлэжээ (Үйлс 15:10). Хууль өөрөө яршигтай байгаагүй нь эргэлзээгүй бөгөөд харин түүнд захирагдах нь хүмүүст тустай байсан юм.

14. Хууль Израильчуудад тустай байсныг харуулсан зарим ямар жишээ байдаг вэ?

14 Тийнхүү, Хуулийн дагуу, хулгайч хоригддоггүй, харин хулгайлсан эд зүйлээ хоёр буюу түүнээс ч олон дахин нугалж төлөхийн тулд хөдөлмөрлөх ёстой байлаа. Тийм байдлаар хохирогч гарз хохирол амсдаггүй байсан ба шорон гяндан барих гэж хөдөлмөрч хүмүүст яршиг уддаггүй байжээ (Египетээс гарсан нь 22:1, 3, 4, 7). Эрүүл мэндэд хортой хоол хүнсийг хориглодог байв. Сайн болгоогүй гахайн мах нь трихинеллёз өвчнөөр, харин туулайн мах туляреми өвчнөөр өвдөх шалтгаан болж болох юм (Левит 11:4–12). Хууль үхэгсдийн цогцост хүрэхийг хориглодог байснаараа хүмүүсийг хамгаалдаг байсан. Цогцост хүрсэн хүн усанд орж, бүх хувцсаа угаах ёстой байлаа (Левит 11:31–36; Тооллого 19:11–22). Ялгадсаа булах хэрэгтэй байсан бөгөөд ингэснээрээ нян тархахаас сэргийлдэг байжээ. Харин эрдэмтэд нян байдаг талаар хэдхэн зууны тэртээгээс л мэддэг болжээ (Дэд хууль 23:13).

15. Израильчуудын хувьд юу дарамт болж байсан бэ?

15 Хууль хүмүүсээс хэтэрхий ихийг шаардаггүй байсан. Харин Хууль тайлбарлагчийн үүргийг өөртөө авсан хүмүүсийн тухайд бол өөр хэрэг. Тэдний бусдад тулган хүлээлгэдэг ёс журмын талаар Жеймс Хастингийн эрхлэн гаргасан «Библийн толь бичиг»-т: «Библийн сургаал болгоныг нарийвчилж жижигрүүлсэн заавруудын аалзны шүлс хүрээлжээ. [...] Өөрөөр хэлбэл боломжтой тохиолдол бүрийг Хуульд хамруулж, үл энэрэх дотоод зүй тогтоолын тусламжтайгаар хүмүүсийн бүх л төлөв байдлыг харгис хатуу ёс журамд захируулахыг оролдож байлаа. [...] Дотоод мэдрэмж амаа бариулж, Бурхны үгийн амьд хүч нь үгүй гэдгээр хязгаарлагдан, олон нэмэлт ёс журамд дарагдсан» гэж тэмдэглэжээ.

16. Шашны удирдагчдын яршигтай дүрэм журам хийгээд ёс заншлын талаар Есүс юу хэлсэн бэ?

16 Ард түмний нуруун дээр олон ёс журам үүрүүлсэн шашны удирдагчдыг Есүс Христ «үүрэхэд нэн хэцүү хүнд ачаануудыг баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа тэд өөрсдөө ганц хуруугаа ч тэдгээрт хүргэхийг үл хүсдэг» хэмээн буруушаан өгүүлжээ (Матай 23:2, 4). Тэдний яршигтай, зохиомол дүрэм журам хийгээд ёс заншлууд, түүний дотор угаалга цэвэрлэгээний нарийн тогтолцоо нь «Бурхны үгийг хүчингүй болгодог» гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн (Марк 7:1–13; Матай 23:13, 24–26). Харин, Есүсийг дэлхийд ирэхээс өмнө ч гэсэн Израилийн шашны багш нар үнэн хэрэгтээ Ехова юу шаарддагийг буруу тайлбарладаг байжээ.

Үнэн хэрэгтээ Ехова юу шаарддаг вэ?

17. Итгэлгүй болсон Израильчуудын тахил ямар учраас Еховагийн таалалд нийцээгүй вэ?

17 Ехова зөнч Исаиагаар дамжуулан «Би хуцны шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Мөн бүх хурга, ямааны цус ч надад таалагдсангүй» гэж хэлжээ (Исаиа 1:10, 11). Ямар учраас Хуулиндаа заан оруулсан тахилууд нь Еховагийн таалалд нийцсэнгүй вэ? (Левит 1:1–4:35). Учир нь ард түмэн Бурхныг үл хүндэтгэдэг болсон. Ийм шалтгааны улмаас Израильчуудыг «биеэ угаагтун. Өөрийгөө цэвэрлэ. Миний хараанаас булай үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун. Сайныг үйлдэж сурагтун. Шударга ёсыг эр. Хэрцгий догшин хүнийг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн» гэж уриалжээ (Исаиа 1:16, 17). Энэ нь Ехова албатуудаасаа юу хүсдэг болохыг ойлгоход маань тус болохгүй гэж үү?

18. Үнэн хэрэгтээ Ехова Израильчуудаас юу шаардаж байсан бэ?

18 «Хуулин дахь агуу тушаал нь юу вэ?» гэсэн асуултад Есүс хариулахдаа Бурхан чухам юу хүсдгийг илэрхийлж хэлсэн. Тэрээр «„Бүх зүрх, бүх сэтгэл ба бүх оюун ухаанаараа Эзэн Бурхнаа хайрла“. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаахи нь „Бусдыг өөрийн адил хайрла“ гэсэн тушаал юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль болоод зөнчид тулгуурладаг юм» гэж хэлсэн (Матай 22:36–40; Левит 19:18; Дэд хууль 6:4–6). Энэ санааг зөнч Мосе: «Та нарын Бурхан Ехова та нараас юу хүсдэг вэ гэвэл Ехова Бурхнаасаа эмээж, түүний бүх замаар замнан, түүнийг хайрлаж, Ехова Бурхандаа бүхий л зүрх хийгээд сэтгэлээсээ үйлчлэх ба түүний зарлиг болон тогтоолыг сахих нь болой» гэж хариулахдаа мөн илэрхийлсэн (Дэд хууль 10:12, 13; 15:7, 8, ШЕ).

19. Израильчууд ариун харагдах гэж хэрхэн хичээдэг байсан ба Ехова тэдэнд юу гэж хэлсэн бэ?

19 Израильчууд гэм нүгэлтэй хэдий ч ариун юм шиг харагдахыг хүсдэг байлаа. Хууль, жилд нэг удаа тэмдэглэдэг байсан Ариуслын өдрөөр л мацаг барихыг шаарддаг байсан хэдий ч тэд үүнийг олон удаа болгожээ (Левит 16:30, 31). Гэтэл Ехова тэднийг зэмлэн: «Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, боолчлолын гинжийг тайлан, дарлагдагсдыг сул тавин, аливаа буулгыг устгахын тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу? Өлсөгч нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ авчран, нүцгэнийг хувцаслаж, өөрийн төрөл саднаас нуугдахгүй байх өдөр бус уу?» гэж хэлсэн (Исаиа 58:3–7).

20. Есүс юуны төлөө шашны хоёр нүүр гаргагчдыг буруушаасан бэ?

20 Израильчуудын нүдэнд зөв гэж харагддаг хүмүүст Есүсийн: «Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга байдал, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа эдгээр нь та нарын биелүүлэх ёстой нь мөн бөгөөд ингэхдээ бусад юмаа ч бүү орхигдуул» гэж хэлэн хандсан шашны хоёр нүүр гаргагчдад байсан шиг тийм бэрхшээл мөн адил байсан (Матай 23:23; Левит 27:30). Есүсийн үгс нь Ехова биднээс чухам юу хүсдгийг ойлгоход туслахгүй гэж үү?

21. Биднээс Еховагийн шаарддаг хийгээд шаарддаггүй зүйлийг зөнч Мика хэрхэн нэгтгэн дүгнэсэн бэ?

21 Биднээс Еховагийн шаарддаг хийгээд шаарддаггүй зүйлийг тодруулахын тулд зөнч Мика: «„Еховагийн өмнө би юу барин зогсох вэ? Тэнгэрийн Бурханд би юу барин мөргөх вэ? Түүний өмнө нэг настай тугалаар шатаалт тахил өргөн зогсох уу? Мянга мянган хуц, түм түмэн горхи тос баривал Ехова таалах болов уу? Самуун явдалдаа ууган хүүгээ, сэтгэлийн нүгэлдээ хэвлий дэх үрээ өгөх үү?“ Ай, дэлхийн хүн минь ээ, юу нь сайн бэ гэдгийг Тэр чамд хэлсэн. Шударга ёсыг сахиж, сайн үйлд дурлан, Бурхныхаа өмнө номхон даруу явахаас өөр юуг Ехова чамаас шаардсан бэ?» гэж асуужээ (Мика 6:6–8, ШЕ).

22. Хууль сахигчдаас Ехова юуг онцлон шаарддаг байсан бэ?

22 Тэгэхлээр, Хууль сахигчдаас Ехова юуг онцлон шаарддаг байсан бэ? Тэд Ехова Бурхныг хайрлах хэрэгтэй байсан нь гарцаагүй. Түүнээс гадна элч Паул: «Учир нь бүх хууль нэг үгэнд багтдаг юм. Энэ нь „Бусдыг өөрийн адил хайрла“ гэсэн нь юм» хэмээн хэлсэн (Галат 5:14). Мөн үүнтэй адилхан санааг Паул Ромын христосын шашинтнуудад хандан: «Учир нь бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлэгч байна... Иймд хайр нь хуулийн биелэл мөн» гэж бичжээ (Ром 13:8–10).

Хэтэрхий их биш ээ

23, 24. а) Ехова биднээс хэтэрхий ихийг шаарддаг гэж бид ямар учраас бодох ёсгүй вэ? б) Бид ямар асуулдлыг дараа хэлэлцэх вэ?

23 Ехова Бурхны хайр, халамж ба өршөөл сэтгэлийг маань хөдөлгөдөггүй гэж үү? Түүний цорын ганц Хүү, Есүс Христ, Бурхны хайрыг алдаршуулах гэж өөрөөр хэлбэл хүмүүс Еховагийн нүдэнд хичнээн үнэ цэнтэй болохыг тэдэнд ойлгуулах гэж дэлхий уруу ирсэн. Бурхны хайрын талаар ойлголт өгөхийн тулд Есүс бор шувууны тухай: «Эцэгээс тань гадуур тэдний нэг ч газарт унахгүй» гэж хэлээд цааш нь: «Иймээс бүү ай. Та нар бол бор шувуунаас илүү чухал» хэмээн дүгнэсэн (Матай 10:29–31). Тийм хайрын Бурхан биднээс юу ч шаардсан байлаа, хэтэрхий их юм шаардаж байна даа гэж бидэнд хэзээ ч санагдах ёсгүй нь эргэлзээгүй!

24 Тэгвэл өнөөдөр Ехова биднээс юу шаарддаг вэ? Зарим хүн ямар учраас Бурхан биднээс хэтэрхий ихийг шаарддаг гэж үздэг вэ? Эдгээр асуудлыг хэлэлцсэнээр Еховагийн шаардлагыг биелүүлэх нь ямар учраас агуу их аз жаргал вэ гэдгийг ойлгох болно

Давтах асуулт

◻ Хүмүүс Еховад үйлчлэхээс татгалзахын шалтгаан нь юу байж болох вэ?

◻ Еховагийн шаардлага он улирах тусам хэрхэн өөрчлөгдсөн бэ?

◻ Хуулийн зорилго юу байсан бэ?

◻ Ехова биднээс дэндүү ихийг шаарддаг гэж хэлж яагаад болохгүй вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах