Хуулийн цаад санааг ойлгогтун
«[Та нар] Хууль дотор мэдлэгийн болон үнэний цогцтой» (РОМ 2:19).
1. Мосегийн хуулийн ач холбогдлыг ойлгох нь яагаад чухал бэ?
БУРХНЫ сүнсээр удирдуулан бичсэн элч Паулын захидлууд байгаагүй бол бид Мосегийн хуулийн олон чухал хэсгийг ойлгохгүй байх байсан. Жишээ нь, еврей христиануудад бичсэн түүний захидалд Есүс хэрхэн «итгэмжит Тэргүүн Тахилч» болж, ганцхан удаа мөнхийн тахил өргөснийг, үүнд нь итгэсэн хүмүүс Бурхантай эвлэрч мөнхөд аврагдах боломжтой болсныг тайлбарласан (Евр. 2:17; 9:11, 12). Түүнчлэн асрыг «тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр» гээд, Есүсийг Мосегийнхоос «илүү сайн гэрээний» Зууч болсон хэмээжээ (Евр. 7:22; 8:1–5). Паулын үед Мосегийн хуулийг энэ мэтээр тайлбарласан нь христиануудад их үнэ цэнэтэй байсан, одоо ч хэвээрээ байгаа. Энэ нь бидний төлөө Бурхны авсан арга хэмжээний үнэ цэнийг бүрэн дүүрэн ойлгоход тус болно.
2. Иудей христианууд харь үндэстэн христиануудаас юугаараа давуу байсан бэ?
2 Ромын христиануудад бичсэн Паулын захидалд Мосегийн хуулийг мэддэг иудей гаралтай хүмүүст зориулсан зарим нэг зөвлөгөө байдаг. Ехова ба түүний зөв шударга зарчмын тухай «мэдлэгийн болон үнэний цогц» буюу үндэс суурь тэдэнд байдгийг Паул хүлээн зөвшөөрчээ. Тэд Мосегийн хуулийн цаад санааг ойлгож, эрхэмлэдэг байсан тул Еховагийн хуулийг үл тоомсорлодог хүмүүсийг, өмнөх үеийнхээ үнэнч иудейчүүдийн адилаар удирдаж, сургаж, гэгээрүүлж чаддаг байв (Ром 2:17–20-ийг уншина уу).
ЕСҮСИЙН ӨРГӨХ ТАХИЛЫН «СҮҮДЭР»
3. Эртний иудейчүүдийн өргөдөг байсан тахилын тухай судлах нь ямар ач тустай вэ?
3 Еховагийн санаа зорилгыг ойлгоход Паулын хэлсэн тэрхүү үнэний үндэс суурь одоо ч чухал үүрэгтэй. Мосегийн хуулийн цаад санааны ач холбогдол, үнэ цэнэ огтхон ч алдагдаагүй. Үүнийг санан, Хуулийн нэг хэсгийг буюу янз бүрийн тахил, өргөл өргөх тухай заалтыг авч үзье. Тэдгээр нь даруу иудейчүүдийг Христ рүү хандуулж, Бурхан өөрсдөөс нь юу шаардаж байсныг ойлгуулсан. Еховагийн тавьдаг үндсэн шаардлага хэзээ ч өөрчлөгддөггүй учир ямар сэтгэлээр үйлчилдгээ эдгээр заалтын тусламжтайгаар шалгаж болно (Мал. 3:6).
4, 5. а) Мосегийн хууль юуг сануулдаг байсан бэ? б) Тахилууд нь юуны «сүүдэр» байсан бэ?
4 Мосегийн хуулийн олон заалт эртний иудейчүүдэд нүгэлтэйг нь сануулдаг байсан. Жишээ нь, хүний хүүрт хүрсэн хэн боловч цэвэрших шаардлагатай тул согоггүй улаан бярууг нядалж, шатаагаад, үнсийг нь «бузрыг зайлуулах усанд» хийдэг байжээ. Энэхүү усыг, бузартсаны дараах гурав дахь болон долоо дахь өдөртөө цацуулж цэвэршдэг байсан (Тоол. 19:1–13). Түүнчлэн эмэгтэй хүн хүүхэд төрүүлснээсээ хойш хэсэг хугацаанд бузартсанд тооцогддог байв. Энэ нь хүн нүгэл, төгс бус байдлыг өвлөж төрдгийг сануулах зорилготой ажээ. Тэр хугацаа нь дууссаны дараа нүглээ наманчлан тахил өргөх ёстой байв (Лев. 12:1–8).
5 Өөр ямар үед амьтнаар тахил өргөж, нүглээ уучлуулахыг заажээ. Энэ бүхнийг иудейчүүд мэддэг ч бай, үгүй ч бай урьд нь асарт, хожим нь Еховагийн сүмд өргөх болсон эдгээр тахил нь Есүсийн өргөх төгс тахилын «сүүдэр» нь байсан юм (Евр. 10:1–10).
ТАХИЛ ӨРГӨХДӨӨ ЗӨВ ХАНДЛАГАТАЙ БАЙХ НЬ
6, 7. а) Тахил өргөх талаар израильчууд юу анхаарах ёстой байсан бэ? Энэ нь юуг бэлгэдэн харуулж байсан бэ? б) Бид өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
6 Еховад тахил болгон өргөх амьтан «өөгүй, төгс» байх ёстой ажээ. Шархтай, сохор, эрэмдэг, өвчтэй амьтныг өргөдөггүй байв (Лев. 22:20–22). Үр тариа, жимс өргөхөөр бол ургацынхаа «анхны үр жимс», «хамгийн сайнаас нь» өгөх ёстой байлаа (Тоол. 18:12, 29). Шаардлага хангаагүй тахилыг Ехова хүлээж авдаггүй байсан. Амьтдаар тахил өргөх тухай энэ чухал шаардлага нь Есүсийн тахил цэвэр ариун, өө сэвгүй байхыг, мөн Ехова хүн төрөлхтнийг нүгэл болон үхлээс аврахын тулд хамгийн сайн, үнэтэй юмаа золиослохыг бэлгэдэн харуулсан (1 Петр 1:18, 19).
7 Хэрэв хүн өөрийнх нь төлөө Еховагийн хийсэн бүхэнд үнэхээр талархсан бол тахил өргөхдөө өөртөө байгаа хамгийн сайн юмаа сонгож өгөхгүй гэж үү? Сайныг өргөх үү, үгүй юү гэдгээ тухайн хүн өөрөө шийддэг ч согогтой амьтнаар тахил өргөвөл Бурхан таалахгүй гэдгийг мэддэг байв. Хэрэв тийм тахил өргөвөл оромдсон, бүр тээршээсэн хэрэг болох байжээ (Малахи 1:6–8, 13-ыг уншина уу). Энэ зарчим бидэнд ч хамаатай. «Би Еховад ямар хандлагаар үйлчилдэг вэ? Үйлчлэлийнхээ чанарыг сайжруулах хэрэгтэй юү? Сэдэл хандлагаа өөрчлөх шаардлагатай юм биш биз?» гэж өөрсдөөсөө асууцгаая.
8, 9. Израильчууд ямар сэтгэлээр тахил өргөдөг байсныг авч үзэх хэрэгтэйн учир юу вэ?
8 Еховад чин сэтгэлээсээ талархан сайн дураараа тахил өргөх юм уу сайшаалыг нь хүлээх зорилгоор шатаалт тахил өргөхөөр бол тохирох амьтныг сонгоход израильчуудад хэцүү байгаагүй биз ээ. Еховад хамгийн сайныгаа өгөхдөө баяртай байсан нь лавтай. Өнөөдөр христианууд Мосегийн хуулийн дагуу тахил өргөдөггүй ч Еховад үйлчлэхэд цаг зав, хөрөнгө мөнгө, хүч чадлаа зарцуулдаг учраас нэг ёсондоо тахил өргөж байна гэсэн үг. Элч Паул итгэл найдварынхаа тухай «бүх нийтэд тунхаглахыг», мөн сайныг үйлдэх болон хуваалцахыг Бурханд таалагддаг тахил гэж хэлсэн (Евр. 13:15, ШЕ, 16). Еховад үйлчлэхдээ ямар хандлагатай байдаг маань өгсөн бүхнийх нь төлөө хэр зэрэг талархдагийг харуулдаг. Тиймээс израильчуудын адилаар, Бурханд ямар хандлагаар, яагаад үйлчилдгээ шалгах хэрэгтэй.
9 Тэгвэл, нүгэл үйлдсэн хүн Мосегийн хуулийн дагуу заавал өргөх ёстой нүглийн буюу гэмийн төлөөх тахил өргөхдөө яадаг байсан бол? Сайн дурынх биш, албан журмынх юм чинь гэсэн хандлагаар, дуртай дургүй өргөдөг байсан уу? (Лев. 4:27, 28). Еховатай сайн харьцаатай байхыг чин сэтгэлээсээ хүсдэг л бол тэгэх учиргүй байсан.
10. Христианууд Бурхныг болон ах дүүгээ гомдоосон бол яах хэрэгтэй вэ?
10 Та итгэл нэгтнээ санаандгүй гомдоосноо анзаарсан байж болох юм. Эсвэл ямар нэгэн алдаа гаргасныг мөс чанар тань хэлдэг байж магадгүй. Еховад үйлчлэх асуудалд хариуцлагатай ханддаг ямар ч хүн иймэрхүү алдаагаа засах гэж хамаг чадлаараа хичээх нь лав. Өөрөөр хэлбэл хүн гомдоосон бол үнэн сэтгэлээсээ уучлал гуйх юм уу, ноцтой нүгэл үйлдсэн бол халамжтай ахлагчдаас сүнслэг тусламж авна (Мат. 5:23, 24; Иак. 5:14, 15). Бусдынхаа эсвэл Бурхны эсрэг үйлдсэн нүглээ цайруулахын тулд ямар нэг юм хийх хэрэгтэй болдог. Энэ нь тодорхой зүйлээ золиосолж байгаатай адил юм. Гэвч тийн золиосолсны ачаар Еховатай болон ах дүүтэйгээ дахин сайхан харьцаатай болж, мөс чанар цэвэр болно. Энэ бүхний эцэст Еховагийн зам хамгийн сайн гэдэгт улам бат итгэдэг.
11, 12. а) Эвийн тахил ямар зорилготой байсан бэ? б) Эвийн тахилын арга хэмжээ бидэнд юу ойлгуулдаг вэ?
11 Мосегийн хуульд эвийн тахилын талаар дурдсан байдаг. Ийм тахил нь Еховатай эв найрамдалтай байгаагийн баталгаа болдог. Эвийн тахил өргөж байгаа хүн гэр бүлийнхэнтэйгээ хамт сүмийн хоолны нэг өрөөнд сууж байгаад, өргөсөн малынхаа махнаас иддэг байв. Тахил өргөсөн болон тэнд үйлчилж буй тахилч нар бас хувь хүртдэг байжээ (Лев. 3:1; 7:31–33). Эвийн тахил өргөдгийн гол шалтгаан нь Бурхантай сайн харьцаатай байхыг хүсдэгийнх юм. Тахил өргөж буй хүн өөрийн гэр бүлийнхэн, тахилч нар болон Еховагийн хамтаар баяр хөөртэй хооллон, эв найртай байгааг дээрх зан үйл харуулдаг.
12 Эвийн тахил өргөж байгаа нь Еховаг бэлгэдлийн утгаар хоолонд урьж байгаа хэрэг юм. Ехова урилгыг нь хүлээж авна гэдэг ямар их аз завшаан байсан бол оо. Гэрийн эзэн хүндэт зочиндоо хамгийн сайн зоог барих нь ойлгомжтой. Мосегийн хууль дахь үнэний үндэс суурийн нэг хэсэг болох эвийн тахилын арга хэмжээ нь Есүсийн агуу тахилын ачаар Бүтээгчтэйгээ найрамдаж болохыг бэлгэдэн харуулж байв. Бид хөрөнгө мөнгө, хүч чадлаа Еховад үйлчлэхийн төлөө харамгүй зориулдаг бол анд нөхөр нь байж чадна.
БУРХАНД ТААЛАГДДАГГҮЙ ТАХИЛ
13, 14. Саул хааны өргөх гэж байсан тахил Еховад таалагдаагүйн учир юу вэ?
13 Хэрэв хүн Мосегийн хуульд заасан тахилыг зөв хандлагаар өргөвөл Бурхан хүлээж авдаг байжээ. Гэтэл Бурхны хүлээж аваагүй тахилын тухай Библид бас бичсэн нь бидэнд сануулга болдог. Бурхан тэр тахилуудыг яагаад голсон юм бол оо? Хоёр жишээ үзье.
14 Ехова амалекчуудыг шийтгэх гэж байгаагаа Саул хаанд зөнч Самуелаар уламжлуулсан. Саул тэднийг мал сүрэгтэй нь хамт хүйс тэмтрэх ёстой байв. Гэвч тэрбээр ялалт байгуулсныхаа дараа амалекчуудын хаан Агагийг амьд үлдээхийг цэргүүддээ тушаажээ. Бас мал сүргээс нь хамгийн тарган сайныг нь Еховад тахил болгон өргөх гэж амьд үлдээсэн (1 Сам. 15:2, 3, 21). Ехова яасан бол? Дуулгаваргүй загнасан Саулыг хаан ширээнээс нь зайлуулахаар болсон (1 Самуел 15:22, 23-ыг уншина уу). Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Бурханд таалагдах тахил өргөе гэвэл түүний тушаалуудыг дагаж, дуулгавартай байх ёстой.
15. Исаиагийн үед израильчууд тахил өргөдөг мөртлөө муу үйл хийдэг байсан нь юуг харуулдаг вэ?
15 Үүнтэй төстэй явдлыг «Исаиа» номд бичжээ. Исаиагийн үед израильчууд Еховад тахил өргөж байгаа дүр үзүүлдэг ч биеэ зохисгүй авч явдгийн улмаас тахил нь согогтой байсан. Ехова: «Та нарын олон тахил Надад юу юм бэ?» гэж асуугаад цааш нь «Би хуцын шатаалт тахилд, бордсон үхрийн өөхөнд бүр цадлаа. Надад бух, хурга, ямааны цус ч таалагдсангүй. ... Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна» гэж хэлдэг. Юу нь болоогүй юм бол? Бурхан: «Та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй. Та нарын гар цусаар бялджээ. Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун» гэжээ (Ис. 1:11–16).
16. Бурхан ямар тахилыг хүлээж авдаг вэ?
16 Ехова нүглээ гэмшдэггүй хүний тахилыг таалдаггүй, харин тушаалынх нь дагуу амьдрах гэж чин зүрхнээсээ мэрийдэг хүний өргөл, залбирлыг хүлээж авдаг байсан. Тэднийг нүгэлтэй бөгөөд уучлуулах хэрэгтэйг Мосегийн хуулийн цаад санаа хэлж өгдөг (Гал. 3:19). Үүнийг зөв ойлгосон израиль хүн нүглээ гэмшиж, Еховагаас уучлал гуйдаг байсан. Өнөөдөр ч мөн адил зөвхөн Христийн золиосны ачаар Бурхан бидний нүглийг уучилна гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг ойлгоод, талархах сэтгэлээр үйлчилдэг хүнд Ехова «баярлана» (Дуулал 51:17, 19-ийг уншина уу).
ЕСҮСИЙН ЗОЛИОСОНД ИТГЭГТҮН!
17-19. а) Есүсийг золиос болгон өгсөн Еховад талархлаа хэрхэн илэрхийлэх вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
17 Израильчууд Бурхны санаа зорилгын «сүүдрийг» харсан. Харин бид «жинхэнэ дүрийг» нь хардаг (Евр. 10:1). Тахил өргөх тухай хууль иудейчүүдэд Бурхантай сайн харьцаатай байж, чин сэтгэлээсээ талархан, хамгийн сайнаа өгч, нүглээ уучлуулах шаардлагатайг ойлгуулсан. Еховагийн авсан золиосны арга хэмжээний ачаар нүглийн үр дагавар үүрд арилах бөгөөд бид одоо ч цэвэр мөс чанартай байх боломжтойг Христиан Грек Судар хэлж өгдөг. Есүсийн золих тахил бол гайхамшигтай бэлэг мөн! (Гал. 3:13; Евр. 9:9, 14).
18 Золиосны ач тусыг бүрэн хүртье гэвэл утга учрыг нь ойлгох төдийхнөөр сэтгэл ханах ёсгүй. Паул: «Бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов» гэж бичжээ (Гал. 3:24). Ийм итгэлтэйгээ үйлсээрээ харуулах учиртай (Иак. 2:26). Тийм учраас, Паул Мосегийн хуулийн цаад санааг ойлгодог нэгдүгээр зууны христиануудад мэдлэгээ ажил хэрэг болгохыг уриалжээ. Ингэснээр тэд заадаг сургаалынхаа дагуу биеэ авч явах байв (Ром 2:21–23-ыг уншина уу).
19 Өнөөгийн христианууд Мосегийн хуулийг сахих шаардлагагүй ч Еховад таалагдах тахил өргөх ёстой. Чухам яаж гэдгийг дараагийн өгүүллээр авч үзнэ.
[17-р хуудасны товчлол]
Еховагийн тавьдаг үндсэн шаардлага өөрчлөгдөөгүй
[18-р хуудасны зураг]
Та алийг нь Еховад өргөх вэ?
[19-р хуудасны зураг]
Еховад таалагддаг тахил өргөдөг хүн сайшаалыг нь хүлээдэг