Хүндэтгэл хүлээхэд тань юу ч бүү саад болог!
«Даруу сүнс хүндэтгэл хүлээдэг» (СУР. 29:23).
1, 2. а) Библид гардаг «хүндэтгэл» гэдэг үг ямар утгатай вэ? б) Энэ өгүүллээс ямар асуултын хариуг мэдэж авах вэ?
«ХҮНДЭТГЭЛ» гэдэг үгийг сонсвол танд ямар бодол төрөх бол? Гайхаж бишрэм бүх юмыг бүтээсэн Бурхныг бодох уу? (Илч. 4:11). Эд баялаг, мэргэн ухаан, ажил үйлсээрээ магтаал хүртэж, алдар суу нь түмэнд түгсэн хүмүүсийн тухай бодох уу? Библийн эх бичгийг үзвэл, «хүндэтгэл» гэж орчуулдаг еврей үг нь хүнд гэсэн утгатай. Эрт үед зоосыг үнэт металлаар хийдэг байжээ. Зоос хэдийчинээ хүнд байна, төдийчинээ үнэ цэнэтэй болдог байв. Жинтэй, хүнд гэсэн утга илэрхийлдэг энэ үг нь үнэ цэнэтэй, сүрдэж бишрэм, хүндэтгэл хүлээм зүйлийг хэлдэг аж.
2 Хүмүүс бид эрх мэдэл, байр суурь, алдар нэртэй хүнийг хүндэтгэн биширдэг. Харин Бурхан ямар хүнийг хүндэтгэдэг вэ? Сургаалт үгс 22:4-т «Даруу зан хийгээд ЭЗЭНээс эмээхүйн шагнал болбоос амь, алдар хүнд, эд баялаг юм» гэж байдаг. Шавь Иаков: «Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно» хэмээн бичжээ (Иак. 4:10). Ехова хүндэтгэдэг хүнээ хэрхэн ивээдэг вэ? Еховагийн хүндэтгэлийг хүлээхэд бидэнд юу саад болох вэ? Бурхны хүндэтгэлийг хүлээдэг болоход нь бусдад хэрхэн туслах вэ?
3-5. Ехова хүмүүсийг яаж хүндэтгэдэг вэ?
3 Ехова «баруун гараас [нь] барьж» хүндэтгэл үзүүлнэ гэдэгт дуулалч итгэж байсан (Дуулал 73:23, 24-ийг уншина уу). Бурхан хүнийг яаж хүндэтгэдэг вэ? Янз бүрийн аргаар ивээж, хүсэл тааллаа мэдүүлдэг (1 Кор. 2:7). Бас үг сургаалыг нь сонсдог дуулгавартай хүнд анд нөхөр байх завшаан эдлүүлдэг (Иак. 4:8).
4 Ехова бас үйлчлэгчдэдээ итгэл найдвар хүлээлгэн сайн мэдээ дэлгэрүүлэх агуу ажил даалгасан (2 Кор. 4:1, 7). Бурхныг магтан алдаршуулах ийм завшаан эдэлдэг хүмүүс Еховагийн хүндэтгэлийг хүлээгээд зогсохгүй бусдад тус хүргэдэг. «Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ» хэмээн Ехова амласан (1 Сам. 2:30). Тийм хүмүүс Еховад ч, итгэл нэгтнүүдийнхээ дунд ч сайн нэртэй байдаг (Сур. 11:16; 22:1).
5 Еховад найдаж, дуулгавартай байдаг хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ? Библид «Газар нутгийг өвлүүлэхээр Тэр [Ехова] чамайг өргөмжилнө. Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно» гэсэн амлалт байдаг (Дуу. 37:34). Тиймээс Бурхны үйлчлэгчид бүгдээрээ мөнх амьдрах тэр цагийг тэсэн ядан хүлээж байгаа (Дуу. 37:29).
«БИ ХҮМҮҮСЭЭС АЛДАР ХҮНДИЙГ АВДАГГҮЙ»
6, 7. Олон хүн Есүст итгээгүйн учир юу вэ?
6 Еховагийн хүндэтгэлийг хүлээхэд бидэнд юу саад болж мэдэх вэ? Бурхныг хайрладаггүй хүмүүсийн үгийг илүү чухалд үзэх аюул байдаг. Элч Иохан Есүсийн үед амьдарч байсан захирагчдын талаар юу гэж бичсэнийг авч үзье. Тэрбээр: «Захирагчдаас олон хүн Есүст итгэсэн билээ. Гэвч тэд фарисайчуудаас болж Түүнийг илээр хүлээн зөвшөөрсөнгүй. Тэд синагогаас хөөгдөх вий гэсэндээ тэгжээ. Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм» хэмээн бичжээ (Иох. 12:42, 43). Тэд фарисайчуудын санаа бодлыг илүү чухалд үзсэн нь яасан тоогүй хэрэг вэ!
7 Есүс дэлгэрүүлж эхлэхдээ олон хүн өөрийг нь Мессиа гэж итгэхгүйн учрыг тодорхой тайлбарласан (Иохан 5:39–44-ийг уншина уу). Уг нь Мессиагийн ирэхийг Израилийн ард түмэн олон зуун жил хүлээсэн. Зарим хүн Мессиа тодрох цаг болсныг Даниелын зөгнөлөөс мэдсэн байв. Тэдний бодож байсан тэр цагт Есүс ч сургаалаа айлдаж эхэлжээ. Хэдэн сарын өмнө Баптисм хүртээгч Иоханыг дэлгэрүүлж эхлэхэд олон хүн түүнийг «Христ мөн болох эсэхийг бодож» байжээ (Лук 3:15). Гэтэл удтал хүлээсэн Мессиа нь ирэхэд Мосегийн хуулийг сайн мэддэг тэд өөрсдөө түүнийг хүлээн аваагүй юм. Үүний учрыг мэдэж байсан Есүс: «Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биеэсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж та нар яаж итгэж чадах юм бэ?» хэмээн тэднээс асуудаг.
8, 9. Хүнээр хүндлүүлэхийг чухалд үзэх аюул байдгийг жишээгээр тайлбарлана уу.
8 Еховагийн хүндэтгэлийг хүлээх нь хүмүүсээр хүндлүүлэхээс илүү чухал гэдгийг ойлгохын тулд гэрлийг жишээ болгон авъя. Гэрэлтэн гялтганах орчлонт ертөнцийн гоо үзэсгэлэнг бишрээд баршгүй. Та хамгийн сүүлд хэзээ огторгуйн түг түмэн од мичдийг харан, алмайран гайхаж байсан бэ? (1 Кор. 15:40, 41). Гэрэлтүүлэг чимэглэлээр дүүрсэн их хотын гудамжнаас тэнгэр өөд харвал алсад анивалзан жирвэлзэх од бүдэг бадаг харагддаг. Яагаад? Зам талбай, барилга байгууламжийн гэрэлтүүлэг илүү тод, гоёмсог болохоор тэр үү? Тийм биш ээ. Ойрхон байгаа хотын гэрэл холын оддыг харахад саад болдог. Тиймээс анивчин гялалзах оддыг харж, Бурхны бүтээлийн гайхамшгийг мэдэрье гэвэл хотын гэрэл саад болохооргүй газар очих хэрэгтэй.
9 Үүний нэгэн адил, хүнээс алдар хүртэхийг хэтэрхий чухалд үзвэл Еховагаас хүндэтгэл хүлээхийн чухлыг ойлгож чадахгүй. Гэр бүл, хамаатан садан, таньдаг хүмүүс юу гэх бол гэж айгаад Хаанчлалын тухай сайн мэдээг хүлээж авдаггүй хүн олон. Тэр байтугай, Бурхны зарим үйлчлэгч ийм айдастай явдаг. Жишээ нь, нэг залуу дэлгэрүүлэгч шинээр авсан хэсгийнхээ бараг бүх хүнийг таньдаг гэж бодъё. Харин тэдний ихэнх нь түүнийг Еховагийн Гэрч гэж мэддэггүй. Залуу дэлгэрүүлэгч айгаад тэр хэсгээр дэлгэрүүлэхээ болих болов уу? Еховагийн төлөө илүү ихийг хийх гэсэн зорилготойг нь мэдээд шоолбол яах вэ? Бурханд үйлчлэхийг чухал гэж үздэггүй хүмүүсийн нөлөөнд автаж, шийдвэрээсээ ухрах уу? Өөр жишээ авъя. Нэг христиан ноцтой нүгэл үйлджээ. Хариуцлагатай үүрэг хүлээх эрхгүй болохоос юм уу хайртай хүмүүсээ сэтгэлийн зовлонд унагахаас эмээгээд нүглээ нуух уу? Хэрэв энэ христиан Еховатай тогтоосон харьцаагаа сэргээхийг юуны түрүүнд бодож байвал «чуулганы ахлагчдыг дуудаж» тусламж авна (Иаков 5:14–16-г уншина уу).
10. а) Хүн юу гэх бол гэж хэтэрхий их санаа зовдог бол юу болох вэ? б) Даруу байдаг бол яах вэ?
10 Та төлөвшсөн христиан болох гэж үнэхээр их хичээж байгаа байх. Гэтэл итгэл нэгтэн тань байнга зөвлөгөө өгдөг бол яах вэ? Бардам зандаа дийлдэн өөрийгөө өмөөрөхийн оронд алдаа дутагдлыг тань илэн далангүй хэлж өгсөн тэр хүний зөвлөгөөг хүлээж авбал танд л хэрэгтэй. Эсвэл та итгэл нэгтэнтэйгээ хамт ямар нэгэн ажил хийж байна гэж бодоорой. Идэвх санаачилгатай ажилласан таныг бус, өөр хүнийг магтаж сайшаавал уурлаж бухимдах уу? Аль нь ч байлаа гэсэн «даруу сүнс хүндэтгэл хүлээдгийг» санаж яваарай (Сур. 29:23).
11. Хүмүүс биднийг магтвал юу гэж бодох ёстой вэ? Яагаад?
11 Ахлагчид болон хариуцлагатай үүрэг хүлээхийг «эрмэлздэг» эрчүүд «алдрыг хүмүүсээс ... эрэхээс» болгоомжлох хэрэгтэй (1 Тим. 3:1; 1 Тес. 2:6). Ажлаа сайн хийсэн гэж хүмүүс чин сэтгэлээсээ магтвал яах нь зүйтэй вэ? Өөртөө хөшөө босгосон Саул хааныг дууриахгүй нь мэдээжийн хэрэг (1 Сам. 15:12). Гэхдээ Еховагийн хайр ивээлээр л ийм амжилтад хүрснээ хүлээн зөвшөөрөх үү? Бурхан тусалж ивээхгүй бол цаашдаа ингэж сайн ажиллаж чадахгүйгээ ойлгодог уу? (1 Петр 4:11). Хүмүүс биднийг магтахад юу гэж боддог маань хэний хүндэтгэлийг хүлээх хүсэлтэйг илчилдэг (Сур. 27:21).
«ТА НАР ЭЦГИЙНХЭЭ ХҮСЛИЙГ ХИЙХИЙГ ХҮСДЭГ»
12. Иудейчүүд Есүсийн үгийг яагаад сонсоогүй вэ?
12 Бурхны хүндэтгэлийг хүлээхэд саад болдог бас нэг зүйл нь зохисгүй хүсэл юм. Үнэнийг сонсоход тийм хүсэл чөдөр тушаа болж мэднэ (Иохан 8:43–47-г уншина уу). Есүс зарим иудейчүүдэд «Та нар эцгийнхээ хүслийг хийхийг хүсдэг» учир «Миний үгийг сонсож чадахгүй байна» гэж хэлсэн.
13, 14. а) Судлаачид хүний уураг тархи, дуу чимээний талаар юу хэлдэг вэ? б) Хэнийг сонсох нь юунаас шалтгаалдаг вэ?
13 Ер нь хүн хүссэн юмаа л сонсдог (2 Петр 3:5). Ехова хүнийг бүтээхдээ олон янзын дуу чимээнээс хүссэнээ сонсох гайхамшигтай чадвар хайрлажээ. Та яг одоо хэдэн янзын дуу чимээ сонсож байгаагаа мэдрэх гээд үз дээ. Хормын өмнө тэр бүрийг ялгаж сонсоогүй байсан байх. Яагаад? Уураг тархи олон янзын дуу чимээг нэг зэрэг хүлээж авах чадвартай ч, та ганцхан зүйлийг анхаарч байсан учраас тэр юм. Хүний яриаг сонсонгоо янз бүрийн дуу чимээг ялгаж сонсоход төвөгтэй байдгийг судлаачид тогтоожээ. Тэгэхлээр хоёр хүн зэрэг яривал та нэгнийх нь л яриаг сонсоно. Хэнийг сонсох нь таны хүслээс шалтгаална. Зарим иудейчүүд эцгийнхээ буюу Диаволын хүслийг биелүүлэхийг хүсдэг байсан учраас Есүсийн яриаг сонсоогүй.
14 Библид бичсэнээр, «мунхаг» байдал «мэргэн ухаан» хоёр чанга «дуудаж» бидэнтэй ярилцахыг хичээдэг (Сур. 9:1–5, 13–17). Та алийг нь сонсох вэ? Алинд нь таалагдахыг хүсдэгээс шалтгаална. Хэрэв бид Есүсийн хоньд бол Эзнийхээ дууг сонсож, араас нь дагана (Иох. 10:16, 27). Есүс өөрийг нь дагадаг хүнийг «үнэний хүн» гэсэн (Иох. 18:37). «Тэд гаднын хүний ... дууг танихгүй учир түүнээс зугтана» (Иох. 10:5). Ийм даруу хүмүүс Бурхны хүндэтгэлийг хүлээдэг (Сур. 3:13, 16; 8:1, 18).
«ЭДГЭЭР НЬ ТА НАРЫН АЛДАР БИЛЭЭ»
15. Паулын зовлон шаналал бусдын «алдар» болсон гэдгийг юу гэж ойлгох вэ?
15 Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхдээ тууштай байдаг бол Бурхны хүндэтгэлийг хүлээдэг болоход нь бусдад тусалж чадна. Паул Ефес хотын христиануудад «Би та нараас гуйя. Та нарын төлөөх миний зовлон шаналлаас болж бүү зүрх алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ» хэмээн бичжээ (Еф. 3:13). Паулын зовлон шаналал Ефесийнхний «алдар» болсон гэдэг нь юу гэсэн үг вэ? Саад бэрхшээл хэчнээн их байсан ч Паул тэдэнд тусалсаар ирсэн. Ийнхүү тууштай байснаараа христиан хүний хувьд Бурханд үйлчлэх нь үнэлж баршгүй завшаан гэдгийг ойлгуулжээ. Хэрэв Паул зовлон шаналлаас болж зүрх алдсан бол Ефесийн христианууд Еховатай тогтоосон харьцаа, дэлгэрүүлэх ажил, ирээдүйн найдвараа чухалд үзэхгүй байх байв. Паул бэрхшээлээс шантраагүйн ачаар Христийн шавь байх нь юугаар ч сольшгүй чухал гэдгийг Ефесийн христианууд ойлгосон юм.
16. Лустр хотод байхад нь Паулд юу тохиолдсон бэ?
16 Паул идэвх зүтгэлтэй, тууштай байсны үр дүнг бодоод үзье. Үйлс 14:19, 20-д «Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд олон түмнийг өөрсдөдөө татаж, Паул уруу чулуу шидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд [Лустр] хотоос гарган хаяжээ. Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож хот уруу оров. Маргааш нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ» гэж байдаг. Урьд өдөр нь чулуугаар цохиулаад үхэх шахсан хэр нь маргааш нь 100 километр замыг явган туулах болсон гээд бод доо!
17, 18. а) Тимот Паулын «зовлонг дагасан» гэдэг нь юу гэсэн үг байж болох вэ? б) Паул тууштай байсан нь Тимотод ямар ач тустай байсан бэ?
17 «Дагалдагчдын» нэг Тимот тэр үед дэргэд нь байсан болов уу? «Үйлс» номд тодорхой бичээгүй. Гэхдээ байсан байж болох юм. Паул Тимотод бичсэн хоёр дахь захидалдаа «Чи миний сургаал, ... зовлонг дагасан» хэмээжээ. Паулыг Лустрт чулуугаар цохиулсныг, Антиохоос хөөгдсөнийг, мөн Икониум хотод хүмүүс түүн рүү чулуу шидэх гэж оролдсоныг Тимот мэдэж байсан (2 Тим. 3:10, 11; Үйлс 13:50; 14:5, 19).
18 Тимот Паулд юу тохиолдсоныг, тэр бүхнийг хэрхэн давсныг «дагасан». Өөрөөр хэлбэл, нэгд нэгэнгүй мэддэг байжээ. Паул тууштай байснаараа түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн биз ээ. Лустрт буцаж ирэхэд нь Тимот «Лустр болон Икониумын ах дүүсийн дотор сайнаар яригддаг» христиан болсон байв (Үйлс 16:1, 2). Яваандаа хариуцлагатай үүрэг хүлээхэд бэлэн болжээ (Флп. 2:19, 20; 1 Тим. 1:3).
19. Бид тууштай байвал бусдад ямар ач тустай вэ?
19 Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ тууштай байдаг бол Паулын нэгэн адилаар бусдад, ялангуяа, залуу хүмүүст үлгэр дууриал болж, Бурхны хүндэтгэлийг хүлээсэн үйлчлэгч болоход нь тусална. Залуучууд туршлагатай итгэл нэгтнээ ажиглан харж, тэднээс байнга суралцдаг. Ялангуяа дэлгэрүүлэхдээ хүмүүстэй хэрхэн харьцаж ярьдгийг нь, амьдралын хатуу хүтүүг хэрхэн давж байгааг нь ажиглаад үлгэр дууриал авдаг. Паул «авралыг мөнх алдрын хамт» бүх үнэнч христианд «авахуулахын тулд ... бүгдийг тэвчсэн» (2 Тим. 2:10).
Тууштай үйлчилдэг ахмадууд залууст үлгэр дууриал болдог
20. «Бурханаас алдрыг» хайдаг байх хэрэгтэйн учир юу вэ?
20 «Бурханаас алдрыг» хайх хүндтэй шалтгаан олон бий (Иох. 5:44; 7:18). Ехова «алдар ... хайдаг хүмүүст мөнх амь өгнө» (Ром 2:6, 7-г уншина уу). Хэрэв бид «сайныг үйлдэхдээ тэвчээртэй» байдаг бол итгэл нэгтнүүд маань үнэнч, тууштай байх хүсэлтэй болно. Үүний ачаар тэд мөнх амьтай болох юм. Тиймээс, Бурхны хүндэтгэлийг хүлээхэд тань юу ч бүү саад болог!