Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц99 10/1 х. 19-21
  • Та ах дүүгээ өөртөө олж авч чадна

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Та ах дүүгээ өөртөө олж авч чадна
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Есүс ямар санаа агуулсан бэ?
  • Ах дүүгээ олж авахыг хичээцгээ
  • Боловсорсон хүмүүсийн тусламж
  • Ах дүүгээ олж авах сүүлчийн оролдлого
  • Хурлыг амар тайван, цэвэр ариун байлгах нь
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Маргааныг хайраар шийдье
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Нүгэл үйлдсэн хүнийг хайрлан энэрэх нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Хурал христиануудыг босгон байгуулдаг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
хц99 10/1 х. 19-21

Та ах дүүгээ өөртөө олж авч чадна

«Явж түүнийг хувьчлан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ өөртөө олж авч буй хэрэг» (МАТАЙ 18:15).

1, 2. Нүгэл үйлдчихвэл юу хийх талаар Есүс ямар ашигтай зөвлөгөө өгсөн бэ?

ЕСҮС үйлчлэлээ дуусгахаас жилийн өмнө шавь нартаа нэн чухал зүйл заасан. Энэ тухай Матай номын 18-р бүлгээс уншиж болно. Тэрбээр хүүхэд шиг даруухан байхын чухлыг онцгойлон авч үзжээ. Дараа нь Есүс «эдгээр багачуудаас нэгийг» ч өөрсдийнхөө буруугаас болж бүдрүүлсэн байх ёсгүй бөгөөд төөрсөн «багачуудыг» үхүүлчихгүйн тулд эгүүлэн авчрах хэрэгтэй гэдгийг бидэнд онцлон хэлсэн. Чингээд христосын шашинтнуудын дундах зөрөлдөөнийг хэрхэн шийдэх талаар үнэтэй бөгөөд ашигтай зөвлөгөө өгсөн юм.

2 Магадгүй та түүний: «Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, явж түүнийг [«түүний гэмийг», ШЕ] хувьчлан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ өөртөө олж авч буй хэрэг. Харин тэр чамайг үл сонсвол өөртэйгөө хамт нэг юм уу хоёр ах дүүгээ дагуулан оч. Энэ нь хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр нь батлагдахын тулд юм. Хэрэв тэр тэднийг үл сонсвол, сүмд хэл [«хуралтай ярь», ШЕ]. Хэрэв сүмийг [«хурлыг», ШЕ] үл сонсвол, тэр чиний хувьд харь үндэстэн [«өөр ард түмний хүн», ШЕ] болоод татвар хураагч мэт болог» гэж хэлсэн үгийг санаж байгаа буй заа (Матай 18:15–17). Бид энэ зөвлөгөөг хэзээ хэрэглэх ба үүнийг биелүүлэхдээ хэрхэн хандах хэрэгтэй вэ?

3. Бусдын гаргасан алдаанд яаж хандах хэрэгтэй вэ?

3 Бид бүгдээрээ төгс бус агаад алдаа гаргамтгай учраас уучилж сурах хэрэгтэй гэдгийг өмнөх нийтлэлд онцолсон байгаа. Энэ нь, ялангуяа, итгэл нэгтнүүдийн маань хэлсэн, хийсэн зүйлээс болж шаналах үед онцгой чухал (1 Пэтр 4:8). Ихэнхдээ гомдлын «хажуугаар өнгөрөх» буюу уучилж, мартах нь илүү сайн байдаг. Тийнхүү бид хурлын амгалан тайван байдлыг хадгалахад тус нэмэр болдог (Дуулал 133:1; Сургаалт үгс 19:11). Гэвч эрх ашгийг тань хөндсөн ах юм уу эгчтэй холбоотой асуудлын учрыг олох шаардлагатай мэт танд санагдаж болох юм. Тийм тохиолдолд Есүсийн хэлсэн дээрх үгс хэрхэх тухайн удирдамж болно.

4. Матай 18:15-ын зөвлөгөөг бусдын гаргасан алдаан дээр, зарчмын хувьд, хэрхэн хэрэглэх вэ?

4 «Явж түүнийг [«түүний гэмийг», ШЕ] хувьчлан зэмлэ» хэмээн Есүс зөвлөсөн буй. Энэ нь ч ухаалаг юм. Нэгэн орчуулагч зөвхөн хоёр хүний дунд болох ёстой яриаг гаргахын тулд «нүүр тулж» гэсэн үгийг хэрэглэжээ. Хоёулхнаа нөхөр ёсоор ярилцвал асуудлыг шийдэхэд хялбар байдаг. Ямар нэг зохисгүй зүйл хийсэн буюу гомдмоор хатуу үг хэлсэн ах, хөндлөнгийн хүн та нарын ярианд оролцоогүй тохиолдолд л алдаагаа ойлгоно. Хэрэв та хоёрын яриаг өөр хүн сонсох юм бол төгс бусаасаа болоод тэр ах мэлзэх юм уу гэмээ зөвтгөхийг оролдож болох юм. Гэхдээ та хоёр «нүүр тулж» асуудлыг хэлэлцэх ахул энэ бол зүгээр л үл ойлголцох явдал болохоос санаатайгаар хийсэн гэмт үйлдэл буюу нүгэл биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрэх боломжтой. Ялигүй юмыг асуудал болгон дэвэргэж, харьцаагаа муудуулалгүйгээр, энэ нь үл ойлголцол байсан гэдгийг магадлан, хамтдаа зохицуулж болно. Тэгэхлээр өдөр тутмын амьдралд гардаг бага зэргийн гомдлыг шийдэхдээ Матай 18:15-ын зарчмыг хэрэглэцгээе.

Есүс ямар санаа агуулсан бэ?

5, 6. Хам сэдвийг харахад, Матай 18:15-д ямар нүглийн талаар хэлсэн байна вэ? Энэ нь юу өгүүлж байна?

5 Нягталбаас, Есүсийн зөвлөгөө илүү чухал хэрэгт хамаатай аж. Есүс: «Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл...» гэж хэлсэн. «Нүгэл» гэдэг үг нь өргөн утгаараа ямарваа нэг алдаа буюу буруу үйлдэл юм (Иоб 2:10; Сургаалт үгс 21:4; Иакоов 4:17). Гэхдээ Есүс ноцтой нүглийн талаар хэлсэн гэдэг нь хам сэдвээс харагддаг. Ноцтой нүгэл үйлдсэнээс нь болоод хүнийг «харь үндэстэн [«өөр ард түмний хүн», ШЕ] болоод татвар хураагч» гэж үздэг байжээ. Энэ үг нь ямар учиртай вэ?

6 Энэ үгийг сонсож байсан Есүсийн шавь нар нутаг нэгтнүүдээ өөр ард түмний хүмүүстэй харьцдаггүйг мэддэг байв (Иохан 4:9; 18:28; Үйлс 10:28). Мөн тэд, өөрсдөө еврей мөртөө еврейн ард түмнээ цөлмөдөг хүмүүс болох татвар хураагчдаас зайлсхийдэг байсан нь эргэлзээгүй. Тиймд Матай 18:15–17-д мартаад, уучилчихаж болох хувийн гомдол бус ноцтой нүглийн талаар ярьсан гэж хэлбэл илүү зөв байх асан (Матай 18:21, 22)a.

7, 8. а) Ахлагч нар ямар нүглийг хянан хэлэлцэх хэрэгтэй вэ? б) Христосын шашинтнууд нүгэл гэгдэх ямар асуудлыг Матай 18:15–17-ийн дагуу өөр хоорондоо шийдэж болох вэ?

7 Хуулиар бол зарим нүглийг хохирогч уучлах нь хангалтгүй байдаг байжээ. Бурхныг хараах, урван тэрслэх, хиймэл шүтээн шүтэх гэх зэрэг нүгэл болон завхайрал, садар самуун байдал, ижил хүйстэнтэйгээ явалдах зэрэг секс нүглийн талаар болсон явдлыг хянан хэлэлцүүлэхийн тулд ахлагч нарт (эсвэл тахилч нарт) мэдэгдэх ёстой байв. Тийм журам христосын шашны хуралд ч бий (Левит 5:1; 20:10–13; Тооллого 5:30; 35:12; Дэд хууль 17:9; 19:16–19; Сургаалт үгс 29:24). Гэхдээ Есүсийн хэлсэн нүглүүдээс үүсэн гарсан асуудлыг хоёр хүн дундаа шийдчихэж болдог байсан гэдгийг анхаарна уу. Жишээлбэл, хэн нэг нь уурласандаа юм уу атаархсандаа нөгөөгөө гүжирджээ. Нэгэн христосын шашинтан хүн гэрээ ёсоор бол тодорхой хэмжээний барилгын материал ашиглан ажлаа хийж тодорхой хугацаанд дуусгах ёстой байжээ. Өөр нэг христосын шашинтан хүн мөнгөө цувуулж юм уу эсвэл болзсон хугацаандаа эргүүлж өгнө гэж амласан байлаа. Бас нэг нь ажил олгогчдоо дархлах эрдмээ зааж өгвөл хэлэлцэн тохирсон хугацаандаа ч юм уу эсвэл тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд түүнтэй өрсөлдөхгүй эсвээс (ажлаа сольсон ч гэсэн) түүний үйлчлүүлэгчдийг өөртөө татахыг оролдохгүй гэсэн ам өгчээ.b Хэрэв ах хэлсэн үгэндээ хүрээгүй буюу хүлээсэн үүргээ зөрчсөндөө гэмшихгүй бол энэ нь үг дуугүй ноцтой хэрэгт тооцогдоно (Илчлэлт 21:8). Гэхдээ өөрсдөд нь тиймэрхүү асуудал бий болсон хүмүүс түүнийгээ зохицуулж болдог.

8 Гэлээ ч асуудлыг шийдэхийн тулд яах вэ? Есүсийн хэлсэн үг их төлөв гурван алхам хийхэд хүргэдэг. Тэдгээрийг нэгбүрчлэн авч үзэцгээе. Харин эдгээр үгийг явдал үйлийн хатуу тушаасан дэс дараа гэсэн байдлаар үзэх хэрэггүй, харин эрхэм зорилгоо үл мартан, Есүсийн хэлсэн үгийн санааг ойлгохыг хичээцгээе.

Ах дүүгээ олж авахыг хичээцгээ

9. Матай 18:15-ын зөвлөгөөг хэрэглэхдээ юуг санаж байх ёстой вэ?

9 Есүс яриагаа: «Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, явж түүнийг [«түүний гэмийг», ШЕ] хувьчлан зэмлэ. Хэрэв тэр чамайг сонсвол, чи ах дүүгээ өөртөө олж авч буй хэрэг» гэж эхэлсэн. Хардаж сэжиглэснээс үүдэн энэ алхмыг хийж болохгүй нь зүйн хэрэг. Тэр ахыг буруу явснаа ойлгож, яах хэрэгтэйгээ мэдэхэд нь тусалж чадахуйц баримт юм уу бодитой мэдээлэл танд байх учиртай. Нөхцөл байдлыг хүндрүүлэлгүй, ахыг зөрж зүтгүүлэлгүйгээр ажил хэргээ шууд эхэлбэл сайн. Гэхдээ энэ талаар удаан хугацаагаар шаналах нь танд ч хортой гэдгийг битгий мартаарай. Гарсан асуудлыг тухайн ахтай хоёулхнаа ярилцах учир ярилцахаасаа өмнө өөрийнхөө талд орох хүн хайх ч юм уу эсвэл өөрийнхөө үнэн зөвийг итгүүлэх зорилгоор өөр хүмүүстэй бүү ярилц (Сургаалт үгс 12:25; 17:9). Яагаад? Яагаад гэвэл, та зорилгоо санах ёстой.

10. Ах дүүгээ олж авахад маань бидэнд юу тус болох вэ?

10 Таны даалгавар бол ах дүүгээ олж авах явдал болохоос шийтгэж, доромжилж, бусниулах биш юм. Хэрэв тэр үнэхээр буруу юм хийсэн бол Еховатай харьцах дотнын харьцаанд нь аюул заналхийлж байгаа нь тэр. Та түүнийг цаашид ч ах дүү минь байгаасай гэж хүсэх нь лав. Түүнтэй хоёулхнаа ярилцахдаа та эрс ширүүн биш тайван байж, ярианыхаа өнгөнд түүнийг зэмлэж буруушаасан шинж гаргахгүй бол асуудлыг амжилттай шийдэх магадлал өндөр байх болно. Сэтгэлээ сайхан байлгаж, та хоёр хоёулаа төгс бус, нүгэлтэй хүмүүс гэдгээ санаарай (Ром 3:23, 24). Тэр ах таныг өөрт нь туслахыг чин сэтгэлээсээ хүсэж, хов зөөхгүй байгааг харснаар асуудал хурдан шийдэгдэж болох юм. Та хоёр хоёулаа ямар нэг хэмжээгээр буруутай буюу асуудлын жинхэнэ үндэс нь үл ойлголцол байсан гэдэг нь илэрсэн цагт л тэрхүү сайн харьцааны ухаалаг нь мэдэгдэнэ (Сургаалт үгс 25:9, 10; 26:20; Иакоов 3:5, 6).

11. Гомдоогч үгийг маань авахгүй байлаа ч бид яаж болох вэ?

11 Хэрэв та тэр ахад буруу юм хийснийг, хийсэн гэм нь ноцтойг ойлгож мэдэхэд нь тусалж чадвал тэр ах гэмшиж болох юм. Гэхдээ гэмшихэд бардам зан саад болж болдог бодит байдлыг ойлгогч байя (Сургаалт үгс 16:18; 17:19). Тиймээс тэр ах эхнээсээ буруугаа хүлээхгүй, гэмших талаар бодох ч үгүй байвал цаашдын алхмуудыг хийхээ азнаж болно. Есүс: «Ганцхан удаа очоод ах дүүгийнхээ гэмийг зэмлэ» гэж хэлээгүй билээ. Энэхүү нүгэлтэй холбоотой асуудал хөндлөнгийн хүний оролцоогүйгээр шийдэгдэж болох учраас Галат 6:1-д бичсэн байдаг зангаар хандан, тэр ах дээр дахин нэг удаа очоод «нүүр тулж» ярих гээд үз. Оролдлого амжилттай болж ч мэднэ. (Иуда 22, 23.) Хэрэв та тэр ахын нүгэл үйлдсэн гэдэгт итгэлтэй байвч тэр ах өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?

Боловсорсон хүмүүсийн тусламж

12, 13. а) Есүс асуудлыг шийдэх талаар хоёр дахь ямар алхмыг заан хэлсэн бэ? б) Энэ зөвлөгөөг хэрэглэхдээ юуг мартах ёсгүй вэ?

12 Хэрэв та ноцтой гэм хийчихлээ гэвэл бусад тань тэр даруйд нь таныг хэрэггүй хүн болчихлоо гээд хаячихыг та хүсэх үү дээ? Үгүй л байх даа. Тантай болон бусад хүмүүстэй хамтдаа Бурхныг зохистой байдлаараа цаашид шүтсээр байхын тулд ах дүүгээ олж авахыг хичээн эхний алхам дээрээ бууж өгөх хэрэггүй гэдгийг Есүс үзүүлсэн. Хоёр дахь алхам нь ямар байхыг Есүс ийн үзүүлсэн: «Харин тэр чамайг үл сонсвол, өөртэйгөө хамт нэг юм уу хоёр ах дүүгээ дагуулан оч. Энэ нь хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр нь батлагдахын тулд юм».

13 Тэрбээр «нэг юм уу хоёр ах дүүгээ» дагуулан очихыг тушаажээ. Эхний алхмаа хийнгүүтээ асуудлыг олон хүнтэй хэлэлцэж, явуулын харгалзагчид хандах юм уу тэр талаар ах нарт захидал бичиж болно гэж Есүс хэлээгүй. Хийсэн нүгэл нь илхэн байна гэж та бодож байвч энэ нь бүр ч батлагдчихаагүй байна. Гүтгэлэг болж болох ташаа мэдээлэл тараах хэрэггүй биз ээ (Сургаалт үгс 16:28; 18:8). Харин нэг юм уу хоёр ах дүүгээ дагуулж очихыг Есүс тушаасан буй. Яагаад? Тэрбээр хэнийг хэлсэн бэ?

14. Асуудлыг шийдэх хоёр дахь алхмыг хийхдээ хэнийг оролцуулж болох вэ?

14 Та өөртэйгөө болон Бурхантай эв түнжинтэй байлгахын тулд ноцтой алдаа хийснийг нь болон гэмших хэрэгтэйг нь ойлгуулан ах дүүгээ олж авахыг хичээдэг. Тийм учраас энэхүү алдааны гэрчээр нэг юм уу хоёр хүнийг урих нь илүү сайн. Магадгүй, тэд болсон явдлыг өөрсдөө харсан буюу эсвэл ажил хэргийн чанартай асуудлыг шийдэхэд хийсэн (эсвэл хийгээгүй) зүйлийн талаар чухал мэдээлэл өгч болох юм. Тийм гэрчүүд байхгүй бол энэ талаар нилээд туршлагажсан, болсон явдалд зөв үнэлэлт өгч чадах ах нарыг оролцуулж болно. Тэр тусмаа шаардлагатай бол тэд хэлсэн үг, гарсан баримтыг баталж, хийсэн оролдлогуудын тухай ярьж чадах гэрчүүд шиг үг хэлж чадна (Тооллого 35:30; Дэд хууль 17:6). Тиймээс тэд хөндлөнгийн ажиглагч төдий биш, харин ч чиний болоод өөрсдийн нь ахыг олж авахад туслуулахаар уригдсан хүмүүс байдаг.

15. Хоёрдугаар алхмаа хийх үед маань ахлагч нарын тусламж яагаад ашигтай байж болох вэ?

15 Асуудлыг шийдэхэд оролцуулж буй хүмүүс чинь заавал хурлын ахлагч байх албагүй. Хэдийгээр тэд ахлагчийн үйлчлэл хийдэг боловсорсон эрчүүд ч гэлээ хувийн туршлага болон сүнслэг бэлтгэл хийсний үндсэн дээр тусламж үзүүлж чадах биз ээ. Тийм ахлагч нар «салхины хамгаалалт мэт, шуурганы халхавч мэт, цөл газрын суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт» юм (Исаиа 32:1, 2). Тэдэнд ах эгч нарыг хэрхэн сэнхрүүлж, яаж засах туршлага бий. Буруутай ахад ч тэдгээр «хүн бэлгүүдэд» итгэх үндэс бийc (Эфэс 4:8, 11, 12, ШЕ). Тэр боловсорсон хүмүүс ирээд асуудлыг шүүн хэлэлцэх болон залбирахад, шийдэж боломгүй санагдсан зүйлийг шийдэхэд тохиромжтой нөхцөл бий болж болно. (Иакоов 5:14, 15-тай харьцуул.)

Ах дүүгээ олж авах сүүлчийн оролдлого

16. Есүс гурав дахь ямар алхмын тухай хэлсэн бэ?

16 Хэрэв асуудлыг шийдэхэд хоёрдугаар алхам тусалж чадахгүй бол хурлын харгалзагч уг үйл хэрэгт оролцох хэрэгтэй болно. Энэ бол гурав дахь алхам юм. «Хэрэв тэр тэднийг [энэ нэг юм уу хоёр хүнийг] үл сонсвол, сүмд хэл [«хуралтай ярь», ШЕ]. Хэрэв сүмийг [«хурлыг», ШЕ] үл сонсвол, тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт болог». Энэ юу гэсэн үг вэ?

17, 18. а) «Хуралтай ярилц» гэсэн үгийг ойлгоход маань бидэнд ямар жишээ туслах вэ? б) Энэ алхмыг өнөөдөр яаж хийж болох вэ?

17 Энэ нь нүгэл буюу буруу хэргийн талаар бүх хуралд, хурлын онцгой болон ердийн цуглаан дээр мэдэгдэх хэрэгтэй гэсэн үг биш. Үйлдлийн зөв бурууг Бурхны Үгнээс тодорхойлж болно. Эртний Израильд хэн нэг нь самуун, ховдог эсвэл архичин боллоо гэхэд юу хийх шаардлагатай байсныг уншаарай: «Хэрэв хэн агсам, дураараа, эцэг эхийнхээ үгэнд орохгүй, шийтгэсэн ч үг дуулахгүй хүүтэй болно, эцэг эх нь түүнийг дагуулан авчирч, хотынхоо ахлагч нарт болон оршин суудаг газрынхаа хаалганд хүргэж өгөг. Тэгээд хотынхоо ахлагч нарт: „манай энэ хүү агсам, дураараа болж, бидний үгийг сонсохгүй байна, үрэлгэн, архичин болсон“ гэж хэлэг. Тэгэхэд нь хотын бүх оршин суугчид түүнийг чулуугаар цохиж алаг» (Дэд хууль 21:18–21, ШЕ).

18 Хүний нүглийн талаар бүх ард түмэнд ч, овгийнхны нь төлөөлөгчдөд ч мэдэгддэггүй байсан. Хурлын төлөөлөгч болох «ахлагч» нар асуудлыг судалдаг байж. (Дэд хууль 19:16, 17-той харьцуул. Тэнд тахилчид болон шүүгчдийн шийддэг байсан заргын талаар бичсэн буй.) Өнөөдөр хэрэг мөн үүнтэй төстэй. Гуравдугаар алхмыг хийх хэрэгтэй бол хурлыг төлөөлж ахлагч нар асуудлыг судалдаг. Боломжтой бол ах дүүгээ олж авах мөнөөх л зорилго тэдэнд бий. Энэ нь хэргийг шударгаар, урьдчилан тогтоолгүйгээр, үнэн зөв судалдгаас харагдана.

19. Хэргийг судлахаар томилогдсон ахлагч нар юу хийхийг хичээдэг вэ?

19 Тэд баримтыг тодруулж, тэр хүний нүгэл үйлдсэн (магадгүй, үйлдсээр байгаа) эсэхийг тогтоохын тулд гэрчүүдийг сонсохыг хичээдэг. Тэдний зорилго бол хурлыг дэлхийн сүнс нэвтрэн орохоос хийгээд сүйтгэгч нөлөөллөөс хамгаалах юм (1 Коринт 2:12; 5:7). Тэд шаардлагатай сүнслэг чанартай байж, «үгүйсгэгч нэгний алдааг ойлгуулах буюу эрүүл саруул сургаалаар ухуулахын» тулд хүчин чармайлт гаргадаг (Тит 1:9). Нүгэл үйлдэгч хүн эртний израильчууд шиг биш гэдэгт найдах хэрэгтэй. Тэдний талаар Еховагийн зөнч: «Намайг дуудахад та нар хариулсангүй. Намайг зарлиг буулгахад та нар дуулсангүй. Та нар Миний өмнө ёрын зүйл үйлдэн, Миний хүсэхгүйг сонгож авсан» хэмээн бичжээ (Исаиа 65:12).

20. Сонсохоос татгалзаж, гэмшихгүй байгаа нүгэлтнийг Есүсийн хэлснээр яах хэрэгтэй вэ?

20 Харьцангуй ховор тохиолдолд нүгэл үйлдэгч этгээд тэрхүү израильчууд шиг зөрж зүтгэсээр байдаг. Хэрэв тийм бол: «Тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт болог» гэж Есүсийн хэлсэн тодорхой заавар бий. Эзэн, хүн чанаргүй байхыг ч юм уу эсвээс аль болохоор зовоох гэж оролдохыг уриалаагүй. Гэвч Паул гэмшихгүй байгаа нүгэлтнүүдийг хурлаас хөөхийг хоёрдмол утгагүйгээр тушаасан (1 Коринт 5:11–13). Тэр ч байтугай ийм арга хэмжээ авснаар эцэстээ нүгэлтнийг эргүүлж авчрах зорилгодоо хүрэхэд тусалж болно.

21. Хурлаас хөөгдсөн хүнд ямар боломж үлддэг вэ?

21 Бид Есүсийн ярьсан самуун хүүгийн тухай сургаалт зүйрлэлээс зарчмын хувьд энэ нь байж болох зүйл гэдгийг харж болно. Тэр сургаалт зүйрлэлд, хайр энэрлээр дүүрэн эцгийнхээ гэрээс алс хол сууж байсан хүү «нэгийг бодсон» тухай гардаг (Лүүк 15:11–18). Зарим нүгэлтнүүд «ухаан орохын тулд ба ... бугийн [«Диаболын», ШЕ] торноос чөлөөлөгдөхийн тул» аажимдаа гэмшдэг гэдгийг Паул Тимотод хэлжээ (2 Тимот 2:24–26). Нүгэл үйлдээд гэмшээгүйгээсээ болоод хурлаас хөөгдөх ёстой бүх хүн Бурхны сайшаал, анд нөхдийн халуун дотно харьцаа, үнэнч христосын шашинтнуудтай харьцах харьцаагаа алдлаа гэж үзсэн үедээ ухаан орох байх гэж бид найддаг.

22. Бид ах дүүгээ яаж дахин олж авч болох вэ?

22 Есүс өөр ард түмний хүмүүс болон татвар хураагчдын өргөлийг зохисгүй гэж үзэж байгаагүй. Татвар хураагчдын нэг Матай Леви гэмшиж, үнэнчээр «Есүсийг дагах» болсон төдийгүй бүр элчээр хүртэл сонгогдсон (Марк 2:15; Лүүк 15:1). Ингэхлээр, өнөөдөр нүгэлтэн хүн «хурлыг үл сонсож», тэндээсээ хөөгдсөн ч байлаа гэсэн бид түүнийг аажимдаа гэмшиж, зам мөрөө шулуун зам уруу чиглүүлэхгүй юм болов уу гэж хүлээж болно. Хэрэв энэ нь болж бүтээд, тэр хүн эргээд хурлын гишүүн болбол бид ах дүүгээ олж авлаа, жинхэнэ Бурхнаа бидэнтэй хамт шүтэх нь хэмээн баярлах болно.

[Зүүлт]

a Макклинток Строн нарын нэвтэрхий тольд: «Шинэ Гэрээнд гардаг татвар хураагчдыг, дарлагчдын сайн дурын бууны нохой болсон, харь үндэстнүүдтэй байнга харьцаж өөрсдийгөө бузарласан тэрс этгээдүүд ба урвагчид мэт үзэж ханддаг байжээ. Тэднийг нүгэлтнүүдийн эгнээнд оруулсан байна... Шударга түвшин хүмүүс тэднээс холхон явдаг байсан тул тэдний ижил нийгмийн шаар гэгдсэн хүмүүс л анд нөхөд нь болдог байв» гэж бичжээ.

b Арга заль, луйвар, башир арга бүхий ажил хэргийн болоод санхүүгийн асуудлыг Есүсийн хэлж байсан нүглийн бүлэгт тооцож болно. Энэ нь Есүс Матай 18:15–17-д бичсэн сургаал өгөхдөө мөнгө зээлээд, эргүүлж төлөөгүй боолуудын (ажилчдын) жишээ татсанаас харагддаг.

c Нэгэн библи судлаач: «Нүгэл үйлдэгч хүн зөрчилдөөнтэй болсон хүнийхээ үгийг сонсохоос илүү хоёр юм уу гурван хүний (ялангуяа, хүндтэй хүмүүс бол) үгийг гол төлөв анхаарах нь бий» гэжээ.

Та санаж байна уу?

◻ Матай 18:15–17-ийн үгийг гол төлөв ямар төрлийн нүгэлд хэрэглэж болох вэ?

◻ Эхний алхмыг хийх хэрэгтэй бол юуг санаж байх хэрэгтэй вэ?

◻ Хоёр дахь алхам хийх хэрэг гарвал хэн бидэнд туслах вэ?

◻ Гурав дахь алхмыг хэн хийдэг вэ? Бид ах дүүгээ яаж дахин олж авч болох вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах